| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбаа Ариунхишиг |
| Хэргийн индекс | 106/2020/0257/Э |
| Дугаар | 969 |
| Огноо | 2020-08-04 |
| Зүйл хэсэг | 265.2., |
| Улсын яллагч | А.Золзаяа |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 08 сарын 04 өдөр
Дугаар 969
Л.П-т холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Д.Мягмаржав, Б.Ариунхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор А.Золзаяа,
хохирогч байгууллагын төлөөлөгч Д.Минжмаа, түүний өмгөөлөгч Б.Уранцэцэг, Ц.Цэцэгсүрэн,
шүүгдэгч Л.П, түүний өмгөөлөгч Г.Тунгалаг, Г.Баяржаргал, Г.Ичинхорол,
нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Болортуяа даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 2020/ШЦТ/538 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор Р.Батнасангийн бичсэн 2020 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 38 дугаартай эсэргүүцлийг үндэслэн Л.П-т холбогдох эрүүгийн 1802 00261 0081 дугаартай хэргийг 2020 оны 7 дугаар сарын 9-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Ариунхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.
С овгийн Л-ын П, 19.. оны 2 дугаар сарын 19-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, .. настай, эрэгтэй, дээд боловсролтой, төмөр замын инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт .. дүүргийн .. дугаар хороо, ... хотхоны 2 дугаар байрны .. тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: ТБ...../;
Л.П нь “Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр зам”-ын даргаар ажиллаж байхдаа “Нийтийн албанд болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт заасан “Албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэхдээ өөрийн болон өөртэй хамаарал бүхий этгээдийн хувийн ашиг сонирхлыг хөндсөн ...гэрээ байгуулах... үйл ажиллагаа явуулахыг хориглоно”, Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасан “Энэ хуулийн 4.1-д заасан этгээдэд бусад хууль тогтоомжид тусгайлан хориглосноос гадна авлигын дараах зөрчлийг хориглоно”, 7.1.6-д “албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх”, 7.1.7-д “албан тушаалын байдлаа ашиглан эд хөрөнгө олж авах, давуу эрх эдлэх”-ийг хориглоно гэсэн хэм хэмжээг зөрчиж, өөрийн эхнэр Н.Саранчимэгийн захирлаар ажилладаг “Нимонс” ХХК-ийн өмчлөлийн Лексус-570 загварын 00-36 УНТ улсын дугаартай автомашиныг хувьдаа ашиг хонжоо олох зорилгоор иргэн Б.Энх-Амгалангийн нэр дээр 2015 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр шилжүүлснийг 2015 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр иргэн Б.Энх-Амгалантай “Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр зам”-ыг төлөөлж Лексус-570 загварын автомашиныг 153.000.000 төгрөгөөр худалдан авах тухай ХХ15011 дугаартай худалдах, худалдан авах гэрээ байгуулан, уг автомашиныг худалдан авч, замын даргад “Монгол-Зөвлөлтийн хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийн дүрмээр олгогдсон 22.в: “Төрөл бүрийн хөдлөх ба үл хөдлөх хөрөнгийг худалдан авах, түрээслэх, шилжүүлэх, борлуулах, тогтоосон журмаар данснаас хасах” албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласны улмаас “Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр зам”-д 153.000.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Нийслэлийн прокурорын газраас: Л.П-ын үйлдлийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 265 дугаар зүйлийн 265.2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Нийслэлийн прокурорын газраас шүүгдэгч Л.П-т холбогдуулан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 265 дугаар зүйлийн 265.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг мөн хуулийн тусгай ангийн 265 дугаар зүйлийн 265.1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн зүйлчилж, шүүгдэгч С овгийн Л-ын П-ыг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 265 дугаар зүйлийн 265.1 дэх хэсэгт заасан “Төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийн албан тушаалтан хувьдаа болон бусдад давуу байдал тогтоож, хууль тогтоомж, дүрмээр олгогдсон албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласны улмаас аж ахуй нэгж байгууллагад үлэмж хэмжээний хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан “Өршөөл үзүүлэх тухай” хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар Л.П-т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 77 дугаар зүйлийн 77.1-д зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар “Монгол-Оросын хувь хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр зам”-ын нэхэмжилсэн 50.384.340 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас 36.453.897 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Л.П-аас 8.830.443 төгрөгийг гаргуулан хохирогч “Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр зам”-д олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.П-аас шинжээчийн хөлс 2.688.000 төгрөгийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд тооцон гаргуулан Монголын мэргэшсэн үнэлгээчдийн институтэд олгож, шүүгдэгч нь хохиролд 5.100.000 төгрөг нөхөн төлсөн, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Л.П-ын өмчлөлийн “КТМ super endure” маркийн 61-81 УБ улсын дугаартай суудлын мотоциклийг битүүмжилсэн прокурорын 2019 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 40 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг хохирол нөхөн төлөх шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж дуусах хүртэлх хугацаанд хэвээр үлдээж, Л.П-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.
