Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 12 сарын 17 өдөр

Дугаар 224/МА2021/00022

 

Б.Б-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Л.Алтан даргалан, шүүгч Н.Туяа, шүүгч Н.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй хийж,

Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 396 дугаар шийдвэртэй,

Б.Б-ын нэхэмжлэлтэй, хариуцагч У аймгийн З д Т-ын г-т холбогдох, У аймгийн З д-ын Т-ын газрын даргын 2021 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн Б/23 дугаар тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Н-ын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Н.Мөнхжаргалын илтгэснээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Загиржав, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхтуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Б анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие 1978 онд төрсөн, 43 настай, дээд боловсролтой. Би У А З д Т-ын г-т 2004 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс жолоочоор ажилд орж, тасралтгүй 17 жил 5 сар ажиллаж байгаад 2021 оны 5 дугаар сарын 10-ны өдөр ажлаас халагдсан.

Засаг даргын Тамгын газар нь 7 жолоочоос ямар шалгуур, ямар үндэслэлээр намайг чөлөөлж байгааг тайлбарлахгүйгээр байгууллагын бүтэц орон тоо, нэрийн дор хууль бусаар үндэслэлгүй ажлаас халсан. Мөн Увс аймгийн Засаг даргын Тамгын газрын 2021 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн А/114 тоот захирамжаа танилцуулаагүй бөгөөд 2016 оны 09 тоот тогтоол, төрийн үйлчилгээнд хамааралгүй тогтоолыг үндэслэж ажлаас чөлөөлсөн. Засаг даргын Тамгын газрын бүтэц, орон тоо баталсан шийдвэрийг надад болон бусад хэлтсийн дарга, албаны дарга, нийт ажилтан, албан хаагчдад танилцуулаагүй. Бүтэц, орон тоо баталсан шийдвэрээ хүний нөөцийн ажилтан, Төрийн албаны салбартаа өгөөгүй байж намайг хууль бусаар ажлаас чөлөөлсөн.

Миний бие ажиллах хугацаандаа алдаа дутагдал гаргаж байгаагүй, ял шийтгэл эдэлж байгаагүй болно. Ажиллаж байх хугацаандаа спортын болон бусад уралдаан тэмцээнд тогтмол амжилттай оролцож байсан.

2012 онд Аймгийн Засаг даргын "Баярын бичиг", 2016 онд Засаг даргын "Жуух бичиг"-ээр тус тус шагнагдаж байсан төрийн үйлчилгээний ажилтан юм. Иймд Увс аймгийн Засаг даргын Тамгын газрын 2021 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн Б/23 дугаар тушаалыг хүчингүй болгож, намайг урьд эрхэлж байсан Увс аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийтлэг үйлчилгээний албаны жолоочийн ажилд эгүүлэн тогтоож өгнө үү” гэжээ.

Хариуцагч Увс аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.Б-Эанхан шатны шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Б.Б нь аймгийн Засаг даргын Тамгын газрын даргыг хариуцагчаар татаж шүүхэд нэхэмжлэл гаргасантай холбогдуулан нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах тайлбар гаргаж байна. Монгол Улсын Засгийн газар нь Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран нэгдүгээр зүйлийн 4-т, Аймаг, ....ийн Засаг даргын ажлын алба нь тамгын газар мөн.

Тамгын газрын бүтэц, орон тооны хязгаарыг Засгийн газар нэг бүрчлэн буюу нэг маягаар тогтооно гэж, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.2-т Засаг даргын Тамгын газрын бүтэц, орон тооны хязгаарыг Засгийн газраас тогтоох бөгөөд аймаг ....ийн Засаг даргын Тамгын газар нь хэлтэс, тасагтай байна гэж тус тус заасныг үндэслэн 2016 оны 09 дугаартай "Аймгийн Засаг даргын тамгын газрын бүтцийг шинэчлэн тогтоох тухай" тогтоол баталсан байдаг.

Тухайн тогтоолыг хэрэгжүүлэх хүрээнд аймгийн Засаг даргын Тамгын газраас жил бүр бүтэц, орон тооны зохицуулалтыг аймгийн Засаг дарга болон Засаг даргын Тамгын газраас жил бүр шинэчлэн баталж, цалингийн сан, бүтэц, орон тооны асуудлаа шийдвэрлэж ирсэн. Үүний нэгэн адил аймгийн Засаг дарга 2021 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн А/114 дугаар захирамж гаргаж бүтэц, орон тоог шинэчлэн баталсантай холбогдуулан аймгийн Засаг даргын Тамгын газраас тухайн захирамжид нийцүүлэн шийдвэр гаргаж зарим нэг орон тооны асуудлыг цалингийн сан, орон тооны зөв зохистой харьцааг бий болгох хүрээнд зохицуулалт хийж цомхон байдлаар ажиллахаар цэгцэлж шийдвэр гаргасан.

