Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 07 сарын 18 өдөр

Дугаар 524

 

 

Б.Энхтайван, Б.Батдэлгэр, Б.Чинсан нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Оч даргалж, шүүгч С.Соёмбо-Эрдэнэ, Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;

прокурор Д.Ширэндэв,

ялтан Б.Энхтайван, түүний өмгөөлөгч Д.Даваа,

ялтан Б.Батдэлгэр, түүний өмгөөлөгч Д.Бурмаа,

ялтан Б.Чинсангийн өмгөөлөгч З.Бат-Эрдэнэ,  

нарийн бичгийн дарга П.Учралгэрэл нарыг оролцуулан,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунчимэг даргалж, шүүгч З.Болдбаатар, Б.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй хийсэн 2017 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 192 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, ялтан Б.Энхтайван, түүний өмгөөлөгч Д.Даваа, ялтан Б.Батдэлгэр, түүний өмгөөлөгч Д.Бурмаа нарын гаргасан давж заалдах гомдлуудаар, 201601000241 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 6 дугаар  сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Ямаат овогт  Болдын Энхтайван, 1987 оны 5 дугаар сарын 5-ны өдөр Өмнөговь аймагт төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, программист мэргэжилтэй, “Говь фрийдом” ХХК-нд менежерээр ажиллаж байсан, ам бүл 4, эцэг, эх, дүү нарын хамт Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Далангийн 2 дугаар багийн 21 дүгээр байрны 3 тоотод оршин суух бүртгэлтэй боловч, Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, 58-34 тоотод түр оршин суух,

Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 3 дугаар сарын 2-ны өдрийн 270 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 5-ны өдрийн 212 дугаар шүүгчийн захирамжаар “Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хууль”-ийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар эдлээгүй үлдсэн 8 сар 20 хоногийн хорих ялыг өршөөн хэлтрүүлсэн, /РД:КЮ87050573/,

Сартуул овогт Баттөмөрийн Батдэлгэр, 1991 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Эрдэнэбург” ресторанд зөөгчөөр ажиллаж байсан, ам бүл 2, эцгийн хамт Баянгол дүүргийн 7 дугаар хороо, 33 дугаар байрны 143 тоотод оршин суух,

Баянзүрх дүүргийн шүүхийн 2009 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 455 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлсэн, /РД:УК91042439/,

Сартуул овогт Батболдын Чинсан, 1990 оны 8 дугаар сарын 20-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 27 настай, эрэгтэй, дээд боловсролтой, орчуулагч мэргэжилтэй, “Хангай” хотхонд борлуулагчийн менежерээр ажиллаж байсан, ам бүл 2, эхийн хамт Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, 21-4-30 тоотод оршин суух,

Чингэлтэй дүүргийн шүүхийн 2013 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 150 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан, /РД:УМ90082018/,

Б.Энхтайван нь 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр, 1 дүгээр төрөх эмнэлгийн орчимд Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламж бүхий 2.0 грамм жинтэй “мөс” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар Б.Батдэлгэрт 600.000 төгрөгөөр худалдан борлуулсан,

ялтай байхдаа давтан үйлдлээр 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр “Компьютер ланд” төвийн урдаас Б.Насанхүү гэгчээс Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламж бүхий 10.8 грамм жинтэй “мөс” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар олж авч, 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хүртэл Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, 58 дугаар байрны 34 тоот гэртээ болон өөрийн биед борлуулах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан,  

Б.Батдэлгэр нь 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр, 1 дүгээр төрөх эмнэлгийн орчимд Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламж бүхий 2.0 грамм жинтэй “мөс” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг Б.Энхтайванаас борлуулах зорилгоор хууль бусаар олж авч, Баянгол дүүргийн 7 дугаар хороо, 33 дугаар байрны 143 тоот гэртээ хадгалсан,

тухайн бодисыг мөн өдөр Баянгол дүүргийн 7 дугаар хороо, 33 дугаар байрны 4 дүгээр орцны 2-оос 3 давхарт гарах шатны дунд хэсэгт Б.Чинсанд хууль бусаар борлуулахыг завдсан,

Б.Чинсан нь 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Баянгол дүүргийн 7 дугаар хороо, 33 дугаар байрны 4 дүгээр орцны 2-оос 3 давхарт гарах шатны дунд хэсэгт Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламж бүхий 2.0 грамм жинтэй “мөс” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар Б.Батдэлгэрээс олж авахыг завдсан гэмт хэрэгт холбогджээ.

