Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 07 сарын 27 өдөр

Дугаар 101/ШШ2021/02228

 

 

 

 

 

 

 

 

 

    2021         07         27                                     101/ШШ2021/02228         

 

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Цолмонгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 0 дугаар хороо, 0 дүгээр хороолол, 0 гудамж, 0 дүгээр байр, 0 тоот хаягт оршин суух, О.Б-н нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 0 дугаар хороо, 0 гудамж, 0 тоот хаягт оршин суух, С.Ш-д холбогдох,

 

Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 5,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч О.Б,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Н,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Хатантуул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч О.Б нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

О.Б миний бие нь С.Ш гэх хүнтэй 2021 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр “Худалдах, худалдан авах гэрээ” байгуулан, 00-00 УБЯ улсын дугаартай UAZ 3163-235 0 маркийн автомашиныг 5,000,000 төгрөгөөр худалдахаар тохиролцсон. Уг автомашиныг зарахаар зар тавьсны дагуу С.Ш утсаар холбогдсон юм. Маргааш өдөр нь буюу гэрээнд зааснаар 2021 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр С.Ш нь үзэж хараад шалгаж авсан.

Бидний хооронд байгуулагдсан дээрх гэрээний 3.2-д заасанчлан С.Ш нь надаас худалдаж авсан машины төлбөр 5,000,000 төгрөгийг 2021.05.01-ний өдөр О.Б миний Хаан банкны 5378059118 тоот дансанд шилжүүлнэ гэсэн боловч өнөөг хүртэл нэг ч төгрөг төлөөгүй байна.

Тухайн үедээ надаас машин авахдаа С.Ш нь 5,000,000 төгрөгөөр худалдаж авна, хоёулаа гэрээ хийчихье, 10 хоногт багтаан төлбөрийг бүрэн төлье гэж байснаа яг нотариат дээр гэрээ байгуулах гээд очиход 20 хоног болгоё, 20 хоногтоо багтааж бүрэн найдвартай төлнө, таны данс руу шилжүүлчихнэ, одоо самарт явна гэж хэлж байсан. Ингээд машинаа бичиг баримттай нь өгсөн. Мөнгийг нь бүрэн төлсөн үед бичиг баримтын нэрийг түүнд шилжүүлэхээр тохирсон.

Гэвч хариуцагч нь машиныг үзэж хараад, худалдаж авсан атлаа, машины мөнгийг төлөхгүй байна. Гэрээ хийснээс хойш 1 сарын дараа залгахад утас нь холбогдохгүй байсан, үүнээс хойш утас нь холбогдохгүй байж байснаа сарын дараа холбогдоход машин чинь айлын хашаанд байгаа, очоод ав гэсэн.

Машиныг жолоодож явсан, С.Ш-н найз гэх 1 хүнээр заалгаж байгаад тэр айлын хашаанд нь 6 сарын сүүлчээр очоод үзтэл машины статер, динамыг нь эвдсэн, буферыг нь салгачихсан, асаах гэтэл асахгүй байсан.

Намайг залгахаар утсаа авдаггүй, харин шүүхэд нэхэмжлэл өгөхөөс 10 хоногийн өмнө манай эхнэр С.Ш-тай утсаар холбогдож, машиныхаа мөнгийг нэхэхэд:”би тэр машинаар чинь ажил хийгээгүй” гэж хэлсэн байсан. 

“Худалдах, худалдан авах гэрээ”-ний 3.5-д “Гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги төлнө” гэж заасан.

С.Ш нь бүрэн бүтэн машин хүлээж авчихаад мөнгийг нь төлөөгүй мөртлөө цахлгааны масстай байсан гэдгийг зөвшөөрөхгүй.

Иймд С.Ш-с 2021 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн “Худалдах, худалдан авах гэрээ”-ний дагуу машины үндсэн үнэ 5,000,000 төгрөг, нэхэмжлэл гаргах өдрөөр тооцож, 63 хоногийн алданги 1,575,000 төгрөг, нийт 6,575,000 төгрөг нэхэмжилсэн.

Гэвч одоо С.Ш-с машины үндсэн үнэ болох 5,000,000 төгрөгийг гаргуулан өгч намайг хохиролгүй болгож өгнө үү, алдангид нэхэмжилсэн 1,575,000 төгрөгөөс татгалзаж байна гэв.

