Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2024 оны 06 сарын 18 өдөр

Дугаар 001/ХТ2024/00145

 

 

Х ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Н.Батчимэг даргалж, шүүгч Н.Батзориг, П.Золзаяа, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар       

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 184/ШШ2024/00347 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 210/МА2024/00660 дугаар магадлалтай,           

Х ын нэхэмжлэлтэй,

М т холбогдох

Зээлээр худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 6,400,500 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэл,

7,000,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг            

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б, нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч Х  нь хариуцагч М т холбогдуулан Зээлээр худалдах- худалдан авах гэрээний үүрэгт 6,400,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, 7,000,000 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.

2.Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 184/ШШ2024/00347 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 249 дүгээр зүйлийн 249.1, 232 дугаар зүйлийн 232.6, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасныг баримтлан зохигч талуудын хооронд байгуулагдсан 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 1 дугаартай Зээлээр худалдах, худалдан авах гэрээг цуцлан нэхэмжлэгч Х аас 6,986,000 төгрөгийг гаргуулан хариуцагч Х т олгож, үндсэн нэхэмжлэлээс үлдэх 6,386,500 төгрөг, сөрөг нэхэмжлэлээс үлдэх 14,000 төгрөгийг тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 117,400 төгрөгийг, хариуцагчаас сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 126,650 төгрөгийг улсын орлогод тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгч Х аас 122,176 төгрөгийг гаргуулан хариуцагч М т олгож шийдвэрлэжээ.

3.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 210/МА2024/00660 дугаар магадлалаар: Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 184/ШШ2024/00347 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч М аас 6,042,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Х-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 358,500 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж, тогтоох хэсэгт 2 гэсэн заалтыг шинээр нэмж, уг заалтаар “Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул нэхэмжлэгч Х аас 7,000,000 төгрөг гаргуулах тухай хариуцагч М ын сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.” гэж, тогтоох хэсгийн “2” гэснийг “3” гэж, “3” гэснийг “4” гэж, “4” гэснийг “5” гэж тус тус дугаарлалтыг өөрчилж, тогтоох хэсгийн 3 дахь заалтыг “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 117,400 төгрөг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 126,950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М аас улсын тэмдэгтийн хураамжид 111,622 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Х-д олгосугай.” гэж, тогтоох хэсгийн 4 дэх заалтын “...зохигч талууд 15-28 хоногийн дотор” гэснийг “шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор” гэж тус тус өөрчилж, бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

4.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б гийн хяналтын журмаар гаргасан гомдолд: Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2024.04.01-ний өдрийн 210/МА2024/00660 тоот магадлалыг дараах үндэслэлээр эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Хариуцагч М  нь 2023.01.31-ний өдөр Зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулж, Х аас тавилгын үйлдвэрлэлийн иж бүрэн тоног төхөөрөмжийг 13,000,000 төгрөгөөр худалдаж авах болсон. М нь урьдчилгаа 7,000,000 төгрөгийг төлсөн боловч үлдэгдэл төлбөр мөнгийг төлөх боломжгүй нөхцөл байдал үүссэн ба тоног төхөөрөмж нь эвдрэлтэй байсан учир доголдолтой тоног төхөөрөмжийг буцааж 2023.03.18-ны өдөр Х-д өгсөн. Нэгэнт талуудын хооронд байгуулагдсан 2023.01.31-ний өдрийн гэрээнээс худалдан авагч тал татгалзаж байгаа учир гэрээний дагуу урьдчилгаанд шилжүүлж өгсөн 7,000,000 төгрөгөө буцааж авахаар нэхэмжлэл гаргасан хариуцагчийн шаардлагыг буруутгах үндэслэлгүй юм. Хариуцагч М т тоног төхөөрөмж байхгүй ба анх авсан газраа 2023.03.18-ны өдөр хүлээлгэж өгсөн өдрөөс хойш өнөөдрийг хүртэл 1 жил 5 сарын хугацаанд тоног төхөөрөмж хаана байгаа ямар байдалтай байгааг мэдэх боломжгүй. Х ын эзэмшил тоног төхөөрөмж очсон цагаас хойш даруй 1 жил 5 сарын хугацаа өнгөрсөн байна. Ийм бодит хугацаа өнгөрсөн, тоног төхөөрөмжийг мөнгийг төлөх боломжгүй, гэрээнээс татгалзсан байхад тоног төхөөрөмжийг хүлээж аваад, 6,042,000 төгрөгийг төлүүлэх талаар шийдвэрлэсэн Давж заалдах шатны шүүхийн магадлал үндэслэлгүй байгаа тул хүчингүй болгож, 2024.01.15-ны өдрийн 184/ШШ2024/00347 тоот Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

5.Улсын дээд шүүхийн Иргэний танхимын нийт шүүгчийн 2024.05.30-ны өдрийн хуралдааны 001/ШХТ2024/00696 тогтоолоор хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б гийн хяналтын журмаар гаргасан гомдлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2-т заасан үндэслэлээр хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзжээ.