Нийслэлийн прокурорын газраас: Б.Энхтайванд холбогдох үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.2, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсэгт заасныг журамлан 192.1 дэх хэсэгт зааснаар, Б.Батдэлгэрт холбогдох үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.2 дахь хэсэгт зааснаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийн 32.3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.2 дахь хэсэгт зааснаар, Б.Чинсанд холбогдох үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийн 32.3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Б.Энхтайванг мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодисыг борлуулах зорилгогүйгээр олж авсан, хадгалсан, Б.Батдэлгэрийг мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодисыг борлуулах зорилгоор хууль бусаар олж авсан, хадгалсан, мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодисыг хууль бусаар борлуулахыг завдсан, Б.Чинсанг мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар олж авахыг завдсан гэмт хэрэгт гэм буруутайд тус тус тооцож, Б.Энхтайванг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.2 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар, Б.Батдэлгэрийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийн 32.3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.2 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар, Б.Чинсанг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийн 32.3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар 4 сарын хугацаагаар баривчлах ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар Б.Энхтайванд оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.2 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хорих ял дээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялын зарим болох 6 сарын хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 5 жил 7 сарын хугацаагаар, Б.Батдэлгэрт оногдуулсан хөнгөн ялыг хүндэд нь багтаан биечлэн эдлэх ялыг 5 жил 1 сарын хугацаагаар тус тус тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт зааснаар Б.Энхтайван, Б.Батдэлгэр нарын эдлэх ялыг чанга дэглэмтэй хорих ангид тус тус эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар Б.Энхтайван 14 хоног, Б.Батдэлгэр 183 хоног тус тус цагдан хоригдсон, Б.Чинсан 3 хоног саатуулагдсаныг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, Б.Батдэлгэрт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, Б.Энхтайван, Б.Чинсан нарт авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, тэдгээрийн эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолж, тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоолыг ялтан, хохирогч, өмгөөлөгч, яллагч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногт Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

Ялтан Б.Энхтайван давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Б.Батдэлгэртэй Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт уулзсан болох нь үнэн боловч түүнтэй уулзах болсон шалтгаан нь тэрээр над руу залгаж “Б.Насанхүүгийн утасны дугаарыг мэдэх үү” гэж асуухаар нь түүнийг мөн эсэхэд эргэлзэж “Чи Б.Батдэлгэр мөн бол өөрийн биеэр ирж уулзаад дугаарыг ав” гэж хэлээд утсаа салгасан. Удалгүй Б.Батдэлгэр “гэрийн чинь гадаа ирчихлээ” гэхээр нь гарахад өөрөө мөн байхаар нь Б.Насанхүүгийн утасны дугаарыг өгөөд салсан бөгөөд түүнд мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис зарж борлуулаагүй билээ. Гэтэл анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.2 дахь хэсэгт зааснаар 5 жил 7 сарын хугацаагаар хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэнд гомдолтой байгаа бөгөөд уг зүйлчлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Учир нь Б.Батдэлгэр нь мөрдөн байцаалтын шатанд надаас мансууруулах бодис худалдан авсан мэтээр худал мэдүүлэг өгсөн нь ойлгомжгүй байна. Харин Б.Батдэлгэр 2017 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн шүүхийн хэлэлцүүлэгт “Би уг бодисыг Б.Энхтайванаас худалдаж аваагүй” гэж мэдүүлж, “мөс” гэх бодисыг хууль бусаар олж авч хадгалан өөрөө хэрэглэснээ хүлээн зөвшөөрдөг тул хэргийг үнэн зөвөөр шийдэж, анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ялаас хасч, тохирох зүйл ангиар шийдвэрлэж өгнө үү...” гэв.