Прокурор Р.Батнасан бичсэн эсэргүүцэлдээ: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:
1. Шүүх шүүгдэгч Л.П-ыг Улаанбаатар төмөр замын даргаар ажиллаж байхдаа буюу 2015 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр өөрийн хамаарал бүхий этгээд болох эхнэр Н.Саранчимэгийн захирлаар ажилладаг “Нимонс" ХХК-ийн өмчлөлийн эд хөрөнгө Лексус 570 маркийн 00-36 УНТ улсын дугаартай автомашиныг иргэн Б.Энх-Амгалангийн нэр дээр шилжүүлж, улмаар “Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр зам”-ыг төлөөлөн Б.Энх-Амгалантай худалдах, худалдан авах гэрээ байгуулан 153.000.000 төгрөгөөр худалдан авсан үйл баримт нотлогдсон байна гэж дүгнэж, “Төрийн бус байгууллага, аж ахуй нэгжийн албан тушаалтан хувьдаа болон бусдад давуу байдал тогтоож, хууль тогтоомж, дүрмээр олгогдсон албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласны улмаас аж ахуй нэгж байгууллагад үлэмж хэмжээний хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон атлаа хууль бус үйлдлийн улмаас учирсан хохирлыг Лексус 570 маркийн автомашины зах зээлийн үнэлгээг хууль бусаар хийгдсэн худалдах, худалдан авах гэрээний үнийн дүн болох 153.000.000 төгрөгөөс хасаж, гарсан үнийн зөрүү дүнгээр тооцсон нь хууль зүйн үндэслэлгүй байна.
Учир нь, шүүгдэгч Л.П-ыг шүүхээс “Төрийн бус байгууллага аж ахуй нэгжийн албан тушаалтан эрх мэдлээ урвуулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон бол албан тушаалтны эрх мэдлээ урвуулах үйлдлээ хэрэгжүүлсэн арга хэлбэр болох худалдах, худалдан авах гэрээний үнийн дүнгээр хохирлын хэмжээг тогтоох нь хуульд нийцнэ.
2. Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан “Өршөөл үзүүлэх тухай” хуулийн 10 дугаар зүйлийн 10.7 дахь хэсэгт “Энэ хуулийн 7.1-д заасан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгоход сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчээс гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн байна гэж хуульчилсан бөгөөд шүүгдэгч Л.П нь гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй, мөн шүүхээс Л.П-ыг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 265 дугаар зүйлийн 265.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсоны дараа шүүгдэгч Л.П нь хуульд заасны дагуу хохирол нөхөн төлөхөөр завсарлага авч, 5.100.000 төгрөгийн хохирол төлсөн боловч шүүхээс Улаанбаатар төмөр замд учирсан бодит хохирол гэж тогтоосон 13.930.443 төгрөгийн үлдэгдэл болох 8.830.443 төгрөгийг Л.П нөхөн төлөхөө илэрхийлээгүй, шүүхээс ямар нөхцөл байдлыг хохирол нөхөн төлөхөө илэрхийлсэн гэж дүгнэсэн талаар шийтгэх тогтоолд дурдаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан "Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна.” гэсэн хууль зүйн шаардлагад нийцээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх зарчмыг зөрчиж, “Өршөөл үзүүлэх тухай" хуулийг буруу ойлгож хэрэглэсэн гэж үзэж байна.
Иймд Л.П-т холбогдох 1802002610081 дугаартай хэргийг хянан шийдвэрлэсэн Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 2020/ШЦТ/538 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү.” гэжээ.
