Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 04 сарын 19 өдөр

Дугаар 147

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ү.Түмэнжаргал даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Номинчимэг,

улсын яллагч С.Мөнхгэрэл,

шүүгдэгч Б.Бямбахүү, түүний өмгөөлөгч Ш.Пүрэвсүрэн,

хохирогч Б.Алтансүх, Б.Өлзийдэлгэр, М.Ганцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулж Сүхбаатар дүүргийн прокурорын газраас:

 

Шүүгдэгч Монгол Улсын иргэн, 1989 оны 05 дугаар сарын 27-ны өдөр Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хороо, Чулуутын 7 дугаар гудамжны 33 тоотод оршин суудаг, ял шийтгэгдэж байгаагүй, /РД:МЗ89052711/ Монгол овогт Батбаатарын Бямбахүүд

Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдсэн эрүүгийн 201525020708 дугаар 185/2017/0170/Э  индекстэй хэргийг 2017 оны 03 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан шийдвэрлээд ТОДОРХОЙЛОХ нь:              

 

Шүүгдэгч Б.Бямбахүү давтан үйлдлээр 2015 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо Алтайн 10-60а тоотод түр оршин суух Б.Алтансүхийн байшинд нэвтэрч компьютерийн процессор, дэлгэц зэрэг эд зүйлийг хулгайлан авч 1.055.000 төгрөгийн,

2016 оны 03 дугаар сарын 07-ны өдөр Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо 17-503 тоотод түр оршин суух Ч.Нямсүрэнгийн гэрт нэвтэрч зурагт, мөнгөн аяга, цүнх зэрэг эд зүйл хулгайлан авч 1.120.000 төгрөгийн,

2016 оны 03 дугаар сарын 14-ний өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Консулын 20-532 тоот хашаанд байрлах нийтийн байрны 5 тоот өрөөнд түр оршин суух С.Оюунбилэгийнд нэвтэрч зурагт хулгайлан авч 600.000 төгрөгийн,

2015 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо Тоосгоны 11-225 тоотод оршин суух Ч.Баянбулагийн гэрт нэвтэрч зурагт хулгайлан авч 520.000 төгрөгийн,

2015 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн орчим Баянгол дүүргийн 10 дугаар хороо Зүүннарангийн 11-10 тоотод байрлах нийтийн байранд түр оршин суух Г.Бат-Өлзийгийн гэрт нэвтэрч зөөврийн компьютер, 100.000 төгрөг хулгайлан авч нийт 240.000 төгрөгийн,

2016 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр

хороо Алтайн 1-21а тоотод оршин суух Б.Өлзийдэлгэрийн байшинд нэвтэрч мөнгөн аяга, эмээлийн мөнгөн баавар, мөнгөн ээмэг бөгжний хослол, монетон бөгж зэрэг эд зүйл хулгайлан авч 6.720.000 төгрөгийн,

2015 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо Амины орон сууцны 77 дугаар байрны 3 тоотод түр оршин суух М.Ганцэцэгийн гэрт нэвтэрч зурагт, зөөврийн компьютер зэрэг эд зүйл хулгайлан авч 1.100.000 төгрөгийн,

2015 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо Хилийн цэргийн 24-09 тоотод оршин суух Б.Долгорсүрэнгийн гэрт нэвтэрч хөөрөг, мөнгөн аяга, гар утас зэрэг эд зүйл хулгайлан авч 3.910.000 төгрөгийн,

2016 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо Дүүргийн 11-520 тоотод түр оршин суух Э.Эрдэнэхуягийн гэрт нэвтэрч зурагт хулгайлан авч 190.000 төгрөгийн,

2016 оны 01 дүгээр сард Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо Хангайн

1-14 тоотод оршин суух И.Төмөрцэцэгийн гэрт нэвтэрч зурагтын антен хүлээн авагч, Ди Ви Ди /DVD/ тоглуулагч, савхин куртик зэрэг эд зүйл хулгайлан авч 70.000 төгрөгийн,

