Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 02 сарын 23 өдөр

Дугаар 210/Ма2022/00322

 

2022 оны 02 сарын 23 өдөр

Дугаар 210/МА2022/00322

 

 

П.А-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

    Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Золзаяа даргалж, Ш.Оюунханд, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 102/ШШ2021/03316 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч П.А-гийн нэхэмжлэлтэй, хариуцагч М-О ХНН УБТЗ-д холбогдох тус газрын даргын 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн Б-1-56 дугаар тушаалыг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдолд үндэслэн шүүгч Д.Цогтсайхан илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхтөгс, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Баттуяа, Б.Билгүүн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга: Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 689 дүгээр магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2020 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 001/ХТ2020/00199 дүгээр тогтоолоор П.А-г УБТЗ-н Хууль зүйн албаны хуулийн зөвлөхийн ажилд эгүүлэн тогтоосон бөгөөд одоогоор шийдвэр гүйцэтгэлийн хэрэг үүсгэгдэн ажиллагаанд байгаа. 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр тус нийгэмлэгийн Хүний нөөцийн албаны ажилтан Н.Баттуяа Б-1-56 дугаар П.А-г ажилд авах тухай тушаалын хуулбарыг гардуулж өгөөд өөр бусад баримт бичиг танилцуулаагүй. Уг тушаалын үндэслэх хэсэгт Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 689 дүгээр магадлалыг дурдаад, Монгол Улсын Дээд шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 001/ХТ2020/00199 дүгээр тогтоолыг дурдаагүй бөгөөд Монгол Улсын Үндсэн хуулийн 50 дугаар зүйлийн 2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11,1, мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2-т заасныг зөрчсөн. Хариуцагч байгууллага нь нэхэмжлэгчийг Хууль зүйн албаны хуулийн зөвлөхийн ажилд эгүүлэн тогтоох ёстой байсан. Илт хууль бус тушаал байсан тул хүлээн зөвшөөрөхгүй талаараа тушаал танилцуулах дэвтэрт бичиж үлдээсэн. П.А-г шинээр ажилд авч байгаа бус, эгүүлэн оруулж ажилд нь томилж байгаа тул шүүхийн шийдвэрийг биелүүлэх тухай тушаал гаргах ёстой байсан. Тушаалыг Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсгийг үндэслэн гаргасан байх бөгөөд уг зүйл, заалт нь шинээр ажилд орж буй ажилтантай байгуулдаг гэрээний заалт бөгөөд урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн томилж байгаа учир хөдөлмөрийн эрх зүйн харилцаа нь үргэлжлэх ёстой байсан.

Мөн тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2-т заасныг биш, харин 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсгийг баримтлан П.А-г өөр ажилд авч байгаа бол харилцан тохиролцох байсан. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсгийг тушаалд баримталсан байх бөгөөд энэхүү зүйл заалтад ажил олгогчийн үүргийг заасан байдаг ба хөдөлмөрийн гэрээ болон ажил олгогчийн баримталдаг хуулийн заалт биш юм. Хууль зүйн алба гэдэг нь Улаанбаатар төмөр замын даргын шууд харьяанд байдаг, хуулийн зөвлөхүүд нь ахлах инженерийн хараан доор ажилладаг буюу бусад салбар, нэгжийг шалгах эрхтэй албан тушаал байхад салбар нэгж хариуцсан хуульчаар томилж П.А-гийн ажлын байрны зэрэглэлийг бууруулсан. Мөн Хууль зүйн албаны хуулийн зөвлөхийн орон тоог хассан нь үндэслэлгүй.

