Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 05 сарын 19 өдөр

Дугаар 210/МА2021/00794

 

2021 оны 05 сарын 19 өдөр

Дугаар 210/МА2021/00794

 

 

 

Ч.А-гийн  нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ч.Цэнд, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 102/ШШ2021/00446 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Ч.А-гийн нэхэмжлэлтэй, Б.Б-д холбогдох

Хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай үндсэн нэхэмжлэл, хариуцагч Б.Б-ийн хүүхдүүдийг өөрийн асрамжид авах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ч.А-, өмгөөлөгч Ж.Д, хариуцагч Б.Б-, өмгөөлөгч Г.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2007 онд Б.Б-тэй танилцаж хамтран амьдрах болсон. Бидний хамтран амьдрах хугацаанд 2008 оны 12 дугаар сарын 23-ны өдөр охин Б.М төрсөн, бид 2010 оноос тусдаа амьдарч байгаад 2014 оноос дахин хамтран амьдарч эхэлсэн бөгөөд 2017 оны 2 дугаар сарын 10-нд хүү Б.Ср төрсөн. Хамтын амьдралын хугацаанд Б.Б- нь хувийн таарамжгүй харьцааг байнга үүсгэж, сэтгэл зүйн болон бие махбодын гэмтэл учруулсны улмаас Цагдаагийн байгууллагад хандаж байсан, 2018 оны 8 дугаар сарын 25-ны өдөр Б.Б- нь маргаан үүсгэж, хүүхдүүдийн дэргэд миний биед гар хүрсний дараа гэрээ орхиж явсан. Бид тодорхой шалтгааны улмаас гэрлэлтээ батлуулаагүй байсан. Би цаашид Б.Б-тэй хамтран амьдрах боломжгүй болсон тул охин Б.М-, хүү Б.С- нараа өөрийн асрамжид авч, эцгээс нь хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү. Би хүүхдүүдийн цэцэрлэг сургууль, ажилтайгаа ойрхон байранд орсон.гэжээ.

Хариуцагч шүүхэд, шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Ч.А- бид хоёр 2007 онд танилцан хамтран амьдарч 2008 оны 12 дугаар сарын 23-ны өдөр охин Б.М-, 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдөр хүү Б.С- нар төрсөн. Би 2009-2011 онд ОХУ-д дотоод явдлын яамны академид суралцаж байсан. Миний хувьд сэтгэл зүйн болон бие махбодын ямар нэгэн гэмтэл учруулсан зүйл байхгүй. Бид хувийн таарамжгүй харилцааны улмаас 2018 оны 8 дугаар сарын 25-ны өдрөөс тусдаа амьдарсан. Бид хамтран амьдарч байх хугацаандаа буюу 2013 онд Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, 59б байрны 09 тоот 67 м.кв байрыг Худалдаа хөгжлийн банкнаас ипотекийн зээлээр авч 2015 онд төлбөрийг бүрэн төлж барагдуулсан, тэр байранд Ч.А- амьдардаг, охин Б.М-, хүү Б.С- нарыг би өөр дээрээ голдуу авч асран халамжилдаг, ялангуяа хүүгээ ажлын бус болон амралтын өдөр өөр дээрээ байлгадаг. Ч.А- үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэхэд анхаардаггүй, хувийн бизнесийн үйл ажиллагаа явуулдаг гээд хүүхдүүдээ айлд орхиод амралтгүй ажилладаг, сарын бүрийн 15-нд амардаг үедээ бараандаа явдаг. Ч.А-гийн гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй, би хүүхдүүдээ өөрийн асрамжид байлгаж өсгөн хүмүүжүүлэх шаардлагатай байна гэжээ.

 Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би охин Б.М-, хүү Б.С- нарыг өөрийнхөө асрамжид авах хүсэлтэй байна. Ч.А-гаас хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй. Би архи ууж Ч.А-д гар хүрч байсан удаа байхгүй. Миний охиныг надад хэлэхгүйгээр сурч байсан сургуулиас нь шилжүүлсэн байсан. Манай охин би хуучин сургуульдаа сурмаар байна гэсэн, Хүүхдүүдийг минь надтай уулзахгүй байгаа, Би ядаж хүүгээ өөрийнхөө асрамжид авах хүсэлттэй байна гэжээ.

Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би хүүхдүүдээ өөрийн асрамжид авна, манай охин өсвөр насанд хүрсэн, сэтгэлийн түгшүүртэй байдаг, аавыгаа залгахад айдаг, би хүүхдүүдээ аавтайгаа уулзуулахыг хорьсон зүйл байхгүй. Саяхан хүүгээ авч явсан, шөнө 12 цагийн үед над руу залгаж, уйлаад байна гэсэн тул би хүүгээ очиж авсан. Би охиноо өөрийн ажил, гэртэй ойрхон сургууль руу шилжүүлсэн. Би хүүхдүүдээ өөрийн асрамжид авна гэжээ.

 

Шүүх: Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар Б.М-ийг 16 нас /суралцаж байвал 18/ нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр, Б.С-ыг 11 хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18/ нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Б.Б-ээс нь тэтгэлэг гаргуулан тус бүрийг сар бүр тэжээн тэтгүүлж, Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2017 оны 2 дугаар сарын 10-нд хүү Б.С-ыг өөрийнхөө асрамжид авах тухай Б.Б-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар Ч.А-гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 96 440 төгрөгөөс 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, үлдэх 26 240 төгрөгийг улсын төсвийн орлогоос, 70 200 төгрөгийг Б.Б-ээс тус тус гаргуулж Ч.А-д олгож, Б.Б-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг гаргуулан улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх хүүхдийн насны байдал, тэдний амьдарч буй орчиндоо болон гэр бүлийнхэндээ дассан нөхцөл байдал, шинжээчийн багийн дүгнэлт зэргийг харгалзан үзэж хүүхдүүдийг эхийнх нь асрамжид үлдээж, надаас хүүхдийн тэтгэлэг гаргуулан шийдвэрлэсэн нь хууль бус гэж үзэж байна. Учир нь миний бие одоо ч гэсэн ажлын бус өдрөө хүүхдүүдээ асран хамгаалж, хувцас, бэлэг дурсгалын зүйлсийг авч өгдөг. Иймд шийдвэрт өөрчлөлт оруулж хүү Б.С-ыг миний асрамжид үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөнөөс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлага хангаагүй байна.

Нэхэмжлэгч Ч.А- нь хариуцагч Б.Б-д холбогдуулан хүүхдийн тэтгэлэг тогтоолгох нэхэмжлэл гаргасан ба хариуцагч эс зөвшөөрч, охин Б.М-, хүү Б.С- нарыг өөрийн асрамжид авах тухай сөрөг нэхэмжлэл гаргажээ.

Хариуцагч Б.Б- шүүх хуралдаан дээр сөрөг нэхэмжлэлийг зөвхөн хүү Соёмбобаярыг өөрийнхөө асрамжид авна гэж өөрчилсөн байхад нөгөө талд өөрчлөгдсөн нэхэмжлэлийг гардуулалгүй хэргийг шийдвэрлэсэн, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон атлаа хүүхдийн асрамжийг эцэг, эхийн хэнийх нь асрамжид үлдээхийг шийдвэрлээгүй орхигдуулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1.2 нэхэмжлэлийн хувийг хариуцагчид гардуулах 73 дугаар зүйлийн 73.1 хариуцагч сөрөг нэхэмжлэл гаргах эрхтэй 132 дугаар зүйлийн 132.5 хүүхдийг эцэг буюу эхийн хэний нь асрамжид үлдээх гэсэн заалтуудыг зөрчсөн байна.

  Түүнчлэн, энэ хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдааны даргалагчаар шүүгч З.Доржнамжинг томилсныг албажуулсан захирамж гараагүй байх тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хууль ёсны шүүх бүрэлдэхүүнээр шийдвэрлэсэн гэж үзэхэд эргэлзээтэй болжээ.

  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1 дэх хэсэгт зааснаар хэрэг хянан шийдвэрлэх шүүгч, бүрэлдэхүүн, шүүх хуралдаан даргалагчийг шүүгчдийн зөвлөлгөөнөөс хуваарь гарган тогтоож, Ерөнхий шүүгч албажуулах хуулиар тогтоосон журам зөрчигджээ.

 

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчсөн, давж заалдах шатны шүүхээс залруулах боломжгүй тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3, 168.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 102/ШШ2021/00446 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчаас төлсөн 70 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

ШҮҮГЧИД Ч.ЦЭНД

Н.БАТЗОРИГ