Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 06 сарын 25 өдөр

Дугаар 102/ШШ2021/01637

 

 

 

 

 

2021 оны 06 сарын 25 өдөр

Дугаар 102/ШШ2021/01637

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Гандиймаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг 1 дүгээр хороо * тоотод оршин суух Б овогт П А /РД: */

 

Хариуцагч: Баянгол дүүрэг 3 дугаар хороо * Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг У Т З

 

Монгол-Оросын хувь нийлүүлсэн  нийгэмлэг У Т Зын даргын 2021 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн Б-I-56 дугаар тушаалыг хүчингүй болгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв. 

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч П.А

                                   нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Б

        хариуцагчийн төлөөлөгч Д.Э, Н.Б

                                нарийн бичгийн дарга Б.Баяржаргал нар оролцов.

 

Нэхэмжлэлийг 2021 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авав.

 

                                                       ТОДОРХОЙЛОХ нь:

          Нэхэмжлэгч П.А шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: П.А миний бие нь ХНН УБТЗ-д хуулийн зөвлөхөөр ажиллаж байгаад УБТЗ-ын даргын 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн Б-I-328 дугаар тушаалаар хөдөлмөрийн гэрээ цуцлагдсан ба өөрийн зөрчигдсөн хөдөлмөрлөх эрхээ хамгаалуулах хуучин эрхэлж байсан ажилдаа эгүүлэн тогтоолгохоор шүүхэд гомдол гаргасан юм. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 689 дүгээр магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2020 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 001 /ХТ2020/00199 дүгээр тогтоолоор Пэрэнлэйсамбуу овогтой А миний биеийг “Монгол-Оросын хувь нийлүүлсэн У Т З нийгэмлэгийн Хууль зүйн албаны хуулийн зөвлөхийн ажилд эгүүлэн тогтоосон. Энэхүү шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болж, одоогоор Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт шийдвэр гүйцэтгэлийн хэрэг үүсгэгдэн ажиллагаанд байгаа билээ. 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 14 цагийн орчим УБТЗ-ын Хүний нөөцийн албаны ажилтан Баттуяа “таны тушаал гарсан тул ирж ажлаа хүлээж ав’ гэж утсаар хэлсэн. Ингээд 15 цагт УБТЗ-ын Удирдах газарт ирж хүний нөөцийн ажилтан Баттуяатай уулзахад “У Т З”-ын даргын 2021 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн Б-I-56 дугаар “П.Аг ажилд авах тухай” гэсэн тушаалын хуулбарыг гардуулж өгөөд өөр бусад баримт бичиг танилцуулаагүй ба бид нар /надтай хамт 2018 онд хөдөлмөрийн гэрээ цуцлагдсан О.Б, А.Ц/ 17:30 цаг хүртэл хүлээж байгаад гарч явсан болно. Энэхүү Б-I-56 дугаар тушаалтай танилцахад илт хууль бус тушаал байсан тул би уг тушаалыг хүлээн зөвшөөрөөгүй талаар тушаал танилцуулах дэвтэрт бичиж үлдээсэн. Иймд дээр дурдсан үндэслэл, шаардлагыг хянан үзэж, Монгол-Оросын хувь нийлүүлсэн  нийгэмлэг У Т Зын даргын 2021 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн Б-I-56 дугаар тушаалыг хүчингүй болгож өгнө үү.

 