Хэрэгт авагдсан ажлын байрны тодорхойлолттой танилцахад зүтгүүрийн аж ахуйн албаны Улаанбаатар татах хэсэг, бусад нэгжийн үйл ажиллагаанд дүрэм, журам боловсруулах, хянуулах гэж заасан байна. Хариуцагч талаас тушаал гарсны дараа энэ талаар П.А-д танилцуулаагүй, тушаалыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.3-т хөдөлмөрийн гэрээ байгуулах үед талууд энэ хуулийн 21.1-д заасан гэрээний гол нөхцөлийн аль нэгийг тохироогүй бол хөдөлмөрийн гэрээ байгуулсанд тооцохгүй гэж заасан. П.А-г Улаанбаатар татах хэсгийн хуульчаар ажиллуулах талаар хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй байхад Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийг үндэслэж тушаал гаргасан байна. Тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийг хэрэглэхдээ бүхэлдээ алдаатай хэрэглэсэн, П.А-г урьд эрхэлж байсан албан тушаалд томилсон нь тогтоогдоогүй, ажил чанарын ажлын байранд томилоогүй нь тогтоогдож байх тул Улаанбаатар төмөр замын даргын 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн Б-1-56 дугаар тушаалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн хариу тайлбар, татгалзлын агуулга: Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг биелүүлэхийн тулд Замын даргын 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн А-84 дүгээр тушаалаар Хууль зүйн албаны Мэргэжлийн эрх зүйн харилцааны хэлтэст 3 хуульчийн орон тоо нэмж, үүнийг үндэслэн мөн даргын 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн Б-1-56 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 36 дугаар зүйлийн 36.1.2, 46 дугаар зүйлийн 46.2 дах хэсэгт заасныг баримтлан П.А-г Хууль зүйн албаны Мэргэжлийн эрх зүйн харилцааны хэлтэст Улаанбаатар татах хэсгийн үйл ажиллагаа хариуцсан хуульчаар ажиллуулахаар томилсон. П.А-гийн өмнө нь ажиллаж байсан Хууль зүйн албаны Соён гэгээрүүлэх хэлтэс нь Замын даргын 2018 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн А-378 дугаар тушаалаар татан буугдсан. Замын даргын 2019 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн А-251 дүгээр тушаалаар Хууль зүйн албаны бүтэц, зохион байгуулалтад өөрчлөлт оруулж дүрмийг өөрчилсөн, мөн хуулийн зөвлөх гэсэн нэршлийг хуульч гэж өөрчилсөн бөгөөд энэ нь Хөдөлмөрийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2, 48.3 дахь заалт болон Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-дэх заалтуудтай нийцэж байна.

Улсын Дээд шүүхийн тогтоолын огноо, дугаарыг бичээгүй нь хууль зөрчсөн үйлдэл гэж үзэх үндэслэл болохгүй. Учир нь уг тушаал нь ажил олгогчийн зүгээс шүүхийн хүчин төгөлдөр болсон шийдвэрийг биелүүлэх үүргээ хэрэгжүүлсэн үйлдэл мөн. Харин нэхэмжлэгчийн хуулийн зөвлөхөөр ажилд авах ёстой гэсэн шаардлагын үндэслэл нь дээр дурдсан Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль болон Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2010 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 16 дугаар тушаалаар батлагдсан Монгол Улсын Үндэсний ажил мэргэжил, албан тушаалын жагсаалт, ангилал, тодорхойлолт /ҮАМАТ-08/-д эрх зүйч /хуульч/, эрх зүйн мэргэжилтэн гэснээр үгүйсгэгдэж байх бөгөөд мөн түүнчлэн ажил олгогч нь өөрийн ажил, мэргэжлийн ангилал, тодорхойлолтыг шинэчлэн боловсруулж мөрдөх эрхийг тодорхойлсон. Үүнээс үзэхэд хуулийн зөвлөх гэдэг нь хуульчийн буюу эрх зүйн мэргэжилтний ажил, мэргэжлийн ангилалд хамаарч байна. Ажил олгогч бүтэц, зохион байгуулалтад өөрчлөлт оруулах эрхтэй байдаг. Хэрэгт авагдсан бүтцээс харахад Улаанбаатар төмөр замын даргын харьяанд хууль зүйн алба шууд харьяалагддаг. Хууль зүйн алба нь нийт 16 ажилтантай бөгөөд үүнд П.А-г томилсон албан тушаал хамаарна. Улаанбаатар татах хэсгийн орон тоонд нэхэмжлэгч талын хэлж буй Улаанбаатар татах хэсгийн хуульч гэх орон тоо байхгүй. Хэдий П.А- нь Улаанбаатар татах хэсгийн үйл ажиллагаа хариуцсан хуульчаар ажиллах боловч Хууль зүйн албаны үндсэн үйл ажиллагааг хийхийг ажлын байрны тодорхойлолтод заасан. Бүтцэд П.А-г томилсон албан тушаалыг Хууль зүйн албаны хуульч гэж заасан бөгөөд бид шүүхийн шийдвэрийг гүйцэтгэж П.А-г ажилд нь эгүүлэн авсан гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан МУБТЗ-н даргын 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн Б-1-56 дугаар тушаалыг хүчингүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2,44 дүгээр зүйлийн 44.1.2 дахь хэсэгт зааснаар улсын орлогоос 70,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч П.А-д буцаан олгож, хариуцагч Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замаас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүх шийдвэртээ:

