Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 10 сарын 13 өдөр

Дугаар 102/ШШ2021/02579

 

 

 

 

 

2021 оны 10 сарын 13 өдөр

Дугаар 102/ШШ2021/02579

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Гандиймаа даргалж, шүүгч А.Сарантуяа, Х.Энхзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг 12 дугаар хороо * тоотод оршин суух Ш овогт Д Э /РД: */

 

Хариуцагч: Баянгол дүүрэг 20 дугаар хороо * тоот “Э  т“ ХХК /РД: */

 

Гэм хорын хохиролд 5,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Э

                                   нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б

                                хариуцагчийн өмгөөлөгч Ч.Б

                                нарийн бичгийн дарга О.Золзаяа нар оролцов.

 

Нэхэмжлэлийг 2021 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авав.

 

 ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Э шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Д.Э миний бие 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдөр 08 цаг 40 минутийн үед “Э  т” ХХК-ийн эзэмшлийн Hyundai Aerocity маркийн улсын 0586-* дугаартай автобусаар Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороонд байрлах өөрийн гэрээс Сүхбаатар дүүрэгт байрлах ажлын байр болох эмийн сан руу явж байх үед 71 дүгээр сургуулийн хойно байрлах хурд сааруулагч дээр хурдтай гарч үүний улмаас нуруу нугламын 1-2 төвшинд хугаралт өгсөн нь “Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн” шинжээчийн 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 12352 тоот дүгнэлтээр тогтоогдож, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 2 дугаар сарын 01-ны өдрийн “2021/ШЦТ/86” шийтгэх тогтоол гарсан. Уг тогтоолд гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол, хор уршгийн зардлыг “...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу нэхэмжлэх...” тухай дурдсан. Би хэвтэрт байдаг өндөр настай ээж, оюутан хүүгийн хамт амьдардаг өрх толгойлсон эх бөгөөд өөрийн орлогоор 3 ам бүлийг тэжээдэг юм. “Э  т” ХХК нь өөрийн эзэмшлийн эвдрэл гэмтэлтэй, бүрэн бус Hyundai Aerocity маркийн тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулж “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай” хуулийг зөрчсөн ослоос хойш ажил хийх боломжгүй болж хүүхдийнхээ асаргаанд ороод байгаа болно. Осол болох үед “М Р” ХХК-д эм зүйчээр ажиллаж сарын 1,000,000 төгрөгөөр цалинжиж түүгээрээ гэр бүлээ тэжээдэг байсан. Уг гэмт хэргийн улмаас орлогогүй болж одоо ээжийн өндөр настны тэтгэвэр болох 350,000 төгрөг нь эм, тариа, түлээ нүүрс, хоол хүнсэндээ ч хүрэлцэхгүй болж нэг гэр бүл амьжиргааны баталгаажих доод түвшингөөс доогуур амьдралтай болж нэн ядуу өрхийн тоог нэгээр нэмээд байна. Иймд “Э  т” ХХК-иас ажилгүй байх хугацааны хохирол болох 5,000,000 төгрөгийг гаргуулан өгнө үү.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний төрсөн эгч Д.Э нь Цэргийн төв эмнэлгийн доор үйл ажиллагаа явуулдаг эмийн санд жор баригчаар ажиллаж байсан ч тус эмнэлгийг улаан бүсэд оруулж ковидын эмчилгээ хийх болсноор үйл ажиллагаа явуулж байсан бүх аж ахуй нэгжүүдийг аж ахуйн үйл ажиллагаа явуулахыг хориглож  буулгасан. Ингээд “М Р” ХХК-ийн захирлын санал болгосноор энэ компанийн эмийн санд жор баригчаар 2020 оны 8 сараас ажиллах болсон. “Э  т” ХХК-ийн автобусаар ажилдаа явж байхдаа автобусны жолоочийн буруугаас нуруугаа хугалж гэмтэл авсан. Эмчилгээний зардал гэж сая гаруй төгрөг өгсөн. Гэвч миний эгч хүний асаргаанд орж, ажилгүй 8 сар хэвтэрт байсан. Үүнээс гэмтэл авснаас хойш 5 сарын хугацааны цалин 5,000,000 төгрөгийг нэхэмжилж байгаа. Шүүхэд гаргаж өгсөн нотлох баримтад нэг ч хуурамч баримт байхгүй, нотлогдохгүй зардлууд маш их гарсан, шүүх анхаарч шийдэж өгөхийг хүсч байна.

