Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 11 сарын 12 өдөр

Дугаар 210/МА2021/01638

 

 

 

 

 

 

 

 

 

Ц.Б-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 102/ШШ2021/02170 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Ц.Б-гийн хариуцагч Ч.Н-д холбогдуулан гаргасан 15 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Б нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ц.Б- миний бие тус дүүргийн шүүхэд Ч.Н-д холбогдуулан 9 398 200 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Анх шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ 2018 оны 01 дүгээр сарын 31-нд хөрөнгө оруулалтын зээл олгосон гэж дурдсан. Бодит байдал дээр бидний хооронд 2018 оны 01 дүгээр сарын 31-нд хамтран ажиллах гэрээ байгуулагдсан. Энэхүү гэрээгээр Ч.Н-тэй эмийн сангийн үйл ажиллагаанд нь зориулж миний зүгээс 15 000 000 төгрөгийн хөрөнгө оруулж, оруулсан хөрөнгийн үнийн дүнгийн 5 хувьтай тэнцэх хэмжээгээр сар бүрийн орлогоос хувь авахаар тохиролцож 1 жилийн хугацаатай гэрээ байгуулсан. Гэрээний хугацаанд Ч.Н- нь гэрээгээр тохиролцсон хөрөнгө оруулсан 15 000 000 төгрөгийн 5 хувь болох 750 000 төгрөгийг өгч байсан. Гэрээний хугацааг 1 жилээр буюу 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийг хүртэл сунгасан. Гэрээг сунгаснаас хойш хариуцагч нь харилцан тохиролцсон 5 хувиа өгч байсан. Гэнэт би эмийн сангаа зарахаар болсон. Зараад төлбөрөө бүрэн төлнө гээд 5 хувиа өгөхөө больсон. Би гэрээгээр тохиролцсон үүргээ биелүүлэхгүй бол хөрөнгө оруулсан 15 000 000 төгрөгөө яаралтай буцаан авах шаардлага гаргасан боловч түр хүлээж бай, эмийн сангаа зараад мөнгийг чинь 5 хувьтай нь хамт өгнө гэсэн боловч өгөөгүй. Иймд Ч.Н-ээс 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн гэрээний дагуу хөрөнгө оруулсан 15 000 000 төгрөгийг гаргуулан өгч намайг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй байна. Ц.Б-, Ч.Н- нар бие биенийгээ таньдаггүй байсан. Ч.Н- болон Ц.Б-н эхнэрМ.Д- нар Санхүү эдийн засгийн сургуулийг хамт төгссөн, олон жил харилцаа холбоотой байсан. Ч.Н-ийн төрсөн дүү Ч.Ц- гэж байдаг. Ч.Ц- эгчдээ зээл хөөцөлдөөд байгаа, барьцаа хөрөнгө байхгүй болохоор зээл авч чадахгүй байна. Та найз нөхдөөсөө сураглаад өгөөч гэж хэлсэн. Ч.Н- найзМ.Д-аас зээл хүссэн.М.Д- Би чамд 15 000 000 төгрөг зээлүүлье, гэхдээ би чамтай зээлийн гэрээ байгуулахгүй. Манай нөхөртэй зээлийн гэрээ байгуулаарай гэж хэлсэн. Нөхөр нь 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Драгон төвд хүрээд ир, гэрээгээ байгуулаад, мөнгөө ав гэж хэлсэн. Драгон төвийн нотариат дээр очоод Ч.Н- манай дүү зээлж байгаа юм. Манай дүүтэй зээлийн гэрээ байгуул гэхэд би таньдаг хүнтэйгээ гэрээ байгуулна. Дүү чинь гэрээ байгуулахгүй, чамтай байгуулна гэсэн. Зээлийн гэрээ биш, хамтран ажиллах гэрээний дагуу өгнө гээд хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зуруулсан. Мөнгийг 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Ч.Н-ийн данс руу шилжүүлсэн. Гэхдээ 15 000 000 төгрөг биш, 14 800 000 төгрөг шилжүүлсэн. 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Ч.Н- нь дүү Ч.Ц-ийн данс руу шилжүүлсэн. Дүүдээ зээлсэн гэж хэлсэн. Дүү нь сард 750 000 төгрөгөөр хүү төлж байсан. 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдөр 750 000 төгрөг, 2018 оны 3 дугаар сарын 02-ны өдөр 750 000 төгрөг, 2018 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр 750 000 төгрөг, 2021 оны 5 дугаар сарын 02-ны өдөр 750 000 төгрөг, 6 сар, 7 сар, 8 сар, 9 сар, 10 сар, 11 сар, 12 саруудад төлсөн. Ч.Ц-ийн данснаас нөхөр Батхүүгийн данснаас мөнгийг шилжүүлсэн. Батхүүгийн Хаан банк ХХК, Худалдаа хөгжлийн банк ХХК-ийн данснаас шилжүүлсэн. 2019 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 750 000 төгрөг, 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдөр 750 000 төгрөг, 2019 оны 3 дугаар сарын 20-ны өдөр 750 000 төгрөгөөр шилжсэн. 