Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 417

 

 

 

 

 

 

 

 

 

 

Д.Баттөрд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

            Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч Б.Зориг, О.Чулуунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

Прокурор Ч.Мөнх-Эрдэнэ,

ялтан Д.Баттөр,

ялтны өмгөөлөгч Ч.Нямсүрэн,

нарийн бичгийн дарга Э.Эрдэнэбулган нарыг оролцуулан,

           

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ү.Түмэнжаргал даргалж хийсэн шүүх хуралдааны 2017 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 145 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ялтан Д.Баттөр, ялтны өмгөөлөгч Ч.Нямсүрэн нарын гаргасан давж заалдах гомдлоор эрүүгийн 201625021722 дугаартай хэргийг 2017 оны 5 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч О.Чулуунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

           

Урианхай овгийн Дагиймаагийн Баттөр, 1985 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Говь-Алтай аймгийн Есөнбулаг суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, ЦЕГ-ын Сургалтын төвийн мэргэжилтэн ажилтай, ам бүл 3, эхнэр охины хамт Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо, Эрдэнэтолгойн 34 дүгээр гудамж, 907 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, /РД: ДЭ85101810/,

           

 Д.Баттөр нь 2016 оны 6 дугаар сарын 4-нөөс 5-ны өдөрт шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Старт” нэртэй караоке баарны гадна хамт ажилладаг Д.Амарсанаа болон түүний эхнэр А.Энхгэрэл нарыг өмөөрч иргэн Б.Гэрэлт-Одтой маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газарт гараараа нэг удаа цохиж, бие махбодид нь хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

           

Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас: Д.Баттөрийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Ялтан Д.Баттөрийг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар Д.Баттөрийг 400 /дөрвөн зуу/ цагийн албадан ажил хийлгэх ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 50 дугаар зүйлийн 50.3 дахь хэсэгт зааснаар Д.Баттөр нь албадан ажил хийлгэх ял эдлэхээс санаатайгаар зайлсхийвэл эдлээгүй үлдсэн ялын 8 /найман/ цагийн ажлыг нэг хоног баривчлах ялаар тооцож солихыг дурдаж шийдвэрлэжээ.

            Ялтан Д.Баттөр давж заалдах гомдолд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие “Старт” караокед үйлчлүүлж байгаад гарч явж байхад иргэн Б.Гэрэлт-Од нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн Д.Амарсанаатай хэрүүл маргаан хийж зодох гээд барьж авах үед нь дундуур нь орж цээж рүү нь түлхэж салгасан. Иргэн Б.Гэрэлт-Одыг зодож, цохиж гэмтэл учруулаагүй тул энэхүү хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Ялтны өмгөөлөгч Ч.Нямсүрэн давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Баттөрийн үйлдсэн гэх хэрэг нь Эрүүгийн Байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд зааснаар хэргийн талаар хангалттай нотлогдоогүй гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Шүүх нотлох баримтыг тал бүрээс нь нягт, нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж өөрийн дотоод итгэлээр үнэлэхдээ нотлох баримт нэг бүрийг хууль зүйн дагуу үнэлж чадаагүй. Хохирогч Б.Гэрэлт-Од 2016 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн мэдүүлэгт: “...караокенд нэг эгчтэй маргалдсан...гадаа гараад нэг ахтай маргалдаад, заамдалцаад байж байтал хажуунаас нэг залуу ирээд миний зүүн талын эрүү рүү гараараа цохисон...” гэжээ. Заамдаж аваад зодоод байгаа хүн хэн болохыг заавал тогтоох шаардлагатай байсан.

