Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 06 сарын 24 өдөр

Дугаар 159/ШШ2022/0029

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 159/2022/0014/3

Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Л.Одбаатар даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Монгол зөвлөлтийн хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр зам

Хариуцагч: Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газар

Нэхэмжлэлийн шаардлага: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 16.3.4-д заасны дагуу Монгол зөвлөлтийн хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр зам нийгэмлэгийн гадаа ажилладаг ажилтан нарт олгох 1800 хос хөдөлмөр хамгааллын эсгий гутлыг гаалийн 401 горимоор оруулахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоолгож, оруулахыг Гаалийн ерөнхий газрын харьяа Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газарт даалгах тухай шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Минжбадгар нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Монгол зөвлөлтийн хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр зам нийгэмлэг нь гадаа ажилладаг ажилтан нарт олгох 1800 хос хөдөлмөр хамгааллын эсгий гутлыг Оросын Холбооны Улсаас худалдан авч, Сэлэнгэ аймгийн ******* дахь гаалийн бүсэд 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр эсгий гутал Оросын Холбооны Улсаас орж ирэхэд Гаалийн 401 /хөнгөлөлт чөлөөлөлтийн НӨАТ-гүй авах/ горимоор мэдүүлжээ.

Гэтэл Сэлэнгэ аймаг дахь гаалийн газар Оросын Холбооны Улс болон Монгол Улсын Засгийн газар хоорондын 1949 оны Төмөр замын хувь нийлүүлсэн нийгэмлэг байгуулах тухай хэлэлцээрийн 8 дугаар зүйлийн Ж-д “... замын хайгуул судалгаа, барилгын ажлын хугацаанд ажилчдыг хангах хүнсний бүтээгдэхүүн, аж үйлдвэрийн болоод бусад бараа бүтээгдэхүүнийг гаалийн татвар, бусад хураамж авахгүйгээр Бүгд Найрамдах Монгол Ард Улсад импортлохыг зөвшөөрөх” гэж заасан нь өнөөдөр төмөр замын байгууллагад ажиллаж байгаа ажилчдыг хангах хувцас хэрэглэл хамаарахгүй тул гаалийн бүрдүүлэлтийн 401 горимоор бүрдүүлэлт хийснийг зөвшөөрөөгүй байна.

Иймд Монгол зөвлөлтийн хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр зам нийгэмлэг гаалийн байгууллагын дээрх үйл ажиллагааг эс зөвшөөрч тус шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Монгол Зөвлөлтийн хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замаас 2022 оны 5 дугаар сарын 02-ны өдөр шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: “... Монгол Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр зам нийгэмлэг нь гадаа ажилладаг ажилтан нарт олгох 1800 хос хөдөлмөр хамгааллын эсгий гутал худалдан авахаар Оросын холбооны Улсын ООО “*******” компанитай 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдөр ХХГ-ГШ/109-ОУ тоот гэрээг байгуулсан. Тус гэрээний дагуу Сэлэнгэ аймгийн ******* сум дахь гаалийн бүсэд 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр эсгий гутал орж ирэхэд Гаалийн 401 /хөнгөлөлт чөлөөлөлтийн НӨАТ-гүй авах/ горимоор мэдүүлсэн. Гаалийн үнэлгээний байцаагч тус татвар хураамжгүй авах жагсаалтад гутал, хувцас хэрэгсэл хамаарахгүй гэх шалтгаанаар мэдүүлгийг буцаасан. Үүний дагуу бид харьяа гаалийн газар болох Сэлэнгэ аймгийн Гаалийн газарт 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр эсгий гутлыг хөнгөлөлт чөлөөлөлтөд хамруулах тухай 16/76 тоот хүсэлтийг холбогдох баримтуудын хамт ирүүлсэн. Гэвч 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газраас 01/14 тоот албан бичгээр “хөдөлмөр хамгаалалтын гутал, хувцас, хэрэгсэл хөнгөлөлт чөлөөлөлтийн горимд хамаарахгүй тул Монгол Улсын хуулийн дагуу татвар хураамжаа төлж бүрдүүлэлт хийж авах” талаар хариу ирүүлсэн.

