Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 11 сарын 22 өдөр

Дугаар 210/МА2021/01682

 

 

 

 

 

 

 

 

 

“Т” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 102/ШШ2021/02238 дугаар шийдвэртэй, “Т” ХХК-ийн нэхэмжлэлтэй “К” ХХК-д холбогдох хохиролд 196,251,379 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг зохигчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ууганбаяр, Б.Гангамөрөн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Баярсайхан, С.Отгонсүх, хариуцагчийн өмгөөлөгч С.Ялалт, С.Алтанцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Баярсайхан нь “Т” ХХК-д гүйцэтгэх захирлаар ажиллаж байх хугацаандаа буюу 2015 онд “Т” ХХК-тай төсөөтэй нэртэй, бусдыг төөрөгдүүлсэн, үйл ажиллагааны чиглэл нь адилхан ОСНАА-ын “Комфорт таун” ХХК-ийг үүсгэн байгуулж, “Т” ХХК-ийн хариуцдаг байсан Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэсвгэрт байрлах орон сууцны барилгуудын ашиглалтыг шилжүүлж, ашиглалтын болон орлогыг хураан авч “Т” ХХК-д их хэмжээний хохирол учруулсан.

Хариуцагч “К” ХХК нь Эрчим хүчний зохицуулах хорооноос дулаан түгээх тусгай зөвшөөрөлгүйгээр нэхэмжлэгч “Т” ХХК-д Эрчим хүчний зохицуулах хорооноос тогтоож өгсөн тарифыг ашиглаж үйлчилгээ үзүүлдэг орон сууцны байрнуудын халаалт, халуун усны суурь хураамжийг 2017 оны 12 дугаар сараас 2019 оны 6 дугаар сар хүртэл нийт 83,725,400 төгрөгийн төлбөрийг үндэслэлгүйгээроршин суугчдаас авсан.

Нэхэмжлэгч “Т” ХХК-ийн тусгай зөвшөөрлийн хамрах хүрээнд ашиглалт үйлчилгээг нь үзүүлдэг Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Нарлаг хотхоны 5 орон сууцны барилгын ус дулаанаар хангах зориулалттай ЦТП-ээс хариуцагч “К” ХХК-ийн хууль бусаар ашиглалт үйлчилгээг нь авах болсон Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 65, 67, 47, 84, 57б, 77а, 77б, 75б тоот орон сууцны барилга ус, дулаанаар хангагддаг бөгөөд дээрх 9 ширхэг орон сууцны барилга руу халуун ус, дулаан шахах зориулалтаар Нарлаг хотхоны ЦТП дотор цахилгаан насос ажилладаг. Дээрх цахилгаан насос ажиллаж байж хариуцагч “К” ХХК-ийн ашиглалт үйлчилгээг, орлогыг нь хураан авч буй орон сууцны барилга руу халуун ус, дулаан дамжуулдаг бөгөөд хариуцагч “К” ХХК нь 2015 оны 3 дугаар сараас 2019 оны 9 дүгээр сар хүртэлх насосны цахилгааны төлбөр болгох 57,555,810 төгрөгөөс 2018 оны 4 дүгээр сараас 2018 оны 12 дугаар сарын төлбөр болох 8,871,165.5 төгрөгийг төлсөн байдаг. Үлдэгдэл төлбөр болох 48,684,645 төгрөгийн төлбөрийг төлөлгүй нэхэмжлэгч компанийг хохироож байна.

Хариуцагч “К” ХХК-ийн хууль бусаар шилжүүлэн авсан Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 65, 67, 47, 84, 57б, 77а, 77б, 75б орон сууцны барилгууд нь нэхэмжлэгч компанийн өмчлөлийн, Нарлаг хотхоны ус дулаанаар хангах зориулалттай ЦТП-ээс дулаанаар хангадаг бөгөөд “У” ТӨХК-ийн БТТ-ийн инженер нь Нарлаг хотхоны ус дулаанаар хангах эориулалттай ЦТП-ээс “Т” ХХК болон “К” ХХК-ийн хариуцан үйлчилгээ үзүүлдэг орон сууцны барилгуудын дулаан хэрэглэгчдийн ачааллын хуваарилалтыг гаргасан байдаг.

