Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 11 сарын 22 өдөр

Дугаар 224/МА2021/00020

 

Ш.Б-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Л.Алтан даргалан, шүүгч Н.Мөнхжаргал, Ерөнхий шүүгч Д.Жамбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй хийж,

Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 395 дугаар шийдвэртэй,

Ш.Б-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Увс аймгийн Засаг даргын Тамгын газарт холбогдох, Увс аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2021 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн Б/25 дугаар тушаал хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн ерөнхий шүүгч Д.Жамбалсүрэнгийн илтгэснээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ш.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.З, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхтуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ш.Б анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би Увс аймгийн Засаг даргын Тамгын газарт 2008 оны 8 дугаар сарын 25-ны өдрөөс 2021 оны 5 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл харуул, жолоочоор тасралтгүй 12 жил 9 сар ажиллаж байгаад ажлаас халагдсан. Би Засаг даргын Тамгын газарт ажилладаг 7 жолоочоос ямар шалгуур, ямар үндэслэлээр ажлаас чөлөөлөгдснөө ойлгохгүй байна.

Байгууллагын бүтэц өөрчлөлт нэрийн дор хууль бусаар, үндэслэлгүйгээр Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 09 дүгээр тогтоол /төрийн үйлчилгээний албан тушаалд хамааралгүй/-ыг үндэслэсэн, мөн аймгийн Засаг даргын 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн А/114 дугаар захирамж болон Засаг даргын Тамгын газрын бүтэц, орон тоо баталсан шийдвэр зэргийг надад болон бусад хэлтсийн дарга, албаны дарга, нийт ажилтан, албан хаагчдад танилцуулаагүй.

Бүтэц орон тоо баталсан шийдвэрээ хүний нөөцийн ажилтан, Төрийн албаны салбартаа өгөөгүй байж намайг хууль бусаар ажлаас чөлөөлсөн. Нэг л өдөр тушаал болон хөрөнгө хүлээлцэх акт өгсөн бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу харилцан ярилцаж, тохиролцоогүй болно. Миний бие Увс аймгийн Засаг даргын Тамгын газарт жолоочоор ажиллаж байх хугацаандаа ажилдаа идэвхи зүтгэлтэй, хамт олонтойгоо эвсэг ажиллаж, 2012, 2016 онуудад Аймгийн Засаг даргын баярын бичиг болон жуух бичгээр, 2019 онд БХБЯ-ы жуух бичгээр тус тус шагнагдаж байсан төрийн үйлчилгээний энгийн нэгэн ажилтан билээ. Ял шийтгэл эдэлж байгаагүй, нам, улс төрийн харъяалалгүй, төрийн үйлчилгээний ажилтан бөгөөд надад сар, өдөр бичээгүй ажлаас чөлөөлөх мэдэгдэл өгсөн.

Иймд Увс аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2021 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн Б/25 дугаар тушаалыг хүчингүй болгож, намайг урьд эрхэлж байсан Увс аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийтлэг үйлчилгээний албаны жолоочийн ажилд эгүүлэн тогтоож өгнө үү” гэжээ.

Хариуцагч Увс аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.Б болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.З нар анхан шатны шүүхэд гаргасан тайлбартаа: “Маргаан бүхий Захиргааны акт гаргахаас өмнө Увс аймгийн Засаг даргын 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн А/114 дүгээр захирамж гарсан бөгөөд Засаг даргын Тамгын газрын бүтэц, орон тооны өөрчлөлт хийгдэж байгаа учир Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д: Ажил олгогч энэ хуулийн 40.1.1, 40.1.2-т заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлах тухайгаа ажилтанд нэг сарын өмнө мэдэгдэнэ гэж заасны дагуу 2021 оны 3 дугаар сарын 31-ний өдөр Засаг даргын Тамгын газрын дарга Г.Б албан өрөөндөө Тамгын газрын жолооч Ш.Бийг дуудаж, түүнийг ажлаас чөлөөлөх болсныг мэдэгдэж, албан мэдэгдлийг гардуулсан байдаг.

Монгол Улсын Засгийн газар нь Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран нэгдүгээр зүйлийн 4 дэх хэсэг, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.2-т заасныг тус тус үндэслэн Засгийн газар “Аймгийн Засаг даргын Тамгын газрын бүтцийг шинэчлэн тогтоох тухай” 2016 оны 09 дүгээр тогтоол баталсан байдаг.

