Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 09 сарын 22 өдөр

Дугаар 102/ШШ2021/02368

 

 

 

 

 

 

2021 оны 09 сарын 22 өдөр Дугаар 102/ШШ2021/02368 Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Батчимэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: ..гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ...-д холбогдох,

 

Хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах, хүүхдүүдийг гадаад улс руу эхийн хамт зорчих, аялах, амрах эрхээ хэрэгжүүлэхэд нь саад хийхгүй байх, зохих зөвшөөрөл өгөхийг даалгах тухай үндсэн, хүү ...ыг өөрийн асрамжид авах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч ..., нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Должинсүрэн, хариуцагч Б...., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Өлзийсайхан нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ... шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нь 2007 онд ... ...тэй танилцаж хамтран амьдрах болсон. Бидний хамтран амьдрах хугацаанд 2008 оны 12 дугаар сарын 23-нд охин ...ийн Мишээл төрсөн. Охины бага насанд хоорондын таарамжгүй байдлаас болж 2010 оноос тусдаа амьдарч байгаад 2014 оноос эхлэн дахин хамтран амьдарч эхэлсэн. 2017 оны 2 дугаар сарын 10-нд хүү ...ийн Соёмбобаяр төрсөн. Хамтын амьдралын хугацаанд Б.... хувийн таарамжгүй харилцааг байнга үүсгэж, сэтгэл зүйн болон бие махбодын гэмтэл учруулсны улмаас цагдаагийн байгууллагад хүртэл хандаж байсан. 2018 оны 8 дугаар сарын 25-ны өдөр Б.... нь маргаан үүсгэн, хүүхдүүдийн нүдэн дээр миний биед гар хүрсний дараа гэрээ орхин явсан. Энэ амьдралын хугацаанд Б.... нь зөвхөн шаардлагатай тохиолдлуудад л санхүүгийн туслалцаа үзүүлж байсан боловч өдөр тутмын ахуйн хэрэгцээний зардалд тэр бүр оролцож байгаагүй. Одоогоор охин хүү хоёр маань миний асрамжид амьдарч өсөж торниж байна. Бид тодорхой шалтгааны улмаас гэрлэлтээ албан ёсоор батлуулаагүй байсан болно. Одоогоор Б.... нь охин, хүү хоёртой байнгын холбоотой байдаг хэдий ч охин ...сэтгэл зүйн дарамт ихээр учруулж ирсэн. Энэ байдал нь өсвөр насны хүүхдийн зан хандлага, өөртөө итгэх итгэл, сэтгэл зүй, сурлагын амжилтад нь маш сөргөөр нөлөөлсөөр байна. Цаашид миний бие Б....тэй хамтран амьдрах боломжгүй болсон тул Б....ийг хүүхдүүддээ зан харилцааны зөв нөлөөлөл үзүүлж хуулиар хүлээсэн эцгийн үүргээ биелүүлэх мөн охин ... хүү ... нарт хуулийн дагуу хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү.

Б.... нь 24 цаг ажиллаж, 48 цаг амардаг, хүүхдэд зөв зохистой хоол унд хийхээс эхлээд сургууль, цэцэрлэгт өгч авах, даалгавар хийлгэх асуудлыг зохицуулах ямар ч боломжгүй. Тэрээр зан авирын хувьд түргэн ууртай бөгөөд үргэлж хамгийн түрүүнд гар хүрч зоддог байсан. Хүүхдүүддээ аливаа юмны учир шалтгаан болон буруу зөвийг тайлбарлаж өгөхгүй үргэлж загнадаг. Б.... бид хоёрын таарамжгүй харьцаанаас болж 2018 оны 08 дугаар сарын 25-ны өдрөөс хойш өнөөдрийг хүртэл 3 жил тус тусдаа амьдарч байгаа бөгөөд энэ хугацаанд охин, хүү 2 маань эхийнхээ асрамжид өсөж байгаа. Одоо амьдарч байгаа орон гэр, дассан сургууль, цэцэрлэгийн орчин зэргийг өөрчлөхгүйгээр хүүхдүүдийнхээ эрх ашгийг бодсон шийдвэр гаргаж, охин ..., ... нарыг эх ...гийн асрамжид үлдээж өгнө үү.