ХЯНАВАЛ:

6. Нэхэмжлэгч Х  нь хариуцагч М т холбогдуулан 6,400,500 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан үндэслэлээ “... М нь 2023.01.31-ний өдөр тавилгын үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжүүдийг зээлээр худалдах-худалдан авах гэрээ байгуулан нийт 9 нэр төрлийн тоног төхөөрөмжийг 13,000,000 төгрөгөөр авахаар тохиролцон тоног төхөөрөмжийн хэвийн ажиллагааг шалгаж үзсэний үндсэн дээр урьдчилгаа 7,000,000 төгрөгийг Х ын Хаан банкны дансанд шилжүүлсэн, үлдэгдэл төлбөрийг сар бүрийн 18-ны өдөр 7 хувааж төлөхөөр тохиролцсон, үлдэгдэл төлбөрийг төлөөгүй тул 6,000,000 төгрөг,  алданги 400,500 төгрөг, нийт 6,400,500 төгрөгийг гаргуулах үндэслэлтэй, төхөөрөмжийг хадгалах боломжтой эсэхийг асуугаад хадгалуулсан тул гэрээ цуцлах үндэслэлгүй” гэж тайлбарлажээ. 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, “...тоног төхөөрөмжийг авсан боловч гэрээнээс татгалзаж 2023 оны 03 сард буцаасан, тухайн үед мөнгө төгрөгийн бололцоогүй нөхцөл байдал үүссэн тул нэхэмжлэгчтэй ярилцаж байгаад буцааж өгсөн, тоног төхөөрөмжийг аваагүй тул мөнгө төлөх үүрэг байхгүй, манайх авахгүй”  гээд “...буцаан хүлээлгэж өгсөн тул урьдчилгааны 7,000,000 төгрөгийг Х аас гаргуулна,  манай талд гэрээний зүйл байхгүй тул өгсөн авснаа буцаан гэрээнээс татгалзсан, нэхэмжлэгч талын хадгалуулсан гэх тайлбар үндэслэлгүй” гэсэн агуулгатай тайлбар гарган сөрөг нэхэмжлэл гаргаж маргажээ.   

7. Анхан шатны шүүх талуудын хооронд худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзээд “...тавилгын үйлдвэрлэлийн иж бүрэн тоног төхөөрөмжийг хариуцагч тал 2023.01.21-ний өдөр хүлээн авсан боловч нэхэмжлэгч талд хүлээлгэн өгөх талаар талууд харилцан тохиролцож 2023.03.18-ны өдөр  буцаан өгсөн, ...хариуцагч тал төлбөрөө хугацаанд нь төлөх чадваргүй байдлаас болж гэрээнээс татгалзсан нь үндэслэлтэй,  Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1, 205.7-д зааснаар хариуцагч 7,000,000 төгрөгийг шаардах эрхтэй  гэж дүгнэн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангасан. Үндсэн нэхэмжлэлээс зарим хэсгийг хангахдаа “... нэхэмжлэгч тал 400,500 төгрөгийн алданги нэхэмжилсэн, талууд гэрээнд алданги тооцох талаар тохиролцсон байх тул тэрээр алданги шаардах эрхтэй”  гэж дүгнээд  тоног төхөөрөмжийг буцаан шилжүүлсэн 2023.03.18-ны өдрийг хүртэлх хугацаанд төлөх байсан 500,000 төгрөгөөс 28 хоногоор тооцон алдангийг 14,000 төгрөгийн хэмжээнд  ханган шийдвэрлэсэн байна.  

