Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2021 оны 03 сарын 29 өдөр

Дугаар 154/ШШ2021/00075

 

 

 

 

 

2021 оны 03 сарын 29 өдөр

Дугаар 154/ШШ2021/00075

Булган сум

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн шүүгч Ц.Энхжаргал даргалж, ерөнхий шүүгчБ.Бадрахгэрэл, шүүгч Л.Түвшинжаргал нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: З   х   305 дугаар тусгай ротын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ховд аймгийн Булган сумын Далт багт оршин суух Г  ын Ц  ид холбогдох төрд учирсан хохирол 11.000.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Иргэдийн төлөөлөгч Ш. Гэрэлжаргал, нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баянжаргал, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Хосбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Алтантуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч З   х   305 дугаар тусгай рот шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

З   х   жанжин штабын даргын 2020 оны 12 сарын 25-ны өдрийн А/551 тоот тушаал, З   х   325 дугаар ангийн захирагчийн 2021 оны 02 сарын 05-ны өдрийн А/08 тоот тушаалуудын дагуу Монгол улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн 2019 оны 03 сарын 14-ний өдрийн 001/ХТ2019/00366 дугаар тогтоолын дагуу төрд учруулсан хохиролыг уг шийдвэр гаргасан буруутай албан тушаалтнаар төлүүлнэ гэж заасны дагуу төрд учирсан хохирол болох 11.000.000 төгрөгийг тухайн үеийн албан тушаалтнаар гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баянжаргал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Шүүхэд гаргасан нэхэмжлэлийг дэмжиж байна. Хариуцагчтай эвлэрэн хэлэлцэх боломжгүй гэж үзэж байна. Манай байгууллага С.Оюунбаатарт ажилгүй байсан хугацааны цалин, хохирол 11.000.000 төлж өгч барагдуулсан. Энэ хохиролоо тухайн үед ажиллаж байсан албан тушаалтан буюу хариуцагч Г.Ц  оос гаргуулж өгөхийг хүсэж байна гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Хосбаяр шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. 2015 оны 12 сарын 30-ны өдөр бүтэц орон тоо өөрчлөгдөж салбарын захирагч С.Оюунбаатарыг ажлаас чөлөөлсөн. 106 дугаартай тушаал нь нууцын зэрэглэлтэй тушаал юм. Энэ тушаалыг үндэслэн ажлаас чөлөөлсөн нь хариуцагч хууль зөрчөөгүй. З   х   жанжин штаб нь хуульд зааснаар бүтэц орон тоондоо захирагдан зохицуулан ажиллах ёстой. Цэргийн нийтлэг дүрэм, Төрийн албаны тухай хуулинд зааснаар төр хариуцахаар тушаал гаргах эрхтэй байхад хариуцагч Г.Ц  оос нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан нотлох баримтыг талуудын хүсэлтээр шинжлэн судлаад шүүх хуралдааны тэмдэглэлд тусгасан болно.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч байгууллага болох Ховд аймгийн Булган сум З   х   305 дугаар тусгай ротоос хариуцагч Г.Ц  ид холбогдуулан төрд учирсан хохирол 11.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нь С.Оюунбаатарын нэхэмжлэлтэй З   х   305 дугаар ротод холбогдох иргэний хэргийг Монгол улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцсэн 2019 оны 03 сарын 14-ны өдрийн 001/ХТ2019/00366 дугаартай тогтоолыг үндэслэн С.Оюунбаатарт олгосон ажилгүйдлийн тэтгэмж болох 11.000.000 төгрөгийг төлж барагдуулан тухайн хохиролоо гэм буруутай албан тушаалтнаар төлүүлэхээр нэхэмжилсэн байна.

З   х   305 дугаар тусгай рот нь Монгол улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцсэн 2019 оны 03 сарын 14-ны өдрийн 001/ХТ2019/00366 дугаартай тогтоолыг үндэслэн С.Оюунбаатарт олгосон ажилгүйдлийн тэтгэмж болох 11.000.000 төгрөгийг төлж барагдуулан төрд учирсан хохирол нөхөн төлөгдөөгүй тохиолдолд төрийг төлөөлж шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй байх тул төрийг төлөөлж учирсан хохиролоо шаардах эрхтэй байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд тайлбарлаж байгаа нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна.Учир нь тухайн цаг хугацаанд З   х   жанжин штабын тушаал гарч тушаалыг үндэслэн С.Оюунбаатарыг ажлаас чөлөөлсөн. Цэргийн байгууллага тушаалаар ажилладаг байгууллага дээд шатны байгууллагаас ирүүлсэн тушаалыг үндэслэн ажлаас чөлөөлсөн нь хариуцагч Г.Ц  ийн буруутай үйлдлээс үүссэн гэж үзэх үндэслэл болохгүй гэж маргажээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж тайлбарлаж байгаа тайлбар нь хэрэгт авагдсан болон Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-д шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй, Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлд төрд учруулсан хохиролыг нөхөн төлүүлэхээр хуульчилжээ.

Иймд төрд учирсан хохирлыг шүүхээр тогтоосон бол учруулсан хохиролыг шийдвэр гаргасан буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлнэ гэж заасныг үндэслэн Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2019 оны 03 сарын 14-ны өдрийн 001/2019/00366 дугаартай тогтоолоор төрд учруулсан хохиролыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлэснийг шүүхийн шийдвэр биелүүлж З   х   жанжин штабаас 2020 оны 12 сарын 23-ны өдрийн №141, №143 дугаартай төлбөрийн хүсэлтээр төлж барагдуулан хохиролоо буруутай албан тушаалтнаар төлүүлэхээр нэхэмжилж байгаа нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлтэй байна.

Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр байхад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн цэргийн нийтлэг дүрэм болон төрийн албаны тухай хуульд зааснаар төр хариуцах ёстой, тухайн цаг хугацаанд З   х   жанжин штабын тушаалаар С.Оюунбаатарыг ажлаас чөлөөлсөн нь хариуцагчийн буруутай үйлдэл байхгүй цэргийн байгууллага тушаалаар ажилладаг гэж мэтгэлцэж байгаа нь тухайн маргаан нь хөдөлмөрийн маргаан бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 128.1.2, 69.1 дүгээр зүйлийг зөрчөөгүй гэж шүүхийн шийдвэрт дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-д зааснаар шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримт байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч байгууллага З   х   305 дугаар рот нь Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөныг дурьдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагын хэмжээнд тэмдэгтийн хураамж төлүүлэх үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн

115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.5-д зааснаар хариуцагч Г.Ц  оос төрд учирсан хохирол 11.000.000 төгрөг гаргуулан З   х   305 дугаар тусгай ротод олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагчаас тэмдэгтийн хураамжинд 190.950 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ЭНХЖАРГАЛ

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БАДРАХГЭРЭЛ

ШҮҮГЧ Л.ТҮВШИНЖАРГАЛ