Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 09 сарын 06 өдөр

Дугаар 102/ШШ2021/02170

 

 

 

 

 

2021 оны 09 сарын 06 өдөр

Дугаар 102/ШШ2021/02170

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

           

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Азбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

           

Нэхэмжлэгч: ... дүүрэг, ...дугаар хороо, ... дүгээр байр ... тоотод оршин суух, Чонос ургийн овогтой, ...гийн ******* /РД:.../-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ... дүүрэг, ... дугаар хороо, ... дугаар бичил хороолол, Хасбаатарын гудамж, ... дүгээр байр ... тоотод оршин суух,... ургийн овогтой ...ын ******* /РД:.../-д холбогдох,

 

15,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, гэрч М.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Алтанцэцэг нар оролцов.

 ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ц.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагатаа: Ц.******* миний бие тус дүүргийн шүүхэд Ч.*******д холбогдуулан 9,398,200 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Анх шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ 2018 оны 01 дүгээр сарын 31-нд хөрөнгө оруулалтын зээл олгосон гэж дурдсан. Бодит байдал дээр бидний хооронд 2018 оны 01 дүгээр сарын 31-нд Хамтран ажиллах гэрээ байгуулагдсан. Энэхүү гэрээгээр Ч.*******тэй эмийн сангийн үйл ажиллагаанд нь зориулж миний зүгээс 15,000,000 төгрөгийг хөрөнгө оруулж, оруулсан хөрөнгийн үнийн дүнгийн 5 хувьтай тэнцэх хэмжээгээр сар бүрийн орлогоос хувь авахаар тохиролцож 1 жилийн хугацаатай гэрээ байгуулсан. Гэрээний хугацаанд Ч.******* нь гэрээгээр тохиролцсон хөрөнгө оруулсан 15,000,000 төгрөгийн 5 хувь болох 750,000 төгрөгийг өгөөд явж байсан. Ингээд гэрээний хугацаа дуусахад бид хоорондоо ярилцаад дээрх гэрээгээ үргэлжлүүлэхээр болж 1 жилээр буюу 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийг хүртэл би өөрийн хөрөнгө оруулсан мөнгөн хөрөнгө болох 15,000,000 төгрөгийг авахгүйгээр 5 хувиа авахаар болсон. Гэрээг сунгаснаас хойш харилцан тохиролцсон 5 хувиа өгөөд явж байсан. Гэнэт би эмийн сангаа зарахаар болсон. Зараад төлбөрөө бүрэн төлнө гээд 5 хувиа өгөхөө больсон. Би гэрээгээр тохиролцсон үүргээ биелүүлэхгүй бол хөрөнгө оруулсан 15,000,000 төгрөгөө яаралтай буцаан авах шаардлага гаргасан боловч түр хүлээж бай, эмийн сангаа зарчхаад мөнгийг чинь 5 хувьтай нь хамт өгнө гэсэн тул би хүлээсээр өнөөдрийг хүрэхэд миний анх оруулсан 15,000,000 төгрөгийг өгөөгүй. Иймд Ч.*******ээс 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн гэрээний дагуу хөрөнгө оруулсан 15,000,000 төгрөгийг гаргуулан өгч намайг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

 