Нэхэмжлэгч П.А-гийн томилогдсон Хууль зүйн албаны Мэргэжлийн эрх зүйн харилцааны хэлтэст Улаанбаатар татах хэсгийн үйл ажиллагаа хариуцсан хуульчийн ажлын байр нь шүүхийн шийдвэрт заагдсан Хууль зүйн албаны хуулийн зөвлөхийн ажлын байртай дүйцэх эсэх нь маргааны гол зүйл болж байна гээд ... УБТЗ ХНН-ийн зохион байгуулалтын бүтцийн схемээс үзэхэд Замын даргын шууд харьяалах бүтцэд хуулийн алба хамаарч байгаа гэж зөв дүгнэсэн атлаа Замын 1 дүгээр орлогч даргын шууд харьяалах бүтцэд хөдлөх бүрэлдэхүүн хариуцсан замын орлогч даргын харьяалах зүтгүүрийн аж ахуйн албанд Улаанбаатар татах хэсэг хамаарч байна. Өөрөөр хэлбэл, Хууль зүйн алба болон Улаанбаатар татах хэсгүүд нь УБТЗ ХНН-ийн зохион байгуулалтын өөр өөр түвшинд харьяалагджээ гэж үндэслэлгүй дүгнэлт хийсэн.

4.1 Замын даргын 2013 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн А/113 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтаар УБТЗ-ын удирдах газрын мэдлийн албан тушаалтан гэсэн хэсгийн 2.1-т УБТЗ-ын даргын мэдлийн албан тушаалтанд хуулийн зөвлөх хамаарахаар зааж, улмаар УБТЗ-ын даргатай хөдөлмөрийн гэрээ байгуулах болон цуцлах ажил, албан тушаалд хуулийн зөвлөх-ийн ажил, албан тушаалтан байхаар тодорхой заасан. Замын даргын 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн УБТЗ ХНН-ийн 2021 оны орон тоо, албан тушаалын жагсаалт батлах тухай А-906 дугаар тушаалын 2 дугаар хавсралтад УБТЗ-ын Удирдах газрын бүтцэд Хууль зүйн алба хамаардаг болохыг болон мөн тушаалын 16 дугаар хавсралтаар Улаанбаатар татах хэсгийн бүтэц, орон тоог баталсан бөгөөд тус бүтцэд хуульчийн орон тоо байхгүй байгааг тус тус шүүх анхаарч үзсэнгүй.

4.2 Нэхэмжлэгчийн өмгөөлөгч нар шүүх хуралдаан дээр Улаанбаатар татах хэсэг хариуцсан хуульчийн ажлын байр нь хортой нөхцөлд хамаарна гэж зориуд худал тайлбар гаргаж, мэтгэлцсэн. Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн сайдын 2005 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 77 дугаар тушаалаар батлагдсан Тэтгэврийг хөнгөлөлттэй тогтоох газрын дор болон хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил, мэргэжлийн жагсаалтад хуульчийн ажлын байрыг хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлд хамааруулсан талаар зохицуулсан зүйл заалт байхгүй.

