| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дарамын Мягмаржав |
| Хэргийн индекс | 105/2020/0938/Э |
| Дугаар | 967 |
| Огноо | 2020-08-04 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Ч.Түмэн-Өлзий |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 08 сарын 04 өдөр
Дугаар 967
2020 08 04 2020/ДШМ/967
Б.Ид холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Б.Ариунхишиг, Д.Мягмаржав нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Ч.Түмэн-Өлзий,
цагаатгагдсан этгээд Б.И, түүний өмгөөлөгч У.Сайнбилэг,
нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхтуяа даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 2020/ШЦТ/1015 дугаартай цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч прокурор Ч.Түмэн-Өлзийгийн бичсэн 2020 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн 72 дугаартай улсын яллагчийн эсэргүүцлээр Б.Ид холбогдох эрүүгийн 1906062941076 дугаартай хэргийг 2020 оны 7 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Мягмаржавын илтгэснээр хянан хэлэлцэв.
...................., 19........ оны ...........дугаар сарын 31-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 3, эх, дүү нарын хамт Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, Бэлхийн 36 дугаар гудамжны 312а тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:......../,
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2001 оны 6 дугаар сарын 5-ны өдрийн 349 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 50.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн;
Б.И нь 2019 оны 10 дугаар сарын 16-ны шөнө Баянзүрх дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хүргүүлэхээр үйлчлүүлсэн иргэн Б.Ишжамцын согтуу байдлыг далимдуулан түүний эзэмшлийн “Самсунг А5” загварын гар утас, бэлэн 320.000 төгрөг, “Хаан” банкны картнаас нь бэлэн 200.000 төгрөгийг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, 670.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Б.Иы үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ..................ы хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж, Б.Ид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хэрэг хадгалах хугацаанд хэрэгт хавсаргаж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Б.И нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3-т тус тус зааснаар Б.И нь энэ хэргийн улмаас өөрт хохирол учирсан гэж үзвэл нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэйг тайлбарлаж шийдвэрлэжээ.
Прокурор Ч.Түмэн-Өлзий бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Хавтаст хэрэгт авагдсан хохирогч Б.Ишжамцын “...би машинд нь унтчихсан байсан. Тэгээд Цайз 16 орчимд явж байхад сэрсэн. Тэгээд жолоочоос миний халаасанд байсан гар утас, бэлэн мөнгө зэрэг эд зүйл байхгүй байна гэж асуутал урдаас хэрэлдээд байсан. ...“Самсунг галакси А5” загварын гар утас, бэлнээр 320.000 төгрөг, мөн миний эзэмшлийн 5103035678 гэсэн данснаас 200.000 төгрөг бэлнээр гарсан байсан. ...” гэх мэдүүлгээр хохирогч нь анх автомашинд суухад гар утас болон бэлэн мөнгө байсан талаар өөрийн мэдүүлгээр нотолдог. Мөн хохирогчийн дээрх мэдүүлгийг Н.Ариунболд гэрчээр өгсөн “...Ишжамцын хамт такси барихаар болж замын хажууд гар өргөөд зогсож байтал цагаан өнгийн машин ирж зогссон, тухайн жолоочид “Шар хад орно, замдаа би Сансарын колонк дээр бууна” гэж хэлээд машинд ороод унтаад өгсөн. Нэг сэрсэн чинь Цайз 16-гийн орчимд явж байх шиг байсан. Манай найз араас дуудаад миний гар утас болон бусад эд зүйл алга болсон байна, чиний юмнууд чинь байна уу гэхээр нь халаасандаа үзтэл байхгүй байсан. Тухайн жолоочийг “чи гар утас болон бусад зүйлийг авчихлаа, гаргаад өг” гэтэл “би аваагүй” гээд маргалдсан. Чи буугаад ир гэсэн, би буугаад машины урд талаар тойроод очих гэтэл намайг орхиод машинтайгаа яваад өгсөн. ...Ишжамцад гар утас байсан. Банкны зээл төлнө гээд найзаасаа зээлийн мөнгөө зээлчихсэн гэж надад ярьж байсан. ...” гэх мэдүүлгээр хохирогчийн мэдүүлэг нь нотлогддог. Мөн хохирогч 320.000 төгрөгтэй байсан болох нь гэрч Ү.