Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2024 оны 06 сарын 25 өдөр

Дугаар 001/ХТ2024/00154

 

 

Г ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

          

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Н.Батчимэг даргалж, шүүгч Н.Батзориг, Н.Баярмаа, П.Золзаяа, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар       

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2024 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 181/ШШ2024/00484 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 210/МА2024/00657 дугаар магадлалтай            

Г ийн нэхэмжлэлтэй,

“Э” ХХК-д холбогдох

Тушаал хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, холбогдох шимтгэл, татварыг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг            

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х, Ө, нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч Г  нь хариуцагч “Э ” ХХК-д холбогдуулан тушаал хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, холбогдох шимтгэл, татварыг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

2.Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 181/ШШ2024/00484 дүгээр шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2, 127 дугаар зүйлийн 127.1-д заасныг баримтлан “Э ” ХХК-д холбогдох тушаал хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 32,397,338.28 төгрөг гаргуулах, холбогдох татвар шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай Г ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар Г ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг тул төлөөгүйг дурдаж шийдвэрлэжээ.

3.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 210/МА2024/00657 дугаар магадлалаар: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 181/ШШ2024/00484 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2, 127 дугаар зүйлийн 127.1, 43 дугаар зүйлийн 43.2.7 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Г ийг “Э” ХХК-ийн Мэдээллийн технологийн хэлтсийн техник хангамжийн инженерийн ажил албан тушаалд эгүүлэн тогтоож, хариуцагч “Э” ХХК-аас ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт 32,397,338 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г-д олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийхийг даалгасугай.” гэж өөрчлөн найруулж, тогтоох хэсгийн 2 дахь заалтын “дурдсугай” гэснийг “дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч “Э” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 319,937 төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай.” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

