Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 11 сарын 29 өдөр

Дугаар 210/МА2021/01719

 

 

 

 

 

 

 

 

 

Д.эагийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд, даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 102/ШШ2021/02579 дугаар шийдвэртэй, Д.эагийн нэхэмжлэлтэй “Э” ХХК-д холбогдох гэм хорын хохиролд 5,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Эрдэнэмөнх, хариуцагчийн өмгөөлөгч Ч.Батбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Халиун нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.эа би 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдөр 08 цаг 40 минутийн үед “Э” ХХК-ийн эзэмшлийн 0586 УАВ улсын дугаартай автобусаар Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороонд байрлах өөрийн гэрээс Сүхбаатар дүүрэгт байрлах ажлын байр болох эмийн сан руу явж байх үед 71 дүгээр сургуулийн хойно байрлах хурд сааруулагч дээр уг автобус хурдтай гарснаас миний нуруу нугламын 1-2 төвшинд хугаралт өгсөн нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн шинжээчийн 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 12352 тоот дүгнэлтээр тогтоогдож, автобус жолоодож явсан жолоочийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 2 дугаар сарын 01-ны өдрийн 2021/ШЦТ/86 шийтгэх тогтоолоор шийтгэсэн.

Уг тогтоолд гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол, хор уршгийн зардлыг Иргэний журмаар нэхэмжлэх тухай дурдсан. Би хэвтэрт байдаг өндөр настай ээж, оюутан хүүгийн хамт амьдардаг, өрх толгойлсон эх бөгөөд өөрийн орлогоор 3 ам бүлийг тэжээдэг юм.

“Э” ХХК нь өөрийн эзэмшлийн, эвдрэл гэмтэлтэй, бүрэн бус тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулж, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийг зөрчсөн.

Би ослоос хойш ажил хийх боломжгүй болж хүүхдийнхээ асаргаанд ороод байна. “Э” ХХК нь эмчилгээний зардал гэж сая гаруй төгрөг өгсөн. Уг ослын улмаас хүний асаргаанд орж, ажилгүй 8 сар хэвтэрт байсан.

Осол болох үед “Маналын рашаан” ХХК-д эм зүйчээр ажиллаж сарын 1,000,000 төгрөгийн цалин авдаг байсан. Уг ослын улмаас орлогогүй болж одоо ээжийн өндөр настны тэтгэвэр болох 350,000 төгрөгөөр эм, тариа, түлээ нүүрс, хоол хүнсээ авч хүрэлцэхгүй байна.

 Иймд “Э” ХХК-иас ажилгүй байх хугацааны хохирол болох 5,000,000 төгрөгийг гаргуулан өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Э” ХХК-ийн өмчлөлийн тээврийн хэрэгслээр нэхэмжлэгч Л.Энхтуяа нь явж байгаад гэмтэж, эрүүл мэндээрээ хохирсон асуудалд маргахгүй. Нэхэмжлэгч гэм хорын хохирол нэхэмжилж болно. Манай байгууллага төлөхөөс татгалзаагүй. Гэтэл нэхэмжлэгч нь гэм хор учирсан гэдгийг хангалттай нотолж чадахгүй.

Нэхэмжлэгчийг “Маналын рашаан” ХХК-тай хөдөлмөр эрхлэлтийн харилцаанд орсон гэж үзэж байна. Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар талууд хөдөлмөр эрхлэлтийн харилцаанд орсон бол хөдөлмөрийн гэрээнээс өөр төрлийн гэрээ байгуулахыг хориглодог. Иймд нэхэмжлэгчийн хохирол нотлогдохгүй, эргэлзээтэй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Иргэдийн төлөөлөгч: шүүх хуралдаанд оролцоогүй.

 

Шүүх: Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Э” ХХК-иас 3,000,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Шонхор овогт Доржийн Энхтуяад олгож, нэхэмжлэлээс 2,000,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.7 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч “Э” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 62,950 төгрөг гаргуулж улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт "... нэхэмжлэгч нь 2021 оны 02, 03 дугаар сард ажил эрхлээгүй нь эрүүл мэндийн шалтгаантай байсан болохоо бичгийн нотлох баримтаар нотлоогүй бөгөөд энэхүү нөхцөл байдал нь зөвхөн гэрч Э.Дэлгэржаргалын мэдүүлгээр нотлогдохгүй" гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1, 37.2 дахь хэсэгт заасныг зөрчсөн гэж үзэхээр байна.

