Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 10 сарын 19 өдөр

Дугаар 101/ШШ2021/03245

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Ганчимэг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: ХХЗХ-ны нэхэмжлэлтэй,

Хариуцагч: “С Н” ХХК--д холбогдох

22,301,114.42 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2021 оны 5 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Намшир, хариуцагчийн төлөөлөгч С.Амгаланбаатар, өмгөөлөгч Ө.Сайнбаяр, нарийн бичгийн дарга Р.Энхзаяа нар оролцов.

            ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ХХЗХ  нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “ХХЗХ ” нь “С Н” ХХК-ийн хүсэлтийн дагуу “Харилцаа холбооны тухай хууль”-ийн 9 дүгээр зүйлийн 9.1.2 дахь хэсэг, 25 дугаар зүйлийн 25.2.10 дахь хэсгийг тус тус үндэслэн 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 5 жилийн хугацаатай, 23300005 дугаартай “Радио давтамж ашиглах” эрхийн бичиг олгож, “Эрхийн бичгийн гэрээ”-г, 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 5 жилийн хугацаатай, 003/DTV44 дугаартай “Радио давтамж ашиглах” эрхийн бичиг олгож, “эрхийн бичгийн гэрээ”-г тус тус “С Н” ХХК-тай байгуулсан. Нэхэмжлэл гаргасан өдрийн байдлаар “С Н” ХХК нь 23300005 дугаартай Радио давтамж ашиглах “Эрхийн бичгийн гэрээнд заасан 2016-2017 оны “Тусгай зөвшөөрөл”-ийн 1 жилийн төлбөр 7,836,000.00 /долоон сая найман зуун гучин зургаан мянга/ төгрөг, 2017-2018 оны “Тусгай зөвшөөрөл”-ийн 1 жилийн төлбөр 7,836,000.00 /долоон сая найман зуун гучин зургаан мянга/ төгрөг, 2018-2019 оны “Тусгай зөвшөөрөл”-ийн үлдэгдэл төлбөр 595,691.71 /таван зуун ерэн таван мянга зургаан зуун ерэн нэг төгрөг, далан нэг мөнгө/ төгрөг, нийт 16,267,691,71 /арван зургаан сая хоёр зуун жаран долоон мянга, зургаан зуун ерэн нэгэн төгрөг, далан нэгэн мөнгө/ төгрөг, 003/DTV44 дугаартай Тоон телевизийн үйлчилгээ эрхлэх “Тусгай зөвшөөрлийн гэрээ”-нд заасан 2015-2016 оны “Тусгай зөвшөөрөл”-ийн 1 жилийн төлбөр 5,928,000.00 /таван сая есөн зуун хорин найман мянга/ төгрөг, 2016-2017 оны “Тусгай зөвшөөрөл”-ийн 1 жилийн төлбөр 5,928,000.00 /таван сая есөн зуун хорин найман мянга/ төгрөг, нийт 11,856,000.00 /арван нэгэн сая найман зуун тавин зургаан мянга/ төгрөгийн төлбөр төлөхөөс 2016 онд 5,822,577.29 /таван сая найман зуун хорин хоёр мянга, таван зуун далан долоон төгрөг, хорин есөн мөнгө/ төгрөгийн төлбөрийг төлж, 6,033,422.71 /зургаан сая гучин гурван мянга, дөрвөн зуун хорин хоёр төгрөг, далан нэгэн мөнгө/ төгрөгийн үлдэгдэлтэй. Дээрх 2 тусгай зөвшөөрлийн нийт төлбөр 22,301,114.42 /хорин хоёр сая, гурван зуун нэг мянга, зуун арван дөрвөн төгрөг, дөчин хоёр мөнгө/ төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй байна. Төлбөр төлөх үүрэг хүлээснээс хойш хугацаанд ХХЗХ ноос “С Н” ХХК-д төлбөрийн нэхэмжлэлийг удаа дараа өөрт бүртгэлтэй хаягаар нь хүргүүлж байсан. 2021 оны 1 сард хаягаар нь очиж, мөн утсаар нь холбогдоход төлөх үндэслэлгүй гэж хариу өгөв. Иймд “С Н” ХХК-аас дээрх төлбөрийг гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэв.