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2018 оны 01 сарын 31-ны өдөр Ц.******* Ч.******* нарын хооронд хамтран ажиллах гэрээ байгуулагдсан байдаг. Уг гэрээний дагуу эмийн сан хамтран ажиллуулахаар тохиролцсон. Үүнтэй холбоотой Ч.******* эмийн сан ажиллуулах талаар бүх зүйлийг хариуцахаар болсон. Ц.*******н хувьд 15,000,000 төгрөгийн хөрөнгө оруулалт оруулахаар тохиролцсон. Гэрээний явцад гэрээнд тохиролцсон ашиг орлогын тодорхой хувийг буюу 750,000 төгрөгийг Ч.*******ийн зүгээс өгч байсан. Тус эмийн санг Ч.******* дүүтэйгээ хамт ажиллуулдаг байсан. Үүнийгээ Ц.*******н эхнэр М.******* эмийн сан ашигтай юм байна. Танайх 15,000,000 төгрөг оруулбал тодорхой хэмжээгээр мөнгийг өгье гэж ярилцаж, энэхүү гэрээг байгуулсан байдаг. Энэхүү гэрээг Иргэний хуулийн 476 дугаар зүйлд заасан гэрээний бүх нөхцөлийг хангаж байгаа учраас хариуцагч талаас тухайн гэрээний үүргийг биелүүлж, үндсэн хөрөнгө оруулалтын 15,000,000 төгрөгийг буцаан гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй байна. Ц.*******, Ч.******* нар бие биенийгээ таньдаггүй байсан. Ч.******* болон Ц.*******н эхнэр М.******* нар Санхүү эдийн засгийн сургуулийг хамт төгссөн, олон жил харилцаа холбоотой байсан. Чинбат овогтой *******ийн төрсөн дүү Чинбат овогтой ******* гэж байдаг. Ч.******* эгчдээ зээл хөөцөлдөөд байгаа, барьцаа хөрөнгө байхгүй болохоор зээл авч чадахгүй байна. Та найз нөхөдөөсөө сураглаад өгөөч гэж хэлсэн. Ч.******* найз М.*******аас зээл хүссэн. М.******* Би чамд 15,000,000 төгрөг зээлүүлье, гэхдээ би чамтай зээлийн гэрээ байгуулахгүй. Манай нөхөртэй зээлийн гэрээ байгуулаарай гэж хэлсэн. Нөхөр нь 2018 оны 01 сарын 31-ний өдөр Драгон төвд хүрээд ир, гэрээгээ байгуулаад, мөнгөө ав гэж хэлсэн. Драгон төвийн нотариат дээр очоод Ч.******* Манай дүү зээлж байгаа юм. Манай дүүтэй зээлийн гэрээ байгуул гэхэд би таньдаг хүнтэйгээ гэрээ байгуулна. Дүү чинь гэрээ байгуулахгүй, чамтай байгуулна гэсэн. Зээлийн гэрээ биш, хамтран ажиллах гэрээний дагуу өгнө гээд хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зуруулсан. Мөнгийг 2018 оны 02 сарын 01-ний өдөр Ч.*******ийн данс руу шилжүүлсэн. Гэхдээ 15,000,000 төгрөг биш, 14,800,000 төгрөг шилжүүлсэн. 2018 оны 02 сарын 02-ны өдөр Ч.******* нь дүү Ч.*******ийн данс руу шилжүүлсэн. Дүүдээ зээлсэн гэж хэлсэн. Дүү нь сард 750,000 төгрөгөөр хүү төлж байсан. 2018 оны 02 сарын 02-ны өдөр 7,500,000 төгрөг, 2018 оны 03 сарын 02-ны өдөр 750,000 төгрөг, 2018 оны 04 сарын 02-ны өдөр 750,000 төгрөг, 2021 оны 05 сарын 02-ны өдөр 750,000 төгрөг, 06 сар, 07 сар, 08 сар, 09 сар, 10 сар, 11 сар, 12 саруудад төлсөн. Ч.*******ийн данснаас, нөхөр Батхүүгийн данснаас мөнгийг шилжүүлсэн. Батхүүгийн Хаан банк, Худалдаа хөгжлийн банкны данснаас шилжүүлсэн. 2019 оны 01 сарын 20-ны өдөр 750,000 төгрөг, 2019 оны 02 сарын 21-ний өдөр 750,000 төгрөг, 2019 оны 03 сарын 20-ны өдөр 750,000 төгрөгөөр шилжсэн. 2019 оны 04 сарын 20-ны өдөр 750,000 төгрөг /худалдаа хөгжлийн банкны данснаас/, 2019 оны 05 сарын 20-ны өдөр 750,000 төгрөг /худалдаа хөгжлийн банкны данснаас/ шилжүүлсэн. О.Батчимэгтэй холбоотой мөнгө шилжүүлсэн. 06 сарын 20, 07 сарын 20, 08 сарын 20, 09 сарын 20, 10 сарын 20, 11 сарын 20, 12 сарын 20 гэх мэт өдрүүдэд мөнгө шилжүүлсэн. 2020 оны 04 сарын 17-ны өдөр 8,000,000 төгрөгийг 2,000,000 төгрөгөөр нь хувааж өгсөн байгаа. Мөн 06 сарын 08-ны өдөр 3,000,000 төгрөгийг шилжүүлсэн нийтдээ 28.600.000 төгрөгийг төлсөн. Нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд гэрээний асуудал байхгүй. Хэрвээ хамтран ажилласан бол Монгол улсын аль нутаг дэвсгэрт, ямар нэртэй эмийн сан ажиллуулсан талаар мэдэх байсан. Тиймээс зээлийн гэрээ байсан. Мөн Ч.*******ээс Ц.******* руу шилжүүлсэн гүйлгээний утга дээр зээлийн хүү гэж бичсэн байгаа. Ч.*******, Ц.*******н эхнэр М.******* эдийн засагч. Ч.******* Анагаахын шинжлэн ухааны сургуульд нярав, нягтлангаар 2014 оноос өнөөдрийг хүртэл ажиллаж байгаа. Найз нөхдийн хооронд зээлийн гэрээ байгуулж, дүүдээ мөнгө авч өгсөн. Эмийн сангийн үйл ажиллагааг явуулж байгаагүй. Эм эмнэлгийн хэрэгслийн тухай хууль байдаг. Уг хуулийн 7.1-т хуулийн этгээд байгуулахгүйгээр Эмийн сан явуулахыг хориглосон байдаг. Мөн тусгай зөвшөөрлөөр ажиллана гэж заасан байгаа. Эрүүл мэндийн сайдын 2014 оны 291 тушаал, 2013 оны 431 дугаар тушаалаар Эмийн сан ажиллуулахыг хүсэгчид ажлын байртай байна, эм зүйч мэргэжилтэй гэж заасан байдаг. Ч.*******ийн хувьд эмийн сан ажиллуулах тусгай зөвшөөрөл байхгүй, эдийн засагч мэргэжилтэй хүн. Анхнаасаа эмийн сангийн үйл ажиллагаа огт явагдаагүй. Зээлийн гэрээ байгуулахгүйгээр хамтран ажиллах гэрээ байгуулсан. Маргааш нь Ч.******* дүүгийнхээ данс руу шилжүүлсэн нь харагдаж байна. Тиймээс үүнийг зээлийн гэрээний харилцаа гэж үзэж байгаа. Зээлийн гэрээ бичгээр байгуулагдаагүй бол хүү гэж төлсөн мөнгө үндсэн зээлээс хасагдах ёстой. Үндсэн зээлээ 2 дахин нугалж төлсөн байна. Иймд нэхэмжлэгч тал төлбөр нэхэмжлэх эрх зүйн үндэслэл байхгүй гэжээ.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 ҮНДЭСЛЭХ нь:

           

Нэхэмжлэгч Ц.******* нь хариуцагч Ч.*******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 9,398,200 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байх бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, нэмэгдүүлэн хамтран ажиллах гэрээний дагуу оруулсан хөрөнгө 15,000,000 төгрөгийг буцаан гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч, талуудын хороонд зээлийн гэрээний харилцаа үүссэн, зээлийг буцааж бүрэн төлж дууссан гэж маргажээ.

           

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна гэж үзэв.

 

Нэхэмжлэгч Ц.*******, хариуцагч Ч.******* нар 2018 оны 01 сарын 31-ний өдөр Хамтран ажиллах гэрээ гэх гэрээг бичгээр байгуулсан байна. Гэрээний нэгдүгээр зүйлд Талууд хуулийн этгээд байгуулахгүйгээр эмийн сангийн үйл ажиллагааг эрхлэх, эм худалдан борлуулах, үйл ажиллагааг санхүүжүүлэн ашиг харилцан хувиарлах асуудлыг зохицуулахад оршино, Хоёр дугаар зүйлийн 2.1.1-д А тал /Ч.*******/ баримт бичиг тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагад нийцүүлж эмийн худалдаа, эмийн санг ажиллуулах, 2.1.2-т Б тал /Ц.*******/ эмийн санг санхүүгийн хувьд тогтвортой байх асуудлыг хариуцаж 15,000,000 төгрөгийн санхүүжилт хийх үүргийг хариуцна гэжээ.

 

Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-д зааснаар хамтран ажиллах гэрээгээр хоёр буюу түүнээс дээш этгээд хуулийн этгээд байгуулахгүйгээр, ашиг олох болон бусад тодорхой зорилгыг хэрэгжүүлэхийн тулд хамтран ажиллах үүрэг хүлээнэ. Мөн хуулийн 477, 478 дугаар зүйд зааснаар хамтран ажиллах гэрээний талууд гэрээнд заасны дагуу хураамж төлөх бөгөөд хураамжаа мөнгөн болон үйлчилгээний хэлбэрээр оруулж болно. Хураамжийн хэмжээг гэрээнд тодорхойлоогүй бол тэнцүү хэмжээгээр хариуцна. Гэрээнд өөрөөр заагаагүй бол талуудын төлсөн хураамж нь тэдгээрийн дундаа өмчлөх хөрөнгө байж хамтын үйл ажиллагааны улмаас бий болсон алдагдлыг гэрээний талууд хамтран хариуцах үүргийг хүлээнэ.