 

Хариуцагч С.Ш нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Н нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

С.Ш миний бие 0000 УБЯ улсын дугаартай УАЗ469 машиныг 2021 оны 04 дүгээр сарын 07-нд гэрээ хийж, 2021.05.01-ний өдөр 5,000,000 төгрөг болох мөнгийг нь төлөхөөр О.Б-тэй тохиролцсон.

Уг машиныг хөдөө ажил руугаа явуулахад цахилгааны масстай байгаа нь мэдэгдэж, машины эзэн болох О.Б-д ”Таны машин масстай байсан байна, тэр массыг янзлуулах гэж явж байгаад өөрийн машин болох 00-00 УАК гэсэн хар өнгийн Harier маркийн машинаа голд живүүлэн моторыг нь эвдэлчихлээ, 8,000,000 төгрөгөөр өөрийн машинаа янзлуулах болсон тул машиныг чинь авч чадахгүй боллоо” гэж 2021 оны 04 дүгээр сарын 12-нд хэлсэн.

О.Б анхнаасаа цахилгааны масстай машин худалдсан байсан, түүнийг нь засварлах сэлбэг авч яваад өөрийнхөө машиныг эвдсэн. Тэр үед улсын хөл хорио цээртэй байсан тул машиныг авч ирж чадаагүй. Тэгээд 2021.05.10-ны үед “машиныг чинь аваад ирсэн, ах машинаа аваарай” гэхэд “за чи надад зараад өгөхийг бодоорой” гэсэн. Энэ хүний эд зүйлийг нь зарж үрээгүй, төлөх боломжгүй болчихлоо гээд буцааж өгч байхад өөрөө буцааж авна гэчихээд ийм үйлдэл гаргаж байгаад гайхаж байна.

Түүнээс гадна худалдсан машиных нь үнэ 5,000,000 төгрөгт хүрэхгүй, цахилгааны масстай байсан машинаа худлаа хэлж худалдсанаас болоод цаг хугацаа, эд материалын үлэмж их хохирол учруулсан гэж үзэж байна.

О.Б-н УАЗ машиныг усанд эвдээгүй бөгөөд харин машиныг нь засах сэлбэг авч яваад өөрийн машинаа усанд живүүлэн их хэмжээний мөнгөөр хохирсон.

Иймд О.Б-н нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

 

 

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад

 

                           ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч О.Б нь хариуцагч С.Ш-д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 6,575,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх явцад нэхэмжлэгч нь алданги 1,575,000 төгрөгт холбогдох хэсгээс татгалзаж, 5,000,000 төгрөг болгосныг хариуцагч эс зөвшөөрч маргасан.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

 

Талуудын хооронд 2021 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр тээврийн хэрэгсэл “Худалдах, худалдан авах гэрээ” байгуулагдсан, уг гэрээгээр О.Б-н  өмчлөлийн 0000 УБЯ улсын дугаартай UAZ 3163-235 0 маркийн автомашиныг   5.000.000 төгрөгөөр худалдах, С.Ш нь 2021 оны 05 дугаар сарын 01-ний өдөр үнийг төлөх, гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги төлөхөөр тохиролцжээ. 

 

/хх-ийн 3-4 тал/

 

Дээрх гэрээний худалдагч талд О.Б, худалдан авагч талд С.Ш нар өөрсдийн хүсэл зоригийн илэрхийлэл болгон гарын үсгээ зурсан, гэрээний талаар зохигч маргаагүй тул тэдний хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д: “Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна.  

 

Гэрээний дагуу нэхэмжлэгч О.Б нь тээврийн хэрэгслийг хариуцагч С.Ш-д 2021 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр хүлээлгэн өгсөн, хариуцагч нь гэрээгээр тохиролцсон үнэ болох 5,000,000 төгрөгийг төлөөгүй, зохигч үүнтэй маргаагүй.

 

Талуудын хооронд байгуулагдсан 2021 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн  гэрээний 3.2-т: “Төлбөрийг 2021 оны 05 дугаар сарын 01-ний өдөр О.Б-н ХААН банкны 0 тоот дансанд шилжүүлнэ” гэж заасны дагуу хариуцагч С.Ш нь төлбөрийг төлөөгүй байх тул түүнийг хэлэлцэн тохирсон үнийг төлөх гэрээгээр хүлээсэн үүргээ тохирсон хугацаандаа биелүүлээгүй гэж үзэх үндэслэлтэй.