Нэхэмжлэгч П.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг У Т Зын Хууль зүйн албаны хуулийн зөвлөхөөр 2001 оноос хойш ажиллаж байгаад 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Б-1-328 тушаалаар эдийн засгийн хямралын үүднээс гэсэн үндэслэлээр хөдөлмөрийн гэрээ цуцлагдсан юм. Миний бие ажлаас үндэслэлгүй халагдсан гэж үзэж “Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгал нөхөн төлүүлэх” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасныг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн № 689 дүгээр магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн Хяналтын Шатны Иргэний Хэргийн хуралдааны 2020 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн №001/ХТ2020/00199 дүгээр тогтоолоор П.А миний биеийг “УБТЗ” ХНН-ийн Хууль зүйн албаны “Хуулийн зөвлөх”-ийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулж шийдвэрлэсэн. Дээрх шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болж “Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар”-т хандаж хэрэг үүсгэсэн ба одоогоор ажиллагаанд байгаа. 2021 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн 13:10 цагт УБТЗ-ын Хүний нөөцийн албанаас надруу утсаар яриад “таныг ажилд авсан тушаал гарсан тул ирж ав, бусад баримт бичигтэй танилц” гэж хэлсэн. Ингээд 15 цагт УБТЗ-ын Хүний нөөцийн албанд Б гэдэг хүнтэй очиж уулзахад “У Т Зын даргын 2021 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн Б-1-56 дугаартай “П.Аг ажилд авах тухай” гэсэн тушаалын канондсан хуулбарыг гардуулж өгөөд, өөр бусад бичиг баримт танилцуулаагүй. Би хүний нөөцийн менежер Баттуяагаас “шүүхийн шийдвэрийн дагуу орон тооны бүтцийг баталсан” шийдвэрийг үзье гэхэд байхгүй гэж хэлж байсан. Тэгээд шкафнаасаа албажаагүй тушаалын төсөл гаргаж харуулсан. Тэр албажаагүй байсан тушаалын төсөл нь хариуцагчийн өнөөдөр гаргаж өгч байгаа баримт шийдвэрүүдээс тэс өөр төсөл байсан, мөн түүнчлэн Хүний нөөцийн албаны мэргэжилтэн өөр ямар нэгэн баримт бичиг байхгүй гэж хэлсэн. Ингээд би уг тушаалыг хүлээн зөвшөөрөхгүй талаар тушаал танилцуулах дэвтэрт бичиж үлдээсэн. Энэхүү тушаалтай танилцахад дүр үзүүлсэн, илт хууль бус, хуулийн шаардлага хангаагүй тушаал гэдэг нь шууд харагдсан. Аливаа эрх зүйн акт, тушаал шийдвэр бүхэлдээ хуулийн шаардлага хангаж албаждаг. Гэтэл энэ тушаал тийм биш байсан учраас миний бие энэхүү тушаалыг бүхэлдээ хуулийн шаардлага хангаагүй, илт хууль бус тушаал хэмээн үзэж хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан. Энэхүү тушаалын илт хууль бус болох тухайд УБТЗ-ын даргын Б-1-56 дугаар тушаал нь дараах байдлаар хуулийн заалт, эрх зүйн зохицуулалтыг зөрчсөн байна. Үүнд: “УБТЗ" ХНН-ийн даргын 2021 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн Б-1- 56 дугаар “П.Аг ажилд авах тухай” тушаалыг гаргахдаа “Монгол Улсын хөдөлмөрийн тухай хуулин 24-р зүйлийн 24.1 дэх заалт, 36 дугаар зүйлийн 36.1.2 дахь заалт, 46 дугаар зүйлийн 46.2 дахь заалт, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 102/ШШ/2019/00568 дугаар Шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 689 дүгээр Магадлал, тус нийгэмлэгийн дүрмийн 22 дугаар зүйлийн “а”, “з” заалтуудыг үндэслэсэн” байна. Эдгээрт нэг бүрчлэн дүн шинжилгээ хийхэд: 3.1. Тушаалын үндэслэх хэсэгт заасан Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-ийг ажил олгогч нь иргэнтэй хөдөлмөрийн гэрээ анхлан байгуулахад баримталдаг заалт, 36 дугаар зүйлийн 36.1.2-г ажил олгогч нь ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг өмнө нь эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон тохиолдолд ажилтныг урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэх авах үүрэгтэйг зохицуулсан заалт, 46-р зүйлийн 46.2-г ажил олгогч хөдөлмөрийн гэрээ байгуулсан өдрөөс эхлэн ажиланд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр нээж, түүнд зохих журмын дагуу сар тутам шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийх үүрэгтэйг зохицуулсан заалт. Эдгээр заалтуудаас үзэхэд хариуцагч нь тушаал гаргахдаа бодит байдалтай нийцэхгүй, хоорондоо зөрчилдсөн заалтыг баримталсан байна. 3.2. ХНН УБТЗ нь тушаалын үндэслэх хэсэгт Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалыг тус тус дурдаад хөдөлмөрийн маргааныг эцэслэн шийдвэрлэсэн Монгол Улсын Дээд шүүхийн Хяналтын Шатны Иргэний Хэргийн хуралдааны 2020 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн №001/ХТ2020/00199 дүгээр тогтоолыг огт дурдаагүй байна. Монгол Улсын Үндсэн хуулийн 50 дугаар зүйлийн 2-т "Улсын дээд шүүхийн шийдвэр шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд түүнийг бүх шүүх, бусад этгээд заавал биелүүлнэ”, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д “Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлнэ”, мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2-т Ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг өмнө нь эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон тохиолдолд Ажил олгогч ажилтныг “Урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн авах үүрэгтэй” гэж тус тус зохицуулсан байдаг. Хэргийн оролцогч буюу ажил олгогч УБТЗ нь шүүхийн шийдвэрийн аль нэгийг нь сонгож хэрэглэх, эсвэл сонгохгүй байх хуулийн заалт, хуулиар олгогдсон эрх хэмжээ байхгүй. Монгол Улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа хуулийн этгээд мөн л бол УДШ-ийн шийдвэрийг заавал биелүүлэх ёстой, өөрийн үйл ажиллагаагаа хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрт нийцүүлэх ёстой. Шүүхийн шийдвэрийг хүндэтгэх ёстой. 