Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 08 сарын 13 өдөр

Дугаар 210/МА2021/01240

 

 

2021 оны 08 сарын 13 өдөр

Дугаар 210/МА2021/01240

 

Х.Б-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч А.Мөнхзул, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 102/ШШ2021/01523 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Х.Б-ийн нэхэмжлэлтэй хариуцагч ИӨЭМТБГБХН-д холбогдох 2021 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 02 дугаар тогтоолыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулж, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхийг даалгах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.О, хариуцагчийн төлөөлөгч Э.Д , хариуцагчийн өмгөөлөгч Л.Д , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Х.Б нь И БГБХН өрхийн эмнэлгийн ахлагчийн 2010 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн ажилд авах тухай 02 тоот тушаалын дагуу хөдөлмөрийн гэрээ байгуулж ажилласан бөгөөд 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Х.Б г ажлаас нь чөлөөлсөн байна. Уг ажлаас халсан тогтоол нь Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-т заасан хөдөлмөрийн гэрээ дуусгавар болгох эрх нь ажил олгогчид олгогдсон эрх гэж заасан байдаг боловч уг эрхийг И БГБХН өрхийн эмнэлгийн ажилчдын хурлаар зөвлөлдөж ажлаас чөлөөлөх шийдвэр гаргасан байна. Ажлаас халах тушаалын тогтоох хэсэгт Хөдөлмөрийн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2-т заасны дагуу ажил олгогч санаачилсан гэж тусгасан боловч уг тушаалыг ажил олгогчид хамаарахгүй субъектүүд зөвлөлдөж уг шийдвэрийг гаргасан байна. Мөн уг тогтоолын 2 дах хэсэгт ажлын гэрээ цуцлах гэж буруу нэр томъёо ашигласан нь хамтран ажиллах гэрээ юм уу, эсвэл хөдөлмөрийн гэрээг цуцалж байгаа эсэх нь тодорхойгүй байна. Ажил хүлээлцэх актыг 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдөр ажлаас чөлөөлсөн боловч 2021 оны 3 дугаар сарын 15-ны дотор ажил хүлээлцэх акт үйлдэхийг Х.Б д үүрэг болгосон он сарын зөрүүтэй бичилт их байна. Мөн И БГБХН өрхийн эмнэлгийн ажилчдын хурлын тэмдэглэлд нягтлан бодогч Х.Б-ийн хөдөлмөрийн гэрээг сунгах эсэх талаарх асуудлыг хэлэлцэнэ гэж эхэлсэн боловч уг хурлын тэмдэглэлийг судлаад үзэхэд ёс зүйн асуудлыг хэлэлцсэн байсан нь илт хууль бус эрх зүйн акт байна гэж үзэж байна. Мөн нягтлан бодогч Х.Б г ажлын байраар хангаагүй байгаа нь тухайн ажил олгогч ажилтан хоорондын байгуулсан хөдөлмөрийн гэрээний 4.3-т ажлын байраар хангана гэх заалтыг ажил олгогч биелүүлээгүй байна гэж үзэж байна. Иймд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2016 оноос И өрхийн эмнэлэгт их эмчээр ажилд орсон. 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс уг эмнэлгийн даргаар томилогдон ажиллаж байна. Х.Б тай би хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй бөгөөд миний өмнө ажиллаж байсан дарга нь хөдөлмөрийн гэрээ байгуулсан. 2021 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс хойш Х.Б нь бүтэн жилийн санхүүгийн тайлангаа надад өгч байгаагүй. Ажлаас чөлөөлөх тушаал гарсан боловч манай ажилтай холбоотой баримт, мэдээллийг өгөхгүй, ажлаа хүлээлгэж өгөхгүй байгаа. 2021 оны 01 дүгээр сараас хойш Х.Б нь нэг ч удаа ажлын цагаа бүртгүүлээгүй, мөн ажилчдын цалин тооцоог бодох гэж ажил дээр нэг ч удаа ирж байгаагүй, гэрээсээ ажлаа хийдэг. Надтай банк нь дээр ирж уулздаг. Мөн 2021 оны 01 дугаар сард Г.А гэх хүн ажиллаж байгаад ажлаасаа гарсан бөгөөд дараа нь 2021 оны 02 дугаар сард Б.А гэх хүн оронд ажиллаж эхэлсэн. Гэвч Б.А ын нийгмийн даатгалын шимтгэлийг тайландаа оруулах ёстой байтал ажлаас халагдсан Г.А-ыг нийгмийн даатгалын тайланд оруулсан байсан. Мөн манай ажилчид Х.Б г ёс зүйн харилцаа муутай, өөрийн хариуцсан ажлаа цаг тухайд нь хийдэггүй, нийгмийн даатгалын баталгаажилт хийлгэх гэхэд гарын үсэг зурдаггүй гэх мэт гомдлууд маш их ирдэг. Х.Б нь гэрээт ажилтан боловч үндсэн ажилтны цалинг авдаг. Мөн Х.Б тай байгуулсан хөдөлмөрийн гэрээ нь 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдөр дууссан. И БГБХН өрхийн эмнэлгийн хамт олны хурлын тогтоол гараад дараа нь И БГБХН өрхийн эмнэлгийн даргын Х.Б г ажлаас чөлөөлөх тухай тушаал гарсан юм. Уг тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлд үндэслэж гарсан юм. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь уг тушаалыг илт хууль бус акт гэж хэлж байна. Хэрэв энэ тушаал нь илт хууль бус акт байсан бол энэ тухай захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах ёстой байсан. Мөн нэхэмжлэгч нь хамт олны хурлаас гарсан тогтоолд л зөвхөн гомдол гаргасан байдаг бөгөөд ажлаас халсан тушаалд гомдол гаргаагүй байдаг. Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2, 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.2-т зааснаар И ӨЭМТ БГБН-д холбогдох зааснаар 2021 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 02 дугаар тогтоолыг хүчингүй болгож, ажлаас үндэслэлгүй халагдсныг тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинг нөхөн гаргуулж, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлж, ажилд эгүүлэн авахыг даалгах тухай Х.Б-ийн гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх Х.Б нь ажлаас халсан гомдлын шаардлага үндэслэлээ ...2021 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 02 дугаар И ӨЭМТ БНБХН-ийн Бүх гишүүдийн хурлын ажлаас чөлөөлөх тухай тогтоолыг хууль бус гэж үзэн хүчингүй болгуулах, ажил эгүүлэн тогтоолгох гэж тодорхойлсон нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т заасан хуулийн зохицуулалттай нийцэхгүй байна гэж хуулийг буруу тайлбарлаж, ойлгомжгүй дүгнэлт хийснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Харин ч хуулийн хугацаанд нь ажил олгогчийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй гаргасан байтал ажил олгогчийн шийдвэрт тогтоол хамаарахгүй зөвхөн тушаал хамаарна гэж үзэн Хөдөлмөрийн хуулийг буруу хэрэглэж хууль зүйн үндэслэлгүй шийдвэр гаргасан. Хуульд ажил олгогчийн шийдвэр гэдэг нь ажлаас халах хүсэл зоригийг илэрхийлсэн баримт бичиг гэж ойлгогдох байтал зөвхөн тушаал байх ёстой гэж үзсэн шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлгүй, шүүхийн шийдвэр ойлгомжгүй байгааг нотолж байна.

