Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2024 оны 06 сарын 04 өдөр

Дугаар 001/ХТ2024/00120

 

 

Д ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

           

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Н.Баярмаа, П.Золзаяа, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар       

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн

2023 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 149/ШШ2023/00403 дугаар шийдвэр,

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2024 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 208/МА2024/00011 дүгээр магадлалтай,           

Д ын нэхэмжлэлтэй,

Г-д холбогдох

“ДДБТ” ХХК-ийн эрхийг худалдан авахад зарцуулсан 150,000,000 төгрөг, зээлийн гэрээний хүүгийн төлбөрт төлсөн 108,000,000 төгрөг, нийт 258,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг            

Хариуцагч болон түүний өмгөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З , нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч Д  нь хариуцагч Г-д холбогдуулан “ДДБТ” ХХК-ийн эрхийг худалдан авахад зарцуулсан 150,000,000 төгрөг, зээлийн гэрээний хүүгийн төлбөрт төлсөн 108,000,000 төгрөг, нийт 258,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

2. Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 149/ШШ2023/00403 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1 дэх хэсэг, 479 дүгээр зүйлийн 479.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Г-аас 79,590,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д од олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 70,410,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан Д ын Улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,288,000 төгрөг болон 322,950 төгрөгийг Улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г аас 555,900 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д-д олгож шийдвэрлэжээ.

3. Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 208/МА2024/00011 дүгээр магадлалаар: Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 149/ШШ2023/00403 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1 дэх хэсэг, 108 дүгээр зүйлийн 108.8-д зааснаар хариуцагч Г-аас 150,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д-д олгосугай” гэж, 2 дахь заалтыг “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан Д ын Улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,288,000 төгрөг болон 322,950 төгрөгийг Улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г аас 907,950 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Д од олгосугай” гэж тус тус өөрчлөлт оруулан, бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангаж, хариуцагчийн өмгөөлөгчийн гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