4.3 Шүүх Хууль зүйн албанд хуульчаар ажиллаж байсан үеийн /2016-2017 оны/ ажлын байрны тодорхойлолтыг Улаанбаатар татах хэсгийн хуульчийн ажлын байрны тодорхойлолттой харьцуулан дүгнэсэн нь учир дутагдалтай байна. Өөрөөр хэлбэл, 2016-2017 онд Хуулийн албаны хуульчид бүгд УБТЗ-ын хэмжээнд гэрээ хэлцэл, дүрэм журам зэргийг хянадаг, боловсруулдаг, зөвлөгөө өгдөг байсан бол Замын даргын 2019 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн А/251 дүгээр тушаалаар Хууль зүйн албанд бүтэц, зохион байгуулалтад өөрчлөлт хийж, улмаар Хууль зүйн албаны дүрмийг өөрчилсөн. Уг бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлтөөр гэрээ хэлцлийн эрх зүйн хэлтсийг мэргэжлийн эрх зүйн харилцааны хэлтэс болгон өөрчилж, хэлтсийн хуульчдад тодорхой салбар нэгжийн үйл ажиллагааг хариуцуулан мэргэшүүлэх чиглэлээр тээвэрлэлт хөдөлгөөн хариуцсан хуульч, барилга хөрөнгө оруулалт, худалдан авалт, санхүү эдийн засгийн асуудал хариуцсан хуульч, хөдлөх бүрэлдэхүүн, суурь бүтцийн асуудал хариуцсан хуульч, гэрээ хэлцлийн бүртгэл, хяналт хариуцсан хуульч гэж өөрчлөн зохион байгуулсныг шүүх анхаарч үзээгүй төдийгүй бодитой дүгнэлт хийж чадсангүй.

4.4 Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлд заасан гэрээний гол нөхцөл болох ажлын байр буюу албан тушаалын нэр, ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүрэг, албан тушаалын цалин хөлс, хөдөлмөрийн нөхцөл зэрэг нь нэхэмжлэгчийн урьд өмнө нь эрхэлж байсан хуулийн зөвлөхийн ажлаас өөр, үүний улмаас түүний эрх зүйн байдал дордсон гэж үзэх үндэслэлгүй. Ийнхүү ажил олгогчоос хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрийг дүр үзүүлэн биелүүлсэн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байхад шүүхээс өмнөх хуульчийн ажилтай дүйцэхгүй гэж дүгнэж буй нь ойлгомжгүй байна.

4.5 Ажил олгогч нь Хууль зүйн албыг татан буулгаагүй. Харин тус албаны 4 хэлтсээс Замын даргын 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн А-464 дүгээр тушаалаар шинээр байгуулсан Соён гэгээрүүлэх хэлтсийг Замын даргын 2018 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн А-378 дугаар тушаалаар татан буулгасан. Ажил олгогчийн зүгээс шүүхийн шийдвэрийг биелүүлэхийн тулд өмнө нь өөрийн бололцооны дагуу П.А-д Вагон ашиглалтын депогийн хүний нөөцийн менежерийн ажлын байрыг санал болгосон боловч хүлээн зөвшөөрөөгүй тул 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Замын даргын А-84 дүгээр тушаалаар Хууль зүйн албанд мэргэжлийн эрх зүйн харилцааны хэлтэст Улаанбаатар татах хэсэг хариуцсан хуульчийн тоог нэмж, Хууль зүйн албаны Мэргэжлийн эрх зүйн харилцааны хэлтэст Улаанбаатар татах хэсэг хариуцсан хуульчаар ажиллуулахаар шийдвэрлэсэн. Одоо манай Хуулийн албанд хуулийн зөвлөх гэсэн орон тоо байхгүй. Замын даргын 2019 оны А/251 тушаал нь нэхэмжлэгчийг ажлаас халснаас хойш 10 сарын дараа буюу 2019 оны 05 дугаар сарын 21-ний өдөр гарч, шинээр 5 /хуульчийн/ орон тоог бий болгосон. Эдгээр орон тоон дээр тохиролцон ажиллуулах ёстой гэж үзвэл тухайн хуульчдын эрх ашгийг давхар хөндөж болохыг шүүх анхаарсангүй.