Шүүх шийдвэртээ "Х.Б 2021 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн Б/12 дугаар Баянгол дүүргийн И ӨЭМТ БНБХН-ийн даргын Х.Б г ажлаас чөлөөлөх тухай ажил олгогч, хөдөлмөрийн гэрээний нэг талын гаргасан тушаалыг хүчингүй болгуулах хууль бус болохыг тогтоолгох тухай шаардлага гаргаагүй бөгөөд... гэсэн нь шүүх хэрэг маргааныг шийдвэрлэхдээ нотлох баримтыг бүх талаас нь үнэн зөв харьцуулж үзээгүйг нотолж байна. Шүүх ажлаас халсан тушаалыг хүчингүй болгуулах шаардлагыг хүлээн авч шийдвэрлэнэ гэж дүгнэлт хийж, ажлаас халсан тогтоол, уг тогтоолыг үндэслэж гарсан тушаал зэргийг харьцуулж дүгнэлт хийлгүй үндэслэлгүй шийдвэр гаргасан байна. И өрхийн эрүүл мэндийн төвийн 2021 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 02 тоот нөхөрлөлийн тогтоол хүчингүй болсноор уг тогтоолыг үндэслэж гарсан Баянгол дүүргийн И өрхийн эрүүл мэндийн төвийн даргын 2021 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн Б/12 тоот тушаал хүчингүй болох юм.