Тус ачааллын хуваарилалтаар Нарлаг хотхоныг ус дулаанаар хангах зориулалттай ЦТП-ээс “Т” ХХК-ийн хариуцдаг Нарлаг хотхоны 5 орон сууцны барилгын дулааны хэрэглээний ачаалал нь 60.54 хувь, “К” ХХК-ийн хариуцдаг 9 орон сууцны барилгын хэрэглээний ачаалал нь 39.46 хувиар тогтоож өгсний дагуу “У” ТӨХК-аас ирүүлсэн дулааны төлбөрийн нэхэмжлэлийг хариуцагч “К” ХХК нь тогтоосон 39.46 хувиар тооцож дулааны төлбөрийг төлж байсан боловч 2019 оны 01 дүгээр сараас 2019 оны 05 дугаар сар хүртэлх дулааны төлбөр алдангийн хамт нийт 63,841,334 төгрөг төлөгдөөгүй байна.

Иймд хариуцагч нь 196,251,379 төгрөгийг төлөлгүй нэхэмжлэгч компанийг хохироож байх тул уг мөнгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “К” ХХК нь “Т” ХХК-д ямар нэгэн өр төлбөргүй. “Т” ХХК нь “Эко констракшн” ХХК-ийн охин компани бөгөөд “Эко констракшн” ХХК нь “Таункомфорт” ХХК-ийг бизнесийн нэр төрийг хамгаалах зорилгоор үүсгэн байгуулсан. “Комфорт таун” ХХК нь “Т” ХХК-тай дуудлага нь адил, Улсын бүртгэлийн ерөнхий газраас бүртгэж өгсөн юм. Энэ компанийн талаар С.Баярсайхан захирал зөвшөөрсөн учраас 2015 оны 3 сараас 2018 оны 2 сар хүртэл 3 жил үйл ажиллагаа явуулсан.

Энэ хоёр компанийн хооронд орлого, зарлага нь гүйж байсан. “Т” ХХК-иас 196,251,379 төгрөгийн баримттай холбоотой өргөдлийг Баянгол дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст гаргаж, Д.Баярсайханыг шалгасан. Уг эрүүгийн хэрэгт халаалт, цахилгааны төлбөртэй холбогдох баримтууд байгаа. “Т” ХХК-ийн нэхэмжлэлдээ хавсаргасан баримтуудаас үзвэл манай компанийг үүсгэн байгуулагдсанаас өмнөх өр төлбөрийн баримтууд байгаа. Эрүүгийн хэрэг дээр бараг 6 удаагийн аудитын асуудал яригддаг. Аудит болгон дээр манайх авлагатай гардаг.

“Т” ХХК-ийн хариуцахаа болсон 5 байрыг бусдад алдах гээд байна,  танай компанийн нэр дээр түр зуур бүртгэл хийлгэж байгаад компаниа байгуулаад авъя гэж хэдхэн сар бүртгүүлээд буцаагаад авсан. Энэ 5 байран дээр маргалддаг.

Хоёр удаа шинжээч дүгнэлт гаргасан ба эхний удаа 40,5 хувь гаргасан. Дараа нь 32,2 хувь болгосон. Шинжээчийн дүгнэлт 32,2 хувь гарсан байхад нэхэмжлэгч 39,46 хувиар шаардлага гаргасан. Эрчим хүчний зохицуулах хорооны шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. н.Пүрэвсүрэнгийн 75а барилгыг 2018 оны 1 сараас нэхэмжлэгч байгууллага булааж авсан. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

