Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 08 сарын 13 өдөр

Дугаар 1014

 

     2020         08           13                                           2020/ДШМ/1014

Д.Гт холбогдох

 эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Дарьсүрэн даргалж, шүүгч Б.Батзориг, Д.Мягмаржав нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Т.Болор-Эрдэнэ,

шүүгдэгч Д.Г, түүний өмгөөлөгч А.Очбадрал,

нарийн бичгийн дарга М.Мөнхбаатар нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Алтанцэцэг даргалж, шүүгч Г.Ганбаатар, М.Мөнхбаатар нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2020 оны 6 дугаар сарын 3-ны өдрийн 2020/ШЦТ/610 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Д.Гын гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох эрүүгийн 2008009350328 дугаартай хэргийг 2020 оны 7 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Мягмаржав илтгэснээр хянан хэлэлцэв.

.................., 19......... оны ..........дугаар сарын ..........-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, ........ настай, эрэгтэй, ......... дунд боловсролтой, сантехникийн слесарь мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Хуучин цэргийн хотхон дан байр 17 тоотод оршин суух бүртгэлтэй боловч Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, Эрчмийн 1-0 дүгээр байрны подволд түр оршин суух хаягтай, /РД:.........../,

Улсын Дээд шүүхийн 2001 оны 3 дугаар сарын 9-ний өдрийн 59 дугаартай магадлалаар Оросын холбооны улсын Улаан-Үд хотын Октябрийн районы шүүхийн 1997 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн таслан шийдвэрлэх тогтоолоор Д.Гын үйлдсэн хэргийг ОХУ-ын Эрүүгийн хуулийн 105 дугаар зүйлийн 1 дэх хэсгээр зүйлчлэн 6 жил хорих ял оногдуулсныг Монгол Улсын Эрүүгийн хуулийн 86 дугаар зүйлийн 1 дэх хэсгээр зүйлчлэн, ерөнхий ангийн 39 дүгээр зүйлийг журамлан 86 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 жил хорих ял оногдуулах болгон өөрчилж, Д.Г 2000 оны 10 дугаар сарын 1-ний өдрийн байдлаар ОХУ-ын нутаг дэвсгэрт эдлээгүй үлдсэн 2 жил 6 сар 12 хоногийн ялыг Монгол Улсын нутаг дэвсгэрт эдлүүлэхээр ирүүлсэн, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 22 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэж, 2002 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр ялынхаа 4/5 хувийг эдэлсэн тул үлдэх 11 сар 25 хоногийн хорих ялыг хугацаанаас өмнө тэнсэн сулласан,

Баянзүрх дүүргийн шүүхийн 2010 оны 4 дүгээр сарын 8-ны өдрийн 149 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, 2013 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 1 жил 5 сар 17 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан;

Д.Г нь 2020 оны 2 дугаар сарын 8-ны өдрийн 21 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, Эрчмийн 1-0 дүгээр байрны подволд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч Ц.Оюунгэрэлтэй хувийн таарамжгүй харьцаа үүсгэн маргаж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн толгойн тус газарт нь гараараа цохисны улмаас Ц.Оюунгэрэлийн зүүн талын зулай, чамархай ясны зүүн чихний суваг дайрсан шугаман хугарал, хугарлын харалдаах тархины хатуу бүрхүүл дээрх цусан хураа, зүүн зулай, чамархайн хуйханд зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл учирч, 2020 оны 2 дугаар сарын 9-ний өдөр тус гэмтлийн улмаас Гэмтэл согог судлалын үндэсний төвд ухаангүй байдалтай хүргэгдэн эмчлэгдэж байгаад 2020 оны 2 дугаар сарын 26-ны өдөр нас барсан буюу хүнийг алсан гэмт хэрэгт холбогджээ.  