Нийтлэг үйлчилгээний албаны бүтэц, орон тоо 2016 оноос эхлэн огцом өссөнтэй холбогдуулан жил бүр төсөвт ирэх ачаалал нэмэгдэж, цалингийн сан хүрэлцэхгүй болж байсан.

Энэ асуудлыг цэгцэлж 2021 оны цар тахлын үед илүү цомхон боловсон хүчинтэйгээр ажиллахаар аймгийн удирдлага шийдвэр гаргасныг ажлын алба нь хэрэгжүүлж ажилласан.

Аймгийн Засаг даргын тогтоосон орон тооны хязгаарт багтаан ямар ажлын байранд бүтцийн өөрчлөлт хийх эсэх нь ажил олгогч буюу ажлын албаны даргад хадгалагдах өөрийнх нь үндсэн эрх байдаг учраас энэ хүрээндээ шийдвэр гаргаж Б.Б-ын хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас чөлөөлсөн болно.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-т заасныг үндэслэн ажлаас чөлөөлөх тухай мэдэгдлийг хугацаанд нь өгч шийдвэр гаргахаас өмнөх ажиллагааг хуулийн дагуу, хугацаанд нь хийж гүйцэтгэсэн” гэжээ.

Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 396 дугаар шийдвэрээр:

Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Зуутраг овогт Бямбасүрэнгийн Баттулгыг Увс аймгийн Засаг даргын Тамгын газрын газрын Нийтлэг үйлчилгээний албаны жолоочийн ажилд эгүүлэн тогтоож шийдвэрлэсэн байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 396 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр гомдол гаргаж байна.

Шийдвэрийн үндэслэх хэсэгт, Увс аймгийн Засаг дарга нь Тамгын газрын бүтэц, орон тоог өөрчлөн тогтоох ямар зайлшгүй шаардлага байсныг үндэслэн бүтэц, орон тоог баталсан нь тодорхойгүй гэж дүгнэсэн нь нэхэмжлэгч болон хариуцагч нарын хэн нэгэн нь маргаагүй байхад шүүх ийнхүү нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн дүгнэлт хийсэн төдийгүй хариуцагчийн тайлбартай холбоотойгоор 2020, 2021 онд батлагдсан төсвийг шүүхэд ирүүлээгүй гэж нэг дүгнэлтийг хоорондоо зөрүүтэй байдлаар хийсэн.

2020-2021 оны төсвийн талаарх баримт шаардлагатай байсан бол шүүх гаргуулан авах ёстой байсан ба хариуцагчаас нотлох баримт гаргаж ирүүлээгүй гэх дүгнэлт хийж шийдвэр гаргасан нь хэргийг шударгаар шийдвэрлэж чадаагүй гэж үзэхэд хүргэж байна.

Иймд анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 396 дугаар шийдвэрийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасны дагуу  хүчингүй болгож өгнө үү“ гэжээ.     

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Загиржав давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 396 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргасан.

Шийдвэрийн үндэслэх хэсэгт “Увс аймгийн Засаг дарга нь Увс аймгийн Засаг даргын Тамгын газрын бүтэц, орон тоог өөрчлөн тогтоох ямар зайлшгүй шаардлага байсныг үндэслэн бүтэц, орон тоог баталсан нь тодорхойгүй” гэж дүгнэсэн. Нэхэмжлэгч, хариуцагч нар хоорондоо маргаагүй байхад анхан шатны шүүхийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн шийдвэр гаргасан төдийгүй хариуцагчийн тайлбарт дурдсанаар 2021 оны батлагдсан төсвийг шүүхэд ирүүлээгүй гэсэн дүгнэлтийг хоорондоо зөрүүтэй байдлаар хийсэн.

2020-2021 оны төсвийн талаарх баримт хэрэгт ач холбогдолтой байсан бол шүүхийн зүгээс уг баримтыг гаргуулан авах боломжтой байсан. Гэтэл хариуцагч талыг уг нотлох баримтыг ирүүлээгүй гэж дүгнэлт хийснийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Яагаад гэвэл Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 1476 дугаар шүүгчийн захирамжаар хэрэг маргааныг шийдвэрлэхэд 2020-2021 оны Увс аймгийн Засаг даргын Тамгын газрын бүтэц, орон тоо шаардлагатай байх тул уг баримтыг ирүүлнэ үү гэсэн албан бичиг ирүүлсэн. 2021 оны төсвийн талаарх баримт хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой байсан бол дээрх албан бичгээр 2020-2021 оны төсвийн талаарх баримтыг хамтад нь авах боломжтой байсан.