 

Хариуцагч “С Н” ХХК шүүхэд гаргасан хариу тайлбартаа:”ХХЗХ ”-ны шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй холбоотой хариу тайлбарыг хийж байна. “С Н” ХХК нь 1997 онд байгуулагдсан компани бөгөөд “ХХЗХ ”-ноос олгогддог тусгай зөвшөөрлийн дагуу “Кабелийн телевизийн олон сувгийн үйлчилгээ”-г хэрэглэгчдэд үзүүлэх бизнесийн үйл ажиллагаа явуулж байсан. 2000 онд олгогдсон “Радио долгион ашиглах тусгай зөвшөөрөл”-ийн хүрээнд их хэмжээний хөрөнгө оруулалт хийсэн ба 2007 оноос тухайн олгогдсон байсан радио долгион зөвшөөрлийг өөрчлөх талаар “ХХЗХ ”-ноос удаа дараа мэдэгдэж нэгэнт оруулсан хөрөнгө оруулалтаа нөхөх болон зах зээлд шударга өрсөлдөх боломж олгохгүй байсаар санхүүгийн хүндрэлтэй байдалд орсон. “ХХЗХ ”-ноос шүүхэд гаргасан нэхэмжлэлийн 1-рт, 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 23300005 дугаар бүхий “Радио давтамж ашиглах” эрхийн бичиг, “Эрхийн бичгийн гэрээ”-нд заагдсан Тусгай зөвшөөрлийн төлбөр болох 16,267,691.71 /арван зургаан сая хоёр зуун жаран долоон мянга, зургаан зуун ерэн нэгэн төгрөг, далан нэгэн мөнгө/ төгрөгийн үнийн дүнтэй төлбөр нэхэмжилжээ. Нэхэмжлэлд заасан 23300005 дугаартай “Радио давтамж ашиглах” эрхийн бичиг, “Эрхийн бичгийн гэрээ” нь “С Н” ХХК-ний ирсэн албан бичгийн бүртгэлд болон биетээрээ аль аль нь байхгүй, байгаагүй, гэрээ хийсэн эсэх нь тодорхой бус байгаа бөгөөд шүүхэд нэхэмжлэл гаргасан баримт дээрээс үзсэн болно. “ХХЗХ ”-ны шүүхэд гаргасан нэхэмжлэлийн 23300005 дугаар бүхий “Радио давтамж ашиглах эрхийн бичиг” ба “Эрхийн бичгийн гэрээ”-нд хамаарах баримт материалын хуулбаруудын харагдац нь тодорхой бус байгаа нь тухайн баримт бичгүүдийн “эх хувь”-ийг нягтлан үзэх шаардлагатай учир манай хүсэлтийг хүлээн авч нэхэмжлэгч талаас “эх” хувийг шүүхэд гаргуулж зохих журмын дагуу шийдвэрлүүлж өгнө үү. “ХХЗХ ”-ноос шүүхэд гаргасан нэхэмжлэлийн 2-рт, 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 003/DTV44 дугаартай Радио давтамж ашиглах эрхийн бичиг, Эрхийн бичгийн гэрээ нь ”ХХЗХ ” болон “С Н” ХХК-ний хооронд хийгдсэн гэрээтэй байсан бөгөөд “С Н” ХХК-иас “ХХЗХ ”-нд “Тусгай зөвшөөрөл цуцлуулах хүсэлт гаргах тухай” 2017 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн 19/17 тоот албан бичгийн хүсэлтийн дагуу “ХХЗХ ”-ны 2017 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 12 тоот тогтоолоор тусгай зөвшөөрөл хүчингүй болсон. “С Н” ХХК санхүүгийн хүндрэлд орж төлбөрийн үлдэгдлийг барагдуулж чадаагүй болно” гэв.