2015 оны 04 дүгээр сард Баянгол дүүргийн 10 дугаар хороо Зүүннарангийн 11-15 тоотод түр оршин суух А.Жамбалсүрэнгийн гэрт нэвтэрч зөөврийн компьютер хулгайлан авч 200.000 төгрөгийн, нийт 15.725.000 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Бямбахүүгийн: Би үйлдсэн хэргийнхээ талаар мөрдөн байцаалтанд тодорхой ярьсан. Яллах дүгнэлтэнд үнэн зөв бичигдсэн байна. Өөр нэмж ярих зүйл байхгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэж мэдүүлсэн мэдүүлэг,

 

Талуудын хүсэлтээр шүүхийн хэлэлцүүлэгт оролцсон:

хохирогч Б.Алтансүхийн: Хэзээ гэдгийг нь санахгүй байна. Манай гэр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Алтайн 10-60а тоот юм. Тухайн өдөр 13-15 цагийн хороонд миний i7 үзүүлэлттэй, 21 инчийн дэлгэцтэй, Acer маркийн компьютерийг авсан байсан. Уг компьютер дээр миний ажлын бүх төслүүд мөн лицензтэй үнэтэй програм байсан. Би компьютер ээ 1.7 сая төгрөгөөр авч байсан. Үүнээс үнэлгээ арай багаар үнэлсэн байсан. Одоогоор хохирол төлөгдөөгүй. Манай гэрийн хаалга Хятад цоожтой байсныг хөшиж тайлсан байсан гэж мэдүүлсэн мэдүүлэг,

 

хохирогч Б.Өлзийдэлгэрийн: 2016 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр би цагаан сарын боорцгоо хийх гээд манайхтай ойролцоо байдаг аавынд орсон. Өдөр нэг 15 цагийн үед гэртээ ороход гэр зүгээр байсан. Орой 17 цагт гэртээ орох гэхэд хаалга нээлттэй байсан. Гэртээ ороход манай гэрийн хамаг эд зүйлийг газраар тараасан байсан. Эмээлийн 8 ширхэг мөнгөн бааврыг тас татан авч мөнгөн аяга, миний ээмэг бөгж зэрэг эд зүйлүүдийг авч явсан. Мөнгөн эд зүйлс нь манай 3 үе дамжиж ирсэн эдлэл байсан. Тэдгээрийг үнэлэх боломжгүй байсан. Эмээлийг 1.5 сая төгрөгөөр үнэлсэн байсан. Дараа нь үнэлгээ нь 1.2 сая төгрөг болсон байсан. 2 мөнгөн аяга нь 3 үе дамжиж ирсэн аяга байсан. Нэг аягыг 1 сая, нөгөөг нь 2.5 сая төгрөгөөр үнэлсэн байсан. Нийт хохирол 6.720.000 төгрөг болсон. Хохиролтой маргах зүйлгүй. Одоогоор хохирол төлөгдөөгүй байна гэж мэдүүлсэн мэдүүлэг,

 

хохирогч М.Ганцэцэгийн: Би 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдөр ажлаас ирэхэд гэрт хулгай орсон байсан. Манай хажуу айлын охин манай гэрт хулгай орсныг мэдсэн байсан. Манай гэрээс 40 инчийн Тошиба маркийн зурагт мөнгөн ээмэг, бөгж зэрэг эд зүйлс алдагдсан. Мөн цагаан алт орсон ээмэг бөгжний хослол алдагдсан гэж мэдүүлсэн мэдүүлэг,

 

Талуудын хүсэлтээр хавтаст хэргээс:

-Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-13-16/,

Мөрдөн байцаалтад гэрч Р.Шинэбаярын: ...2016 оны 03-р сарын 11-ний өдөр би өөрийн ажил болох Хархорин зах дээр утасны лангуун дээр сууж байтал зүс таних Бямбаа гэх залуу хүрч ирсэн юм. Тэгээд ирснээ тэр хавийн хүмүүсээс зурагт авах уу гээд асуугаад яваад байсан. Тэгээд над дээр ирээд зурагт авах уу гэж асуусан. Тэгэхээр нь би надад мөнгө байхгүй байна, ямар үнэтэй юм гэж асуухад Бямбаа зурагт нь Ломбарданд байгаа юм, машин эвдэрчихсэн, сэлбэг авах гэсэн чинь 30.000 төгрөг дутчихлаа, та надад 30.000 төгрөг өгөөд тэр зурагтыг өөрийнхөө нэр рүү шилжүүлээд авчих гэж хэлсэн. Тэгээд би зөвшөөрөөд бид 2 өргөө-1 кинотеатрын баруун талд байрлах Хишиг төвийн ломбарданд очсон юм. Бямбаа уг зурагтыг 280.000 төгрөгөнд тавьсан байсан. Би тэгээд зурагт нь хүүтэйгээ нийлээд 300.000 төгрөг болж байсан. Би тэгээд Бямбаад 30.000 төгрөг өгөөд бид 2 ломбардны эмэгтэйтэй ярьж байгаад уг зурагтыг Бямбаагийн нэрээс өөрийнхөө нэр рүү шилжүүлсэн юм. Тэгээд би тэр өдрөөс хойш Бямбаатай дахиж уулзаагүй юм... Алдагдсан эд зүйлсээ авмаар байна. Гомдолтой байна... гэж мэдүүлсэн мэдүүлэг /1хх-36-37/,

-Эд зүйлийн үнэлгээ /1хх-38/,

 

- Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-42-47/,

            Мөрдөн байцаалтад хохирогч Ч.Нямсүрэнгийн: ...2016 оны 03 сарын 07-ны өдөр …16 цаг 40 минутын үед би гэртээ ирэхэд гэрийн хаалга онгорхой цоож нь байхгүй болсон, цүү нь эвдэрчихсэн байсан. Тэгээд би гэртээ ороход гэрийн эд хогшил эмх замбараагүй болсон байсан. Тэгээд би хулгай орсон байна гэж мэдээд цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн юм. Манай гэрээс “LG” /эл жи/ маркийн 42 инчийн хар өнгийн LCD /эл си ди/ зурагт, дунд гарын мөнгөн аяга, бага гарын мөнгөн аяга 1 ширхэг, нэг барьдаг гар цүнх, монетон бөгж 2 ширхэг, 1 монетон кулон орны дэвсгэр даавуу зэрэг эд зүйлс алдагдсан. Зурагт нь өрөөний баруун талд байрлаж байсан авдар дээр байсан. 2 ширхэг мөнгөн аяга нь авдар дотор байсан. Цүнх үүдний тавиур дээр байсан. Монетон бөгжнүүд болон кулон нь хувцасны шкафанд тусгай дөрвөлжин саван дотор байсан. Тэр савыг гаргаад доторх эд зүйлсийг нь орон дээр асгачихсан байсан... Алдагдсан эд зүйлсээ олж авмаар байна. Гомдолтой байна... гэж мэдүүлсэн мэдүүлэг /1хх-61-62/,

 