Ялтан Б.Энхтайваны өмгөөлөгч Д.Даваа давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтад “...Б.Энхтайваныг мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодисыг борлуулсан...” гэснийг, 2 дахь заалтад “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.2 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй...” гэснийг, 3 дахь заалтад “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.2 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хорих ял дээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялын зарим болох 6 сарын хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 5 жил 7 сарын хугацаагаар хорьж шийтгэснийг Эрүүгийн хууль болон Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөв хэрэглэсэн гэж үзэх боломжгүй тул гомдол гаргаж байна.

Б.Энхтайван нь Б.Батдэлгэрт мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх  бодисыг борлуулаагүй. Мөрдөн байцаалтын шатанд Б.Батдэлгэр нь Б.Энхтайванаас 600.000 төгрөгөөр мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодисыг авсан гэж мэдүүлсэн боловч 2017 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн шүүхийн хэлэлцүүлэгт “...Б.Энхтайвантай уулзаж Б.Насанхүүгийн дугаарыг авсан, мөс аваагүй. Цагдаад баригдаад Б.Насанхүүгээс авснаа хэлэхэд “Тайван гэдэг хүнээс авсан биз дээ” гээд байхаар нь худал мэдүүлэг өгсөн. ...Би Мобиком компанид өртэй байсан учир Б.Чинсанаас 600.000 төгрөг зээлсэн...” гэж мэдүүлсэн. Холбогдох нотлох баримт болох дансны хуулгаа шүүхэд гаргаж өгсөн. Энэ байдлыг шүүх анхаарч үзсэнгүй. Шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт шүүгдэгч нарын үйлдсэн хэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдож байгааг дурдаж, нотлох баримтын жагсаалтыг  бичсэн боловч уг баримтууд нь Б.Батдэлгэрээс Б.Энхтайванд мөнгө өгсөн, Б.Энхтайваны дансанд мөнгө орсон болохыг нотлоогүй байна. Иймд Б.Энхтайваны Б.Батдэлгэрт “мөс” борлуулсан үйлдэл нь нотлогдохгүй байгаа болно. Б.Батдэлгэрийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлгээс өөр нотлох баримтаар нотлогдоогүй байхад түүнийг Б.Энхтайванаас “мөс” авсан, Б.Энхтайваныг Б.Батдэлгэрт “мөс” борлуулсан гэж яллаж байгаа нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 82 дугаар зүйлийн 82.2 дахь заалтыг зөрчиж байна.

Шүүгдэгч Б.Энхтайваны сэжигтэн, яллагдагчдаар өгсөн болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүд тогтвортой “...Б.Насанхүүтэй уулзсан, хадгалж бай гэсэн “мөс”-ийг хадгалж байсан...” гэдгээ мэдүүлсэн байдаг. Харин Б.Батдэлгэр “Б.Насанхүүгийн утасны дугаарыг авсан” гэж мэдүүлдэг. Б.Батдэлгэр Б.Энхтайванаас мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис болох “мөс”-ийг авсан болох нь нотлогдоогүй байхад Б.Энхтайваныг заавал дээрх бодисыг борлуулсан гэж зүйлчилж, ял оногдуулж байгаа нь түүний эрх зүйн байдлыг дордуулсан, хууль зүйн үндэслэлгүй тогтоол гарсан гэж үзэж байх тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү...” гэв.