8. Давж заалдах шатны шүүх “... хариуцагч нь төлбөр төлөх үүргээ биелүүлж чадахгүй байдлаас болж гэрээнээс татгалзсан гэх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болоогүй. Хариуцагч нь гэрээнээс татгалзах эрхтэй боловч  талуудын харилцсан зурвасаас М  нь гэрээний дагуу төлөх үлдэгдэл төлбөрийг төлж дуусах хүртэл хугацаанд гэрээний зүйлийг Х ын эзэмшилд байлгах хүсэл зоригийг илэрхийлсэн байх ба түүний хүсэлтийн дагуу төлбөрөө төлөх хүртэл тоног төхөөрөмжийг буцаан шилжүүлсэн нь гэрээнээс татгалзсан үр дагаврыг бий болгохгүй тул нэхэмжлэгч нь тоног төхөөрөмжийн үнийн үлдэгдэл 6,000,000 төгрөг төлөхийг хариуцагчаас шаардах эрхтэй. Иймд хариуцагч гэрээний үүрэгт шилжүүлсэн 7,000,000 төгрөгийг буцаан гаргуулахаар шаардах эрхгүй тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй. Түүнчлэн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 6,000,000 төгрөгийн 0,1 хувь болох 6,000 төгрөгийг хугацаа хэтрүүлсэн 7 хоногоор тооцож, нийт 42,000 төгрөгийн алдангийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож, алдангиас үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож,  хариуцагчаас нийт 6,042,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн гомдлыг хангасан байна.

9. Анхан болон давж заалдах шатны шүүх зохигчийн хооронд үүссэн худалдах-худалдан авах гэрээний үүрэгтэй холбоотой үүссэн маргааны үйл баримтад Иргэний хуулийн гэрээнээс татгалзах зохицуулалтыг өөр өөрөөр хэрэглэснээс зөрүүтэй шийдэл гаргасан байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б гийн хяналтын журмаар гаргасан гомдлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2-т заасан үндэслэлээр шүүх хуралдаанаар хэлэлцүүлж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.

10. Хэргийн баримтаас үзэхэд талууд худалдах-худалдан авах гэрээ байгуулан нийт 9 нэр төрлийн тавилгын үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийг 13,000,000 төгрөгөөр авахаар тохиролцон урьдчилгаа 7,000,000 төгрөгийг Х-д М төлсөн, үлдэгдэл төлбөрийг сар бүрийн 18-ны өдөр 7 хувааж төлөхөөр тохиролцсон, гэрээний зүйлийг хариуцагч М 2023.01.21-ний өдөр хүлээн авсан боловч 2023.03.18-ны өдөр нэхэмжлэгч талд буцаан өгсөн, уг тоног төхөөрөмж нэхэмжлэгч талд байгаа үйл баримт тогтоогдсон байна.

11. Давж заалдах шатны шүүх  талуудыг гэрээнээс татгалзаагүй, уг гэрээ үргэлжилж байгаа гэж дүгнэхдээ зохигчийн зөвхөн нэг удаа харилцсан зурвасыг нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэл болгосныг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т нийцсэн гэж үзэх боломжгүй байна. Өөрөөр хэлбэл, хариуцагч тал тоног төхөөрөмжийг хүлээн авсан боловч нөгөө талдаа буцаан хүлээлгэн өгсөн шалтгаан нь үлдэгдэл төлбөрийг төлөх төлбөрийн чадваргүй тухайгаа нөгөө талдаа илэрхийлсэн гэсэн тайлбарыг баримтаар няцаагаагүй буюу нэхэмжлэгч нь буцаан авахаас татгалзаагүй, түүнчлэн түр хугацаанд хадгалуулсан гэсэн тайлбараа баримтаар нотлоогүй байна. Нөгөөтэйгүүр гэрээний зүйл нэхэмжлэгч талд байхад үлдэгдэл төлбөрийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д нийцэхгүй тул давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгоно.

12. Анхан шатны шүүх  нэхэмжлэгч Х аас худалдах-худалдан авах гэрээнээс татгалзсантай холбогдуулан гэрээний зүйлийн үнэд шилжүүлсэн 7,000,000 төгрөгийг гаргуулан хариуцагч М т олгох үндэслэлтэй гэж дүгнэн, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас үндсэн нэхэмжлэлийн хүрээнд хангасан 14,000 төгрөгийг хасаж хэрэгсэхгүй болгон суутган тооцож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1, 205.7, 238 дугаар зүйлийн 238.1-д нийцсэн тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах нь зүйтэй байна. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 210/МА2024/00660 дугаар магадлалыг хүчингүй болгож, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 184/ШШ2024/00347 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангасугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагчийн хяналтын журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид 2024 оны 05 дугаар сарын 09-ний өдөр төлсөн 111,622 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                  

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Н.БАТЧИМЭГ

ШҮҮГЧИД                                                     Н.БАТЗОРИГ

                                                                      П.ЗОЛЗАЯА

                                                                                  Д.ЦОЛМОН

                                                                      Х.ЭРДЭНЭСУВД