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Д.Гын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Д.Гт холбогдох эрүүгийн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөрүүлэн өөрчилж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.5 дахь хэсэг болгон зүйлчилж, шүүгдэгч .........рыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсны улмаас хохирогч нас барсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.5 дахь заалтад зааснаар Д.Гыг 8 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Д.Гт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Гын цагдан хоригдсон 99 хоногийг түүний эдлэх ялын хугацаанд оруулан тооцож, шүүгдэгч Д.Гын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Д.Г нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Чимгээд 700.000 төгрөг төлсөн болохыг дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Гаас 2.397.880 төгрөгийг гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Чимгээд олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрх бүхий этгээд шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд ялтан Д.Гт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Д.Г давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Талийгаач бид хоёр 2015 оноос эхлэн хамтдаа амьдарч эхэлсэн. 2019 оны 4 дүгээр сарын 12-нд О.Чимгээгийн хадам эгч Эрхүү 1.000.000 төгрөг зээлж аваад мөнгөө өгөөгүй. Дараа нь 10 дугаар сарын 6-нд Чимгээ байрны мөнгө гэж 1.000.000 төгрөг аваад гэрээ зарсан мөнгийг картаар шилжүүлж авсан. 2019 оны 12 дугаар сарын 16-нд эмнэлгээс гараад гэртээ ирэхэд хүргэн гэх З.Цогтсайханаар цохиулан 3 хавирга хугарсан. Гэмтлийн эмнэлэгт үзүүлсэн бичиг, материал надад байгаа. Ингээд би сайн таних Ганболд ахынд амьдарсан. Талийгаач бид 2-ыг архи уугаад маргасан, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн болгож байгаа явдал мөнгөтэй холбоотой юм. Яагаад гэвэл эмнэлэгт талийгаачийг сахиж байхад надад хэлэхдээ гэрийнхээ хаалгаар шагайж харахад ээж газар арагшаа харсан, хоёр гараараа толгойгоо бариад сууж байсан. Н.Ганцэцэг эгч охин Сайнжаргал 2 шатаар бууж ирсэн. Бид бүгдээрээ очиход ээж сууж байсан гэж ярьсан бөгөөд би утсаараа бичлэг хийсэн, надад байгаа. Дэлгүүр явахдаа надад хэлэхдээ миний цүнх, цамц, өмд, майк хулгайлж авсан. Тэгээд л би Ганцэцэг, Сайнжаргал нартай хэрэлдсэн юм, дургүй хүргээд байгаа юм гэж хэлсэн. Дэлгүүрээс ирэхэд Эрчмийн 5 дугаар байрны гадаа СӨХ-ийн дарга Цэцэгмаатай тааралдаад, гурвуулаа гэртээ орсон. Энэ хэрэг анхнаасаа миний эсрэг байсан бөгөөд байцаагч сонин харьцаад ирсэн. Байцаагч Шинэбаяр намайг 2 хоногоос илүү 60 гаруй цаг хорьж, хоол өгөөгүй. Цагдаагийн коридорт хонуулсан, хүч хэрэглэхээр заналхийлсэн, нэр төр алдар хүндийг гутаан доромжилсон, эрхшээл дарамтад оруулсан зүй бус үйлдлийн улмаас гэнэтийн цочролд хоромхон зуур автаж сэтгэцийн хэвийн байдал алдагдаж байсан. 2020 оны 2 дугаар сарын 21-нд Чимгээ надруу утсаар залгаж чи мөнгөө явуул гэж дарамталсан. Ээж үхвэл бид чамайг цохисон гэж хэлээд хүн амины хэргээр шоронд үхээрэй гэж хэлсэн. Сонгинохайрхан дүүргийн шүүхийн хэрэг бүртгэгч Батбаатар манай ах шүүхийн нарийн бичиг Наранцэцэг, эхнэр нь тус тус албан тушаалтай тул чамайг шоронгийн хадаас болгоно гэж сүрдүүлсэн. Би айгаад утсаа салгахад дахин утас дуугараад хартал байцаагч Шинэбаяр байсан. Би утсаа аваад ярихад “чи яагаад хохирогчийг дарамтлаад байгаа юм бэ, чамайг шоронд хорино” гэж айлгасан. Байцаагч Шинэбаяр нь хохирогч Чимгээтэй 62 дугаар сургуульд хамт сурдаг найзуудын холбоотой. Ингээд шүүх хуралдаан 100 хувь миний эсрэг явагдсан гэж бодож байна. Хурал дээр 2 хуудас тайлбар бичиг өгсөн боловч уншаагүй. Ийм болохоор энэ хуулийн 39.6 дугаар тогтоолд заасан баримт нотлогдохгүй орхигдсон. Шүүх хуралд хохирогч талаас болон миний талаас хараагүй гэж хэлтэл шүүгчид анхаарч үзэлгүй Чимгээ гэрийнхээ хаалгаар шагайж харсан, юу болоод байгаа юм гэж хэлээд ороход талийгаач газар сууж байсан. Тэгээд намайг 2 гараараа цохисон гэж худлаа хэлсэн. Энэ мэдүүлгүүдийг нягталж үзвэл худал болох нь тогтоогдож байна. Гэрч Ганцэцэг, охин Сайнжаргал нарын өгсөн мэдүүлэгт намайг цохисон гэж хэлээгүй атал хохирогчийн хууль ёсны төлөөлөгч намайг гүтгэсэн. Гэрчүүдийн өгсөн мэдүүлэг өмнөх мэдүүлгээс зөрсөн байсан. Би хохирогчийн амиа алдсанаас хойш хоорондоо тохиролцсон гэж үзэж байна. Ийм учир гэрчүүдтэй нүүрэлдүүлэн мэдүүлэг авахыг хүсч байна. Миний биеийн байдал баруун гарын 4 хуруу, зүүн гарын 3 хуруу байхгүй, цус харвалтын улмаас 80 хувийн группд байдаг. Одоогоор миний цөс чулуужсан хагалгааны оноштой байгаа. Миний охин улсын асрахад байдаг юм. 2022 онд 18 нас хүрч асрахаас гаргахад би байхгүй шоронд байх болохоор хэцүү байна. Энэ байдлыг харгалзан ял хөнгөрүүлж өгнө үү.” гэв.