3.3. Намайг “УБТЗ”-ын Хууль зүйн албаны хуулийн зөвлөхийн ажилд эгүүлэн тогтоосон УДШ-ийн тогтоолд дүгнэхдээ: 2017-11-24-ний өдрийн А- 464 дугаартай тушаалаар Соён гэгээрүүлэх хэлтэс байгуулагдсан УБТЗ- ын дарга байгууллагын бүтцийг бие даан өөрчлөх эрхтэй гэх боловч Ерөнхий хорооны 2009 оны 04 сарын 17-ны өдрийн 4 дүгээр тэмдэглэлийн 10.6-р заалт хоорондоо зөрүүтэй”-с гадна УБТЗ-ын даргын 2018 оны 8 сарын 15-ны өдрийн А-378 дугаар тушаалаар Соён гэгээрүүлэх хэлтсийг татан буулгасан гэх боловч тушаалд энэ тухай заалт байхгүй” гэж дүгнээд П.А миний биеийг “УБТЗ” ХНН-ийн Хууль зүйн албаны “Хуулийн зөвлөх”-ийн ажилд эгүүлэн тогтоосон юм. Гэтэл Б-1-56 дугаар Тушаалын 1- дэх хэсэгт “...Хууль зүйн албаны Мэргэжлийн эрх зүйн харилцааны хэлтэст Улаанбаатар татах хэсгийн үйл ажиллагаа хариуцсан хуульчаар ажилд авсугай” гэсэн байна. Улсын дээд шүүхээс хөдөлмөрийн маргааныг хянан хэлэлцэхдээ тус нийгэмлэгийн Ерөнхий хорооны 2009 оны 4 дүгээр тэмдэглэл нь Замын даргад тус нийгэмлэгийн бүтэц зохион байгуулалтыг бие даан өөрчлөх нэмэх, хасах эрхийг олгосон эсэх нь тодорхойгүй байна гэж дүгнээд миний биеийг Соён гэгээрүүлэх хэлтсийн хуулийн зөвлөхийн ажилд биш УБТЗ-ын Хууль зүйн албаны хуулийн зөвлөхийн ажил албан тушаал эгүүлэн тогтоосон. Уг тушаалын 2-т “П.Атай хөдөлмөрийн гэрээ байгуулах ажлыг зохион байгуулахыг Хүний нөөцийн албаны дарга Д.Пүрэвдоржид, Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн зааварчилгаа өгч, ажлын байрны тодорхойлолттой танилцуулан удирдлагаар хангаж ажиллахыг Хууль зүйн албаны дарга Е.Р.Яковенкод даалгажээ. Гэтэл шүүхээс намайг УБТЗ-ын Хууль зүйн албаны хуулийн зөвлөхийн ажилд эгүүлэн тогтоосон гэдэг нь өөрөө миний өмнө хуулийн зөвлөхөөр ажиллахаар байгуулсан хугацаагүй хөдөлмөрийн гэрээ хүчин төгөлдөр хэвээр үргэлжилж байгаа гэсэн үг. Мөн тушаалтай танилцангуутаа албаны дарга Яковенко Елена Рудольфевнатай уулзахад тэрээр бидэнд ямар ч баримт бичиг, ажлын байрны тодорхойлолт, зааварчилгаа гэх зүйл танилцуулаагүй, та гурвыг ажилд нь авч байна л гэж хэлсэн, тухайн шийдвэрийг гаргахад миний хувьд ямар нэгэн санал гаргаагүй гэж байсан.  Тушаалын 3-т “П.Агийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт зохих бичилт хийхийг Замын даргын ажлын албаны ерөнхий нягтлан бодогчид даалгасугай гэсэн нь үүрэг өгөгдсөн албан тушаалтан уг заалтыг биелүүлэхдээ чухам ямар хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг ямар үнийн дүнгээс тооцож нөхөн төлж, бичилт хийх нь үл ойлгогдом заалт байна. УБТЗ нь УДШүүхийн Монгол Улсын Дээд шүүхийн Хяналтын Шатны Иргэний Хэргийн хуралдааны 2020 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн №001/ХТ2020/00199 дүгээр тогтоолын дагуу надад 2018-10-10-наас 2019-02- 22-ны өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны олговор 13,850,743 төгрөгөөс ажлаас халагдсаны тэтгэмжинд олгосон мөнгийг хасаж олгосон, мөн энэ хугацааны эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт зохих журмаар бичилт хийсэн байх гэж бодож байна. Би ажилгүй байсан үлдсэн хугацааныхаа олговрыг авахаар УДШүүхийн тогтоолын дагуу тооцож шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хариуцагч УБТЗ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргасан байгаа. Түүнчлэн хэрэв ажил олгогч намайг ажлын байраар хангаж байгаа бол надад цалин хөлсийг олгох талаар заалт тушаалд оруулах ёстой байх. Ажил олгогчийн нэхэмжлэлийн хариу тайлбарт хавсаргасан УБТЗ-ын даргын 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн Б-1-538 дугаар тушаал, 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн Б-1-328 дугаар тушаал, 2019 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн А-251 дүгээр тушаал нь өмнөх хөдөлмөрийн маргааны үед хавтаст хэрэгт авагдсан судлан шинжлэгдсэн нотлох баримтууд юм. Хавтаст хэрэгт авагдсан УБТЗ-ын даргын 2019 оны 5 дугаар сарын 24-ний Б- 1-211 дүгээр тушаалаар Хууль зүйн албаны орон тоог нэмэгдүүлсэн байна. Тухайн үед бидний хөдөлмөрийн маргаан шүүхийн шатанд явж байсан бөгөөд хэдийгээр хуульд заасан 3 сарын хугацаа өнгөрсөний дараа орон тоог нэмэгдүүлсэн байгаа боловч бид нарыг хуулийн зөвлөхөөр авч ажиллуулах боломжтой байсан болов уу гэж харж байна. Энэ нь Хөдөлмөрийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн Хөдөлмөрийн харилцаанд ялгаварлал, хязгаарлал, давуу байдал тогтоохыг хориглох, 7.2-т Хөдөлмөрийн харилцаанд үндэс, угсаа, арьсны өнгө, нас, эрэгтэй, эмэгтэй, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, боловсрол шашин шүтлэг, үзэл бодлоор нь ялгаварлах, хязгаарлах, давуу байдал тогтоохыг хориглоно” гэсэн зарчмыг УБТЗ-ын удирдлага зөрчиж, хүний хөдөлмөрлөх эрхийг зөрчиж, монгол улсын хууль тогтоомжийг хүндэтгэхгүй, дураараа авирлаж байна гэж үзэхээр байна. Түүнчлэн Хөдөлмөрийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн цалин хөлсний зохицуулалт, 48.3 Ажил олгогч нь хууль тогтоомж, хамтын гэрээ, хэлэлцээрт нийцүүлэн дараахь журмыг баталж мөрдүүлнэ: 48.3.1. ажил, албан тушаалын жагсаалт; 48.3.2. ажлын байрны тодорхойлолт болон албан тушаалын лавлах; 48.3.3. хөдөлмөрийн норм, норматив; 48.3.4. үндсэн цалингийн сүлжээ, жишиг болон нэмэгдэл хөлс, нэмэгдлийн хэмжээ, шагнал урамшуулал, түүнийг олгох нөхцөл, журам гэж заасан байдаг. Гэтэл энэ эрх зүйн баримт бичиг хавтаст хэрэгт авагдаагүй, байхгүй зөвхөн Замын даргын 1 дүгээр сарын 22-ны өдрийн А-84 тоот /Орон тоо нэмэх тухай” гэсэн тушаалыг нотлох баримтаар өгсөн байна. Б, Ц нар УБТЗ-ын Хууль зүйн албаны хуулийн зөвлөхийн ажилд 2019 оны 6 дугаар сард эгүүлэн тогтоогдсоноос хойш 1 жил 8 сар шахам, П.