УБТЗ-ын даргын 2019 оны А-251 дүгээр тушаалаар Хууль зүйн албаны бүтэц зохион байгуулалт, ажилтны тоонд өөрчлөлт оруулан, тус албыг 3 нэгжид хуваан хэлтсийн ажилтны орон тоог баталж, тухайн албан тушаалын нэрийг хуульч гэж нэрлэсэн. Энэхүү өөрчлөлт нь Хөдөлмөрийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2, 48.3 дахь заалт болон Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 3.1.1, 9, 11, 24, 26 дугаар зүйлд нийцнэ.

4.6 Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2 дах заалтын үндэслэл нь шүүхийн шийдвэрийн дагуу тухайн ажилтныг ажилд эгүүлэн авч байгаа нөхцөл байдлыг зохицуулсан тул нэхэмжлэгчийн өмнө ажиллаж байсан хэлтэс нь татан буугдсан учраас ажил олгогчоос түүнийг Хууль зүйн албанд хуулийн зөвлөхөөр ажилд оруулахаар шийдвэрлэж, шүүхийн шийдвэрийг биелүүлсэн. Ийнхүү түүний өмнө нь эрхэлж байсан хуулийн зөвлөхийн ажлаас өөр, үүний улмаас түүний эрх зүйн байдал дордсон, ажил олгогчоос шүүхийн шийдвэрийг дүр үзүүлэн биелүүлсэн гэж үзэх үндэслэлгүй юм. Иймд шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчээс давж заалдах гомдолд гаргасан хариу тайлбартаа: Шүүх хууль зүйн алба болон Улаанбаатар татах хэсгүүд нь Улаанбаатар төмөр зам нийгэмлэгийн зохион байгуулалтын бүтцийн өөр, өөр түвшинд харьяалагджээ гэж дүгнэлт хийсэн болохоос нэг байгууллага гэх дүгнэлт хийгээгүй. Улаанбаатар татах хэсгийн хуулийн зөвлөхийн хуульчийн ажлын байрны тодорхойлолтод Улаанбаатар татах хэсэг хариуцсан албан тушаалтан хөдөлгөөний болон хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, зорчигч, үйлчлүүлэгчид тав тухтай, түргэн шуурхай, найдвартай аюулгүй үйлчилгээг хүргэх, ашиг орлогыг нэмэгдүүлэх зэрэг үйл ажиллагаа явуулна гэж тухайн хуульчийн ажлын байрны зорилгыг тодорхойлсон. Анхан шатны шүүх адил чанарын ажлын байр биш гэх үндэслэл бүхий дүгнэлтийг хийсэн төдийгүй, мөн тушаалыг Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь заалтыг үндэслэн гаргасан нь хуулийг буруу хэрэглэсэн гэж дүгнэсэн. Хууль зүйн албаны мэргэжлийн харилцааны хэлтэст Улаанбаатар татах хэсэг хариуцсан хуулийн зөвлөх гэж нэрлэж байгаа боловч тухайн хүний ажлын байрны тодорхойлолт, хийж гүйцэтгэх ажил үүрэг зэргийг харахад Хууль зүйн албанаас илүү Улаанбаатар татах хэсгийн ажлыг хийлгэх бодит үндэслэл тогтоогдож байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 


1. Давж заалдах шатны шүүх хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар бүхэлд нь хянав.

 

2. Анхан шатны шүүх зохигчдын хооронд үүссэн маргааны талаар үндэслэл бүхий дүгнэлт хийсэн боловч шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт баримталбал зохих хуулийг баримтлаагүй байх тул залруулж өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

3. Нэхэмжлэгч П.А- нь хариуцагч УБТЗ ХНН-т холбогдуулан тус байгууллагын даргын 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн Б-1-56 дугаар тушаалыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргаж, үндэслэлээ шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр магадлал, тогтоолоор тус нийгэмлэгийн Хууль зүйн албаны хуулийн зөвлөхийн ажилд эгүүлэн тогтоосон байхад хууль зүйн албаны Мэргэжлийн эрх зүйн харилцааны хэлтэст Улаанбаатар татах хэсгийн үйл ажиллагаа хариуцсан хуульчаар ажилд авсан, шүүхийн шийдвэрийн дагуу өмнөх хөдөлмөрийн харилцаа үргэлжлэх байтал шинээр ажилд томилсон гэсэн агуулгаар тайлбарлажээ.