4. Хариуцагч болон түүний өмгөөлөгч З  нарын хяналтын журмаар гаргасан гомдолд: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1 дэх хэсгийг үндэслэн Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023.10.26-ны өдрийн 149/ШШ2023/00403 дугаар шийдвэр, Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024.03.05-ны өдрийн 208/МА2024/00011 дүгээр магадлалыг эс зөвшөөрч, энэхүү гомдлыг гаргаж байна. Анхан шатны шүүх нэхэмжлэгч Д, хариуцагч Г нарыг Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1 дэх хэсэгт заасны дагуу “Хамтран ажиллах гэрээ байгуулан ажилласан гэж дүгнэсэн. Гэтэл Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх Иргэний хэргийн 476 дугаар зүйлийн 476.1 дэх хэсэгт заасан харилцаа үүсээгүй байна гэж үнэлсэн. Хэргийн материалаас харахад талууд “ДДБТ” ХХК-ийг худалдан авах санаачилга гаргахаас эхлээд хамтран ажиллаж, хамтын үйл ажиллагаа явуулсан байдаг. Тухайлбал, Компанийг худалдан авахаар харилцан ярилцаж тохирсон, худалдан авах мөнгө хамтран босгосон, худалдан авах үйл ажиллагаанд хамт оролцсон, машин, техник, тоног төхөөрөмжийг ашиглан Д  100 м3 мод ганцаараа бэлтгэж авч явсан, шинээр машин, техник худалдан авсан зэрэг үйл ажиллагаа явуулснаар нотлогдож байна. Эдгээр үйл ажиллагааг явуулахдаа харилцан ярилцаж шийдвэрлэж байсан нь Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.2 дахь хэсэгт зааснаар Хамтран ажиллах гэрээг амаар хийсэн гэж үзэх хууль зүйн үндэслэл байна. 2021 оны 8 дугаар сард Д  100 мЗ мод бэлтгэж авсны дараа “... Энэ миний хийх ажил биш байна, чи энэ модныхоо ажлыг дангаараа явуулаад надад мөнгөө өгөөрэй ...” хэмээн Иргэний хуулийн 479 дүгээр зүйлийн 479.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр хамтран ажиллах гэрээнээс өөрөө сайн дураараа гарсан нь хариуцагчийн анхан шатны шүүхэд өгсөн тайлбараар нотлогддог. Үүний дараа хариуцагч Г нь Б тай 2022.01.14-ний өдөр гэрээ хийж нотариатаар батлуулан компанийн эрхийг өөрийнхөө нэр дээр шилжүүлж авсан байдаг. Мөн Д ын хүсэлтээр компаниа “ХААН” банкны барьцаанд тавьж 100,000,000 төгрөг зээлж түүнд өгсөн. Банкны зээлийн эргэн төлөлтийг Г хийдэг нь тогтоогддог боловч энэ асуудал нэхэмжлэлийн шаардлагатай холбоогүй учир хариуцагч тайлбартаа зөвхөн дурдаад орхисон. Д ыг хамтран ажиллахаа больсноос хойш Г би компанийн үйл ажиллагааг дангаараа эрхлэн явуулж Д-д 300,000,000 төгрөг өгөх боллоо гэсэн бодлоор мод бэлтгэх ажлаа хийж мөнгөө Д-д шилжүүлж байсан нь нотлогддог. Нийт 14 удаагийн шилжүүлгээр 247,877,000 төгрөг шилжүүлсэн болох нь дансны хуулгаар нотлогддог. Үүнээс Г  өөрийн зээлсэн 150,000,000 төгрөгийг төлсөн бөгөөд Д ын гаргасан 150,000,000 төгрөгийг төлөх үлдсэн гэдэг дээр талууд маргаагүй. Нийт төлсөн 247,877,000 төгрөгөөс 150,000,000 төгрөгийг хасахад 97,877,000 төгрөг Энхжаргал нэхэмжлэгчид төлсөн харагдаж байна. Д од төлөх ёстой 150,000,000 төгрөгөөс 97,877,000 төгрөгийг хасахад 52,123,000 төгрөг төлөх үлдэгдэлтэй гарна. Анхны 300,000,000 төгрөгөөс төлсөн 247,877,000 төгрөгийг хассан ч 52,123,000 төгрөг гарна. Гэтэл Д  нь Г , н.Д нарыг залилангийн гэмт хэрэг үйлдсэн мэтээр цагдаад гомдол гаргаад цаашлаад н.Д-т холбогдуулж шүүхэд нэхэмжлэл гаргасан учир хариуцагч мөнгө шилжүүлэхээ зогсоодог. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарлаж байгаа 2021.08.02-ны өдөр 6,000,000 төгрөг, 2021.08.16-ны өдөр 4,000,000 төгрөг зээлсэн, түүнийгээ буцаан төлсөн, ковш 28,060,000 /үүнээс 14,060,000 төгрөгийг нэхэмжлэгч төлсөн гэдэг/ төгрөг, ажилчдын төгрөгөөр худалдаж авсан, урьдын бизнесийн харилцаанаас үлдсэн 30,000,000 төгрөг, ажилчдын цалин хөлс 600,000 төгрөгийг Д-д төлөх 150,000,000 төгрөгөөс хасаж анхан шатны шүүх буруу шийдвэр гаргалаа гэдэг. Эдгээр төлбөрийн дүн 54,060,000 төгрөг болно. Г-ын шилжүүлсэн 97,877,000 төгрөгөөс үлдсэн 43,817,000 төгрөг давж заалдах шатны шүүхийн магадлалд тодорхойгүй орхисон нь ойлгомжгүй байна. Ковш, болон Mitsubishi L-200 тээврийн хэрэгслийн талаар хаанаас, хэнээс, ямар үнээр худалдан авсан одоо эдгээр техникүүд хэний өмчлөлд байгаа талаар ямар нэгэн нотлох баримт хэрэгт авагдаагүй байхад анхан шатны шүүх “ДДБТ” ХХК-ийн өмчлөлд байгаа мэтээр дүгнэсэн буруу юм. Харин давж заалдах шатны шүүх Хамтран ажиллах гэрээ байгуулагдаагүй байна гэж үзэн компани худалдан авахад зээлсэн мөнгөө нэхэмжлэгчид буцаан төлөх нь зөв гэж шийдвэрлэсэн нь анхан шатны шүүхийн шийдвэрээс илт зөрүүтэй байна. Анхан болон давж заалдах шатны шүүх аль аль нь хэргийн бодит байдалд зөв дүгнэлт өгч чадаагүй, нотлох баримтыг дутуу үнэлж Иргэний хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байгаа тул хэргийг хяналтын журмаар хэлэлцэж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