 

Хариуцагчийн өмгөөлөгч Ч.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Э  т” ХХК-ийн тээврийн хэрэгслээр явж байгаад нэхэмжлэгч нь гэмтэж, эрүүл мэндээрээ хохирсон асуудалд огт маргаагүй. Хохирогч гэм хорын хохирлоо нэхэмжилж болно. Хариуцагч нь хохирлыг төлөхөөс огт татгалзаагүй. Тийм ч учраас нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид бид 5 сард эвлэрэх талаар анх санал тавьсан. Гэтэл энэ хүн эргэж ярилцана гэж хэлээд холбоо бариагүй. Өмнөх шүүх хуралдааны дараа мөн энэ хүнтэй уулзаж үзсэн. Харамсалтай нь ойлголцож чадаагүй. Хамгийн гол нь нэхэмжлэгч өөрт учирсан гэм хор, хохирлоо нотлох үүрэгтэй. Хэргийн материалтай танилцахад хангалттай нотлох баримт байхгүй гэж миний зүгээс үзэж байгаа. Тиймээс нэмэлт нотлох баримт гаргуулахаар шүүхэд хүсэлт гаргаж, хүсэлтийг шүүх хангаж шийдвэрлэсэн боловч нэхэмжлэгч талаас нотлох баримтыг гаргаж өгөх боломжгүй гэдэг тайлбарыг хэлж байна. Нэхэмжлэгч нь гэм хор учирсан гэдгээ хангалттай нотолж чадахгүй байна гэж үзэж байна. Анх нэхэмжлэл гаргахдаа ямар ч нотлох баримт хавсаргаж өгөөгүй байсан. Сүүлд хөлсөөр ажиллах гэрээ авчирч өгч байсан. Нэхэмжлэгчийг “М Р” ХХК-тай хөдөлмөр эрхлэлтийн харилцаанд орсон гэж харж байна. Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар талууд хөдөлмөр эрхлэлтийн харилцаанд орсон бол хөдөлмөрийн гэрээнээс өөр төрлийн гэрээ байгуулахыг хориглодог. Иймд нэхэмжлэгчийн хохирол нотлогдохгүй, эргэлзээтэй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.  

 

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв. Учир нь:

 

Нэхэмжлэгч Д.Э нь хариуцагч “Э  т” ХХК-д холбогдуулан гэм хорын хохиролд 2020 оны 11, 12 дугаар сар, 2021 оны 1, 2, 3 дугаар сард ажилгүй байсан 5 сарын хугацааны цалин 5,000,000 төгрөг гаргуулахаар шаарджээ.

 

Дээрх шаардлагын үндэслэлээ “зам тээврийн осол гаргасан жолооч нь “Э  т” ХХК-д ажилладаг болох нь тогтоогдсон тул учирсан гэм хорын хохирлыг ажил олгогч хариуцана” гэж тайлбарлаж байгаа бол хариуцагч “нэхэмжлэгчид учирсан хохирол хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдохгүй байна” гэж маргав.

 

“Э  т” ХХК-д жолооч ажилтай Ч.Б нь 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 10 цагийн үед Сүхбаатар дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Э  т” ХХК-ийн өмчлөлийн 05-86 УАВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4-ийн а-д “энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах”, мөн дүрмийн 12.1-д “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна” гэсэн заалтыг зөрчиж сааруулагчаар гарахдаа хүчтэй донсолсоны улмаас Д.Эгийн биед бүсэлхийн 2 дугаар нугалмын их биеийн шахагдсан далд хугарал, арын холбоосын тасрал, хугарал орчмын зөөлөн эдийн няцрал гэмтэл үүсгэж хүндэвтэр гэмтэл учруулсан болох нь Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 2 дугаар сарын 01-ний өдрийн 2021/ШЦТ/86 дугаар шийтгэх тогтоолоор тогтоогдож байна. Тухайн шийтгэх тогтоол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар хуулийн хүчин төгөлдөр болжээ. /ХХ-ийн 9-15 дугаар тал/

 

Гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг хууль ёсоор хариуцвал зохих хүн, хуулийн этгээдийг иргэний хариуцагч гэж ойлгоно. Дээрх эрүүгийн хэрэгт “Э  т” ХХК-ийг иргэний хариуцагчаар татан оролцуулсан байх ба Д.Эгийн эмчилгээний зардалд 1,000,000 төгрөг төлсөн талаар шийтгэх тогтоолд заасан байна. Иймд Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1 дэх хэсэгт “Ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ” гэж зааснаар нэхэмжлэгчид учирсан гэм хорын хохирлыг хариуцагч хүлээнэ.