Шүүгдэгч Д.Гын өмгөөлөгч А.Очбадрал тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шүүгдэгч Д.Гын гаргасан давж заалдах гомдлыг дэмжин оролцож байна. Анхан шатны шүүх хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлж, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн гэж үзэж байна. Ял хөнгөрүүлэх эсэх нь давж заалдах шатны шүүхийн эрх хэмжээний асуудал гэж үзэж байна.” гэв.

Прокурор Т.Болор-Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “2020 оны 2 дугаар сарын 14-ний өдөр хэрэг бүртгэлтийн хэрэг нээж шалгасан. Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ганцэцэг, Сайнжаргал, Баянбилэг, Чимгээ нарт хууль сануулан авсан мэдүүлгээр Д.Г нь амь хохирогчийг нүүрэн тус газар нь цохиж хана мөргүүлэн гэмтэл учруулсан болох нь тогтоогдсон. Шүүгдэгч Д.Гын хэлж байгаа гэрч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нар үгсэн тохирч худал мэдүүлэг өгсөн гэдэг нь тогтоогдоогүй. Утасны бичлэг байгаа гэсэн хэдий ч мөрдөн шалгах ажиллагааны явцад гаргаж өгөөгүй. Мөн мөрдөгч Шинэбаярын үйл ажиллагааны талаар гомдол гаргаж байгаагүй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох саналтай байна.” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх гомдлыг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг давж заалдсан гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Хэргийг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.

Д.Г нь 2020 оны 2 дугаар сарын 8-ны өдрийн 21 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, Эрчмийн 1-0 дүгээр байрны подволд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хамтран амьдрагч Ц.Оюунгэрэлтэй маргаж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн түүний толгойн тус газарт нь гараараа 2 удаа цохисноос Ц.Оюунгэрэл юм мөргөн унаж, эрүүл мэндэд нь хүнд гэмтэл учирсны улмаас нас барсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Чимгээгийн “...цаг орчмын дараа ээжийн гэрийн хаалга дотроосоо чанга нүдээд байхаар нь би хүү Баянбилэгийг очоод онгойлгоод өг гээд гаргасан. Тэгээд удалгүй Ганбаатар ах орж ирээд “ээж чинь эвгүй болчихлоо, бөөлжөөд байна, түргэн дууд” гэж хэлэхээр нь би ээжийн гэр рүү орсон чинь ээж газар хэвтээд бөөлжиж байхаар нь би архи уугаад бөөлжиж байгаа юм байна гэж бодоод “та 2 архи уухгүй унтаж амар” гэж хэлээд гэртээ орсон. Тэгээд чимээ шуугиан гараагүй ба бид нар унтаж амарсан. Тэгээд маргааш нь 13-14 цагийн орчим би хүү Баянбилэгийг эмээгээ очоод хараад ир гээд явуулсан. Тэгээд хүү гарч хараад эргэж орж ирээд “өчигдөр хэвтсэн газраа хэвтээд хурхираад унтаж байна” гэж хэлэхээр нь босоод ээжийн гэрт орсон чинь өчигдөр орой нь бөөлжиж байсан газраа хурхираад хэвтэж байхаар нь би ээж орон дээрээ гарч унт гээд хөдөлгөсөн чинь сэрэхгүй байхаар нь түргэн дуудсан. ...” /1хх 29/,