Мөн охин, хүү хоёроо аваад гадаад улс руу явах гэтэл эцгээс нь зөвшөөрөл авч ир гэсэн. Ингээд Б....ээс зөвшөөрөл авах гэтэл ажилтай байна, хөдөө явж байна гэх шалтгаанаар зохих зөвшөөрлийг өгөхгүй байсаар бид явж чадаагүй. Цаашид хүүхдүүд минь эцгийн зөвшөөрөлгүй гадаад зорчих насанд хүрэхэд 6-14 жилийн хугацаа байна. Иймд 2 хүүхдийнхээ аялах, амрах, зорчих эрхээ эдлэхэд нь ямар нэг саад хийхгүй байхыг даалгах шаардлагатай байна. Охин ..., ... нарыг гадаад улс руу эх ...гийн хамт зорчих, аялах, амрах эрхээ хэрэгжүүлэхэд нь саад хийхгүй байх, зохих зөвшөөрөл өгөхийг даалгаж өгнө үү гэв.

 

Хариуцагч Б.... шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: ... бид 2007 онд танилцаж улмаар хамтран амьдарч охин 2008 оны 12 сарын 23-нд охин Б Мишээл, 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдөр хүү ... төрсөн. ... нь 2010 оноос 2014 он хүртэл тусдаа амьдарч байсан гэж нэхэмжлэлдээ дурдсан байна. Бидний хувьд тусдаа байхгүй би 2009-2011 онд ОХУ-ын Дотоод явдлын яамны Академид суралцаж байсан. Би сэтгэл зүйн болон бие махбодын ямар нэгэн гэмтэл учруулсан зүйл огт байхгүй. Бид хувийн таарамжгүй харилцааны улмаас 2018.08.25-ны өдрөөс тусдаа амьдарсан. Миний хувьд хамтран амьдарч байх хугацаандаа буюу 2013 онд Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо 59 Б байрны 09 тоот 67м.кв байрыг Худалдаа хөгжлийн банкнаас ипотекийн зээлээр авч 2015 онд төлбөрийг бүрэн төлж барагдуулсан. Тэр байранд ... амьдардаг охин ..., хүү Б Ссёмбобаяр нарыг би өөр дээрээ голдуу авч асран халамжилдаг. Ялангуяа хүү ...ыг ээлжийн буюу 24:72 цаг, хагас бүтэн сайндаа би өөр дээрээ байлгаж үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлдэг. ... нь үр хүүхдүүдээ өсгөн хүмүүжүүлэхэд анхаардаггүй. Хувийн бизнесийн үйл ажиллагаа явуулдаг гээд хүүхдүүдээ айлд орхидог. Хүүхдүүддээ цаг зав гаргадаггүй өглөөний 10 цагаас оройн 20 цаг хүртэл амралтын хоноггүй ажилладаг, ганцхан сар бүрийн 15-нд амардаг тэр үедээ бараанд явдаг. ...гийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хүүхдүүд маань ээжтэйгээ аялалд явахад нь би зөвшөөрнө, гадаад паспортыг нь өгнө, харин өөр хүмүүстэй цуг хүүхдийг маань явуулна гэвэл би зөвшөөрөхгүй. Хүүхдүүдээ Турк улс руу авч явах талаар ... надад хэлж байгаагүй гэв.

 

Хариуцагч Б.... шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Миний бие хүү ...ыг өсгөн хүмүүжүүлж, өөрийн асрамжид байлгаж сөрөг нэхэмжлэл гаргаж байна. Эх ...гаас хүүхдийн тэтгэлэг гаргуулахгүй. Охин маань хичээлээ тараад гэртээ дүүгээ хардаг эсвэл ээжийнхээ ажил дээр очиж тусалдаг учир би хүүгээ өөрийнхөө асрамжид авах сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Ээжийгээ ажилтай байх хугацаанд миний хүү айлд байдаг байсан бөгөөд хүүгээ очоод авахад толгойн нь бөөстсөн байсан. Бага хүү надтай хамт байхдаа ганц ч гэмтэж байгаагүй, очоод уулзахаар дух нь улайсан, шалбарсан байдаг тул би хүүгээ ...тай хамт байлгаж болохгүй юм байна гэж бодсон. ... намайг хүүхдүүдтэй минь уулзуулдаг боловч заримдаа утсаа авдаггүй. Бага хүү маань багаасаа надтай цуг байдаг. Хүүгээ 2017 онд төрж байхад нь би ажлын газартаа 24 цагийн үүрэг гүйцэтгээд 72 цаг амрах хүсэлт гаргаж байсан. Би 24 цаг ажиллаж байхдаа ээждээ хүүгээ харуулаад, 72 цагт нь хүүгээ өөрөө асрах бүрэн боломжтой. Би хүүгээ өөрийнхөө асрамжид авбал хүссэн үед нь хүүгээ эгчтэй нь уулзуулна. Хүү маань надад ааваа би тан дээр очмооргүй байна, би таныг санахгүй байна гэж хэлж байсан би өдөр нь хүүтэйгээ уулзахдаа яагаад тэгж хэлсэн юм бэ гэхэд ээж, эгч хоёр намайг тэгж хэл гэж хэлсэн гэсэн. Охин ...хүүхдийн тэтгэлэг төлөхөд надад татгалзах зүйл байхгүй тул хүүхдийн тэтгэлэг төлөх нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Харин хүү ...ыг эцэг Б....ийн асрамжид үлдээж өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ... хариуцагч Б....д холбогдуулан хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах, хүүхдүүдийг гадаад улс руу эхийн хамт зорчих, аялах, амрах эрхээ хэрэгжүүлэхэд нь саад хийхгүй байх, зохих зөвшөөрөл өгөхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Хариуцагч Б.... нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй маргаж, хүү ...ыг өөрийн асрамжид авах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