Ялтан Б.Батдэлгэр давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр “мөс” гэх мансууруулах бодисыг 1 дүгээр төрөхийн хашаан дотор Б.Насанхүүгээс 600.000 төгрөгөөр худалдаж авсан нь үнэн. Анх баривчлагдаад энэ тухай мэдүүлсэн боловч огт авч хэлэлцээгүй, энгийн хувцастай, цагдаа болов уу гэмээр хүмүүс намайг зодож дарамтлан “Чи Б.Энхтайванаас “мөс” гэх бодис худалдаж авсан, Б.Чинсанд зарахыг завдсан, өөр мэдүүлэх зүйл байхгүй шүү” гэж гүжирдэн гүтгэж, хэлмэгдүүлэн хүчээр мэдүүлэг авсан. Миний анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг үнэн зөв, энэ бүхнийг шүүх авч хэлэлцээгүй, прокуророос урьд ийм зүйл яриагүй хэмээн ял шийтгэл оногдуулсан. Цагдаагийн болон бусад ажилтаны буруутай үйл ажиллагаанаас Б.Энхтайван, Б.Чинсан нарын талаар худал мэдүүлэг өгч ийм байдалд оруулсандаа туйлын их харамсаж байна. Мөн анхан шатны шүүх хэргийг хэлэлцэхдээ ял хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тогтоолгүй хэт нэг талыг баримтлан ял шийтгэл оногдуулсанд гомдолтой байна. Би энэ хэрэгт холбогдсондоо маш их харамсан гэмшиж байгаагийн дээр өндөр настай, ганц бие эцгийгээ өрөвдөж байна. Иймд хэргийг үнэн зөвөөр шийдэж, хорих ялын хугацааг багасгаж, дэглэмийг хөнгөрүүлж өгнө үү...” гэв.

Ялтан Б.Батдэлгэрийн өмгөөлөгч Д.Бурмаа давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүх Б.Батдэлгэрийг мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодисыг борлуулах зорилгоор хууль бусаар олж авч, хадгалсан, хууль бусаар борлуулахыг завдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 5 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн.

1. Мөрдөн байцаалтын ажиллагааг гүйцэд биш нэг талыг барьж явуулсан, хэргийн талаар нотолбол зохих асуудлыг бүрэн тогтоогоогүй байхад хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь буруу болсон гэж үзэж байна. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1, 80.1.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэргийн сэдэлт, санаа зорилгыг тогтоож чадаагүй байна. Хэргийн газрын үзлэгээр жижиг гялгар ууттай “мөс” гэх бодис орцны дулаан дамжуулах шугам дор хэвтэж байсан. Б.Батдэлгэр, Б.Чинсан нар орцонд уулзсан гэсэн ба “мөс”-ийг худалдан борлуулах, хамт хэрэглэх гэж байсан нь тодорхойгүй. Б.Батдэлгэр яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ “I phone 5S” загварын гар утсыг лизингээр худалдаж аваад 800.000 төгрөгийн өр төлөхөөр Б.Чинсанаас зээлж авсан” гэж мэдүүлсэн байхад энэ талаар шалгаагүй бөгөөд “Мобиком” компанид 800.000 төгрөгийн зээлтэй байсан нь тогтоогддог. Б.Батдэлгэр өөрт байсан “мөс” гэх бодисыг гэртээ хадгалж хэрэглэж байсан нь гэрт нь хийсэн үзлэгээр тогтоогдсон. Гэтэл худалдан борлуулах зорилгоор олж авсан, Б.Чинсанд худалдан борлуулахыг завдсан гэж шүүх үзсэн нь үндэслэлгүй байна. Шүүгдэгч мөрдөн байцаалтын шатнаас өмгөөлөгч авсан байхад ял сонсгох, байцаалт авах ажиллагаанд түүний өмгөөлөгчийг оролцуулаагүй, хэргийн материал танилцуулахдаа өмгөөлөгчгүйгээр танилцуулсан, өмгөөлөгчид мөрдөн байцаалтын ажиллагаа дууссаныг мэдэгдээгүй, хэргийн материалтай танилцуулаагүй зэрэг яллагдагчийн хуульд заасан эрхийг зөрчсөн. Энэ байдал нь яллагдагчийг дарамтлах, хууль бусаар мэдүүлэг авсан байх үндэслэлтэй байна. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч мөрдөн байцаалтын шатанд өмгөөлөгч оролцуулаагүй, мансууруулах бодисыг Б.Насанхүүгээс авсан гэж хууль бусаар дарамталж мэдүүлэг авсан байхад тогтоолдоо энэ талаар “гомдол гаргаагүй” гэж үндэслэлгүй тодорхойлсон.

