Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 10 сарын 12 өдөр

Дугаар 101/ШШ2021/03110

 

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Ганчимэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Б.Г,

 

Нэхэмжлэгч: Б.М нарын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч:, “А Д С Р С ” ХХК,

 

Хариуцагч: Б.Э нарт холбогдох,

 

4,994,000 төгрөг гаргуулах, нэхэмжлэгч нар А Д С Р С  ХХК-д төлөх төлбөргүй болохыг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч болон нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Г-, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Б.Түвшинтөгс, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Галбадрах, хариуцагч Б.Э-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Энхзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч нар шүүхэд гаргасан гаргасан нэхэмжлэлдээ: Бид 2018 оны 8 дугаар сарын 29-ний өдөр “А Д С Р С ” ХХК-тай орон сууц захиалгын гэрээг байгуулж, Баянзүрх дүүргийн 00 дугаар хороо, 00 дугаар хороолол, Дандарбаатарын гудамж, 00 дүгээр байр, 0 тоотод оршин байрлах 01.96 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг 1м.кв-ыг 1,800,000 төгрөг, нийт 93,528,000 төгрөгөөр худалдан авсан. Гэтэл манай байрны зарим хүмүүс байрны талбай дутаж байна хэмээн ярьж байсан тул бид орон сууцныхаа талбайг “Брайнт пойнт” ХХК-иар 2020 оны 5 сарын 19-ний өдөр хэмжилт хийлгэхэд 47.43 м.кв буюу анх худалдан авсан талбайн хэмжээнээс зөрүүтэй гарсан. Ийнхүү “А Д С Р С” ХХК нь манайд 01.96 м.кв-аас 01.43 м.кв талбайтай байр өгсөн байгаа тул 4.53 м.кв талбай дутуу өгсөн байх тул 8,154,000 төгрөгөөр биднийг хохироож байна. Учир нь бид 93,528,000 төгрөгийг төлөхийн тулд компанид урьдчилгаа төлбөрт 57,028,000 төгрөг төлөхөөс 50,058,400 төгрөгийг компанийн дансанд төлж харин 6,969,600 төгрөгийг жилийн 16 хувийн хүүтэй тухайн компанитай зээлийн гэрээ байгуулсан. Энэхүү мөнгө нь 1 жилийн хугацаанд хүүгийн хамт нийт 7,584,488 төгрөг болж байгаа бөгөөд бид нар уг мөнгөнөөс компанид 3,809,988 төгрөгийг төлсөн ба одоо 3,774,500 төгрөг үлдэж байна. Харин Голомт банкнаас 36,500,000 төгрөгийг 8 хувийн зээлийн гэрээ байгуулан зээлэн авч үлдэгдэл төлбөрийг төлсөн. Ийнхүү бид нар cap бүр “А Д С Р С” ХХК болон Голомт банканд үндсэн зээл болон хүү төлж байна. Бид нар “Брайнт пойнт” ХХК-иар 2020 оны 5 дугаар сарын 19-ний өдөр хэмжилт хийлгээд 2020 оны 5 дугаар сарын 20-ны өдөр “А Д С Р С” ХХК-ийн захиргаанд энэхүү талбайн зөрүүтэй холбоотой асуудлыг шийдвэрлэж өгөх тухай хүсэлт бичиж, “Брайнт пойнт” ХХК-ийн Орон сууцны талбайн хэмжилт-ийн тайланг хуулбарлан хүлээлгэн өгсөн. “А Д С Р С” ХХК-ийн санхүүгийн захирал Б.Э-, ашиглалт хариуцсан менежер Ш.Б-  нартай уулзахад захиралд мэдэгдсэн, манай компани дахин хэмжилт хийлгээд шийдвэрлэж өгнө хэмээн хэд хэдэн удаа хэлсэн боловч энэ асуудлыг шийдвэрлэж өгөхгүй байна. Иймээс “А Д С Р С” ХХК-д 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн зээлийн гэрээний дагуу төлөхөөр үлдэж байгаа 3,774,500 төгрөгийг манайд дутуу өгсөн 4.53 м.кв талбайн үнэ болох 8,154,000 төгрөгөөс хасаж тооцон 4,379,500 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан байсан. Тухайн үед орон сууцны м.кв талбай дутуу байгаа болохыг мэдэхгүйгээр үлдэгдэл төлбөр болох 6,969,600 төгрөгийг хариуцагч компанийн санхүүгийн захирал гэх Б.Э-тай 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдөр зээлийн гэрээ байгуулж хариуцагч компанид cap бүр 635,000 төгрөг төлж эхэлсэн ба нийтдээ 3,810,000 төгрөг нэмж төлсөн байсан. Энэ үед бидэнд худалдсан орон сууцны талбайн хэмжээ нь 01.96 м.кв бус 01.43 м.кв байгаа болохыг хэмжилтийн компаниар тогтоолгосон. Нэхэмжлэгч бид тухайн орон сууцны бодит хэмжилт болох 47.43 м.кв талбайн төлбөрт 85,374.000 төгрөг төлөх ёстой байсан боловч бид хариуцагч “А Д С Р С ” ХХК-д нийт 90,368,400 төгрөг төлсөн байх ба үүнээс 4,994,000 төгрөгийг илүү төлсөн байна. Иймд биднийг тус компанид төлөх төлбөр тооцоогүй болохыг тогтоож, илүү төлсөн 4,994,000 төгрөгийг “А Д С Р С” ХХК-иас гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч нар нэхэмжлэлийн тодруулсан шаардлагад: Б.М- Б.Г- бид гэр бүлийн гишүүд ба 2019 оны 12 дугаар сард “А Д С Р С ” ХХК-тай орон сууц захиалгын гэрээг байгуулж Баянзүрх дүүргийн 00 дугаар хороо, 00 дугаар хороолол, Дандарбаатарын гудамж, 00 дүгээр байр, 0 тоот хаягт байршилтай 01.96 м.кв талбайтай, хоёр өрөө орон сууцыг 1м.кв талбайн төлбөрийг 1,800,000 төгрөг тооцон нийт 93,528,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцон 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдөр 93,528,000 төгрөгөөр худалдаж авахаар харилцан тохиролцож 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдөр 28,058,400 төгрөг, 12 дугаар сарын 19-ний өдөр 22,000,000 төгрөгийг төлж Голомт банкнаас 36,500,000 төгрөгийн зээл авч шууд хариуцагчид шилжүүлсэн ба нийт 86,558,400 төгрөг өгсөн. Тухайн үед орон сууцны м.кв талбай дутуу байгаа болохыг мэдэхгүйгээр үлдэгдэл төлбөр болох 6,969,600 төгрөгийг хариуцагч манай компанийн санхүүгийн захирал Б.Э-тай 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдөр зээлийн гэрээ байгуулж хариуцагч компанид сар бүр 635,000 төгрөг төлж эхэлсэн ба нийт 3,810,000 төгрөг нэмж төлсөн байсан ба энэ үед бидэнд худалдсан орон сууцны талбайн хэмжээ 01.96 м.кв бус 01.43 м.кв байгаа болохыг хэмжилтийн компаниар тогтоолгосон. Нэхэмжлэгч бид тухайн орон сууцны бодит хэмжилт болох 01.43 м.кв талбай төлбөрт 85,374,000 төгрөг төлөх байсан боловч хариуцагч “А Д С Р С ” ХХК-д нийт 90,368,400 төгрөг төлсөн байх ба үүнээс 4,994,000 төгрөгийг илүү төлсөн байна. Нэхэмжлэгч Б.М-, Б.Г- бид цаашид “А Д С Р С ” ХХК-д төлөх төлбөргүй тооцоогүй болохыг, хариуцагч компаниас илүү төлсөн 4,994,000 төгрөгийг гаргуулж олгоно уу гэв.