 

Д.Э нь 2020 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн Хөлсөөр ажиллах гэрээгээр “М Р” ХХК-ийн эмийн санд жор баригчаар ажиллах, нэг сарын ажлын хөлсийг 1,000,000 төгрөгөөр тохиролцон ажиллаж байсан болох нь гэрээ болон гэрч Д.Нансалмаагийн мэдүүлгээр тогтоогдсон гэж үзэв. Учир нь Д.Н нь “М Р” ХХК-ийн захирал бөгөөд жор баригчаар өөрөө ажиллаж байгаад 2020 оны 8 дугаар сараас Д.Эг ажилд авсан, нийгмийн даатгалын шимтгэлийг төлөхгүйгээр тохиролцож 1,000,000 төгрөгийн цалин олгохоор тохирсон талаар мэдүүлсэн ба тогтоосон цалин хөлсийг олгож байсан болох нь “М Р” ХХК-ийн цалингийн баримтаар /цалингийн хүснэгт/ тогтоогдсон болно. /ХХ-ийн 8, 37-38 дугаар тал/

 

Гэмт хэргийн улмаас нэхэмжлэгчид учирсан гэмтлийг шинжээч нь Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн А/216/422 дугаар тушаалаар баталсан Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар дөрвөн долоо хоногоос дээш буюу удаан хугацаагаар эрүүл мэндийг сарниулсан хүндэвтэр зэрэгт хамаарна гэжээ. Мөн Д.Э нь 2021 оны 2 дугаар сарын 01-ний өдөр эрүүгийн хэргийг шийдвэрлэх үед ажилгүй байсан хугацааны 3 сарын цалин 3,000,000 төгрөг шаардсан байх бөгөөд уг шаардлагыг хэлэлцэхгүй орхисон байна. Дээрх хугацаанд нэхэмжлэгчийг ажил эрхлэх боломжтой байсан эсэхийг хариуцагч баримтаар үгүйсгэж чадаагүй, үүнтэй холбоотой асуудлаар ямар нэг нотлох баримт гаргаж өгөөгүй, нотлох баримт бүрдүүлэх хүсэлт гаргаагүй. Харин нэхэмжлэгчийн хүсэлтээр асуусан гэрч Э.Д, Д.Н нар нэхэмжлэгчийг 2021 оны 5 дугаар сар хүртэл ажил эрхлээгүй талаар мэдүүлжээ. Иймд нэхэмжлэгч нь гэмтлийн улмаас эрүүл мэндэд үүссэн үр дагаврыг мэс заслын аргаар эмчлүүлсэн, уг гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах гэмтлийн зэрэгт хамаарч байгаа нөхцөл байдал, гэрч нарын мэдүүлгийг үндэслэн нэхэмжлэгчийг гэмтлийн улмаас хөдөлмөрийн чадвараа алдаж 2020 оны 11, 12, 2021 оны 1 дүгээр сард ажил эрхлээгүй үндэслэл тогтоогдсон гэж үзлээ. Иймд дээрх хугацааны цалин 3,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах үндэслэлтэй байна. 

 

Харин нэхэмжлэгч нь 2021 оны 2, 3 дугаар сард ажил эрхлээгүй нь эрүүл мэндийн шалтгаантай байсан болохоо бичгийн нотлох баримтаар нотлоогүй бөгөөд энэхүү нөхцөл байдал нь зөвхөн гэрч Э.Дэлгэржаргалын мэдүүлгээр нотлогдохгүй болно. Өөрөөр хэлбэл тухайн хугацаанд нэхэмжлэгчийн ажил эрхлээгүй байдал нь хөдөлмөрийн чадвараа алдсантай холбоотой болохыг эргэлзээгүйгээр, хөдөлбөргүй нотлоогүй гэж үзэв. Иймд нэхэмжлэлийн шаардлагаас 2 сарын цалин 2,000,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.         

 

Гэрч нарын мэдүүлгийг хуульд заасан арга, журмын дагуу авсан, тухайн журмыг зөрчөөгүй, гэрч Д.Н мэдүүлэг хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтаар тогтоогдсон, гэрч Э.Д “нэхэмжлэгчийн ажил эрхлээгүй хугацааны талаарх” мэдүүлэг нь нөгөө гэрчийн мэдүүлэгтэй тохирсон зэргийг үндэслэн гэрч нарын мэдүүлгийг бодит үнэнд нийцсэн үнэн зөв гэж дүгнэсэн болно.

 

Иргэдийн төлөөлөгч шүүх хуралдаанд оролцох боломжгүйгээ мэдэгдсэн, түүний эзгүйд хэргийг шийдвэрлэхийг зохигч зөвшөөрсөн байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.8, 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Э  т” ХХК-иас 3,000,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ш овогт Д Эд олгож, нэхэмжлэлээс 2,000,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.  

  

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.7 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч “Э  т” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 62,950 төгрөг гаргуулж улсын орлогод оруулсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах  эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         Т.ГАНДИЙМАА

 

                                        ШҮҮГЧИД                                               А.САРАНТУЯА

 

                                                                                                 Х.ЭНХЗАЯА