5.Улсын дээд шүүхийн Иргэний танхимын нийт шүүгчийн 2024.05.22-ны өдрийн хуралдааны 001/ШХТ2024/00648 тогтоолоор хариуцагч болон түүний өмгөөлөгч З  нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлээр хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзжээ.

ХЯНАВАЛ:

6. Нэхэмжлэгч Д  нь хариуцагч Г-д холбогдуулан “ДДБТ” ХХК-ийн эрхийг худалдан авахад зарцуулсан зардалд 150,000,000 төгрөг, зээлийн гэрээний хүүгийн төлбөрт 108,000,000 төгрөг, нийт 258,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 108,000,000 төгрөгт холбогдох хэсгээсээ татгалзсан байна. Тэрээр 150,000,000 төгрөг гаргуулах шаардлагынхаа үндэслэлийг “...Г нь 2020 оны 6 сард компани худалдаж авъя гэснээр 300,000,000 төгрөгөөр “ДДБТ” ХХК-ийг авахаар тохирч, төлбөрийг нь хувааж төлнө гэснээр нийт 300,000,000 төгрөгийг Х.Д-т би төлсөн. Гэтэл хариуцагч нь компанийг зөвхөн өөрийн нэр дээр бүртгүүлэн үйл ажиллагаа явуулж байсан, ...одоо би хувьцаа ч үгүй, мөнгө ч үгүй хохирч байна” гэж тайлбарлажээ.

Хариуцагч Г нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, “...Д-д төлөх ёстой “ДДБТ” ХХК-ийг худалдан авах төлбөрт төлсөн 300,000,000 төгрөгөөс нийт 15 удаагийн шилжүүлгээр 271,270,000 төгрөгийг  шилжүүлсэн.., ... компаниа өөрийнхөө нэрээр шилжүүлээд ав, харин чи энэ компаниа банкны барьцаанд тавьж надад 100,000,000 төгрөг авч өг гэснээр 100,000,000  төгрөгийг Д  өөрөө авсан. Миний Д од төлсөн 271,270,000 төгрөг, мөн Д  100 м.куб мод бэлтгэж олсон ашиг 50,500,000 төгрөг, нийлээд 321,700 000,төгрөг болж байна”  гэж маргасан.

7. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн ба “...зохигчийн хооронд хамтран ажиллах гэрээ байгуулагдсан,  ... баримтын дагуу талууд тооцоо нийлж, Г нь Д-д нийт 243,170,000 төгрөг шилжүүлснийг харилцан хүлээн зөвшөөрсөн, үүнийг хариуцагч өөрийн Д ын оролцоогүйгээр өөрөө бий болгосон хөрөнгө байна.  2021 оны 06 сард Г нь“ДДБТ” ХХК-ийг худалдан авах зорилгоор Д оос 150,000,000 төгрөгийг зээлж Х.Д-т төлсөн ба тэрээр Д од 2022.02.08-ны өдөр 100,000,000 төгрөг, 2022.04.17-ны өдөр 30,000,000 төгрөг, 2022.04. 26-ны өдөр 20,000,000 төгрөг, нийт 150,000,000 төгрөгийг буцаан төлсөн байх бөгөөд дээрх 243,170,000 төгрөгөөс энэ 150,000,000 төгрөгийг хасахад хариуцагч Г нь нэхэмжлэгч Д-д 93,170,000 төгрөг төлсөн байна. Иймд  Д  “ДДБТ” ХХК-ийг худалдан авах зорилгоор Х.Д-т 150,000,000 төгрөгийг төлсөн хэдий ч компанийн эрх Г-д бүрэн шилжсэн тул нэхэмжлэгч нь хариуцагчаас 150,000,000 төгрөгийг буцаан шаардах эрхтэй ба хариуцагч Г-ын нэхэмжлэгч Д од төлсөн 93,170,000 төгрөгөөс машин техник буюу мод баздаг ковш, мөн MITSUBISHI l-200 маркийн машин худалдаж авахад зарцуулсан 22,760,000 төгрөгийг хасахад 70,410,000 төгрөгийг төлсөн гэж үзэх тул үлдэгдэл 79,590,000 төгрөгийг хариуцагч Г-аас гаргуулж нэхэмжлэгч Д-д олгох нь зүйтэй” гэж дүгнэжээ.

