Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 210/МА2022/00078

 

 

 

 

 

2022 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 210/МА2022/00078

 

 

ХХЗХ

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 101/ШШ2021/03245 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч ХХЗХ нэхэмжлэлтэй,

ХариуцагчСПНВ ХХК-д холбогдох

Тусгай зөвшөөрлийн төлбөр 22,301,114 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгчөөс давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Энхтайван, хариуцагчийн өмгөөлөгч Ө.Сайнбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.

1.Нэхэмжлэгч ХХЗХ нэхэмжлэлийн үндэслэлийн агуулга: ХХЗХ нь СПНВ ХХК-д 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 23300005 дугаар Радио давтамж ашиглах тусгай зөвшөөрөл, 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 003/DTV44 дугаар Тоон телевизийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийн эрхийн бичгийг тус тус 5 жилийн хугацаатай олгож, гэрээ байгуулсан.

а.СВНВ ХХК-ийн 23300005 дугаар тусгай зөвшөөрлийн төлбөр 2016 оноос 2017 оны хооронд 7,836,000 төгрөг, 2017 оноос 2018 оны хооронд 7,836,000 төгрөг, 2018 оноос 2019 оны хооронд 595,691 төгрөг, нийт 16,267,691 төгрөг болсон. Дээрх төлбөрийг хариуцагчаас гаргуулна.

б. 003/DTV44 дугаар тусгай зөвшөөрлийн төлбөрийн хувьд хариуцагч СПНВ ХХК нь 2015 оноос 2016 оны хооронд 5,928,000 төгрөг, 2016 оноос 2017 оны хооронд 5,928,000 төгрөг, нийт 11,856,000 төгрөг төлөхөөс хариуцагч нь 2016 онд 5,822,577 төгрөгийг төлсөн. Уг гэрээний үлдэгдэл 6,033,422 төгрөг байна.

СВНВ ХХК-аас 003/DTV44 дугаар гэрээг цуцлуулах хүсэлт гаргасны дагуу ХХЗХноос 2017 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 12 дугаар тогтоолоор дээрх гэрээг цуцалсан.

Иймд СПНВ ХХК-аас дээрх 2 тусгай зөвшөөрлийн төлбөр 22,301,114 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч СПНВ ХХК-аас шүүхэд гаргасан тайлбарын агуулга:

а. ХХЗХноос тусгай зөвшөөрлийн 23300005 дугаар Радио давтамж ашиглах тусгай зөвшөөрлийн төлбөр 16,267,691 төгрөг нэхэмжилсэн байна. Дээрх тусгай зөвшөөрөл болон гэрээ ньСПНВ ХХК-д ирсэн албан бичгийн бүртгэлд болон баримтаар байхгүй, гэрээ хийсэн эсэх нь тодорхой бус байдаг. Манай байгууллага тусгай зөвшөөрлийн 23300005 дугаар гэрээг нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлээс мэдсэн.

б. Нэхэмжлэгч ХХЗХтой 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдөр тусгай зөвшөөрлийн 003/DTV44 дугаар Радио давтамж ашиглах гэрээ байгуулсан. Манай байгууллагаас дээрх гэрээг цуцлах хүсэлт гаргасны дагуу ХХЗХ 2017 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 12 дугаар тогтоолоор тус гэрээг цуцалж, гэрчилгээг хүчингүй болгосон. Гэрээний үлдэгдэл төлбөрт 6,033,422 төгрөгийг нэхэмжилжээ.СПНВ ХХК нь санхүүгийн хүндрэлд орж төлбөрийн үлдэгдлийг барагдуулж чадаагүй болно.

Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1 дэх хэсэг зааснаар гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил бөгөөд мөн хуулийн 76 дугаар зүйлийн 76.1 дэх хэсэгт зааснаар хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс тоолно гэж заажээ. Нэхэмжлэгчид тус гэрээний төлбөрийг шаардах эрх нь гэрээг цуцлагдсан өдрөөс үүссэн байна. Тиймээс гэрээний дагуу шаардах эрхийн хугацаа 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдөр дуусгавар болсон байна.

Мөн хуулийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт зааснаар хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн бол үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй тул нэхэмжлэлийн шаардлагаас 6,033,422 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3.Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1, Харилцаа холбооны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2-т заасныг баримтлан хариуцагч СПНВ ХХК /РД:/-аас 16,267,691.71 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ХХЗХ /РД:/-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 6,033,422.71 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т заасныг баримтлан ХХЗХ нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагчаас нэхэмжлэл хангагдсан дүн 16,267,691.71 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 239,288.46 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулахаар шийдвэрлэжээ.

