Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 10 сарын 04 өдөр

Дугаар 152/ШШ2021/00396

 

  

      Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

        Нэхэмжлэгч: З овогт Б-гийн Ба-ын,

        Хариуцагч: УАЗДТГ-т холбогдох,

        Тус газрын даргын 2021 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн Б/23 дугаар тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэл 2021 оны 6 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, 2021 оны 6 дугаар сарын 14-ний өдөр иргэний хэрэг үүсгэн, хянан хэлэлцэв.

       Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Болорзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

       Нэхэмжлэгч Б.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1978 онд төрсөн, 43 настай, дээд боловсролтой. Би УАЗДТГ-т 2004 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс жолоочоор ажилд орж, тасралтгүй 17 жил 5 сар ажиллаж байгаад 2021 оны 5 дугаар сарын 10-ны өдөр ажлаас халагдсан. Засаг даргын Тамгын газар нь 7 жолоочоос ямар шалгуур, ямар үндэслэлээр намайг чөлөөлж байгааг тайлбарлахгүйгээр байгууллагын бүтэц орон тоо, нэрийн дор хууль бусаар үндэслэлгүй ажлаас халсан. Мөн УАЗДТГ-ын 2021 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн А/114 тоот захирамжаа танилцуулаагүй бөгөөд 2016 оны 09 тоот тогтоол, төрийн үйлчилгээнд хамааралгүй тогтоолыг үндэслэж ажлаас чөлөөлсөн. Засаг даргын Тамгын газрын бүтэц, орон тоо баталсан шийдвэрийг надад болон бусад хэлтсийн дарга, албаны дарга, нийт ажилтан, албан хаагчдад танилцуулаагүй. Бүтэц, орон тоо баталсан шийдвэрээ хүний нөөцийн ажилтан, Төрийн албаны салбартаа өгөөгүй байж намайг хууль бусаар ажлаас чөлөөлсөн. Миний бие ажиллах хугацаандаа алдаа дутагдал гаргаж байгаагүй, ял шийтгэл эдэлж байгаагүй болно. Ажиллаж байх хугацаандаа спортын болон бусад уралдаан тэмцээнд тогтмол амжилттай оролцож байсан. 2012 онд Аймгийн Засаг даргын "Баярын бичиг", 2016 онд Засаг даргын "Жуух бичиг"-ээр тус тус шагнагдаж байсан төрийн үйлчилгээний ажилтан юм. Иймд УАЗДТГ-ын 2021 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн Б/23 дугаар тушаалыг хүчингүй болгож, намайг урьд эрхэлж байсан УАЗДТГ-ын нийтлэг үйлчилгээний албаны жолоочийн ажилд тогтоож өгнө үү гэжээ.

        Хариуцагч Г.Б шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Б.Б нь аймгийн Засаг даргын Тамгын газрын даргыг хариуцагчаар татаж шүүхэд нэхэмжлэл гаргасантай холбогдуулан нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах тайлбар гаргаж байна. Монгол Улсын Засгийн газар нь Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран нэгдүгээр зүйлийн 4-д, Аймаг, ....ийн Засаг даргын ажлын алба нь тамгын газар мөн. Тамгын газрын бүтэц, орон тооны хязгаарыг Засгийн газар нэг бүрчлэн буюу нэг маягаар тогтооно гэж, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.2-т Засаг даргын Тамгын газрын бүтэц, орон тооны хязгаарыг Засгийн газраас тогтоох бөгөөд аймаг ....ийн Засаг даргын Тамгын газар нь хэлтэс, тасагтай байна гэж тус тус заасныг үндэслэн 2016 оны 09 дугаартай "Аймгийн Засаг даргын тамгын газрын бүтцийг шинэчлэн тогтоох тухай" тогтоол баталсан байдаг. Тухайн тогтоолыг хэрэгжүүлэх хүрээнд аймгийн Засаг даргын Тамгын газраас жил бүр бүтэц, орон тооны зохицуулалтыг аймгийн Засаг дарга болон Засаг даргын Тамгын газраас жил бүр шинэчлэн баталж, цалингийн сан, бүтэц, орон тооны асуудлаа шийдвэрлэж ирсэн. Үүний нэгэн адил аймгийн Засаг дарга 2021 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн А/114 дугаар захирамж гаргаж бүтэц, орон тоог шинэчлэн баталсантай холбогдуулан аймгийн Засаг даргын Тамгын газраас тухайн захирамжид нийцүүлэн шийдвэр гаргаж зарим нэг орон тооны асуудлыг цалингийн сан, орон тооны зөв зохистой харьцааг бий болгох хүрээнд зохицуулалт хийж цомхон байдлаар ажиллахаар цэгцэлж шийдвэр гаргасан. Нийтлэг үйлчилгээний албаны бүтэц, орон тоо 2016 оноос эхлэн огцом өссөнтэй холбогдуулан жил бүр төсөвт ирэх ачаалал нэмэгдэж, цалингийн сан хүрэлцэхгүй болж байсан. Энэ асуудлыг цэгцэлж 2021 оны цар тахлын үед илүү цомхон боловсон хүчинтэйгээр ажиллахаар аймгийн удирдлага шийдвэр гаргасныг ажлын алба нь хэрэгжүүлж ажилласан. Аймгийн Засаг даргын тогтоосон орон тооны хязгаарт багтаан ямар ажлын байранд бүтцийн өөрчлөлт хийх эсэх нь ажил олгогчид буюу ажлын албаны даргад хадгалагдах өөрийнх нь үндсэн эрх байдаг учраас энэ хүрээндээ шийдвэр гаргаж Б.Баттулгын хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас чөлөөлсөн болно. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д заасныг үндэслэн ажлаас чөлөөлөх тухай мэдэгдлийг хугацаанд нь өгч шийдвэр гаргахаас өмнөх ажиллагааг хуулийн дагуу, хугацаанд нь хийж гүйцэтгэсэн гэжээ. 

           Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

       Нэхэмжлэгч Б.Б нь хариуцагч УАЗДТГ-т холбогдуулан тус газрын даргын 2021 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн Б/23 дугаар тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

        Нэхэмжлэгч Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т Ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана гэж заасан хугацааны дотор ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан нь хуульд нийцсэн байна.  

       Хариуцагч Нийтлэг үйлчилгээний албаны бүтэц, орон тоо 2016 оноос эхлэн огцом өссөнтэй холбогдуулан жил бүр төсөвт ирэх ачаалал нэмэгдэж, цалингийн сан хүрэлцэхгүй болж байсан. Энэ асуудлыг цэгцэлж 2021 оны цар тахлын үед илүү цомхон боловсон хүчинтэйгээр ажиллахаар аймгийн удирдлага шийдвэр гаргасныг ажлын алба нь хэрэгжүүлж ажилласан. Аймгийн Засаг даргын тогтоосон орон тооны хязгаарт багтаан ямар ажлын байранд бүтцийн өөрчлөлт хийх эсэх нь ажил олгогчид буюу ажлын албаны даргад хадгалагдах өөрийнх нь үндсэн эрх байдаг учраас энэ хүрээндээ шийдвэр гаргаж Б.Б-ын хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас чөлөөлсөн гэж маргажээ.

        УАЗДТГ-ын даргын 2021 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн Б/23 дугаар Хөдөлмөрийн гэрээ цуцалж, ажлаас чөлөөлөх тухай тушаалаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.5, Хөдөлмөрийн тухай хуулийн 37.1.8, 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 42 дугаар зүйлийн 42.1, 43 дугаар зүйлийн 43.1, Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 9 дүгээр тогтоол, Аймгийн Засаг даргын 2021 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн А/114 дүгээр захирамжийг үндэслэн Б.Б-ыг 2021 оны 5 дугаар сарын 10-ны өдрөөр дуусгавар болгон жолоочийн үүрэгт ажлаас чөлөөлсөн байна. 

       Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.5-д Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга, Засаг даргын дэргэдэх газар, хэлтэс, албаны дарга эрх хэмжээнийхээ хүрээнд тушаал гаргаж, тогтоосон журмаар үйлдсэн тамга, тэмдэг, албан бичгийн хэвлэмэл хуудас хэрэглэнэ гэж, Хөдөлмөрийн тухай хуулийн 37.1.8-д хөдөлмөрийн гэрээг ажилтны буюу ажил олгогчийн санаачилгаар цуцалсан бол хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгохоор, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2-т ажил олгогч санаачилсан бол хөдөлмөрийн гэрээг цуцлахаар, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасан аж ахуйн нэгж, байгууллага болон түүний салбар, нэгж татан буугдсан, орон тоо хасагдсан, эсхүл ажилтны тоог цөөрүүлсэн бол хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлахаар, мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д Ажил олгогч нь энэ хуулийн 37.1.6, 40.1.1, 40.1.2, 40.1.3-т заасан үндэслэлээр ажлаас халагдсан ажилтанд нэг сар, түүнээс дээш хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх тэтгэмж олгоно гэж, мөн хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-д Ажил олгогч нь ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа ажил хүлээлгэн өгөх хугацааг тогтоож, уг хугацааг ажлаас халах тухай шийдвэрт заана гэж тус тус заажээ.