Прокурор А.Золзаяа шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Прокурор Р.Батнасангийн бичсэн эсэргүүцлийг дэмжиж байна. Нэмж хэлэх зүйл байхгүй.” гэв
Хохирогч байгууллагын төлөөлөгч Д.Минжмаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Прокурорын эсэргүүцлийг дэмжиж байна. Зүйлчлэлийн талаар маргаж байгаа бөгөөд энэ талаар өмгөөлөгч нар тодорхой ярих байх. 2020 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийн дагуу “Мэргэшсэн үнэлгээчдийн институц”-ийг шинжээчээр томилсон. Ингэхдээ хууль сануулаагүйгээс үүдэн тухайн шинжээч гэх этгээдүүд судалгаа гаргаж шүүхэд ирүүлсэн байдаг. Гэтэл шүүх уг судалгааг шинжээчийн дүгнэлт гэж үзэж, 13.930.443 төгрөг төлж байгаатай санал нийлэхгүй байна. Учир нь, мөрдөгчийн албан ёсны тогтоолын дагуу байгуулагдсан шинжээч болох “Вендо” ХХК-ийн шинжээчийн дүгнэлтийг харгалзаж үзээгүйд санал нийлэхгүй байна. Энэхүү баримт нь хавтаст хэргийн 246 дугаар хуудсанд авагдсан байгаа. Энэхүү “Вендо” ХХК-ийн шинжээчийн дүгнэлтэд зах зээлийн өртгөөс өндрөөр худалдаж авсан автомашин нь 125 сая төгрөгөөр үнэлэгдэж ,Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэгт 28 сая төгрөгийн хохирол учруулсан гэж дүгнэсэн. Мөн 153 сая төгрөг буюу зах зээлийн үнээс өндөр үнэтэй автомашин нийлүүлсэн. Тухайн автомашинд их зардал орсон буюу Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэгт нийт 22.384.340 төгрөгийн хохирол учруулсан. Үүнийг бид нэхэмжилснийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хянаж үзэх тул энэ асуудлыг дахин хянаж үзнэ үү.” гэв.
Хохирогч байгууллагын өмгөөлөгч Ц.Цэцэгсүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн прокурорын эсэргүүцлийг дэмжин оролцож байна. Анхан шатны шүүх хуралдаанд хэргийн зүйлчлэл дээр маргаж оролцсон. Өмгөөлөгчийн зүгээс Л.П-т холбогдох хэрэг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 265 дугаар зүйлийн 265.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг агуулж байна гэж үзсэн боловч шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 265 дугаар зүйлийн 265.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэж үзсэн. Хохирлын тооцоог буруу гэж үзэж байна. Хэдэн төгрөгийн хохирол учруулсан, хэдэн төгрөгийн хохирол төлөх ёстой асуудал өөр байна. Нийт 153 сая төгрөгийн автомашины үнэлгээ гарсан бөгөөд уг үнэлгээний дүгнэлт эргэлзээтэй, үндэслэлгүй гэх нөхцөл байдал шүүгчид төрсөн. Шүүгч энэ эргэлзээтэй байдлыг тодруулахын тулд дахин шинжээч томилсон. Гэтэл шинжээч нар хууль зөрчсөн. 2020 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 887 дугаартай шүүгчийн захирамж /5хх 46/-ийн захирамжлах хэсгийн 4 дэх хэсэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.2 дугаар зүйлд заасан эрх, үүргийг тайлбарлаж өгөөгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн. Учир нь, шинжээч нарт эрх эдэлж байгаа бол үүрэг хүлээх ёстой гэдгийг танилцуулж сануулаагүй. Үүнээс болж Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэг хохирол хүлээсэн. Шийтгэх тогтоолд 13 сая төгрөгийг төлөхөөр заасан. Шүүгдэгч уг төлбөрийг төлөөгүй байж байгаад өнөөдрийн байдлаар төлсөн гэж байна. Хэрэв гэм буруугаа хүлээсэн бол 5 хоногийн завсарлага авах хугацаанд төлөх, төлөхөө илэрхийлэх боломжтой байсан. Мөн Өршөөлийн хуулийг хэрэглэх гэж байгаа тохиолдолд гэм буруугаа хүлээсэн хүнд хэрэглэх ёстой. Гэтэл хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд, шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацаанд гэм буруугаа хүлээгээгүй байсан хүнд тус хуулийг хэрэглэсэн нь буруу юм. Түүнчлэн, шинжээчийн дүгнэлтээр хасаж тооцсон дүн хэр үндэслэлтэй талаар анхаарч үзэх ёстой гэж үзэж байна. Нэхэмжлэлийн шаардлагаас 36.453.897 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн буюу хасаж тооцсон шийдвэр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.2 дугаар зүйлд заасныг ноцтой зөрчсөн. Шинжээчийн дүгнэлтийг үндэслэл болгож байгаа бол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.2 дугаар зүйлд заасныг хэрэгжүүлэх шаардлагатай гэж үзэж байна.” гэв.