 

Хариуцагч байгууллага нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ замын дарга бүрэн эрхийнхээ хүрээнд хууль зүйн албаны бүтэц, зохион байгуулалтад өөрчлөлт оруулж, энэ өөрчлөлтөөр хуулийн зөвлөх гэсэн нэршлийг хуульч гэж өөрчлөн хуульчийн орон тоог нэмж шүүхийн шийдвэрийг биелүүлж нэхэмжлэгчийг өмнө эрхэлж байсан ажил, албан тушаалд томилсон гэж тайлбарлан, мэтгэлцжээ.

 

4. Хэрэгт авагдсан бичгийн баримтаар нэхэмжлэгч П.А- нь хариуцагч байгууллагын Хууль зүйн албаны Соён гэгээрүүлэх хэлтсийн хуулийн зөвлөхөөр ажиллаж байгаад 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн Б-1-328 дугаар тушаалаар салбар нэгж татан буугдаж, орон тоо хасагдсан гэсэн үндэслэлээр ажлаас чөлөөлөгдсөн, улмаар шүүхэд ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэл гаргаж, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 102/ШШ2019/00568 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 689 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 001/ХТ2020/00199 дугаар тогтоолоор Хууль зүйн албаны хуулийн зөвлөхийн ажилд эгүүлэн тогтоохоор шийдвэрлэсэн, шийдвэр хүчин төгөлдөр байна. /хх6-11, 12-20/

 

Хариуцагч байгууллагын даргын 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Б-1-56 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 36 дугаар зүйлийн 36.1.2, 46 дугаар зүйлийн 46.2 дахь заалт, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 102/ШШ2019/00568 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 689 дүгээр магадлалыг тус тус баримтлан П.А-г Хууль зүйн албаны Мэргэжлийн эрх зүйн харилцааны хэлтэст Улаанбаатар татах хэсгийн үйл ажиллагаа хариуцсан хуульчаар томилжээ. /1хх-42/

 

5. Нэхэмжлэгч П.А-гийн томилогдсон Хууль зүйн албаны Мэргэжлийн эрх зүйн харилцааны хэлтэст Улаанбаатар татах хэсгийн үйл ажиллагаа хариуцсан хуульчийн ажлын байр нь шүүхийн шийдвэрт заагдсан Хууль зүйн албаны хуулийн зөвлөхийн ажлын байртай дүйцэх эсэх нь маргааны зүйл болжээ.

 

6. Анхан шатны шүүх нэхэмжлэгч П.А-г шүүхийн шийдвэрт заагдсан ажлын байртай дүйцэх хэмжээний ажил, албан тушаалд томилоогүй гэж үзсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт нийцжээ.

Шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсны дараа хариуцагч байгууллага нь 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдөр байгууллагынхаа 2021 оны орон тоо, албан тушаалын жагсаалтыг баталсан байх ба уг тушаалын 2 дугаар хавсралтад Улаанбаатар төмөр замын Удирдах газрын бүтцэд хууль зүйн алба хамаарахыг заасан. Гагцхүү уг хууль зүйн албаны дотор хуульчдын ажил үүргийн хуваарилалтыг хийсэн байх боловч уг хуваарилалтаас П.А-д Улаанбаатар татах хэсгийн үйл ажиллагаа хариуцсан хуульчаар томилох болсон шалтгаан нөхцөлийг тайлбарлаагүй, нэхэмжлэгч П.А-гийн урьд эрхэлж байсан ажил, түүний чиг үүргийг одоо хийх ажлын байрны тодорхойлолт, чиг үүрэгтэй харьцуулан дүгнэхэд урьд нь эрхэлж байсан ажил, албан тушаалтайгаа адил чанарын ажилд томилогдсон гэж үзэх боломжгүй гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүх урьд эрхэлж байсан ажил, албан тушаалыг зөв тодорхойлж, нэхэмжлэгч П.А-гийн өмнө эрхэлж байсан хуулийн зөвлөхийн албан тушаалын ажлын байрны тодорхойлолтыг шинээр томилогдсон Улаанбаатар татах хэсэг хариуцсан хуульчийн албан тушаалын ажлын байрны тодорхойлолттой харьцуулан дүгнэж, хариуцагч байгууллагыг Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2, 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан үүргээ зохих ёсоор биелүүлээгүй гэж үзсэн нь үндэслэлтэй болжээ. Ажлын байрны 2 тодорхойлолт нь ажилтны эрх зүйн байдал хэрхэн өөрчлөгдсөнийг тодорхойлох юм. Иймд анхан шатны шүүх эдгээр тодорхойлолтыг харьцуулан дүгнэсэн нь зөв, энэ талаар гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй болжээ.