           Мөн Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 9 дүгээр тогтоолоор Аймгийн удирдлага, Аймгийн Засаг даргын Тамгын газрын бүтэц, Увс аймгийн Засаг даргын Тамгын газрыг 41 хүртэл орон тоотой байхаар тогтоосон байх ба Аймгийн Засаг даргын 2021 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн А/114 дүгээр захирамжийн 1 дүгээр хавсралтаар Аймгийн Засаг даргын Тамгын газрын газрыг 46 орон тоотой, 2 дугаар хавсралтаар Аймгийн Засаг даргын Тамгын газрын газрын Нийтлэг үйлчилгээний албыг 34 орон тоотой байхаар баталсан байна.  

       Хариуцагч нь нэхэмжлэгч Б.Б-д ажлаас чөлөөлөх тухай мэдэгдлийг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д Ажил олгогч энэ хуулийн 40.1.1, 40.1.2-т заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлах тухайгаа ажилтанд нэг сарын өмнө мэдэгдэх бөгөөд аж ахуйн нэгж, байгууллага, түүний салбар, нэгж татан буугдсаны улмаас ажилтнуудыг бөөнөөр халах тохиолдолд ажилтны төлөөлөгчдөд 45 хоногийн өмнө мэдэгдэж, энэ хуульд заасны дагуу хэлэлцээ хийнэ гэж заасан хугацааны дотор мэдэгдсэн байх боловч Увс аймгийн Засаг дарга нь Тамгын газрын бүтэц, орон тоог өөрчлөн тогтоох ямар зайлшгүй шаардлага байсныг үндэслэн бүтэц, орон тоог баталсан нь тодорхойгүй, хариуцагч Нийтлэг үйлчилгээний албаны бүтэц, орон тоо 2016 оноос эхлэн огцом өссөнтэй холбогдуулан жил бүр төсөвт ирэх ачаалал нэмэгдэж, цалингийн сан хүрэлцэхгүй болж байсан. Энэ асуудлыг цэгцэлж 2021 оны цар тахлын үед илүү цомхон боловсон хүчинтэйгээр ажиллахаар аймгийн удирдлага шийдвэр гаргасныг ажлын алба нь хэрэгжүүлж ажилласан гэж тайлбарласан боловч энэхүү тайлбартай холбоотой 2020, 2021 оны батлагдсан төсвийг шүүхэд ирүүлээгүй.

      Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Зуутраг овогт Бямбасүрэнгийн Баттулгыг УАЗДТГ-ын газрын Нийтлэг үйлчилгээний албаны жолоочийн ажилд эгүүлэн тогтоож шийдвэрлэв.

       Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага ажилд эгүүлэн тогтоох бөгөөд ажлаас халсан тушаалыг хүчингүй болгох нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл байх тул ажлаас халсан тушаалыг хүчингүй болгох шаардлагагүй гэж үзсэн болно.

          Нэхэмжлэгч Б.Б-ын ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэл нь гомдлоор авч хэлэлцдэг нэхэмжлэл тул улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдснийг дурдаж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул хариуцагч УАЗДТГ-ын газраас уг шаардлагад ногдох улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг гаргуулж улсын орлогод оруулах нь зүйтэй.  

        Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.З-т шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн хүсэлтээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно. 

           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч З овогт Б-ийн Б-ыг УАЗДТГ-ын газрын Нийтлэг үйлчилгээний албаны жолоочийн ажилд эгүүлэн тогтоосугай.  

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч Б.Б улсын тэмдэгтийн хураамж 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөг төлөхөөс чөлөөлөгдснийг дурдаж, хариуцагч УАЗДТГ-аас улсын тэмдэгтийн хураамж 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөг гаргуулж Увс аймгийн Төрийн сангийн 100150000941 тоот дансанд оруулсугай.

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                    Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