 

Хариуцагч С.Ш нь гэрээний үүргийг биелүүлээгүй шалтгааныг гэрээний зүйл болох 0000 УБЯ улсын дугаартай UAZ 3163-235 0 маркийн тээврийн хэрэгсэл нь масстай байсан учир гэрээнээс татгалзаж, түүнийг тээврийн хэрэгслээ буцааж авахыг 2021 оны 05 дугаар сарын 12-ны өдөр мэдэгдсэн учир нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргажээ.

Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтаар талууд 2021 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулсан, 2021 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр гэрээний зүйл болох тээврийн хэрэгслийг хариуцагч С.Шад шилжүүлэн өгсөн болох нь тогтоогдож байна.  

 

Иргэний хуулийн 247 дугаар зүйлийн 247.1-д: “Гэрээнд өөрөөр заагаагүй бол худалдсан эд хөрөнгийг худалдан авагчид шилжүүлснээр тухайн эд хөрөнгийг ашигласны үр дүнд олсон үр шим болон уг эд хөрөнгө тохиолдлоор устаж, гэмтсэний эрсдэл худалдан авагчид шилжинэ” гэж заасан.

 

Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 6.1-т: “Худалдсан тээврийн хэрэгслийг худалдан авагчид шилжүүлснээр тухайн эд хөрөнгийг ашигласны үр дүнд олсон үр шим болон худалдан авагчийн буруугаас гарах аливаа эвдрэл, гэмтэл, урсгал зардал, уг эд хөрөнгө тохиолдлоор устаж, гэмтсэний эрсдэл дагаж  шилжинэ” гэжээ.

 

Дээр дурдсан байдлаас үзэхэд талуудын хооронд байгуулагдсан гэрээнд өөрөөр заагаагүй тул С.Ш нь 2021 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр тээврийн хэрэгслийг өөрийн эзэмшилд авснаар Иргэний хуулийн 247 дугаар зүйлийн 247.1-д заасны дагуу уг эд хөрөнгөтэй холбоотой үр шим болон эрсдэл түүнд шилжсэн гэж үзнэ.

 

Хариуцагч С.Ш нь гэрээний үүргийг биелүүлээгүй шалтгааныг гэрээний зүйл болох 5828 УБЯ улсын дугаартай UAZ 3163-235 0 маркийн тээврийн хэрэгсэл нь цахилгааны масстай байсан учир гэрээнээс татгалзаж, нэхэмжлэгчид тээврийн хэрэгслээ буцааж авахыг 2021 оны 05 дугаар сарын 12-ны өдөр мэдэгдсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргажээ.

 

Тэрээр нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байх татгалзлын үндэслэл болгож буй тээврийн хэрэгсэл цахилгааны масстай байсан, ийнхүү доголдолтой байснаас ашиглах боломжгүй болсон гэх тайлбараа нотолсон баримтыг шүүхэд ирүүлсэнгүй болно.

 

Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1-д: “Худалдан авагч нь эд хөрөнгийн доголдлыг арилгуулах буюу доголдолгүй тухайн төрлийн эд хөрөнгөөр солиулах, доголдлыг арилгахад гаргасан зардлаа төлүүлэх, эсхүл гэрээг цуцлах тухай шаардлага гаргах эрхтэй” гэж зааснаас үзэхэд С.Ш нь дээрх эд хөрөнгийн доголдолтой холбогдуулан дээрх шаардлагыг гаргасан эсэх нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсонгүй.

 

Тодруулбал хариуцагч С.Ш нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байгаа татгалзлын үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлсэнгүй гэж үзэх үндэслэл болно.

Иймд хариуцагч С.Ш-с худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 5,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч О.Б-д олгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар хариуцагч С.Ш-с худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 5,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч О.Б-д олгосугай.

 

2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар хариуцагч С.Ш-с улсын тэмдэгтийн хураамжид 94,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч О.Б-д олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 120,150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш зохигч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Б.ЦОЛМОНГЭРЭЛ