4.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө, Х нарын хяналтын журмаар гаргасан гомдолд: Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024.04.01-ний өдрийн 210/МА2024/00657 дугаар магадлалыг эс зөвшөөрч энэхүү гомдлыг гаргаж байна. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс Г ийн нэхэмжлэлтэй, “Э” ХХК-д холбогдох иргэний хэргийг хянан шийдвэрлэхдээ нотлох баримтыг тал бүрээс нь үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж, нэхэмжлэгчийн ажиллаж байсан ажлын байр хасагдсан болохыг тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг зөв хэрэглэн, хэргийг үндэслэлтэй шийдвэрлэсэн байхад Давж заалдах шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийг Улсын дээд шүүхийн тайлбараас өөрөөр хэрэглэж, хууль хэрэглээний зөрүүтэй байдал үүсгэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэсэнд гомдолтой байна. Учир нь Улсын дээд шүүхийн 2006 оны 33 дугаар тогтоолын 15.1.1-д "орон тоо хасагдсан" гэдэгт тухайн хуулийн этгээд, байгууллагын зохион байгуулалтын бүтцээс тодорхой ажил, албан тушаалын ажлын байр үгүй болсныг ойлговол зохино. Энэ тохиолдолд ажил олгогч зөвхөн хасагдсан орон тооны ажлын байранд ажиллаж байгаа ажилтны хөдөлмөрийн гэрээг цуцална гэж тайлбарласан. Нэхэмжлэгч Г ийн ажиллаж байсан Мэдээллийн технологийн инженер ажлын байрны тодорхойлолтод компанийн мэдээллийн системийн программ хангамж, хэрэглээний программ хангамж, техник хангамжийн тохиргоонуудыг хийх компьютерын сүлжээ болон түүнтэй холбоотой орчинд засвар үйлчилгээ хийх, засварлах оношлох, асуудлыг шийдвэрлэх талаар сүлжээний хэрэглэгчидтэй хамтран ажиллах, сервер компьютерын сүлжээнд нэвтрэх, ашиглалтыг хариуцан ажиллах зорилгын хүрээнд программ хангамж, техник хэрэгсэл, системийн асуудлуудыг оношлох, засварлах компанийн компьютер тоног төхөөрөмжүүдийн хэвийн үйл ажиллагааг хангах, ашиглалтыг хариуцах, байгууллага, нэгжийн үйл ажиллагаанд шаардлагатай дэмжлэг үзүүлэх зэрэг 16 чиг үүрэг тусгагдсан. Харин Техник хангамжийн инженерийн ажлын байрны тодорхойлолтод компанийн мэдээллийн технологийн тоног төхөөрөмж систем техник болон программ хангамжийн хэвийн үйл ажиллагааг хариуцан ажилтнуудад программ, техник хангамжийн зааварчилгаа, зөвлөгөө өгөх, компанийн мэдээллийн технологийн талаар баримтлах нэгдсэн бодлого, чиглэл, төлөвлөгөөг хэрэгжүүлэх, шаардлагатай мэдээллийн систем, программ хангамжийг нэвтрүүлэх, мэдээллийн технологийн үйл ажиллагааны гэрээ байгуулах, хянах, үр дүнг тооцох, мэдээллийн технологийн орчны хэвийн үйл ажиллагаа, үндсэн суурь системүүд, виртуал сүлжээний орчны хэвийн ажиллагааг хангах мэдээллийн технологийн бодлого аюулгүй байдлын судалгаа хийх, шинэ технологи нэвтрүүлэх энэ чиглэлээр дүрэм журам боловсруулах шинэчлэх мэргэжил арга зүйгээр хангах, компани нэгжийн үйл ажиллагаанд шаардлагатай дэмжлэг үзүүлэх зэрэг 27 чиг үүргийг хэрэгжүүлэн ажиллахаар тусгагдсан. Өөрөөр хэлбэл, дээрх 2 ажлын байрны зорилго, зорилт, чиг үүрэг хоорондоо ялгаатай бөгөөд нэхэмжлэгч Г нь техник хангамжийн тохиргоонуудыг хийх компьютерын сүлжээ болон түүнтэй холбоотой орчинд засвар үйлчилгээ хийх, засварлах оношлох, асуудлыг шийдвэрлэдэг чиг үүрэгтэй ажиллаж байсан. Харин Техник хангамжийн инженерийн ажлын байрны чиг үүрэг нь нэгдлийн технологийн талаар баримтлах бодлого, чиглэл, төлөвлөгөөг боловсруулж хэрэгжүүлэх, шаардлагатай тохиолдолд гамшгаас хамгаалах үйл ажиллагааг гүйцэтгэх, өгөгдлийг нөөцлөх зэрэг илүү бодлогын түвшний ажил үүрэг гүйцэтгэдэг тул засвар үйлчилгээний чиг үүргээс ялгаатай юм. Өнөөдрийн байдлаар “Э” ХХК нь нэхэмжлэгчийн хэрэгжүүлж байсан чиг үүрэг болох сүлжээ тасалдах, гэмтэх, компьютер гацах засах, принтер засах, хор солих зэрэг ажлуудыг зөвхөн шаардлагатай тохиолдолд мэргэжлийн үйлчилгээ болох Мобиком, скайтел болон шаардлагатай мэргэжлийн байгууллагаас гэрээгээр үйлчилгээ авах замаар шийдвэрлэдэг бөгөөд байгууллагын дотоодод ЕРР систем нэвтэрснээр нэхэмжлэгчийн өдөр тутам засдаг хуучин программ хангамж засвар үйлчилгээний ажил бүтцийн нэгжээс хасагдсан. “Э” ХХК-ийн зохион байгуулалтын бүтцээс Мэдээллийн технологийн инженерийн ажлын байр үгүй болсон тул тухайн орон тооны ажлын байранд ажиллаж байсан Г той байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь Хөдөлмөрийн тухай хууль болон Улсын дээд шүүхийн тайлбарт нийцдэг. Анхан шатны шүүхээс хэргийг хянан шийдвэрлэхдээ нэхэмжлэгчийн ажиллаж байсан Мэдээллийн технологийн инженерийн ажлын байрны тодорхойлолтыг түүний маргаж буй Техник хангамжийн инженерийн ажлын байрны тодорхойлолттой харьцуулан, шинжлэн судалсны үндсэн дээр тухайн ажлын байрнуудын чиг үүрэг өөр байгааг тогтоож, хариуцагч байгууллагын бүтцээс нэхэмжлэгчийн ажлын байр бодитойгоор хасагдсан тул “Э” ХХК-ийн Гүйцэтгэх захирлын 2023.02.08-ны өдрийн ... дугаар тушаалыг хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь үндэслэлтэй юм. Гэтэл давж заалдах шатны шүүх “...мэдээллийн технологийн инженерийн ажлын байрны тодорхойлолт, ...техник хангамжийн инженерийн ажлын байрны тодорхойлолтын албан тушаалын зорилго, зорилт чиг үүрэг агуулгын хувьд адилхан байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1 дэх хэсэгт заасан үндэслэлд хамаарахгүй...” “...ажлын байрны тодорхойлолтыг нэршлийн хувьд өөрчилсөн, чиг үүргийг нэмэгдүүлж тусгасан гэж үзэхээр байна...” гэж мэдээллийн технологийн салбарын нарийн мэргэжил, мэргэшил хоорондын ялгаатай байдлыг зөв дүгнээгүйгээс Хөдөлмөрийн тухай хуулийг Улсын дээд шүүхийн тайлбараас өөрөөр, нэхэмжлэгчид ашигтайгаар тайлбарлан хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна. Мөн Монгол Улсын дээд шүүхийн зөвлөмжид доод шатны шүүх өөрийн дотоод итгэл үнэмшлээр нотлох баримтыг үнэлэхдээ хуульд заасан зарчмыг зөрчсөн байна гэж дээд шатны шүүх дүгнэх боломжтой боловч шүүхийн өөрийн дотоод итгэл үнэмшлээрээ үнэлсэн үнэлгээний үр дүнг буруу гэж үзэх үндэслэлгүй юм. Дотоод итгэл гэдэг нь шүүгчийн дур зоргын илрэл биш харин цугларсан нотлох баримтыг тал бүрээс, бүрэн дүүрэн, бодитоор, шууд судалсны дүнд бий болдог шүүхийн дүгнэлт юм.” гэж тайлбарласан байдаг. Гэтэл Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалын хянавал хэсгийн 4.2-т Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1, 40.2 дах хэсэгт зааснаар тус тус үнэлээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байна гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дэх хэсгийг тайлбарласан дээрх тайлбартай нийцэхгүй байна. Иймд Г ийн нэхэмжлэлтэй, “Э” ХХК-д холбогдох иргэний хэргийг хянан шийдвэрлэсэн Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024.04.01-ний өдрийн 210/МА2024/00657 дугаар магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