4.Хариуцагч СПНВ ХХК-ийн шүүхэд давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

а.Тусгай зөвшөөрлийн 23300005 дугаар болон 003/DTV44 дугаар бүхий гэрээнд "СВНВ" ХХК-ийн хаяг Улаанбаатар хот Баянгол дүүрэг, 14 дүгээр хороо, Эс Би Эн телевизийн байр, 2 дугаар давхар гэж тэмдэглэсэн байдаг. Улсын бүртгэлийн гэрчилгээд гүйцэтгэх захирлын хаяг бичигдсэн байдаг бөгөөд хариуцагчийн зүгээс энэ тухай маргаагүй. Харин гэрээнд заасан хаяг өөрчлөгдөөгүй. Нэхэмжлэгч СПНВ" ХХК-ийн хаяг өөрчлөгдсөний улмаас тусгай зөвшөөрлийн 23300005 дугаар гэрээг гардуулж чадаагүй гэдгээ нотлох ёстой байтал нотлоогүй. Мөн нэхэмжлэгчээс тусгай зөвшөөрөл гарсан, гардуулах ажиллагаа хийгээгүй, энэ талаар тэмдэглэл баримт бичиг байхгүй талаар мэдүүлсэн байдаг.

б.Тусгай зөвшөөрлийн 23300005 дугаар гэрээний хүчин төгөлдөр байдлын хувьд: СПНВ ХХК-аас 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 90/16 дугаар албан бичгээр ХХЗХнд Улаанбаатар хотод 10ГГц-10.20ГГц зурваст радио долгионы давтамжийн тусгай зөвшөөрлийг эзэмшиж ашиглах хүсэлт гаргасан боловч материал дутуу хэмээн татгалзсан.

Хариуцагч компани нь мөн сарын 28-ны өдөр 101/16 дугаар албан бичгээр хүсэлтээ дахин гаргасан. ХХЗХ нь мөн оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 52 дугаар тогтоолоор тусгай зөвшөөрөл олгохоор шийдвэрлэж 23300005 дугаар Радио давтамж ашиглах зөвшөөрлийн гэрээнд мөн өдөр гарын үсэг зуруулсан хэдий ч тусгай зөвшөөрөл гараагүй. ХХЗХноос тусгай зөвшөөрлийн 23300005 дугаар гэрээг "СВНВ" ХХК-д албан ёсоор хүлээлгэн өгөөгүй, мэдэгдээгүй.

Харилцаа холбооны тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасны дагуу тусгай зөвшөөрөл олгосон тохиолдолд Зохицуулах хороо тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй гэрээ байгуулахаар заасан. Гэтэл тусгай зөвшөөрөл гараагүй байхад "СВНВ" ХХК-ийн гүйцэтгэх захирлаар гарын үсэг зуруулсан нь дээрх хуулийн зохицуулалтыг зөрчиж байна.

Захиргааны Ерөнхий хуулийн 46 дугаар зүйлийн 46.1 дэх хэсэгт заасан захиргааны актыг мэдэгдсэнээр хүчин төгөлдөр болно гэж заасан. Иймээс ХХЗХ нь тусгай зөвшөөрлийг гарсан даруйд хариуцагчид мэдэгдэсэнээр тус захиргааны акт хүчин төгөлдөр болно. Тусгай зөвшөөрөл нь захиргааны акт юм.

Нэхэмжлэгч ХХЗХ нь мэдэгдэх үүргээ биелүүлээгүй учир хариуцагчСПНВ ХХК-д олгосон 23300005 дугаар тусгай зөвшөөрөл болон гэрээ хүчин төгөлдөр бус байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон, шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

5.Нэхэмжлэгч тал давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцоогүй болно.

 

ХЯНАВАЛ

Хариуцагчийн давж заалдах гомдлын хүрээнд хэргийг хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

Нэхэмжлэгч ХХЗХ нь хариуцагчСПНВ ХХК-д холбогдуулан 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 23300005 дугаар Радио давтамж ашиглах тусгай зөвшөөрөл ашиглах гэрээний төлбөр 16,267,691 төгрөг, 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 003/DTV44 дугаар Радио давтамж ашиглах тусгай зөвшөөрөл ашиглах гэрээний төлбөр 6,033,422 төгрөг, нийт 22,301,114 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

Нэхэмжлэгч тал хариуцагчаас радио давтамж ашиглах 003/DTV44 дугаар Тоон телевизийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийн төлбөрийн үлдэгдэл 6,033,422 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагчаас тусгай зөвшөөрлийг цуцалснаас хойш шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэл заан эс зөвшөөрч, маргасан байна.

1.ХХЗХноос 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Радио давтамж ашиглах 003/DTV44 дугаартай тусгай зөвшөөрлийг 5 жилийн хугацаатай олгож, улмаар талууд гэрээ байгуулсан,СПНВ ХХК-ийн хүсэлтээр уг тусгай зөвшөөрлийг ХХЗХ 2017 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 12 дугаар тогтоолоор хүчингүй болгосон үйл баримтыг хэрэгт авагдсан дээрх дугаар бүхий тусгай зөвшөөрлийн эрхийн бичиг, гэрээ, тогтоол, зохигчдын тайлбар зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон байна. /хх-49-54, 91, 92/

Тусгай зөвшөөрөл цуцлагдсан уг өдрөөс хойш нэхэмжлэгчийн шаардах эрхийн хөөн хэлэлцэх хуулиар тогтоосон хугацаа дууссан гэх нэхэмжлэлийн 6,033,422 төгрөгт холбогдох хэсгийг Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасныг хэрэглэн хэрэгсэхгүй болгосон, шийдвэрийн энэ хэсэгт нэхэмжлэгч тал давж заалдах гомдол гаргаагүй.