Д.эа 2021 оны 05 сар хүртэл хугацаанд ажил эрхлээгүй болох нь гэрч Д.Нансалмаа болон Э.Дэлгэржаргал нарын шүүхэд өгсөн мэдүүлгээр нотлогддог. Гэрчийн мэдүүлэгт гол төлөв нотлогдвол зохих үйл баримтыг харсан, үзсэн этгээдийн мэдүүлэг тусгагдсан байдаг учир түүний мэдүүлэг нь бусад нотлох баримтуудаас нотлох чадвараараа харьцангуй илүү байдаг.

Мөн шүүхээр хянан хэлэлцэгдэж буй асуудлыг тодорхой болгох буюу ямар нэг эрх зүйн үр дагаврыг бий болгох боломжтой мэдээлэл нь гэрчийн мэдүүлгийн агуулга байдаг.

Анхан шатны шүүх гэрчүүдийн мэдүүлгийг бодит үнэнд нийцсэн, үнэн зөв гэж дүгнэсэн талаараа шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт дурдсан боловч хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь үнэлж, дүгнэлгүйгээр 2021 оны 02, 03 сард ажил эрхлээгүйгээ бичгийн нотлох баримтаар нотлоогүй гэж үзсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.2 дахь хэсэгт заасныг зөрчсөн.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байна.

 

Нэхэмжлэгч Д.эа нь хариуцагч “Э” ХХК-д холбогдуулан гэм хорын хохиролд 5,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

“Э” ХХК-ийн өмчлөлийн 05-86 УАВ улсын дугаартай автобусыг тус компанийн жолооч Ч.Билэгдэмбэрэл нь 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 10 цагийн үед жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгазан хурдаа тохируулж яваагүйгээс хурд сааруулагчаар гарахдаа хүчтэй донсолсны улмаас Д.эагийн биед хүндэвтэр гэмтэл учруулсан үйл баримт Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 2021/ШЦТ/86 дугаар шийтгэх тогтоолоор тогтоогдсон. /хх9-14/

 

Хохирогч Д.эа нь Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1 дэх хэсэгт “Ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ” гэж зааснаар гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэм хорын хохирлыг ажил олгогч буюу “Э” ХХК-аас нэхэмжлэх эрхтэй.

 

Нэхэмжлэгч Д.эа нь Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт заасны дагуу хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлогод 5,000,000 төгрөг шаардсан, уг хохирлоо нотлохоор “Маналын рашаан” ХХК-тай байгуулсан 2020 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн Хөлсөөр ажиллах гэрээ, уг компанийн цалингийн тодорхойлолтыг шүүхэд гарган өгч, түүний хүсэлтийн дагуу шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэрчээс мэдүүлэг авчээ. /хх35-37/

 

Хариуцагч тал нэхэмжлэгчийн эрүүл мэндэд гэм хор учирсан үйл баримтад маргаагүй, харин түүний улмаас хөдөлмөрийн чадвараа алдсан, хохирол бодитой эсэх талаар маргажээ.

Энэ тохиолдолд нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотлох үүргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар сургуулийн 25.2, 38 дугаар сургуулийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу хүлээнэ. Нэхэмжлэгч Д.эа нь нэхэмжилж буй 5 сарын хугацаанд гэмтлийн улмаас хөдөлмөрийн чадвараа алдсан гэдгийг нотолсон эмнэлгийн байгууллагын баримт авагдаагүй тул түүнд хохирол учирсан гэж дүгнэхээргүй байна.

 

Анхан шатны шүүх гэрч Э.Дэлгэржаргал, Д.Нансалмаа нарын мэдүүлэг, “Маналын рашаан” ХХК-тай байгуулсан 2020 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн Хөлсөөр ажиллах гэрээ, уг компанийн цалингийн тодорхойлолт гэх баримтуудыг үндэслэн хариуцагч байгууллагаас гэм хорын хохиролд 3,000,000 төгрөгийг гаргуулж шийдвэрлэсэн. Энэ шийдвэрт хариуцагч тал давж заалдах гомдол гаргаагүй учир нэхэмжлэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйн үүднээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Нэхэмжлэгч нь өөрийн эрүүл мэндэд гэм хор учирсан нөхцөл байдлыг эрүүл мэндийн байгууллагын дүгнэлтээр нотлох учиртай бөгөөд энэ баримтыг гаргаж өгөөгүй тул түүний давж заалдах гомдлыг хангах боломжгүй байна.

 

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 102/ШШ2021/02579 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-т зааснаар нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

                         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Ч.ЦЭНД

 

                                          ШҮҮГЧИД                                 Д.ЦОГТСАЙХАН

 

                                                                                            Э.ЗОЛЗАЯА