2019 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр 750 000 төгрөг /худалдаа хөгжлийн банкны данснаас/, 2019 оны 5 дугаар сарын 20-ны өдөр 750 000 төгрөг /худалдаа хөгжлийн банкны данснаас/ шилжүүлсэн. О.Батчимэгтэй холбоотой мөнгө шилжүүлсэн. 06 сарын 20, 07 сарын 20, 08 сарын 20, 09 сарын 20, 10 сарын 20, 11 сарын 20, 12 сарын 20 гэх мэт өдрүүдэд мөнгө шилжүүлсэн. 2020 оны 04 сарын 17-ны өдөр 8 000 000 төгрөгийг 2 000 000 төгрөгөөр нь хувааж өгсөн байгаа. Мөн 06 сарын 08-ны өдөр 3 000 000 төгрөгийг шилжүүлсэн нийтдээ 28 600 000 төгрөгийг төлсөн. Нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд гэрээний асуудал байхгүй. Хэрвээ хамтран ажилласан бол Монгол улсын аль нутаг дэвсгэрт, ямар нэртэй эмийн сан ажиллуулсан талаар мэдэх байсан. Тиймээс зээлийн гэрээ байсан. Мөн Ч.Ц-ээс Ц.Б- руу шилжүүлсэн гүйлгээний утга дээр зээлийн хүү гэж бичсэн байгаа. Ч.Н-, Ц.Б-н эхнэрМ.Д- эдийн засагч. Ч.Н- Анагаахын шинжлэн ухааны сургуульд нярав, нягтлангаар 2014 оноос өнөөдрийг хүртэл ажиллаж байгаа. Найз нөхдийн хооронд зээлийн гэрээ байгуулж, дүүдээ мөнгө авч өгсөн. Эмийн сангийн үйл ажиллагааг явуулж байгаагүй. Эм эмнэлгийн хэрэгслийн тухай хууль байдаг. Уг хуулийн 7.1-т хуулийн этгээд байгуулахгүйгээр Эмийн сан явуулахыг хориглосон байдаг. Мөн тусгай зөвшөөрлөөр ажиллана гэж заасан байгаа. Эрүүл мэндийн сайдын 2014 оны 291 тушаал, 2013 оны 431 дугаар тушаалаар Эмийн сан ажиллуулахыг хүсэгчид ажлын байртай байна, эм зүйч мэргэжилтэй гэж заасан байдаг. Ч.Н-ийн хувьд эмийн сан ажиллуулах тусгай зөвшөөрөл байхгүй, эдийн засагч мэргэжилтэй хүн. Анхнаасаа эмийн сангийн үйл ажиллагаа огт явагдаагүй. Зээлийн гэрээ байгуулахгүйгээр хамтран ажиллах гэрээ байгуулсан. Маргааш нь Ч.Н- дүүгийнхээ данс руу шилжүүлсэн нь харагдаж байна. Тиймээс үүнийг зээлийн гэрээний харилцаа гэж үзэж байгаа. Зээлийн гэрээ бичгээр байгуулагдаагүй бол хүү гэж төлсөн мөнгө үндсэн зээлээс хасагдах ёстой. Үндсэн зээлээ 2 дахин нугалж төлсөн байна. Иймд нэхэмжлэгч тал төлбөр нэхэмжлэх эрх зүйн үндэслэл байхгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар хариуцагч Ч.Н-ээс 3 800 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ц.Б-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 11 200 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Ц.Б-гаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 269 901 төгрөгөөс 232 950 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, илүү төлсөн 36 951 төгрөгийг улсын төсвөөс, хариуцагч Ч.Н-ээс 75 750 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгуулахаар шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээр Ц.Б-гийн нэхэмжлэлтэй Ч.Н-д холбогдох иргэний хэрэг маргаан шийдвэрлэгдсэн. 2021 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 102/ШШ2021/02170 дугаар шийдвэрээр хариуцагч Ч.Н-ээс 3 800 000 төгрөгийг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ц.Б-д олгуулахаар шийдвэрлэсэнд гомдолтой байна. Шүүхийн дээрх шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлд зааснаар хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна. Учир нь шүүхээс талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж зөв дүгнэсэн боловч зээлийн төлбөр буцаан төлсөн тооцоололд алдаа гаргасан. Ч.Н- нь Ц.Б-гаас 14 800 000 төгрөгийг зээлийн гэрээг бичгээр хийгээгүйгээр зээлж авсан бөгөөд буцааж Ч.Н- 28 600 000 төгрөгийг нэхэмжлэгчид дансаар шилжүүлж өгсөн. Тодруулбал, Ч.Н- нь 2018 онд хүү гэж 11 удаагийн гүйлгээгээр 8 250 000 төгрөг, 2019 оныг дуустал Ч.Н-ээс гэсэн утгатайгаар 9 000 000 төгрөг, 2020 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр 8 000 000 төгрөг, 2020 сны 6 дугаар сарын 08-ны өдөр 3 000 000 төгрөг нийт 28 600 000 буцаан төлсөн. Гэтэл шүүхээс зээлийн үндсэн төлбөрөөс 2019 онд буцаан төлсөн 9 000 000 төгрөгийг хасаж тооцоогүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрээс 3 800 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг өөрчилж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй.