..., Б.... нарын дундаас 2008 оны 12 дугаар сарын 23-ны өдөр охин ..., 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдөр хүү ... нар төрсөн болох нь зохигчийн тайлбар, хүүхдүүдийн төрсний гэрчилгээ зэргээр тогтоогдож байх бөгөөд хүүхдийн төрсний бүртгэлийн гэрчилгээнд эцгийн нэр Б.... гэж бичигдсэн байгаа нь Гэр бүлийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д зааснаар хүүхдүүдийн эцэг Б.... болохыг захиргааны журмаар тогтоосон байна.

 

Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д хүүхэд төрснөөр хүүхэд, эцэг, эхийн хооронд эрх үүрэг үүснэ, 21.5-д Гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ гэж заасан.

 

Талууд охин ...ийг эх ...гийн асрамжид үлдээж, эцэг Б....ээс хуульд заасан хэмжээгээр хүүхдийн тэтгэлэг төлөх эсэх талаар маргаагүй, харин хүү ...ын асрамжийн талаар маргаж байна.

 

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар гэрлэгчид энэ хуулийн 14.5-д заасны дагуу тохиролцоогүй бол хүүхдийн нас, эцэг эхийн халамж, ахуйн нөхцөл, бололцоо, ёс суртахууны байдал, хүчирхийлэл үйлдсэн эсэхийг нь харгалзан хүүхдийг эцэг, эхийн хэн нэгний асрамжид үлдээх асуудлыг шүүх шийдвэрлэнэ гэж заасан.

 

Б...., ... нар хэн аль нь хүүхдийн хүмүүжүүлэх, хөгжихөд зайлшгүй шаардлагатай орчин нөхцлийг хангах боломжтой болохоо баримтаар нотлосон боловч мэргэжлийн байгууллагын дүгнэлтээр хүүхдүүдийн өсөж буй орчныг өөрчлөх үндэслэл тогтоогдоогүйгээс гадна хүүхдүүд эхтэйгээ хамт амьдарч, ээнэгшин дассан, эцэгтэйгээ харьцах боломжоор хангагдсан байдал зэргийг харгалзан Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2008 оны 12 дугаар сарын 23-ны өдөр төрсөн охин ..., 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдөр төрсөн хүү ... нарыг эх ...гийн асрамжид үлдээх нь зүйтэй гэж үзэв.

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар эцэг эх нь хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх үүрэгтэй тул мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасан хугацаа, хэмжээгээр хариуцагч Б....ээс тэтгэлэг гаргуулан охин ..., хүү ... нарыг тэжээн тэтгүүлэх нь хүүхдийн эрх ашигт нийцнэ.

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар эцэг, эх нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах үүрэг эцэг, эхийн хувьд хэвээр үлдэхийг тус тус дурдах нь зүйтэй.

