| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дарамын Мягмаржав |
| Хэргийн индекс | 106/2020/0470/Э |
| Дугаар | 1011 |
| Огноо | 2020-08-13 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | А.Дүүрэнбилэг |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 08 сарын 13 өдөр
Дугаар 1011
2020 08 13 2020/ДШМ/1011
Л.Мд холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Дарьсүрэн даргалж, шүүгч Б.Батзориг, Д.Мягмаржав нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор А.Дүүрэнбилэг,
шүүгдэгч Л.М, түүний өмгөөлөгч О.Баярбаясгалан,
нарийн бичгийн дарга М.Мөнхбаатар нарыг оролцуулан,
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 2020/ШЦТ/477 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Л.Мгийн гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох эрүүгийн 1905030281035 дугаартай хэргийг 2020 оны 7 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Мягмаржав илтгэснээр хянан хэлэлцэв.
................., 19.... оны ... дугаар сарын ...-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор суманд төрсөн, 41 настай, эрэгтэй, дээд боловсролтой, цахилгааны системийн инженер мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороо, 27-150 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:.........../;
Л.М нь 2019 оны 6 дугаар сарын 18-ны өдөр Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Монголын Үндэсний их сургуулийн гадна тус сургуулийн газрын маргаантай асуудлын улмаас иргэн Н.Ууганхишигтэй маргалдаж, хоолойг нь боож, хойш нь түлхэн дагзаар нь төмөр хашаа мөргүүлж, зүүн хацарт нь гараараа цохиж, зүүн хацар, дагзны хуйх, хоолойд цус хуралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Баянгол дүүргийн прокурорын газраас: Л.Мгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч ..................... хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Мг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар Л.Мг торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш хуульд заасан хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, энэ хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Мгээс 350.000 төгрөг гаргуулж хохирогч Н.Ууганхишигт олгож, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Л.М давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие тухайн үед хохирогч Н.Ууганхишигийн биед халдаж зодсон зүйл байхгүй бөгөөд үүнийг тухайн үед цуг байсан гэрч Болормаа, Отгонбямба нар гэрчилдэг. Гэтэл шүүхээс зөвхөн хохирогч Н.Ууганхишигийн мэдүүлгийг үндэслэн намайг гэм буруутайд тооцсонд гомдолтой байна. Тухайн үед хохирогч Н.Ууганхишигийн нүүр нь улаан хүрэндүү царайтай болчихсон цээжин хэсэг нь зулгаралт, улаалт үүссэн байсан. Урд өдөр нь бусадтай зодолдсон байсан. Энэ талаар Отгонбаатар, Болормаа нар гэрчээр мэдүүлсэн байдаг. Хавтаст хэрэгт авагдсан шинжээчийн мэдүүлгээр тухайн гэмтэл нь 2019 оны 6 дугаар сарын 17-ны өдөр авсан байх боломжтой гэж мэдүүлдэг. Иймд хохирогч Н.Ууганхишигийн биед намайг гэмтэл учруулсан гэдэг нь хангалттай нотлогдоогүй байхад шүүхээс намайг Н.Ууганхишигийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэж дүгнэсэн нь өөрөө хууль зүйн үндэслэлгүй юм. Миний бие хохирогч гэх Н.Ууганхишигийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулж, зодож цохисон зүйл байхгүй. Иймд надад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, намайг цагаатгаж өгнө үү.” гэв.
Шүүгдэгч Л.Мгийн өмгөөлөгч О.Баярбаясгалан тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шүүгдэгч Л.Мгийн гаргасан давж заалдах гомдлыг дэмжин оролцож байна. Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 477 дугаартай шийтгэх тогтоол хууль зүйн үндэслэлгүй гарсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар гэмт хэргийг хэн үйлдсэнийг тогтоож чадаагүй. Гэрч Болормаа нь “оршин суугч залуугийн биед халдаагүй” гэж мэдүүлэг өгсөн. Мөн гэрч Отгонбямбын “ямар нэг байдлаар биед нь халдсан зүйл байхгүй” гэх мэдүүлэг, гэрч Отгонбаатарын “хохирогч Ууганхишиг нь газрын маргаанаас болоод зодолдсон” гэх мэдүүлэг хавтаст хэргийн 74-75 дугаар талд байдаг. Шинжээчийн дүгнэлтээр тухайн гэмтэл нь 2020 оны 6 дугаар сарын 17-ноос 18-ны өдрийн аль ч өдөр үүсэх боломжтой гэсэн. Эдгээр нотлох баримтыг үнэлээгүй. Шийтгэх тогтоолд эдгээр гэрчүүд шүүгдэгч Л.Мг зодсон талаар хэлээгүй. Шинжээчийн дүгнэлтэд дурдсан гэмтлийг Л.М учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдохгүй байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “гэмт хэргийн шинжгүй” гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү. Энэ хэрэг 2019 оны 6 дугаар сарын 18-ны өдөр гарсан бөгөөд Үндсэн хуулийн цэцэд энэ төрлийн гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаатай асуудлын талаар маргаан үүссэн байгаа. Иймд шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.
Прокурор А.Дүүрэнбилэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан гэж үзэж байна. Хохирогч болон гэрч Болормаагийн мэдүүлэгт дурдсанаар шүүгдэгч нь хохирогчийн эрүүл мэндэд халдсан гэх үйл баримт авагдсан. Мөн шинжээчийн 7609 дугаартай дүгнэлтээр хохирогчийн биед хөнгөн гэмтэл учирсан. Эдгээр үйлдэл болон хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтэл зэргийн хооронд шалтгаант холбоотой байна гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлд зааснаар хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлгүй байна.” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх гомдлыг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг давж заалдсан гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.