8. Давж заалдах шатны шүүх  “...зохигчдын хооронд үүссэн маргаан бүхий харилцааны талаар үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй, ...хамтран ажиллах гэрээний харилцаа дуусгавар болсон гэж үзэн тэдний үйл ажиллагаанаас үүссэн эд хөрөнгө, ашиг алдагдал зэргийг тооцоолж, оруулсан хувь хөрөнгөөс хасаж, ...нэхэмжлэлийн шаардлагын агуулгаас хальж, Иргэний хуулийн хуулийн агуулгыг буруу тайлбарлан хэрэглэсэн” гэж анхан шатны шүүхийг буруутгаад “...Д , Г нар нь “ДДБТ” ХХК-ийг худалдан авч,  Компанийн хуульд зааснаар үйл ажиллагаа нь явагдах ёстой атал хариуцагч Г бүртгэлийг зөвхөн өөрийн нэр дээр хийсэн, нэхэмжлэгч нь “ДДБТ” ХХК-ийн үйл ажиллагаанд ямар нэгэн хэлбэрээр оролцоогүй, ... нэхэмжлэгч нь компанийг худалдан авахад өөрийн хөрөнгийг оруулсан, хөрөнгө оруулснаас хойш “ДДБТ” ХХК нь үйл ажиллагаа явуулсан зэрэг байдлаар тус компанид Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1-д зааснаар талуудын хөрөнгө нийлж, дундын өмчийн харилцаа үүссэн тул  дундаа хэсгээр өмчлөгч дундын өмчлөлийн зүйлээс өөрт ногдох хэсгийнхээ үнийг гаргуулахаар нэхэмжлэгч шаардах эрхтэй. Харин зохигчдын хооронд самар түүх, худалдах худалдан авах, мод боловсруулах, машин техник худалдан авах, хоол хүнсний, цалингийн гэх мэт зардал гарч бие биеийнхээ данс руу мөнгөн хөрөнгө шилжүүлдэг, авдаг, өгдөг үйл ажиллагаа нэг бус удаагийн шинжтэй үргэлжилж байсан ба үүнийг компанийг худалдан авахаар оруулсан хөрөнгөөс хасаж тооцоолох боломжгүй, ...нэхэмжлэгч Д ын хариуцагч нь Г-ыг компани худалдан авахад оруулсан хөрөнгө 150,000,000 төгрөгийг буцаан гаргуулах нь зүйтэй”  гэж дүгнэж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан байна.

9. Хоёр шатны шүүх зохигчийн хооронд үүссэн маргааны үйл баримтад хуулийг зөрүүтэй, буруу тайлбарлан хэрэглэсэн байх тул хариуцагч болон түүний өмгөөлөгч З  нарын гомдлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлээр хангаж,  давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх дүгнэв.

10. Хэргийн баримтаас үзэхэд  нэхэмжлэгч Д , хариуцагч Г нар нь 2020 оны 06 сард “ДДБТ” ХХК-ийг 300,000,000 төгрөгөөр худалдан авахдаа мөнгийг Д бүхэлд нь гаргаж, худалдагч тал Х.Д-т төлсөн, харин компанийн эрх хариуцагч Г-ын нэр дээр бүх бичиг баримтын хамт шилжиж, улсын бүртгэлд бүртгэгдсэн байна. Энэ 300,000,000 төгрөгөөс хариуцагч Г 150,000,000 төгрөгийг нэхэмжлэгч Д-д буцаан өгсөн талаар талууд маргаангүй, ... хариуцагчаас нэхэмжлэгчид нийт 243,170,000 төгрөг шилжүүлснийг талууд харилцан хүлээн зөвшөөрсөн байна. 