Тухайн тогтоолыг хэрэгжүүлэх хүрээнд аймгийн Засаг даргын Тамгын газраас жил бүр бүтэц, орон тооны зохицуулалтыг аймгийн Засаг дарга болон Засаг даргын Тамгын газраас шинэчлэн баталж, цалингийн сан, бүтэц, орон тооны асуудлаа шийдвэрлэж ирсэн. Үүний нэгэн адил аймгийн Засаг дарга 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн А/114 дүгээр захирамж гаргаж бүтэц, орон тоог шинэчлэн баталсантай холбогдуулан аймгийн Засаг даргын Тамгын газраас тухайн захирамжид нийцүүлэн шийдвэр гаргаж, зарим нэг орон тооны асуудлыг цалингийн сан, орон тооны зөв зохистой харьцааг бий болгох хүрээнд зохицуулалт хийж, цомхон байдлаа ажиллахаар цэгцэлж шийдвэр гаргасан.

Увс аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийтлэг үйлчилгээний албаны бүтэц, орон тоо 2016 оноос эхлэн огцом өссөнтэй холбогдуулан жил бүр төсөвт ирэх ачаалал нэмэгдэж, цалингийн сан хүрэлцэхгүй болж байсан. Энэ асуудлыг цэгцэлж Засгийн газраас 2021 оны 02 дугаар сарын17-ны өдөр 43 дугаар Төсвийн хэмнэлтийн талаар авах зарим арга хэмжээний тухай тогтоолоор Төсвийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1, 10.1.7, 10.1.11-т заасныг тус тус үндэслэн төсөвт зардлыг хэмнэх, төсвийн хөрөнгийг үр ашигтай зарцуулах шаардлагыг харгалзан цар тахлын үед илүү цомхон боловсон хүчинтэйгээр ажиллахаар гарсан тогтоол, хуулийн заалтаар нийцүүлэн аймгийн удирдлага шийдвэр гаргасныг ажлыг алба нь хэрэгжүүлж ажилласан.

Илүү орон тооны ажилтан нарыг буюу төсвийн дутагдлыг техник хяналтын зардлын 10 хувийн 2 хувиас нь цалингийн зардлын зөрүүд шилжүүлэн ажиллаж байсан. Жишээлбэл 2019 онд 217.558.738 төгрөг, 2020 онд 141.404.390 төгрөгийн зардлууд тусгагдаж байсан бол эдгээр зардлууд 2021 онд байхгүй болсон бөгөөд үүнтэй холбоотойгоор Увс аймгийн Засаг даргын Тамгын газрын цалингийн сан хүрэлцэхгүй нөхцөл байдал бий болсон.

Увс аймгийн Засаг даргын тогтоосон орон тооны хязгаарт багтаан ямар ажлын байранд бүтцийн өөрчлөлт хийх эсэх нь ажил олгогчид буюу ажлын албаны даргад хадгалагдах өөрийнх нь үндсэн эрх байдаг учраас энэ хүрээндээ шийдвэр гаргаж, жолооч Ш.Бийн хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас чөлөөлсөн тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй” гэжээ.

Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 395 дугаар шийдвэрээр:

Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Их тугтан овогт Шавганцын Батмөнхийг Увс аймгийн Засаг даргын Тамгын газрын газрын Нийтлэг үйлчилгээний албаны жолоочийн ажилд эгүүлэн тогтоож шийдвэрлэсэн байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Нын давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:”Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 395 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр гомдол гаргаж байна.

Шийдвэрийн үндэслэх хэсэгт, Увс аймгийн Засаг дарга нь Тамгын газрын бүтэц, орон тоог өөрчлөн тогтоох ямар зайлшгүй шаардлага байсныг үндэслэн бүтэц, орон тоог баталсан нь тодорхойгүй гэж дүгнэсэн нь нэхэмжлэгч болон хариуцагч нарын хэн нэгэн нь маргаагүй байхад шүүх ийнхүү нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн дүгнэлт хийсэн төдийгүй хариуцагчийн тайлбартай холбоотойгоор 2020, 2021 онд батлагдсан төсвийг шүүхэд ирүүлээгүй гэж нэг дүгнэлтийг хоорондоо зөрүүтэй байдлаар хийсэн.

