Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 09 сарын 29 өдөр

Дугаар 210/МА2021/01488

 

 

 

 

 

2021 оны 09 сарын 29 өдөр

Дугаар 210/МА2021/01488

 

О.Бийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч С.Энхтөр, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 101/ШШ2021/02228 дугаар шийдвэртэй

О.Бийн нэхэмжлэлтэй хариуцагч С.Шад холбогдох

Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 5 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч О.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

Нэхэмжлэгч О.Б нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: О.Б нь С.Ш гэх хүнтэй 2021 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр Худалдах, худалдан авах гэрээ байгуулан, 58-28 УБЯ улсын дугаартай UAZ 3163-235 0 маркийн автомашиныг 5 000 000 төгрөгөөр худалдахаар тохиролцсон. Уг автомашиныг зарахаар зар тавьсны дагуу С.Ш утсаар холбогдсон юм. Маргааш өдөр нь буюу гэрээнд зааснаар 2021 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр С.Ш нь үзэж хараад шалгаж авсан. Бидний хооронд байгуулагдсан дээрх гэрээний 3.2-д заасанчлан С.Ш нь надаас худалдаж авсан машины төлбөр 5 000 000 төгрөгийг 2021 оны 5 дугаар сарын 01-ний өдөр О.Б миний Хаан банкны 000000000 тоот дансанд шилжүүлэхээр тохирсон боловч өнөөг хүртэл нэг ч төгрөг төлөөгүй байна. Тухайн үедээ надаас машин авахдаа С.Ш нь 5 000 000 төгрөгөөр худалдаж авна, хоёулаа гэрээ хийчихье, 10 хоногт багтаан төлбөрийг бүрэн төлье гэж байснаа яг нотариат дээр гэрээ байгуулах гээд очиход 20 хоног болгоё, 20 хоногтоо багтааж бүрэн найдвартай төлнө, таны данс руу шилжүүлчихнэ, одоо самарт явна гэж хэлж байсан. Ингээд машинаа бичиг баримттай нь өгсөн. Мөнгийг нь бүрэн төлсөн үед бичиг баримтын нэрийг түүнд шилжүүлэхээр тохирсон. Гэвч хариуцагч нь машины мөнгийг төлөхгүй байна. Гэрээ хийснээс хойш 1 сарын дараа залгахад утас нь холбогдохгүй байсан, үүнээс хойш утас нь холбогдохгүй байж байснаа сарын дараа холбогдоход машин чинь айлын хашаанд байгаа, очоод ав гэсэн. Машиныг жолоодож явсан, С.Шын найз гэх 1 хүнээр заалгаж байгаад тэр айлын хашаанд нь 6 сарын сүүлчээр очоод үзтэл машины статер, динамыг нь эвдсэн, буферыг нь салгачихсан, асаах гэтэл асахгүй байсан. Намайг залгахаар утсаа авдаггүй, харин шүүхэд нэхэмжлэл өгөхөөс 10 хоногийн өмнө манай эхнэр С.Штай утсаар холбогдож, машиныхаа мөнгийг нэхэхэд:би тэр машинаар чинь ажил хийгээгүй гэж хэлсэн байсан. Худалдах, худалдан авах гэрээ-ний 3.5-д Гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги төлнө гэж заасан. С.Ш нь бүрэн бүтэн машин хүлээж авчихаад мөнгийг нь төлөөгүй мөртлөө цахлгааны масстай байсан гэдгийг зөвшөөрөхгүй. Иймд С.Шаас 2021 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн Худалдах, худалдан авах гэрээ-ний дагуу машины үндсэн үнэ 5 000 000 төгрөг, нэхэмжлэл гаргах өдрөөр тооцож, 63 хоногийн алданги 1 575 000 төгрөг, нийт 6 575 000 төгрөг нэхэмжилсэн. Гэвч одоо С.Шаас машины үндсэн үнэ болох 5 000 000 төгрөгийг гаргуулан өгч намайг хохиролгүй болгож өгнө үү, алдангид нэхэмжилсэн 1 575 000 төгрөгөөс татгалзаж байна гэжээ.