Иргэдийн төлөөлөгч Ө.Баяраа дүгнэлтдээ: Нэхэмжлэгч тал 3 үндэслэлээр нэхэмжлэл гаргасан байна. Миний ойлгож байгаагаар дулааны суурь хураамжийг оршин суугч хэрэглэгчдээс аваад буцаагаад дулааны үйл ажиллагааны найдвартай байдалд зарцуулдаг. Хоёр талын энэ асуудлаас болж хэрэглэгч нар хохирсон эсэх талаар сайн мэдэхгүй байна. Мөн цахилгааны насосны төлбөр үү, зардал уу. Дулааны зардлыг бол тоолуураар хэмжиж болно, тоолуур байхгүй бол эзэлхүүнээр хэмжиж болдог, эрх бүхий байгууллагаас гаргасан үнэ тарифын дагуу тогтоодог. Дулааны ачааллыг дулааны шугам сүлжээний газрын горимын инженер нараас асуухад дулааны ачааллыг харж болдог. Энэ бол ямар ч маргах асуудал байхгүй гэж бодож байна. Гэм буруутай эсэх дээр нэхэмжлэгч, хариуцагч талууд хоорондоо дотоод аудит, санхүүгийн тооцоо нийлсэн зүйл байгаа учраас аудитын шалгалт хийгдэх нь зүйтэй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “К” ХХК-иас 104,703,540 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Т” ХХК-д олгож, нэхэмжлэлээс 91,547,839 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,193,210 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч “К” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 681,468 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Т” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Нэхэмжлэгч "Т" ХХК-ийн тусгай зөвшөөрөл, "У" ТӨХК-тай байгуулсан Дулааны эрчим хүч худалдах, худалдан авах гэрээний дагуу үйлчилгээ, 7-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Нарлаг хотхоны 5 орон сууцыг дулаанаар хангах зориулалт бүхий нэхэмжлэгч компанийн өмчлөлийн ЦТП-ээс хариуцагч "К" ХХК-ийн хууль бусаар ашиглалт үйлчилгээг нь үзүүлж байсан 65,66,67,575 74, 77А, 77Б, 75Б, 84-р гэх 9 байрнууд ус дулаанаар хангагддаг бөгөөд дээрх орон сууцны барилгуудыг ус дулаанаар хангахад нэхэмжлэгч компанийн өмчлөлийн ЦТП дотор цахилгаан насос ажилладаг. Дээрх цахилгаан насос нь ажиллаж байж дулааны төв шугамаас хариуцагч талын хууль бусаар ашиглалт үйлчилгээ, орлогыг нь хураан авч буй 65,66,67,57Б 74, 77А, 77Б, 75Б, 84-р байрнууд руу халуун ус, дулаан дамжуулдаг.

"Т" ХХК нь өөрийн ашиглалт үйлчилгээ үзүүлж буй Баянгол дүүргийн 7-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Нарлаг хотхоны 5 байрны насосны зардлын төлбөрийн хамт хариуцагч компанийн хууль бусаар ашиглалт үйлчилгээг нь үзүүлж ус дулааны орлогыг нь хураан авдаг байсан 65, 66, 67 57Б, 74, 77А, 77Б, 75Б, 84-р байрнуудын хамт цахилгаан насосны зардлын төлбөрийг тоолуурын заалтын дагуу төлж ирсэн бөгөөд хариуцагч "К" ХХК нь 2015 оны 03 дугаар сараас 2019 оны 09 дүгээр сар хүртэлх өөрт хамааралтай барилгуудад ногдох насосны цахилгааны төлбөр болох 57,555,810 төгрөг төлөхөөс 2018 оны 04 дүгээр сараас 2018 оны 12 дугаар сар хүртэлх төлбөр болох 8,871,165 төгрөгийг төлсөн боловч үлдэгдэл 48,684,645 төгрөгийг төлөөгүй.

Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүх хариуцагч компанийн хууль бусаар ашиглалт үйлчилгээг үзүүлж, ус дулааныг орлогыг нь авч байсан дээрх байрнуудыг ус, дулаанаар хангахад нь зориулан ажиллаж байсан насосны зардлын төлбөрийг нэхэмжлэгч компаниас гарвал зохих зардалд хамаарна гэж дүгнэсэн нь үндэслэлгүй.

Хариуцагч компани нь өөрийн ашиглалт, үйлчилгээг нь үзүүлэн ус, дулааны орлогыг нь хураан авч байсан байрнуудыг зардлыг төлөх нь шударга бөгөөд хууль зүйн үндэслэл бүхий гэж үзэж байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, шүүхийн шийдвэрээр хангасан 104,703,540 төгрөг дээр нэмж, насосны цахилгааны төлбөр болох 48,684,645 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн болно.

Нэмэлт болон дахин шинжээч томилуулах, хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримт цуглуулах талаар, хэргийн оролцогчдын ирцтэй холбоотой, татгалзалтай холбоотой хариуцагч, түүний өмгөөлөгчийн зүгээс удаа дараа гаргасан хүсэлтийг шүүх хүлээн авах ёстой байсан боловч хүлээн аваагүй. Шинжээчийн гаргасан дүгнэлт илт үндэслэл муутай, гаргасан тоо, тооцоолол илэрхий алдаатай байгаа нөхцөл байдлыг анхаарч үзээгүй.

