Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 09 сарын 10 өдөр

Дугаар 102/ШШ2021/02238

 

 

 

 

2021 оны 09 сарын 10 өдөр

Дугаар 102/ШШ2021/02238

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Гандиймаа даргалж, шүүгч А.Сарантуяа, Ж.Эрдэнэчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг 6 дугаар хороо * “Т К” ХХК /РД: */

 

Хариуцагч: Баянгол дүүрэг 6 дугаар хороо * “К Т И” ХХК /РД:*

 

196,251,379 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.У, Б.Г

                                   нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Б

                              хариуцагчийн төлөөлөгч С.О, Д.Б

                                хариуцагчийн өмгөөлөгч С.Я

                                иргэдийн төлөөлөгч Ө.Б

        нарийн бичгийн дарга О.Золзаяа нар оролцов.

 

Нэхэмжлэлийг 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авав.

 

 ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Т К” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:  Нэхэмжлэгч “Т К” ХХК нь хуулийн дагуу 2007 оны 02 дугаар сарын 02- ны өдөр албан ёсоор “Т К” ХХК гэсэн нэрээр бүртгэгдэж орон сууц нийтийн аж ахуйн /цаашид “ОСНАА” гэх/ үйл ажиллагааны чиглэлээр холбогдох төрийн байгууллагаас тусгай зөвшөөрөл авч үйл ажиллагаа явуулж 11 жилийн хугацаанд үйлчлүүлэгч иргэд, байгууллагад танигдсан нэр хүнд бүхий байгууллага болсон. МУ-ын компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.1, 83.3-т заасны дагуу компанийн өдөр тутмын үйл ажиллагааг хариуцан гүйцэтгүүлэхээр Д Быг гүйцэтгэх захирлаар томилон ажиллуулж байсан. Д.Б нь нэхэмжлэгч “Т К” ХХК-д гүйцэтгэх захирлаар ажиллаж байх хугацаандаа буюу 2015 онд МУ-ын Иргэний хуулийн 27 дугаар зүйлийн 27.3 /хуулиин этгээдийн нэр өөр хуулийн этгээдийн нэртэй давхардсан буюу бусдыг төөрөгдүүлэхээр ижил, төсөөтэй байж болохгүй/-д заасныг зөрчиж “Т К” ХХК-тай төсөөтэй, нэртэй бусдыг төөрөгдүүлсэн үйл ажиллагааны чиглэл нь адилхан ОСНАА-ын “К Т” ХХК-ийг үүсгэн байгуулан /нэхэмжлэгч компанийн гомдлоор “К Т И ” гэсэн нэрээр өөрчлөгдөж, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн хүчин Т шийдвэрээр “К Т И” ХХК болж өөрчлөгдсөн/, “Т К” ХХК-ийн хариуцдаг байсан Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэсвгэрт байрлах орон сууцны барилгуудын ашиглалтыг өөрийн “К Т ” ХХК-д үндэслэлгүйгээр шилжүүлж, ашиглалтын болон орлогыг хураан авч нэхэмжлэгч “Т К” ХХК-д их хэмжээний хохирол учруулсан. Тодруулбал: Нэхэмжлэгч “Т К” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Д.Бы бусдыг төөрөгдүүлсэн, ижил төсөөтэй “К Т” ХХК-ийг 2015 оны 3 дугаар сард үүсгэн байгуулж “Т К” ХХК-ийн тусгай зөвшөөрлийн хүрээнд хамрагдаж, үйлчилгээ үзүүлдэг байсан Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 81 дүгээр байр, 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 50А, 50Б байр, 57Б, 62Б байр, 74, 77А, 776, 75Б, 84-р байрнууд, Эм Ди  Топ Хы 65, 66, 67, Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо 46а, 46б дугаар байрнуудыг нэхэмжлэгч “Т К” ХХК, түүний хувьцаа эзэмшигч С.Бд мэдэгдэлгүйгээр, ямар нэгэн гэрээ, хэлцэл байгуулалгүй, оршин суугчдын дулааны төлбөрийг тусгай зөвшөөрөлгүй “К Т И” ХХК-ийн нэрээр авч, тус орон сууцны барилгуудын орлогыг тусгай зөвшөөрөлгүй “К Т” ХХК-ийн дансанд төвлөрүүлсэн байдаг. Хариуцагч “К Т И” ХХК нь Эрчим хүчний зохицуулах хорооноос дулаан түгээх тусгай зөвшөөрөлгүйгээр нэхэмжлэгч “Т К” ХХК-ийн эрчим хүчний зохицуулах хорооноос тогтоож өгсөн тарифыг ашиглаж өөрийн нэр дээр хууль бусаар шилжүүлэн авч, үйлчилгээ үзүүлдэг орон сууцны байрнуудын халаалт, халуун усны суурь хураамжийн 2017 оны 12 дугаар сараас 2019 оны 6 дугаар сар хүртэл нийт 83,725,400 төгрөгийн төлбөрийг үндэслэлгүйгээр хураан авсан байна. / Өөрөөр хэлбэл дээрх нэхэмжлэгч компанийн Эрчим хүчний зохицуулах хорооноос авсан тусгай зөвшөөрлийн хамрах хүрээнд Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 81 дүгээр байр, 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 50А, 50Б байр, 57Б, 62Б байр, Эм Ди Топ Хы 65, 66, 67, 74, 75А, 75Б, 84-р байрнууд ордог бөгөөд дээрх орон сууцны байрнуудын халаалт, халуун усны суурь хураамжийн төлбөрийг тусгай зөвшөөрөл эзэмшигч нэхэмжлэгч “Т К” ХХК авах ёстой байсан орлогыг хариуцагч “К Т И” ХХК нь хууль бусаар 83,725,400 төгрөгийг хураан авч нэхэмжлэгч компанийг хохироосон. 1.            Нэхэмжлэгч “Т К” ХХК-ийн тусгай зөвшөөрлийн хамрах хүрээнд ашиглалт үйлчилгээг нь үзүүлдэг Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Н Хы 5 орон сууцны барилгын ус дулаанаар хангах зориулалттай ЦТП-ээс хариуцагч “К Т И” ХХК-ийн хууль бусаар ашиглалт үйлчилгээг нь авах болсон БГД-ийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 65, 67, 47, 84, 57б, 77а, 77б, 75б тоот орон сууцны барилга ус, дулаанаар хангагддаг бөгөөд дээрх 9 ширхэг орон сууцны барилга руу халуун ус, дулаан шахах зориулалтаар Н Хы ЦТП дотор цахилгаан насос ажилладаг. Дээрх цахилгаан насос ажиллаж байж хариуцагч “К Т И” ХХК-ийн ашиглалт үйлчилгээг, орлогыг нь хураан авч буй орон сууцны барилга руу халуун ус, дулаан дамжуулдаг бөгөөд хариуцагч “К Т И” ХХК нь 2015 оны 3 дугаар сараас 2019 оны 9 дүгээр сар хүртэлх насосны цахилгааны төлбөр болгох 57,555,810 төгрөгөөс 2018 оны 4 дүгээр сараас 2018 оны 12 дугаар сарын төлбөр болох 8,871,165.5 төгрөгийг төлсөн байдаг. Үлдэгдэл төлбөр болох 48,684, 645 төгрөгийн төлбөрийг төлөлгүй нэхэмжлэгч компанийг хохироож байна.  2. “Т К” ХХК-ийн ашиглалт үйлчилгээг нь хариуцдаг Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Н Хы 5 байрны ус, дулаанаар хангах зориулалттай ЦТП-д дулаан дамжуулах төв шугам нэг тоолууртай бөгөөд тус тоолууртай дулааны шугамаар дамжсан дулааны төлбөрийг дулааны хэрэглэгч нараас хураан авч цааш нь дулаанаар хангагч байгууллага болох “У Д С” ТӨХК-д тоолуурын заалтаар “У Д С” ТӨХК-тай байгуулсан Дулааны эрчим хүч худалдах, худалдан авах гэрээний дагуу төлж ирсэн. Хариуцагч “К Т И” ХХК-ийн хууль бусаар шилжүүлэн авсан БГД-ийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 65, 67, 47, 84, 57б, 77а, 77б, 75б орон сууцны барилгууд нь нэхэмжлэгч компанийн өмчлөлийн “Н” Хы ус дулаанаар хангах зориулалттай ЦТП-ээс дулаанаар «нгагддаг бөгөөд “У Д С” ТӨХК-ийн БТТ-ийн инженерН.Ариунаа нь Н Хы ус дулаанаар хангах эориулалттай ЦТП-ээс нэхэмжлэгч “Т К” ХХК болон хариуцагч “К Т И” ХХК-ийн хариуцан үйлчилгээ үзүүлдэг орон сууцны барилгуудын дулаан хэрэглэгчдийн ачааллын хуваарилалтыг гаргасан байдаг. Тус ачааллын хуваарилалтаар Н Хыг ус дулаанаар хангах зориулалттай ЦТП-ээс “Т К” ХХК-ийн хариуцдаг Н Хы 5 орон сууцны барилгын дулааны хэрэглээний ачаалал нь 60.54 хувь, “К Т И” ХХК- ийн хариуцдаг 9 орон сууцны барилгын хэрэглээний ачаалал нь 39.46 хувиар тогтоож өгсний дагуу “У Д С” ТӨХК-иас ирүүлсэн дулааны төлбөрийн нэхэмжлэлийг хариуцагч “К Т И” ХХК нь тогтоосон 39.46 хувиар тооцож дулааны төлбөрийг төлж байсан боловч 2019 оны 01 дүгээр сараас 2019 оны 05-р сар хүртэлх дулааны төлбөр алдангийн хамт нийт 63,841,334 төгрөг төлөгдөөгүй байна. Хариуцагч “К Т И” ХХК нь өөрсдийн хууль бусаар авч үйлчилгээ үзүүлдэг орон сууцны барилгын дулааны төлбөрийг төлөөгүйгээс нэхэмжлэгч “Т К” ХХКомпанийн эрчим хүчний тусгай зөвшөөрлийг сунгаж өгөхгүй, цаашлаад дулаанаар хангахгүй байх нөхцөл бүрдүүлж байна. Хариуцагч “К Т И” ХХК-ийн эрчим хүчний тухай хуульд заасан тусгай зөвшөөрөлгүйгээр нэхэмжлэгч “Т К” ХХК-ийн тусгай зөвшөөрлийн хүрээнд байдаг Баянгол дүүргийн 5-р хорооны нутаг дэвсгэрт байрлах * дүгээр байр, 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах *дүгээр байрнууд, Эм Ди Топ Хы 65, 66, 67, Баянзүрх дүүргийн 5-р хороо 46а, 466 байрнуудын дулааны суурь хураамжийн орлого болох 83,725,400 төгрөгийг хураан авсан, мөн дээрх орон сууцнуудын барилгыг ус, дулаанаар хангахад зориулж насосны цахилгааны төлбөр болох 48,684,645 төгрөгийг төлөөгүй, Н Хы дулааны ус дамжуулах ЦТП-ээс дамжин авдаг 9 орон сууцны дулааны төлбөр болох 63,841,334 төгрөг нийт 196,251,379 төгрөгийн төлөлгүй нэхэмжлэгч компанийг хохироож байна. Иймд “К Т И” ХХК-иас нийт 196,251,379 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулж өгнө үү.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.У шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч “Т К” ХХК нь хуулийн дагуу 2007 оны 2 дугаар сарын 02-ны өдөр албан ёсоор “Т К” ХХК гэсэн нэрээр бүртгэгдэж орон сууц нийтийн аж ахуйн үйл ажиллагааны чиглэлээр холбогдох төрийн байгууллагаас тусгай зөвшөөрөл авч үйл ажиллагаа явуулж 11 жилийн хугацаанд үйлчлүүлэгч иргэд, байгууллагад танигдсан нэр хүнд бүхий байгууллага болсон. Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.1, 83.3-т заасны дагуу компанийн өдөр тутмын үйл ажиллагааг хариуцан гүйцэтгүүлэхээр Д.Быг гүйцэтгэх захирлаар томилон ажиллуулж байсан. Д.Б нь нэхэмжлэгч “Т К” ХХК-д гүйцэтгэх захирлаар ажиллаж байх хугацаандаа буюу 2015 онд Иргэний хуулийн 27 дугаар зүйлийн 27.3-т хуулийн этгээдийн нэр өөр хуулийн этгээдийн нэртэй давхардсан буюу бусдыг төөрөгдүүлэхээр ижил, төсөөтэй байж болохгүй гэж заасныг зөрчиж “Т К” ХХК-тай төсөөтэй нэртэй, бусдыг төөрөгдүүлсэн, үйл ажиллагааны чиглэл нь адилхан орон сууц нийтийн аж ахуйн үйл ажиллагааны “К Т” ХХК-ийг үүсгэн байгуулсан. Ингээд нэхэмжлэгч компанийн гомдлоор “К Т инвест” ХХК гэсэн нэрээр өөрчлөгдөж, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн хүчин Т шийдвэрээр тухайн нэрийн бүртгэлийг хүчингүй болгож “К Т И” ХХК болж өөрчлөгдсөн. “Т К” ХХК-ийн хариуцдаг байсан Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах орон сууцны барилгуудын ашиглалтыг өөрийн “К Т” ХХК-д үндэслэлгүйгээр шилжүүлж, ашиглалтын болон үйлчилгээний орлогыг хураан авч нэхэмжлэгч “Т К” ХХК-д их хэмжээний хохирол учруулсан. Нэхэмжлэгч “Т К” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Д.Бы бусдыг төөрөгдүүлсэн, ижил төсөөтэй “К Т” ХХК-ийг 2015 оны 3 дугаар сард үүсгэн байгуулж “Т К” ХХК-ийн тусгай зөвшөөрлийн хүрээнд хамрагдаж, үйлчилгээ үзүүлдэг байсан Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 81 дүгээр байр, 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 50А, 50Б байр, 57Б, 62Б байр, 74, 77А, 776, 75Б, 84-р байрнууд, Эм Ди Топ Хы 65, 66, 67, Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо 46а, 46б дугаар байрнуудыг нэхэмжлэгч “Т К” ХХК, түүний хувьцаа эзэмшигч С.Бд мэдэгдэлгүйгээр, ямар нэгэн гэрээ, хэлцэл байгуулалгүй, оршин суугчдын дулааны төлбөрийг тусгай зөвшөөрөлгүй “К Т И” ХХК-ийн нэрээр авч, тус орон сууцны барилгуудын орлогыг тусгай зөвшөөрөлгүй “К Т” ХХК-ийн дансанд төвлөрүүлсэн байдаг. Хариуцагч “К Т И” ХХК нь Эрчим хүчний зохицуулах хорооноос дулаан түгээх тусгай зөвшөөрөлгүйгээр нэхэмжлэгч “Т К” ХХК-д эрчим хүчний зохицуулах хорооноос тогтоож өгсөн тарифыг ашиглаж өөрийн нэр дээр хууль бусаар шилжүүлэн авч, үйлчилгээ үзүүлдэг орон сууцны байрнуудын халаалт, халуун усны суурь хураамжийн 2017 оны 12 дугаар сараас 2019 оны 6 дугаар сар хүртэл нийт 83,725,400 төгрөгийн төлбөрийг үндэслэлгүйгээр хураан авсан. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч компанийн Эрчим хүчний зохицуулах хорооноос авсан тусгай зөвшөөрлийн хамрах хүрээнд Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах түрүүн нэр дурдсан байрнууд ордог бөгөөд дээрх орон сууцны байрнуудын халаалт, халуун усны суурь хураамжийн төлбөрийг тусгай зөвшөөрөл эзэмшигч нэхэмжлэгч “Т К” ХХК авах ёстой байсан орлогыг хариуцагч “К Т И” ХХК нь хууль бусаар 83,725,400 төгрөгийг хураан авч нэхэмжлэгч компанийг хохироосон. Энэхүү үнийн дүн нь Эрчим хүчний зохицуулах хорооноос томилогдсон шинжээчийн дүгнэлтээр баталгаажиж байгаа. Нэхэмжлэлийн 2 дахь шаардлага нь нэхэмжлэгч “ТК” ХХК-ийн тусгай зөвшөөрлийн хамрах хүрээнд ашиглалт, үйлчилгээг нь үзүүлдэг Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Н Хы 5 орон сууцны барилгын ус дулаанаар хангах зориулалттай ЦТП-ээс хариуцагч “К Т И” ХХК-ийн хууль бусаар ашиглалт үйлчилгээг нь авах болсон Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 9 орон сууцны барилга ус, дулаанаар хангагддаг бөгөөд дээрх 9 ширхэг орон сууцны барилга руу халуун ус, дулаан шахах зориулалтаар Н Хы ЦТП дотор цахилгаан насос ажилладаг. Дээрх цахилгаан насос ажиллаж байж хариуцагч “К Т И” ХХК-ийн ашиглалт үйлчилгээг, орлогыг нь хураан авч буй орон сууцны барилга руу халуун ус, дулаан дамжуулдаг. “К Т И” ХХК нь 2015 оны 3 дугаар сараас 2019 оны 9 дүгээр сар хүртэлх насосны цахилгааны төлбөр болгох 57,555,810 төгрөгөөс 2018 оны 4 дүгээр сараас 2018 оны 12 дугаар сарын төлбөр болох 8,871,165.5 төгрөгийг төлсөн байдаг. Үлдэгдэл төлбөр болох 48,684,645 төгрөгийн төлбөрийг төлөөгүй.  Н Хы ЦТП нь Э Кы барьсан барилга. Үүнийг “ТК” ХХК-ийн өмчлөлд шилжүүлж өгсөн. Төв шугамаас ЦТП-д ирж байгаа ус, дулааныг цаашаа айл өрхүүдэд шахах зориулалттай насос гэж байдаг. Энэ насос нь цахилгаанаар ажилладаг, цахилгааны зардлыг нь “ТК” ХХК төлдөг учраас үлдэгдэл төлбөр 48,684,645 төгрөгийг нэхэмжилж байгаа. Нэхэмжлэлийн 3 дахь шаардлага нь дулааны төлбөр байгаа. “ТК” ХХК-ийн ашиглалт үйлчилгээг нь хариуцдаг Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Н Хы ус, дулаанаар хангах зориулалттай ЦТП-д дулаан дамжуулах төв шугам нэг тоолууртай бөгөөд тус тоолууртай дулааны шугамаар дамжсан дулааны төлбөрийг дулааны хэрэглэгч нараас хураан авч цааш нь дулаанаар хангагч байгууллага болох “У Д С” ХК-д тоолуурын заалтаар “У Д С” ХК-тай байгуулсан дулааны эрчим хүч худалдах, худалдан авах гэрээний дагуу төлж ирсэн. Хариуцагч “К Т И” ХХК-ийн хууль бусаар шилжүүлэн авсан нэр бүхий орон сууцны барилгууд нь нэхэмжлэгч компанийн өмчлөлийн Н Хы ус дулаанаар хангах зориулалттай ЦТП-ээс дулаанаар хангагддаг бөгөөд “У Д С” ХК-ийн борлуулалтын төвийн инженер Н.Ариунаа нь Н Хы ус дулаанаар хангах зориулалттай ЦТП-ээс нэхэмжлэгч “ТК” ХХК болон хариуцагч “К Т И” ХХК-ийн хариуцан үйлчилгээ үзүүлдэг орон сууцны барилгуудын дулаан хэрэглэгчдийн ачааллын хуваарилалтыг гаргасан байдаг. Тус ачааллын хуваарилалтаар Н Хыг ус дулаанаар хангах зориулалттай ЦТП-ээс “ТК” ХХК-ийн хариуцдаг Н Хы 5 орон сууцны барилгын дулааны хэрэглээний ачаалал нь 60.54 хувь, “К Т И” ХХК-ийн хариуцдаг 9 орон сууцны барилгын хэрэглээний ачаалал нь 39.46 хувиар тогтоож өгсөн. Энэ бүх асуудал ил болоод хариуцагч хууль бусаар төлбөрийг авч байсан байна гэдгийг мэдээд “У Д С” ХК-иас ирүүлсэн дулааны төлбөрийн нэхэмжлэхийг хариуцагч “К Т И” ХХК нь тогтоосон 39.46 хувиар тооцож дулааны төлбөрийг төлж байсан боловч 2019 оны 1 дүгээр сараас төлөөгүй. Гэтэл хүссэн хүсээгүй манайх дулаантай гэрээтэй учраас гэрээний дагуу хугацаандаа төлбөрөө төлөхгүй бол алданги тооцохоор зохицуулсан хариуцлагатай байсан. Харин хариуцагч нь гэрээгүй учраас огт хариуцлага тооцогдохгүй. Манайх төлөхгүй бол тусгай зөвшөөрлийн асуудал яригдана. Тиймээс хариуцагчийн төлөөгүй 2019 оны 1 дүгээр сараас 2019 оны 5 дугаар сар хүртэлх дулааны төлбөрийг алдангийн хамт нийт 63,841,334 төгрөгийг нэхэмжилж байгаа. Ингээд 2019 оны 5 сараас хариуцагч компанийн хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тусгай зөвшөөрөл нь угаасаа дуусчихсан үйл ажиллагаа явуулах ямар ч эрхгүй болж ажлуудаа хаяад явсан. Тиймээс 6 сараас манайх эдгээр орон сууцнуудыг хариуцаж хэвийн үйл ажиллагаандаа орж эхэлсэн. 2019 оны 4 дүгээр сарын 10-нд хариуцагч компанийн хэрэглэгчийн төлбөр авдаг биллинг үйлчилгээг Төрийн банкнаас зогсоосон. Үүнийг хариуцагч тал манай мөнгө авах үйлчилгээг зогсоосон бид нар мөнгө аваагүй, биллинг үйлчилгээгүй учраас төлөхгүй, харин ч нэхэмжлэгч компани өөрөө авсан гэдэг тайлбарыг хэлдэг. Биллинг үйлчилгээ гэдэг нь бид нар сар бүр банкин дээр очиж байрны төлбөрөө тушаахад бүх төлбөр нэг дор бодогдож түүнийгээ банканд тушаадаг төлбөрийн систем. Түүнээс биш бид тэр компанийн тэр дансанд төлнө гэж төлбөрөө тушаадаггүй. Энэ биллингийн үйлчилгээг банкнаас тусгай зөвшөөрөл бүхий аж ахуй нэгж байгууллагад олгодог гэрээтэй үйлчилгээ. Д.Б нь “ТК” ХХК-ийн тусгай зөвшөөрлийг ашиглаж Төрийн банкнаас биллинг үйлчилгээг авсан. Бусдыг төөрөгдүүлэх байдлаар “К Т” ХХК-ийг байгуулж мөнгө татан төвлөрүүлж байгаа энэ үйлдэл мөн адил хууль бус. Ийнхүү сая дурдсан нэхэмжлэлийн 3 шаардлагын хүрээнд дулааны суурь хураамжийн орлого болох 83,725,400 төгрөг, орон сууцнуудын барилгыг ус, дулаанаар хангахад зориулж насосны цахилгааны төлбөр болох 48,684,645 төгрөг, Н Хы дулааны ус дамжуулах ЦТП-ээс дамжин авдаг 9 орон сууцны дулааны төлбөр, алданги болох 63,841,334 төгрөг нийт 196,251,379 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү.