А миний бие УБТЗ-ын Хууль зүйн албаны хуулийн зөвлөхийн ажилд эгүүлэн тогтоогдоод 1 жил 6 сар шахмын хугацаа өнгөрсөн байхад 2020, 2021 оны бүтэц, орон тоогоо Ерөнхий хорооны хурлаар хэлэлцүүлж батлуулахдаа байгууллагын үйл ажиллагаагаа шүүхийн хууль ёсны хүчин төгөлдөр шийдвэрт нийцүүлэх бүрэн боломжтой байсан. Замын нэгдүгээр орлогч даргад орон тоо нэмэх тухай гээд Хууль зүйн албаны орлогч дарга Д.М хянасан Мэргэжлийн харилцааны хэлтсийн дарга Ш-н боловсруулсан 2021 оны 1-р сарын 18-ны өдрийн гэх илтгэх хуудас нь хуулийн шаардлага хангасан баримт биш ээ. Минжмаа нар нь Илтгэх хуудсандаа Улаанбаатар татах хэсэг нь тус салбар нэгжийн засварын үйл ажиллагааг хангах үүднээс ихээхэн хэмжээний худалдан авалт хийдэг, Улаанбаатар-Зүүнхараа, Улаанбаатар-Чойр, Улаанбаатар -Багануур чиглэлд ачаа тээвэрлэлт, мөн Улаанбаатар өртөө, Толгойт өртөө, Амгаан өртөө, Рашаант өртөө, Багануур өртөө, Багахангай өртөөдөд сэлгээний хөдөлгөөнийг зохион байгуулдаг учир иргэн хуулийн этгээдтэй өдөр тутам харилцах, гэрээ эрх зүйн харилцаанд орох зэргээс гадна тус салбар нэгжүүдийн удирдлагууд нь эрх зүйн мэдлэг хагалтгүй байгаагаас шалтгаалж гэмт хэрэг зөрчилд холбогдох асуудал гарсаар байгаа тул тус   бүтцийн нэгжид нэг хуульч ажиллуулах шаардлагатай байна гэж бичсэн байна. Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг У Т З нь Монгол улсад бүртгэлтэй нэг л хуулийн этгээд бөгөөд Удирдах газар нь 30 шахам алба, хэлтэс, төвийн бүтцээр үйл ажиллагаа явуулж эдгээр нэгжүүдийн шууд харъяанд мэргэжлийн чиглэлээрээ хуваагдан 70 гаруй салбар нэгж байдаг. УБ татах хэсэг нь Зүтгүүрийн аж ахуйн албаны харъяа салбар нэгж юм. Салбар нэгжүүд нь замын даргаас олгосон эрх хэмжээ, итгэмжпэл, дүрмийн хүрээнд дотоод үйл ажиллагаагаа явуулдаг бөгөөд Замын даргын баталсан тушаал шийдвэр захирамжлалын баримт бичгийн хүрээнд л ажилладаг. УБТЗ-ын хэмжээнд бараа, ажил, үйлчилгээний худалдан авалтыг Худалдан авалт борлуулалтын алба хариуцан гүйцэтгэдэг. Салбар нэгжийн дарга нар нь хэзээ ч бие даасан худалдан авалт хийдэггүй, замын үнийн комиссийн хурлаас гарсан шийдвэрийн дагуу гэрээний төслөө боловсруулж, Хууль зүйн алба болон бусад холбогдох алба, хэлтсээр хянуулсаны үндсэн дээр худалдан авалт хийдэгИлтгэх хуудсанд бичсэнээр хамрах хүрээ ихтэй салбар нэгж мэт харагдаж байгаа боловч тэр хэлээд байгаа өртөө зөрлөгүүдэд ямар ч үйл ажиллагаа явуулдаггүй, илтгэх хуудсанд зөвхөн галт тэрэгний аялалын хуваарьт хамаарах өртөө зөрлөгүүдийг л заасан байна. Түүнчлэн хариуцагчаас гаргаж өгсөн 2021 оны Хууль зүйн албаны бүтэц орон тоо гэсэн баримтаас харахад Хөдлөх бүрэлдэхүүн, суурь бүтэц хариуцсан хуульч нэг гэсэн орон тоо байна. Энэ орон тоон дээр өөр хуульч ажилладаг. Зүтгүүрийн аж ахуйн харъяа салбар нэгж болох Улаанбаатар татах хэсэг нь Төмөр замын тээврийн тухай хуульд зааснаар Хөдлөх бүрэлдэхүүний салбарт ордог. Ингэхээр намайг ажиллуулна гээд тушаал гаргасан УБ татах хэсэг хариуцсан хуульчийн орон тоо маань баталгаатай эсэх нь ч эргэлзээтэй байна. Ажлын байрны тодорхойлолтын тухайд: Би хуулийн зөвлөхөөр ажиллаж байхдаа “УБТЗ-ын үйл ажиллагааг хууль, хууль тогтоомжид нийцүүлэн явуулах, түүний хууль ёсны эрх ашгийг хамгаалах, гарч буй тушаал, дүрэм, журам, заавар захирамжлалын баримт бичгүүд, гэрээ эрх зүйн актуудын хууль зүйн үндэслэд дүгнэлт гаргах, бүртгэл хөтлөх, хяналт тавих, хууль тогтоомжийн лавлагааны ажлыг эрхлэн гүйцэтгэх; Замын удирдлагаас гарах шийдвэрийн төслийг хууль тогтоомжид нийцүүлэх ажлыг хариуцан гүйцэтгэх; замын даргын тушаал, албаан даалгаврын биелэлтэд тавих хяналтыг зохион байгуулах, албан тушаалтны үндсэн үүргийн биелэлтийг ажлын хариуцлага сахилга баттай холбон шалгаж, туслах арга хэмжээ авах ажлыг зохих журмын дагуу гүйцэтгэх зэрэг үндсэн чиг үүрэгтэйгээр ажиллаж байсан. Хариуцагчаас гаргаж өгсөн шинэ ажлын байрны үндсэн зорилтод 1 .Зүтгүүрийн аж ахуйн албаны УБ татах хэсэг болон бусад нэгжийн үйл ажиллагаанд удирдлага болгож буй дүрэм журмуудыг боловсруулах, хянуулах, холбогдох хууль болон захиргааны хэм хэмжээний актад нийцүүлэх давхардал, хийдэл зөрчлийг арилгах замаар боловсронгуй болгох, 2.3үтгүүрийн аж ахуйн албаны УБ татах хэсэг болон бусад салбар нэгжээс байгуулж буй гэрээ хэлцэл, албан бичгийг боловсруулах, хянуулах, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх 3. Зүтгүүрийн аж ахуйн албаны УБ татах хэсэг болон бусад салбар нэгжийн хууль ёсны эрх ашиг ашгийг шүүх болон хууль хяналтын бусад байгууллагад төлөөлж оролцох гэсэн байна. Ажлын байрны тодорхойлолтоос үзэхэд хариуцагч нь намайг шүүхийн шийдвэрийн дагуу УБТЗ-ын хуулийн зөвлөхийн ажилд эгүүлэн тогтоосон гээд байгаа нь нотлогдохгүй байна. Миний бие нь шүүхийн хууль ёсны шийдвэрийн дагуу УБТЗ-ын Хууль зүйн албаны хуулийн зөвлөхийн ажилдаа эгүүлэн тоогтоогдож, ажлаа хийх чин эрмэлзэлтэй, түүнээс биш хариуцагчийн хэлээд байгаачлан сул цалин хөлс авах гээд байгаа юм биш. Нэгэнт л УБТЗ-ын удирдлагын гаргасан шийдвэр нь хууль бус гэдгийг шүүх дүгнэж шийдвэрээ гаргасан байхад нэгд тангараг өргөсөн хуульч, хоёрт энэ байгууллагад одоо ажиллаж байгаа хүмүүстэй харьцуулахад хамгийн удаан жил ажилласаны хувьд ХНН “УБТЗ”-ыг үйл ажиллагаагаа хуульд нийцүүлэх, Монгол улсын шүүхийн шийдвэрийг хүндэтгэх үүргээ шударгаар биелүүлэхийг л хүсэж байгаа учраас нэхэмжлэл гаргасан гэдгийг шүүх ойлгож анхаарч үзнэ үү. Дээр дурьдсан үндэслэл, нөхцөл байдлаас үзэхэд УБТЗ нь шүүхийн шийдвэрийг ёс төдий биелүүлж, илт хууль бус, хуулийн шаардлагыг бүхэлдээ хангаагүй тушаал гаргасан гэдэг нь нотлогдож байна. Иймд дээр дурьдсан үндэслэл шаардлагыг хянан үзэж Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг У Т Зын даргын 2021 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн Б-1-56 дугаар тушаалыг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү.