Хохирогч байгууллагын өмгөөлөгч Б.Уранцэцэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шийтгэх тогтоолд 153 сая төгрөгөөр худалдан авсан үйл баримт хангалттай нотлогдсон гэж дурдсан бөгөөд үүнээс үүдэн аж ахуйн нэгж байгууллагад үлэмж хэмжээний хохирол учруулсан гэж дүгнэсэнд маргаж байна. Шүүх үнэлгээний 3 байгууллагын дүгнэлтийг авахдаа хамгийн эцсийн байдлаар магадлан итгэмжлэгдсэн “Монголын Мэргэшсэн үнэлгээчдийн институц”-ийн тайланг үнэлсэн. Тайлангийн 3/15 дугаар хуудсанд “бидний давтан тооцоолж гаргасан үнэлгээний үр дүн нь магадлагч үнэлгээчдийн бие даан хийсэн үнэлгээ биш бөгөөд гаргасан үр дүн нь тухайн хөрөнгийн зах зээлийн үнэ цэнийг илэрхийлнэ гэсэн баталгаа гаргахгүй, тийм баталгаагаар талуудыг хангахгүй” гэж магадлагч үнэлгээчдийн хариуцлагыг хязгаарлах нөхцөлөө өөрсдөө бичсэн. Өөрөөр хэлбэл, 2 үнэлгээний байгууллагын тайланг дундажлаад харьцуулсан гэж тайлбарлаад байхад шүүгч уг байгууллагын тайланг дахин шинжилгээ хийлгэсэн болж харагдуулсан. Дахин шинжилгээ хийгээгүй, бид нар 2 үнэлгээний байгууллагын дүнг харьцуулж дундажласан гэж хэлсэн. Ийм ноцтой тайланг шүүх дүгнэлтийнхээ үндэслэл, бодит байдалд нийцсэн гэж дүгнэсэн нь хохирогч байгууллагын эрх ашгийг алдагдуулж, 13 сая төгрөгийн хохирол учруулсанд тооцон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 265 дугаар зүйлийн 265.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн. Гэтэл прокурорын хэлж байгаа 153 сая төгрөгийн хохирол учруулсан гэм буруутай, хохирлын хэмжээ хасагдах ёсгүй тул прокурорын эсэргүүцэл үндэслэлтэй. Шунахайн сэдэлттэй, гэм буруугийн санаатай үйлдлээр байгууллагад учирсан үр дагавар болох хохирлын хэмжээ 153 сая төгрөг буюу их хэмжээний хохирол учирсан гэж үзнэ. Байгууллагад шуурхай ажлын зориулалтаар автомашин худалдан авах хэрэгцээ шаардлага зайлшгүй гардаг бол өөрсдөө үнийн саналаа харьцуулж, судалгаа шинжилгээнд үндэслэж шинэ автомашин худалдаж авах боломжтой байсан. Гэтэл 153 сая төгрөгөөр хуучин автомашин авч, үүнээс үүссэн ашиглалтын зардал 22.000.000 төгрөгийг шүүгч үндэслэлгүйгээр хассан. Хуучин автомашин бензин ч их иднэ. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү.” гэв.