2020-2021 оны төсвийн талаарх баримт шаардлагатай байсан бол шүүхээс гаргуулан авах ёстой байсан ба хариуцагчаас нотлох баримт гаргаж ирүүлээгүй гэх дүгнэлт хийж шийдвэр гаргасан нь хэргийг шударгаар шийдвэрлэж чадаагүй гэж үзэхэд хүргэж байна.

2021 оны 3 дугаар сард мэдэгдэж гарын үсэг зуруулсан нь ажлаас чөлөөлсөн шийдвэр гарахаас 45 болон түүнээс дээш хоногийн өмнө мэдэгдсэн гэдгийг нотолж байхад шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт мэдэгдсэн гэж үзэх боломжгүй гэсэн нь үндэслэлгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 395 дугаар шийдвэрийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-д заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү“ гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.З тайлбартаа: “Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 395 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргасан.

Шийдвэрийн үндэслэх хэсэгт “Увс аймгийн Засаг дарга нь Увс аймгийн Засаг даргын Тамгын газрын бүтэц, орон тоог өөрчлөн тогтоох ямар зайлшгүй шаардлага байсныг үндэслэн бүтэц, орон тоог баталсан нь тодорхойгүй” гэж дүгнэсэн.

Нэхэмжлэгч, хариуцагч нар хоорондоо маргаангүй байхад анхан шатны шүүхийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн шийдвэр гаргасан төдийгүй хариуцагчийн тайлбарт дурдсанаар 2021 онд батлагдсан төсвийг шүүхэд ирүүлээгүй гэсэн дүгнэлтийг хоорондоо зөрүүтэй байдлаар хийсэн.

2020-2021 оны төсвийн талаарх баримт хэрэгт ач холбогдолтой байсан бол шүүхээс гаргуулан авах байсан ба хариуцагчаас нотлох баримт ирүүлээгүй гэж дүгнэлт хийснийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Анхан шатны шүүх хэргийг шударгаар шийдвэрлэж чадаагүй гэж үзэхэд хүргэж байна. Яагаад гэвэл 2021 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 1476 дугаар шүүгчийн захирамжаар хэрэг маргааныг шийдвэрлэхэд Увс аймгийн Засаг даргын Тамгын газрын бүтэц, орон тоо шаардлагатай байх тул уг баримтыг ирүүлнэ үү гэсэн албан тоот ирүүлсэн. 2021 оны төсвийн талаарх баримт хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой байсан бол дээрх албан тоотоор 2020-2021 оны төсвийн талаарх баримтыг хамтад нь аваагүй нь учир дутагдалтай байна.

Монгол улсын Засгийн газрын 2016 оны 9 дүгээр захирамжаар Увс аймгийн Засаг даргын Засаг даргын Тамгын газар нь 41 хүний орон тоотой байна гэж батлагдсан. Увс аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийтлэг үйлчилгээний алба нь 34 ажилтан албан хаагчтай ажилладаг. Нийтлэг үйлчилгээний албанаас 2 жолоочийг яагаад халсан талаараа анхан шатны шүүхэд тайлбарласан. Увс аймгийн Засаг даргын Тамгын газарт ачааны машины жолоочид хийгээд байх ажилгүй байсан тул ачааны машины жолоочийг шаардлагагүй гэж үзсэн.

Монгол улсын Засгийн газрын 2021 оны 43 дугаар тогтоолд “төсөв мөнгийг хэмнэж, үр ашигтай ажиллах” талаар тогтоол гаргаж ирүүлсэн. Уг тогтоолд нийцүүлэн Увс аймгийн Засаг даргын Засаг даргын Тамгын газар нь техник хяналтын зардлаас 2 хувийн мөнгө авч илүү гарсан бүтэц орон тоонд тохируулан цалин хөлс олгож явсан. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд зааснаар аймгийн Засаг дарга томилогдсоноор хэвлэл мэдээллийн албан байгуулагдаж, Засаг даргын бүрэн эрх дуусгавар болсноор хэвлэл мэдээллийн алба татан буугддаг. Хаанаас цалинжих нь тодорхойгүй Хэвлэл мэдээллийн албыг татан буулгаж, орон тооны Нийлэг үйлчилгээнд хамруулж, 2 хүний ажилтантай ажлын албыг шинээр бий болгосон. Энэ мэт асуудлаар цалин мөнгөний хомстол бий болсон тул сул орон тоо болох ачааны машины жолоочийн ажлыг хавсран гүйцэтгэх боломжтой гэж үзэж Ш.Бийг бүтэц, орон тооны өөрчлөлтөөр ажлаас чөлөөлсөн.