             Бид Монгол Улсын Сангийн яаманд 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр 16/346 албан бичгээр Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэг хөдөлгөөнтэй холбоотой замын ангиудын ажилчид болон Барилга орон сууцны ажилчдын хэрэгцээнд хүйтний улирал эхэлсэнтэй холбогдуулан 1800 эсгий гутал авахаар гэрээ байгуулсны дагуу хэлэлцээрийн дагуу гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх чиглэлийг өгүүлэхийг хүссэн албан бичиг хүргүүлсэн. Гаалийн ерөнхий газрын 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 03/415 тоот албан бичгээр “Төмөр замын хөдөлгөөнтэй холбоотой замын ангиудын ажилчид болон Барилга орон сууцны ангийн ажилчдад хэрэглэгдэх 1800 хос эсгий гутлыг” гаалийн болон нэмэгдүүлсэн өртгийн албан татварын хөнгөлөлт, чөлөөлөлтөд хамруулах эрх зүйн зохицуулалтгүй байна” гэсэн хариу ирүүлсэн.

             Монгол Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг “Улаанбаатар төмөр зам” нь Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Засгийн газар ба Зөвлөлтийн засагт социалист Бүгд Найрамдах  Холбоот Улсын Засгийн газар хоорондын 1949 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн болон 1952 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн хэлэлцээрүүдийн дагуу байгуулагдаж, тус хэлэлцээрийн 8 дугаар зүйлийн “Ж”-д заасан “... ажилчин, албан хаагчдад хэрэглүүлэх хүнсний болон аж үйлдвэрийн хийгээд бусад бараа таваарыг гааль, татвар хураамжгүйгээр Бүгд Найрамдах Монгол Ард Улс нэвтрүүлэн оруулж байхыг зөвшөөрсөн” гэж заасан байдаг.

             Мөн Монгол Улсын Үндсэн хуулийн 10 дугаар зүйлийн 2-т “Монгол Улс олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ шударгаар сахин биелүүлнэ”, 12.3-т “ Монгол Улсын олон улсын гэрээ нь соёрхон баталсан буюу нэгдэн орсон тухай хууль хүчин төгөлдөр болмогц дотоодын хууль тогтоомжийн нэгэн адил үйлчилнэ” гэж тус тус заасан. Олон Улсын гэрээний эрх зүйн тухай 1969 оны Венийн конвенцийн 27 дугаар зүйлд “Оролцогч нь гэрээг биелүүлэхгүй байгааг зөвтгөхийн тулд дотоодынхоо эрх зүйн заалтаас иш татах ёсгүй” мөн Татварын ерөнхий хуулийн 2 дугаар зүйлийн 2.2-т Монгол Улсын олон улсын гэрээнд татварын хууль тогтоомжоос өөрөө заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө” гэж тус тус заасны дагуу энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна. Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газар нь дээрх хууль, олон улсын гэрээ, эрх зүйн баримт бичгүүдийг зөрчиж бидний ажилд хүндрэл учруулж байна.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.3-д заасны дагуу Монгол Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр зам нийгэмлэгийн гадаа ажилладаг ажилтан нарт олгох 1800 хос хөдөлмөр хамгааллын эсгий гутлыг гаалийн 401 горимоор оруулахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоолгож, оруулахыг Гаалийн ерөнхий газрын харьяа Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газарт даалгаж өгнө үү.” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* 2022 оны 5 дугаар сарын 18-ны өдөр шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “... Монгол-Оросын хувь нийлуулсэн Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэгээс “Төмөр замын ажилчдын 1800 хос хөдөлмөр хамгааллын эсгий гутлыг гаалийн 401 горимоор оруулахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоолгож, оруулахыг Гаалийн ерөнхий газрын харьяа Сэлэнгэ аймаг дахь гаалийн газарт даалгах” гэсэн утгатай нэхэмжлэлийг Захиргааны хэргийн шүүхэд гаргасанд хариу тайлбар гаргаж байна. Гаалийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.13-т “гаалийн бүрдүүлэлтийн горим” гэж гаалийн хилээр нэвтрүүлэх бараа, тээврийн хэрэгслийн талаар тогтоосон хэм хэмжээ, нөхцөл шаардлагыг ойлгохоор хуульчилсан байдаг. Мөн 74 дүгээр зүйлийн 74.1-д “Мэдүүлэгч нь гаалийн бүрдүүлэлтийн тухайн горимын нөхцөл, шаардлагыг хангасан тохиолдолд гаалийн байгууллагын зөвшөөрлөөр барааг түүний сонгосон горимд байршуулна” гэж горимын нөхцөл шаардлагыг хангахыг мэдүүлэгчээс шаардахаар хуульчилсан. 82, 83 дугаар зүйлд Барааг дотоодын хэрэглээнд зориулан оруулах горимын талаар хуульчилсан. Гаалийн ерөнхий газрын даргын 2016 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн А/40 тоот тушаалаар “Барааг дотоодын хэрэглээнд зориулан оруулах гаалийн бүрдүүлэлтийн горим хэрэгжүүлэх журам” баталсан.