Хариуцагч С.Ш, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Намуунжаргал нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: С.Ш, О.Бтэй 2021 оны 04 дүгээр сарын 07-нд гэрээ хийж, 0000 УБЯ улсын дугаартай УАЗ469 машиныг худалдан авч, , 2021 оны 5 дугаар сарын 01-ний өдөр 5 000 000 төгрөг болох мөнгийг нь төлөхөөр тохиролцсон. Уг машиныг хөдөө ажил руугаа явуулахад цахилгааны масстай байгаа нь мэдэгдэж, машины эзэн болох О.Бд 2021 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр таны машин масстай байсан байна, тэр массыг янзлуулах гэж явж байгаад өөрийн машин болох 84-73 УАК гэсэн хар өнгийн Harier маркийн машинаа голд живүүлэн моторыг нь эвдэлчихлээ, 8 000 000 төгрөгөөр өөрийн машинаа янзлуулах болсон тул машиныг чинь авч чадахгүй боллоо гэж хэлсэн. О.Б анхнаасаа цахилгааны масстай машин худалдсан байсан, түүнийг нь засварлах сэлбэг авч яваад өөрийнхөө машиныг эвдсэн. Тэр үед улсын хөл хорио цээртэй байсан тул машиныг авч ирж чадаагүй. Тэгээд 2021 оны 5 дугаар сарын 10-ны үед машиныг чинь аваад ирсэн, ах машинаа аваарай гэхэд за чи надад зараад өгөхийг бодоорой гэсэн. Энэ хүний эд зүйлийг нь зарж үрээгүй, төлөх боломжгүй болчихлоо гээд буцааж өгч байхад өөрөө буцааж авна гэчихээд ийм үйлдэл гаргаж байгаад гайхаж байна. Түүнээс гадна худалдсан машиных нь үнэ 5 000 000 төгрөгт хүрэхгүй, цахилгааны масстай байсан машинаа худлаа хэлж худалдсанаас болоод цаг хугацаа, эд материалын үлэмж их хохирол учруулсан гэж үзэж байна. О.Бийн УАЗ машиныг усанд эвдээгүй бөгөөд харин машиныг нь засах сэлбэг авч яваад өөрийн машинаа усанд живүүлэн их хэмжээний мөнгөөр хохирсон. Иймд О.Бийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

ШҮҮХ: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар хариуцагч С.Шаас худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 5 000 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч О.Бд олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар хариуцагч С.Шаас улсын тэмдэгтийн хураамжид 94 950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч О.Бд олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 120 150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Намуунжаргал давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ... 2021 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр машины эзэн болох О.Бд таны машин цахилгааны масстай байсан байна, тэр массыг нь засварлуулах гэж яваад өөрийнхөө машиныг эвдсэн тул зардал их гараад, таны машиныг худалдаж авах боломжгүй боллоо, машинаа ирж аваарай гэдгийг 2021 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр хэлж мэдэгдсэн бөгөөд О.Б нь өөрийн худалдан борлуулсан машиныг авахаар ирсэн боловч машинаа авалгүй явсан бөгөөд энэ талаар шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч О.Б нь өөрөө тайлбарлаж байсан болно. Дээрх тээврийн хэрэгсэл нь цахилгааны гэмтэл бүхий эвдрэлтэй байсан бөгөөд унаж явж боломжгүй байсан нь Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт Худалдан авагч нь эд хөрөнгийн доголдлыг арилгуулах буюу доголдолгүй тухайн төрлийн эд хөрөнгөөр солиулах, доголдлыг арилгахад гаргасан зардлаа төлүүлэх, эсхүл гэрээг цуцлах тухай шаардлага гаргах эрхтэй гэж заасны дагуу биет байдлын доголдолтой тээврийн хэрэгсэл байх тул хариуцагчийн зүгээс 2021 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр байгуулсан худалдах худалдан авах гэрээг цуцлах саналаа илэрхийлж О.Бд мэдэгдсэн. О.Б нь өөрийн машинаа ирж аваагүй байтлаа шүүхэд хандсан нь үндэслэлгүй гэж үзэж байна. Хариуцагч С.Ш нь хөдөө орон нутагт байрлаж ажилладаг тул шүүх хуралдаанд биечлэн оролцох боломжгүй байх тул Х.Намуунжаргал надад хуульд заасны дагуу итгэмжлэл хийж оролцуулсан юм. Х.Намуунжаргал нь шүүхэд төлөөлөх итгэмжлэлийг 2021 оны 7 дугаар сарын 27-ны өдөр 10 цаг 15 минутад хийлгэсэн бөгөөд шүүх хуралдаан 2021 оны 7 дугаар сарын 27-ны өдөр 11 цаг 30 минутад товлогдсон байсан. Би шүүхэд төлөөлөх итгэмжлэл хийлгэж шүүх хуралдаанд оролцохдоо хэргийн материалтай танилцах, хууль зүйн туслалцаа авах боломжоор хангаж өгнө үү гэх хүсэлт гаргах байсан бөгөөд шүүх хуралдааны дэг журам, хүсэлт хэрхэн гаргахыг мэдэхгүй, шүүгчээс хүсэлт байгаа эсэхийг асуухад нь гаргахаар бэлтгэж байсан боловч шүүгч нь шүүх хуралдаанд хоцорч ирээд буюу хурлыг 12 цагт эхлүүлж хариуцагч миний зүгээс холбогдох хүсэлт гаргах бу, хэргийн материалтай танилцах, хууль зүйн туслалцаа авах боломж хангахгүйгээр хэргийг шийдвэрлэж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэнд гомдолтой байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэсэн шаардлагад нийцсэн байна.