Хариуцагч “А Д С Р С ” ХХК шүүхэд, итгэмжлэгдсэн төлөөлөгч хуралдаанд гаргасан тайлбар тайлбартаа: нэхэмжлэгч Б.М-, Б.Г- нар нь “А Д С Р С ” ХХК-иас 2019 оны 12 дугаар сарын 24-ны өдөр Баянзүрх дүүргийн 00 дугаар хороо, 00 дугаар хороолол 00 дүгээр байрны 0 тоотын 2 өрөө байрыг худалдан авч, 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Улсын бүртгэлээс үл хөдлөхийн гэрчилгээ гаргуулан авсан байна. Нэхэмжлэгч нар нь хуульд заасан хугацаанаас хэтрүүлэн шүүхэд нэхэмжлэл гаргасан байх бөгөөд Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.6, 255 дугаар зүйлийн 255.1.1-т зааснаар эд хөрөнгийн доголдлын талаар мэдсэн буюу мэдэх боломжтой байхад түүнийг хүлээн авсан байх тул шаардах эрхээ алдсан. Нэхэмжлэгч нар нь гэрээний 2.2-т заасан төлбөрөө бүрэн төлж барагдуулсан учраас тэдэнд өмчлөх эрхийн гэрчилгээг гаргаж өгсөн. Иймд нэхэмжлэгч нарын төлөх төлбөр тооцоогүй болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг ойлгохгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Хариуцагч Б.Э- шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Миний хувьд энэ хэргийг м.кв-ын зөрүүтэй хэрэг гэж ойлгосон. Би Б.Г-, Б.М- хоёрт зээлийн гэрээний дагуу мөнгө зээлсэн. Гэрээнд заасан хуваарийн дагуу төлбөрөө төлж явж байсан. Эргээд намайг энэ хэрэгт жинхэнэ хариуцагч гэж татан оруулсан. Иймд нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж хүсэж байна гэв.

Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг бүхэлд нь шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь: 

Нэхэмжлэгч Б.Г-, Б.М- нар нь хариуцагч “А Д С Р С ” ХХК, Б.Э- нарт холбогдуулан орон сууцны талбайн үнэд илүү төлсөн 4,379,000 төгрөг гаргуулах тухай шаардлагыг шүүхэд гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад орон сууцны үнэд төлөх төлбөр тооцоогүй болохыг тогтоолгох, орон сууцны талбайн үнэд илүү төлсөн 4,994,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлсэн.

Хариуцагч “А Д С Р С ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хүлээн зөвшөөрөхгүй;

Хариуцагч Б.Э- нэхэмжлэгч нартай би хувь хүний нэрээр зээлийн гэрээ байгуулсан, эргэн төлөлтийг компанийн дансанд тушаалгасан, үлдэгдэл төлбөрийг шүүхэд нэхэмжлэл гаргана. Нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэж тус тус маргасан.

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, зохигчдын тайлбараар дараах нөхцөл байдал тогтоогдов.

Зохигчид 2019 оны 08 дугаар сарын 29-ний өдөр№Т1Д4-Б2 тоот Орон сууц захиалгын гэрээ байгуулж, Баянзүрх дүүргийн 00 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй Тэлмү аппартмэнт хотхоны 000 айлын орон сууцны 0 дүгээр орц 0 давхрын баруун жигүүрийн 0 дугаартай, 0 тоот хаягт байрлалтай 01.96 м.кв талбай орон сууцыг А Д С Р С  ХХК хүлээлгэн өгөх,  Б.Г-, Б.М- нар нь 1 м.кв-ыг 1,800,000 төгрөг буюу нийт 93,528,000 төгрөг төлөх үүргийг тус тус хүлээжээ./хх-ийн 5-7 дугаар тал/

Талуудын хооронд байгуулсан “Орон сууц захиалгын гэрээ” гэж нэрлэсэн хэдий ч гэрээний агуулгаас үзэхэд худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн, гэрээний хүчин төгөлдрийн, гэрээнд техникийн алдаа гарч “ОН” буруу бичигдсэн бичвэрийн талаар маргаагүй.

Шүүхийн хэлэлцүүлэгт нэхэмжлэгч “...орон сууц захиалгын гэрээ байгуулах үед орон сууц ашиглалтад орсон, 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдөр түлхүүрээ гардаж, 12 дугаар сарын 24-ний өдөр Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ гарсан, 12 дугаар сарын 31-ний өдөр орон сууцанд нүүж орсон.” гэх тайлбарыг гаргасан.

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт “Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан.

