Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 04 сарын 18 өдөр

Дугаар 145

 

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ү.Түмэнжаргал даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Түмэнчимэг,

улсын яллагч Ч.Мөнх-Эрдэнэ,

шүүгдэгч Д.Баттөр, шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Нямсүрэн /ҮД:1732/,

гэрч Д.Амарсанаа, Ш.Бямбадорж нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулж Сүхбаатар дүүргийн прокурорын газраас:

 

Шүүгдэгч Монгол Улсын иргэн, 1985 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Говь-Алтай аймгийн Есөнбулаг суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, ЦЕГ-ын Сургалтын төвийн АНСХ-ийн мэргэжилтэн ажилтай, ам бүл 3, эхнэр, охины хамт Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо Эрдэнэтолгойн 34 дүгээр гудамжны 907 тоотод оршин суудаг, ял шийтгэгдэж байгаагүй, /РД:ДЭ85101810/ Урианхай овогт Дагиймаагийн Баттөрд Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдсэн эрүүгийн 201625021722 дугаар 185/2016/0143/Э индекстэй хэргийг 2017 оны 3 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан шийдвэрлээд ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Д.Баттөр 2016 оны 06 дугаар сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Старт” нэртэй караоке баарны гадна хамт ажилладаг Д.Амарсанаа болон түүний эхнэр А.Энхгэрэл нарыг өмөөрч иргэн Б.Гэрэлт-Одтой маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газарт гараараа нэг удаа цохиж, бие махбодид нь хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Баттөрийн: 2016 оны 06 дугаар сарын 04-ний орой 21 цагийн үед Бямбадоржтой хамт 100 айлд хүнтэй уулзчихаад явж байхад Амарсанаатай таарсан. Амарсанаа ах манай эхнэр энд караоке ажиллуулдаг гээд бид гурав хамт караоке руу орсон. Нэг хүний 3 шил пиво уусан. 24 цагийн үед Амарсанаа ах “гадаа хүмүүс шуугиад байна, гарчихаад ирье” гээд явсан. 3-4 минутын дараа Бямбадорж гарсан. Өрөөнд ганцаараа сууж байхад Амарсанаагийн эхнэр караоке хааж байна гэхээр нь гарахад 2 цээж нүцгэн залуу Амарсанааг зодох гээд гараа далайсан байдалтай байсан. Та нар хөгшин хүн зодохоо болиоч гэж би хэлсэн. Тэр хоёр залуу нилээн согтолттой байсан. Тэр хоёр залуу Амарсанааг цохих гэж байхад нь би түлхчихээд цаашаа бид хэд явсан. Машинд эхлээд Амарсанаагийн эхнэр суугаад дараа нь Амарсанаа суусан. Амарсанаагийн ар талд Бямбадорж голд нь хүүхэд нь суугаад бид нар явсан. Бид нарыг явж байх үед 3 залуу хоорондоо маргалдаад нэг нь цээж нүцгэн залууг “чи олон нийтийн газар явахдаа дандаа агсам тавьдаг гээд уурлаад би чиний мөнгийг төлж байгаа шүү” гээд хоорондоо хэрэлдээд үлдсэн. Миний хувьд Гэрэлт-Одыг цохиж зодсон асуудал байхгүй гэж мэдүүлсэн мэдүүлэг,

Талуудын хүсэлтээр,

Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Д.Амарсанаагийн: ...Манай эхнэрийг хэл амаар доромжлоод тооцоон дээрээ маргалдаад байсан. 2 залуу над руу дайраад маргалдаж байх үед Баттөр гарч ирээд хөгшин хүнийг яагаад зодох гээд байгаа юм бэ явцгаа гэж хэлсэн. Баттөр үйлдэл хийж салгаагүй. Гэрэлт-Одын биед хүн халдахыг хараагүй. Би Баттөрийн ямар үйлдэл хийснийг хараагүй. ...гэж мэдүүлсэн мэдүүлэг,

 

Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Ш.Бямбадоржийн: Тухайн үед би их согтуу байгаагүй. Тамхи татахаар гарахад Амарсанаа 2 хүнтэй маргалдаад байж байсан. Би хажуугаар нь гарахдаа настай хүн рүү дайрч болохгүй гэж хэлсэн. Би самбарын тэнд тамхи татаад зогсож байсан. Дээгүүрээ хувцасгүй 2 залуу ээлжилж Амарсанаа руу ална гээд дайраад байсан. Цуг явж байсан залуу нь татаж чангаагаад салгаад байсан. Баттөр гарч ирээд Амарсанаагаас зууралдаж байхад нь салгасан байх. Яг яаж салгасныг хараагүй. Харанхуй, сайн харах боломж байгаагүй. Баттөр хөгшин хүн рүү битгий дайраад бай, болиоч гэж хэлээд салгасан. Машинд эхлээд Амарсанаа эхнэртэйгээ цуг суусан байх. Баттөр бид хоёр машины хоёр талаас суусан. Бид нар цувж очоод машиндаа суусан. Бид нарыг явахад чамтай явахаар дандаа ингэдэг гээд хоорондоо маргалдаад үлдсэн. 3 согтуу хүн муудалцаад үлдэхэд цагдаа дуудаагүй хариуцлагагүй зүйл болсон. Би болсон явдлыг ярьж байна. Баттөр түлхэж салгасан гэж мэдүүлсэн мэдүүлэг,

 

Талуудын хүсэлтээр хавтаст хэргээс:

Мөрдөн байцаалтад хохирогч Б.Гэрэлт-Одын: ...Тэгтэл хоёр залуу баарнаас гарч ирээд бид нарлуу “та нар хөгшин хүн рүү дайрлаа, бид нартай зодолд гээд Чингэл бид хоёр руу дөхөж ирэхээр нь бид нар 2 цагийн бонусдаа караокены өрөөндөө суумаар байна гээд арагш ухарсан. ...Тэгээд би баруун тийш явахад нөгөө ах араас ирээд хэрүүл хийгээд өдөөд байхаар нь арагшаа ухарч байхад зүүн талаас нэг хүн ирээд зүүн шанаа руу гараараа цохисон. Тэгээд би ухаан алдсан. ...Чингэлээс юу болсон талаар асуухад чамайг нөгөө залуу багалзуурдсан байхад би очоод салгасан. Тэгтэл нөгөө залуу чам руу чи надтай зодолд, яахаараа хөгшин хүнтэй зодолдох гээд байдаг юм гэхэд чи ухраад маргалдаад байсан. Тэгтэл нэг залуу чиний хажууд ирээд зүүн шанаа руу чинь гараараа цохисон. Тэгтэл чи арагшаа унасан гэж хэлсэн. Би зүүн шанаа руу цохиход ухаан алдсан. Би өөрөө яаж унаснаа мэдэхгүй байгаа. Нэг сэргэхэд явган сууж байсан...

...Баттөрийн өмгөөлөгч Нямсүрэнгийн оффисийн гадаа Баттөртэй уулзаад дотогш орж өмгөөлөгчтэй нь уулзахад “Баттөр чамайг зодсоноо буруугаа хүлээгээд хохирлын мөнгийг чинь өгье гэж байна” гэсэн чинь Баттөр “миний буруу, хохирлын мөнгө 1,3 сая төгрөгийг одоо чамд өгье” гэсэн. Тэгээд надад 1,3 сая төгрөг бэлнээр Баттөр өгсөн. Мөнгийг нь хүлээн авсан талаар бичиг үйлдээд “Баттөрд гомдол саналгүй, хэргийг нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэсэн утгатай бичиг хийж өгсөн. Миний эрүүг хугалж надад хүндэвтэр гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч хохирлын мөнгө өгсөн... гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-49, 205/,

 

Мөрдөн байцаалтад гэрч З.Чингэлийн: ...караоке хаах болоод Гэрэлт-Од, Баттүшиг бид 3 гадаа үүдэнд тамхи татаад зогсож байтал текний ард байсан охин гарч ирээд стакан хагалсан байна гэх ирэхээр нь Гэрэлт-Од “бэлэн мөнгө байхгүй байна, карт унших уу” гэж хэлэхэд нөгөө охин карт уншихгүй гэхээр нь бид нар үлдсэн бонус цагандаа хагалсан аяганыхаа үнийн дүнг тооцъё гэж хэлээд хоорондоо зохицоод гараад явж байхад араас караокены настай ах найзтайгаа гарч ирээд хагалсан аяганы талаар Гэрэлт-Одтой маргалдаад... ...намхан махлагдуу залуу гарч ирээд Гэрэлт-Од тэр хоёрын голоор ороод үгийн зөрөөгүй Гэрэлт-Одын шанаан тус газарт нь гараараа нэг удаа цохиход Гэрэлт-Од газар унахаар нь би Гэрэлт-Одыг салгаад босгож ирсэн. ...Гэрэлт-Одыг намхан махлаг залуугаас өөр хүн цохиж, зодоогүй...