 

Хариуцагч “К Т И” ХХК шүүхэд гаргасан тайлбартаа: “К Т И” ХХК нь “Т К” ХХК-д ямар нэгэн өр төлбөргүй, харин НӨАТ-н, иргэн п /75а/ барилгын ус дулааны төлбөрийн болон бусад авлагатай болно. 196,251,379 төгрөгийн баримтад манай компанийн үүсгэн байгуулагч Д.Бд холбогдуулан “Т К” ХХК-иас Баянгол дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст гаргасан өргөдөлд эрүүгийн хэрэг  үүсгэн шалгаж байгаа баримтад халаалт, цахилгааны төлбөртэй холбогдох баримтууд байгаа болно. “Т К” ХХК-ийн нэхэмжлэлдээ хавсаргасан баримтуудаас үзвэл манай компанийг үүсгэн байгуулагдсанаас /2015 оны 4 дүгээр сараас/ өмнөх өр  төлбөрийн баримтууд байна. Мөн хуульд заасан шаардлага хангахгүй болон скайнердсан баримтуудыг “Т К” ХХК шүүхэд ирүүлсэн байна. Дээрх үндэслэлүүдээр “Т К” ХХК-ийн  гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгоно уу. Дэлгэрэнгүй тайлбар болон нотлох баримтыг итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчөөрөө дамжуулан гаргаж өгөх болно.