2. Шүүхийн тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй байх хуулийн шаардлага хангаагүй. Шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт Б.Батдэлгэрт завдсан гэх үйлдэлд ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 60 дугаар зүйлд заасныг журамлалгүй Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн  хугацаагаар хорих ял оногдуулсан нь ойлгомжгүй байна. Б.Батдэлгэр нь Баянзүрх дүүргийн шүүхийн 2009 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 455 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлсэн байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт “хүнд гэмт хэрэг үйлдсэн, эсхүл хорих ял эдэлж байсан ...ялтны хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлнэ” гэж заасан. Гэтэл Б.Батдэлгэр нь урьд нь баривчлах ялаар шийтгүүлж байсан, завдсан гэмт хэрэгт холбогдсон зэргээс түүнд оногдуулсан хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр заасан нь хууль зүйн үндэслэлгүй байна. Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү...” гэв.

Ялтан Б.Чинсангийн өмгөөлөгч З.Бат-Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд гомдол гаргаагүй. Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ялын төрөлд баривчлах ял байхгүй болсон. Иймд Б.Чинсанг суллаж өгнө үү...” гэв.

Прокурор Д.Ширэндэв тус шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “...Б.Энхтайван болон түүний өмгөөлөгч “худалдан борлуулсан асуудал байхгүй” гэж байна. Анхан шатны шүүх хуралдаанд ч ингэж ярьдаг боловч 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Б.Энхтайван, Б.Батдэлгэр хоёр уулзсан гэдгээ хэлдэг. Б.Батдэлгэрийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаар тогтооогдож байгаа бусад нөхцөл байдлаас дүгнэхэд энэ өдөр Б.Чинсанаас 800.000 төгрөгийг Б.Батдэлгэр эцгийнхээ Хаан банкны дансаар авсан байдаг. Үүнээс 600.000 төгрөгийг бэлнээр авч, 15 цагийн үед Б.Энхтайвантай уулзаж “мөс” гэх мансууруулах бодисыг авсан. Ингээд 2 цагийн дараа буюу 17 цагийн орчим гэртээ Б.Чинсанд 800.000 төгрөгийн хариуд “мөс” гэх мансууруулах бодисыг өгөх гэж байгаад үйлдэл дээрээ баригдсан. Б.Батдэлгэрийн борлуулах зорилгыг тогтоогоогүй, орцонд “мөс” гэх бодис олдсон боловч цуг хэрэглэх гэж байсан уу, борлуулах гэж байсан уу гэсэн асуудлыг тогтоогоогүй гэж байгаа боловч Б.Чинсангийн мэдүүлэг, дансаар мөнгө авсан асуудал зэрэг нөхцөл байдлаас авч үзэхэд худалдан борлуулах зорилготойгоор “мөс” гэх мансууруулах бодисыг олж авсан гэдэг нь тогтоогдсон. Анх Б.Энхтайван мэдүүлэг өгөхдөө “Б.Батдэлгэр гэж хүнийг би мэдэхгүй, танихгүй, энэ хүнтэй хамааралгүй” гэдэг боловч сүүлд Б.Батдэлгэр, Б.Энхтайван хоёрын утсаар холбогдож байсан нь цаг минутаараа гарч ирж, уулзсан асуудал нь тогтоогдсон учир ямар ч аргагүй болж “бид хоёр уулзахын хувьд уулзсан. Гэхдээ Б.Насанхүүгийн утасны дугаарыг авах гэж уулзсан” гэдэг. Хүний утасны дугаарыг авахын тулд заавал биеэр очиж уулзах шаардлагагүй гэж үзэж байна. Тухайн бодисыг Б.Чинсанд өгөх гэж байгаа цаг хугацааг тооцож үзвэл Б.Энхтайванаас 600.000 төгрөгөөр худалдаж авсан байна гэж үзэж анхан шатны шүүхээс ял оногдуулсан нь үндэслэлтэй. Б.Чинсангийн өмгөөлөгчийн тайлбарын тухай ямар нэгэн тайлбар байхгүй. Учир нь шинэчлэн найруулсан Эрүүгийн хуульд баривчлах ял байхгүй болсон гэдэгтээ санал нэг байна. Д.Бурмаа, Д.Даваа өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлын тухайн хэргийг мөрдөн байцаалтад буцаах шаардлагатай гэж байгаа боловч шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулиар давж заалдах шатны шүүхээс хэргийг мөрдөн байцаалтад буцаах ойлголт байхгүй болсон. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар давж заалдах шатны шүүхээс гарах шийдвэрийн дотор мөрдөн байцаалтад хэргийг буцаана гэсэн ойлголт байхгүй. Харин анхан шатны шүүхэд хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах ойлголт байгаа тул мөрдөн байцаалтад буцаах тухай тэдний гомдлыг хүлээж авах боломжгүй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны үндэслэлтэй гарсан тул хэвээр үлдээж, давж заалдсан гомдлуудыг хэрэгсэхгүй болгох саналтай байна...” гэв.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт “Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн” гэсэн үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл тогтоогдож байна.

