Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 0610

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж, шүүгч Г.Ганбаатар, шүүгч М.Мөнхбаатар нарын бүрэлдэхүүнтэй,

           нарийн бичгийн дарга Г.Нэргүйсувд,

           улсын яллагч Х.Анхцэцэг,

            иргэдийн төлөөлөгч С.Л,

            хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Ч,

            шүүгдэгч Д.Г, түүний өмгөөлөгч А.Очбадрал нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар тус дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М овогт Д.Гт холбогдох 2008009350328 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 5 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1967 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 52 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, сантехникийн слесарь мэргэжилтэй, ам бүл 1, Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо, Хуучин цэргийн хотхон дан байр ... тоотод хаягийн бүртгэлтэй боловч Сонгинохайрхан дүүргийн ... дүгээр хороо, Эрчмийн ... дүгээр байрны подволд түр оршин суух, Урьд

2001 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн Улсын дээд шүүхийн 59 дугаартай магадлалаар Оросын холбооны улсын Улаан-Үд хотын Октябрийн районы шүүхийн 1997 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн таслан шийдвэрлэх тогтоолоор Д овогтой Гын үйлдсэн хэргийг ОХУ-ын Эрүүгийн хуулийн 105 дугаар зүйлийн 1 дэх хэсгээр зүйлчлэн 6 жил хорих ял оногдуулсныг Монгол Улсын Эрүүгийн хуулийн 86 дугаар зүйлийн 1 дэх хэсгээр зүйлчлэн, Ерөнхий ангийн 39 дүгээр зүйлийг журамлан 86 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 жил хорих ял оногдуулах болгон өөрчилж, Д.Г 2000 оны 10 дугаар сарын 01-ний байдлаар ОХУ-ын нутаг дэвсгэрт эдлээгүй үлдсэн 2 жил 6 cap 12 хоногийн ялыг Монгол Улсын нутаг дэвсгэрт эдлүүлэхээр ирүүлсэн, уг ялыг Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 22 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэж, 2002 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр ялынхаа 4/5 хувийг эдэлсэн тул үлдэх 11 cap 25 хоногийн хорих ялыг хугацаанаас өмнө тэнсэн сулласан,

2010 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн Баянзүрх дүүргийн шүүхийн 149 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 6 cap хорих ялаар шийтгүүлж, 2013 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр шүүгчийн 113 дугаартай захирамжаар 1 жил 5 cap 17 хоногийн хорих ялыг хугацаанаас өмнө тэнсэн суллагдсан, М овогт Д.Г /РД:хл67102734/