 

Хариуцагчийн төлөөлөгч Д.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ТК” ХХК нь э к компанийн охин компани. Би энэ байгууллагад 2006 оны 5 дугаар сарын 1-нээс эхэлж ажилд орсон, 2018 оны 4 сар хүртэл нийт 13 жил ажилласан. Энэ хугацаандаа ямар нэгэн сахилгын зөрчлийн асуудал гаргаж байгаагүй. Э К 13 жилийн турш надад үүрэг хариуцлага хүлээлгэн 12 гаруй барилга, 10 гаруй Х барихдаа бүх ус, дулаан дамжуулах узелийг өөрийн баг хамт олноороо барьж гүйцэтгэсэн. Би Монгол улсын тэргүүлэх зэргийн зөвлөх инженер намайг удирдах арга барилтай, үнэнч шударга ажиллаж чадах юм байна гэж 13 жил ажиллуулсан. Э К компани нь “ТК” ХХК-ийг бизнесийнхээ нэр төрийг хамгаалах зорилгоор үүсгэн байгуулсан. Энэ үүсгэн байгуулах ажилд би өөрийн залуу нас, мэргэжил, ур чадвар бүхий зүйлээ зориулсан. Үүнийг би яагаад ярьж байна гэхээрТК” ХХК нь Э Кы барьсан барилгын ашиглалтын хэвийн ажиллагааг хангахын тулд байгуулагдсан компани болохоос ашиг орлого олдог компани байгаагүй. Би энэ компанид хамт олонтойгоо амжилттай ажиллаж байсан туршлага дээрээ үндэслэж энэ компанид К Т гэдэг нэрийг өгч хүүгийнхээ нэр дээр компани байгуулах саналыг С.Б даргад тавьж байсан нь үнэн. Тэр үед надад чи байгууллагын гүйцэтгэх захирал учраас ашиг сонирхлын зөрчил үүснэ тиймээс чи хүүгийнхээ эсхүл нөхрийнхөө нэр дээр компаниа байгуул гэж хэлж байсан. Тэгээд 20 настай Анагаахын их сургуулийн 2 дугаар курст сурдаг хүүгийнхээ нэр дээр компаниа байгуулах санал С.Б захирал тавьсан. Энэ компанид  К Т гэдэг нэр өглөө гэж ярьдаг. Би хэд хэдэн нэрийн санал өгсөн. Энэ барилгууд Н Хы ар дээр хаягдсан барилгууд байсан, шинэ барилгууд бариад байсан зүйл биш. 65, 66, 67 гэсэн байрнууд 5 жил ямар ч эзэнгүй СӨХ-ны хүмүүс нь хариуцдаг байсан. Энэ барилгуудын талаар С.Б захиралд хэлэхэд наадуул чинь хэрэггүй, хуучин муу барилга авахгүй, энэ барилгуудаас гарсан алдаа болгон Э Кы нэрээр гарна гэсэн учраас би энэ барилгууд дээр хүүгийнхээ нэр дээр, өөрийн мэргэжил, ур чадвараа ашиглаж компани байгуулах тухай саналыг хэлсэн.   ТК гэдэг нь үргэлжилсэн үг К Т бол тусдаа үг 2-лаа томоор бичигддэг. Дуудлага нь адил болохоос Улсын бүртгэлийн ерөнхий газраас бүртгэж өгсөн нэр. Түүнээс биш би энэ нэрийг өгөөч гээд хөөцөлдөөд яваад байсан зүйл байхгүй. Энэ компанийн талаар С.Б захирал зөвшөөрсөн тийм учраас 2015 оны 3 сараас 2018 оны 2 сар хүртэл 3 жил үйл ажиллагаа явуулсан. Энэ хоёр компанийн хооронд орлого, зарлага нь гүйж байсан. Намайг ажлаас халах шалтаг шалтгаан олдохгүй байсан учраас эрүүгийн хэрэг үүсгэсэн. Эрүүгийн хэрэг дээр бараг 6 удаагийн аудитын асуудал яригддаг. Аудит болгон дээр манайх авлагатай гардаг. 2018 оноос хойш тусгай зөвшөөрлийн талаар ярьдаг. Тусгай зөвшөөрлийг энэ компани 2006 оны 8 сард Э Кыг 400 гаруй айл, өрхтэй болсон тул орон сууц ашиглалтын контор байх хэрэгтэй гэсэн. Учир нь барилга угсралтын орлого, орон сууцны айл өрхөөс авдаг орлого хоёр чинь нийлээд байна тиймээс тусдаа контортой болох ёстой гэдэг асуудал гарч ирсэн. Энэ компанийн нэр, логог хийсэн хүнд шагналтай гэж С.Б захирал хурал зарласан. Би энэ ТК компанийг нэртэй нь, логотой нь, саналтай нь оруулаад шагнуулж байсан. Нэрийн тухайд улсын бүртгэлийн газрын эгчээ уучлаарай урд нь юм уу ард нь нэг нэр нэмж өгөхгүй бол би энд ажилгүй болох гээд байна гэж над руу ярьсан. Тэгээд за чиний амьдрал хэцүү байгаа бол тэгье гээд К Т инвест болгосон, тэр саналыг би өөрөө гаргаж ийм нэртэй болсон. Миний компани дээрээ авч байсан эхний орлого маань энэ хүмүүсийн ярьж байгаа шиг байгаагүй. 200 хүрэхгүй өрхтэй 2015 оны 4 сард эхэлж байсан, 2018 онд хэрэг үүсэх үед дөнгөж 800 гаруй өрхтэй болж байсан. Энд Э Кы барьсан барилга нэг ч байхгүй, хаягдсан байсан барилгуудыг авсан гэдгийг хэлмээр байна. Мэргэжлээрээ яагаад компани байгуулаад явж болохгүй гэж би захиралтайгаа зөвшилцөөд энэ нэрийг өгсөн. Мөнгөн дүн дээр 3 үндсэн зүйлийг ярьж байгаа.ТК” ХХК 2006 онд байгуулагдсан байж тусгай зөвшөөрлөө 2014 онд авч 8 жилийн турш тусгай зөвшөөрөлгүй явчихаад миний жижигхэн компанийг 3 жил тусгай зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явууллаа гэж хэлж байгааг ойлгохгүй байгаа. Монгол улсад 500 орчим аж ахуй нэгжүүд Эрчим хүчний зохицуулах хорооны тусгай зөвшөөрөлгүй байж усны тусгай зөвшөөрлөөрөө Төрийн банктай биллинг үйлчилгээгээ нээлгээд, хэрэглэгчидтэйгээ гэрээгээ хийгээд явдаг. Сая 2019 онд Эрчим хүчний зохицуулах хорооны төлөөлөгч н.Түвшинчулуун гэж хүний бичигт 500 гаруй тусгай зөвшөөрөлгүй компаниуд хуралдлаа энэ компаниудыг тусгай зөвшөөрөлтэй болох хүртэл түр тариф батална, түр тариф нь 100 төгрөг тутмын 70 төгрөг нь Улаанбаатар дулааны шугам сүлжээнд, 30 төгрөгөөр үйл ажиллагаа явуулж байгаа компани цалин мөнгөө тавьж үйл ажиллагаа явуул гэсэн түр тогтоол байдаг. Хэрвээ би ТК ХХК-д 10  гаруй жил ажиллаж, итгэл үнэмшил олоогүй байсан бол, танай компанийн тусгай зөвшөөрлийг ашиглаагүй байсан бол тусгай зөвшөөрөлгүй компаниудтай хамтраад эсхүл өөр олон компаниас манайхтай хамтраад манай тусгай зөвшөөрлийн дор үйл ажиллагаа явуулаад гэрээгээ хийгээч ээ гэсэн компаниуд байхад би өөрөө нэг компанийн гүйцэтгэх захирал хийдэг байж өөр компанитай хамтрах сэдэл надад төрөөгүй. Тийм учраас эдний компанийн дор гэрээ хийсэн. Намайг 2 ихэр хүүхдээ төрүүлээд ажилдаа ороход 123 ажилтантай байхад нь би 3 сарын дотор 50 ажилтантай болгосон. Учир нь үр дүнгүй баахан ажилтантай байсан. С.Б захиралд хаягдсан байсан 5  байрыг алдах гээд байна, танай компанийн нэр дээр түр зуур бүртгэл хийлгэж байгаад компаниа байгуулаад авъя гэж хэлээд хэдхэн сар бүртгүүлээд буцаагаад авсан 5 байран дээр маргалддаг. Түүнээс хойшхи бүх байрнууд нь манай компанийг байгуулагдснаас хойш орж ирсэн 16 байр байгаа. Анхнаасаа өөд өөдөөсөө харж сууж байгаад хийсэн аман хэлцэл. Аман хэлцэл хийхгүйгээр гэрээ хийдэг улсууд гэж байхгүй. Яагаад миний 4 хүүхэд, миний амьдралаар тоглож улайран дайрч байгааг би ойлгохгүй байна. Манай компанийг тусгай зөвшөөрөл эзэмшигч “ТК” ХХК-ийн нэр дээр дулаан худалдах, худалдан авах гэрээ хийж ажиллахдаа хамтран ажиллах гэрээ хийсэн үү гэдэг. С.Б захирал бид хоёрын аман хэлцлийг хүлээн зөвшөөрдөггүй, гэрээ биш гэж үздэг байж, яагаад надаас ашиглалтын зардал, сар бүр автомашины төлбөр гэж 4,000,000 гаруй төгрөг авдаг байсан бэ? Үүнийг дурдах хэрэгтэй байх. Надтай хамт ерөнхий инженер, ерөнхий менежер, хүний нөөц, нярав, нягтлангууд бүгдийг нь халсан ганцхан Б.Гангамөрөн үлдсэн. Нэг хүн 2 газар гүйцэтгэх захирал хийж болддоггүй юм бол би яагаад Э К компанийн 2 охин компанид давхар гүйцэтгэх захирал хийдэг байсан юм. Манай нягтлан, ерөнхий инженер бүгд хоёуланд нь ажилладаг байсан. Энэ бол С.Б захирлын зохион байгуулсан ажил. Хэдийгээр би гүйцэтгэх захирал ч гэсэн би хүний боол. Надад эрх, үүргээр хүлээлгэсэн үүрэг байхгүй, хөдөлмөрийн гэрээ байхгүй хэрнээ яагаад гэрээгүй үүргийг надаас шаардаж байгааг хэлэх нь зөв байх. н.Ариунаа инженерийн хийсэн хуваарилалтаар төлж байсан гэж ярьдаг. Компани хоёр тийшээ салаагүй байсан үед би үүнийг “ТК” ХХК-ийн эрх ашгийн төлөө хийлгэсэн. Би өөрт ашигтай зүйл огт хийлгээгүй. Хоёр удаа шинжээч дүгнэлт гаргасан байдаг. Эхний удаа 40,5-аар гаргасан болохгүй байна гээд нөгөө хүн нь засаад 32,2 болгосон. Гэтэл яагаад шинжээчийн дүгнэлт 32,2 гарсан байхад нэхэмжлэлийн 2 дахь шаардлага дээр 39,46 шаардаж байгаа вэ? Эрчим хүчний зохицуулах хорооны шинжээчийн дүгнэлтийг би огт хүлээн зөвшөөрөхгүй байгаа учир нь яг үйл ажиллагаа явуулж байсан газраас нь нэг ч задаргаа аваагүй худлаа дүгнэлт гаргасан, зөвхөн нэхэмжлэгч талаас материал авч дүгнэлт гаргасан. 2015 оноос 2017 оны 12 хүртэлх төлбөр 416,000,000 төгрөгөөр эрүүгийн хэрэг үүсгэж намайг цагдаагийн байгууллагад өгсөн. Тэнд хэчнээн олон удаа аудит орж дандаа манайх алдагдалтай гардаг. Энэ насосны цахилгааны зардал нь бас эрүүгийн хэрэг дээр явж байгаа асуудал. Энд шүүх хурлыг хурдан дуусгаж намайг унагаад тэнд очиж эрүүгийн хэрэг дээр намайг энд унасан гэж хэлэх гэж яарч байгаа асуудал. Нэхэмжлэлийн 3 дахь шаардлага дээр дулааны төлбөр нэхэмжилж байгаа. Би дулааны мөнгийг 39,46-аар хангалттай их мөнгө төлсөн. н.П 75а барилгыг 2018 оны 1 сараас эднийх булааж авсан. Очиж усыг нь хязгаарлаж байгаад, гэрээ нь манайд байсаар байхад булааж авсан. Тэр байр манай ганц эх үүсвэр байсан. Энэ дээр манайх ус, дулаантайгаа нийлээд 42,000,000 төгрөгийг эднийхээс нэхдэг. Манай байрнуудаас нэхэмжлэгч байгууллага нь тусгай зөвшөөрлөө аваагүй байхдаа 128,000,000 төгрөг олсон байгаа нь хэрэгт өгсөн баримтаар харагдана. Би нэхэмжилж буй 3 асуудлыг бүгдийг нь хүлээн зөвшөөрөхгүй байна.