 

Нэхэмжлэгч О.Б нь хариуцагч С.Шад холбогдуулан худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 5 000 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь алданги 1 575 000 төгрөгт холбогдох хэсгээс татгалзсан бөгөөд хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Нэхэмжлэгч О.Б хариуцагч С.Ш нар 2021 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр Тээврийн хэрэгсэл худалдах-худалдан авах гэрээ байгуулсан, уг гэрээгээр О.Бийн өмчлөлийн 0000 УБЯ улсын дугаартай UAZ 3163-235 0 маркийн автомашиныг 5 000 000 төгрөгөөр худалдах, С.Ш нь 2021 оны 5 дугаар сарын 01-ний өдөр үнийг төлөх, гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги төлөхөөр тохиролцжээ. /хх.3-4/ Зохигчид худалдах-худалдан авах гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй боловч хариуцагч тухайн автомашиныг цахилгааны холбоотой эвдрэлтэй байсан гэх үндэслэл заан үнэ төлөхөөс татгалзжээ.

Анхан шатны шүүх талуудын хооронд худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх заалттай нийцжээ.

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заасан.

Гэрээний 3.2-т ...төлбөрийг 2021 оны 5 дугаар сарын 01-ний өдөр О.Бийн ХААН банкны 000000000 тоот дансанд шилжүүлнэ гэж заасны дагуу хариуцагч С.Ш нь төлбөрийг төлөөгүй байх тул түүнийг хэлэлцэн тохирсон үнийг төлөх гэрээгээр хүлээсэн үүргээ тохирсон хугацаандаа биелүүлээгүй буюу Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй.

Хэрэгт авагдсан талуудын хооронд байгуулагдсан гэрээ болон талуудын тайлбараас үзэхэд талууд 2021 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр гэрээ байгуулагдсан, 2021 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр гэрээний зүйл болох тээврийн хэрэгслийг нэхэмжлэгч О.Б хариуцагч С.Шад шилжүүлэн өгсөн болох нь тогтоогдож байна. /хх.3-4, 1, 17/

Гэрээгээр хүлээсэн үүргээ худалдан авагч биелүүлээгүй тохиолдолд худалдагч буюу нэхэмжлэгч нь хариуцагч буюу худалдан авагчаас автомашины үнэ төлөхийг шаардах эрхтэй бөгөөд худалдагч О.Б нь Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасны дагуу худалдан авагч С.Шаас автомашины үнэ 5 000 000 төгрөгийг төлөхийг шаардах эрхтэй.

Хариуцагчийн татгалзалдаа зааж буй автомашин цахилгааны гэмтэлтэй гэх үндэслэлээ нотолсон баримтыг шүүхэд гаргаагүй тул уг байдал хэргийн баримтаар тогтоогдохгүй байна. Өөрөөр хэлбэл, гэрээний үнийг төлөхөөс татгалзах үндэслэл байхгүй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар тайлбараа баримтаар нотлох үүрэгтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6 дахь хэсэгт зааснаар шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд талуудын хооронд үүссэн эрх зүйн маргааныг шийдвэрлэдэг тул анхан шатны шүүх хариуцагч С.Шаас 5 000 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч О.Бд олгож шийдвэрлэснийг буруутгах боломжгүй юм.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдлын нэг үндэслэлдээ ...Миний зүгээс шүүх хуралдаанд итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр хамаатны ах С.Шыг төлөөлөн оролцсон хэдий ч хууль эрх зүйн мэдлэггүй, шүүх хуралдааны дэг журам, дэс дарааллыг мэдэхгүй тул шүүхэд гаргах хүсэлтээ гаргаж чадаагүй, хэргийн материалтай танилцаж, хууль зүйн зөвлөгөө туслалцаа авах, сөрөг нэхэмжлэл гаргах зэрэг эрхээ хэрэгжүүлэх боломж олгоогүй гэж заажээ. Хэргийн 14, 28 дугаар талд эрх үүрэгтэйгээ танилцсан, шүүх хуралдааны товыг 2021 оны 7 дугаар сарын 20-ны өдөр мэдэгдсэн, шүүх хуралдаанд биечлэн оролцсон байх тул дээрх үндэслэлээр гаргасан давж заалдах гомдлыг хангах боломжгүй байна. Мөн давж заалдах гомдолдоо худалдаж авсан автомашиныг доголдолтой байсан гэсэн үндэслэл зааж байгааг хүлээн авах боломжгүй байна.

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 101/ШШ2021/02228 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн төлсөн 94 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

ШҮҮГЧИД С.ЭНХТӨР

Ц.ИЧИНХОРЛОО