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч Д.Г 2020 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 21 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн ... дүгээр хороо, Эрчмийн ... дүгээр байрны подволд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч Ц.Отэй хувийн таарамжгүй харьцаа үүсгэн маргаж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн толгойн тус газарт нь гараараа цохисны улмаас Ц.Оийн зүүн талын зулай, чамархай ясны зүүн чихний суваг дайрсан шугаман хугарал, хугарлын харалдаах тархины хатуу бүрхүүл дээрхи цусан хураа, зүүн зулай, чамархайн хуйханд зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл учирч, 2020 оны 2 дугаар сарын 09-ний өдөр тус гэмтлийн улмаас Гэмтэл согог судлалын үндэсний төвд ухаангүй байдалтай хүргэгдэн эмчлэгдэж байгаад 2020 оны 02 дугаар сарын 26-ны өдөр нас барсан буюу хүнийг алсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Д.Г шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Талийгаач бид хоёр 2015 оноос эхлэн хамтран амьдарч эхэлсэн. 2020 оны 02 дугаар сарын 08-ны өдөр манай хүн агаарт гаръя гээд хамтдаа Зайсан явсан. О нь тухайн өдөр улаан хантаазтай явсан. Ер нь хүн үхэхээ мэддэг юмуу  их л юм ярьсан даа хөөрхий. Тэгээд тэнд байж байгаад нас барсан хүүгийнхээ найзтай таараад үлдсэн, би түрүүлээд гэртээ ирсэн юм. Намайг ирэхэд 17 цаг болж байсан, би гэрт ирээд унтсан. Тэгсэн 17:30 болсон байхад О орж ирээд намайг сэрээж, надаас мөнгө өгөөч гэхээр нь архины мөнгө өгөөд гаргасан. Надад ямар хоол хийж байгаа юм гэхээр нь би ястай мах чанаж байна гэхэд банш чана гээд гарсан. Тэгээд гараад явахдаа коридорт хүнтэй маргалдаад байх шиг байхаар нь араас нь гараад очиход жижүүр Гтай маргалдаж байхаар нь би боль гэж хэлсэн. Тэгээд араас нь тэврээд гэр лүүгээ ухраад явж байхдаа гар алдаад би хана руу толгойгоороо мөргөөд унахдаа талийгаачийг түлхсэн. Тэнд хоёр хавтан байсныг мөргөөд унах шиг болсон. Тэгсэн талийгаач босож ирээд 2 гараараа толгойгоо бариад сууж байгаад зүгээрээ гээд гэрлүүгээ орсон. Би түүнийг цохиж барьсан, сүйдтэй юм болоогүй, түлхэх шиг болсон, яг юу гэж хэлж ойлгуулахаа мэдэхгүй байна. Тухайн үед миний гар бас их хэмжээгээр зулгарсан цус гарсан байсан. Би тухайн үед их шоконд орсон байсан. Тухайн үед тэнд олон хүн байгаагүй. Ч л байсан, харин Г нь шатны дээд хэсэгт зогсож байсан, өөр хүн байгаагүй... Би сүүлд тэр байранд очоогүй байж байгаад очсон юм. Гэтэл талийгаач нь 3 хоногийн өмнө 2 залуу, 1 хүүхэнд зодуулж бараагаа алдсан гэж ярьж байсан. Тэгээд ирээч гээд гуйгаад байхаар нь очсон юм. ...Тэгээд талийгаач гэртээ ороод хивсэн дээр суугаад чихээ ухаад байж байгаад уг газартаа пид гээд унасан. Тэгээд бөөлжөөд эхэлсэн. Талийгаачийн чихнээс өмнө нь цус гардаг байсан. Манай гэрийн хаалгыг гаднаас нь О.Ч, СӨХ-ийн дарга нар нь агсам тавилаа, хэрэлдэж зодолдлоо гээд цоожилсон байсан тул хаалгаа нүдээд О.Чг орж ирэхээр нь ээж чинь бөөлжөөд байна, сонин байна гэхэд та хоёр зүгээр унтаж амар гээд буцаад гараад явсан. Тэгээд бид гэртээ унтаж амраад маргааш өглөө нь би эрт гараад явсан. ” гэв. /шүүх хуралдааны тэмдэглэл/,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Ч шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...2020 оны 02 дугаар сарын 08-ны орой 19 цагийн үед Д.Г нь манай гэрт орж гараад яваад байсан. Тэгэхээр нь ээж яасан юм гэхэд хүнтэй архи уугаад үлдсэн гэсэн. Тэгтэл цаг гарангийн дараа ээж гаднаас маш их согтуу орж ирэхээр нь гэр лүүгээ орж унт гээд гаргатал коридорт жижүүр Г эгчтэй муудалцаад, Г эгч “энэ ээжийгээ аваач, орилж чарлаад байна” гэсэн. Миний араас манай хүү гарч ирсэн. С ч бас гэрээсээ гарч ирсэн байсан. Орцонд Г, ээж О, Гийн охин С, Г ах нар байсан. Тэгээд ээж Г хоёр маргалдаад байхаар нь би дөхөөд очтол Г ээжийн нүүр лүү гараараа саваад 2 удаа хүчтэй цохиход ээж хана мөргөөд газар унасан. Тэнд байсан хавтан нурж унасан, ээж мөлхөөд манайх руу орж ирсэн, тэгээд хэсэг байж байгаад буцаад гараад явахаар нь араас гарч харахад шатаар дээшээ өгсөөд явж байсан. Тэгээд гэртээ байж байтал СӨХ-ийн дарга Ц эгч орж ирээд ээжийгээ архи уулгахаа боль, энэ хоёроо байрнаас гарга гэж хэлсэн. Тэгээд намайг дагуулаад ээжийн гэр лүү ороход ээж, Г ах 2 гэртээ байсан. Ц эгч гэрийнх нь түлхүүрийг аваад намайг гаднаас нь цоожилчих гэхээр нь би цоожилсон. Тэгтэл 1 цаг орчмын дараа ээжийн гэр дотроос хаалгыг маш хүчтэй нүдээд эхлэхээр нь хүү Бээ хаалгыг нь онгойлгоод өгчих гээд гаргасан. Тэгтэл Г ах орж ирээд ээж чинь эвгүй болчихлоо, бөөлжөөд байна, түргэн дууд гэж хэлэхээр нь би ээжийн гэр лүү ороход ээж бөөлжөөд газар хэвтэж байхаар нь архи уугаад л бөөлжиж байгаа юм байна гэж ойлгоод та 2 архи уухгүй унтаж амар гээд буцаад гэртээ орсон. Тэгээд чимээгүй байсан ба бид унтаж амарцгаасан.Тэгээд маргааш нь гэртээ байж байгаад 13-14 цагийн орчимд хүү Бээ эмээгээ очоод хараад ир гээд явуулахад эргэж ирээд өчигдөр суусан газраа хэвтсэн, хурхираад унтаж байна гэхээр нь би явж очиход бөөлжсөн газраа хурхираад хэвтэж байхаар нь босож орон дээрээ хэвт гэж хэлэх гээд хөдөлгөсөн чинь сэрэхгүй байхаар нь түргэн дуудсан. Тэгээд гэмтлийн эмнэлэгт очоод 15 хоног эмчилгээ хийлгэж байгаад нас барсан. Г ах ээжтэй байнга хэрэлдэж муудалцаад цохиж байдаг. Ээж Гыг Гийн охинтой хардаад муудалцаад байдаг. Тэгээд хөөхөөр явдаггүй байсан. Г нь ээжийг өргөж яваад давхралдаж унасан зүйл байхгүй, гараараа 2 удаа цохисон. Оршуулга эмчилгээний зардал нийтдээ 5 сая гаран төгрөг болсон, баримтуудыг нь хэрэгт хийсэн байгаа. Д.Г нь 700.000 төгрөг өгснийг хасаад үлдэгдлийг нь нэхэмжилнэ” гэв. /шүүх хуралдааны тэмдэглэл/,