Шүүхийн шийдвэрт ...Х.Б хамт олны хурлаас гарсан тогтоолд л зөвхөн гомдол гаргасан байдаг бөгөөд ажлаас халсан тушаалд гомдол гаргаагүй байдаг... гэж маргаж байна. Шүүхээс хариуцагчийн тайлбар татгалзал үндэслэлтэй гэж үзлээ гэсэн нь шүүх ажил олгогчийн ажлаас халах шийдвэр гэдэгт зөвхөн тушаал хамаарна гэж ойлгож хуулийг буруу тайлбарлаж, хуулийг буруу тайлбарласныг нотолж байна. Уг Х.Б г ажлаас халсан тогтоол нь ажил олгогчийн хүсэл зоригийг бүрэн илэрхийлж Х.Б г ажлаас халсан эрх зүйн акт болсон нотлох баримтыг шүүх үнэлээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дах хэсэгт заасныг ноцтой зөрчсөн.

Шүүхийн шийдвэрт Х.Б 2021 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн Б/12 дугаар Баянгол дүүргийн И ӨЭМТ БНБХН-ийн даргын Х.Б г ажлаас чөлөөлөх тухай ажил олгогч, хөдөлмөрийн гэрээний нэг талын гаргасан тушаалыг хүчингүй болгуулах, хууль бус болохыг тогтоолгох тухай шаардлага гаргаагүй бөгөөд шүүх хуралдааны явцад шаардлагаа өөрчлөх, нэмэгдүүлэх талаар ямар нэг хүсэлт шаардлага гаргаагүйг дурдах нь зүйтэй гэж дүгнэсэн нь шүүх зөвхөн тушаал-ыг хүчингүй болгуулах шаардлага байх ёстой гэсэн буруу ойлголттой хэргийг шийдвэрлэж, Хөдөлмөрийн хуулийг буруу тайлбарлаж, буруу хэрэглэснийг бүрэн илэрхийлж байна.

Ажил олгогчийн ажлаас халсан тухай тогтоол, тушаал нь бүгд хэргийн материалд хавсаргасан байтал шүүгч зөвхөн тушаал байх ёстой гэж ойлгож, тушаалыг гаргахдаа үндэслэх хэсэгт тогтоол болон бүх ажилчдын хурлын шийдвэр үндэслэсэн байгааг харьцуулан дүгнэлт хийлгүй хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасныг ноцтой зөрчиж шийдэр гаргасан. Ажлаас халсан тогтоолын үндэслэх хэсэгт Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3-т заасныг үндэслэсэн боловч тогтоолын 2 дах хэсэгт ажлын гэрээг цуцлан гэсэн нь хөдөлмөрийн гэрээ бус ажлын гэрээ гэж буруу нэрлэсэн төдийгүй хөдөлмөрийн гэрээ дуусгавар болгох бус гэрээг цуцалсан гэсэн нь хөдөлмөрийн гэрээ дуусгавар болох, цуцлахын аль нь болох нь тодорхойгүй зэрэгт шүүх дүгнэлт хийлгүй шүүхийн шийдвэр гаргасныг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Шүүх шүүхийн шийдвэр гаргахдаа ажил олгогчийн Х.Б г ажлаас халсан тогтоолд ямар ч дүгнэлт хийгээгүй, нотлох баримтын хэмжээнд ч үнэлээгүй нь шүүхийн шийдвэрээс харагдаж байна.

