Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2021 оны 02 сарын 03 өдөр

Дугаар 154/ШШ2021/00041

 

 

 

 

 

2021 оны 02 сарын 03 өдөр

Дугаар 154/ШШ2021/00041

Булган сум

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Л.Түвшинжаргал даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Ховд аймгийн Булган сумын Засаг даргын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ховд аймгийн Булган сумын Баянсудал багт оршин суух, РД:   , Т  овогт А  ийн Х  т холбогдох,

Зөвшөөрөлгүй ашиглаж буй газрыг чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээс дахин хэлэлцүүлэхээр ирүүлснийг 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Алтантуяа, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Мөнхбаатар, хариуцагч А.Х   нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ховд аймгийн Булган сумын Засаг дарга шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл, хүсэлтдээ: Ховд аймгийн Булган сумын Засаг даргын 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн А/120 дугаар захирамжаар Баянсудал багийн иргэн Т  овогт А  ийн Х  ийн татсан торыг буулгаж нүүдлийн зам дагуух бэлчээрийн газрыг чөлөөлөх тухай шийдвэр гарсан.

Энэ нь Булган гол-Их онгогийн Байгалийн Цогцолбор газрын өргөтгөлөөр Улсын Их Хурлын 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 41 дүгээр тогтоолоор Улсын тусгай хамгаалалтай газар нутгийн Байглийн Цогцолборт газарт хамрагдах болсон тул шийдвэрийн биелэлтийг хангаж зөвшөөрөлгүйгээр татсан тор бүхий 15 га газрыг бүхэлд нь чөлөөлж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Мөнхбаатар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн А.Х   нь Улсын Тусгай хамгаалалттай газар нутагт 15 га газар торлож авсан. Уг газар нь 2019 оны 05 сарын 04-ны өдрийн УИХ-ын 41 дүгээр тогтоолоор улсын тусгай хамгаалалтад орсон байгаа. Булган гол-Их Онгог, Дээд, Доод Нарийны нутаг дэвсгэр хамарсан нийт 240.000 орчим га газар тусгай хамгаалалттай газар нутагт багтдаг. Уг газарт тор татахгүйгээр малчин иргэд тухайн сумын Засаг дарга, байгаль орчны байцаагчтай гурвалсан гэрээ байгуулж байж нутаг дэвсгэрийн бэлчээрийг ашиглах журамтай. Улсын Тусгай хамгаалалттай газар нутагт өмчлөл, эзэмшил, ашиглалтын гэрчилгээ олгох ёсгүй. Уг газар 2019 онд Байгалийн цогцолборт газрын өргөтгөлөөр тусгай хамгаалалтанд орсон гэдгийг дахин хэлмээр байна. Булган гол бусад гол горхи эх авч байгаа газар юм. Уг тусгай хамгаалалтанд орсон газар нутагт урьд нь өмчлөл, эзэмшлийн гэрчилгээтэй байсан хүмүүс байгаа боловч шинэ хууриар энэ нь хүчингүй болсон. Гэхдээ иргэн А.Х   өмнө нь ч өмчлөл, эзэмшил, ашиглалтын гэрчилгээгүй байсан.

Энэ газарт эзэмшил, өмчлөлийн гэрчилгээ олгох боломжгүй. Хэдэн онд тэр тор татсаныг нь мэдэхгүй байна. Улсын тусгай хамгаалалттай бүсийн дэглэмээр торлож хамгаалахыг хориглосон байгаа. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 17 дугаар зүйлд дэлгэрэнгүй хуульчилсан байгаа. Иргэн А.Х  т торыг буулгах, Засаг даргын захирамжыг биелүүлэх шаардлагыг удаа дараа тавьж байсан боловч биелүүлээгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж Булган гол-Их онгогийн Байгалийн Цогцолборт газрын өргөтгөлөөр Улсын Их Хурлын 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 41 дүгээр тогтоолоор Улсын тусгай хамгаалалтай газар нутгийн Байгалийн Цогцолборт газарт хамрагдах 15 га газрыг иргэн А.Х  ийн хууль бус эзэмшлээс чөлөөлж өгнө үү гэв.