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Улсын яллагчаас: хэргийн гарын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 5-12х/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Чгийн мэдүүлэг /1хх-ийн 29х, 32х/, насанд хүрээгүй гэрч Ч.Бийн мэдүүлэг /1хх-ийн 41-43х/, гэрч Ш.Сын мэдүүлэг /1хх-ийн 40х/, гэрч Н.Гийн мэдүүлэг /1хх-ийн 35-36х/, хүний биед хийсэн Шүүх эмнэлгийн 2541 дугаартай шинжилгээ /1хх-ийн 55-57х/, цогцост хийсэн Шүүх эмнэлгийн №588 дугаартай шинжилгээ /1хх-ийн 67х/, шинжээч эмч Ш.Цгийн мэдүүлэг /1хх-ийн 91х/ шүүх сэтгэц эмгэг судлалын №345 дугаар дүгнэлт /1хх-ийн 85х/, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 13-16х/, өвчний түүх /1хх-ийн 176х/ зэргийг,

Шүүгдэгч, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс: хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Чгийн мэдүүлэг /1хх-ийн 29х, 32х/, гэрч Н.Гийн мэдүүлэг /1хх-ийн 35-36х/, хүний биед хийсэн Шүүх эмнэлгийн 2541 дугаартай шинжилгээ /1хх-ийн 55-57х/, Д.Гын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа /1хх-ийн 151х/ Д.Гын иргэний үнэмлэхийн лавлагаа /1хх-ийн 166х/, хохирлын 700.000 төгрөгийг шилжүүлсэн тухай баримт /2хх-ийн 29х/, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс гаргаж өгсөн 2 хуудас тайлбар /шүүх хуралдааны тэмдэглэл/ зэргийг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, агуулгын хувьд зөрөөгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны гэж үзэж нотлох баримтаар үнэлэв.

Гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч нь “...Шүүгдэгч Д.Г нь амь хохирогчтой хувийн таарамжгүй харилцааны улмаас гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж алсан байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад зааснаар гэмт буруутайд тооцох үндэслэлтэй” гэсэн дүгнэлтийг,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч “...ямар нэгэн саналгүй” гэж,

Шүүгдэгчийн өмгөөлөгч “...Тус хэрэгт авагдсан баримтууд дээр үндэслэн тус хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.5 дахь заалтад зааснаар зүйлчлэх ёстой, учир нь Д.Гын хувьд хохирогчийг алах санаа зорилго байгаагүй, амь хохирогч нь хүнд гэмтэл авсны улмаас 18 хоног эмчилгээ хийлгэж байгаад хэвтрийн хатгаанаас болж нас барсан байдаг” гэсэн саналыг тус тус гаргасан.

Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Д.Гт холбогдох эрүүгийн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөрүүлэн өөрчилж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.5 дахь заалт болгон зүйлчлэх үндэслэлтэй байна. Учир нь:

Хүнийг алах гэмт хэрэг нь хүний амь насыг хохирооход чиглэсэн санаатай үйлдэл хийсний улмаас  хүн нас барсан байх  бөгөөд үйлдэл, амь хохирогчийн үхэл хоёрын хооронд шалтгаант холбоотой байна.

Гэтэл хэргийн үйл баримтаас үзвэл, 2020 оны 02 дугаар сарын 08-ны өдөр амь хохирогч Ц.О нь согтууруулах ундааны зүйл ихээр хэрэглэсэн байх үедээ шүүгдэгч Д.Гтай муудалцаж орилж чарлахаас гадна тус байрны орцны жижүүр Н.Гтэй муудалцаж, шүүгдэгч Д.Гыг Н.Гийн охинтой хардах, хэл амаар доромжлох зэргээр зан авир гаргасан, Д.Г нь амь хохирогчийг болиулахын оронд амь хохирогчийг 2 удаа цохиж авсан, уг цохилтоос үүдэн амь хохирогч нь хана руу юм мөргөж унан эрүүл мэндэд нь хүнд гэмтэл учруулсан байх тул шүүгдэгч Д.Гын хохирогч руу чиглэсэн идэвхитэй үйлдлийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзэх ба уг үйлдлийн улмаас хохирогчид хүнд хохирол учирч, улмаар нас барсныг хохирол, хор уршигт зориуд хүргэсэн нь гэж үзэхээр байна.

Шүүгдэгч Д.Гын дээрх үйлдэлдээ хандсан хандлага, санаа сэдлийн хувьд амь хохирогч Ц.Оийг алах гэсэн субъектив санаа зорилготой байсан нь хэргийн үйл баримтаар нотлогдож тогтоогдоогүй, эсрэгээрээ амь хохирогчийг цохисныхоо дараа хэсэг хугацаа өнгөрснөөр хохирогч нь бөөлжөөд эхлэнгүүт нь эмчид үзүүлэх, түргэн тусламж дуудах талаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Чд хандаж байсан нөхцөл байдал тогтоогдсон болно.