Шүүгч нь төрийн нэрийн өмнөөс шийдвэр гаргахдаа хэргийн материал дах ажил олгогчийн алдаатай тогтоол, тушаал аль алинд дүгнэлт хийлгүй шүүхийн шийдвэр гаргаж Монгол Улсын Үндсэн хуульд заасан Хууль шүүхийн өмнө эрх тэгш байна гэсэн эрхийг ноцтой зөрчсөнийг хүлээн зөвшөөрөх хууль зүйн үндэслэлгүй. Хөдөлмөрийн маргааныг шийдвэрлэхдээ шүүх нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлгүй гэж үзэж хэргийн үйл баримтад нотлох баримтыг үндэслэн дүгнэлт хийгээгүй төдийгүй Хөдөлмөрийн тухай хуулийн буруу тайлбарлаж хэрэглэсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг үндэслэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгуулах үндэслэлтэй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчсөний улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байна.

 

Нэхэмжлэгч Х.Б нь хариуцагч ИӨЭМТБГБХН-д холбогдох 2021 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 02 дугаар тогтоолыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулж, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэж буй шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзнэ гэж зохицуулсан байна.

 

Талуудын хооронд 2010 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулагдсан бөгөөд Илаарших БГБХНөхөрлөл бүх гишүүдийн хурлын 2021 оны 3 дугаар сарын 01-ний өдөр 02 тоот тогтоолоор Х.Б г 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдрөөс эхлэн ажлын гэрээг цуцлан үүрэгт ажлаас нь чөлөөлсөн бөгөөд уг тогтоолыг үндэслэж мөн өдөр Б/12 тоот ажлаас чөлөөлсөн тушаал гаргажээ. /хх-17-21, 30 дах тал/

 

Хариуцагч нь нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн үндэслэлээ хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусгавар болсон гэж тайлбарласан бол нэхэмжлэгч нь хариуцагчийг хөдөлмөрийн гэрээ дуусгавар болгох эсэх асуудлыг хэлэлцээгүй, ёс зүйн асуудлаар хэлэлцэж ажлаас чөлөөлсөн гэж мэтгэлцсэн байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1-д байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээг хугацаагүй, 23.2.2-т энэ хуулийн 23.2.1-д заасан хөдөлмөрийн гэрээг талууд харилцан тохиролцсоноор хугацаатай байгуулж болохоор заасан байна.

 

Ажил олгогч нь байнгын ажлын байранд ажилтантай хөдөлмөрийн гэрээ байгуулахдаа хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулсан гэж тайлбарласан боловч хэрэгт байгууллагын хөдөлмөрийн дотоод журам авагдаагүйгээс талууд хөдөлмөрийн гэрээний хугацааны талаар хэрхэн тохиролцсон нь тодорхой бус байгаагаас гадна хариуцагч байгууллага нь хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай мэдэгдлийг нэхэмжлэгч Х.Б д өгсөн гэх боловч энэ талаар баримт хэрэгт авагдаагүй болно.

 

Түүнчлэн, хариуцагч байгууллага нь бүх гишүүд нь бүрэн хариуцлагатай нөхөрлөл бөгөөд өрхийн эмнэлгийн үйл ажиллагаа эрхэлж Илаарших өрхийн эрүүл мэндийн төвийг ажиллуулдаг байна. Тус нөхөрлөлийн хурлаар нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн тогтоол гаргаж, улмаар уг тогтоолыг үндэслэж тушаал гаргасан байхад шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага түүний үндэслэлийг тодруулах ажиллагааг хийгээгүй байна.

 

Анхан шатны шүүх Х.Б нь ажлаас буруу халсан гомдлын шаардлага үндэслэлээ 2021 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 02 тоот И ӨЭМТ БГБХН-ийн Бүх гишүүдийн хурлын ажлаас чөлөөлөх тухай тогтоолыг хууль бус гэж үзэж хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох гэж тодорхойлсон нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дах хэсэгт заасан хуулийн зохицуулалтад нийцэхгүй байна гэж дүгнэж Хөдөлмөрийн тухай хуулийг буруу тайлбарлан хэрэглэж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байх тул энэ талаарх нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлтэй байна.

 

Иймд хэргийн үйл баримт бүрэн тогтоогдоогүй, хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд эрх зүйн дүгнэлт хийх боломжгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 102/ШШ2021/01523 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дах хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ИЧИНХОРЛОО

ШҮҮГЧИД А.МӨНХЗУЛ

 

Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