Энхжавхлангийн “...2019 оны 10 дугаар сарын 15-ны өглөө 08 цагийн үед залгаад банкны мөнгө төлөх хугацаа болчихсон юм. Найздаа 340.000 төгрөг зээлүүлээч гэж утсаар ярьсан. Би зөвшөөрч, ирээд авчих гэсэн юм. Ишжамц ирээд аваад явсан...” гэх мэдүүлгээр нотлогдон тогтоогдсон. Гэтэл шүүхээс шүүгдэгч Б.Иы яллагдагчаар өгсөн мэдүүлэг болон шүүх хуралдааны шатанд өгсөн “...би хохирогчийн бэлэн 320.000 төгрөг болон гар утас зэрэг зүйлийг аваагүй. Харин картнаас 220.000 төгрөгийг авсан. ...” гэх мэдүүлгийг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдоогүй, мөн дээрх мэдүүлгийн эх сурвалж нь тодорхойгүй байхад үнэлж дүгнэн цагаатгах тогтоол гаргасан байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад “...шүүгдэгчийг цагаатгах үндэслэл болсон нотлох баримтын агуулга, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн, эсхүл улсын яллагчийн дүгнэлт, өмгөөлөгч, иргэдийн төлөөлөгчийн саналыг няцаан үгүйсгэсэн үндэслэл...”-ийг тусгахаар заасан байтал хохирогч Б.Ишжамц, гэрч Н.Ариунболд, Ү.Энхжавхлан нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлгийг үгүйсгэж байгаа нотлох баримт хэрэгт авагдаагүй байтал дан ганц шүүгдэгчийн мэдүүлгийг үнэлж, гэм буруутайд тооцох нөхцөл байдал үгүйсгэгдэж байна гэж дүгнэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт, 2 дахь хэсэг, 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтын тус тус удирдлага болгон гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэлээр Б.Ид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Иймд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 2020/ШЦТ/1015 дугаартай цагаатгах тогтоолтыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү.” гэв.
Цагаатгагдсан этгээд Б.И тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би бэлэн мөнгө аваагүй, гар утас ч байгаагүй. Бинзен клонк дээр зогсоход хохирогчийн найз нь надад картыг нь авч өгсөн. Тэгээд би картнаас нь 200.000 төгрөг авсан. Дансанд нь 360.000 төгрөг байсан. 20.000 төгрөг авах гэж байгаад 200.000 төгрөг авсан.” гэв.
Цагаатгагдсан этгээд Б.Иы өмгөөлөгч У.Сайнбилэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй гарсан. Хэргийн нөхцөл байдалд нийцсэн, үнэн зөв шийдвэр гаргасан. Учир нь, Б.И тухайн хохирогчийн карт машин дотор ил байхад нь аваад 200.000 төгрөг уншуулж авсан болохоо хүлээн зөвшөөрч байгаа. Хохирогч найзынхаа хамт таксинд суух үед гар утас болон 320.000 төгрөг бэлнээр байсан эсэх нь хавтас хэрэгт авагдсан баримтаар бүрэн дүүрэн нотлогдоогүй. Уг хэрэг 2019 оны 10 дугаар сарын 16-ны шөнө гарсан. Хохирогчид мөнгө зээлсэн гэх Энхжавхлан мэдүүлэхдээ “2019 оны 10 дугаар сарын 15-ны өглөө мөнгө өгсөн” гэсэн байдаг. 2019 оны 10 дугаар сарын 16-ны шөнө хүртэл тэр мөнгө нь хохирогчийн халаасанд нь байсан юм уу, эсхүл зээлээ төлсөн юм уу, хаяж гээгдүүлсэн юм уу гэдэг нь тодорхойгүй байдаг. Хохирогч таксинд суугаад картаа уншуулж 20.000 төгрөгөөр бинзен хийсэн байдаг. Бэлэн мөнгө байсан бол картаа уншуулах шаардлага байгаагүй. Хохирогч Б.Ишжамцтай хамт явж байсан найз Ариунболд нь мэдүүлэхдээ “тухайн үед миний эд зүйл мөн байхгүй болсон байсан. Гэртээ очсон чинь өмдний шуумган дотроос гар утас гарч ирсэн” гэсэн байдаг. Гэтэл тухайн үед Ариунболд нь Идэрсайханаас утсаа нэхсэн байдаг. Хэрвээ Ариунболдын утас өмднийх нь шуумагнаас унаад хаягдсан байсан бол Б.Иаас нэхэмжлэх үндэслэл бий болоод байдаг. Б.Иыг 200.000 төгрөг авсан юм чинь алдагдсан бүх эд зүйлсийг авсан байх үндэслэлтэй гэх байдлаар хандаж болохгүй гэж үзэж байна. Ариунболд, Ишжамц хоёр согтуу байсан бөгөөд зохисгүй ааш, авир гаргасан болох нь хавтас хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон. Согтуу байсан тул өөрсдөө эд зүйлээ хаяж үрэгдүүлсэн байх боломжтой. Иймд анхан шатны шүүх эргэлзээтэй гэх үндэслэлээр Б.Иыг цагаатгаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй.” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэв.
Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдсонгүй.
Прокуророос Б.Иыг 2019 оны 10 дугаар сарын 16-ны шөнө Баянзүрх дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хүргүүлэхээр үйлчлүүлсэн иргэн Б.Ишжамцын согтуу байдлыг далимдуулан түүний эзэмшлийн “Самсунг А5” загварын гар утас, бэлэн 320.000 төгрөг, “Хаан” банкны картнаас нь бэлэн 200.000 төгрөгийг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, 670.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Анхан шатны шүүх хэргийг хүлээн авч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд Б.Ид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж шийдвэрлэжээ.
Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаж, дүгнэлт хийхэд Б.И нь 2019 оны 10 дугаар сарын 16-ны шөнө Баянзүрх дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хүргүүлэхээр үйлчлүүлсэн иргэн Б.Ишжамцын согтуу байдлыг далимдуулан “Хаан” банкны картнаас нь бэлэн 200.000 төгрөгийг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, 200.000 төгрөгийн хохирол учруулсан нь:
хохирогч Б.Ишжамцын “...Би машинд нь унтчихсан байсан. Тэгээд Цайз 16 орчимд явж байхад сэрсэн. Тэгээд жолоочид “миний халаасанд байсан гар утас, бэлэн мөнгө зэрэг эд зүйл байхгүй байна” гэж асуутал урдаас хэрэлдээд байсан. ...Мөн миний эзэмшлийн 5103035678 гэсэн данснаас 200.000 төгрөг бэлнээр гарсан байсан. ...” /хх 12/,
цагаатгагдсан этгээд Б.Иы яллагдагчаар өгсөн “...АТМ-д картыг нь уншуулж үзэхэд 360.000 төгрөг байхаар нь 200.000 төгрөг авчихсан. Тэндээсээ оюутны байранд очоод тэр хоёрыг дуудахад сэрсэн ба босч ирээд надаас гар утас нэхээд эхэлсэн. Хоёуланг нь буулгаад өөрийгөө болон машинаа нэгжүүлсэн ба гарч ирээгүй. Би уг нь хохирогчид танай найз гар утсыг чинь авсан гэж хэлсэн. Найзыг нь нэгжих гэтэл намайг шанаа хэсэг рүү гараараа 1 удаа цохисон. Тэгээд би өөрөө 200.000 төгрөг авчихсан байсан болохоор тэр хоёроос хурдан салах гээд машиндаа суугаад зугтсан. Тухайн үед хохирогч миний машины ард хаалгыг онгойлгоод суучихсан. ...” /хх 38/ гэх мэдүүлгүүд,
хохирогч Б.Ишжамцын 5103035678 дугаартай “Хаан” банкны депозит дансны хуулга /хх 29/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Харин анхан шатны шүүх Б.Иг хохирогч Б.Ишжамцын гар утас, бэлэн 320.000 төгрөгийг авсан гэх үйлдлийг хохирогч Б.Ишжамц нь хэрэг болохоос өмнө, эсхүл хэрэг болсон гэх цаг мөчид архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэж, түүний гар утас, бэлэн мөнгө өөрт нь байсан болохыг нотлоогүй, хэн авсан болохыг шууд зааж чадаагүй, гэрч Н.Ариунболд хохирогчид 320.000 төгрөг байсан талаар хараагүй, Б.Ишжамц өөрт нь хэлсэн, гар утас нь Б.Ишжамцад байсан гэх боловч хэзээ, хаана байсан талаар мэдүүлээгүй бөгөөд хохирогч, гэрч нар нь их хэмжээний согтолттой байсан талаар мэдүүлсэн, Б.Иы жолоодож байсан машинд суухдаа гар утас болон бэлэн мөнгөө авч ирсэн болох нь нотлогдоогүй буюу эргэлзээтэй гэж дүгнэсэн нь үндэслэлтэй болжээ.