Иймээс шүүгдэгч Д.Гыг хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэх боломжгүй байна.

Харин шүүгдэгч Д.Г нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулснаас хохирогч нас барсан гэмт хэрэг үйлдсэн болох хэргийн үйл баримтаар тогтоогдсон байна. Тодруулбал,

Шүүгдэгч Д.Г 2020 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 21 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн ... дүгээр хороо, Эрчмийн ... дугаар байрны подволд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хамтран амьдрагч Ц.Отэй маргаж, хүчирхийлэл үйлдэн түүний толгойн тус газарт нь гараараа 2 удаа цохисноос Ц.О юм мөргөн унаж, эрүүл мэндэд нь хүнд гэмтэл учирсны улмаас нас барсан нь:

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Чгийн: “...Манай талийгаач эх О 2019 оны 10 сараас эхлэн уг өрөөнд хамтран амьдрагч Гын хамт амьдарч байгаа юм. 2020 оны 2 дугаар сарын 08-ны орой 19 цагийн орчим ээжийн хамтран амьдрагч Г ах гаднаас орж ирээд ээж чинь түүхий эд авах цэг дээр хүнтэй архи уугаад үлдсэн гээд халамцуу 2-3 удаа орж гараад яваад байсан. Тэгээд байж байхад 20-21 цагийн орчим ээж О согтуу орж ирэхээр нь би гэрлүүгээ орж унт гээд гаргасан. Тэгээд удалгүй жижүүр Г эгч хаалга цохиод ээжийгээ аваач, агсам тавиад байна гэхээр нь би гэрээс гарч ирэхэд орцонд Г, ээж О, Гийн охин С, Г ах нар байсан ба миний араас манай хүү Б гарч ирсэн. Тухайн үед ээж О, жижүүр Г эгч нар орцонд маргалдаад байхаар нь би дөхөөд очиж байхад Г ээжийн нүүрлүү баруун гараараа саваад 2 удаа хүчтэй цохисон чинь ээж хана мөргөөд газар унасан. Тухайн үед хүмүүс орилоод маргалдаад байсан ба ээж босож ирээд манай гэрлүү орох гээд явж байхад Г ах хойноос нь ирээд татаад мөнгө нэхээд татахад ээж гараас нь мултраад газар өвдөглөсөн. Би болиоч та нар гээд хэлээд байж байхад ээж мөлхөөд манай гэрлүү орж ирээд үүдэн дээр газар суугаад толгойгоо бариад байсан ба би гэртээ орж ирээд та нар архи уухаа болиоч орж амар гэж хэлсэн чинь ээж босоод гэрээс гарсан,  би араас үүдээр шагайж харахад ээж гэрлүүгээ биш дээш орцны хаалга руу явж байсан. Тэгээд би гэртээ байж байхад удалгүй 20-30 орчим минутын дараа хаалга цохихоор нь онгойлгосон чинь СӨХ-н дарга Ц эгч ээжийгээ архи уулгахаа боль. Асуудал үүсгээд байна гэж хэлээд намайг дагуулаад ээжийн гэрлүү ороход ээж, Г ах 2 байсан, СӨХ-ийн дарга Ц нь Гыг одоо явуул. Энэ сарыг дуусахаар түрээсийг нь зогсоогоод гаргана гэж хэлсэн. Тэгээд Ц эгч гэрийнх нь түлхүүрийг аваад надад өгөөд чи гаднаас цоожилчих гэж хэлэхээр нь би цоожлоод гэртээ ороод байж байхад 1 цаг орчмын дараа ээжийн гэрийн хаалга дотроосоо чанга нүдээд байхаар нь би хүү Бийг очоод онгойлгоод өг гээд гаргасан. Тэгээд удалгүй Г ах орж ирээд ээж чинь эвгүй болчихлоо. Бөөлжөөд байна, түргэн дууд гэж хэлэхээр нь би ээжийн гэрлүү орсон чинь ээж газар хэвтээд бөөлжиж байхаар нь би архи уугаад бөөлжиж байгаа юм байна гэж бодоод та 2 архи уухгүй унтаж амар гэж хэлээд гэртээ орсон. Тэгээд чимээ шуугиан гараагүй ба бид нар унтаж амарсан. Тэгээд маргааш  нь 13-14 цагийн орчим би хүү Бийг эмээгээ очоод хараад ир гээд явуулсан. Тэгээд хүү гарч хараад эргэж орж ирээд өчигдөр хэвтсэн газраа хэвтээд хурхираад унтаж байна гэж хэлэхээр нь босоод ээжийн гэрт орсон чинь өчигдөр орой нь бөөлжиж байсан газраа хурхираад хэвтэж байхаар нь би ээж орон дээрээ гарч унт гээд хөдөлгөсөн чинь сэрэхгүй байхаар нь би түргэн дуудсан. Тэгээд түргэн ирээд авч явсан. Тухайн үед ээж ганцаараа гэртээ байсан ба түргэн ээжийг аваад гарч байхад Г ах гаднаас орж ирсэн. Тэгээд гэмтлийн эмнэлэгт очоод 15 хоног эмчилгээнд орж эмчлэгдэж байгаад нас барсан. 2015 оноос эхлэн Г ах, ээж 2 хамт амьдарч байгаа, ямар нэг гэрлэлтийн баталгаа байхгүй, хамтран амьдрагч юм. Г ах баруун гараа саваад 2 удаа ээжийн зүүн шанааны орчим цохисон. Тухайн үед ээж харанхуй хэсэг рүү баруун тал руугаа унаад хана мөргөөд доош бөгсөөрөө газар суусан. Толгойны ар хэсгээр мөргөж байгаа харагдсан. Би сайн хараагүй ба очоод боль гээд салгасан. Өөр цохиж байгаа зүйл би хараагүй. ...Талийгаачийн эмчилгээний зардал болон оршуулгын зардал нийлээд 5 сая төгрөг болсон. Зарим эд зүйл авсан мөнгөний баримт байхгүй. Надад учирсан хохирлоос эмчилгээний зардалд 700.000 төгрөг өгсөн. Би гарсан оршуулгын зардлыг нэхэмжилнэ. Би ээжийгээ алдсан учир гомдолтой байна...” гэх мэдүүлэг /1хх-ийн 29х, 32х, шүүх хуралдааны тэмдэглэл/,