 

Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, зохигчдын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн тайлбарыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ХХЗХ  хариуцагч “С Н” ХХК-д холбогдуулан 23300005 дугаар Тоон телевизийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийн төлбөрт 16,267,691.71 төгрөг, 003/DTV44 дугаар радио давтамж ашиглах, зөвшөөрлийн гэрээнд заасан тусгай зөвшөөрлийн төлбөрт 6,033,422.71 төгрөг нийт 22,301,114.42 төгрөг гаргуулахыг шаардаж шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

 Хариуцагч 003/DTV44 дугаар радио давтамж ашиглах,зөвшөөрлийн гэрээнд заасан тусгай зөвшөөрлийн төлбөрт 6,033,422.71 төгрөг гаргуулах шаардлага нь хөөн хэлэлцэх хугацаа дууссан, 23300005 дугаар Тоон телевизийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийн гэрчилгээг, талуудын хоооронд байгуулсан гэрээг хүлээлгэн өгөөгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргасан.

  1. 6,033,422.71 төгрөг гаргуулах шаардлагын тухайд:

 

Хариуцагч “С Н” ХХК нь 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдөр  ХХЗХ нд Радио долгион давтамж тусгай зөвшөөрлөөр  эзэмших, ашиглах тухай хүсэлтийг  гаргажээ. /хх-ийн 54 дүгээр тал/

ХХЗХ ны 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн №67 дугаар тогтоолоор №003/DTV44 дугаар Радио давтамж ашиглах тусгай зөвшөөрөл-ийг 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл хугацаатайгаар олгож, зохигчид №003/DTV44 тоот Радио давтамж ашиглах Зөвшөөрлийн гэрээ”-г 5 жилийн хугацаатай байгуулжээ. /хх-ийн 37, 48-54, 79-81 дүгээр тал/

 

Хариуцагч “С Н” ХХК нь №003/DTV44 дугаар Радио давтамж ашиглах тусгай зөвшөөрлийн төлбөрт 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл  5,928,000 төгрөг, 2016 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл 105,422.71 төгрөг нийт 6,033,422.71 төгрөгийг төлсөн  байна./хх-ийн 14 дүгээр тал/

 

Харилцаа холбооны  зохицуулах хорооны  2017 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 12 дугаар тогтоолоор хариуцагч “С Н” ХХК-ийн Радио давтамж ашиглах тусгай зөвшөөрөл”-ийг хүчингүйд тооцжээ./хх-ийн 88 дугаар тал/

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хугацаа 3 жил гэж хуульчилсан.

Гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 3 жил байх ба энэ нь гэрээний бүх төрөлд хамаарна. Зохигчид гэрээг байгуулахдаа хөөн хэлэлцэх хугацааг өөрсдөө нарийвчлан заагаагүй бол хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа хамаарах учиртай.

Зохигчдын хооронд байгуулсан гэрээнд хөөн хэлэлцэх хугацааг заагаагүй, хариуцагчийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж татгалзсан татгалзал үндэслэлтэй байна.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч ХХЗХ  нь хариуцагч “С Н” ХХК-ийн Радио давтамж ашиглах тусгай зөвшөөрөл”-ийг хүчингүйд тооцсон 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдрөөс шаардах эрх үүссэн байхад 2021 оны 5 дугаар сарын 25-ны өдөр шаардаж байгаа нь Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1.-дэх зохицуулалттай нийцэхгүй болно.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч хөөн хэлэлцэх хугацаа өнгөрснийг хүндэтгэн үзэх шалтгаантай эсэх талаар баримтыг шүүхэд гаргаагүй, уг хугацааг сэргээлгэх талаар хүсэлт гаргаагүйг дурдав.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага 6,033,422.71 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