5.Улсын дээд шүүхийн Иргэний танхимын нийт шүүгчийн 2024.06.13-ны өдрийн хуралдааны 001/ШХТ2024/00787 тогтоолоор хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө , Х  нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлээр хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзжээ.

ХЯНАВАЛ:

6.Нэхэмжлэгч Г  нь хариуцагч “Э” ХХК-д холбогдуулан тушаал хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, холбогдох шимтгэл, татварыг нөхөн төлүүлэх шаардлага гаргасан ба үндэслэлээ “нэхэмжлэгчийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг “Э” ХХК ямар үндэслэлээр цуцалсан нь тодорхойгүй. Нэхэмжлэгчийн ажиллаж байсан мэдээлэл технологийн инженерийн ажлын байр хасагдаагүй, ажлын байрны нэршлийг өөрчилсөн. Ажил олгогч тулган шаардаж хэлцэл хийсэн, бөөнөөр халах үеийн зохицуулалтын дагуу ажилтны төлөөлөлтэй хэлцэл хийгээгүй тул “Э“ ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2023.02.08-ны өдрийн ... дүгээр тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулж, холбогдох шимтгэл, татварыг нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй” гэжээ.

7.Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, “Г ийн ажиллаж байсан Мэдээллийн технологийн инженерийн ажлын байр хасагдсан тул нэхэмжлэгч ажил олгогчтой харилцан тохиролцож, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон. Нэхэмжлэгчид Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.4-т заасан мэдэгдлийг хуульд заасан хугацаанд гардуулж, гарын үсэг зуруулсан. Мэдэгдэлд заасан 30 хоногийн хугацаанд талууд харилцан тохиролцож, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгож, хэлцэл байгуулсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.3-т заасан хэлэлцээрийг ажилтны төлөөлөлтэй хийсэн тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй” гэсэн агуулгатай тайлбар гарган маргасан.