Насанд хүрээгүй гэрч Ч.Бийн: “...2020 оны 02 дугаар сарын 08-ны өдөр би ээжийн хамт гэртээ байж байтал 15-16 цагийн хооронд манай эмээ Оийн хамтран амьдрагч Г халамцуу байдалтай цөцгийтэй тараг, талх барьчихсан манай өрөөнд орж ирээд бид нарт та нар ид гээд өгсөн юм. Тэгсэн Г би тэтгэврээ 3 саяар нь авчихсан шүү гэж хэлээд манай өрөөнөөс гараад өөрийнхөө өрөөнд орсон юм ... 30 минутын дараа манай эмээ нэлээн согтуу байдалтай хувцас хунар нь бохирдож заваарсан байдалтай орж ирээд өөрийнхөө өрөө лүү ороод 15 минутын дараа Г манай эмээ О нар нь хоорондоо хэрэлдэж эхэлсэн. Тэгсэн О Гыг жижүүр эгч Гийн охин Стай хардаад Гыг чи С /А/-тайгаа унтаж хэвтсэн гээд орилж чарлаж байсан юм. Тэгээд байж байтал Г, О хоёр гадаа гарч подволд хэрэлдэж байхад нь Г эгч манай эмээ Оийг загнаж байгаад өрөө лүүгээ орсон юм. Тэр үед Г ...өрөөнөөсөө гарч ирээд эмээ Оийг эхлээд баруун гараараа зүүн хацар луу нь гараараа цохичхоод дараа нь зүүн гараараа баруун талын шанаа руу нь цохитол манай эмээ О зүүн талаараа өрөөний үүдэнд босоогоор нь тавьчихсан байсан модон хавтангийн ирмэг дээр толгойны зүүн хэсгээрээ цохигдож унасан юм. Тэгсэн манай эмээ хэсэг хугацаанд босохгүй плитан дээр толгойгоо доошоо харуулаад сууж байсан юм ... Тэгээд 22 цагийн үед Г нь дотроосоо хаалгаа эвдэлчих гээд цохиод байхаар нь ээж Ч хаалгыг нь онгойлгоод өгчих гэж хэлээд надад түлхүүрийг нь өгөхөөр нь би очоод хаалгыг нь онгойлгосон юм. Тэгсэн манай эмээ улаан хивсэн дээр хэвтчихсэн, Г танай эмээ чинь бөөлжөөд үхэх гээд байх шиг байна гэж хэлэхээр нь би өрөөндөө орж ээж, аавд хэлтэл тэр хоёр Гын өрөөнд орж ирээд ээж Ч хурхираад унтаж байна гэж хэлээд өрөөнөөс нь гараад хаалгыг нь онгорхой үлдээгээд өрөө лүүгээ орсон юм. Маргааш буюу 2020 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн өглөө би эмээгийн өрөө лүү ороход Г нь байхгүй, манай эмээ бөөлжиж байсан газраа хэвтэж байсан юм. Тэгэхээр нь би ээжид хэлтэл ээж Ч очоод толгой хэсэгт нь хүйтэн ус асгаад үзсэн юм. Тэгсэн эмээ О сэрэхгүй байхаар нь санаа зовоод манай ээжийн найз Ургамал нь түргэн дуудсан юм. Зүүн чихнээс цус гарсан байсан юм...” гэх мэдүүлэг /1хх-ийн 41-43х/,