Хариуцагч А.Х   шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний тор татсан тэр газарт миний аав амьдарч байсан. Тэр газар нүүдлийн малын зам дагуу байдаг учир би тор татсан нь буруу болсон. Тор татахад зөвшөөрөл авах ёстойг мэдээгүй байсан. Зөвшөөрөлгүй тор татсан миний буруу. Би зөвшөөрөлгүй тор татсан нь буруу гэдгийг мэдээд сумын засаг захиргааны хүмүүстэй ирж уулзахад зөвшөөргүй тор татсан нь буруу гэсэн. Тухайн газарт хадлан авах, тариа ногоо тарих, малаа тэжээх зорилгоор тор татсан. Миний бодлоор урт нь 1500 алхам газар байгаа. Тэр тор татахын тулд би 5-6 сая төгрөг зарцуулсан. Түрүүчийн шүүхийн шийдвэрт би давж заалдах гомдол гаргасан. Тор татсанаас болж ямар ч хохирол учраагүй. Булган сумын Байгаль орчны байцаагч газрыг хэмжээд 15 га газар торлосон гэж тогтоосон. Нийт торноос би 3-4 машин өвс авдаг. УИХ-ын тогтоол гараад миний татсан торыг буулгах шаардлагатай байгааг би ойлгож байна. Гэхдээ энэ газрыг торлох зөвшөөрөл олгож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан нэхэмжлэл, итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, бусад бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Ховд аймгийн Булган сумын Засаг дарга нь А.Х  т холбогдуулан зөвшөөрөлгүй ашиглаж буй 15 га газрыг чөлөөлүүлэхийг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ, мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.4 дэх хэсэгт Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно гэж тус тус заасан байна.

Хариуцагч А.Х   нь нэхэмжлэлд дурдагдсан Ховд аймгийн Булган сумын Баянгол багийн нутаг дэвсгэрт газар эзэмших эрхгүй атлаа Булган сумын Баянгол багийн нутаг дэвсгэр Булган гол-Их онгогийн байгалийн цогцолбор газрын улсын тусгай хамгаалалттай бүсэд хадлангийн зориулалтаар 15 га газарт тор татаж, хууль бусаар газар эзэмшиж, дээрх хуулийн заалтыг зөрчсөн болох нь хариуцагч А.Х  ийн ...тор татахад зөвшөөрөл авах ёстойг мэдээгүй байсан. Зөвшөөрөлгүй тор татсан миний буруу ... УИХ-ын тогтоол гараад миний татсан торыг буулгах шаардлагатай байгааг би ойлгож байна гэх тайлбар, Ховд аймгийн Булган сумын Засаг даргын 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн А/120 дугаартай Газар чөлөөлөх тухай захирамж, Х  ийн торлосон газрын байршил тогтоосон кадастрын зураг зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна.

Монгол улсын Их хурлын 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 41 дугаартай Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай тогтоолын 2 дахь хэсгийн 5-д Булган гол-Их Онгогийн байгалийн цогцолборт газрын хилийн заагт Ховд аймгийн Булган, Үенч сумын зарим хэсгийг хамруулан уг байгалийн цогцолборт газрын хилийн заагийг 5 дугаар хавсралтаар тогтоосон байна.

Газрын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар төрийн өмч байхаар заасан бөгөөд мөн зүйлийн 5.2-т Бэлчээр, нийтийн эдэлбэрийн ба улсын тусгай хэрэгцээнийхээс бусад газрыг зөвхөн Монгол Улсын иргэнд өмчлүүлж болохоор, мөн хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д Монгол Улс тусгай хэрэгцээний газартай байна гэж заасан бөгөөд улсын тусгай хамгаалалттай газар нутгийг тусгай хэрэгцээний газарт хамруулахаар тус тус хуульчилсан байна.

Газрын тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3 дахь хэсэгт зааснаар Ховд аймгийн Булган сумын Засаг дарга Б.Амгаланбадрах нь хариуцагчийг зохих зөвшөөрөлгүй газар эзэмшиж, ашиглаж байгаа учир газар чөлөөлөх тухай захирамж гаргаж, мэдэгдлийг хүргүүлсэн, захирамж биелүүлэхийг удаа дараа шаардсан болохыг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Мөнхбаатар шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн бөгөөд иргэн А.Х   нь газрыг чөлөөлөх үүргээ биелүүлээгүй байна.

Энэ нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул хариуцагчаас 70,200 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулах нь хуульд нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 

1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2, Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч А.Х  ийн Ховд аймгийн Булган сумын Баянгол багийн нутаг дэвсгэр Булган гол-Их Онгогийн байгалийн цогцолбор газарт хадлангийн зориулалтаар торлосон 15 га газрыг А.Х  ийн хууль бус эзэмшлээс чөлөөлсүгэй.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар энэ нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч А.Х  ээс улсын тэмдэгтийн хураамжид 70200 төгрөг гаргуулан орон нутгийн төсвийн орлогод оруулсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ТҮВШИНЖАРГАЛ