Шинжилгээ хийлгэх тогтоолыг байцаан шийтгэх ажиллагааны холбогдох оролцогч бүрт заавал танилцуулан, гарын үсэг зуруулах, ЭБША-ны 157 дугаар зүйлийн 157.1, 157.2 дахь заалтад заасан заалтыг тус тус зөрчиж яллагдагч, хохирогч өмгөөлөгч нарын эрхийг ноцтой зөрчсөн байна. /1 хх-14/, ...Шүүх эмнэлгийн 8080 дугаартай дүгнэлтээр Б.Гэрэлт-Одын биед доод эрүүний далд хугарал, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний доод зовхины цус хуралт гэмтэл тогтоогдсон нь нэг удаа эрүү рүү зодсон гэж мэдүүлээд байгаа бол түүний зүүн нүдний доод зовхины гэмтэл болон зөөлөн эдийн няцралыг хэн учруулсныг тогтоох зайлшгүй шаардлагатай.

 Д.Баттөр нь удаа дараагийн мэдүүлэгтээ “...цээж нүцгэн согтуу залуу гараа алдлаад алнаа гээд хүрээд ирэхээр нь холдооч гээд цээжин тус газар нь түлхсэн...” мөн тэд нар хоорондоо маргалдаад үлдсэн талаар, гэрч Амарсанаа: “...2 согтуу залуу дээгүүрх хувцсаа тайлчаад намайг зодно гээд байсан...бид нарыг явахад тэд нар хоорондоо маргалдаад үлдсэн...”, гэрч Бямбадорж: “...тамхи татах гээд гарахад нүцгэлсэн залуу алаад өгье гээд давшлаад байсан...” гэх мэдүүлэг,гэрч Баттүшиг: “...Гэрэлт-Одыг хаана байхад нь ямар хүн хэдэн удаа гэмтэл учруулсныг мэдэхгүй байна...” “....Гэрэлт-Одын биед ямар нэгэн шарх сорви байгаагүй эрүү нь зүгээр байсан.., хохирогчийн мэдүүлэгт 2016 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн мэдүүлэгт...Би бухимдаж уурлаад дээгүүр өмсөж байсан фудболкоо тайлаад шидсэн,тэр ах чи хөгшин хүн рүү дайрлаа гээд байсан...намайг багалзуурдсан болон миний эрүүг хугалсан хүнээ харвал танихгүй гэж ээ...Тэгвэл багалзуурдсан хүн хэн болохыг заавал тогтоох шаардлагатай байсан.Аргагүй хамгаалалтын үед довтлогч этгээдэд гэм хор учруулах аргаар үйлдэл хийж болох бөгөөд гэм хор нь довтлогчийг зодох, эрүүл мэндэд нь гэмтэл учруулах, эрх чөлөөг нь хязгаарлах, зарим онцлог тохиолдолд довтлогчийн амь насыг хохироох ч явдал байж болно. Түүнчлэн ноцтой, хүнд гэмт хэргийн халдлагаас хамгаалж хийсэн үйлдэл нь аргагүй хамгаалалтын нөхцөл, хэр хэмжээнд тохирч байвал түүнээс бий болсон хор хохирлын байдлыг үл харгалзан аргагүй хамгаалалт хийсэн этгээдийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлнө гэж хуульчилжээ. Иймд Д.Баттөр нь иргэнийхээ үүргээ биелүүлж, хуулиар хамгаалсан эрх ашиг сонирхлыг гэмт хэргийн халдлагаас хамгаалан довтлогч этгээдэд гэм хор учруулж хууль ёсны ажиллагаа хийсэн нь хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар тогтоогдсон бөгөөд хохирогчийн эрүүнд цохиж гэмтэл учруулаагүй байна.

Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсэж байна гэжээ.