...нэг ах ирээд эхнэрээ өмөөрөөд Гэрэлт-Од бид хоёртой маргалдсан. ...Гэрэлт-Од уурлаад нөгөө ахтай хэрэлдэж маргалдаад байсан. Тэгтэл эхлээд нэг залуу баарнаас гарч ирээд бид нарлуу “та нар хөгшин хүн рүү дайрлаа, бид нартай зодолд” гээд Гэрэлт-Од бид хоёрлуу дөхөж ирээд Гэрэлт-Одыг багалзуурдаад хананд шахахаар нь би очиж салгасан. Мөн араас нь нэг ах гарч ирсэн... ...намайг тамхи татаж байтал сүүлд гарч ирсэн махлагдуу залуу Гэрэлт-Одын зүүн талд очоод зүүн шанаа руу нь гараараа цохисон. Гэрэлт-Од арагшаа саваад ухаан алдаад унасан. Унах үед нь махлагдуу ах дахин доошоо тонгойгоод дахин нүүр лүү нь цохих шиг болсон. ...Гэрэлт-Од “миний зүүн эрүү зуураад сонин болчихлоо, саяны хоёр залуугийн нэг нь намайг гараараа цохисон, ярьж болохгүй байна” гэж хэлсэн... гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-29-30, 66-67/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Н.Баттүшигийн: ...Гэрэлт-Од, Чингэл нар нөгөө ахтай барьцалдаж авахад би голоор нь орж нөгөө ахыг цээжээр нь тэврээд уучлаарай, манай найзууд согтсон байна гэж хэлсэн. Тэгээд сүүлд гарч ирсэн хоёр залуу хөгшин хүнтэй зодолдоод яахав, надтай зодолд гээд манай хоёр найзыг дагуулаад явсан. Тэгээд цаана ... би нөгөө ахтай юм яриад зогсож байтал нөгөө хоёр залуу буцаж ирээд та нар яагаад байгаа юм гээд миний шанаа руу 2-3 удаа цохьчихоод яваад өгсөн.  ...Гэрэлт-Од намайг цохьчихлоо, эрүү зуураад өвдөөд байна, ярьж болохгүй байна гэж хэлсэн. Тэгээд би Гэрэлт-Одтой гэмтлийн эмнэлэг яваад, Чингэл гэрлүүгээ харьсан. Гэмтлийн эмнэлэг орж рентгэний зураг авахуулахад зүүн доод эрүү нь цуурсан байна, томографийн зураг авахуул гэж эмч хэлсэн... Бид нар согтууруулах ундаа нилээн хэрэглэсэн байсан. Би нилээн согтсон байсан, нөгөө 2 ямар байсныг мэдэхгүй байна... гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-35, 62/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Д.Амарсанаагийн: ...намайг гараад очиход 2 согтуу залуу нь дээгүүрх хувцсаа тайлчихаад намайг зодно гээд дайраад байхад хажууд нь байсан арай гайгүй залуу нь болиулаад байсан. Тэгж байтал араас Баттөр гарч ирээд намайг тэр залуугаас боль боль гээд хоорондоо бид нар маргалдсан. Эрүүл залуу нь больцгоо, дандаа ингэж байх юм гэсэн юм хэлэхэд над руу дайраад байсан залуу нь “би Дарханаас ирээд та 2-г дайлж байна, мөнгийг чинь төлж байна” гээд бас тэд нар хоорондоо муудалцаад байсан. ...Баттөр тэдгээр залуусыг яв гээд...  ...хөөхөд агсраад байсан согтуу залуу нэг найзын хамт машины зогсоол руу ухраад байсан. Мөн махлагдуу залуу нь боль гээд байсан. Намайг харж байхад Баттөр хүн зодож цохиогүй. ...Хохирогчид гэмтлийг хэн учруулсныг мэдэхгүй байна. ... гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-31, 60/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Ш.Бямбадоржийн: ...караокены гадаа Амарсанаатай 3 залуугийн дээгүүрээ нүцгэлсэн 2 залуу алаад өгье гээд давшлаад байхад Баттөр цаанаас нь гарч ирээд тэд нарыг салгасан. Тэгээд бид нар Амарсанаагийн саарал өнгийн машинд суугаад явсан. Бид нарыг явахад нэг тавьтаргүй залууг нэг залуу нь “чи байнга ингэж гай болж байх юм” гээд загнаад үлдсэн...