Маргаан дагуулсан 1800 хос эсгий гутлын гаалийн бүрдүүлэлтийг хийхээр мэдүүлэгч Монгол-Оросын хувь нийлуулсэн Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэг нь 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр 04-2151016-22-100221 гаалийн мэдүүлгээр мэдүүлэхдээ эрхийн хүрээнд гаалийн бүрдүүлэлтийн 401 /Олон улсын гэрээний дагуу гаалийн болон бусад татвараас бүрэн эсхүл хэсэгчлэн чөлөөлөгдсөн/ горимыг сонгосон байна. Харин гаалийн байгууллагын хувьд дээрх 401 горимын “нөхцөл, шаардлага”-ыг хангагдаж байгаа эсэхийг шалгахаар хуулиар олгогдсон эрхийн хүрээнд нягталж, Олон улсын гэрээ болох “Монгол-Оросын Засгийн газар хоорондын 1949 оны Зөвшилцөл”-ийн 8 дугаар зүйлийн “ж” заалтад анхаарал хандуулсан. 8 дугаар зүйл нь Монголын Засгийн газрын хүлээх үүрэг байх бөгөөд төмөр зам барихын тулд хийгдэх эрэл хайгуулын ажил, зам барих шугам замын ажил, оросоос орж ирэх ажилчид, тэдний гэр бүлийн хангамжийн асуудал зэргийг улсын хилээр саадгүй нэвтрүүлэх асуудлууд байх бөгөөд үүн дотроо “ж“ заалтад импортын хураамж, татвар, татаасгүй нэвтрүүлэх асуудлыг тусгаж өгсөн байна.

Зөвшилцөлийн 8 дугаар зүйлийн “ж” заалт нь агуулгын хувьд 2 тусдаа багцаас бүрдэх бөгөөд эхний хэсэгт нь “оборудования и материалов, необходимых для нужд изысканий, строительства и эксплуатации железной дороги”, дараагийн хэсэгт “продовольственных, промышленных и других товаров для снабжения рабочих и служащих строительства” гэсэн 2 төрлийн бараа дурьдагдсан байх бөгөөд үүнийг Гадаад харилцааны яамны албан орчуулгаар ойлгож хэрэглэх шаардлагатай гэж үзэж байна. Албан орчуулгаар тухайн бараануудын зориулалтыг эхний хэсэгт “Төмөр замын хайгуул шинжилгээ ба барилга болон ашиглалтад чухал хэрэглэгдэх төхөөрөмж, материалуудыг” гэсэн бол хоёрдугаар хэсэгт “Замын хайгуул шинжилгээ ба барилгыг явуулж буй үед мөнхүү барилгын ажилчин, албан хаагчдад хэрэглүүлэх хүнсний болон аж үйлдвэрийн хийгээд бусад бараа таваарыг” гэж орчуулсан байна.

Энд анхаарал хандуулах ёстой хэсэг бол “барилгыг явуулж буй үед мөнхүү барилгын ажилчин, албан хаагчдад хэрэглүүлэх” гэх бичиглэл. Уг Олон улсын гэрээ нь төмөр зам барьж байгуулах ажлын эхэнд хийгдсэн бөгөөд 8 дугаар зүйлд Монголын Засгийн газрын хүлээх уүрэг тусгагдсан. “барилгыг явуулж буй” гэж төмөр замын бүтээн байгуулалт зам тавих ажлыг годотгож өгсөн заалт мөн байна. Харин өнөөдөр ажиллаж байгаа төмөр замын ажилтан албан хаагчид бол төмөр замын ашиглалтын явцад ажиллагсад юм. Харин “төмөр замын барилгын ажил гүйцэтгэгсэд” биш учраас тус Олон улсын гэрээний 8 дугаар зүйлийн “ж” заалтад хамаарахгүй гэж үзэж байна.