Шүүгдэгч Л.П шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэгт замын даргаар ажиллаж байх хугацаандаа албаны хэрэгцээнд зориулж 5 автомашинаас хамгийн хямдыг нь худалдаж авсан. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 265 дугаар зүйлийн 265.2 дахь хэсэгт зааснаар зүйлчилснийг мөрдөн шалгах ажиллагаа, прокурорын хяналтын шатанд хүлээн зөвшөөрч, өршөөлд хамрагдах тухай хүсэлтийг гаргасан. Хамгийн сүүлд Ерөнхий прокурорт гаргасан хүсэлтийг хүлээж авч, Чинбат гэх орлогч прокурорын “яллах дүгнэлт нэгэнт үйлдэгдсэн тул шүүхийн шатанд өршөөлд хамрагдах боломжтой” гэх хариуг авч хавтаст хэрэгт өгсөн. Шүүхийн шатанд би гэм буруугаа хүлээсэн, шүүхэд хандсан өргөдлөө өгсөн. Үүнийг шүүх хүлээж авч шийдвэрлэсэн. Энэ хооронд завсарлага авч 5.100.000 төгрөгийг төлсөн. Үлдсэн 13 сая төгрөгийг шийтгэх тогтоол гардан авсныхаа дараа төлж барагдуулсан. Шүүхийн шийдвэрээр хохирол төлбөр төлөгдтөл миний өмч хөрөнгийг барьцаалсан, битүүмжилсэн хэвээр байгаа бөгөөд хохирол төлөгдсөн байхад битүүмжилсэн хөрөнгийг яах ёстой талаар шийдвэрлэж өгөхийг хүсэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.
Шүүгдэгч Л.П-ын өмгөөлөгч Г.Тунгалаг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарснаас хойш шүүгчийн туслахын зөвлөсний дагуу Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэгийн Хаан банкны данс руу төлбөрийн үлдэгдэл болох 8.830.443 төгрөгийг шилжүүлж, төлсөн талаарх баримтыг гаргаж өгч байна. Прокурорын эсэргүүцэл үндэслэл бүхий болж чадаагүй гэж үзэж байна. Учир нь, прокурорын зүгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 265 дугаар зүйлийн 265.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь буруу гэж байгаа ч улсын яллагчийн яллах дүгнэлт шүүхэд ирэхдээ зөрчилдөөнтэй шинжтэй байсан. Улсын яллагч 153 сая төгрөг гэх автомашины үнэлгээ 1 дэх хохирол, 153 сая төгрөг болон “Вендо” ХХК-ийн хоорондын зөрүү 28 сая төгрөг, 2 дахь хохирол, мөн сэлбэгийн зардлын 22 сая төгрөг гэсэн 3 төрлийн хохирол учруулсан мэт тоймлоод яллах дүгнэлтийн хавсралтад нэгэнт өмчлөл, ашиглалтдаа авсан 153 сая төгрөгийн автомашины төлбөрийг Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэгт төлөх үндэслэл байхгүй. Төлөх ёстой төлбөр нь 28 сая төгрөг дээр 22 сая төгрөгийн сэлбэгийн зардлын үнийг төлнө гэж оруулсан байсан. Харин 28 сая төгрөг, 153 сая төгрөг гэсэн тоонд багтаж байгаа бол 153 сая төгрөг бүхэлдээ хохирол, эсхүл 153 сая төгрөг биш 28 сая төгрөг бүхэлдээ хохиролд тооцогдох ёстой. Ийм логикийн зөрчилдөөнтэй дүгнэлтийг шүүх зөв ойлгож, зөв дүгнэлт хийж, автомашиныг нэхэмжлэхгүй, автомашин худалдах, худалдан авах гэрээг хууль бус гэж үзэж байгаа тохиолдолд өгсөн, авсан зүйлээ харилцан буцааж өгөх ёстой. Ийм нэхэмжлэл гаргаагүй, автомашиныг буцааж нэхэмжлээгүй учир автомашиныг хохирол гэж үзэхгүй гэж дүгнэсэн. Ингээд үнийн дүнгийн 28 сая төгрөг, сэлбэгийн засвар 22 сая төгрөг үндэслэлтэй эсэхэд дүгнэлт хийж хэрэгсэхгүй болгох зүйлээ хэрэгсэхгүй болгож, сүүлд хийгдсэн шинжээчийн дүгнэлтийг үндэслэж худалдан авсан 153 сая төгрөгөөс хасаж төлүүлэхээр шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. Шүүхийн шийдвэр энэ асуудал дээр үндэслэлтэй, прокурорын эсэргүүцэл үндэслэл дутуу харагдаж байна. Мөн шүүгдэгч өршөөлд хамрагдах тухай хүсэлтээ илэрхийлээгүй байхад шүүх хэрэглэсэн гэж ярьж байна. Гэвч Нийслэлийн прокурорын газраас эхлээд Улсын Ерөнхий прокурорын газар хүртэл нийт 4 удаа хүсэлт гаргаж байсан. Хариу мэдэгдэх хуудаснууд хэрэгт авагдсан байгаа. Шүүхэд хандсан өршөөлд хамрагдах тухай хүсэлт сүүлийн хавтас хэргийн 32 дахь талд байдаг. Уг хүсэлтэд Л.П Улсын Ерөнхий прокурор, Нийслэлийн прокурорын газарт хандсан хүсэлтүүдийнхээ хуулбарыг хавсаргасан. Шүүх эдгээрийг үндэслэн Өршөөл үзүүлэх тухай хууль хэрэглэсэн нь үндэслэлтэй. Давж заалдах шатны шүүх хохирол төлбөр төлж дууссаныг дүгнээд шүүгдэгчийн битүүмжлэгдсэн хөрөнгүүдийг суллаж, энэ талаар шийтгэх тогтоолд оруулах ёстой гэж үзэж байна. Түүнчлэн, хохирогч талаас сүүлийн шинжээч нарт хууль сануулаагүй, гарын үсэг байхгүй гэж ярьж байгаа нь үндэслэлгүй. Өмгөөлөгчийн зүгээс хуульд заасан эрх үүргийг тайлбарлаж, гарын үсэг зуруулсан гэж үзэж байна.” гэв.