...Намайг харах үед Баттөр хүн зодож цохиогүй... гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-33, 64-65/,

 

Мөрдөн байцаалтад гэрч А.Энхгэрэлийн: ...Би Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороонд байрлах Старт нэртэй баарыг 2016 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн түрээсэлж эхэлсэн. ...2016 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн ...21 цагийн үед 4 залуу орж ирээд подволын караокены өрөөнд орсон. ...нэг өндөр залуу нь бүх авсан архи пивоны болон караокены нэг цагийн тооцоог карт уншуулж хийсэн. Нийтдээ 120.000 орчим төгрөгний тооцоо гарсан. Барагцаагаар 00 цаг болж байхад нөгөө залуусын өрөөнд стакан хагарах чимээ гарсан. 02 цаг болж байхад нөгөө залуучууд гарч ирээд явах гэхээр нь би тэд нарт хагалсан стаканы мөнгөө төл, 3000 төгрөг шүү гэсэн чинь карт уншуулсан өндөр залуу нь би стаканы мөнгө төлөхөөр бол дахин нэг цаг үнэгүй сууна, нийтдээ 120.000 төгрөгний тооцоо хийсэн гэхээр нь авах ёстой юмаа заавал авна гэсэн. Тэгтэл нөгөө залуу “өгөхгүй, балай авгай, гичий, янхан” гээд хэл амаар доромжилсон. ...Маргаад байж байхад манай нөхөр өрөөнөөсөө гарч ирээд нөгөө гурван залуу руу та нар гар гэсэн чинь тэр гурван залуугийн нэг нь буюу өндөр залуу нь гараад ир гээд түрүүлээд нэг залуугийн хамт гарахад манай нөхөр араас нь дагаад гарсан. Мөн араас нь нэг залуу нь гарсан. ...Би караокегоо хаах гээд үлдээд гэрлүүдээ унтраагаад явж байхад вип өрөөнд манай нөхрийн найз Баттөр ганцаараа сууж байсан. Би Баттөрд манайх хааж байна гэсэн чинь гараад явсан. ...Тооцоо хийж карт уншуулсан залуу нилээн согтуу байсан. Караокед байхдаа тэдгээр залуус Баттөр, Бямбадорж нартай маргаагүй... гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-57/,

 

Мөрдөн байцаалтад гэрч, хохирогч нарыг нүүрэлдүүлэн байцаахад хохирогч Б.Гэрэлт-Одын: ...Миний өмнө өгсөн мэдүүлэгт дээрх ярьсан зүйл үнэн. Караокеноос хоёр залуу цуварч гарч ирсэн. Амарсанаа ах намайг хананд шахаад багалзуурдахад Чингэл болиулсан. Тэгээд баруун тийш явахад Амарсанаа ах араас ирээд надтай маргаад би арагш ухарч байхад зүүн талаас нэг залуу “Та нар хөгшин хүнтэй зодолдох гээд байгаа юм уу, надтай зодолд” гэж хэлж байсан. Энэ үед Амарсанаа ах буцаад зүүн урагш явсан. Тэгтэл зүүн талаас нэг хүн ирээд миний зүүн шанаа руу цохьсон.  …“Та нар хөгшин хүнтэй зодолдох гээд байгаа юм уу, надтай зодолд” гэж хэлсэн залуу миний зүүн шанаа руу цохиж эрүү хугалсан... гэж мэдүүлсэн мэдүүлэг,

