Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 10 сарын 04 өдөр

Дугаар 152/ШШ2021/00395

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

          Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

         Нэхэмжлэгч: И овогт Ш-ын Б-ийн,

         Хариуцагч: УАЗДТГ-т холбогдох,

        Тус газрын даргын 2021 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн Б/25 дугаар тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэл 2021 оны 6 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, 2021 оны 6 дугаар сарын 10-ны өдөр иргэний хэрэг үүсгэн, хянан хэлэлцэв.

      Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ш.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.З, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Болорзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

       Нэхэмжлэгч Ш.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1971 онд төрсөн, 51 настай, бүрэн дунд боловсролтой. Би УАЗДТГ-т 2008 оны 8 дугаар сарын 25-ны өдрөөс 2021 оны 5 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл харуул, жолоочоор тасралтгүй 12 жил 9 сар ажиллаж байгаад ажлаас халагдсан. Би Засаг даргын Тамгын газарт ажилладаг 7 жолоочоос ямар шалгуур, ямар үндэслэлээр ажлаас чөлөөлөгдснөө ойлгохгүй байна. Байгууллагын бүтэц өөрчлөлт нэрийн дор хууль бусаар, үндэслэлгүйгээр төрийн үйлчилгээнд хамааралгүй /Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 09 тоот тогтоол/ тогтоолыг үндэслэсэн мөн аймгийн Засаг даргын 2021 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн А/114 тоот захирамж болон Засаг даргын Тамгын газрын бүтэц, орон тоо баталсан шийдвэр зэргийг надад болон бусад хэлтсийн дарга, албаны дарга, нийт ажилтан, албан хаагчдад танилцуулаагүй. Бүтэц орон тоо баталсан шийдвэрээ хүний нөөцийн ажилтан, Төрийн албаны салбартаа өгөөгүй байж намайг хууль бусаар ажлаас чөлөөлсөн. Нэг л өдөр тушаал болон хөрөнгө хүлээлцэх акт өгсөн бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу харилцан ярилцаж, тохиролцоогүй болно. Миний бие УАЗДТГт жолоочоор ажиллаж байх хугацаандаа ажилдаа идэвхи зүтгэлтэй, хамт олонтойгоо эвсэг ажиллаж, 2012, 2016 онуудад Аймгийн Засаг даргын баярын бичиг болон жуух бичгээр, 2019 онд БХБЯамны жуух бичгээр тус тус шагнагдаж байсан төрийн үйлчилгээний энгийн нэгэн ажилтан билээ. Ял шийтгэл эдэлж байгаагүй, нам, улс төрийн харъяалалгүй, төрийн үйлчилгээний ажилтан бөгөөд надад сар, өдөр байхгүй ажлаас чөлөөлөх мэдэгдэл өгсөн. Иймд УАЗДТГ-ын даргын 2021 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн Б/25 дугаар тушаалыг хүчингүй болгож, намайг урьд эрхэлж байсан УАЗДТГ-ын Нийтлэг үйлчилгээний албаны жолоочийн ажилд эгүүлэн тогтоож өгнө үү гэжээ.