Шүүгдэгч Л.П-ын өмгөөлөгч Г.Баяржаргал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өмгөөлөгч Г.Тунгалаг болон үйлчлүүлэгч Л.П нарын гаргасан санал, хүсэлтийг дэмжиж байна. 2015 оны “Өршөөл үзүүлэх тухай хууль”-д гэм буруугаа хүлээж, өршөөлд хамрагдах хүсэлт гаргасан хүн хохирлын үнэлгээн дээр жич маргалдаж болохоор хуульчилсан байдаг тул бидний зүгээс хохирлын үнэлгээн дээр маргасан.” гэв.
Шүүгдэгч Л.П-ын өмгөөлөгч Г.Ичинхорол “Шүүх хуралдаанд хэлэх тайлбар байхгүй.” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.
Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй байна. Тодруулбал;
Л.П нь “Монгол Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр зам”-ын даргаар ажиллаж байхдаа “Нийтийн албанд болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт заасан “Албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэхдээ өөрийн болон өөртэй хамаарал бүхий этгээдийн хувийн ашиг сонирхлыг хөндсөн ...гэрээ байгуулах... үйл ажиллагаа явуулахыг хориглоно”, Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасан “Энэ хуулийн 4.1-д заасан этгээдэд бусад хууль тогтоомжид тусгайлан хориглосноос гадна авлигын дараах зөрчлийг хориглоно”, 7.1.6-д “албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх”, 7.1.7-д “албан тушаалын байдлаа ашиглан эд хөрөнгө олж авах, давуу эрх эдлэх”-ийг хориглоно гэсэн хэм хэмжээг зөрчиж, өөрийн эхнэр Н.Саранчимэгийн захирлаар ажилладаг “Нимонс” ХХК-ийн өмчлөлийн Лексус-570 загварын 00-36 УНТ улсын дугаартай автомашиныг хувьдаа ашиг хонжоо олох зорилгоор иргэн Б.Энх-Амгалангийн нэр дээр 2015 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр шилжүүлснийг 2015 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр иргэн Б.Энх-Амгалантай “Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр зам”-ыг төлөөлж Лексус-570 загварын автомашиныг 153.000.000 төгрөгөөр худалдан авах тухай ХХ15011 дугаартай худалдах, худалдан авах гэрээ байгуулан, уг автомашиныг худалдан авч, замын даргад “Монгол-Зөвлөлтийн хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийн дүрмээр олгогдсон 22.в: “Төрөл бүрийн хөдлөх ба үл хөдлөх хөрөнгийг худалдан авах түрээслэх, шилжүүлэх, борлуулах, тогтоосон журмаар данснаас хасах” албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласны улмаас “Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр зам”-д 153.000.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж үзээд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 265 дугаар зүйлийн 265.2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Анхан шатны шүүх Нийслэлийн прокурорын газраас шүүгдэгч Л.П-т холбогдуулан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 265 дугаар зүйлийн 265.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг мөн хуулийн тусгай ангийн 265 дугаар зүйлийн 265.1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн зүйлчилж, шүүгдэгч С овгийн Л-ын П-ыг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 265 дугаар зүйлийн 265.1 дэх хэсэгт заасан “Төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийн албан тушаалтан хувьдаа болон бусдад давуу байдал тогтоож, хууль тогтоомж, дүрмээр олгогдсон албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласны улмаас аж ахуй нэгж байгууллагад үлэмж хэмжээний хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан “Өршөөл үзүүлэх тухай” хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар Л.П-т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 77 дугаар зүйлийн 77.1-д зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар “Монгол-Оросын хувь хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр зам”-ын нэхэмжилсэн 50.384.340 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас 36.453.897 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Л.П-аас 8.830.443 төгрөгийг гаргуулан хохирогч “Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр зам”-д олгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй Эрүүгийн хуулийг буруу тайлбарласан гэж үзэв.