 

Нэхэмжлэгч Ц.Б- нь хариуцагч Ч.Н-д холбогдуулан гэрээний үүрэгт 15 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ хариуцагч Ц.Б- нь хөрөнгө оруулалтын гэрээний дагуу авсан 15 000 000 төгрөгийг буцаан төлөөгүй гэсэн агуулгаар тодорхойлсныг хариуцагч эс зөвшөөрч би нэхэмжлэгчээс 14 800 000 төгрөг зээлж, зээл, хүүд нийт 28 600 000 төгрөгийг буцаан төлсөн тул төлбөрийн үлдэгдэлгүй гэх үндэслэл заан татгалзсан байна.

 

Зохигчид 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр хамтран ажиллах нэртэй гэрээ байгуулж, уг гэрээгээр хариуцагч Ч.Н- нь баримт бичиг тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагад нийцүүлж эмийн худалдаа, эмийн санг ажиллуулах, нэхэмжлэгч Ц.Б- нь эмийн санг санхүүгийн хувьд тогтвортой байх асуудлыг хариуцан, 15 000 000 төгрөгийн санхүүжилт хийж, сар бүр оруулсан хөрөнгийн үнийн дүнгийн 5 хувьтай тэнцэх хэмжээний хувь авахаар тохиролцсон байх бөгөөд нэхэмжлэгч Ц.Б- нь дээрх гэрээний дагуу хариуцагч Ч.Н-д 14 800 000 төгрөг хүлээлгэн өгсөн үйл баримт тогтоогджээ. /хх-ийн 4-5-р тал/

Анхан шатны шүүх зохигчдын тайлбарыг гэрээний агуулгатай харьцуулан дүгнэж, талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн талаар зөв дүгнэсэн байна.

 

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан тул нэхэмжлэгч нь зээлийн мөнгөн хөрөнгийг хариуцагчаас шаардах эрхтэй. Өөрөөр хэлбэл, талууд хэдийгээр хамтран ажиллах нэртэй гэрээ байгуулсан боловч тухайн гэрээний дагуу хамтран ажиллаагүй, харин хариуцагч нь зээлийн гэрээ байгуулсан гэж үзэж тогтмол хүү төлж байсан тул зохигчид зээлийн гэрээ байгуулсан гэж үзнэ.

 

Хариуцагч Ч.Н- нь 2018 оны 02 дугаар сарын 20-ны өдрөөс 2020 оны 6 дугаар сарын 08-ны өдрийг хүртэлх хугацаанд нийт 28 600 000 төгрөгийг нэхэмжлэгч Ц.Б-д төлсөн болох нь талуудын тайлбар, Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга зэргээр тогтоогджээ. /хх-ийн 18-49-р тал/.

 

Хэрэгт авагдсан дансны хуулгаас үзвэл хариуцагч Ч.Н- нь 2018 оны 02 дугаар сарын 20-ны өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл сар бүр 750 000 төгрөгийг нэхэмжлэгч Ц.Б-д зээлийн хүүд гэсэн зориулалтаар төлсөн байх бөгөөд уг төлбөрийг зээлийн хүүд тооцох талаар анхан шатны шүүх зөв дүгнэсэн байна. Иргэний хуулийн 199 дүгээр зүйлийн 199.3 дах хэсэгт Төлбөр гүйцэтгэснээр өрийг хүлээн зөвшөөрсөн буюу талууд хэлэлцэн тохиролцсон бол хуульд заасан тодорхой хэлбэрээр гэрээ хийхийг шаардахгүй гэж заасан тул хариуцагчийн зөвшөөрч төлсөн зээлийн хүүг үндсэн зээлээс хасах үндэслэлгүй.

 

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3 дах хэсэгт хүү тогтоосон зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй бол хүү шаардах эрхгүй болохыг зохицуулсан болохоос зөвшөөрч төлсөн төлбөрийг буцаан гаргуулах, мөн төлөгдсөн хүүг үндсэн зээлээс хасаж тооцох талаар зохицуулаагүй.

 

Анхан шатны шүүх хариуцагч Ч.Нацагдэмбэрлийн төлсөн нийт 28 600 000 төгрөгийг зээл, хүүд зөв хуваарилж, 2020 оны 4 дүгээр сарын 17-ны өдрөөс 6 дугаар сарын 08-ны өдөр хүртэлх хугацаанд төлсөн нийт 11 000 000 төгрөгийг үндсэн зээл 14 800 000 төгрөгөөс хасаж хариуцагчийн төлбөл зохих төлбөрийг 3 800 000 төгрөгөөр тогтоосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дах хэсэгт заасан нотлох баримт үнэлэх журамд нийцсэн байна. Иймд энэ талаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах боломжгүй.

 

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1.Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 102/ШШ2021/02170 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 75 750 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

Г.ДАВААДОРЖ