Аймгийн Засаг даргын бүрэн эрхийн асуудлыг Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29, 33 дугаар зүйлд тусгасан байдаг. Аймгийн Засаг даргын бүтэц, орон тоо баталсан эрхэд анхан шатны шүүх халдсан гэж үзэж байна.

Мөн анхан шатны шүүхийн шийдвэрт “Аймгийн Засаг даргын Тамгын газрын бүтэц, орон тоо өөрчлөх тухай мэдэгдлийг өгөхдөө 2021 оны 3 дугаар сар гэсэн өдрийн бичээгүй мэдэгдэл өгсөн гэж үзэх боломжгүй гэж дурдсан байсан. Мэдэгдлийн бичвэр техникийн алдаа гарсан байдаг. Логик утгаар нь авч үзвэл 2021 оны 3 дугаар сар 31 хоногтой ба 31 хоногийн эцсийн өдрөөр тооцож үзвэл 40 гаруй хоног болж байгаа тул Хөдөлмөрийн тухай хуульд заасан 30 хоногийн өмнө мэдэгдэл өгөх хуулийн шаардлагыг хангаж байна гэсэн үг юм.

Бичиг техникийн алдаанаас болж, 2021 оны 3 дугаар сар гэсэн мэдэгдэл өгсөн боловч нэхэмжлэгч Ш.Б тухайн мэдэгдлийг хүлээж авч гарын үсэг зурсан байдаг. Иймд анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 395 дугаар шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэв.

Нэхэмжлэгч Ш.Б давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие Увс аймгийн Засаг даргын Тамгын газарт жолоочоор тасралтгүй 12 жил 9 сар ажилласан байсан. Увс аймгийн Засаг даргын Тамгын газар 7 жолоочтой ба би уг газарт 13 жил жолоочоор ажилласан. Одоо ажиллаж байгаа жолооч нар доод тал нь 2, 3 жил ажилласан жолооч нар байдаг.

Монгол улсын Засгийн газрын 2016 оны 09 дугаар тогтоолыг зөрчсөн гэж үзэж байгаа. Уг тогтоолд Увс, Ховд, Баян-Өлзий зэрэг 11 аймагт Засаг даргын Тамгын газар нь 41 хүртэлх орон тооны бүрэлдэхүүнтэй байна гэсэн бүтэц, орон тоог баталсан байхад уг тогтоолыг зөрчиж, 46 орон тоо ажиллуулж байсан. Бүтэц орон тооноос 5 орон тоо илүү баталсан учир цалин мөнгө дутах нь зөв юм. Төсөв хүрэлцэхгүй байна гэдэг зүйлийг ярьдаг. Увс аймгийн Засаг даргын Тамгын газрын үйл ажиллагаанд Төрийн аудитын дотоод аудит, төрийн аудит гэсэн 2 байгууллага хяналт тавьж ажилладаг. Цалингийн сан хүрэлцэхгүй байгаа тохиолдолд хяналт шалгалт хийгээд хууль дүрэм журмын дагуу акт тавих ёстой байтал акт тавиагүй байдаг.

Хариуцагч талын зүгээс ажлаас халах мэдэгдлийг 45 хоногийн өмнө өгсөн гэдэг зүйлийг ярьдаг. 2021 оны 3 дугаар сарын 02-ны өдөр надад мэдэгдэл өгсөн. Би 68 хоногийн дараа ажлаас халагдсан. Иргэний хэргийн анхан шатны шүүхэд талууд нотлох баримтаа өөрсдөө гаргаж өгөх үүрэгтэй болохоос биш шүүх нотлох баримт нэхэж авах үүрэггүй. Иймд анхан шатны анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

  ҮНДЭСЛЭХ нь:

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцсэн байна.