Гэрч Ш.Сын: “...2020 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 21 цагийн үед манай гэрийн хаалганы гадаа коридорт манай хажуу айлын О эгч чанга орилоод байгаа сонсогдсон ба манай ээж Н.Г, О эгчийг дандаа яахаараа архи уудаг юм бэ? гэж хэлээд байгаа нь хаалганы цаанаас сонсогдсон. Ингээд коридорт эрэгтэй эмэгтэй хүмүүс чанга орилоод байхаар нь би гэрээсээ харахад Г ах О эгчийг манай гэрийн коридорт байдаг шар модон хавтан лүү түлхээд унагаж байгаа харагдсан. Ингээд охин Ч нь ээжийгээ газраар босгоод түшээд гэрлүүгээ аваад орсон юм. 2020 оны 02 дугаар сарын 09-ний орой нь гэртээ ирээд О яасан бэ? гэж Чгээс асуусан чинь манай ээж тархины хагалгаанд орсон эмнэлэгт хэвтэж байгаа гэсэн юм. О эгч тухайн үед нүүрэн хэсэг зүүн талаараа модон хавтанг мөргөж унасан. Тухайн үед Г, Оийг түлхэж унагааж байхыг би охин Ч, манай ээж Г харсан. Тухайн үед О эгч хөл дээрээ тогтож чадахгүй охин Ч нь түшээд гэрлүүгээ аваад орсон мэдүүлэг /1хх-ийн 38х/,

Гэрч Н.Гийн: “...2019 оны 10-р сараас эхлэн манай доод талын подволд О, Г нар нь байр түрээслэн амьдардаг юм... Г, О нар хоорондоо хэрүүл маргаан хийж орилж чарлаж байсан юм. Тэгсэн гэрийнхээ хаалгаар О намайг аллаа гэж орилж байгаад подволд гарч ирээд энэ Гыг хөөж явуул, аллаа намайг гэж хэлээд хашхираад байхаар нь би юу болж байна гээд өрөөнөөсөө гараад Од чи арай дэндүү юм аа өдөр болгон согтуу байдаг өдөр шөнөгүй архи уудаг одоо болимоор юмаа гэж загнасан юм. Тэр үед О подвол руу урууддаг шатны доор зогсож байсан юм. Удалгүй Оийн охин Ч нь өөрийн амьдардаг өрөөнөөсөө гарч ирээд Од та одоо дэндүү юм, яагаад орилж бархираад байгаа юм бэ? өрөө лүүгээ орж унт гэж хэлээд байж байтал Оийн хамтран амьдрагч Г нь өрөөнөөсөө гарч ирээд Од хандан чи одоо ор гэж хэлээд өрөөнийхөө үүдэнд хоёр гараараа цохих шиг болсон. Тэгсэн О өрөөний зүүн талд босоогоор нь тавьсан байсан хоёр ширхэг модон хавтангийн ирмэг дээр зүүн талын чамархай хэсгээрээ мөргөж унахад тухайн хавтан нь бас адилхан унасан юм. Тэр үед О явган доошоо хараад ойролцоогоор 4-5 минут газар плитан дээр сууж байгаад босоод өрөө лүүгээ орсон юм. Тэр үед Г хараад зогсож байсан юм...” гэх мэдүүлэг /1хх-ийн 35-37х/,

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2541 дугаартай: “...Ц.Оийн биед зүүн талын зулай, чамархай ясны зүүн чихний суваг дайрсан шугаман хугарал, хугарлын харалдаах тархин хатуу бүрхүүл дээрхи цусан хураа, зүүн зулай, чамархайн хуйханд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд тухайн хэрэг гарсан цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь толгойн баруун талаас цохиулж зүүн талаараа унах үед болон толгойн зүүн талаасаа цохиулах үед ч үүсэх боломжтой. Дээрхи гэмтэл нь амь насанд аюултай тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна...” шинжээчийн дүгнэлт /1хх-ийн 55-57х/,

Цогцост хийсэн Шүүх эмнэлгийн №588 дугаартай: “...Ц.Оийн цогцост зүүн талын зулай, чамархай ясны шугаман хугарал, зүүн зулай, чамархайн хатуу хальсан дээрхи цусан хураа, духны баруун дэлбэнгийн доод гадаргуу, хоёр талын чамархайн үзүүр, зүүн чамархайн гадна хэсгийн тархины няцрал, зүүн зулай, чамархайн хуйханд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Талийгаач нь зүүн зулай, чамархай ясны шугаман хугарал, зүүн зулай, чамархайн хатуу хальсан дээрхи цусан хураа, духны баруун дэлбэнгийн доод гадаргуу, хоёр талын чамархайн үзүүр, зүүн чамархайн гадна хэсгийн тархины няцрал, зүүн зулай, чамархайн хуйханд цус хуралт гэмтлийн улмаас тархины комын байдалд орж хоёр уушигны доод дэлбэнгийн идээт үрэвслээр хүндэрч нас баржээ. Цус нь АВО системээр АII/ бүлгийн харьяалалтай байна. Талийгаач ГССҮТ-д 17 хоног эмчлэгдсэн тул цусанд согтууруулах болон мансууруулах бодис тодорхойлох шаардлагагүй. Талийгаачид үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. Талийгаачид эмчилгээ үйлчилгээ зохих ёсоор хийгдсэн байна...” шинжээчийн дүгнэлт /1хх-ийн 61-67х/,