 

Нэхэмжлэгчээс охин ..., хүү ... нарыг эх ...гийн хамт гадаадад зорчих, аялах, амрах эрхээ хэрэгжүүлэхэд нь саад хийхгүй байх, зохих зөвшөөрөл өгөхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, уг нэхэмжлэлийн үндэслэлээ Б.... хүүхдүүдийн гадаад паспорт болон тэднийг улсын хилээр нэвтрэх зохих зөвшөөрөл өгөхгүй саад учруулдаг гэж тайлбарлаж байна. Хариуцагч Б....ээс хүүхдүүдийг зөвхөн эх ...гийн хамт гадаадад зорчих тохиолдолд тэдний гадаад паспорт болон улсын хилээр нэвтрэх зохих зөвшөөрөл өгөхөд татгалзах зүйлгүй гэж тайлбарлаж байна.

Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2017 оны А/49 дугаар тушаалын хавсралтар батлагдсан Хүүхдийг Монгол улсын хилээр нэвтрүүлэхэд хяналт тавих журам-ын 2.1.-т эцэг, эхийн аль нэгээр овоглоогүй бол гэр бүлийн гишүүний хамт зорчих үед хүүхдийн төрсний гэрчилгээ, түүнийг орлох баримт бичиг /төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, эсхүл цахим лавлагаа/; 2.1.3.-т эцэг, эх буюу хууль ёсны асран хамгаалагч, харгалзан дэмжигчээс өөр хүний хамт гадаадад зорчих хүүхдэд эцэг, эх, хууль ёсны асран хамгаалагч, харгалзан дэмжигч болон хүүхдийн хамт хилээр нэвтрэх этгээдийн хооронд хийсэн нотариатаар гэрчлүүлсэн итгэмжлэлийг үндэслэн улсын хилээр нэвтрүүлэхээр тус тус заасан байна.

Дээрх журмын зохицуулалтаас үзэхэд хүүхдийн гадаадад зорчих зөвшөөрөл өгөх эсэх асуудал нь эцэг, эх, хууль ёсны асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн шийдвэрлэх асуудалд хамаарна. Өөрөөр хэлбэл, хүүхдийн зорчих улс орны онцлог, түүний зорилго, аюулгүй байдал гэх мэт хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшилж болзошгүй нөхцөл байдлыг харгалзан үзэж зөвшөөрөл өгөх эсэх асуудлыг түүний эцэг, эх, хууль ёсны асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн шийдвэрлэх тул шүүхээс зохих зөвшөөрөл өгөхийг даалгах боломжгүй юм. Тиймээс хүүхдийг гадаадад зорчих зохих зөвшөөрөл өгөхийг даалгах нь нэхэмжлэлийн бие даасан шаардлага гэж үзэхгүй, харин хүүхдүүдийг эхийн хамт гадаадад зорчих, аялах, амрах эрхээ хэрэгжүүлэхэд нь саад хийхгүй байхыг хариуцагчид даалгах нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд хамаарахаар байна гэж үзлээ.

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.4, 26.6-д зааснаар эцэг, эх нь хүүхдийн эрхийг хамгаалах үүрэгтэй бөгөөд хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглоно гэж зааснаар хариуцагч Б....д охин ..., хүү ... нарын эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол эх ...гийн хамт гадаадад зорчих, аялах, амрах эрхээ хэрэгжүүлэхэд нь саад хийхгүй байхыг даалгах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2008 оны 12 дугаар сарын 23-ны өдөр төрсөн охин ..., 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдөр төрсөн хүү ... нарыг эх ...гийн асрамжид үлдээж, хүү ...ыг өөрийн асрамжид үлдээх тухай хариуцагч Б....ийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д зааснаар хариуцагч Б....д 2008 оны 12 дугаар сарын 23-ны өдөр төрсөн охин ..., 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдөр төрсөн хүү ... нарын эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол эх ...гийн хамт гадаадад зорчих, аялах, амрах эрхээ хэрэгжүүлэхэд нь саад хийхгүй байхыг даалгасугай.

 

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-д заасныг баримтлан 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдөр төрсөн хүү ...ыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээний 50 хувиар, 16 /суралцаж байгаа бол 18/ нас хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр, 2008 оны 12 дугаар сарын 23-ны өдөр төрсөн охин ...ийг тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр 16 /суралцаж байгаа бол 18/ нас хүртэл тус тус сар бүр эцэг Б....ээс тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, 63 дугаар дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 236,540 төгрөг, хариуцагчаас төлсөн 70,200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б....ээс улсын тэмдэгтийн хураамжид 236,540 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ...д олгосугай.

 

5. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-т зааснаар эцэг, эх гэрлэлтээ цуцлуулсан ч хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах үүрэг хэвээр үргэлжлүүлэхийг дурдсугай.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.БАТЧИМЭГ