Хариуцагч талаас нэхэмжлэгч талд хохирол учруулсан үйлдэл гаргаагүй. Нэхэмжлэгч дулааны суурь хураамжтай холбоотой ямар нэгэн зардал гаргаагүй, айл өрхүүдэд үйлчилгээ үзүүлээгүй байхад Иргэний хуулийн 497, 510 дугаар зүйлд зааснаар шаардах эрхтэй гэж дүгнэсэн нь буруу байна.

Эрчим хүчний зохицуулах хороо тусгай зөвшөөрөлд бичилт бүртгэж явдаг. Энэ талаар Эрчим хүчний зохицуулах хорооноос баримт гаргуулахаар удаа дараа хүсэлт гаргасан боловч хангаагүй.

Хариуцагч талаас дансны хуулга, бусад баримтуудыг шинжлүүлье, дансны хуулгад дурдагдсан төлбөрүүд хэдэн сарын төлбөр болохыг тодруулъя гээд удаа дараа хүсэлт гаргаад хүлээж авсангүй. Хэрэгт нотлох баримтаар авагдсан “Т” ХХК-н төрийн банкны хуулгаар нэхэмжлэгч нь хариуцагч талын дээрх байруудын хэрэглэгчдээс 2021 оны 04 дүгээр сараас 2021 оны 10 дугаар сарыг дуустал хугацаанд 128 сая төгрөгийг хураан авч үндэслэлгүй хөрөнгөжсөн нь тодорхой харагдаж байтал дүгнэж хэлэлцээгүй.

Түүнчлэн өмгөөлөгч Г.Чинбатын шүүх хуралдаан давхардсан, өмгөөлөгч С.Алтанцэцэгийн өвчтэй улмаас шүүх хуралдаан хойшлуулах тухай хүсэлтийг мөн хүлээн аваагүй.

Иргэдийн төлөөлөгч О.Баяраа нь хариуцагчийн төлөөлөгч Д.Баярсайханы ангийн хүүхэд, найз нөхдийн холбоотой нь гэх үндэслэлээр хариуцагч талаас татгалзан гаргах хүсэлт гаргасан боловч татгалзлыг хуулийн дагуу шийдвэрлээгүй.

Иймээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, уг зөрчлийг давж заалдах шатны шүүх залруулах боломжгүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаан шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч “Т” ХХК нь хариуцагч “К” ХХК-д холбогдуулан орон сууцнуудын халаалт, халуун усны суурь хураамжийн орлого гэж 83,725,400 төгрөг, ус халаах насосны цахилгааны төлбөр 48,684,645 төгрөг, дулааны төлбөр, алданги гэж 63,841,334 төгрөгөөр тодорхойлж, нийт 196,251,379 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Хариуцагчаас татгалзлалын үндэслэлээ нотлохоор шинжээч томилуулах хүсэлт гаргасныг шүүх 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 102/ШТ2020/00361, 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 102/ШТ2020/00380 дугаар захирамжаар тус тус хангаж, шинжээчээр “У” ТӨХК, Эрчим хүчний зохицуулах хороог тус тус томилжээ. /6хх177, 182-183/

 

“У” ТӨХК-аас 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдөр гаргасан дүгнэлт, Эрчим хүчний зохицуулах хорооноос 2020 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр гаргасан дүгнэлтүүдийг хэргийн оролцогчийг гаргаж байгаа хүсэлтийн агуулга, шүүгчийн захирамжуудтай харьцуулан дүгнэвэл шинжээчид асуултад бүрэн хариулсан гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. /6хх221-238, 240-246/

 

Өөрөөр хэлбэл, “У” ТӨХК болон Эрчим хүчний зохицуулах хороо маргаантай байгаа байрнуудын орон сууцны ашигллатын төлбөрүүдийн хэмжээг гарах боломжтой буюу айлуудын тоотын дугаарыг бичиж төлбөрүүдийг тэмдэглэж дүгнэлт гаргасан боловч “Т” ХХК болон “К” ХХК нь маргаан бүхий орон сууцнуудын 2019 оны 01 дүгээр сараас 2019 оны 05 дугаар сарыг дуустал хэдий хэмжээний дулааны төлбөрийг хариуцагч тал бодитоор хураан авсан болохыг айл өрх тус бүрээр тогтоолгох гэсэн асуултад шинжээч хариулт өгөөгүй нь анхан шатны шүүх 2020 лны 10 дугаар сарын 01-ний өдрийн 102/ШТ2020/00361 дугаар, 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 102/ШТ2020/00380 дугаар захирамжийн биелэлт хангагдаагүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасан ажиллагааг дутуу хийсэн гэж үзэхээр байна.