       Хариуцагч Г.Б шүүхэд болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.З шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Маргаан бүхий Захиргааны акт гаргахаас өмнө Увс аймгийн Засаг даргын 2021 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн А/114 дүгээр захирамж гарсан бөгөөд Засаг даргын Тамгын газрын бүтэц, орон тооны өөрчлөлт хийгдэж байгаа учир Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д Ажил олгогч энэ хуулийн 40.1.1, 40.1.2-т заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлах тухайгаа ажилтанд нэг сарын өмнө мэдэгдэнэ гэж заасны дагуу 2021 оны 3 дугаар сарын 31-ний өдөр Засаг даргын Тамгын газрын дарга Г.Б албан өрөөндөө тамгын газрын жолооч Ш.Б-ийг дуудаж, түүнийг ажлаас чөлөөлөх болсныг мэдэгдэж, албан мэдэгдлийг гардуулсан байдаг. Монгол Улсын Засгийн газар нь Монгол Улсын Үндсэн хуулийн Жараннэгдүгээр зүйлийн 4 дэх хэсэгт аймаг нийслэлийн Засаг даргын ажлын алба нь тамгын газар мөн. Тамгын газрын газрын бүтэц, орон тооны хязгаарыг Засгийн газар нэг бүрчлэн буюу нэг маягаар тогтооно гэж, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.2-т Засаг даргын Тамгын газрын бүтэц, орон тооны хязгаарыг Засгийн газраас тогтоох бөгөөд аймаг нийслэл, сум дүүргийн Засаг даргын тамгын газар нь хэлтэс тасагтай байна гэж тус тус заасныг үндэслэн Засгийн газрын 2016 оны 9 дүгээр Аймгийн Засаг даргын тамгын газрын бүтцийг шинэчлэн тогтоох тухай тогтоол баталсан байдаг. Тухайн тогтоолыг хэрэгжүүлэх хүрээнд Тухайн тогтоолыг хэрэгжүүлэх хүрээнд аймгийн Засаг даргын Тамгын газраас жил бүр бүтэц орон тооны зохицуулалтыг аймгийн Засаг дарга болон Засаг даргын Тамгын газраас шинэчлэн баталж, цалингийн сан, бүтэц, орон тооны асуудлаа шийдвэрлэж ирсэн.Үүний нэгэн адил аймгийн Засаг дарга 2021 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн А/114 дугаар захирамж гаргаж бүтэц, орон тоог шинэчлэн баталсантай холбогдуулан аймгийн Засаг даргын Тамгын газраас тухайн захирамжид нийцүүлэн шийдвэр гаргаж, зарим нэг орон тооны асуудлыг цалингийн сан, орон тооны зөв зохистой харьцааг бий болгох хүрээнд зохицуулалт хийж, цомхон байдлаа ажиллахаар цэгцэлж шийдвэр гаргасан. УАЗДТГ-ын Нийтлэг үйлчилгээний албаны бүтэц, орон тоо 2016 оноос эхлэн огцом өссөнтэй холбогдуулан жил бүр төсөвт ирэх ачаалал нэмэгдэж, цалингийн сан хүрэлцэхгүй болж байсан. Энэ асуудлыг цэгцэлж Засгийн газраас 2021 оны 2 дугаар сарын17-ны өдөр 43 дугаартай Төсвийн хэмнэлтийн талаар авах зарим арга хэмжээний тухай тогтоолоор Төсвийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д Засгийн газар төсвийн талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ, 10.1.7-д төсвийн хэрэгжилтэд хяналт тавих, 10.1.11-д төсвийн хөрөнгийг үр ашигтай захиран зарцуулж, улсын төсвийн байгууллагаас нийлүүлэх арга хэмжээний чанарын шаардлагыг хангуулах гэж заасныг тус тус үндэслэн төсөвт зардлыг хэмнэх, төсвийн хөрөнгийг үр ашигтай зарцуулах шаардлагыг харгалзан цар тахлын үед илүү цомхон боловсон хүчинтэйгээр ажиллахаар гарсан тогтоол, хуулийн заалтаар нийцүүлэн аймгийн удирдлага шийдвэр гаргасныг ажлыг алба нь хэрэгжүүлж ажилласан. Илүү орон тооны ажилтан нарыг буюу төсвийн дутагдлыг техник хяналтын зардлын 10 хувийн 2 хувиас нь цалингийн зардлын зөрүүд шилжүүлэн ажиллаж байсан. Жишээлбэл 2019 онд 217.558.738 төгрөг, 2020 онд 141.404.390 төгрөгийн зардлууд тусгагдаж байсан бол эдгээр зардлууд 2021 онд байхгүй болсон бөгөөд үүнтэй холбоотойгоор УАЗДТГ-ын цалингийн сан хүрэлцэхгүй нөхцөл байдал бий болсон. Увс аймгийн Засаг даргын тогтоосон орон тооны хязгаарт багтаан ямар ажлын байранд бүтцийн өөрчлөлт хийх эсэх нь ажил олгогчид буюу ажлын албаны даргад хадгалагдах өөрийнх нь үндсэн эрх байдаг учраас энэ хүрээндээ шийдвэр гаргаж, шийдвэр гаргаж, жолооч Ш.Б-ийн хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас чөлөөлсөн тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ. 

      Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

       Нэхэмжлэгч Ш.Б нь хариуцагч УАЗДТГ-т холбогдуулан тус газрын даргын 2021 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн Б/25 дугаар тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. 

      Нэхэмжлэгч Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т Ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана гэж заасан хугацааны дотор ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан нь хуульд нийцсэн байна.  

      Хариуцагч тал 2021 онд УАЗДТГ-ын цалингийн сан хүрэлцэхгүй нөхцөл байдал бий болсон. Улмаар Увс аймгийн Засаг даргын тогтоосон орон тооны хязгаарт багтаан ямар ажлын байранд бүтцийн өөрчлөлт хийх эсэх нь ажил олгогчид буюу ажлын албаны даргад хадгалагдах өөрийнх нь үндсэн эрх байдаг учраас энэ хүрээндээ шийдвэр гаргаж, жолооч Ш.Бийн хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас чөлөөлсөн тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.

        УАЗДТГ-ын даргын 2021 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн Б/25 дугаар Хөдөлмөрийн гэрээ цуцалж, ажлаас чөлөөлөх тухай тушаалаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.5, Хөдөлмөрийн тухай хуулийн 37.1.8, 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 42 дугаар зүйлийн 42.1, 43 дугаар зүйлийн 43.1, Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 9 дүгээр тогтоол, Аймгийн Засаг даргын 2021 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн А/114 дүгээр захирамжийг үндэслэн Ш.Б-ийг 2021 оны 5 дугаар сарын 10-ны өдрөөр дуусгавар болгон жолоочийн үүрэгт ажлаас чөлөөлсөн байна.  

      Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.5-д Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга, Засаг даргын дэргэдэх газар, хэлтэс, албаны дарга эрх хэмжээнийхээ хүрээнд тушаал гаргаж, тогтоосон журмаар үйлдсэн тамга, тэмдэг, албан бичгийн хэвлэмэл хуудас хэрэглэнэ гэж, Хөдөлмөрийн тухай хуулийн 37.1.8-д хөдөлмөрийн гэрээг ажилтны буюу ажил олгогчийн санаачилгаар цуцалсан бол хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгохоор, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2-т ажил олгогч санаачилсан бол хөдөлмөрийн гэрээг цуцлахаар, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасан аж ахуйн нэгж, байгууллага болон түүний салбар, нэгж татан буугдсан, орон тоо хасагдсан, эсхүл ажилтны тоог цөөрүүлсэн бол хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлахаар, мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д Ажил олгогч нь энэ хуулийн 37.1.6, 40.1.1, 40.1.2, 40.1.3-т заасан үндэслэлээр ажлаас халагдсан ажилтанд нэг сар, түүнээс дээш хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх тэтгэмж олгоно гэж, мөн хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-д Ажил олгогч нь ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа ажил хүлээлгэн өгөх хугацааг тогтоож, уг хугацааг ажлаас халах тухай шийдвэрт заана гэж тус тус заажээ.  

       Мөн Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 9 дүгээр тогтоолоор Аймгийн удирдлага, Аймгийн Засаг даргын Тамгын газрын бүтэц, Увс аймгийн Засаг даргын Тамгын газрыг 41 хүртэл орон тоотой байхаар тогтоосон байх ба Аймгийн Засаг даргын 2021 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн А/114 дүгээр захирамжийн 1 дүгээр хавсралтаар Аймгийн Засаг даргын Тамгын газрын газрыг 46 орон тоотой, 2 дугаар хавсралтаар Аймгийн Засаг даргын Тамгын газрын газрын Нийтлэг үйлчилгээний албыг 34 орон тоотой байхаар баталсан байна.  