Шүүх хуралдаанд оролцсон прокурор Ч.Мөнх-Эрдэнэ давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ялтан болон түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдолтой танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. “Старт” нэртэй караоке баарны гадна Д.Баттөр нь Б.Гэрэлт-Одтой маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газарт гараараа нэг удаа цохиж, бие махбодид нь хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан үйлдлийг нүдээр харсан байж болох бүх гэрч нарыг асуусан.  Хохирогч Б.Гэрэлт-Одын иргэн Амарсанаа руу дайрч байгаа үйлдлийг таслан зогсоох зорилгоор “настай хүнийг зодохоо боль. Оронд надтай зодолд” гэж хэлсэн хүн нь Д.Баттөр гэдгийг гэрч нар болон шүүгдэгч өөрөө тогтвортой мэдүүлдэг. Хохирогч нь Д.Баттөрд цохиулан ухаан алдаж газарт унасан гэдгийг гэрч З.Чингил мэдүүлсэн. Хохирогч Б.Гэрэлт-Од өөрийг нь хэн зодсоныг хэлж мэддэгүй ч “хөгшин хүнийг дээрэлхэхээ боль гэж хэлсэн хүн намайг цохисон. Нэг мэдэхэд газар сууж байсан” гэдэг. Ялтан Д.Баттөр “миний түлхэлтийн улмаас газарт суусан” гэдгээ мэдүүлдэг. Д.Баттөрийн үйлдлийн улмаас хохирогчийн бие махбодид хүндэвтэр гэмтэл учирсан. Тухайн цаг хугацаанд хохирогчийг өөр хүн цохисон байх боломжгүй. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаж гарсан тул хэвээр үлдээж,  давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

                                                            ХЯНАВАЛ:

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 145 дугаар шийтгэх тогтоол нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1 дэхь хэсэгт заасан “ шүүхийн тогтоол нь хууль ёсны ба үндэслэл бүхий байна.” гэсэн хуулийн шаардлагад нийцэж гарчээ.

Д.Баттөр нь 2016 оны 6 дугаар сарын 4-нөөс 5-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Старт” нэртэй караоке баарны гадна хамт ажилладаг Д.Амарсанаа болон түүний эхнэр А.Энхгэрэл нарыг өмөөрч иргэн Б.Гэрэлт-Одтой маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газарт гараараа нэг удаа цохиж, бие махбодид нь хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Ялтан Д.Баттөрийн сэжигтнээр байцаагдсан: “...2016 оны 6 дугаар сарын 4-нөөс 5-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо “Старт” караокед би хамт ажилладаг Амарсанаа, Бямбадорж нартай хамт үйлчлүүлсэн. Тэгээд дуулж байгаад караоке хаах болоод Амарсанаа, Бямбадорж хоёр түрүүлээд караокеноос гарсан, би 00 өрөө орчихоод араас нь гарсан. Тэгтэл караокений үүдэнд Бямбадорж, Амарсанаа хоёртой 3 залуу маргалдаад зогсож байсан. Тэгэхээр нь та нар одоо боль, хөгшин хүн зодох гээд байх юм согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн бол соёлтой бай гэж хэлсэн. Тэгтэл цээж нүцгэн нэг залуу нь надтай зодолдох гээд гараа алдлаад хүрээд ирсэн. Тэгэхээр нь би холдооч гээд цээжин тус газарт нь түлхсэн. Гэтэл нөгөө залуу газарт уначихсан...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 21-22/,

Ялтан Д.Баттөрийн яллагдагчаар байцаагдсан: “...хохирогч залуу Амарсанааг хэл амаар доромжилсон байдалтай гараа далайсан байсан. Тэр үед би “та нар болиоч, хөгшин хүн зодох гээд байгаа юм уу” гээд цээж рүү нь түлхсэн. Цээжин хэсэгт нь түлхэхэд унасан...” гэх мэдүүлэг /1хх-ийн 194-195/,