Түүнчлэн, П.А-д Вагон ашиглалтын депогийн хүний нөөцийн менежерийн ажлын байрыг санал болгосон нь хариуцагч байгууллагаас шинээр ажлын байр бий болгох үндэслэлд хамаарахгүй юм. Шинээр ажлын байр бий болгосныг мөн шүүхийн шийдвэрийг биелүүлж байна гэж дүгнэхгүй, харин ажил олгогч нь байгаа ажлын байранд шинээр ажилтан авах биш харин шүүхийн шийдвэрээр эрх нь сэргээгдэж буй этгээдэд санал болгоогүй нь буруу юм. Шүүхээр маргаантай байгаа тохиолдолд холбогдох ажлын байранд ажилтан авч байгаа байдлыг зөвтгөх үндэслэл болохгүй тул бусад хуульчдын эрх ашгийг давхар хөндөж байна гэх хариуцагчийн гомдлыг хангах үндэслэлгүй.

 

Мөн давж заалдах гомдолд заасан бүтэц, орон тоо өөрчлөгдсөн буюу Улаанбаатар татах хэсгийн бүтэц, орон тоонд хуульчийн орон тоо байхгүй, Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлд заасан хөдөлмөрийн гол нөхцөл, эрх зүйн байдал дордоогүй гэх үндэслэлүүдийн хувьд бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлт болон албан тушаал нэршлийн хувьд өөрчлөгдсөн нь нэхэмжлэгчийн урьд эрхэлж байсан ажил, албан тушаалыг өөрчлөх үндэслэл болохгүй тул энэ талаарх гомдлыг хангах үндэслэлгүй байна.

Түүнчлэн өөр хэргийг шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр нь уг хэргийг шийдвэрлэх үндэслэл болохгүй тул энэ талаар гомдол мөн үндэслэлгүй байна.

 

7. Харин анхан шатны шүүх шийдвэрийнхээ тогтоох хэсэгт баримталбал зохих хуулийг баримтлаагүй байх тул залруулж өөрчлөлт оруулах нь зүйтэй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 156 дугаар зүйлийн 156.1 дэх хэсэгт шүүх гомдлоор авч хэлэлцэх хэргийг тодорхойлсон бөгөөд уг хуульд заасны дагуу гаргасан гомдлыг шүүх шийдвэрлэж мөн хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шийдвэрийг гаргах юм. Хариуцагч УБТЗ ХНН-д нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 156 дугаар зүйлийн 156.1 дэх хэсэгт заасан субъектэд хамаарахгүй тул уг заалтыг баримталж хэргийг шийдвэрлэсэн нь буруу болжээ. Өөрөөр хэлбэл, уг хэргийг 1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.11-т зааснаар хянан шийдвэрлэгдэх маргаан гэж үзэх үндэслэлтэй тул шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 102/ШШ2021/03316 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1.1 дэх хэсэг гэснийг Хөдөлмөрийн тухай хуулийн /1999 он/ 128 дугаар зүйлийн 128.1.11-т гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

  

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Э.ЗОЛЗАЯА

 

ШҮҮГЧИД                                   Ш.ОЮУНХАНД

 

Д.ЦОГТСАЙХАН

 

 

 

 

 

 

 

 

 

 


з