гэрч Д.Амарсанаагийн: ...Баттөр караокеноос гарч ирээд “Хөгшин хүн зодох гээд байгаа юм уу, холд зайлцгаа” гэж хэлэхэд би машин руу явсан. Учир нь эхнэр гарч ирээд явъя гэсэн. Үүнээс цааш юу болсныг мэдэхгүй байна. Би Гэрэлт-Одыг багалзуурдсанаа санахгүй байна. Ер нь бол бид хоёр хоорондоо хэрэлдэж маргасан нь үнэн... гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-210-211/,  

 

Мөрдөн байцаалтад Д.Баттөрийн яллагдагчаар: ...хохирогч залуу Амарсанааг хэл амаар доромжилсон байдалтай гараа далайсан байсан. Тэр үед би “та нар болиоч, хөгшин хүн зодох гээд байгаа юм уу” гээд цээж рүү нь түлхсэн. Цээжин хэсэгт нь түлхэхэд унасан...  ... гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-194-195/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн шинжээчийн №8080 тоот:

  1. Б.Гэрэлт-Одын биед доод эрүүний далд хугарал, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний доод зовхины цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
  4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй. Шинжээч эмч О.Болороо /хх-15/,

гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-72-74, 77-80/, зураг таньж олуулсан ажиллагааны тухай тэмдэглэл /хх-81-83/, шинжээчийг байцаасан тэмдэглэл /хх-84/, Б.Гэрэлт-Одын өвчний түүх /хх-86-91/, зарлагын баримтууд /хх-101-104/,

шүүгдэгчийн хувийн байдлын талаарх: Д.Баттөрийг ажилд томилсон тушаал /хх-38/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-96/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-97/, бакалаврын дипломын хуулбар /хх-196-197/ зэрэг цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэв.

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн шинжээчийн ¹8080 тоот дүгнэлтээр хохирогч Б.Гэрэлт-Одын биед доод эрүүний далд хугарал, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний доод зовхины цус хуралт гэмтэл бүхий…хүндэвтэр гэмтэл учирсан нь тогтоогдсон ба шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Баттөр хохирогч Б.Гэрэлт-Одыг цохиж зодсон зүйл байхгүй гэж мэдүүлж байгаа боловч 2016 оны 06 дугаар сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Старт” нэртэй караоке баарны гадна хамт ажилладаг Д.Амарсанаа болон түүний эхнэр А.Энхгэрэл нарыг өмөөрч иргэн Б.Гэрэлт-Одтой маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газарт гараараа нэг удаа цохисон нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэргээс шинжилсэн мөрдөн байцаалтад хохирогч Б.Гэрэлт-Одын: ... зүүн талаас нэг хүн ирээд зүүн шанаа руу гараараа цохисон. Тэгээд би ухаан алдсан. ...Чингэлээс юу болсон талаар асуухад чамайг нөгөө залуу багалзуурдсан байхад би очоод салгасан. Тэгтэл нөгөө залуу чам руу чи надтай зодолд, яахаараа хөгшин хүнтэй зодолдох гээд байдаг юм гэхэд чи ухраад маргалдаад байсан. Тэгтэл нэг залуу чиний хажууд ирээд зүүн шанаа руу чинь гараараа цохисон. Тэгтэл чи арагшаа унасан гэж хэлсэн. Би зүүн шанаа руу цохиход ухаан алдсан. Би өөрөө яаж унаснаа мэдэхгүй байгаа. Нэг сэргэхэд явган сууж байсан... ...Баттөрийн өмгөөлөгч Нямсүрэнгийн оффисийн гадаа Баттөртэй уулзаад дотогш орж өмгөөлөгчтэй нь уулзахад “Баттөр чамайг зодсоноо буруугаа хүлээгээд хохирлын мөнгийг чинь өгье гэж байна” гэсэн чинь Баттөр “миний буруу, хохирлын мөнгө 1,3 сая төгрөгийг одоо чамд өгье” гэсэн. Тэгээд надад 1,3 сая төгрөг бэлнээр Баттөр өгсөн. Мөнгийг нь хүлээн авсан талаар бичиг үйлдээд “Баттөрд гомдол саналгүй, хэргийг нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэсэн утгатай бичиг хийж өгсөн. Миний эрүүг хугалж надад хүндэвтэр гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч хохирлын мөнгө өгсөн... гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-49, 205/, гэрч З.Чингэлийн: ...нэг залуу баарнаас гарч ирээд бид нарлуу “та нар хөгшин хүн рүү дайрлаа, бид нартай зодолд” гээд Гэрэлт-Од бид хоёрлуу дөхөж ирээд Гэрэлт-Одыг багалзуурдаад хананд шахахаар нь би очиж салгасан. ...намайг тамхи татаж байтал сүүлд гарч ирсэн махлагдуу залуу Гэрэлт-Одын зүүн талд очоод зүүн шанаа руу нь гараараа цохисон. Гэрэлт-Од арагшаа саваад ухаан алдаад унасан. ...Гэрэлт-Од “миний зүүн эрүү зуураад сонин болчихлоо, саяны хоёр залуугийн нэг нь намайг гараараа цохисон, ярьж болохгүй байна” гэж хэлсэн... гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-29-30, 66-67/,