Худалдан авагч Б.Г-, Б.М- нар нь орон сууцны үнийн урьдчилгаа төлбөрт 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдөр 28,058,40012 төгрөгийг, 12 дугаар сарын 19-ний өдөр 22,000,000 төгрөгийг нийт 50,058,400 төгрөгийг хариуцагч компанийн Голомт банкны 0000000000 дансанд, “Голомт банк” ХХК-тай 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдөр зээл болон барьцааны гэрээ байгуулж, 36,500,000 төгрөгийг зээлдэн авч, нийт 86,558,400 төгрөгийг  худалдагч “А Д С Р С ” ХХК-иад төлсөн байна. /хх-ийн 8-12, 15-16, 102 дугаар тал/

Нэхэмжлэгч нар  дээрх гэрээний 2 дугаар зүйлийн 2.2-т “Орон сууц худалдах нийт үнэ 93,528,000 төгрөг”-ийг төлөх үүргээс нийт 86,558,400 төгрөгийг төлж, төлбөл зохих төлбөрийн үлдэгдэл 6,969,000 төгрөгийг хариуцагч  Б.Э-тай 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдөр №8366 тоот Зээлийн гэрээ-г байгуулж, жилийн 16 хувийн хүүтэй, 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүртэл 12 сарын хугацаанд эргэн төлөлтийг “А Д С Р С ” ХХК-ийн Хаан банкны 51000000 дансанд төлж барагдуулахаар тохиролцож, Б.Г-ийн Голомт банкны 0000000 дансанд 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Б.Э-аас шилжүүлжээ ./хх-ийн 13-14, 170 дугаар тал/

Хариуцагч “А Д С Р С ” ХХК-иас нэхэмжлэгч нарыг орон сууцны төлбөрийг бүрэн төлж барагдуулсан гэж үзэн орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлж, эрхийн Улсын бүртгэлийн Ү-22000000 дугаарт бүртгэгдсэн, Баянзүрх дүүрэг, 00 дугаар хороо, 00 дугаар хороолол, Дандарбатаарын гудамж, 00 дүгээр байр 00 тоот хаягт байрлалтай, 01.96 м.кв талбайтай хоёр өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр Б.М-, Б.Г- нарыг өмчлөгчөөр 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдөр улсын бүртгэлд бүртгэгдсэн нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон болно. /хх-ийн 4 дүгээр тал/

Нэхэмжлэгч нар худалдан авсан орон сууцны түлхүүрийг 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдөр  гардан авч, 12 дугаар сарын 31-ний өдөр нүүн орж, 2020 оны 5 дугаар сарын 19-ний өдөр орон сууцны талбайн хэмжилтийг “Брайт пойнт” ХХК-иар хийлгэж, уг хэмжилтээр орон сууцны талбайн хэмжээг 47.43 м.кв болохыг тогтоосон байна. /хх-ийн 17-24 дүгээр тал/

Иргэний хуулийн 248 дугаар зүйлийн 248.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол эд хөрөнгө хүлээн авах нөхцөлийг гэрээгээр тодорхойлно.”, 255 дугаар зүйлийн 255.1.-д “Дараахь тохиолдолд худалдан авагч шаардлага гаргах эрхээ алдана.”, 255.1.1.-д “эд хөрөнгө хүлээж авах үедээ уг эд хөрөнгийн доголдлын талаар мэдсэн буюу мэдэх боломжтой байхад түүнийг хүлээн авсан.” гэж зааснаар нэхэмжлэгч нар худалдан авсан эд хөрөнгөө хүлээж авах үед эд хөрөнгийн доголдлын талаар мэдсэн, мэдэх боломжтой байхад хүлээж авсан бол гомдлын шаардлага гаргах эрхээ алдсан гэж үзнэ.

Өөрөөр хэлбэл талуудын хооронд байгуулсан Орон сууц захиалгын гэрээний 1.1.-д орон сууцны талбайн хэмжээг тодорхой тусгасан байхад  дээрх гэрээг байгуулах үе, 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдөр улсын бүртгэлд өмчлөгчөөр бүртгүүлсэн,12 дугаар сарын 25-ны өдөр орон сууцыг хүлээж авах үедээ /түлхүүр авсан/, 12 дугаар сарын 31-ний  өдөр нүүн орохоос  өмнө талбайн хэмжилтийг хийх замаар доголдлыг мэдэх боломжтой байхад орон сууцыг хүлээн авсан болох нэхэмжлэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн тайлбараар тогтоогдож байх тул шаардах эрхээ алдсан гэж үзнэ.