 

Хариуцагчийн төлөөлөгч Д.Э шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч П.А нь У Т Зын даргын 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн Б-1-56 дугаар тушаалыг хүчингүй болгуулах тухай шаардлага гаргажээ. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байна. Үүнд: 1. П.А нь “УБТЗ” ХНН-т холбогдуулан хуучин ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэпийг нөхөн төлүүлэх тухай гомдол гаргасныг Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 102/ШШ2019/00568 дугаартай шийдвэрээр гомдлыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэснийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 689 дүгээр магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийг Соён гэгээрүүлэх хэлтсийн хуулийн зөвлөхийн албан тушаалд эгүүлэн тогтоож, олговорт 15,081,269 төгрөг олгохоор шийдвэрлэсэнд хариуцагчаас хяналтын гомдол гаргаж, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2020 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 001/ХТ2020/00199 дугаар тогтоолоор давах шатны шүүхийн магадлалд өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийг “УБТЗ” ХНН-ийн Хууль зүйн албаны хуулийн зөвлөхийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговроос хасалт хийж, хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн. 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлд “Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлнэ гэснийг болон Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2-т “....шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон тохиолдолд өмнө нь эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн авах үүрэгтэй” гэсний дагуу ажил олгогчоос Замын даргын 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн А-84 дүгээр тушаалаар Хууль зүйн албаны Мэргэжпийн эрх зүйн харилцааны хэлтэст 3 хуульчийн орон тоо нэмсэн. Үүнийг үндэслэн мөн даргын 01 дүгээр сарын 25-ны өдрийн Б-1-56 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 36 дугаар зүйлийн 36.1.2, 46 дугаар зүйлийн 46.2 дах хэсэгт заасныг баримтлан П.Аг Хууль зүйн албаны Мэргэжлийн эрх зүйн харилцааны хэлтэст Улаанбаатар татах хэсгийн үйл ажиллагаа хариуцсан хуульчаар ажиллуулахаар томилсон. П.Агийн өмнө нь ажиллаж байсан Хууль зүйн албаны Соён гэгээрүүлэх хэлтэс нь Замын даргын 2018 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн А-378 дугаар тушаалаар татан буугдсан. Замын даргын 2019 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн А-251 дүгээр тушаалаар Хууль зүйн албаны бүтэц зохион байгуулалтад өөрчлөлт оруулж дүрмийг өөрчилсөн бөгөөд уг бүтэц зохион байгуулалтын өөрчлөлтөөр Хууль зүйн албаны дарга-1, орлогч дарга-1, Мэргэжлийн эрх зүйн харилцааны хэлтэс /5 хуульч/, Хөдөлмөрийн эрх зүйн харилцааны хэлтэс /5/, Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн хэлтэс 131, дотоод асуудал хариуцсан мэргэжилтэн-1 нийт 16 ажилтантай байхаар шийдвэрлэсэн. Уг тушаалаар өмнө нь “хуулийн зөвлөх” гэсэн нэршлийг хуульч гэж өөрчилсөн бөгөөд энэ нь Хөдөлмөрийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2, 48.3 дахь заалт болон Хуульчийн Эрх зүйн байдлын тухай хуулийн 3.1.1-д “хуульч гэж хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй этгээдийг ойлгоно” гэсэн заалтуудтай нийцэж байна. Одоогийн байдлаар тус Хууль зүйн албаны Мэргэжпийн үйл ажиллагааны хэлтэс, Хөдөлмөрийн эрх зүйн харилцааны хэлтэст /хэлтсийн дарга нараас гадна/ хуульчаар 7 ажилтан ажиллаж байна. УБТЗ-ын Хүний нөөцийн албаны 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 18/699 тоотоор П.Ад Вагон ашиглалтын депогийн хүний нөөцийн менежерийн ажлын байрыг санал болгосон боловч хүлээн зөвшөөрөөгүй байдаг. Үүний дараа мөн албанаас 1 дүгээр сарын 29-ний өдөр 18/51 тоот, 02 дугаар сарын 02-ны өдрийн 18/90 тоот албан бичгээр Хууль зүйн албаны Мэргэжлийн эрх зүйн харилцааны хэлтэст хуульчаар ажиллуулахаар томилсон, уг тушаалыг гардан авсан тул ажилдаа хүндэтгэлтэй хандаж, мэргэжпийн ерөнхий үүрэг болон нийтлэг үүргээ биелүүлэх, зарчимч ёс зүйтэй байх, ажил таслахгүй байхыг удаа дараа мэдэгдсэн. Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ: “Хууль зүйн албаны хуулийн зөвлөхийн ажилд эгүүлэн тогтоох ёстой байсан. Шүүхийн шийдвэрийг дүр үзүүлэн биелүүлж, илт хууль бус тушаал гаргасан” гэжээ. П.Аг шүүхийн шийдвэрийн дагуу Хууль зүйн албанд хуульчаар ажилд авсан ажил олгогчоос гаргасан тушаалыг дүр үзүүлсэн, хууль бус тушаал гэж үзэж байгаа үндэслэл нь ойлгомжгүй байна. Улсын Дээд шүүхийн тогтоолын огноо, дугаарыг бичээгүй нь хууль зөрчсөн үйлдэл гэж үзэх үндэслэл болохгүй. Учир нь уг тушаал нь ажил олгогчийн зүгээс шүүхийн хүчин төгөлдөр болсон шийдвэрийг биелүүлэх үүргээ хэрэгжүүлсэн үйлдэл мөн. Харин нэхэмжлэгчийн “хуулийн зөвлөх”-өөр ажилд авах ёстой гэсэн шаардлагын үндэслэл нь дээр дурдсан Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль болон Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2010 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 16 дугаар тушаалаар батлагдсан “Монгол Улсын Үндэсний ажил мэргэжил, албан тушаалын жагсаалт, ангилал, тодорхойлолт /ҮАМАТ-08/-Д эрх зүйч /хуульч/, эрх зүйн мэргэжилтэн гэснээр үгүйсгэгдэж байх бөгөөд мөн түүнчлэн ажил олгогч нь өөрийн ажил, мэргэжпийн ангилал, тодорхойлолтыг шинэчлэн боловсруулж мөрдөх эрхийг тодорхойлсон байна. Үүнээс үзэхэд хуулийн зөвлөх гэдэг нь хуульчийн буюу эрх зүйн мэргэжилтний ажил, мэргэжлийн ангилалд хамаарагдаж байна. Иймд У Т Зын даргын 01 дүгээр сарын 25-ны өдрийн Б-1-56 дугаар тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийг зөрчөөгүй тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсэж байна.