Нэхэмжлэгч Ш.Б ажлаас үндэслэлгүй халагдсан гэж үзэж, Увс аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2021 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн Б/25 дугаар тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Увс аймгийн Засаг даргын Тамгын газрын жолооч Ш.Б-ийг тус газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.Б 2021 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн Б/25 өдрийн тушаалаар “ байгууллагын бүтэц, орон тоонд өөрчлөлт орсон” гэх үндэслэл зааж, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.5, Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.8, 40 дүгээр зүйлийн 40.1.1,  42 дугаар зүйлийн 42.1, 43 дугаар зүйлийн 43.1, Засгийн газрын 2016 оны  09 дүгээр тогтоол, Аймгийн Засаг даргын 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн А/114 дүгээр захирамжийг тус тус баримтлан үүрэгт ажлаас нь чөлөөлжээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлд хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлах үндэслэлийг хуульчилсан ба хариуцагч Увс аймгийн ЗДТГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.Б нэхэмжлэгч Ш.Бийг ажил олгогчийн санаачилгаар түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх заалтыг үндэслэжээ.

Хуулийн дээрх зохицуулалтаар ажилтны тоог цөөрүүлсэн үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлан хөдөлмөрийн харилцааг зогсоох эрхийг ажил олгогчид олгосон боловч ажил олгогч нь ямар шалгуур, үзүүлэлтээр нэхэмжлэгч Ш.Бийг ажлаас чөлөөлсөн нь тодорхойгүй байна.

Хэрэгт  авагдсан баримтаас үзвэл Увс аймгийн Засаг даргын 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн А/114 дүгээр захирамжийн 2 дугаар хавсралтаар  Тамгын газрын Нийтлэг үйлчилгээний албаны жолоочийн орон тоог 5 байхаар тогтоожээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч жолоочийн орон тоог цөөрүүлсэн талаар тайлбар гаргасан боловч хариуцагч Ш.Б-ийг орон тоо цөөрүүлэх үндэслэлээр ажлаас чөлөөөхдөө ямар шалгуур үзүүлэлтийг баримталсан нь тодорхойгүй, өөрөөр хэлбэл өмнө ажиллаж байсан 7 жолоочоос Ш.Б-ийг сонгож халсан үндэслэлээ нотолж чадаагүй, ажил олгогчийн шийдвэр Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-т нийцээгүй тул нэхэмжлэгчийг хууль бусаар ажлаас чөлөөлсөн гэж үзэх үндэслэл болж байна.

Зохигчид нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 дахь хэсэгт зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа нотлох, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд хариуцагч нь нэхэмжлэгч Ш.Бийг ажил олгогчийн санаачилгаар ажлаас чөлөөлсөн  үндэслэлээ нотлох баримтаар нотлоогүй, нотлох үүргээ биелүүлээгүй байна.

Шүүх хэрэгт цугларсан баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй, үнэн зөв талаас нь үнэлэх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь заалтыг зөрчөөгүй гэж үзлээ.

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Н-ын “..хэрэгт цугларсан баримтыг бүрэн, нэг бүрчлэн үнэлээгүй, нотлох баримт үнэлэх журмыг  зөрчсөн үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгох”-ыг хүссэн  давж заалдсан гомдлыг хүлээн авах  үндэслэлгүй гэж үзлээ.

Харин ажилтны орон тоо цөөрүүлэх үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлах тухайгаа ажилтанд 30 хоногоос өмнө мэдэгдсэн үйл баримт хэрэгт тогтоогдсон, энэ талаар маргаангүй байхад зохигчдоос гаргаж ирүүлсэн мэдэгдлүүд хугацааны хувьд зөрүүтэй тул хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай мэдэгдлийг 1 сарын өмнө Ш.Бөд мэдэгдсэн гэж үзэх боломжгүй гэх анхан шатны шүүхийн дүгнэлт нь хууль зүйн үндэслэлгүй болохыг дурдах нь зүйтэй. 

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Нын давж заалдах гомдлыг хангахгүй орхих  үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв.

Давж заалдах шатны шүүхээс гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээх үндэслэлтэй байна.

1. Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 395 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Н-ын давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай. 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 7.1.2 дахь  хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Л.АЛТАН

 

 ШҮҮГЧ                                                          Н.МӨНХЖАРГАЛ

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Д.ЖАМБАЛСҮРЭН