Хэргийг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.
Л.М нь 2019 оны 6 дугаар сарын 18-ны өдөр Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Монголын Үндэсний их сургуулийн гадна тус сургуулийн газрын маргаантай асуудлаас үүдэн иргэн Н.Ууганхишигтэй маргалдаж, хоолойг нь боож, хойш нь түлхэн дагзаар нь төмөр хашаа мөргүүлж, зүүн хацарт нь гараараа цохиж, зүүн хацар, дагзны хуйх, хоолойд цус хуралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
хохирогч Н.Ууганхишигийн “...яваад очтол бөөгнөрсөн байсан хүмүүс миний явж байсан зам дагуу барьсан хашааны талаар яриад “...танай захирал чинь хаана байна, та нар яахаараа нийтийн эзэмшлийн зам талбай хааж хашаа барьдаг юм...” гээд байхаар нь би тэр хүмүүст “би наад асуудлыг чинь мэдэхгүй байна, би энэ сургуульд зүгээр ажилладаг болохоос, наад зам талбай, хашаа барьсан талаар мэдэхгүй” гэтэл тэр өдөр надтай хамт цагдаа дээр ирсэн бас миний биед халдсан ах гарч ирээд “чи муу мэдэж байгаа, муу бууны нохой” гэх зэргээр хэлээд намайг заамдан авч хойшоо түлхэж, толгойн ар хэсгээр төмөр хашааны хээ угалз мэт сөрдийсөн хэсгийг мөргүүлсэн. Тэр үед намайг боож хашаа мөргүүлсэн ахыг хамт байсан хүмүүс нь салгасан. Тэгээд би тэр ахаас салаад гар утсаараа цагдаад дуудлага өгөөд ярьж байтал, намайг боодог ах “чи яасан их цагдаад дуудлага өгдөг юм” гэж хэлээд миний зүүн шанаа орчим аль гараараа гэдгийг нь санахгүй байна нэг гараараа нэг удаа цохисон. ...” /хх 19-20/,
гэрч Д.Болормаагийн “...сургуулийг төлөөлж байгаа хүн гээд байсан залуу руу дайрах үед тус хорооны оршин суугч гэх залуу, цагдаад өргөдөл гаргаад байгаа залууг заамдан аваад хойш нь болгосон. ...” /хх 23-24/,
шинжээч С.Одончимэгийн “...Үзүүлэгчийн биед үүссэн дагзны хуйханд цус хуралт гэмтэл нь дангаараа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Үзүүлэгч Н.Ууганхишигийн биед үүссэн гэмтлүүд нь дан дангаараа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Үзүүлэгчийн биед үүссэн дагзны хуйханд цус хуралт нь төмөр сараалж, хашаа мөргөх үед үүсэх боломжтой. Ямар нэгэн хүч үйлчилсэн л бол үүсэх боломжтой. ...” /хх 79-80/ гэх мэдүүлгүүд,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 7609 дугаартай “...Н.Ууганхишигийн биед зүүн хацар, дагзны хуйх, хоолойд цус хуралтуудтай гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хөнгөн зэргийн гэмтэл болно. Цаашид эрүүл мэнд хөдөлмөрийн чадвар тогтонгид нөлөөлөхгүй болно. ...” /хх 26/ гэх дүгнэлт,
дуудлага мэдээллийн лавлагаа /хх 31/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл /хх 124-127/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогджээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэж заасны дагуу анхан шатны шүүхийн шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, мэдүүлэг, дүгнэлт, шинжлэн судалсан бусад нотлох баримтад үндэслэн, шүүгдэгч Л.Мг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.
Шүүгдэгч Л.Мг иргэн Н.Ууганхишигтэй маргалдаж, хоолойг нь боож, хойш нь түлхэн дагзаар нь төмөр хашаа мөргүүлж, зүүн хацарт нь гараараа цохиж, зүүн хацар, дагзны хуйх, хоолойд цус хуралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.
Шүүхээс Л.Мд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн нь шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх бөгөөд хэрэгт авагдсан нотлох баримтууд нь хууль ёсны шаардлага хангасан, шүүгдэгчийн үйлдлийг нотолж чадсан баримтууд байх тул “...надад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, намайг цагаатгаж өгнө үү. ...” гэсэн шүүгдэгч Л.Мгийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.
2015 оны Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэнээс хойш дараах хугацаа өнгөрсөн нь тогтоогдвол яллагдагчаар татаж болохгүй” гэж, 1.1-д “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон, эсхүл зорчих эрхийг хязгаарлах ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэнээс хойш нэг жил өнгөрсөн” гэж тус тус заажээ.
Харин Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай 2020 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн яллагдагчаар татах хүртэл тоолохоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь заалтад өөрчлөлт оруулсан бөгөөд “Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай” хуулийн 3 дугаар зүйлд “2020 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг тоолох журам өөрчлөгдсөнтэй холбогдуулан мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд шалгагдаж байгаа гэмт хэрэгт хөөн хэлэлцэх хугацаа тоолохгүй гэж заасан байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн шүүгдэгч Л.Мг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлд заасан гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааны дотор яллагдагчаар татсан байх тул давж заалдах шатны шүүхээс шүүгдэгч Л.Мг гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн үндэслэлээр эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэлгүй юм.
Иймд, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 2020/ШЦТ/477 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Л.Мгийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 2020/ШЦТ/477 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Л.Мгийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Л.ДАРЬСҮРЭН
ШҮҮГЧ Б.БАТЗОРИГ
ШҮҮГЧ Д.МЯГМАРЖАВ