 

Хариуцагчийн төлөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. У Т Зын даргын 2018 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн А-378 дугаар тушаалаар эдийн засгийн хүндрэлтэй байдлыг даван туулах, ажлын давхардлыг арилгахын тулд салбар, нэгжийг татан буулгах, орон тоо хасах, ажилтны тоог цөөрүүлэх ажлын хүрээнд Хууль зүйн албаны Соён гэгээрүүлэх хэлтсийг татан буулгаж, уг хэлтэст ажиллаж байсан 3 хуулийн зөвлөхийн орон тоог хассан. Үүнийг үндэслэн замын даргын 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн Б-I-328 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д зааснаар П.Атай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцласан. Салбар, нэгж татан буугдаж байгаа тохиолдолд гэрээ цуцлах зайлшгүй зохицуулалт хийгддэг бөгөөд зөвхөн татан буугдаж буй нэгж, салбарт ажиллаж байсан ажилтнуудын хөдөлмөрийн гэрээг цуцлах ёстой. П.Агийн ажилд нь эгүүлэн тогтоох асуудлыг шийдвэрлэсэн Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах болон хяналтын шатны шүүхэд гомдол гаргасан. Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж ажилд эгүүлэн тогтоох болон нөхөн олговор олгож шийдвэрлэсэн. Нэхэмжлэгчийн урьд ажиллаж байсан ажил албан тушаал, хэлтэс нь байхгүй учраас шүүхийн шийдвэрээр Хуулийн зүйн албаны хуулийн зөвлөхийн ажилд эгүүлэн тогтоож шийдвэрлэсэн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлд зааснаар шүүхийн шийдвэрийг биелүүлж Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2-т заасны дагуу У Т Зын нэгдүгээр орлогч даргын 2021 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн А-84 дүгээр тушаал гарсан. Уг тушаалд Хууль зүйн албаны Мэргэжлийн эрх зүйн харилцааны хэлтэст 3 хуульчийн орон тоог нэмж нэг орон тоонд нь Д.Аг ажилд авсан. 2021 оны 1 дүгээр сарын 25-ны өдрөөс ажилд авахаар заасан. П.Агийн өмнө ажиллаж байсан Хууль зүйн албаны Соён гэгээрүүлэх хэлтэс нь 2018 оны 8 дугаар сарын 15-ны өдөр татан буугдсан. Ингээд 2019 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн А-251 дүгээр тушаалаар Хууль зүйн албан бүтэц зохион байгуулалтад өөрчлөлт оруулж мөн хууль зүйн албаны дүрмийг өөрчилсөн. Шинэ бүтцээр Хууль зүйн албаны хэлтэс нь нийт 16 ажилтантай байхаар заасан. Энэ тушаалаас өмнө дандаа хуулийн зөвлөх гэж нэрлэж байсан бол одоо хуульч гэдэг нэртэйгээр ажиллаж байгаа. Цалин хөлсийг нь Хөдөлмөрийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2, 48.3-т зааснаар зохицуулсан. Шүүхийн шийдвэрийг биелүүлэх гээд 2020 оны 12 сард П.Ад вагон депогийн хүний нөөцийн менежерийн ажил санал болгосон юм. Үүнийг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрөөгүй. Үүний дараа Хүний нөөцийн албанаас Хууль зүйн албанд хуульчаар авсан боловч мөн ажилдаа ороогүй. Ажил олгогчоос байгууллагын бүтэц зохион байгуулалтад нийцүүлэн мэргэжлийн ажлын байрыг бий болгож ажилд авсныг үгүйсгэж байгаа нь нэхэмжлэгчид ажил хийх сонирхол байгаа эсэхэд эргэлзэж байна. Нэхэмжлэгчийн хувьд хуулийн зөвлөхийн албан тушаалд эгүүлэн томилуулах гэсэн шаардлагын үндэслэл нь Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль болон Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2010 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн 16 дугаар тушаалаар батлагдсан Монгол Улсын Үндэсний ажил мэргэжил, албан тушаалын жагсаалт, ангилал, тодорхойлолтод эрх зүйч, хуульч, эрх зүйн мэргэжилтэн гэснээр үгүйсгэгдэж байгаа. Үүнээс үзэхэд хуулийн зөвлөх нь хуульчийн буюу эрх зүйн мэргэжилтний ажил, мэргэжлийн хүрээ ангилалд хамаарч байна. П.Агийн ажиллаж байсан Соён гэгээрүүлэх хэлтэс татан буугдсанаар үлдсэн 3 хэлтсээс хуульчид ажилладаг 2 хэлтэс нь Хөдөлмөрийн эрх зүйн харилцааны хэлтэс, гэрээ эрх зүйн харилцааны хэлтэс хэвээр үлдсэн. Замын даргын 2019 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн А-251 дугаар тушаалаар Хууль зүйн албаны бүтэц, зохион байгуулалтад өөрчлөлт оруулж гэрээ эрх зүйн харилцааны хэлтсийг Мэргэжлийн эрх зүйн харилцааны хэлтэс болгон өөрчилж тухайн хэлтсийн хуулийн зөвлөхийг мэргэжлийн холбогдох алба, хэлтэс, салбар, нэгжийн үйл ажиллагааг хариуцах чиглэлээр нь зохион байгуулсан. У Т Зын Зүтгүүрийн аж ахуйн албаны Улаанбаатар татах хэсэг нь нийгэмлэгийн хамгийн олон ажилчидтай, зүтгүүрийн их болон дунд хугацааны засварын ажлыг хариуцан ажилладаг тул засварын багаж хэрэгсэл, бараа материалын худалдан авалтыг зохион байгуулах болон ачаа тээвэр, зорчигч тээврээс гадна тодорхой өртөөнүүдэд сэлгээний хөдөлгөөнийг хариуцан ажилладаг ачаалал ихтэй нэгж учраас орон тоог нэмж хуульч ажиллуулахаар ажил олгогчоос шийдвэрлэсэн. Иймд ажил олгогч нь шүүхийн шийдвэрийг биелүүлсэн гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.    