            Мөрдөн байцаалтад иргэний нэхэмжлэгч Б.Орхоны: ...2016 оны 03 сарын 07-ны өдөр 16-17 цагийн үед намайг ломбардан дээрээ сууж байхад нэг залуу цайвар өнгийн орны даавуунд боочихсон нэг зурагт барьчихсан ирээд “энийг тавих гэсэн юм” гэсэн. Би тэр үед мөнгөгүй байсан учир мөнгө иртэл тэр залууг 30 минут гаруй хүлээлгэсэн. Тэгээд 30 минутын дараа мөнгө ирээд би тэр залуугийн зурагтыг нь үзэхэд “эл жи” маркийн хар өнгийн 42 инчийн зурагт байсан. Тэгээд зурагтыг нь 250.000 төгрөгөөр авахаар болсон юм. ...2016 оны 03 сарын 11-ний өдөр уг залуу дахиж ирээд 30.000 төгрөг нэмээд өгчихөөч, би зээл төлөх гээд мөнгө дутаад байна гээд гуйгаад байсан юм. Гуйгаад байхаар нь би сүүлдээ зөвшөөрөөд 30.000 төгрөг нэмж өгсөн юм. Тэгтэл үдээс хойш нь Р.Шинэбаяр гэх хүнд зарахаар болчихлоо, би угаасаа өөрөө авч чадахааргүй болчихлоо, авахгүй хаяж байснаас энэ хүний нэр рүү шилжүүлчихье гэж хэлсэн юм. Тэгээд би тэр Бямбахүүгийн нэрийг Шинэбаяр гэх хүний нэр рүү шилжүүлсэн юм. Тэгээд нилээн хэд хоногийн дараа цагдаагийн газраас хүмүүс ирээд уг зурагтыг хулгайн зурагт гэдгийг нь мэдсэн юм. 378.000 төгрөгийг нэхэмжилж байна... гэж мэдүүлсэн мэдүүлэг /1хх-64-65/,

-Эд зүйл хураан авсан тухай тэмдэглэл /2хх-221/,

 

            Мөрдөн байцаалтад иргэний нэхэмжлэгч Г.Мөнхсайханы: ...2016 оны 03 сарын 17-ны үед манай ф-1 ломбарданд ажилтан Бат-Эрдэнэ гэх залуу сууж байхад 16 цаг 40 минутын үед нэг залуу орж ирээд хар өнгийн 32 инчийн Монел маркийн лед зурагт тавьсан байсан. 210.000 төгрөгөөр тавьсан байсан. ...Хэд хоногийн дараа цагдаа нар ирээд уг зурагтыг хураагаад авсан... 210.000 төгрөгөө нэхэмжилж байна... гэж мэдүүлсэн мэдүүлэг /1хх-67-68/,

- Эд зүйлийн үнэлгээ /1хх-69, 3хх-24/,

- Эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /1хх-57-59/,

-ШШҮХ-ийн шинжээчийн 2016 оны 03 сарын 14-ний өдрийн №1762 тоот дүгнэлт /1хх-70-71/,

-ШШҮХ-ийн шинжээчийн 2016 оны 04 сарын 06-ны өдрийн №2356 тоот дүгнэлт /1хх-77-84/,

 

- Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-88-90/,

Мөрдөн байцаалтад хохирогч С.Оюунбилэгийн: ...Би 2016 оны 03 сарын 14-ний өдөр …манай охин 17 цаг өнгөрөөд гэртээ ирсэн чинь цоож нь онгойхгүй байхаар нь миний гар утас руу залгаад хажуу айлынхаа залууг гуйгаад цоож эвдээд гэртээ орсон чинь хамаг эд зүйл энд тэндгүй сандайчаад хаясан байсан. Haier маркийн 38 инчийн хар өнгийн зурагтыг 2011 онд 600.000 төгрөгөөр худалдаж авч байсан. Баруун доод буланд байдаг цэнхэр гэрлэнд скоч наасан байгаа өөр содон шинж тэмдэг байхгүй... гэж мэдүүлсэн мэдүүлэг /1хх-106-107/,

- Эд зүйлийн үнэлгээ /1хх-108/,

 

- Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-128-129/,

Мөрдөн байцаалтад хохирогч Ч.Баянбулагийн: …Би 2015 оны 10 сарын 18-ны өдөр Төв аймгийн Мөнгөн морьт сум руу хувийн ажлаар явсан юм. …Би 2015 оны 10 сарын 30-ны өдөр өөрийн гэртээ ирэхэд манай зурагт байхгүй болсон байсан би алга болсон зурагтаа 2014 оны 11 сард Хятад худалдааны төвөөс 650.000 төгрөгөөр худалдаж авч байсан юм... гэж мэдүүлсэн мэдүүлэг /1хх-148-149/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Д.Алтанчулууны: ...Би 2015 оны 10-р сарын 22-ны өдөр ажилдаа явахдаа гэрээ цоожлоод явсан юм. Тэгээд би ажил дээрээ байж байхад 16 цагийн үед манай хашаанд амьдардаг Долгорсүрэн залгаж танай гэрийн хаалга чинь онгорхой байна гэрээ цоожилсон юм уу бас зурагт чинь байхгүй байна гэсэн. Тэгэхээр нь би цагдаа дуудчих би одоо очлоо гээд удалгүй би гэртээ ирэхэд манай цоож байхгүй бол болчихсон, гэрийн хаалга онгорхой, гэрт байсан НКН маркийн 40 инчийн зурагт алга болчихсон байсан. Би тэр зурагтаа 2014 онд 650.000 төгрөгөөр худалдаж авч байсан юм. Гэрээс өөр эд зүйл алга болоогүй... гэж мэдүүлсэн мэдүүлэг /1хх-150-151/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Б.Зэвээгийн мэдүүлсэн мэдүүлэг /1хх-152-153/,

Мөрдөн байцаалтад гэрч Н.Болормаагийн мэдүүлсэн мэдүүлэг /1хх-154-155/,

Мөрдөн байцаалтад гэрч Ц.Долгорсүрэнгийн мэдүүлэг /1хх-156-157/,

-Эд зүйлийн үнэлгээ /1хх-158/,

-ШШҮХ-ийн шинжээчийн 2015 оны 11 сарын 06-ны өдрийн №5334 тоот дүгнэлт /1хх-161-165/,

 

Мөрдөн байцаалтад хохирогч Г.Бат-Өлзийгийн: ...гэртээ ирсэн чинь гэрийн хаалгыг ах дотроос нь онгойлгосон, авдар дотор байсан 100.000 төгрөг байхгүй байна гэчихсэн авдраа ухаад сууж байсан. Тэгээд цагдаа дуудсан... ...Би алдагдсан нөүтбүүкээ 2015 оны 11 сард ломбарднаас 200.000 төгрөгөөр худалдан авч байсан. Нөүтбүүкний хавтас дээр VIVO гэсэн бичигтэй,  цагаан өнгийн, дотор хулганы хажууд болон дотор хэсгүүдэд хагаралт ихтэй байсан... гэж мэдүүлсэн мэдүүлэг /2хх-16-17/,

- Эд зүйлийн үнэлгээ /1хх-19/,

 

  • Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2хх-46-49/,

 

               Мөрдөн байцаалтад гэрч Б.Пүрэв-Очирын: ...2016 оны 01-р сарын 30-ны …орой 19 цагийн үед …гэртээ ортол манай байшингийн хаалга онгойчихсон байсан. ...Эд зүйлсийг бүртгэж үзтэл том өрөөнд байсан авдарны цоожийг эвдлээд дотроос нь 8 ширхэг мөнгөн аяга, манай эхнэрийн мөнгөн ээмэг, бөгж, зүүлт, гинж яг хэдэн ширхэг ээмэг, бөгж байсан эсэхийг нь тодорхой сайн мэдэхгүй байна. Буйдангийн араар байсан эмээлийн 6 ширхэг мөнгөн бааврыг эмээлнээс нь салгаад авсан байсан... гэж мэдүүлсэн мэдүүлэг /2хх-59-60/,

  • Эд зүйлийн үнэлгээ /2хх-61, 3хх-17/,
  • ШШҮХ-ийн шинжээчийн 2016 оны 02 сарын 05-ны өдрийн №1054 тоот  дүгнэлт /2хх-66-67/,

 

  • Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2хх-98-100/,

               Мөрдөн байцаалтад хохирогч М.Ганцэцэгийн: ...Манайх СХД-ийн 19 дүгээр хороо Амины орон сууцны 77-р байрны 3 тоотод нөхөр 2 хүүхдийн хамт тухайн байрыг түрээсэлж амьдардаг бөгөөд 2015 оны 12 сарын 09-ний өдөр…   …гэрээс 40 инч тошиба маркийн LCD зурагт болон Делл маркийн 14.5 инчийн зөөврийн компьютер алдагдсан байсан. Баттерей нь байхгүй, i5 үзүүлэлттэй зөөврийн ком байсан. Мөн шкафан дотор байсан миний мөнгөн хослол, ээмэг бөгжнүүд байсан алдагдсан байсан. Ээмэг бөгж нь сувдан шигтгээтэй хослолууд байсан... ...Би уг зурагтыг 2011 онд некст электрониксоос 999.000 төгрөгөөр худалдаж авч байсан. Зөөврийн компьютер нь 2011 онд 930.000 төгрөгөөр компьютер ландаас худалдаж авч байсан... гэж мэдүүлсэн мэдүүлэг /2хх-111-112/,

- Эд зүйлийн үнэлгээ /2хх-114/,

  • ШШҮХ-ийн шинжээчийн 2015 оны 12 сарын 20-ны өдрийн №1762 тоот дүгнэлт /2хх-117-118/,

 

  • Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2хх-141-144/,

Мөрдөн байцаалтад хохирогч Б.Долгордуламын: ...Миний бие 2015 оны 12 дугаар сарын 27-ны …17 цагийн орчим ирэхэд гэрийн болон коридорын хаалга нээлттэй …гэрийн хамаг эд хогшил сандаачаад хаячихсан байдалтай байсан. Ингээд цагдаа дуудсан ба цагдаа нар ирээд гарын мөр, зураг авсан ба ингэснийх нь дараа би гэрийн эд хогшлоо бүртгэж үзэхэд том өрөөний шургуулганд байсан дунд гарын цагаан өнгийн хаш хөөрөг 1 ширхэг, дунд гарын мөнгөн аяга 1 ширхэг, самсунг галакси эс-1, эс-3 хоёр ширхэг гар утас, хүүхдийн машины дүрстэй гар утас, гэрэл зургийн аппарат-1 ширхэг зэрэг эд зүйлс алга болсон байна... Цагаан өнгийн дунд гарын хаш хөөргөө 2012 онд манай нөхрийн төрсөн дүү Баярсайхан нас бараад тэдний эхнэр нь манай нөхөрт өвлүүлж өгсөн. Учир нь тэр хөөрөг үе дамжиж ирсэн хөөрөг байсан. 30.000.000 төгрөгөөр үнэлж байна... гэж мэдүүлсэн мэдүүлэг /2хх-151-153, 3хх-5/,

 

Мөрдөн байцаалтад насанд хүрээгүй гэрч Б.Анударийн: ...Би тухайн үед яг хулгай орж байхыг хараагүй. 9 тоотод амьдардаг Долгордулам эгчийн хаалга 16 цаг өнгөрч байхад дуугарахаар нь гадаа угаачихаад хатаачихсан байсан хувцсыг хулгай авч байна гэж бодоод гараад хартал нэг 30 гаран насны ах гараад явж байсан. 175 см орчим өндөр, бага зэрэг махлаг, бор царайтай, өтгөн хар хөмсөгтэй, хар малгайтай, богино куртиктэй байсан... гэж мэдүүлсэн мэдүүлэг /2хх-154-155/,

 

Мөрдөн байцаалтад гэрч М.Отгонбаярын: ...уг хөөрөг нь цэвэр цагаан хаш хөөрөг биш байх. Би одоо 5.000.000 төгрөгөөр үнэлнэ... гэж мэдүүлсэн мэдүүлэг /3хх-12-13/,

  • Эд зүйлийн үнэлгээ /2хх-160, 3хх-23/,  

 

Мөрдөн байцаалтад хохирогч Э.Эрдэнэхуягийн: ...манай ах Пүрэвжаргал над руу залгаад гэрт хулгай орсон байна зурагт алга байна гэж хэлсэн. …Өрөөний баруун урд буланд байсан хар өнгийн 32 инчийн Монел маркийн зурагт байсан. Зурагтаа 2015 оны 09-р сард 350.000 төгрөгөөр худалдан авч байсан... гэж мэдүүлсэн мэдүүлэг /2хх-187-188/,