Шинжээч эмч Ш.Цгийн: “...талийгаачид учирсан гэмтэл нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр буюу зүүн чамархай, зулай хэсгээр унах үед мохоо зүйлд цохигдох үед үүсэх боломжтой. Дээрх гавал тархины гэмтлийн улмаас талийгаач нь олон хоног ухаангүй хэвтэрт байснаас 2 уушгины хэвтрийн хатгаагаар хүндэрч нас барсан. Дээрх гэмтэл унах үед үүснэ, цохих үед үүсэхгүй. Тархи цусан хураанд дарагдаж, ухаан алдах хүртэл хугацаанд үйл хөдөлгөөн хийх боломжтой. Хэдий хир хугацаанд үйл хөдөлгөөн хийж явахыг  нарийвчлан тогтоох тогтоох боломжгүй. Хүний биеийн онцлог, хагарсан судасны тоо, том жижгээс хамаарч  харилцан адилгүй  хүн бүрд өөр өөр байдаг. Уг гэмтлийг авсан даруйд  эмнэлгийн яаралтай тусламж үзүүлэн цусан хурааны хэмжээ бага, тархи дарагдаагүй үед  мэс засал хийсэн үед амь нас аврагдах  боломжтой...” гэх мэдүүлэг /1хх-ийн 90-91х/,

Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 13-16х/,

Өвчний түүх /1хх-ийн 176х/, Хэргийн гарын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 5-12х/ зэрэг шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлээр хуулийн үйлчлэлд хамаарах этгээдийг тодорхойлж, 3.1 дэх хэсгийн  3.1.1 дэх заалтад “...хамтран амьдарчгэж заасан байх бөгөөд тус хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийн 5.1.6 дахь заалт “хамтран амьдрагч” гэж гэрлэлтээ бүртгүүлээгүй ч харилцан тохиролцсоны үндсэн дээр гэр бүлийн харилцаа үүсгэн хамтран амьдарч байгаа этгээдийг ойлгохоор зохицуулагдсан, мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийн 5.1.1. “гэр бүлийн хүчирхийлэл” гэж  энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний ...бие махбодид халдсан үйлдэл, эс үйлдэхүйг, 5.1.2. “гэр бүлийн хүчирхийллийн хохирогч” гэж гэр бүлийн хүчирхийллийн улмаас ...бие махбод, сэтгэл санааны байдлаараа хохирсон хүнийг хэлнэ” гэж тус тус хуульчлан зааж өгчээ.

Хэрэгт авагдсан баримтуудад дүгнэлт хийвэл, амь хохирогч Ц.О, шүүгдэгч Д.Г нар нь гэрлэлтийн баталгаагүй ч 2015 оноос эхлэн хамтран амьдарсан байх тул тэдгээрийг хамтран амьдрагч гэж дүгнэх үндэслэлтэй ба хамтран амьдарсан энэ хугацаанд амь хохирогч болон шүүгдэгч нарын хэн аль нь согтууруулах ундааны зүйл ихээр хэрэглэдэг, энэ үедээ хоорондоо маргалдаж муудалцдаг байсан, улмаар 2020 оны 02 дугаар сарын 08-ны өдөр дахин маргалдаж муудалцан нүүрэн тус газар цохисноос хохирогч нь толгойн зүүн хэсгээр юм мөргөн унасан болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогдсон тул шүүгдэгч Д.Гын үйлдлийг  гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй гэж үзэх үндэслэлтэй байна.  

Мөн хүний биед үзлэг хийсэн шинжээчийн 2541 дугаартай дүгнэлт, цогцост хийсэн шүүх эмнэлгийн №588 дугаартай дүгнэлт зэрэгт тусгагдсанаар хохирогчийн эрүүл мэндэд “зүүн зулай, чамархай ясны шугаман хугарал, зүүн зулай, чамархайн хатуу хальсан дээрхи цусан хураа, духны баруун дэлбэнгийн доод гадаргуу, хоёр талын чамархайн үзүүр, зүүн чамархайн гадна хэсгийн тархины няцрал, зүүн зулай, чамархайн хуйханд цус хуралт” бүхий гэмтэл учирсан нь амь насанд аюултай хүнд гэмтэлд хамаарч байгаа, уг гэмтэл нь шүүгдэгчийн үйлдэлтэй шалтгаант холбоотойгоор үүссэн байна. Өөрөөр хэлбэл, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Ч, гэрч Н.Г, насанд хүрээгүй гэрч Ч.Б нарын мэдүүлэгт шүүгдэгч Д.Г нь амь хохирогчийг 2 удаа цохиход хана, хавтан мөргөж унасан, улмаар цохиулсны дараагаар 2 гараараа толгойгоо бариад суугаад байсан, босож явж чадахгүй гуйвсан, мөлхсөн тухай дурдагдсан байна.