насанд хүрээгүй гэрч Ч.Баянбилэгийн “...30 минутын дараа манай эмээ нэлээн согтуу байдалтай хувцас хунар нь бохирдож заваарсан байдалтай орж ирээд өөрийнхөө өрөө рүү ороод 15 минутын дараа Ганбаатар манай эмээ Оюунгэрэл нар нь хоорондоо хэрэлдэж эхэлсэн. Тэгсэн эмээ Оюунгэрэл Ганбаатарыг жижүүр эгч Ганцэцэгийн охин Сайнжаргалтай хардаад Ганбаатарыг “чи Сайнжаргалтайгаа унтаж хэвтсэн” гээд орилж чарлаж байсан юм. Тэгээд байж байтал Ганбаатар, эмээ Оюунгэрэл хоёр гадаа гарч подволд хэрэлдэж байхад нь Ганцэцэг эгч манай эмээ Оюунгэрэлийг загнаж байгаад өрөө рүүгээ орсон юм. Тэр үед Ганбаатар өрөөнөөсөө гарч ирээд эмээ Оюунгэрэлийг эхлээд баруун гараараа зүүн хацар руу нь цохичхоод дараа нь зүүн гараараа баруун талын шанаа руу нь цохитол манай эмээ Оюунгэрэл зүүн талаараа өрөөний үүдэнд босоогоор нь тавьчихсан байсан модон хавтангийн ирмэг дээр толгойны зүүн хэсгээрээ цохигдож унасан юм. Тэгээд хэсэг хугацаанд босохгүй плитан дээр толгойгоо доошоо харуулаад сууж байсан юм ...Тэгээд 22 цагийн үед Ганбаатар нь дотроосоо хаалгаа эвдэлчих гээд цохиод байхаар нь ээж Чимгээ хаалгыг нь онгойлгоод өгчих гэж хэлээд надад түлхүүрийг нь өгөхөөр нь би очоод хаалгыг нь онгойлгосон юм. Тэгсэн эмээ улаан хивсэн дээр хэвтчихсэн, Ганбаатар танай эмээ чинь бөөлжөөд үхэх гээд байх шиг байна гэж хэлэхээр нь би өрөөндөө орж ээж, аавд хэлтэл тэр хоёр Ганбаатарын өрөөнд орж ирээд ээж Чимгээ хурхираад унтаж байна гэж хэлээд өрөөнөөс нь гараад хаалгыг нь онгорхой үлдээгээд өрөө рүүгээ орсон. Маргааш буюу 2020 оны 2 дугаар сарын 9-ний өдрийн өглөө би эмээгийн өрөө рүү ороход Ганбаатар байхгүй, бөөлжиж байсан газраа хэвтэж байхаар нь би ээжид хэлсэн. Ээж Чимгээ очоод толгой хэсэгт нь хүйтэн ус асгаад үзсэн юм. Тэгсэн эмээ Оюунгэрэл сэрэхгүй байхаар нь санаа зовоод манай ээжийн найз Ургамал түргэн дуудсан. ...” /1хх 41-43/,

гэрч Ш.Сайнжаргалын “...би гэрээсээ харахад Ганбаатар ах Оюунгэрэл эгчийг манай гэрийн коридорт байдаг шар модон хавтан рүү түлхээд унагаж байгаа харагдсан. Охин Чимгээ нь ээжийгээ газраас босгоод түшээд гэр рүүгээ аваад орсон. 2020 оны 2 дугаар сарын 9-ний орой нь гэртээ ирээд Оюунгэрэл яасан бэ? гэж Чимгээгээс асуусан чинь манай ээж тархины хагалгаанд орсон эмнэлэгт хэвтэж байгаа гэсэн юм. Оюунгэрэл эгч тухайн үед нүүрэн хэсэг зүүн талаараа модон хавтанг мөргөж унасан. ...” /1хх 38/,

гэрч Н.Ганцэцэгийн “...Оюунгэрэлийн хамтран амьдрагч Ганбаатар нь өрөөнөөсөө гарч ирээд Оюунгэрэлд хандан “чи одоо ор” гэж хэлээд өрөөнийхөө үүдэнд хоёр гараараа цохих шиг болсон. Тэгсэн Оюунгэрэл өрөөний зүүн талд босоогоор нь тавьсан байсан хоёр ширхэг модон хавтангийн ирмэг дээр зүүн талын чамархай хэсгээрээ мөргөж унахад тухайн хавтан унасан. Тэр үед Оюунгэрэл явган доошоо хараад ойролцоогоор 4-5 минут газар плитан дээр сууж байгаад босоод өрөө рүүгээ орсон юм. ...” /1хх 35-37/,