- Эд зүйлийн үнэлгээ /2хх-190/,

- Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /2хх-191/,

 

Мөрдөн байцаалтад хохирогч И.Төмөрцэцэгийн: ...Намайг гэртээ ирэхэд гэрийн хаалганы зүүдэг цагаан өнгийн цоожийг эвдээд гэрт хулгайч ороод зурагтны МНБС-н кабелийн антенийн хүлээн авагч, антен алга болсон байсан. Тэгээд манай 1 давхарт байдаг айлд хулгайч ороод 2 ширхэг савхин куртик, DVD тоглуулагч нь алга болсон байсан. Манай хүүхдүүд 2015 оны намар 100.000 төгрөгөөр худалдан авч байсан гэсэн... гэж мэдүүлсэн мэдүүлэг /2хх-192-193/,

- Эд зүйлийн үнэлгээ /3хх-18/,

 

Мөрдөн байцаалтад хохирогч А.Жамбалсүрэнгийн: ...Би сар өдрөө санахгүй байна. Тэр өдөр өглөө 09:00 цагийн үед хичээлдээ байрныхаа хаалгыг түгжээд гарсан. Тэгээд өдөр нь гэртээ хариагүй орой 18:00 цагийн үед хичээлээ тараад гэртээ харихад байрны хаалганы цоожийг эвдчихсэн байхаар нь ороод …харсан чинь… …Чемоданы хажууд байсан хар цүнхтэй, гадуураа цэнхэр өнгийн жижиг хавтастай хар өнгийн компак гэсэн бичигтэй солонгос улсад үйлдвэрлэсэн зөөврийн компьютер алга болсон байсан. 2014 онд манай ах надад өгч байсан. Манай ах 2011 онд 800.000 төгрөгөөр худалдан авч байсан гэсэн. Одоо 400.000 төгрөгөөр үнэлж байна... гэж мэдүүлсэн мэдүүлэг /3хх-1-2/,

- Эд зүйлийн үнэлгээ /3хх-3/,

 

Мөрдөн байцаалтад Б.Бямбахүүгийн сэжигтэн, яллагдагчаар хэргийн талаар мэдүүлсэн мэдүүлэг /1хх-167-169, 202-214, 2хх-71-72, 122-124, 169-173, 230-231, 3хх-15-16, 51-52/, эд мөрийн баримт хэрэгт хавсаргах тогтоол /3хх-19/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-246-250, 2хх-1-15/,

шүүгдэгчийн хувийн байдлын талаарх: иргэний үнэмлэхийн лавлагаа /1хх-220/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1хх-221/, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар /1хх-233/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлж авсан баримтуудыг шинжилж, эд мөрийн баримтад үзлэг хийснээр нотлогдон тогтоогдов.

 

Шүүгдэгч Б.Бямбахүүг давтан үйлдлээр, орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хулгайлан үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэн Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Бүртгэлийн хэлтсийн 2016 оны 9 сарын 14-ний 1/803 тоот албан бичигт /2хх-210/ дурдсанаар Б.Бямбахүү хувьд ногдох өмчгүй байх тул эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэх шаардлагагүй гэж үзсэн болно.

 

Шүүгдэгч Б.Бямбахүүгийн гэм буруутай үйлдлийн улмаас бусдад 15.725.000 төгрөгний хохирол учирснаас 15.425.000 төгрөгний хохирол нөхөн төлөгдөөгүйг нөхөн төлүүлэх шаардлагатай гэж үзэв.

Шүүгдэгч Б.Бямбахүү ял шийтгэгдэж байгаагүй нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар /1хх-221/ нотлогдов.

Шүүгдэгч Б.Бямбахүү анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн боловч бусдад учруулсан гэм хорын хохирлыг нөхөн төлж барагдуулаагүй байх тул оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэв.  