Анхан шатны шүүх хохирогч “Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр зам” нь Лексус 570 маркийн автомашины үнэд нийт 153.686.111 төгрөг төлсөн, уг автомашин хохирогч байгууллагын өмчлөлд ашиглагдаж байх ба түүний зах зээлийн дундаж үнэ цэнэ 139.755.668 төгрөг болохыг Монголын мэргэшсэн үнэлгээчдийн институтын Магадлан шалгалтын тайлангаар тогтоосон, энэ үнэлгээг шүүх бодит байдалд нийцсэн гэж дүгнэсэн тул энэ гэмт хэргийн улмаас хохирогч байгууллагад 13.930.443 төгрөгийн хохирол учирсан гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.
2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 265 дугаар зүйлийн 265.1-д “Төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийн албан тушаалтан, арбитрч хувьдаа болон бусдад давуу байдал тогтоох, ашиг хонжоо олох зорилгоор хууль тогтоомж, дүрмээр олгогдсон албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласны улмаас аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн хууль ёсны эрх, ашиг сонирхолд үлэмж хэмжээний хохирол учирсан бол... ” гэж, 265.2-д “Энэ хэргийг давтан үйлдсэн, эсхүл их хэмжээний хохирол учирсан бол ... ” гэж тус тус хуульчилжээ.
Тодруулбал, Л.П “Монгол Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр зам”-ын даргаар ажиллаж байхдаа өөрийн болон өөртэй хамаарал бүхий этгээд болох өөрийн эхнэр Н.Саранчимэгийн захирлаар ажилладаг “Нимонс” ХХК-ийн өмчлөлийн Лексус-570 загварын 00-36 УНТ улсын дугаартай автомашиныг иргэн Б.Энх-Амгалангийн нэр дээр 2015 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр шилжүүлж, мөн өдрөө иргэн Б.Энх-Амгалантай “Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр зам”-ыг төлөөлж Лексус-570 загварын автомашиныг 153.000.000 төгрөгөөр хувийн ашиг сонирхлыг хөндсөн худалдах, худалдан авах гэрээ байгуулан автомашиныг худалдан авч, албан тушаалын байдлаа урвуулан ашигласны улмаас “Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр зам”-д 153.000.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан байх бөгөөд учруулсан хохирлын дүнгээр хохирлын хэмжээг тогтоох нь хуульд нийцнэ.
Өөрөөр хэлбэл, шүүгдэгч Л.П-ыг шүүхээс “Төрийн бус байгууллага аж ахуй нэгжийн албан тушаалтан эрх мэдлээ урвуулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон бол албан тушаалтны эрх мэдлээ урвуулах үйлдлээ хэрэгжүүлсэн арга хэлбэр болох худалдах, худалдан авах гэрээний үнийн дүнгээр хохирлын хэмжээг тогтоох нь гэмт үйлдэл, үр дагавар хоорондын шалтгаант холбоог илэрхийлнэ.
Иймд прокурор Р.Батнасангийн бичсэн эсэргүүцлийг хүлээн авч, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 538 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаах хууль зүйн үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасантай холбогдуулан шүүгдэгч Л.П-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 538 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Л.П-т холбогдох хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.
2. Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцтэл шүүгдэгч Л.П-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Т.ӨСӨХБАЯР
ШҮҮГЧ Д.МЯГМАРЖАВ
ШҮҮГЧ Б.АРИУНХИШИГ