Б.Баттулгыг ажлаас чөлөөлөх мэдэгдлийг 2021 оны 3 дугаар сард өгч гарын үсэг зуруулсан. Өөрөөр хэлбэл ажлаас чөлөөлөх шийдвэр гаргахаас 45 хоног болон түүнээс дээш хоногийн өмнө мэдэгдсэн гэдгийг нотолж байхад анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “Б.Б-д ажлаас халах тухай мэдэгдсэн гэж үзэх боломжгүй” гэж үзсэн нь учир дутагдалтай байна.

Монгол улсын Засгийн газрын 2021 оны 43 дугаар тогтоолоор  “төсөв мөнгийг хэмнэж, үр ашигтай ажиллах” талаар тогтоол гаргаж ирүүлсэн. Увс аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийлэг үйлчилгээний албаны жолооч Б.Б-ынхувьд 2020 оны 5 дугаар сард машин эвдэрсэн байхад өөрөө засах засуулах талаар санал санаачилга гаргаагүй. 1 жилийн хугацаанд хийсэн ажлын талаар асууж тодруулахад ээлжийн амралттай байсан жолооч нарын ажлыг хийж хэрэгжүүлж байсан талаар тайлбар гаргадаг. 5 жолооч нэг зэрэг амардаггүй, ээлж дарааллаар амарч явдаг учир Б.Бар тухай бүрд машин бариулж байгаагүй. Сангийн сайдын 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 4-1/6372 дугаар албан бичигт “аж ахуйн ажилчдыг гэрээт болгох” шийдвэр гаргасныг мэдэгдсэн.

 2022 оны Төсвийн тухай хуулийн холбогдох зүйл заалтад дурдсанаар Монгол улсын эдийн засагтай холбогдуулан жил бүр авагдаж байгаа арга хэмжээний хүрээнд уг шийдвэрийг гаргасан. Увс аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийтлэг үйлчилгээний албаны жолооч Б.Б, Ш.Б нар жилийн хугацаанд тодорхой хийсэн ажилгүй, төрөөс цалин авч яваад байсан учир бүтэц орон тоонд өөрчлөлт оруулж ажлаас чөлөөлсөн. Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 396 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхэд буцааж өгнө үү” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Н-ын давж заалдах журмаар  гаргасан  гомдлыг үндэслэн Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 396 дугаар шийдвэртэй иргэний хэргийг давж заалдах шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй  бүхэлд нь хянав.

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчдын хооронд үүссэн хөдөлмөрийн маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул  шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангасан гэж дүгнэлээ.

Нэхэмжлэгч Б.Б нь Увс аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийтлэг үйлчилгээний албаны жолоочийн ажлаас үндэслэлгүй халагдсан гэж үзэж,  жолоочийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Увс аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.Б-Э тус газрын  жолооч Б.Баттулгыг  2021 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн Б/23  тушаалаар  Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.5, Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.8, 40 дүгээр зүйлийн 40.1.1,  42 дугаар зүйлийн 42.1, 43 дугаар зүйлийн 43.1, Засгийн газрын 2016 оны  09 дүгээр тогтоол, Аймгийн Засаг даргын 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн А/114 дүгээр захирамжийг тус тус баримтлан үүрэгт ажлаас нь чөлөөлжээ.

           Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлд хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлах үндэслэлийг хуульчилсан ба хариуцагч Г.Б-Энь  нэхэмжлэгч Б.Б-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан шийдвэртээ  Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх заалтыг  баримталж, “ байгууллагын бүтэц, орон тоонд өөрчлөлт орсон”  гэх үндэслэл заасан байх боловч уг зүйлд заасан аль үндэслэлээр  чөлөөлсөн нь  тодорхойгүй байна.

         Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх хэсэгт : “аж ахуйн нэгж, байгууллага болон түүний салбар, нэгж татан буугдсан, орон тоо хасагдсан, эсхүл ажилтны тоог цөөрүүлсэн гэсэн 3 үндэслэл бий болсон тохиолдолд ажил олгогчийн санаачилгаар ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах”-аар зохицуулсан.   

            Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрсөн үндэслэлээ “Нийтлэг үйлчилгээний албаны бүтэц, орон тоо 2016 оноос эхлэн огцом өссөнтэй холбогдуулан жил бүр төсөвт ирэх ачаалал нэмэгдэж, цалингийн сан хүрэлцэхгүй болж байсан. Энэ асуудлыг цэгцэлж 2021 оны цар тахлын үед илүү цомхон боловсон хүчинтэйгээр ажиллахаар аймгийн удирдлага шийдвэр гаргасныг ажлын алба нь хэрэгжүүлж ажилласан. Иймд жолооч Б.Б-ын хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас чөлөөлсөн “ гэж тайлбарласан байх бөгөөд  Увс аймгийн Засаг даргын 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн А/104 дугаар захирамжийн 2 дугаар хавсралтаар Тамгын газрын Нийтлэг үйлчилгээний албаны жолоочийн орон тоо 7 байхаар тогтоосон байсныг Увс аймгийн Засаг даргын 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн А/114 дүгээр захирамжийн 2 дугаар хавсралтаар тус албаны жолоочийн орон тоог 5 болгон цөөрүүлсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон байна.

            Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх хэсэгт заасан “...орон тоо цөөрүүлсэн...” гэдгийг ажил, албан тушаалын нэг ижил орон тооноос тодорхой тоогоор багасгахыг  ойлгох бөгөөд энэ үндэслэлээр ажил олгогч өөрийн санаачилгаар  ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах эрхтэй боловч орон тоо цөөрүүлэхээс өмнө нь тухайн ижил орон тоон дээр ажиллаж байсан ажилтнуудаас хэн нэгнийг сонгож орон тоо цөөрсөн үндэслэлээр ажлаас чөлөөлөхдөө тодорхой шалгуур, үзүүлэлтийг баримтлах үүрэгтэй.  

          Төрийн байгууллага нь зорилгодоо нийцүүлэн хууль, дээд шатны байгууллагын баталсан төсөвт багтаан дотоод зохион байгуулалт, бүтэц, орон тоогоо өөрчлөн тогтоох эрхтэй боловч тухайн шинээр тогтоосон орон тоондоо багтаан ажилтан томилох, чөлөөлөх үндэслэл нь хуульд нийцсэн байхыг шаардана.  

          Ажил олгогч буюу Увс аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга нь Увс аймгийн Засаг даргын 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн А/114 дүгээр захирамжийн дагуу жолоочийн 7 орон тоог 5 болгож цөөрүүлэхдээ тус Тамгын газрын Нийтлэг үйлчилгээний албанд ажиллаж байсан 7 жолоочийн нэг болох нэхэмжлэгч Б.Баттулгыг ямар журам, шалгуур, үзүүлэлтийг үндэслэж, түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь хэрэгт тогтоогдоогүй, энэ талаар хариуцагч нотлоогүй байна. Тодруулбал, өмнө ажиллаж байсан 7 жолоочоос Б.Баттулгыг сонгож чөлөөлсөн үндэслэл тодорхойгүй байгаа нь нэхэмжлэгчийг хууль бусаар ажлаас чөлөөлсөн гэж үзэх үндэслэл болж байна.       

          Ажил олгогч нь нэхэмжлэгч Б.Б-ыг тодорхой шалгуур, үзүүлэлтийг баримтлахгүйгээр хөдөлмөрийн гэрээг цуцалж, түүнийг ажлаас чөлөөлсөн нь Монгол Улсын Үндсэн хуулийн 1 дүгээр зүйлийн 2-т заасан “...шударга ёс, тэгш байдлын зарчимтай нийцээгүй бөгөөд түүний хөдөлмөрлөх, цалин хөлс авах эрхийг зөрчсөн гэж үзнэ.

      Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн  давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан “Увс аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийтлэг үйлчилгээний албаны жолооч Б.Б-ын хувьд 2020 оны 5 дугаар сард машин эвдэрсэн байхад өөрөө засварлах, засвар үйлчилгээ хийлгэх талаар санал санаачилга гаргаагүй, жолооч Б.Б нь жилийн хугацаанд тодорхой хийсэн ажилгүй, төрөөс цалин авч явж байсан учир бүтэц орон тоонд өөрчлөлт оруулж ажлаас чөлөөлсөн” гэх тайлбар үндэслэлгүй, энэ нь Б.Баттулгыг  ажлаас чөлөөлсөн тухай  тушаалд заасан үндэслэлд хамаарахгүй байхаас гадна энэ талаар хэрэгт нотлох баримт авагдаагүй байна.           

             Шүүх хэрэгт цугларсан баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй үнэн зөв талаас нь үнэлэх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь заалтыг зөрчөөгүй байна.

            Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Н-ын“..хэрэгт цугларсан баримтыг бүрэн, нэг бүрчлэн үнэлээгүй, нотлох баримт үнэлэх журмыг  зөрчсөн үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгох”-ыг хүссэн  давж заалдсан гомдлыг хүлээн авах  үндэслэлгүй гэж үзлээ.            

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Н-ын гомдлыг хангахгүй орхих  үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв.

Давж заалдах шатны шүүхээс гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн тул хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээх үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 396 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Н-ын давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай. 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 7.1.2 дахь  хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Л.АЛТАН

 

 ШҮҮГЧИД                                                    Н.ТУЯА

 

Н.МӨНХЖАРГАЛ