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг төмөр, 1 ширхэг никль цоожийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгах нь зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 295, 296, 297, 298 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Батбаатарын Бямбахүүг давтан үйлдлээр, орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлж үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар Батбаатарын Бямбахүүг эд хөрөнгө хураахгүйгээр 2 /хоёр/ жил 5 /тав/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
  3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар Б.Бямбахүүд оногдуулсан 2 /хоёр/ жил 5 /тав/ сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.
  4. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар Б.Бямбахүүгийн 2016 оны 03 дугаар сарын 21-ний өдрөөс 2016 оны 07 дугаар сарын 20-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 121 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.
  5. Монгол Улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар Б.Бямбахүүгээс 15.425.000 /арван таван сая дөрвөн зуун хорин таван мянга/ төгрөгийг гаргуулан,

хохирогч Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, Алтайн 10-60а тоотод оршин суух /РД:ОЮ86020670/ Балгансүрэнгийн Алтансүхэд 1.055.000 /нэг сая тавин таван мянга/ төгрөгийг,

хохирогч Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, 77 дугаар байрны 7 тоотод оршин суух /РД:РП70030151/ Чулуунбаатарын Нямсүрэнд 720.000 /долоон зуун хорин мянга/ төгрөгийг,

иргэний нэхэмжлэгч Баянгол дүүргийн 8 дугаар хорооны 15 дугаар байрны 104 тоотод оршин суух /РД:ДЮ85051742/ Баярмагнайгийн Орхонд 80.000 /наян мянга/ төгрөгийг,

хохирогч Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо Консулын 20-532 тоотод оршин суух /РД:ТЖ62120265/ Сандуйгийн Оюунбилэгт 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгийг,

хохирогч Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Тоосгоны 11-225 тоотод оршин суух /РД:НФ79062968/ Чулуунбатын Баянбулагт 520.000 /таван зуун хорин мянга/ төгрөгийг,

хохирогч Өвөрхангай аймгийн Арвайхээр хот 2-р багийн 22-276 тоотод оршин суух /РД:ЙЮ90081110/ Ганбаатарын Бат-Өлзийд 240.000 /хоёр зуун дөчин мянга/ төгрөгийг,

хохирогч Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо, Алтайн 1-21а тоотод оршин суух /РД:РС85081707/ Бямбацогтын Өлзийдэлгэрт 6.720.000 /зургаан сая долоон зуун хорин мянга/ төгрөгийг,

хохирогч Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо АОС-н 77 дугаар байрны 3 тоотод оршин суух /РД:ТЕ71022368/ Мөнхтогоогийн Ганцэцэгт 1.100.000 /нэг сая нэг зуун мянга/ төгрөгийг,

хохирогч Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо ХЦ-24-9 тоотод оршин суух /РД:НЗ70112467/ Бүмийн Долгордуламд 3.910.000 /гурван сая есөн зуун арван мянга/ төгрөгийг,

иргэний нэхэмжлэгч Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны 6б байр, 80 тоотод оршин суух /РД:ХЕ80092372/ Гантөмөрийн Мөнхсайханд 210.000 /хоёр зуун арван мянга/ төгрөгийг,

хохирогч Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хорооны Хангайн 1 дүгээр гудамжны 14 тоотод оршин суух /РД:ШГ63121865/ Ичинхорлоогийн Төмөрцэцэгт 70.000 /далан мянга/ төгрөгийг,

хохирогч Архангай аймгийн Хотонт сумын 5-р баг, Орхон гэх газарт оршин суух /РД:АМ95071117/ Алтангэрэлийн Жамбалсүрэнд 200.000 /хоёр зуун мянга/ төгрөгийг тус тус олгосугай.

  1. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг төмөр, 1 ширхэг никль цоожийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.
  2. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж,  Б.Бямбахүүд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн энэ өдрөөс цагдан хорьж, хорих ялыг 2017 оны 04 дүгээр сарын 19-ний өдрөөс эхлэн тоолсугай.
  3. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт тус тус давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
  4. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Б.Бямбахүүд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхийг дурдсугай.       

                       

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              Ү.ТҮМЭНЖАРГАЛ