 

Иргэдийн төлөөлөгч Ө.б дүгнэлтдээ: Би өөрөө сантехникийн мэргэжлийн хүн. Нэхэмжлэгч тал 3 үндэслэлээр нэхэмжлэл гаргасан байна. 1 дүгээрт дулааны суурь хураамжийн төлбөр гэж байна. Миний ойлгож байгаагаар дулааны суурь хураамжийг оршин суугч хэрэглэгчдээс аваад буцаагаад дулааны үйл ажиллагааны найдвартай байдалд зарцуулдаг. Хоёр талын энэ асуудлаас болж хэрэглэгч нар хохирсон эсэх талаар бас сайн мэдэхгүй байна. 2 дугаарт цахилгааны насосны төлбөр гэж яриад байна уу, зардал гэж яриад байна уу сайн ойлгоогүй. Дулааны зардлыг бол тоолуураар хэмжиж болно, тоолуур байхгүй бол эзэлхүүнээр хэмжиж болдог, эрх бүхий байгууллагаас гаргасан үнэ тарифын дагуу тогтоодог. Дулааны ачааллыг дулааны шугам сүлжээний газрын горимын инженер нараас асуухад дулааны ачааллыг харж болдог. Энэ бол ямар ч маргах асуудал байхгүй гэж бодож байна. Гэм буруутай эсэх дээр нэхэмжлэгч, хариуцагч талууд хоорондоо дотоод аудит юм уу, санхүүгийн тооцоо нийлсэн зүйл байгаа эсэх нь тодорхойгүй учраас аудитын шалгалт хийгдэх нь зүйтэй.      

 

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв. Учир нь:

 

Нэхэмжлэгч “Т К” ХХК нь хариуцагч “К Т И” ХХК-д холбогдуулан “Т К” ХХК-ийн тусгай зөвшөөрлийн хүрээнд ашиглалт, үйлчилгээ үзүүлдэг гэх орон сууцнуудын халаалт, халуун усны суурь хураамжийн орлого 83,725,400 төгрөг, ус халаах насосны цахилгааны төлбөр 48,684,645 төгрөг, дулааны төлбөр, алданги 63,841,334 төгрөг нийт 196,251,379 төгрөг гаргуулахаар шаарджээ.

 

Дээрх шаардлагын үндэслэлээ “хариуцагч нь нэхэмжлэгч компанитай ижил төсөөтэй нэр бүхий компани үүсгэн байгуулж, бусдыг төөрөгдүүлж, уг компанидаа нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрлийн хүрээнд засвар, үйлчилгээ үзүүлдэг 15 орон сууцны барилгын ашиглалт, засвар үйлчилгээг нэхэмжлэгчийн зөвшөөрөлгүйгээр, гэрээгүйгээр хууль бусаар шилжүүлэн авч, нэхэмжлэгч компанийн эд хөрөнгө, ажилчдыг ашиглан тусгай зөвшөөрөлгүй хууль бусаар үйл ажиллагаа явуулсан” гэж, нэхэмжлэлийн шаардлагаа “хариуцагчийн дээрх хууль бус үйл ажиллагааны улмаас олох байсан орлого, гарсан зардал” гэж тус тус тодорхойлсон байх ба хариуцагч нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг эс зөвшөөрч “нэхэмжлэгчийн эрхэлж буй үйл ажиллагааны хүрээнд хамаардаггүй, орхигдсон 5 орон сууцны барилгын орон сууц нийтийн аж ахуйн үйлчилгээг хариуцахаар “К Т” ХХК нэр бүхий компани байгуулахыг нэхэмжлэгч байгууллагын эрх бүхий этгээд зөвшөөрсөн, мэдэж байсан, тухайн үед тусгай зөвшөөрөлгүй байсны улмаас нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрлийн хүрээнд бүртгүүлсэн орон сууцнуудаа буцаан авсан, бусад орон сууц нь компани байгуулагдсанаас хойш гэрээ байгуулж манай компаниас үйлчилгээ авч байгаа, хууль бус үйл ажиллагаа явуулаагүй, айл өрх, сууц өмчлөгчдийн холбоотой гэрээ байгуулж засвар, үйлчилгээг үзүүлж байсан, маргаан бүхий орон сууцны барилгууд нь нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрлийн хүрээнд хамаардаггүй, төлөх өр төлбөр байхгүй” гэж маргаж байна. Мөн хариуцагч нь үүсгэн байгуулагдсан үеэсээ маргаан бүхий орон сууцны барилгуудын орон сууц нийтийн аж ахуйн үйлчилгээг үзүүлж, дулааны төлбөрийг төлж байсан гэж тайлбарласан ба харин 2019 оны 1 дүгээр сараас дулааны төлбөрийг хурааж аваагүй, нэхэмжлэгч хурааж авсан нь дансны хуулгаар тогтоогдоно гэж маргав.