Хохирогч Б.Гэрэлт-Одын: “...2016 оны 6 дугаар сарын 4-ний өдрийн 21.00 цагийн үед найз Эрдэнэбат, Чингэл, Баттүшиг, Цоож нарын хамт “Старт” нэртэй караокед орсон. Тэгээд тэр караокены гадаа хаяг дээр тооцооны 30.000 төгрөг тутамд 1 цагийн бонустай гэж бичсэн байсан. Тэгэхээр нь асуутал шөнийн 4.00 цаг хүртэл ажиллана гэсэн. Бид нар үйлчлүүлээд архи, пиво авч уугаад 2.00 цагийн үед караокеноос гарахдаа тооцоогоо хийтэл Чингэлийн хагалсан стаканы тооцоо гээд 3.000 төгрөг нэхсэн. Тэгэхээр нь би 2 цагийн бонус үлдсэн байгаа ш дээ тэрэндээ оруулаад тооцоогоо хийчихэж болохгүй юм уу гэтэл болохгүй гээд байсан. Тэгэхээр нь би 4.00 цаг хүртэл бонусаа дуусгаад  дуулчихъя тэгээд 3.000 төгрөгөө өгчихье гэтэл одоо хаалаа гээд байсан, тэгээд караокений эгчтэй маргалдсан. Тэгэхэд караокений эгч болон нэг эмэгтэй, халамцуу нэг ах байсан. Эрдэнэбат, Цоож хоёр түрүүлээд явчихсан байсан ба Чингэл, Батхишигтэй хамт караокений гадаа гартал караокенд байсан ах араас хаагаад гарч ирсэн. Тэр ахтай би маргалдаад зогсож байтал нөгөө ах заамдаж аваад хана руу шахахаар нь би зөрүүлээд заамдаад зогсож байтал хажуунаас нэг залуу миний зүүн талын эрүү орчимд гараараа цохисон. Тэгээд би газар унасан ба цаашаа юу болсоныг сайн санахгүй байна, намайг Батхишиг, Чингил хоёр аваад явсан байсан.Тэгээд би гэмтлийн эмнэлэг дээр очоод үзүүлтэл эрүү хугарсан байна гэсэн...” гэх мэдүүлэг /1хх-ийн12-13/,

Гэрч З.Чингэлийн мөрдөн байцаалтад өгсөн:  “...караоке хаах болоод Гэрэлт-Од, Баттүшиг бид гурав гадаа үүдэнд тамхи татаад зогсож байтал текний ард байсан охин гарч ирээд стакан хагалсан байна гэж ирэхээр нь Гэрэлт-Од “бэлэн мөнгө байхгүй байна, карт унших уу” гэж хэлэхэд нөгөө охин карт уншихгүй гэхээр нь бид нар үлдсэн бонус цагандаа хагалсан аяганыхаа үнийн дүнг тооцоё гэж хэлээд хоорондоо зохицоод гараад явж байхад араас караокены настай ах найзтайгаа гарч ирээд хагалсан аяганы талаар Гэрэлт-Одтой маргалдаад....., ....намхан махлагдуу залуу гарч ирээд Гэрэлт-Од тэр хоёрын голоор ороод үгийн зөрөөгүй Гэрэлт-Одын шанаан тус газарт нь гараараа нэг удаа цохиж, Гэрэлт-Од газар унахаар нь би  салгаад босгож ирсэн. ...Гэрэлт-Одыг намхан махлаг залуугаас өөр хүн цохиж, зодоогүй...” /1хх-ийн 29-30/,

дахин байцаагдсан “...нэг ах ирээд эхнэрээ өмөөрөөд Гэрэлт-Од бид хоёртой маргалдсан. ...Гэрэлт-Од уурлаад нөгөө ахтай хэрэлдэж маргалдаад байсан. Тэгтэл эхлээд нэг залуу баарнаас гарч ирээд бид нарлуу “та нар хөгшин хүн рүү дайрлаа, бид нартай зодолд” гээд Гэрэлт-Од бид хоёрлуу дөхөж ирээд Гэрэлт-Одыг багалзуурдаад хананд шахахаар нь би очиж салгасан. Мөн араас нь нэг ах ирсэн..., ...намайг тамхи татаж байтал сүүлд гарч ирсэн махлагдуу залуу Гэрэлт-Одын зүүн талд очоод зүүн шанаа руу нь гараараа цохисон. Гэрэлт-Од арагшаа саваад ухаан алдаад унасан. Унах үед махлагдуу ах дахин доошоо тонгойгоод дахин нүүрлүү нь цохих шиг болсон. ...Гэрэлт-Од “миний зүүн эрүү зуураад сонин болчихлоо, саяны хоёр залуугийн нэг нь намайг гараараа цохисон, ярьж болохгүй байна” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /1хх-ийн 66-67/,