8.Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ “... нэхэмжлэгч Г ийн ажиллаж байсан Мэдээллийн технологийн инженерийн ажлын байр хасагдсан гэх хариуцагчийн тайлбар үндэслэлтэй. “Э” ХХК нь 2022.12.30-ны өдөр нэхэмжлэгч Г-д Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1-т заасан үндэслэлээр түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах талаар мэдэгдлийг гардуулж, нэхэмжлэгч Г  хүлээж авч гарын үсэг зурсан. Уг мэдэгдэлд ...”Э” ХХК-ийн ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалтын журмын дагуу өөрийн хариуцаж байгаа чиг үүрэгт хамаарах ажлын байрны сонгон шалгаруулалтад оролцох талаар дурдсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1-т заасан үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох тухай мэдэгдлийг хуульд нийцээгүй гэж үзэх үндэслэлгүй. Нэхэмжлэгчийн зүгээс 2023.01.20-ны өдөр байгуулсан хэлцлийг ажил олгогч тулган шаардаж хийсэн гэж тайлбарладаг боловч хэрэгт авагдсан баримтаар энэ нь тогтоогдоогүй, ... “Э ” ХХК нь ажилтнуудыг бөөнөөр халсантай холбогдуулан 2023.01.11-ний өдрийн 01/13 тоот албан бичгээр Сүхбаатар дүүргийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтэс, Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбоонд ажил олгогчоос хөдөлмөрийн гэрээг цуцлах мэдэгдэл хүргүүлсэн 47 ажилтны нэрсийн жагсаалтыг хүргүүлж, ажил олгогчийн төлөөлөл, ажилтны төлөөлөлтэй 2023.01.19, 20-ны өдрүүдэд хэлэлцээр хийсэн байх тул ажил олгогчийг Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.3, 80.1.6-д заасан үүргээ биелүүлсэн гэж үзнэ. ... Нэхэмжлэгч нь бөөнөөр халах үйл явцтай холбогдуулан Геологи уул уурхай хүнд үйлдвэрийн салбарын хөдөлмөр, нийгмийн зөвшлийн 2021 оноос 2022 оны хамтын гэрээ хэлэлцээр хөдөлмөр эрхлэлтийн бөөнөөр халах үеийн үйл явцад үйлчлэх ёстой гэж тайлбарласан боловч энэ тайлбараа баримтаар нотлоогүй, хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгчийн ажиллаж байсан Мэдээлэл технологийн инженерийн орон тоо хасагдсан, нэхэмжлэгч мэдэгдэлд заасны дагуу сонгон шалгаруулалтад оролцоогүй, Хөдөлмөрийн тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.5-д зааснаар шинээр бий болсон, нэмэгдсэн ажлын байранд ажиллах хүсэлтээ илэрхийлээгүй үйл баримт тогтоогдсон тул ажил олгогч ажилтнуудыг бөөнөөр халахдаа Хөдөлмөрийн тухай хууль болон хамтын гэрээ, хэлэлцээрийг хэрэгжүүлэх үүргээ биелүүлээгүй гэж үзэх үндэслэлгүй” гэсэн агуулгатай дүгнэлт хийсэн байна.             

9.Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахдаа “Шүүх хэрэгт авагдсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т зааснаар үнэлээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй. Хэрэгт авагдсан хариуцагч байгууллагын захирлын 2022.06.03-ны өдрийн А/61 дугаар тушаалаар баталсан Мэдээлэл технологийн инженерийн ажлын байрны тодорхойлолт, 2022.12.28-ны өдрийн ...  дугаар тушаалаар баталсан Техник хангамжийн инженер ажлын байрны тодорхойлолтыг харьцуулан дүгнэхэд албан тушаалын зорилго, зорилт, чиг үүрэг агуулгын хувьд адил байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1 дэх хэсэгт зааснаар ажлын байр хасагдсан гэх үндэслэлд хамаарахгүй. Өөрөөр хэлбэл, Мэдээлэл технологийн инженерийн ажлын байрны тодорхойлолтыг техник хангамжийн инженерийн ажлын байрны тодорхойлолт болгон нэршлийн хувьд өөрчилсөн, тодорхойлолтод заасан чиг үүргийг нэмэгдүүлж тусгасан гэж үзэхээр байна. Хариуцагч нэхэмжлэгчийн ажлын байр бодитоор хасагдсан гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй” гэсэн дүгнэлт хийжээ.

10.Анхан болон давж заалдах шатны шүүх зохигчдын хооронд үүссэн маргааны үндэслэл болж буй нэхэмжлэгчийн ажлын байр бодитоор хасагдсан эсэх, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох талаар хуульд заасан журмын дагуу мэдэгдсэн эсэх, бөөнөөр халах үйл явцыг хууль болон хамтын гэрээ хэлэлцээрт заасан журмын дагуу явуулсан эсэхэд өөр өөр дүгнэлт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг ялгаатай шийдвэрлэсэн байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлээр хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж дүгнэв.