 

Нэхэмжлэгч “Т К” ХХК нь Эрчим хүчний тухай хуулийн 16, 17 дугаар зүйлд заасан дулаан түгээх тусгай зөвшөөрөл, эрчим хүчээр зохицуулалттай хангах тусгай зөвшөөрлийг эрх бүхий байгууллагаас 2014 оны 7 дугаар сарын 03-ны өдөр авсан байх ба “У Д С” ХК-тай дулааны эрчим хүч худалдан авах гэрээ байгуулсан, уг гэрээний дагуу маргаан бүхий орон сууцны барилгуудын хэрэглэгчдэд эрчим хүчийг зохицуулалттай буюу Эрчим хүчний зохицуулах хорооноос тогтоосон тарифын дагуу худалдан борлуулж, эрх бүхий байгууллагад төлбөрийг төлж байсан үйл баримт тогтоогдож байна. /I-ХХ-ийн 9-10, 16-32, 100-108, IV-ХХ-ийн 153, 249 дугаар тал/

 

Хариуцагчийн төлөөлөгч Д.Б нь 2010 оны 4 дүгээр сарын 10-ны өдрөөс 2018 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийг хүртэл хугацаанд “Т К” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан үйл баримтад талууд маргаагүй.

 

“К Т И” ХХК нь 2015 оны 3 дугаар сарын 24-ний өдөр барилгын засвар хийх үндсэн үйл ажиллагаа, барилгын материалын худалдаа, гадаад худалдаа, хүнсний дэлгүүрийн туслах үйл ажиллагааны чиглэлээр “К Т” ХХК оноосон нэр бүхий хуулийн этгээдийг үүсгэн байгуулж, захирлаар нь хариуцагчийн төлөөлөгч Д.Бы хүү Н.Тийг бүртгүүлсэн, уг компанийн оноосон нэрийг 2018 оны 5 дугаар сарын 31-ний өдөр “К Т инвест” ХХК гэж өөрчилсөн үйл баримт тогтоогдсон. Мөн тухайн нэрийн бүртгэлийг нэхэмжлэгч нь 2018 оны 6 дугаар сарын 11-ний өдөр мэдсэн үндэслэлээр хүчингүй болгох нэхэмжлэлийг 2018 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдуулан гаргасан байх ба уг бүртгэл нь Иргэний хуулийн 27 дугаар зүйлийн 27.3 дахь хэсэгт “Хуулийн этгээдийн нэр өөр хуулийн этгээдийн нэртэй давхардсан буюу бусдыг төөрөгдүүлэхээр ижил, төсөөтэй байж болохгүй., Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2015 оны А/41 дугаар тушаалаар батлагдсан “Хуулийн этгээдийн нэр олгох, баталгаажуулах журам”-ын 3.1-д “Хуулийн этгээдийн нэр нь Иргэний хуулийн 27 дугаар зүйл, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлд заасны дагуу бусад хуулийн этгээдийн нэртэй давхардсан буюу бусдыг төөрөгдүүлэхээр ижил төсөөтэй байхыг хориглоно., 3.3-т “Хуулийн этгээдийн нэр нь гадаад үгийн авиан дуудлага болон бичвэрийн хувьд ижил төсөөтэй байж болохгүй” гэж заасантай нийцээгүй, эдгээр компаниуд ижил төрлийн орон сууц нийтийн аж ахуйн үйл ажиллагаа эрхэлдэг байдал нь тухайн үйлчилгээг авч байгаа иргэд, харилцагч байгууллагууд нэг компани гэж төөрөгдөх нөхцөл байдал бий болсон нь тогтоогдсон, “Т К” ХХК нэрээ орон сууц нийтийн аж ахуйн үйлчилгээний салбарт бусдаас ялгагдах зорилгоор ашиглах эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзэн “К Т инвест” ХХК-ийн нэрийн бүртгэлийг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн 128/ШШ2019/0039 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 221/МА2019/0219 дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2019 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 223 дугаар тогтоолоор хүчингүй болгосон үйл баримт тогтоогдсон байна. /I-ХХ-ийн 151-161 дүгээр тал/ 

 

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт “Шүүхийн хүчин Т шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй” гэж заасныг үндэслэн орон сууц нийтийн аж ахуйн үйлчилгээ авч байгаа иргэд, харилцагч байгууллагууд “Т К” ХХК, “К Т и” ХХК /”К Т И” ХХК/-ийг нэг компани гэж төөрөгдөх нөхцөл байдлыг хариуцагч бий болгож, хууль зөрчсөн нь тогтоогдсон гэж үзэв. Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч хохирлоо хариуцагчаас шаардах эрхтэй.

 

Үүнээс гадна “Т К” ХХК болон “К Т” ХХК-ийн хооронд 2018 оны 1 дүгээр сарын 05-ны өдөр байгуулагдсан “Шугам сүлжээ, тоног төхөөрөмжийн ашиглалтыг хариуцах гэрээ”-г хариуцагч тал нотлох баримтаар ирүүлсэн байна. Уг гэрээгээр Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдсан *Хы * дүгээр байр, мөн дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдсан * дүгээр байр, Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо 46А, 46Б байрнуудын ашиглалт, засвар үйлчилгээг үйлчилгээний хүрээ, харъяаллын дагуу “К Т” ХХК-д хүлээлгэн өгч, цаашид эдгээр барилгуудын ус дамжуулах төв, халаалт, халуун, хүйтэн ус, бохир усны узель, шугам сүлжээ, тоног төхөөрөмжийн ашиглалтыг “К Т” ХХК хариуцахаар тохирчээ. Тухайн гэрээ 2018 оны 1 дүгээр сарын 05-ны өдөр байгуулагдсан байх боловч бодит байдалд гэрээнд заасан орон сууцны барилгуудын ашиглалт, засвар үйлчилгээ, орон сууц нийтийн аж ахуйн үйлчилгээг хариуцагч 2015 оны 3 дугаар сараас хариуцаж байжээ. Иймд дээрх агуулга бүхий гэрээ талуудын хооронд 2015 оны 3 дугаар сард байгуулагдсан гэж үзнэ. Дээрх гэрээг “Т К” ХХК-ийг төлөөлж захирал Д.Б, “К Т” ХХК-ийг төлөөлж захирал Н.Т нар батлаж, гэрээнд “Т К” ХХК-ийг төлөөлж ерөнхий инженер М.П, “К Т” ХХК-ийг төлөөлж инженер П.Мөнхсүх нар гарын үсэг зурж баталгаажуулсан байна. Гэрээний талуудын төлөөлөгч Д.Б, М.П, П.Мөнхсүх нар нь гэрээний нэг тал болох “Т К” ХХК-ийн ажилчид бөгөөд гэрээний нөгөө тал “К Т” ХХК-ийн захирал Н.Т нь “Т К” ХХК-ийн захирал Д.Бы хүү болох нь талуудын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдсон, энэ талаар зохигч маргаагүй. Энэхүү гэрээг байгуулах болсон үндэслэлээ хариуцагчийн төлөөлөгч Д.Б “өөрийн ажлын туршлага дээрээ үндэслэж “К Т” ХХК-ийг байгуулж Н Хы ар дээр хаягдсан эдгээр барилгуудын орон сууц нийтийн аж ахуйн үйлчилгээг хариуцахаар болсон, энэ үйл ажиллагааг болон компанийн нэрийн талаар С.Б захирал зөвшөөрсөн, надад чи байгууллагын гүйцэтгэх захирал учраас ашиг сонирхлын зөрчил үүснэ, хүүгийнхээ эсвэл нөхрийнхөө нэр дээр компаниа байгуул гэж хэлсэн” гэж тайлбарласан боловч уг тайлбараа бодит үнэнд нийцсэн болохыг баримтаар нотлоогүй болно. Иймд “К Т” ХХК-ийн оноосон нэр болон маргаан бүхий барилгуудын ашиглалт, засвар үйлчилгээг хариуцан ажиллахыг нэхэмжлэгч тал хүлээн зөвшөөрсөн, мэдэж байсан, дээрх орон сууцны барилгууд нь анхнаасаа хариуцагчийн үйл ажиллагааны эрхлэх хүрээнд байсан гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзлээ. Иймд тухайн гэрээг сонирхлын зөрчилтэй хэлцэл гэж үзнэ. Өөрөөр хэлбэл Компанийн тухай хуулийн 89 дүгээр зүйлийн 89.2.2 дахь хэсэгт зааснаар Д.Б, Н.Т нар нь нэгдмэл сонирхолтой этгээдэд хамаарах бөгөөд дээрх 2 компанийн хооронд хийгдэх сонирхлын зөрчил бүхий хэлцлийг Компанийн тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт заасан этгээдэд “Т К” ХХК-ийн захирал Д.Б мэдэгдэх үүрэгтэй. Энэхүү үүргээ биелүүлсэн болох нь нотлогдоогүй тул Д.Б хууль зөрчиж сонирхлын зөрчил бүхий хэлцэл /өөрөө өөртэйгөө хийсэн хэлцэл/ хийсэн буруутай ба уг зөрчлийг “К Т” ХХК /”К Т И” ХХК/-ийг мэдээгүй, мэдэх боломжгүй байсан гэж үзэх үндэслэлгүй. Аливаа этгээд нь хуульд заасан журмын дагуу компани байгуулж, бусад компанитай ижил төрлийн үйл ажиллагаа явуулах эрхтэй боловч Д.Бы хувьд гүйцэтгэх удирдлагын үүргийг гүйцэтгэдэг компанитайгаа ижил төрлийн үйл ажиллагаа явуулахаар өөрийн ажиллаж буй компаниас орон сууц нийтийн аж ахуйн үйлчилгээ авч байгаа иргэд, харилцагч байгууллагуудыг төөрөгдөх нөхцөл байдлыг үүсгэх нэр бүхий компани байгуулж, үйл ажиллагааг нь эрхлэн удирдаж буй нь Компанийн тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.4.2, 84.4.3, 84.4.4 дэх хэсэгт заасан үүргээ зөрчсөн байна. Иймд талуудын хооронд хуулийн дагуу гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлгүй тул уг үүссэн харилцаа зөрчлийн улмаас үүсэх үүргийн харилцаагаар зохицуулагдана. Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасны дагуу хариуцагч нь нэхэмжлэгчид учирсан хохирлыг төлөх үүрэгтэй байна.    