     2.16. 267,691.71 төгрөг гаргуулах шаардлагын тухайд:

Хариуцагч “С Н” ХХК нь 2016 оны 11 дүгээр сарын 02, 11 дүгээр сарын 28-ны өдрүүдэд ХХЗХ нд Радио долгион давтамж тусгай зөвшөөрлөөр  эзэмших, ашиглах тухай хүсэлтийг  гаргажээ. /хх-ийн 55, 59 дүгээр тал/

 

ХХЗХ ны 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн №52 дугаар тогтоолоор  дугаар Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт Телевиз радиогийн олон сувгийг дамжуулах үйлчилгээнд Радио  давтамж ашиглах тусгай зөвшөөрөл-ийг 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл хугацаатайгаар олгож, зохигчид 23300005 тоот Радио давтамж ашиглах зөвшөөрлийн гэрээг 5 жилийн хугацаатай байгуулж, 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Телевизийн олон суваг дамжуулах үйлчилгээнд утасгүй кабелийн телевизийн зориулалтаар тусгай зөвшөөрлийн гэрчилгээг Харилцаа холбооны зохицуулах холбооноос олгосон байна./хх-ийн 43-47, 82-24 дүгээр тал/

 

Зохигчдын хооронд байгуулсан 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 23300005 тоот Радио давтамж ашиглах зөвшөөрлийн гэрээн”-д  “С Н” ХХК-ийн төлөөлж С.А гэж зурагдсан гарын үсгийн бичвэрт  хариуцагч маргаагүй болно.

 

Дээрх гэрээний 5 дугаар зүйлийн 5.1-д Зөвшөөрөл эзэмшигчийн хаяг, байршил, удирдлага холбоо барих ажилтны мэдээлэл, хөрөнгө оруулагч өөрчлөгдсөн бол тухайн өөрчлөлт орсноос хойш 30 хоногийн дотор Зохицуулах хороонд бичгээр мэдэгдэнэ, 6 дугаар зүйлийн 6.1-д Зөвшөөрөл эзэмшигч нь шинээр зөвшөөрөл авч байгаа тохиолдолд зөвшөөрлийн төлбөрийг Зохицуулах хорооноос баталсан Тусгай зөвшөөрөл эзэмшигчдэд үзүүлэх зохицуулалтын үйлчилгээний хөлсний хэмжээ-нд зааснаар тусгай зөвшөөрөл, эрхийн бичиг олгосон тухай шийдвэр гарсан өдрөөс хойш 30 хоногийн дотор тусгай зөвшөөрөл, эрхийн бичгийн гэрээ байгуулж, Зохицуулах хорооны Голомт банк дахь 110262829 тоот дансанд нэхэмжлэхийн дагуу төлнө. гэж тохиролцжээ.

 

Хариуцагч тал 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт Телевизийн олон суваг дамжуулах үйлчилгээнд утасгүй кабелийн телевизийн зориулалтаар тусгай зөвшөөрлийн гэрчилгээ-г гарсныг мэдээгүй, шүүхээс нэхэмжлэл гардан авахдаа мэдсэн гэж татгалзлын үндэслэлээ тайлбарладаг.

 

Харилцаа холбооны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.2.“хуульд заасан тусгай зөвшөөрөл олгох, хугацааг сунгах, тусгай зөвшөөрөлд нэмэлт, өөрчлөлт оруулах, тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох, тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлага болон холбогдох журмыг батлах, гэрээ байгуулах, биелэлтэд хяналт тавих”; 15 дугаар зүйлийн 15.1.1.-д ”харилцаа холбооны хууль тогтоомжийг зөрчсөн, гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй”; 25.1.2.”хэрэглэгч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй бол үйлчилгээг зогсоох, гэрээг цуцлах”; гэж заажээ.