Гэрч Н.Баттүшигийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Гэрэлт-Од, Чингэл нар нөгөө ахтай барьцалдаж авахад би голоор нь орж нөгөө ахыг цээжээр нь тэврээд уучлаарай, манай найзууд согтсон байна гэж хэлсэн. Тэгээд сүүлд гарч ирсэн хоёр залуу хөгшин хүнтэй зодолдоод яахав, надтай зодолд гээд манай хоёр найзыг дагуулаад явсан. Тэгээд цаана....би нөгөө ахтай юм яриад зогсож байтал нөгөө хоёр залуу буцаж ирээд та нар яагаад байгаа юм гээд миний шанаа руу 2-3 удаа цохичихоод яваад өгсөн. ...Гэрэлт-Од намайг цохичихлоо, эрүү зуураад өвдөөд байна, ярьж болохгүй байна гэж хэлсэн. Тэгээд би Гэрэлт-Одтой гэмтлийн эмнэлэг яваад, Чингэл гэрлүүгээ харьсан. Гэмтлийн эмнэлэг орж рентгэний зураг авахуулахад зүүн доод эрүү нь цуурсан байна, томографикийн зураг авахуул гэж эмч хэлсэн...Бид нар согтууруулах ундаа нилээн хэрэглэсэн байсан. Би нилээн согтсон байсан, нөгөө хоёр ямар байсныг мэдэхгүй байна...” гэх мэдүүлгүүд  /1хх-ийн 35,62/,

Гэрч Д.Амарсанаагийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...намайг гараад очиход хоёр согтуу залуу нь дээгүүрхи хувцсаа тайлчихаад намайг зодно гээд дайраад байхад хажууд нь байсан арай гайгүй залуу нь болиулаад байсан. Тэгж байтал араас Баттөр гарч ирээд намайг тэр залуугаас боль боль гээд хоорондоо бид нар маргалдсан. Эрүүл залуу нь больцгоо, дандаа ингэж байх юм гэсэн юм хэлэхэд над руу дайраад байсан залуу нь “би Дарханаас ирээд та хоёрыг дайлж байна, мөнгийг чинь төлж байна” гээд бас тэд нар хоорондоо муудалцаад байсан.  ...Баттөр тэдгээр залуусыг яв гээд.... ...хөөхөд агсраад байсан согтуу залуу нэг найзын хамт машины зогсоол руу ухраад байсан. Мөн махлагдуу залуу нь боль гээд байсан. Намайг харж байхад Баттөр хүн зодож цохиогүй. Хохирогчид гэмтлийг хэн учруулсныг мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /1хх-ийн 31, 60/,

Гэрч Ш.Бямбадоржийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...караокений гадаа Амарсанаатай 3 залуугийн дээгүүрээ нүцгэлсэн 2 залуу алаад өгье гээд давшлаад байхад Баттөр цаанаас нь гарч ирээд тэд нарыг салгасан. Тэгээд бид нар Амарсанаагийн саарал өнгийн машинд суугаад явсан. Бид нарыг явахад нэг тавьтаргүй залуу нь “чи байнга ингэж гай болж байх юм” гээд загнаад үлдсэн...”, /1хх-ийн 33/,