11.Хэрэгт авагдсан баримт, зохигчдын тайлбараас үзэхэд Монгол Улсын Засгийн газрын 2022.11.30-ны өдрийн 426 дугаар тогтоолоор “Э” ХХК-ийн дүрмийг шинэчлэн баталсан байх бөгөөд уг тогтоолыг үндэслэн “Э” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2022.12.20-ны өдрийн 56 дугаар тогтоолоор компанийн нийт орон тооны дээд хязгаарыг 91 байхаар баталсантай холбоотойгоор тус компанийн гүйцэтгэх захирлын 2022.12.28-ны өдрийн ...  дүгээр тушаалаар бүтцийн нэгжүүдийн чиг үүрэг, ажлын байрны нэр, орон тоо, ажлын байрны тодорхойлолтыг шинэчлэн баталсан байна. “Э ” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2022.12.30-ны өдрийн ...  дугаар тушаалаар тус компанийн ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалтын журмыг баталж, Мэдээлэл технологийн хэлтсийн техник хангамжийн инженерийн ажлын байранд сонгон шалгаруулалт зарлаж, 2022.12.30-ны өдрийн 01/980 дугаар мэдэгдлээр ажлын байрны сонгон шалгаруулалтад оролцож болохыг мэдэгдэж, сонгон шалгаруулалтын үр дүнгээр тухайн ажлын байрны сонгон шалгаруулалтад тэнцээгүй, оролцоогүй тохиолдолд ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах талаар мэдэгджээ. Мөн “Э” ХХК-ийн 2023.01.11-ний өдрийн 01/13 тоот албан бичгээр Сүхбаатар дүүргийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтэс болон Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбоонд  компанийн зохион байгуулалтын бүтцийн нэгжүүдийн чиг үүрэг, орон тооны хязгаар, албан тушаалын жагсаалтыг шинэчлэн баталсантай холбогдуулан тус компанийн гүйцэтгэх захирлын шийдвэрээр 47 ажилтны хөдөлмөрийн гэрээг цуцлах талаарх жагсаалтыг хүргүүлсэн бөгөөд уг мэдэгдэлд нэхэмжлэгчийн нэр орсон байх бөгөөд улмаар ажил олгогч болон нэхэмжлэгч Г нарын хооронд 2023.01.20-ны өдрийн 19 дугаартай хэлцэл байгуулагдсан ба уг хэлцэлд ...Хөдөлмөрийн тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт заасан хөдөлмөр эрхлэлтийг цуцалсны тэтгэмжийн хэмжээг ажил олгогчийн зүгээс нэмэгдүүлж, 5 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжийг олгож, хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгохоор харилцан тохиролцсон байна.             

Хариуцагч талын гаргасан тушаалд хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон хууль зүйн үндэслэл нь  нэг талаас ажил олгогчийн санаачилгаар буюу ажлын байр хасагдсан гэж, нөгөө  талаас ажилтан өөрөө хүсэлт гаргасан буюу ажилтны санаачилгаар гэсэн эсрэг агуулгатай нөхцөлийг заасан байх ба талуудын мэтгэлцээнээс үзэхэд ажлын байр хасагдсан эсэх тухайд илүүтэй маргасан байна. Иймээс давж заалдах шатны шүүх хэргийн баримтыг хуульд зааснаар үнэлж, Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1-д заасан үндэслэл тогтоогдоогүй гэж дүгнэснийг зөв гэж үзнэ.

12.Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгчийн ажиллаж байсан Мэдээлэл технологийн инженерийн орон тоо хасагдсан, нэхэмжлэгч мэдэгдэлд заасны дагуу сонгон шалгаруулалтад оролцоогүй, Хөдөлмөрийн тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.5-д зааснаар шинээр бий болсон, нэмэгдсэн ажлын байранд ажиллах хүсэлтээ илэрхийлээгүй үйл баримт тогтоогдсон гэж дүгнэсэн нь үндэслэлгүй бөгөөд нэхэмжлэгчийн ажиллаж байсан Мэдээлэл технологийн инженерийн ажлын байрны тодорхойлолтыг шинээр батлагдсан Техник хангамжийн инженерийн ажлын байрны тодорхойлолттой харьцуулан дүгнэхэд албан тушаалын зорилго, зорилт, чиг үүрэг, агуулгын хувьд адил байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1 дэх хэсэгт зааснаар ажлын байр хасагдсан гэж үзэх үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл, ажлын байрны тодорхойлолтыг нэршлийн хувьд өөрчилж, чиг, үүргийг нэмэгдүүлсэн гэж үзэхээр байна. Иймд зохигчдын хооронд үүссэн маргаанд эрх зүйн буруу дүгнэлт хийсэн анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэлийг хуульд нийцсэн гэж үзэх боломжгүй юм.

13.Давж заалдах шатны шүүх дээрх нөхцөл байдлыг зөв тогтоож, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан тул давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 210/МА2024/00657 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагчийн хяналтын журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид 2024 оны 05 дугаар сарын 17-ны өдөр төлсөн 319,936.69 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Н.БАТЧИМЭГ

            ШҮҮГЧИД                                                Н.БАТЗОРИГ

      Н.БАЯРМАА

                                                                                         П.ЗОЛЗАЯА

                   Д.ЦОЛМОН