 

Нэхэмжлэгч учирсан хохирлыг олох байсан орлого 83,725,400 төгрөг, гарсан зардалд халуун ус, дулаан шахах зориулалтын насосны цахилгааны төлбөр 48,684,645 төгрөг, дулааны төлбөр, алданги 63,841,334 төгрөг гэж тодорхойлсон. Нэгдүгээр шаардлага буюу 2017 оны 12 дугаар сараас 2019 оны 6 дугаар сар хүртэл хугацааны халаалт, халуун усны суурь хураамж буюу олох байсан орлого 83,725,400 төгрөг гаргуулах шаардлагын тухайд

 

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын улсын ахлах байцаагчийн 2019 оны 2 дугаар сарын 02-ны өдрийн 02-07-095/43 тоот зөвлөмжид “нийтийн аж ахуйн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийн хүрээнд 2018 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн бүртгэлд ...барилгууд байхгүй байна” гэжээ. Нийтийн аж ахуйн үйлчилгээ гэж Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсэгт заасан үйл ажиллагаанд хамаарах Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.14.5 дахь хэсэгт заасан барилга, хот байгуулалтын чиглэлээр Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлөөс олгодог тусгай зөвшөөрлийн хүрээнд хамаарах ажил, үйлчилгээ юм. Харин дулаан түгээх, эрчим хүчээр зохицуулалттай хангах үйл ажиллагаа нь Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.8.3 дахь хэсэгт заасан түлш, эрчим хүчний чиглэлээр Эрчим хүчний зохицуулах хорооноос олгох тусгай зөвшөөрөлд хамаарна. Иймд нэхэмжлэгчийн дулаан түгээх, эрчим хүчээр зохицуулалттай хангах тусгай зөвшөөрлийн хүрээнд маргаан бүхий орон сууцны барилгууд байхгүй гэсэн хариуцагч талын тайлбар үндэслэлгүй байна. /IV-ХХ-ийн 157 дугаар тал/

 

“УБДС” ТӨХК нь дулаан түгээх, дулаанаар зохицуулалттай хангах тусгай зөвшөөрөл эзэмшигч этгээдтэй дулааны эрчим хүчийг худалдах, худалдан авах гэрээ байгуулах үүрэгтэй ба нэхэмжлэгчтэй байгуулсан 2907 тоот гэрээний хүрээнд маргаан бүхий орон сууцны барилгууд хамаарч байна. / I-ХХ-ийн 16-32, 100-108, IV-ХХ-ийн 153 дугаар тал/

 

Иймд Эрчим хүчний тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1 дэх хэсэгт “Эрчим хүчээр зохицуулалттай хангах тусгай зөвшөөрлөөр хуулийн этгээдэд цахилгаан, дулаан үйлдвэрлэх, дамжуулах, түгээх тусгай зөвшөөрөл эзэмшигчээс цахилгаан, дулаан худалдан авах, цахилгаан импортлох, цахилгаан, дулааныг хэрэглэгчид худалдах эрхийг олгоно” гэж зааснаар нэхэмжлэгч нь дулаан түгээх, дулаанаар зохицуулалттай хангах тусгай зөвшөөрлийн хүрээнд “У Д С” ХК-тай байгуулсан “дулаан худалдах, худалдан авах гэрээ”-ний дагуу уг гэрээнд заасан орон сууцны барилгуудад Эрчим хүчний зохицуулах хорооноос тогтоосон тарифаар дулааныг худалдах үйл ажиллагаа эрхэлж байна. Эрчим хүчний зохицуулах хороо нь Эрчим хүчний тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.1, 26.2.5 дахь хэсэгт зааснаар тарифыг “үйл ажиллагааны бодит өртөг, зардалд тулгуурлах, тусгай зөвшөөрөл эзэмшигчийн орлого нь түүний санхүүгийн чадавхи хэвийн байлгахуйц хэмжээнд байх”-аар тогтоох бөгөөд уг тарифын үнээр хэрэглэгч нь дулааны эрчим хүчний төлбөрийг төлөх үүрэгтэй. Иймд Эрчим хүчний тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1, 27 дугаар зүйлийн 27.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь маргаан бүхий орон сууцнуудын оршин суугчдаас /хэрэглэгч/ худалдсан дулааны төлбөрийг тогтоосон тарифын дагуу шаардах эрхтэй ба энэ эрхийн хүрээнд хамаарах үйлчилгээний суурь хураамжийг олох байсан орлогод тооцон хариуцагчаас шаардах эрхтэй. Энэхүү орлогыг тодорхойлох зорилгоор нэхэмжлэгчийн хүсэлтээр шинжээч томилсон бөгөөд шинжээчийн дүгнэлтээр 2017 оны 12 дугаар сараас 2019 оны 6 дугаар сар хүртэл хугацааны хураамжийн орлогыг 83,516,400 төгрөг гэж тогтоожээ. Талуудын тайлбараар хариуцагчийн хэрэглэгчийн төлбөр хураан авах үйлчилгээ үзүүлдэг “Төрийн банк” ХХК дахь биллинг дансны үйл ажиллагааг 2019 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр зогсоосон болох нь тогтоогдож байна. Иймд 2019 оны 4, 5 сарын хэрэглэгчийн төлбөр хариуцагчийн эзэмшиж байсан биллинг үйлчилгээний дансанд шилжих боломжгүй тул шинжээчийн дүгнэлтээр тогтоосон үнээс тухайн хугацааны орлогыг хасаж хариуцагчаас 70,862,400 төгрөг гаргуулах нь зүйтэй.   

 

Насосны цахилгааны төлбөр 48,684,645 төгрөг гаргуулах шаардлагын тухайд

 

Нэхэмжлэгч нь дулаан хуваарилах төвөөс хэрэглэгчийн тоног төхөөрөмжид очих халуун ус, дулааныг чанар, стандартын шаардлага хангаж хүргэх үүргийн хүрээнд усыг халааж эрчим хүчээр хангадаг байна. Өөрөөр хэлбэл энэхүү зардал нь Эрчим хүчний тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.1 дэх хэсэгт зааснаар Эрчим хүчний зохицуулах хорооноос тогтоосон тарифд тооцогдох бөгөөд дулаанаар зохицуулалттай хангах тусгай зөвшөөрөл эзэмшигчээс гарвал зохих зардалд хамаарна. Иймд насосны цахилгааны төлбөрийг хариуцагчаас шаардах эрхгүй байх тул уг төлбөрт шаардсан 48,684,645 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгов.