Гэрч А.Энхгэрэлийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...Би Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороонд байрлах Старт нэртэй баарыг 2016 оны 6 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн түрээслэж эхэлсэн. ...2016 оны 6 дугаар сарын 4-ний өдрийн ....21 цагийн үед 4 залуу орж ирээд подвалын караокены өрөөнд орсон. ...нэг өндөр залуу нь бүх авсан пивоны болон караокены нэг цагийн тооцоог карт уншуулж хийсэн. Нийтдээ 120.000 төгрөгний тооцоо гарсан. Барагцаагаар 00 цаг болж байхад нөгөө залуусын өрөөнд стакан хагарах чимээ гарсан. 2 цаг болж байхад нөгөө залуучууд гарч ирээд явах гэхээр нь би тэд нарт хагалсан стаканы мөнгөө төл, 3.000 төгрөг шүү гэсэн чинь карт уншуулсан өндөр залуу нь би стаканы мөнгө төлөхөөр бол дахин нэг цаг үнэгүй сууна, нийтдээ 120.000 төгрөгний тооцоо хийсэн гэхээр нь авах ёстой юмаа заавал авна гэсэн. Тэгтэл нөгөө залуу “өгөхгүй,балай авгай, гичий, ” гээд хэл амаар доромжилсон. ...Маргаад байж байхад манай нөхөр өрөөнөөсөө гарч ирээд нөгөө гурван залуу руу та нар гар гэсэн чинь тэр гурван залуугийн хамт гарахад манай нөхөр араас нь дагаад гарсан. Мөн араас нь нэг залуу нь гарсан. ...Би караокегоо хаах гээд үлдээд гэрлүүдээ унтраагаад явж байхад вип өрөөнд манай нөхрийн найз Баттөр ганцаараа сууж байсан. Би Баттөрд манайх хааж байна гэсэн чинь гараад явсан. ...Тооцоо хийж карт уншуулсан залуу нилээн согтуу байсан. Караокед байхдаа тэдгээр залуус Баттөр, Бямбадорж нартай маргаагүй...” гэх мэдүүлэг /1хх-ийн 57/,

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 6 дугаар сарын 9-ний өдрийн шинжээчийн №8080 дугаартай: 1. Б.Гэрэлт-Одын биед доод эрүүний далд хугарал, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний доод зовхины цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй  гэх дүгнэлт  /1хх-ийн 15/,

Үйл явдал болсон газрын гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-ийн 72-74, 77-80/,  зураг таньж олуулсан ажиллагааны тухай тэмдэглэл  /1 хх-ийн 81-83/, шинжээчийг байцаасан тэмдэглэл /1 хх-ийн 84/, Б.Гэрэлт-Одын өвчний карт болон  бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Энэ хэрэгт Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг шалгаж, мөрдөн байцаалтын ажиллагааг бүрэн гүйцэд хийжээ.

Мөрдөн байцаалтын шатанд болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчөөгүй,ялтан Д.Баттөрд оногдуулсан ялын төрөл нь  ялтны хувийн байдал, үйлдсэн хэргийн нийгмийн хор аюул, хэр хэмжээнд тохирчээ.

Хэрэг үйлдэгдэхэд хохирогч Б.Гэрэлт-Одын бусадтай зүй бус харьцсан буруутай үйлдэл нөлөөлсөн байх боловч Б.Гэрэлт-Од нь иргэн Д.Амарсанаа, ялтан Д.Баттөр нарын бие махбодид гэмтэл учруулах ноцтой үйлдэл хийгээгүй,аргагүй хамгаалалтын шинж чанар нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул  ялтан Д.Баттөр, түүний өмгөөлөгч Ч.Нямсүрэн нарын гаргасан “хэргийг хэрэгсэхгүй болгож өгөх”-ийг хүссэн гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй  гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1, 315.1.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 145 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсүгэй.

            2. Гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, эсхүл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл 14 хоногийн дотор хяналтын шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

        

                                    ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                                       Н.БАТСАЙХАН                                                       

                                    ШҮҮГЧИД                                                       Б.ЗОРИГ

                                                                                                           

                                                                                                            О.ЧУЛУУНЦЭЦЭГ