 

Талуудын байгуулсан гэрээний 6.1-д Энэхүү гэрээнд заасан хамтын үйл ажиллагааны үр дүнд бий болсон нийт ашгийн А тал 100 хувь авч харин Б тал зөвхөн оруулсан хөрөнгийн үнийн дүнгийн 5 хувьтай тэнцэх хэмжээгээр орлогоос сар бүр хувь авна. Алдагдлын мөн 100 хувь А тал хариуцна гэж тохирсон байна.

 

Уг зохицуулалтаар гэрээний дагуу хариуцагч хамтын ажиллагааны ашиг болон алдагдлыг 100 хувь буюу бүхэлд нь хариуцаж, нэхэмжлэгч нь хариуцагчид шилжүүлсэн 15,000,000 төгрөгийн 5 хувь болох 750,000 төгрөгийг сар бүр авч, гэрээний хугацаа дуусахад 15,000,000 төгрөгийг буцаан авахаар тохиролцсоноос үзвэл уг гэрээ Иргэний хуульд заасан хамтран ажиллах гэрээний агуулгад хамаарахгүй байна.

 

Харин нэхэмжлэгч нь хариуцагчид 15,000,000 төгрөг шилжүүлэн өгсний хариуд сар бүр 5 хувийн ашиг буюу 750,000 төгрөг авч, гэрээний хугацаа дуусахад анх шилжүүлсэн 15,000,000 төгрөгийг буцаан авахаар тохиролцсон хүсэл зориг бүхий хэлцэл нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээний харилцаа гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгч 2018 оны 02 сарын 01-ний өдөр 14,800,000 төгрөгийг хариуцагчид, хариуцагч 2018 оны 02 сараас 2019 он дуустал сар бүр зээлийн хүү гэж 750,000 төгрөг, 2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр 4,000,000 төгрөг, 18-ны өдөр 4,000,000 төгрөг, 06 дугаар сар 08-ны өдөр 3,000,000 төгрөг нийт 28,600,000 төгрөгийг нэхэмжлэгчид дансаар шилжүүлэн өгсөн болох нь зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтаар тус тус нотлогдож байна. /хх-ийн 116-141, 205/

 

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана гэж заасан. Бичгээр байгуулсан гэрээний хугацаа дууссан бол энэхүү зохицуулалтын дагуу гэрээний хугацаа дууссанаас хойш хугацааны хүүг зээлдүүлэгч шаардах эрхгүй болно. Харин зээлдэгч тохиролцсон ёсоор зээлийн хүүг хүлээн зөвшөөрч төлж байсан бол уг хүүг буцаан шаардах, үндсэн зээлээс хасах үндэслэл болохгүй.

 

Хэрэгт авагдсан дээрх нотлох баримтаар хариуцагч 14,800,000 төгрөгийн зээлээс 2018 оны 02 сараас 2019 он дуустал сар бүр зээлийн хүүнд 750,000 төгрөг, 2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр 4,000,000 төгрөг, 18-ны өдөр 4,000,000 төгрөг, 06 дугаар сар 08-ны өдөр 3,000,000 төгрөг нийт 11,000,000 төгрөгийг гэрээний үндсэн үүрэгт төлсөн болох нь тогтоогдож байх тул үлдэх 3,800,000 төгрөгийг Иргэний хуулийн 281 дүгээр 281.1-т заасны дагуу нэхэмжлэгчид төлөх үүрэгтэй.

 

Иймд хариуцагч Ч.*******ээс 3,800,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ц.*******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 11,200,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгов.

  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар хариуцагч Ч.*******ээс 3,800,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ц.*******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 11,200,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Ц.*******гаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 269,901 төгрөгөөс 232,950 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, илүү төлсөн 36,951 төгрөгийг улсын төсвөөс, хариуцагч Ч.*******ээс 75,750 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.  

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Б.АЗБАЯР