Түүнчлэн талуудын хооронд байгуулсан гэрээний 2.2.-т “орон сууцны худалдах үнийг 93,528,000 төгрөг байна.” гэж зааснаар нэхэмжлэгч нар орон сууцны үнэд 86,558,400 төгрөгийг, хариуцагч Б.Э-тай байгуулсан зээлийн гэрээний үүрэгт 3,810,000 төгрөгийг хариуцагч хуулийн этгээдийн дансанд төлсөн талаар талууд маргаагүй.

Шүүхийн хэлэлцүүлэгт нэхэмжлэгч  “.....бид орон сууцны үлдэгдэл төлбөр 6,996,000 төгрөгийг “А Д С Р С ” ХХК-ийн санхүү хариуцсан захирал Б.Э-тай Зээлийн гэрээ байгуулсан...” гэж маргах боловч хэрэгт авагдсан баримтаас үзэхэд зээлдүүлэгч Б.Э- зээлдэгч  Б.Г-, Б.М-  нарын хоорондын зээлийн гэрээг бичгээр байгуулсан болох нь тогтоогдож, нэхэмжлэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн дээрх тайлбар няцаагдсан болно./хх-ийн 13-14 дүгээр тал/ 

Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1.-д “Үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид, эсхүл хууль, гэрээ буюу шүүх, арбитрын шийдвэрт заасан эрх бүхий этгээдэд хүлээлгэж өгнө.”, 211.2.-т ”Үүргийн гүйцэтгэлийг хүлээн авах эрхгүй этгээдэд хүлээлгэн өгсөн бол гагцхүү үүрэг гүйцэтгүүлэгч зөвшөөрсөн буюу ийнхүү гүйцэтгэснээр үүрэг гүйцэтгүүлэгч ашиг олсон нөхцөлд уул үүргийг гүйцэтгэсэнд тооцно.” гэж зааснаар хариуцагч Б.Э- нэхэмжлэгч нарын хооронд байгуулсан Зээлийн гэрээний хавсралтад үүрэг гүйцэтгүүлэгчийн зөвшөөрсөн “А Д С Р С ” ХХК-ийн Хаан банкны 51000000 дансанд нэхэмжлэгч нар нийт 3,810,000 төгрөгийг төлсөн нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон тул нэхэмжлэгч нар худалдан авсан орон сууцны үнэд нийт 90,368,400 төгрөгийг худалдагч талд төлсөн гэж үзэхээр байна./хх-ийн26-31 дүгээр тал/

Нэхэмжлэгч нарын төлөх төлбөр тооцоогүй болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага нь бие даасан нэхэмжлэл бус, орон сууцны талбайн зөрүү төлбөр гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл гэж үзэв.

Нэхэмжлэгч нарын худалдан авсан орон сууцны төлбөрийг бүрэн төлсөн үйл баримтад хариуцагч маргаагүй болохыг дурдах нь зүйтэй.

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхээс шинжээчээр томилогдсон “Брайт пойнт” ХХК-ийг өмнө нь дүгнэлт гаргасан шинжээч гэж хариуцагч тайлбарлах боловч уг тайлбартайгаа холбоотойгоор тусгайлан хүсэлт гаргаагүй.

 

Шинжээчийн дүгнэлт нь Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан журамж нийцсэн. Талуудын хэн аль нь шинжээчийн дүгнэлтийг зөвшөөрөхгүй, дахин шинжээч томилуулах талаар хүсэлт гаргаагүйг дурдав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 255 дугаар зүйлийн 255.1.1-т тус тус заасныг баримтлан хариуцагч “А Д С Р С ” ХХК, Б.Э- нарт холбогдох орон сууцны талбайн зөрүү төлбөрт 4,994,000 төгрөг гаргуулах, “А Д С Р С ” ХХК-д төлөх төлбөргүй болохыг тогтоолгох тухай нэхэмжлэгч Б.Г-, Б.М- нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 174,307 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны  шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 14 хоногт шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           Т.ГАНЧИМЭГ