 

ХХЗХ ны 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн №04  Тусгай зөвшөөрөл хүчингүй болгох тухай тогтоолоор “С Н” ХХК-д  олгосон Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт Телевиз радиогийн олон сувгийг дамжуулах үйлчилгээнд Радио  давтамж ашиглах тусгай зөвшөөрөл-ийг хүчингүйд тооцсон байна./хх-ийн 56-57 дугаар талууд/

 

Хариуцагч тал 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт Телевизийн олон суваг дамжуулах үйлчилгээнд утасгүй кабелийн телевизийн зориулалтаар тусгай зөвшөөрлийн гэрчилгээ-г гарсныг мэдээгүй, улсын бүртгэлийн гэрчилгээнд бүртгэгдсэн хаяг өнөөдрийг хүртэл өөрчлөгдөөгүй хэвээр байгаа, би шүүхээс нэхэмжлэл гардан авахдаа мэдсэн гэж татгалзлын үндэслэлээ тайлбарладаг.

 

Хэрэгт Зохигчдын хооронд байгуулсан тусгай зөвшөөрлийн 23300005 тоот “Радио давтамж ашиглах зөвшөөрлийн гэрээ”-нд “С Н” ХХК-ийн хаягийг Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 0 дүгээр хороо, Эс Би Эн ТВ-ийн байр, 2 давхар, хуулийн этгээдийн Улсын бүртгэлийн гэрчилгээнд гишүүдийн тоо-1, хаяг Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 0 дугаар хороо, 0 дугаар хороолол, 3, 1 давхарт, компанийн захирал С.А-ын гэрийн хаяг өөр өөр бичигдсэн болох нь тогтоогдсон, шүүхийн хэлэлцүүлэгт хариуцагчийн төлөөлөгчийн улсын бүртгэлд бүртгэгдсэн компанийн хаяг өөрчлөгдөөгүй хэвээр байгаа гэх тайлбар няцаагдсан гэж үзэв.

 

Өөрөөр хэлбэл хариуцагч компанийн хаяг анх улсын бүртгэлийн гэрчилгээнд бичигдсэн нь өөрчлөгдөөгүй гэж тайлбарлах боловч түүнтэй холбоотой баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 38 дугаар зүйлд зааснаар нотлоогүй болно.

 

Түүнчлэн  зохигчдын хооронд байгуулсан 23300005 тоот Радио давтамж ашиглах зөвшөөрлийн гэрээ”-ний хүчин төгөлдөр эсэхийн талаар хариуцагч тал  маргаагүй,   зохигчдын хооронд дээрх гэрээ байгуулагдсан, гэрээний үүргийг зохих ёсоор биелүүлээгүй улмаас тусгай зөвшөөрлийг хүчингүйд тооцсон байх тул нэхэмжлэгч тусгай зөвшөөрлийн төлбөрийг шаардах эрхтэй.

 

Иймд хариуцагч “С Н” ХХК-иас Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт Телевиз радиогийн олон сувгийг дамжуулах үйлчилгээ”-нд “Радио  давтамж ашиглах тусгай зөвшөөрөл-ийн төлбөрт 16,267,691.71 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ХХЗХ нд олгох нь зүйтэй.

 

Нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагчаас нэхэмжлэл хангагдсан үнийн дүнд ногдох улсын тэмдэгтийн хураамжийг гаргуулж улсын орлогод оруулахаар шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1, Харилцаа холбооны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2-т заасныг баримтлан хариуцагч “С Н” ХХК-иас 16,267,691.71 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ХХЗХ -д олгож, нэхэмжлэлээс үлдэх  6,033,422.71 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т заасныг баримтлан ХХЗХ  нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан хариуцагчаас нэхэмжлэл хангагдсан дүн 16,267,691.71 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 239,288.46 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.

3.Зохигчид анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл түүнийг гардан авснаас хойш 14 хоногт Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.2, 119.4-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.7-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Т.ГАНЧИМЭГ