 

Хэрэглэгчийн дулааны төлбөр, алданги 63,841,334 төгрөг гаргуулах шаардлагын тухайд

 

Дээрх төлбөрийг эрх бүхий байгууллагатай гэрээ байгуулсан этгээд хэрэглэгчээс хураан авч дулааны эрчим хүч худалдан авах гэрээний дагуу эрх бүхий байгууллагад шилжүүлэх үүрэгтэй. Энэхүү харилцаа “УБДС” ТӨХК болон “Т К” ХХК-ийн хооронд үүссэн, төлбөрийн тавилт “Т К” ХХК-д бичигдэж, төлбөрийг нэхэмжлэгч төлж байсан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна. Хариуцагч нь нэхэмжлэлд шаардсан хугацааны буюу 2019 оны 1-5 дугаар сар хүртэл хугацааны дулааны төлбөрийг хэрэглэгчээс хурааж аваагүй, нэхэмжлэгч хураан авсан, зохигчийн хэн нь хэдий хэмжээний төлбөр хураан авсан нь тодорхойгүй гэж маргав. Хариуцагч нь хэрэглэгчийн хэрэглээний төлбөрийг хураан авах биллинг данс эзэмшиж байсан, уг үйлчилгээг 2019 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр хүчингүй болгосон асуудлаар талууд маргаагүй. Иймд дээрх үйлчилгээг үзүүлж буй банк гэрээний дагуу хэрэглэгчийн төлбөрийг үйлчлүүлэгчийн /биллинг үйлчилгээний/ дансанд төвлөрүүлэх үүрэг хүлээнэ. Үүнээс гадна хариуцагчийн маргаж буй /нэхэмжлэгчийн дансны хуулгаас түүвэрлэсэн хэсэг/ хугацааны төлбөр нэхэмжлэгчийн дансанд 2019 оны 4 дүгээр сарын 26-ны өдрөөс эхлэн төвлөрсөн байна. Өөрөөр хэлбэл хариуцагчийн биллинг үйлчилгээ хаагдсанаас хойшхи хугацаанд хамаарч байна. Нэхэмжлэгчийн дансанд 2019 оны 4 дүгээр сарын 26-ны өдрөөс төвлөрсөн төлбөр нь хэрэглэгчийн хэдий хугацааны төлбөр эсэхээс үл хамааран эрх бүхий байгууллага болох “УБДС” ХК-тай байгуулсан гэрээнд заасан тоо, хэмжээгээр /орон сууцны барилга, бусад объект/ худалдан авсан дулааны төлбөрийг нэхэмжлэгч төлөх үүрэгтэй. Иймд маргаж буй хугацаанд айл өрхүүдээс хариуцагч хэдий хэмжээний төлбөр хураан авсан нь эрх бүхий байгууллагаас худалдан авсан дулааны төлбөрийн хэмжээнд нөлөөлөхгүй. Өөрөөр хэлбэл 2019 оны 1-5 дугаар сар хүртэл хугацааны төлбөрийн тавилтад нэхэмжлэгч, хариуцагчийн хэн алиных нь хариуцаж байсан орон сууцны барилгуудын дулааны төлбөр хамаарч байгаа бөгөөд тухайн барилгуудын /айл өрхүүдийн/ хэрэглээний төлбөр нь биллинг үйлчилгээний гэрээгээр зохигчийн тус, тусын дансанд төвлөрнө. Хэрэглэгч нарын төлсөн төлбөр нь хэдэн сарын төлбөр байхаас үл шалтгаалан “УБДС” ХК-иас сар бүр худалдан авсан дулааны төлбөрийг нэхэмжлэгч урьдчилан төлдөг байна. Иймд 2019 оны 1-3 дугаар сард “УБДС” ХК-иас 2907 тоот гэрээгээр худалдан авсан дулааны хэрэглээг шинжээчийн дүгнэлтэд заасан 9 орон сууцны хувь хэмжээгээр тооцож дулааны төлбөрт хариуцагчаас 33,841,140 төгрөг гаргуулахаар шийдвэрлэв. 2019 оны 4, 5 сарын хэрэглэгчийн төлбөр хариуцагчийн эзэмшиж байсан биллинг үйлчилгээний дансанд шилжих боломжгүй гэж үзэн 2019 оны 4, 5 дугаар сарын дулааны төлбөрийг хасаж тооцсон болно. 

 

Иймд хариуцагчаас 104,703,540 төгрөг гаргуулж, нэхэмжлэлээс 91,547,839 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгов.

 

Мөн хариуцагч нь 283 айл өрхтэй 2018 оны 8,9 сард /зарим гэрээ огноогүй/ байгуулсан гэрээ, сууц өмчлөгчдийн холбоотой байгуулсан гэрээ, дулааны эрчим хүчийг тооцох хэмжих хэрэгслийг суурилуулах техникийн нөхцөл, айл өрхүүдэд засварын үйлчилгээ үзүүлж байсан дуудлагын бүртгэлийн дэвтэр, уг үйлчилгээний төлбөрийн баримтыг нотлох баримтаар ирүүлсэн бөгөөд энэ нь тухайн айл өрхүүд нэхэмжлэгчийн ажил, үйлчилгээ үзүүлэх хүрээнд хамааралгүй, анхнаасаа хариуцагчийн дулаан түгээх, дулаанаар зохицуулалттай хангах үйл ажиллагааны хүрээнд хамаарч байсан, хариуцагч тусгай зөвшөөрөлгүй байснаас нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрлийн хүрээнд түр хамааруулж байсан гэсэн тайлбарыг нотлохгүй байна.

 

Иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийн тухайд

 

Дулааны хэрэглээний ачааллыг мэргэжлийн байгууллагыг шинжээчээр томилж тогтоолгосон, мөн халаалт, халуун усны суурь хураамжийг айл, өрх тус бүрээр эрх бүхий байгууллагаас тогтоосон тарифын дагуу шинжээч тогтоосон бөгөөд дулааны ачааллыг горимын инженер, хураамжийг эрх бүхий байгууллагын тарифаар тогтоодог гэсэн иргэдийн төлөөлөгчийн дүгнэлт үндэслэлтэй байна. Харин дулааны төлбөрийн орлого нь дулаан түгээх, дулаанаар зохицуулалттай хангах үйлчилгээ үзүүлэх хүрээнд, уг үйлчилгээний хэрэглэгчдийн төлбөрийг хураан авах биллинг үйлчилгээний нэхэмжлэгч, хариуцагчийн дансанд тус тусдаа төвлөрөх /айл өрхийн төлбөр давхцахгүй/ бөгөөд нэхэмжлэгч, хариуцагчийн хариуцаж буй нийт хэрэглэгчийн төлбөрийг нэхэмжлэгч сар бүр “УБДС” ХК-д төлөх үүрэгтэй. Иймд хариуцагчийн биллинг үйлчилгээний эрх хаагдах хүртэл хариуцагчаас үйлчилгээ авч байсан айл, өрхүүдийн хэрэглээний төлбөр нэхэмжлэгчийн биллинг үйлчилгээний дансанд төвлөрөх үндэслэлгүй. Мөн нэхэмжлэгчийн дансны хуулгаар маргаж буй хугацаанд, маргаан бүхий орон сууцны хэрэглэгчид ашиглалт, хэрэглээний төлбөрийг нэхэмжлэгчид төлж байсан нөхцөл байдал тогтоогдоогүй. Иймд маргаан бүхий хугацааны дулааны төлбөрөөс нэхэмжлэгч, хариуцагч тус бүр хэдий хэмжээгээр хураан авсныг шинжээчээр /аудит/ тогтоолгох шаардлагагүй гэж шүүх үзсэн. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “К Т И” ХХК-иас 104,703,540  төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Т К” ХХК-д олгож, нэхэмжлэлээс 91,547,839 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай. 

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,193,210 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч “К Т И” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 681,468 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Т К” ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                            Т.ГАНДИЙМАА

 

                  ШҮҮГЧИД                                                              А.САРАНТУЯА

 

                                                                                                                                                Ж.ЭРДЭНЭЧИМЭГ