11. Анхан шатны шүүх талуудын хооронд хамтран ажиллах гэрээний харилцаа үүссэн, улмаар Иргэний хуулийн 479 дүгээр зүйлийн 479.4-д зааснаар нэхэмжлэгчийг энэ гэрээнээс гарсан гэж дүгнэж, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангахдаа маргааны үйл баримтад хууль хэрэглээний буруу дүгнэлт хийсэн буюу хэрэгт энэ гэрээний гол нөхцөлийг тодорхойлох баримтууд авагдаагүй байна. Тухайлбал, талуудын эрх, үүрэг, удирдлагын бүтцээ тохиролцсон байдал, ашиг алдагдлаа хуваарилах болон гэрээнээс гарах журам, оролцогчдын хураамж, хувь, хамтын үйл ажиллагааны талаарх ямар нэгэн тохиролцооны тухай баримтгүй байхад хамтран ажиллах гэрээ байгуулагдсан гэж үзэх боломжгүй, хууль хэрэглээний хувьд алдаатай дүгнэлт юм. Харин давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч компанийн үйл ажиллагаанд оролцоогүй, оролцох боломжгүй болсон тул Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1-д зааснаар зохигчийн хооронд дундын өмч үүссэн гэж дүгнэж, хариуцагчийн нэхэмжлэгчид буцаан төлсөн мөнгийг энэ маргаанд хамааралгүй гэж дүгнэн, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангахаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасангүй.

12. Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтаас дүгнэхэд “ДДБТ” ХХК-ийг 300,000,000 төгрөгөөр худалдан авахдаа энэ мөнгийг нэхэмжлэгч Д гаргасан, үүнээс  150,000,000 төгрөгийг хариуцагч Г Д-д буцаан төлсөн талаар маргаангүй, түүнчлэн баримтын дагуу талууд тооцоо нийлснээр хариуцагч Г нь Д-д нийт 243,170,000 төгрөг буцаан шилжүүлснийг харилцан хүлээн зөвшөөрсөн,  “ДДБТ” ХХК  бүхэлдээ хариуцагчийн өмчлөлд байгаа, нэхэмжлэгч нь тухайн компанийг худалдан авахаар тохиролцсон гэх боловч нэхэмжлэгчийн энэ шаардлага нь хариуцагчид компани авах зориулалтаар өгсөн 150,000,000 төгрөгийг буцаан гаргуулахаар, мөн зээлийн хүүгийн агуулгатай шаардлага гаргасан  зэргээс үзэхэд зохигчийн хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлтэй.  Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтыг хуульд зааснаар үнэлж, талуудын хооронд үүссэн нийт өр, авлагыг харилцан тооцож, хариуцагчаас нийт 79,590,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн шийдэл зөв байх тул шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулна. Харин нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зээлийн гэрээний хүүгийн төлбөрт 108,000,000 төгрөг гаргуулах шаардлагаасаа татгалзсаныг шийдвэрийн тогтоох хэсэгтээ орхигдуулсныг хяналтын шатны шүүхээс залруулна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 208/МА2024/00011 дүгээр магадлалыг хүчингүй болгож, Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 149/ШШ2023/00403 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1 дэх хэсэг, 479 дүгээр зүйлийн 479.4”  гэснийг “Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1” гэж, 2 дахь заалтыг “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д  нь зээлийн гэрээний хүүгийн төлбөрт 108,000,000 төгрөг гаргуулах шаардлагаасаа татгалзсаныг баталж, энэ хэсэгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэсэн заалт нэмж, дугаарын  2,3,4 дэх заалтыг 3,4,5 гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагч болон түүний өмгөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2024 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр төлсөн 907,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Н.БАТЗОРИГ

                  ШҮҮГЧИД                                                Н.БАЯРМАА

                                                                       П.ЗОЛЗАЯА

                                                                                   Д.ЦОЛМОН

                                                                                   Х.ЭРДЭНЭСУВД