Хохирогч Б.Ишжамц “...тухайн таксины жолоочтой Шар хад орно гэж тохироод “явъя” гэтэл “бензин муутай байна, бензин хийчих” гэсэн. Таван шарын автобусны буудлын орчим байх “Жаст ойл” шатахуун түгээх колонкоос бензин хийсэн. ...” /хх 12/ гэж, шүүгдэгч Б.И яллагдагчаар “...урд сууж байсан залуу хойно сууж байсан залуугийн халаасыг ухаад Хаан банкны ногоон өнгөтэй карт гаргаж ирээд надад өгсөн. Би картыг нь аваад колонк дээр зогсоод ямар ч байсан эхлээд 20.000 төгрөгөнд бензин хийхэд найз нь надад кодыг нь хэлж өгсөн. ...” /хх 37/ гэж тус тус мэдүүлснээс дүгнэхэд хохирогч сайн дураараа өөрийн картыг Б.Ид өгчээ.
Түүнчлэн, Б.И нь хохирогч Б.Ишжамцын картнаас 20.000 төгрөг авах үедээ картны үлдэгдлийг шалгаж, 200.000 төгрөг авсан үйлдэлд хохирогчийн хайхрамжгүй нөхцөл байдал нөлөөсөн байх ба Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан бол хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан бөгөөд “Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан үйлдлийн улмаас бага хэмжээний хохирол учруулсан бол гэмт хэрэг үйлдсэнд тооцохгүй” гэж тайлбарлажээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.3-д “бага хэмжээний хохирол гэж 300 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс доош хэмжээг ойлгоно” гэж заасан бөгөөд шүүгдэгч Б.Иы 200.000 төгрөг хулгайлсан үйлдэл нь бага хэмжээний хохирол байх тул түүний үйлдлийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй гэж Б.Иыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан гэмт хэргийн шинжгүй гэсэн үндэслэлээр цагаатгаж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэснийг буруутгах хууль зүйн үндэслэлгүй байх тул прокурорын “...анхан шатны шүүх шүүгдэгчийг цагаатгах үндэслэл болсон нотлох баримтын агуулга, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн, эсхүл улсын яллагчийн дүгнэлт, өмгөөлөгч, иргэдийн төлөөлөгчийн саналыг няцаан үгүйсгэсэн үндэслэл”-ийг тусгаагүй гэсэн агуулга бүхий эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Анхан шатны шүүх цагаатгах тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтад Б.Иы хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ямар зүйл, хэсэг, заалтад заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж байгаа талаар тодорхой заагаагүй байх тул зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзэв.
Цагаатгагдсан этгээд Б.И нь хохирогч Б.Ишжамцад хохирлын 200.000 төгрөгийг 2020 оны 5 дугаар сарын 28-ны өдөр төлсөн /хх 58/ болохыг дурдаж байна.
Иймд, анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолын 1 дэх заалтад өөрчлөлт оруулж, прокурор Ч.Түмэн-Өлзийгийн бичсэн 2020 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн 72 дугаартай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтуудыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 2020/ШЦТ/1015 дугаартай цагаатгах тогтоолын 1 дэх заалтын “Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овгийн Батсайханы Идэрсайханы хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгасугай” гэснийг “Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овгийн Батсайханы Идэрсайханы хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгасугай” гэж өөрчилсүгэй.
2. Цагаатгах тогтоолын бусад заалтуудыг хэвээр үлдээж, прокурор Ч.Түмэн-Өлзийгийн бичсэн 2020 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн 72 дугаартай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.
3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Т.ӨСӨХБАЯР
ШҮҮГЧ Б.АРИУНХИШИГ
ШҮҮГЧ Д.МЯГМАРЖАВ