 

 Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзэв. Учир нь:

 

Нэхэмжлэгч П.А нь хариуцагч Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг У Т Зд холбогдуулан тус замын даргын 2021 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн Б-I-56 дугаар тушаалыг хүчингүй болгох шаардлага гаргажээ.

 

Дээрх шаардлагын үндэслэлийг “шүүхийн шийдвэрээр тогтоосон өмнө эрхэлж байсан ажилд эгүүлэн томилоогүй, бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлтийг шүүхийн шийдвэрт нийцүүлээгүй, шүүхийн шийдвэрийг ёс төдий биелүүлж илт хууль зөрчсөн” гэж тайлбарлаж байх ба харин хариуцагч “замын дарга бүрэн эрхийнхээ хүрээнд нэхэмжлэгчийн өмнө ажиллаж байсан хэлтсийг татан буулгаж, хууль зүйн албаны бүтэц, зохион байгуулалтад өөрчлөлт оруулж энэ өөрчлөлтөөр хуулийн зөвлөх гэсэн нэршлийг хуульч гэж өөрчлөн хуульчийн орон тоо нэмж шүүхийн шийдвэрийг биелүүлж нэхэмжлэгчийг өмнө эрхэлж байсан ажил, албан тушаалд томилсон” гэж маргаж байна.

 

Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг У Т Зын даргын 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн А-464 дугаар тушаалаар Хууль зүйн албанд Соён гэгээрүүлэх хэлтсийг бий болгож Хууль зүйн албаны хуулийн зөвлөхөөр ажиллаж байсан П.Аг 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн Б-1-538 дугаар тушаалаар Соён гэгээрүүлэх хэлтсийн хуулийн зөвлөхөөр томилж, уг албан тушаалаас 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн Б-1-328 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан “салбар нэгж татан буугдаж, орон тоо хасагдсан” гэсэн үндэслэлээр чөлөөлж, хөдөлмөрийн гэрээний харилцааг дуусгавар болгожээ. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 689 дугаар магадлалаар “байгууллага өөрийн бүрэн эрхийн хүрээнд бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлт хийх эрхтэй ч энэ нь бодитой байх ёстой, Соён гэгээрүүлэх хэлтсийг татан буулгах болсон үндэслэл тодорхойгүй, Соён гэгээрүүлэх хэлтсийн хуулийн зөвлөхийн ажлын үндсэн чиг үүрэг нь Хууль зүйн албаны хуулийн зөвлөхийн ажлын байрны тодорхойлолт, чиг үүрэгт багтсан байна, .../гэх мэт/ үндэслэлийг зааж П.Аг ажлаас үндэслэлгүй чөлөөлсөн гэж дүгнэн Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг У Т Зын Хууль зүйн албаны Соён гэгээрүүлэх хэлтсийн хуулийн зөвлөхийн ажилд эгүүлэн тогтоосон байна. Харин Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2020 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 001/ХТ2020/00199 дугаар тогтоолоор “УБТЗ-ын дарга байгууллагын бүтцийг бие даан өөрчлөх эрхтэй гэх боловч ерөнхий хорооны 2009 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 4 дүгээр тэмдэглэлийн 10.6-г заалт нь хоорондоо зөрүүтэйгээс гадна 2018 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн А-378 дугаар тушаалаар Соён гэгээрүүлэх хэлтсийг татан буулгасан гэх боловч тушаалд энэ тухай заалт байхгүй байна” гэж үзэн магадлалд өөрчлөлт оруулж П.Аг Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг У Т Зын Хууль зүйн албаны хуулийн зөвлөхийн ажилд эгүүлэн тогтоосон үйл баримт тогтоогдов.   /ХХ-ийн 6-20, 33, 34 дугаар тал/