Маргаанд дурьдагдсан, Монгол-Оросын хувь нийлуулсэн Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэгийн албан бичгүүдэд тусгагдсан зориулалт болох “одоо ажиллаж байгаа төмөр замын ажилчдын аюулгүй ажиллагааны хангалт болох 1800 хос эсгий гутал” нь дээрх хоёр төрлийн барааны алинд ч хамаарахгүй нь шууд ойлгогдож байна. Иймд Бүгд найрамдах Монгол Ард Улсын Засгийн газар-Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах Холбоот Улсын Засгийн газар хоорондын 1949 оны “Зөвшилцөл” буюу Олон улсын гэрээнд Төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэгийн Оросын Холбооны улсаас импортлож байгаа “эсгий гутал” гэх бараа хамаарахгүй гэж гаалийн байгууллага үзсэн шийдвэрийг хэвээр баталж өгнө үү.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хуульд заасан журмын дагуу хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, талуудын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарууд бусад нотлох баримтуудыг үнэлээд нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

Монгол зөвлөлтийн хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр зам нийгэмлэг нь гадаа ажилладаг ажилтан нарт олгох 1800 хос хөдөлмөр хамгааллын эсгий гутал худалдан авахаар Оросын Холбооны Улсын ООО “*******” компанитай 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдөр ХХГ-ГШ/109-ОУ тоот гэрээг байгуулжээ. Тус гэрээний дагуу Сэлэнгэ аймгийн ******* дахь гаалийн бүсэд 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр эсгий гутал Оросын Холбооны Улсаас орж ирэхэд Гаалийн 401 /хөнгөлөлт чөлөөлөлтийн нэмэгдсэн өртгийн албан татваргүй авах/ горимоор мэдүүлжээ.

Гаалийн ерөнхий газрын харьяа Сэлэнгэ аймаг дахь гаалийн газар Монгол зөвлөлтийн хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр зам нийгэмлэгт ирүүлсэн хариу албан бичигтээ “Оросын Холбооны Улс болон Монгол Улсын Засгийн газар хоорондын 1949 оны Төмөр замын хувь нийлүүлсэн нийгэмлэг байгуулах тухай хэлэлцээрийн 8 дугаар зүйлийн “Ж”-д “... замын хайгуул судалгаа, барилгын ажлын хугацаанд ажилчдыг хангах хүнсний бүтээгдэхүүн, аж үйлдвэрийн болоод бусад бараа бүтээгдэхүүнийг гаалийн татвар, бусад хураамж авахгүйгээр Бүгд Найрамдах Монгол Ард Улсад импортлохыг зөвшөөрөх гэж заасан нь өнөөдөр төмөр замын байгууллагад ажиллаж байгаа ажилчдыг хангах хувцас хэрэглэл хамаарахааргүй байна. Иймд ООО “*******” компанитай байгуулсан ХХГ-ГШ/109-ОУ тоот гэрээгээр нийлүүлэгдэх эсгий гутлыг Монгол Улсын хуулийн дагуу гаалийн бүрдүүлэлт хийж авна уу.” гэж үзэж гаалийн бүрдүүлэлтийн 401 горимоор бүрдүүлэлт хийснийг зөвшөөрөөгүй байна.

Монгол зөвлөлтийн хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр зам нийгэмлэг гаалийн байгууллагын дээрх үйл ажиллагааг эс зөвшөөрч “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-т заасны дагуу тус нийгэмлэгийн гадаа ажилладаг ажилтан нарт олгох 1800 хос хөдөлмөр хамгааллын эсгий гутлыг гаалийн 401 горимоор оруулахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоолгож, оруулахыг Гаалийн ерөнхий газрын харьяа Сэлэнгэ аймаг дахь гаалийн газарт даалгаж өгнө үү” гэжээ.

Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т “эс үйлдэхүй” гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгоно” гэж заажээ. Монгол зөвлөлтийн хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр зам нийгэмлэгийн ажилчдад зориулсан 1800 хос хөдөлмөр хамгааллын эсгий гутлыг гаалийн бүрдүүлэлтийн 401 горимоор оруулахгүй байгаа Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газрын дээрх захирамжилсан үйл ажиллагаа нь хуулийн этгээдийн өргөдлийг шийдвэрлэхгүй орхигдуулсан эс үйлдэхүй гэж үзэхээр байна.

1949 оны хэлэлцээрийн тухайд:

Монгол зөвлөлтийн хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр зам нийгэмлэг байгуулах тухай Бүгд Найрамдах Монгол Ард Улс Засгийн газар, Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах Холбоот Улсын Засгийн газар хоорондын 1949 оны хэлэлцээр /цаашид хэлэлцээр гэх/-ийн Наймдугаар зүйлийн “Ж”-д “... Төмөр замын хайгуул шинжилгээ ба барилгыг явуулж байх үед мөнхүү барилгын ажилчин албан хаагчдад хэрэглүүлэх хүнсний болон аж үйлдвэрийн хийгээд бусад бараа товарыг гааль татвар хураахгүйгээр Бүгд Найрамдах Монгол Ард Улсад нэвтрүүлэн оруулж байхыг зөвшөөрнө ...” Арвандөрөвдүгээр зүйлд “Нийгэмлэгийн үргэлжлэн ажиллах явдлыг ямар нэгэн хугацаагаар үл хязгаарлана. Тус нийгэмлэгийг гагцхүү хэлэлцэн тохирч байгаа хоёр талын хэлэлцээрээр татан буулгаж болно.” гэж тус тус заажээ.