Учир нь (2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь хэсэг) Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна” гэж заасныг хэрэглэлгүй орхигдуулж, шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй зөрчил гаргажээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Давж заалдах шатны шүүх нь анхан шатны шүүхээр хэлэлцээгүй, тогтоогдоогүй нөхцөл байдал, шинжлэн судлаагүй нотлох баримтыг шийдвэрийн үндэслэл болгохгүй” гэж заасан тул давж заалдах шатны шүүх дээрх зөрчлийг зөвтгөх боломжгүй болно.

Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Б.Энхтайван, түүний өмгөөлөгч Д.Даваа, шүүгдэгч Б.Батдэлгэр, түүний өмгөөлөгч Д.Бурмаа нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэлэлцэхгүй орхиж, Б.Энхтайван, Б.Батдэлгэр, Б.Чинсан нарт холбогдох хэргийг шүүх хуралдааны ажиллагаанаас дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Түүнчлэн анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ (2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 60 дугаар  зүйлийн 60.3 дахь хэсэг) Эрүүгийн хуулийн 2.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдэхээр завдсан үйлдлийн шинж ба гэмт хэргийг төгсгөж чадаагүй нөхцөл байдлыг харгалзан энэ хуулийн тусгай ангид тухайн гэмт хэрэгт оногдуулахаар заасан ялын дээд хэмжээний гуравны хоёроос хэтрүүлэхгүйгээр ял оногдуулна.” гэсэн заалтыг хэрэглэлгүй орхигдуулсан зөрчил гаргасныг дурдвал зохино.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 192 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Б.Энхтайван, Б.Батдэлгэр, Б.Чинсан нарт холбогдох хэргийг шүүх хуралдааны ажиллагаанаас эхлэн, дахин хэлэлцүүлэхээр мөн дүүргийн шүүхэд буцаасугай.

2. Хэрэг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч Б.Энхтайван, Б.Батдэлгэр, Б.Чинсан нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.          

                                               

                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           Ц.ОЧ

 

                      ШҮҮГЧИД                                                             С.СОЁМБО-ЭРДЭНЭ

 

                                                                                                      Н.БАТСАЙХАН