 

Дээрх шийдвэрийг биелүүлэх зорилгоор хариуцагч 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 18/699 тоот албан бичгээр Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт заасныг үндэслэн П.Ад Вагон ашиглалтын депогийн Хүний нөөцийн менежерийн ажлын байрыг санал болгосныг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрөөгүй байна. Үүний дараа 2021 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр Б-I-56 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 36 дугаар зүйлийн 36.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан П.Аг Хууль зүйн албаны Мэргэжлийн эрх зүйн харилцааны хэлтэст Улаанбаатар татах хэсгийн үйл ажиллагаа хариуцсан хуульчаар томилсон байна. /ХХ-ийн 5, 39, 40 дүгээр тал/

 

У Т Зын даргын 2019 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн А-251 дугаар тушаалаар Хууль зүйн албаны бүтэц, зохион байгуулалтыг өөрчилж албаны дарга 1, орлогч дарга 1, дотоод асуудал хариуцсан мэргэжилтэн 1, Мэргэжлийн эрх зүйн харилцааны хэлтсийг 5 орон тоотой, Хөдөлмөрийн эрх зүйн харилцааны хэлтсийг 5 орон тоотой, Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн хэлтсийг 3 орон тоотой байхаар баталсан байх ба тус замын нэгдүгээр орлогч даргын 2021 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн А-84 дугаар тушаалаар Хууль зүйн албаны Мэргэжлийн эрх зүйн харилцааны хэлтэст 3 хуульчийн орон тоо нэмж, нэмэгдсэн орон тоо болох Улаанбаатар татах хэсгийн үйл ажиллагаа хариуцсан хуульчийн ажил албан тушаалд П.Аг томилжээ.  /ХХ-ийн 35, 45-49 дүгээр тал/

 

Урьд эрхэлж байсан ажил, албан тушаал гэдэгт ажилтныг ажлаас халагдахаас өмнө байгуулсан хөдөлмөрийн гэрээний гол нөхцөл болох Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1-21.1.4 дэх хэсэгт заасан ажлын байрны буюу албан тушаалын нэр, ажлын байрны тодорхойлолтод заасан ажил, үүрэг, үндсэн цалин буюу албан тушаалын цалингийн хэмжээ, хөдөлмөрийн нөхцөл хэвээр байхыг ойлгоно.

 

Хариуцагч нь Хууль зүйн албыг татан буулгаж, хуулийн зөвлөхийн орон тоог хассан гэсэн атлаа тухайн албыг 3 хэлтэстэй болгож хуулийн зөвлөхийн ажлын байрны нэрийг “хуульч” гэж өөрчлөн 6 хуулийн зөвлөхийн ажлын байрыг тодорхой салбар, чиглэл хариуцсан 7 хуульчтай байхаар зохион байгуулсан байх ба нэхэмжлэгчид 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдөр өөр ажлын байр санал болгосон нь тухайн албаны бүрэлдэхүүнээс нэхэмжлэгчийн эрхэлж байсан хуулийн зөвлөх /хуульч/-ийн ажлын байр цомхотгогдсон гэж үзжээ. Ажлын байр цомхотгох гэдэгт шаардлагагүй орон тоог бууруулж ажилтны тоог багасгаж буйг ойлгоно. Харин хэрэгт авагдсан баримтуудаар нэхэмжлэгчийн урьд эрхэлж байсан ажил, албан тушаалыг хасаж цомхотгол хийсэн нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд энэ талаар Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 689 дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2020 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 001/ХТ2020/00199 дугаар тогтоолоор дүгнэсэн. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт “Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй” гэж заасны дагуу шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэхэмжлэгчийн урьд эрхэлж байсан ажил, албан тушаал хасагдаж цомхотгогдсон үйл баримт тогтоогдоогүй гэж үзнэ. Өөрөөр хэлбэл 2018 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн А-378 дугаар тушаалаар П.Агийн урьд эрхэлж байсан ажлын байрны орон тоо хасагдсан гэсэн хариуцагчийн төлөөлөгчийн тайлбар үндэслэлгүй болно. Иймд нэхэмжлэгчийн урьд эрхэлж байсан ажил, албан тушаалыг цомхотгосон талаар ажил олгогч шийдвэр гаргаагүй, шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэхэмжлэгчийн ажиллаж байсан орон тоог хасаагүй гэж дүгнэсэн тул нэхэмжлэгчийн урьд эрхэлж байсан хуулийн зөвлөхийн ажлын байр цомхотгогдож Улаанбаатар татах хэсэг хариуцсан хуульч нэрээр дахин бий болсон гэж үзэх үндэслэлгүй.  /ХХ-ийн 33, 35, 36, 73, 178 дугаар тал/

Нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн үндэслэл нь тогтоогдоогүйгээс урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн тогтоосон байхад шинээр бий болгосон ажил, албан тушаалд томилсон нь Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2 дахь хэсэгт “ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон тохиолдолд ажилтныг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн авах үүрэгтэй” гэж, 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт “Ажлаас буруу халагдсан ажилтныг шүүхийн шийдвэрээр ажилд нь эгүүлэн тогтоосон тохиолдолд түүний эрхэлж байсан ажил, албан тушаалд шинээр орсон ажилтны хөдөлмөрийн гэрээг цуцалж, бололцооны дагуу өөр ажил олж өгнө” гэж заасан үүргийг ажил олгогч биелүүлээгүй гэж үзэв.  

 

Иймд хариуцагчийг Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2, 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан үүргээ зохих ёсоор биелүүлээгүй үндэслэлээр 2021 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн Б-I-56 дугаар тушаалыг хүчингүй болгов.   

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг У Т Зын даргын 2021 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн Б-I-56 дугаар тушаалыг хүчингүй болгосугай.  

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 44 дүгээр зүйлийн 44.1.2 дахь хэсэгт зааснаар улсын орлогоос 70,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч П.Ад буцаан олгож, хариуцагч Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг У Т Заас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай. 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                               Т.ГАНДИЙМАА