Нэхэмжлэгч талаас дээрх хэлэлцээрийн Наймдугаар зүйлийн “Ж”-дэх заалтад Төмөр замын хөдөлгөөнтэй холбоотой зам ангиудын ажилчид болон барилга орон сууцны ангийн ажилчдад хэрэглэгдэх эсгий гутал нь хэлэлцээрт тусгасан бараа мөн тул хамааруулна гэж маргасан бол хариуцагч талаас хэлэлцээрийн Наймдугаар зүйлийн “Ж”-д заасан дээрх гэрээний заалтыг тайлбарлахдаа уг хэлэлцээр нь төмөр зам барьж байгуулах эхэн үед хийгдсэн бөгөөд зөвхөн барилгын ажлыг явуулах үед, төмөр замын бүтээн байгуулалт зам тавих ажлын үед хэрэглэгдэхээр заасан бөгөөд өнөөдөр ажиллаж байгаа төмөр замын албан хаагчдын хувьд зөвхөн төмөр замын ашиглалтын явцад ажиллаж байгаа албан хаагчид тул хэлэлцээрийн Наймдугаар зүйлийн “Ж”-д заасан заалтад хамаарахгүй гэж маргажээ. Олон улсын гэрээний тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Олон улсын гэрээний хүчинтэй буюу үйлчлэлийн хугацаа тухайн олон улсын гэрээгээр тодорхойлогдоно.” 29 дүгээр зүйлийн 29.2-т “Соёрхон баталсан олон улсын гэрээг цуцлах, олон талт олон улсын гэрээнээс гарах ... эсэх асуудлыг Засгийн газрын саналыг үндэслэн Улсын Их хурал, бусад Олон улсын гэрээний хувьд Засгийн газар энэ зүйлийн 29.1-д заасан саналыг үндэслэн шийдвэрлэнэ” гэж заасан бөгөөд одоогийн байдлаар 1949 оны хэлэлцээрийн талууд болох Монгол-Орос улсуудын Засгийн газраас харилцан тохирч хэлэлцээрийг цуцлаагүй, нийгэмлэгийг татан буулгаагүй байх тул Монгол улсын Засгийн газрын Оросын Холбооны Улсын Засгийн газартай байгуулсан Монгол Улсын олон улсын хүчин төгөлдөр гэрээ гэж үзнэ.

Татварын ерөнхий хуулийн 2 дугаар зүйлийн 2.2-т “Монгол Улсын олон улсын гэрээнд татварын хууль тогтоомжоос өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө”, Гаалийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.2-т “Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээг дагаж мөрдөнө” Олон улсын гэрээний эрх зүйн 1969 оны Вений конвенцийн 27 дугаар зүйлд “Оролцогч нь гэрээг биелүүлэхгүй байгаагаа зөвтгөхийн тулд дотоодынхоо эрх зүйн заалтаас иш татах ёсгүй” гэж тус тус заажээ. 1949 оны хэлэлцээр хүчин төгөлдөр Монгол Улсын Олон улсын гэрээ болохын хувьд гэрээний нэг тал болох Монгол Улсын Засгийн газар, Сангийн яам, түүний харьяа чиг үүрэг бүхий агентлаг /Гаалийн байгууллага/ Монгол Улсын Үндсэн хуулийн Аравдугаар зүйлийн 2-т “Монгол Улс олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ шударгаар сахин биелүүлнэ” гэж заасны дагуу гэрээний үүргээ шударгаар сахин биелүүлэх, дээрх хуулийн заалтуудыг хэрэгжүүлэх үүрэгтэй байна.

Гаалийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-т “бараа гэж гаалийн хилээр нэвтрүүлэх ачаа, тээш, эд юмс, валют, валютын үнэт зүйл, улс хоорондын шуудангийн илгээмж, бүх төрлийн эрчим хүч, мал, амьтан, ургамал, зэрэг хөдлөх эд хөрөнгө болон энэ хуулийн 3.1.5-д зааснаас бусад тээврийн хэрэгслийг” ойлгоно гэж заажээ. 1949 оны хэлэлцээрийн Наймдугаар зүйлийн “Ж”-д “... Төмөр замын хайгуул шинжилгээ ба барилгыг явуулж байх үед мөнхүү барилгын ажилчин албан хаагчдад хэрэглүүлэх хүнсний болон аж үйлдвэрийн хийгээд бусад бараа товарыг гааль татвар хураахгүйгээр Бүгд Найрамдах Монгол Ард Улсад нэвтрүүлэн оруулж байхыг зөвшөөрнө ...” мөн Гаалийн ерөнхий газрын 2019 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 03/2004 дугаар “Чиглэл хүргүүлэх тухай” албан бичигт Бүгд Найрамдах Монгол Ард Улс, Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах Холбоот Улсын Засгийн газар хороондын 1949 онд байгуулсан хэлэлцээрийн хүрээнд Улаанбаатар төмөр зам нийгэмлэгийн импортлох дотоодын хэрэглээнд зориулан оруулах бараанд ... доорх горим, хэлцэл чөлөөлтийн кодоор гаалийн бүрдүүлэлт хийн хяналт тавьж ажиллах 1/Ачааны вагон, зүтгүүр, тоног төхөөрөмж, сэлбэг, эд анги, бараа, материалыг гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлж гаалийн бүрдүүлэлтийн горимын 401, хэлцлийн код 350 татварын чөлөөлөлтийн код 611 кодоор гаалийн бүрдүүлэлт хийхээр зохицуулжээ.

Үүнээс дүгнэж үзвэл Гаалийн тухай хуульд бараа гэж юуг ойлгохыг тодорхойлсон бөгөөд 1949 оны хэлэлцээрийн Наймдугаар зүйлийн “Ж”-д дурьдагдсан бараа гэх ойлголт, Гаалийн ерөнхий газрын 03/2004 дугаар албан бичигт дурьдагдсан бараа гэх ойлголтууд нь нэг утгатай бөгөөд Улаанбаатар төмөр зам нийгэмлэгийн Оросын Холбооны Улсаас гэрээний дагуу Монгол Улсын хилээр оруулж ирж буй 1800 хос хөдөлмөр хамгааллын эсгий гутал нь ямар нэг ашиг олох зорилгогүйгээр төмөр замын хөдөлгөөнтэй холбоотой зам ангиудын ажилчид болон барилга орон сууцны ангийн ажилчдад хэрэглэгдэх зориулалттай бараа байх бөгөөд уг барааг гаалийн бүрдүүлэлтийн 401 горимоор оруулахгүй байгаа Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газрын эс үйлдэхүй нь хууль бус байна.

Хариуцагч талаас хэлэлцээрийн Наймдугаар зүйлийн “Ж”-д заасан заалтын агуулгыг зөвхөн замын хайгуул шинжилгээ ба барилгыг явуулж байгаа үед барааг гаалийн болон нэмэгдсэн өртгийн татваргүйгээр хөнгөлөлт чөлөөлтийн 401 горимоор бүрдүүлэлт хийж хилээр оруулна гэж тайлбарласан нь хэт явцуу утгаар тайлбарласан байх бөгөөд уг хэлэлцээрийн Арвандөрөвдүгээр зүйлд “Нийгэмлэгийн үргэлжлэн ажиллах явдлыг ямар нэгэн хугацаагаар үл хязгаарлана” гэж зааснаас харахад хэлэлцээрийн үйлчлэл нь цаг хугацааны хувьд зөвхөн өнгөрсөн цаг дээр үйлчилнэ гэж ойлгохооргүй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.4, 106.3.12 дахь заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь

1. Гаалийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.2, Татварын ерөнхий хуулийн 2 дугаар зүйлийн 2.2, Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Засгийн газар ба Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах Холбоот Улсын Засгийн газар хоорондын 1949 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн хэлэлцээрийн Наймдугаар зүйлийн “Ж”-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Монгол зөвлөлтийн хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр зам нийгэмлэгийн 1800 хос хөдөлмөр хамгааллын эсгий гутлыг гаалийн бүрдүүлэлтийн 401 горимоор оруулахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, Улаанбаатар төмөр зам нийгэмлэгийн 1800 хос эсгий гутлыг гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлж, гаалийн бүрдүүлэлтийн 401 горимоор оруулахыг Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газарт даалгасугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Л.ОДБААТАР