2.Нэхэмжлэгч тал 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдрийг 23300005 дугаар Радио давтамж ашиглах эрхийн зөвшөөрлийн гэрээ, тусгай зөвшөөрөл зэрэг нотлох баримтуудыг үндэслэн 2016 оноос 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн тусгай зөвшөөрөл цуцлагдах хүртэлх хугацааны тусгай зөвшөөрлийн төлбөрт 16,267,692 төгрөг нэхэмжилжээ.

Энэ нэхэмжлэлийн шаардлагын хувьд хариуцагч тал талуудын хооронд гэрээний харилцаа үүсээгүй, тусгай зөвшөөрөл гарсан тухай мэдэгдээгүй гэж татгалзлын үндэслэлээ тайлбарласан байна.

СВНВ ХХК нь Улаанбаатар хотод кабелийн телевизийн үйл ажиллагааг эрхэлдэг хуулийн этгээд байх бөгөөд тэрээр 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр (10-10.20GHz) зурваст радио долгион ашиглан олон сувгийн телевизийн үйлчилгээ эрхлэх, тусгай зөвшөөрөл олгох хүсэлтийг ХХЗХнд гаргажээ. /хх-56/ Уг хүсэлтийг үндэслэн ХХЗХноос 10-10.20ГГц радио давтамжийн зурвас ашиглах 23300005 дугаар тусгай зөвшөөрлийг 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл 5 жилийн хугацаатай олгосон байна. /хх-14/ Талууд 23300005 дугаар Радио давтамж ашиглах тусгай зөвшөөрлийн гэрээг 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдөр байгуулан, гарын үсэг зурж, тамга дарж баталгаажуулжээ. /хх-45-48/

Хариуцагчаас дээрх гэрээнд хариуцагч этгээдийг төлөөлөх эрх бүхий этгээд гарын үсэг зурсан үйл баримтад маргаагүй. Харин тусгай зөвшөөрөл гараагүй байхад уг гэрээг байгуулсан, тусгай зөвшөөрөл гарсан тухай мэдэгдээгүй учир хүчин төгөлдөр бус гэж маргасан байна. Харилцаа холбооны тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт тусгай зөвшөөрөл олгосон тохиолдолд Зохицуулах хороо тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй гэрээ байгуулна гэж заажээ. Нэхэмжлэгч ХХЗХ 2015 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 38 дугаар тогтоолоор харилцаа холбооны салбарын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн журмыг баталж, харилцаа холбооны салбарт үйл ажиллагаа эрхлэх болон радио давтамж байгуулах тусгай зөвшөөрөл, эрхийн бичиг олгох, сунгах, хүчингүй болгох, бүртгэх зэрэг тусгай харилцааг зохицуулахаар журамлажээ.

Уг журмын 5 дугаар зүйлийн 5.7 дахь хэсэгт зааснаар өргөдөл гаргагч буюу хариуцагчСПНВ ХХК нь тусгай зөвшөөрлийн эрхийн бичиг гарснаас хойш гэрээ байгуулах үүргийг хүлээсэн байна.

Хариуцагч компани нь тухайн салбарт үйл ажиллагаа явуулдаг мэргэжлийн байгууллага бөгөөд Радио давтамж ашиглах 003/DTV44 дугаар гэрээг ямар нэгэн дарамт шахалтад хийгдсэн эсэх талаар эрх бүхий байгууллагад хандаж маргаан үүсгээгүй байна. Мөн тусгай зөвшөөрлийг захиргааны акт гэж үзэж байгаа бол энэ нь Иргэний хэргийн шүүхийн тогтоон шийдвэрлэх харьяаллын асуудал биш юм.

Хариуцагч нь энэ талаар зохих этгээдэд хандсан, шүүхээс хүчин төгөлдөр бус гэж үзсэн үйл баримт хэргийн баримтаар тогтоогдоогүй байна.

Иймд талууд хүсэл зоригоо бичгээр илэрхийлэн гэрээний агуулгыг тодорхойлон гэрээ байгуулж, гарын үсэг зурж баталгаажуулсан хүчин төгөлдөр гэрээний үндсэн дээр тэдгээрийн хооронд гэрээний харилцаа үүссэн гэж анхан шатны шүүх дүгнэснийг буруутгах боломжгүй. Хариуцагч нь гэрээ болон Харилцаа холбооны тухай хуульд заасны дагуу тусгай зөвшөөрлийн төлбөрөө төлөх үүрэгтэй учраас үүргээ биелүүлэхийг шаардах эрхтэй.

Энэ талаар гаргасан хариуцагчийн давж заалдах гомдол хууль зүйн үндэслэлгүй тул анхан шатны шүүхийг хэвээр үлдээхээр шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 101/ШШ2021/03245 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 239 290 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

ШҮҮГЧИД Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

Ч.ЦЭНД