талуудын хүсэлтээр шүүхийн хэлэлцүүлэгт оролцсон гэрч Ш.Бямбадоржийн: ...Баттөр гарч ирээд Амарсанаатай зууралдаж байхад нь салгасан байх. Яг яаж салгасныг хараагүй. Харанхуй, сайн харах боломж байгаагүй. Баттөр хөгшин хүн рүү битгий дайраад бай, болиоч гэж хэлээд... ...Баттөр түлхэж салгасан гэж мэдүүлсэн мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Баттөрийн: ...Та нар хөгшин хүн зодохоо болиоч гэж би хэлсэн. Тэр хоёр залуу нилээн согтолттой байсан. Тэр хоёр залуу Амарсанааг цохих гэж байхад нь би түлхчихээд цаашаа бид хэд явсан. ...гэж мэдүүлсэн мэдүүлгээр тус тус тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Д.Баттөрийг 2016 оны 6 сарын 4-нөөс 5-нд шилжих шөнө хохирогч Б.Гэрэлт-Одын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэн Эрүүгийн хуулийн 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Д.Баттөр хохирогч Б.Гэрэлт-Одод гэм хорын хохиролд 1.300.000 төгрөг нөхөн төлсөн нь хохирогч Б.Гэрэлт-Одын мөрдөн байцаалтад мэдүүлсэн мэдүүлгээр /хх-205/ тогтоогдов.

Шүүгдэгч Д.Баттөр ял шийтгэгдэж байгаагүй нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар /хх-97/ нотлогдов.

Шүүгдэгч Д.Баттөрийг анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, бусдад учруулсан гэм хорын хохирлыг нөхөн төлж барагдуулсан, хохирогч гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэсэн болон гэмт хэрэг үйлдэгдэхэд хохирогч Б.Гэрэлт-Одын зүй бус үйлдэл нөлөөлсөн зэргийг харгалзан хорихоос өөр төрлийн албадан ажил хийлгэх ял оногдуулав.

Шүүх хуралдаанд оролцуулахаар хохирогч Б.Гэрэлт-Одыг мөрдөн байцаалтад мэдүүлсэн хаягаар зарлан дуудах хуудас хүргүүлэхэд уг хаягт оршин суудаггүй нь Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хорооны 2017.04.06-ны өдрийн 13 тоот тодорхойлолтоор нотлогдсон ба хохирогч 2017 оны 02 сарын 17-ны өдөр мөрдөн байцаалтын ажиллагааг дуусган хэргийн материалыг байцаан шийтгэх ажиллагаанд оролцогчдод танилцуулсан тэмдэглэлд …шүүх хуралд суухгүй гэж бичсэн, хэргийн оролцогч нараас хохирогчийг оролцуулах хүсэлт гаргаагүй тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар хэргийг хэлэлцсэн болно.

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 295, 296, 297, 298 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дагиймаагийн Баттөрийг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар Дагиймаагийн Баттөрийг 400 /дөрвөн зуу/ цагийн албадан ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 50 дугаар зүйлийн 50.3-д зааснаар Д.Баттөр албадан ажил хийлгэх ял эдлэхээс санаатайгаар зайлсхийвэл эдлээгүй үлдсэн ялын 8 /найман/ цагийн ажлыг нэг хоног баривчлах ялаар тооцож солихыг дурдсугай.

4. Д.Баттөр цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, Д.Баттөрд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

6. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд  шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч тус тус давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Д.Баттөрд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхийг дурдсугай

 

 

                ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                           Ү.ТҮМЭНЖАРГАЛ