Амь хохирогч Ц.О нь шүүгдэгчид цохиулсны дараагаар бөөлжих, өөрийн мэдэлгүй хүндрэх, хурхирах зэрэг шинж тэмдэг илэрсэн, шүүгдэгч Д.Г нь амь хохирогчийн охин болох О.Чд “ээж чинь сонин байна, бөөлжөөд байна, түргэн дуудаарай” гэсэн атал хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Ч нь “архи ууснаас болоод бөөлжиж байгаа биз, унтаж амарцгаа” хэмээн тоохгүй орхисон, улмаар 2020 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 13-14 цаг хүртэлх хугацаанд  гэрт нь орж эргэж орж харах,  биеийн байдлыг нь ажиглах, түргэн дуудах гэх мэт арга хэмжээ аваагүй, 14 цагийн үед биеийн байдал эвгүйтсэн гэдгийг мэдэж түргэн дуудсан нь цаг хугацаа алдсан шинжтэй байх ажээ.

Шинжээчийн дүгнэлтүүдээр, амь хохирогчийн биед учирсан гавал тархины битүү гэмтлийг авсны дараа тархи дарагдах хүртэл хугацаанд тодорхой хэмжээгээр үйл хөдөлгөөн хийх боломжтой, тархи дарагдахаас өмнө эмнэлгийн тусламж үзүүлсэн бол амь насыг нь аврах боломжтой байсан талаар шинжээч Ш.Ц мэдүүлэгтээ дурдсан байна./1хх-ийн 90-91х/

Амь хохирогч Ц.О нь ГССҮТөв эмнэлэгт 18 хоног хэвтэж эмчлүүлсэн нь 18979 дугаартай өвчний түүхээр тогтоогдох ба тэрбээр гавал тархины битүү гэмтлийн улмаас тархины комын байдалд орж, хоёр уушигны доод дэлбэнгийн идээт үрэвслээр хүндэрч нас барсан байх тул шүүгдэгч Д.Гын учруулсан хүнд гэмтлээс үүдэн нас барсан гэж дүгнэхээр байна. Өөрөөр хэлбэл, амь шүүгдэгч Д.Гын санаатай үйлдэл, хохирогчид учирсан хүнд гэмтэл, нас барсан хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

Иймд шүүгдэгч Д.Гыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсны улмаас хохирогч нас барсан гэмт хэргийг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.5 дахь заалтад зааснаар гэм буруутайд тооцож шийдвэрлэв.  

Хохирол төлбөрийн тухайд: Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Ч нь амь хохирогчийн эмчилгээ болон оршуулгын зардалд 5 сая гаран төгрөг болсон гэж нэхэмжилсэн боловч тус хэрэгт 3.097.880 төгрөгийн баримт авагдсан /2хх-ийн 8-27х/, үүнээс 700.000 төгрөгийг шүүгдэгч Д.Г нь төлж барагдуулсан, үлдэгдэл 2.397.880 төгрөгийг төлөх үндэслэлтэй байх тул уг мөнгийг гаргуулж хохирогчийн  хууль ёсны төлөөлөгч О.Чд олгохоор тогтов.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх хуралдаанд улсын яллагч “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.5 дахь заалтад зааснаар 11 жилийн хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэх” тухай дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч “...Шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй байгааг харгалзан 7 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж өгнө үү” гэсэн саналыг тус тус гаргасан.

Шүүгдэгч Д.Гын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулснаас хохирогч нас барсан, хохирол бүрэн барагдаагүй, хор уршгийн шинж чанар, шүүгдэгч Д.Гын хувийн байдал /өмнө нь 2 удаа ял шийтгүүлж байсан, биеийн эрүүл мэндийн хувьд цус харвалтын улмаас группд байдаг/ зэргийг тус тус харгалзан шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.5 дахь заалтад зааснаар 8 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч Д.Г нь 2020 оны 2 дугаар сарын 26-ны өдрөөс 2020 оны 2 дугаар сарын 28-ны өдөр хүртэл 48 цаг сэжигтнээр баривчлагдсан /1хх-ийн 92х/, 2020 оны 2 дугаар сарын 28-ны өдрөөс 2020 оны 6 дугаар сарын 03-ны өдөр хүртэл 97 хоног /1хх-ийн 94-95х, 99х, 2хх-ийн 50х, 56х/ нийт 99 хоног цагдан хоригдсон байх тул түүний эдлэх ялын хугацаанд оруулан тооцох нь зүйтэй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

         ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Д.Гт холбогдох эрүүгийн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөрүүлэн өөрчилж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.5 болгон зүйлчилсүгэй.

2. Шүүгдэгч М овогт Д.Гыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсны улмаас хохирогч нас барсан  гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.5 дахь заалтад зааснаар Д.Гыг 8 /найм/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Д.Гт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Гын цагдан хоригдсон 99 /ерэн ес/ хоногийг түүний эдлэх ялын хугацаанд оруулан тооцсугай.

6. Шүүгдэгч Д.Гын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

7. Шүүгдэгч Д.Г нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Чд 700.000 /долоон зуун мянга/ төгрөг төлсөн болохыг дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Гаас 2.397.880 /хоёр сая, гурван зуун ерэн долоо мянга, найман зуун ная/ төгрөгийг гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Чд олгосугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.           

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Эрх бүхий этгээд шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд ялтан Д.Гт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

   ДАРГАЛАГЧ                                          Г.АЛТАНЦЭЦЭГ

  ШҮҮГЧИД                                         Г.ГАНБААТАР

                                                                 М.МӨНХБААТАР