 

Үүнээс гадна шүүх шинжээчийн дүгнэлтийн ач холбогдолтой эсэхийг дүгнэхдээ нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг тодорхой болох учиртай.

 

Гэм хор учруулсанаас үүсэх үүргийг нэхэмжлэгч “Т” ХХК нь хариуцагч “К” ХХК-аас нэхэмжлэхдээ тусгай зөвшөөрөлгүй атлаа адил төстэй нэр авч түүний үндсэн дээр хэрэглэгчдээс буюу оршин суугчдаас ашиглалтын зардлыг  авснаар хохирсон гэх агуулгаар тайлбарлаж байгаа бол энэ тохиолдолд шаардаж байгаа төлбөрүүд нь халаалт усны суурь хураамжийн төлбөр, ЦТП насосны төлбөр, дулааны ачаалалд хамаарах гэсэн энэ асуудлуудын хувьд бодит учирсан хохирлыг нэхнэ.

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт заасан гэм хор учруулснаас үүсэх үүргийг шаардаж байгаа бол энэ нь учирсан хохирлыг төлнө гэдэг агуулгаар шаардах эрхийг тодорхойлсон. Түүнээс ирээдүйд учрах эсхүл цааш өөр байгууллагад төлж болзошгүй хохирол гэсэн агуулгаар тайлбарлахгүй юм.

 

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг тодруулалгүйгээр хэргийг шийдвэрлэсэн гэж үзэхээр байна. “Таун компорт” ХХК нь “К” ХХК-ийн үйлдлээс болоод ямар зардал гаргасан хохирол учирсан гэх, орон сууцнуудын халаалт, халуун усны суурь хураамжийн орлогыг төлбөл зохих байгууллагад төлсөн эсэх, уг төлбөрийг хэрэглэгч нараас авах боломжгүй болсон гэх үйл баримт баримт тогтоогдоогүй анхан шатны шүүх энэ талаар талуудыг мэтгэлцүүлж, тодруулаагүй байна.

 

Гэм хор учруулснаас үүсэх үүргийн хүрээнд шаардагдах урьдчилсан нөхцөлүүд болох гэм хор учруулсан үйлдэл, эс үйлдэл, гэм буруутай байдал, учирсан хохирол бодитой, тодорхой бус, хохиролд учирсан хохирол нь гэм хор учруулсны буруутай үйлдэл хоёрын хооронд шалтгаант холбоо байгаа эсэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

 

Түүнчлэн, ус дулааны хураамжаас гадна цахилгааны ЦТП насос ажиллуулахад гарсан цахилгааны төлбөрийг айл өрхүүдээс авах боломжгүй болсон гэх нөхцөл байдал нь өөрөө бодит хохирол мөн эсэхийг тодруулах шаардлагатай. Нэхэмжлэлийн шаардлага тус бүрийн үндэслэлийг тодруулж, талууд тухайн маргааны үйл баримтын талаарх нотлох баримтыг гаргаж мэтгэлцсэнээр шүүх шаардах эрхийн үндэслэл, түүнийг зохицуулсан хуулийн заалтыг оновчтой, зөв тайлбарлан хэрэглэх боломжтой болох юм. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-т заасан шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, шийдвэрийг өөрчлөх боломжгүй нөхцөл байдал тогтоогдож байна.

 

Дээрх ажиллагааг давж заалдах шатны шүүх нөхөн гүйцэтгэх боломжгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1, 167.1.7-д заасан үндэслэл тогтоогдож байх тул мөн хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-т зааснаар шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1, 167.1.7-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 102/ШШ2021/02238 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 401,380 төгрөгийг, хариуцагчийн төлсөн 1,139,207 төгрөгийг тус тус шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

                            ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                          ШҮҮГЧИД                                Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

                                                                                           Э.ЗОЛЗАЯА