        Увс аймгийн Засаг дарга дотоод зохион байгуулалт, бүтэц орон тоогоо батлах эрхтэй боловч өмнө нь баталсан бүтэц орон тоог өөрчлөн тогтоох ямар зайлшгүй шаардлага байсныг үндэслэн бүтэц орон тоог баталсан нь тодорхойгүй, хариуцагч УАЗДТГ-ын Нийтлэг үйлчилгээний албаны бүтэц, орон тоо 2016 оноос эхлэн огцом өссөнтэй холбогдуулан жил бүр төсөвт ирэх ачаалал нэмэгдэж, цалингийн сан хүрэлцэхгүй болж байсан. Энэ асуудлыг цэгцэлж Засгийн газраас 2021 оны 2 дугаар сарын17-ны өдөр 43 дугаар Төсвийн хэмнэлтийн талаар авах зарим арга хэмжээний тухай тогтоолоор Төсвийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д Засгийн газар төсвийн талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ, 10.1.7-д төсвийн хэрэгжилтэд хяналт тавих, 10.1.11-д төсвийн хөрөнгийг үр ашигтай захиран зарцуулж, улсын төсвийн байгууллагаас нийлүүлэх арга хэмжээний чанарын шаардлагыг хангуулах гэж заасныг тус тус үндэслэн төсөвт зардлыг хэмнэх, төсвийн хөрөнгийг үр ашигтай зарцуулах шаардлагыг харгалзан цар тахлын үед илүү цомхон боловсон хүчинтэйгээр ажиллахаар гарсан тогтоол, хуулийн заалтаар нийцүүлэн аймгийн удирдлага шийдвэр гаргасныг ажлыг алба нь хэрэгжүүлж ажилласан гэж тайлбарласан боловч энэхүү тайлбартай холбоотой 2020, 2021 оны батлагдсан төсвийг шүүхэд ирүүлээгүй.  

         Нэхэмжлэгч Ш.Б 2021 оны 3 дугаар сарын 02-ны өдөр Засаг даргын Тамгын газрын дарга ажлаас чөлөөлөх болсон тухай мэдэгдлийг өгөхдөө 2021 оны 3 дугаар сар гэсэн өдрийн бичээгүй мэдэгдэл өгсөн, Тамгын газрын даргад хадгалагдаж байгаа ажлаас чөлөөлөх тухай мэдэгдлийг 2021 оны 3 дугаар сарын 31-ний өдөр өгснөөр бичсэн байсан гэж тайлбарлан 2021.03 гэх өдрийн тэмдэглээгүй мэдэгдлийг, хариуцагч талаас 2021.03.31 гэх мэдэгдлийг шүүхэд тус тус нотлох баримтаар ирүүлсэн.  

       Зохигчдоос ирүүлсэн мэдэгдлүүд хугацааны хувьд зөрүүтэй байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д Ажил олгогч энэ хуулийн 40.1.1, 40.1.2 -т заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлах тухайгаа ажилтанд нэг сарын өмнө мэдэгдэх бөгөөд аж ахуйн нэгж, байгууллага, түүний салбар, нэгж татан буугдсаны улмаас ажилтнуудыг бөөнөөр халах тохиолдолд ажилтны төлөөлөгчдөд 45 хоногийн өмнө мэдэгдэж, энэ хуульд заасны дагуу хэлэлцээ хийнэ гэж заасан 1 сарын өмнө ажлаас чөлөөлөх тухай мэдэгдлийг ажилтан Ш.Б-д мэдэгдсэн гэж үзэх боломжгүй.

      Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч ИТ овогт Ш-ын Б-ийг УАЗДТГ-ын газрын Нийтлэг үйлчилгээний албаны жолоочийн ажилд эгүүлэн тогтоож шийдвэрлэв.

       Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага ажилд эгүүлэн тогтоох бөгөөд ажлаас халсан тушаалыг хүчингүй болгох нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл байх тул ажлаас халсан тушаалыг хүчингүй болгох шаардлагагүй гэж үзсэн болно.

        Нэхэмжлэгч Ш.Б-ийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэл нь гомдлоор авч хэлэлцдэг нэхэмжлэл тул улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдснийг дурдаж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул хариуцагч УАЗДТГ-ын газраас уг шаардлагад ногдох улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг гаргуулж улсын орлогод оруулах нь зүйтэй.

      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

         1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч И т овогт Ш-н Б-ийг УАЗДТГ-ын газрын Нийтлэг үйлчилгээний албаны жолоочийн ажилд эгүүлэн тогтоосугай.  

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч Ш.Б улсын тэмдэгтийн хураамж 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөг төлөхөөс чөлөөлөгдснийг дурдаж, хариуцагч УАЗДТГ-ын газраас улсын тэмдэгтийн хураамж 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөг гаргуулж Увс аймгийн Төрийн сангийн 100150000941 тоот дансанд оруулсугай.  

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                    Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