шинжээч Ш.Цэцэгмаагийн “...талийгаачид учирсан гэмтэл нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр буюу зүүн чамархай, зулай хэсгээр унах үед мохоо зүйлд цохигдох үед үүсэх боломжтой. Дээрх гавал тархины гэмтлийн улмаас талийгаач нь олон хоног ухаангүй хэвтэрт байснаас 2 уушгины хэвтрийн хатгаагаар хүндэрч нас барсан. Дээрх гэмтэл унах үед үүснэ, цохих үед үүсэхгүй. Тархи цусан хураанд дарагдаж, ухаан алдах хүртэл хугацаанд үйл хөдөлгөөн хийх боломжтой. Хэдий хир хугацаанд үйл хөдөлгөөн хийж явахыг нарийвчлан тогтоох тогтоох боломжгүй. Хүний биеийн онцлог, хагарсан судасны тоо, том жижгээс хамаарч харилцан адилгүй хүн бүрт өөр өөр байдаг. Уг гэмтлийг авсан даруйд эмнэлгийн яаралтай тусламж үзүүлэн цусан хурааны хэмжээ бага, тархи дарагдаагүй үед мэс засал хийсэн үед амь нас аврагдах боломжтой. ...” /1хх 90-91/ гэх мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2541 дугаартай “...Ц.Оюунгэрэлийн биед зүүн талын зулай, чамархай ясны зүүн чихний суваг дайрсан шугаман хугарал, хугарлын харалдаах тархин хатуу бүрхүүл дээрхи цусан хураа, зүүн зулай, чамархайн хуйханд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд тухайн хэрэг гарсан цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь толгойн баруун талаас цохиулж зүүн талаараа унах үед болон толгойн зүүн талаасаа цохиулах үед ч үүсэх боломжтой. Дээрхи гэмтэл нь амь насанд аюултай тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. ...” /1хх 55-57/,

цогцост үзлэг хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн 588 дугаартай “...Ц.Оюунгэрэлийн цогцост зүүн талын зулай, чамархай ясны шугаман хугарал, зүүн зулай, чамархайн хатуу хальсан дээрхи цусан хураа, духны баруун дэлбэнгийн доод гадаргуу, хоёр талын чамархайн үзүүр, зүүн чамархайн гадна хэсгийн тархины няцрал, зүүн зулай, чамархайн хуйханд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Талийгаач нь зүүн зулай, чамархай ясны шугаман хугарал, зүүн зулай, чамархайн хатуу хальсан дээрхи цусан хураа, духны баруун дэлбэнгийн доод гадаргуу, хоёр талын чамархайн үзүүр, зүүн чамархайн гадна хэсгийн тархины няцрал, зүүн зулай, чамархайн хуйханд цус хуралт гэмтлийн улмаас тархины комын байдалд орж хоёр уушигны доод дэлбэнгийн идээт үрэвслээр хүндэрч нас баржээ. ...” /1хх 61-67/ гэх дүгнэлтүүд,

хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 5-7/, өвчний түүх /1хх 176/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогджээ.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэж заасны дагуу анхан шатны шүүхийн шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, мэдүүлэг, дүгнэлт, шинжлэн судалсан бусад нотлох баримтад үндэслэн, шүүгдэгч Д.Гын үйлдлийг хөнгөрүүлэн зүйлчилж, түүнийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэний улмаас хохирогч нас барсан гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

            Шүүхээс Д.Гт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.5 дахь заалтад зааснаар 8 жил 6 сарын хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх тул “...хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэсэн шүүгдэгч Д.Гын гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.

            Харин анхан шатны шүүх шүүгдэгч Д.Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.5-д заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцохдоо “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсны улмаас хохирогч нас барсан гэмт хэргийг үйлдсэн” гэж логик, дарааллын хувьд уялдаа муутай дүгнэсэн байх тул найруулгын хувьд зөвтгөн дүгнэв.

Иймд, энэ талаар шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулж, шүүгдэгч Д.Гын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 3-ны өдрийн 2020/ШЦТ/610 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:

2 дахь заалтын “Шүүгдэгч Маань овгийн Дамдинжавын Ганбаатарыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсны улмаас хохирогч нас барсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.” гэснийг “Шүүгдэгч Маань овгийн Дамдинжавын Ганбаатарыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэний улмаас хохирогч нас барсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.” гэж өөрчилсүгэй.

 

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.Гын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

                                   

ДАРГАЛАГЧ,

                        ШҮҮГЧ                                                         Л.ДАРЬСҮРЭН

 

ШҮҮГЧ                                                                     Б.БАТЗОРИГ

 

ШҮҮГЧ                                                                     Д.МЯГМАРЖАВ