Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 10 сарын 21 өдөр

Дугаар 104/ШШ2021/00329

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Бадрах  даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: ................................................................................................................ тоот хаягт байрлах, ....................................... ХХК /РД: /-ийн  нэхэмжлэлтэй

Хариуцагч: ................................................................................................................ тоотод оршин суух, *******овогт Ө.Г /РД: /-д холбогдох

Зээлийн гэрээний үүрэг 10 741 357.34 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан  хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Насанбаяр,

хариуцагч Ө.Г,

шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Уранзаяа нар оролцов. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус компанийн борлуулалтын менежерээр ажиллаж байсан хариуцагч Ө.Г нь өөрийн Төрийн банк дахь зээлийг төлүүлэхээр 2021 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр .................................. ХХК-нд хүсэлт гаргасан. Тухайн хүсэлтийн дагуу ....................................... ХХК Ө.Гын 10 741 357.34 төгрөгийн цалингийн зээлийг төлж барагдуулсан. Хариуцагч Ө.Г нь хүсэлт гаргахдаа Ковид-19 цар тахалтай холбоотой цалингийн зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү зэргийг төлж чадахгүй тул ....................................... ХХК-нд хүсэлт гарган зээлээ хаагаад дараа нь өөрийн цалин мөнгөөрөө байгууллагаас авсан мөнгөө төлье гэсэн санал гаргасан. Нэхэмжлэгч талаас 8  515 190 төгрөгийг хариуцагч Ө.Гын Төрийн Банк дахь зээлийн дансанд, үлдэгдэл 2 226 167.34 төлбөрийг бэлнээр төлсөн. 10 741 357.34 төгрөгөөр Ө.Гын зээлийг төлж барагдуулсан болохыг дансны хуулга, Ө.Гын 2021 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр 10 741 357.34 төгрөг зээлж авсан болохоо зөвшөөрсөн өргөдөл зэргээр нотолж байгаа. 2 226 167.34 төгрөгийн төлбөрийг бэлнээр хүлээлгэн өгсөн баримт байхгүй, гэхдээ энэ мөнгө зээлийн хүүд төлөгдсөн. Хариуцагч нь зээлийг хурдан шуурхайн төлж барагдуулахаар тохиролцсон боловч өнөөдрийг хүртэл дээрх төлбөрийг төлөөгүй. Иймд хариуцагч Ө.Гаас 10 741 357.34 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

            Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус компани нь 2021 оны 01 дүгээр сард сайн ажилласан ажилчиддаа нэмэлт урамшуулал хэлбэрээр байрны зээлийн эргэн төлөлтийн мөнгөнд урамшуулал олгосон. Ковид-19 цар тахалын 2020 оны 10 дугаар сараас 2021 оны 05 дугаар сар хүртэл ээлжийн болон хөл хорио, Хөдөлмөрийн хуулийн дагуу амралтгүй, илүү цагийн хөлсгүй, өөрийн үндсэн ажлаас гадна угсралт, засвар үйлчилгээний ажлыг давхар хийж байсан. Гэтэл захирлын эхнэр гэх Т.О нь ажлаас минь халж дарамталсан.

            10 741 357.34 төгрөгийг зээлсэн зүйл байхгүй, банкны зээлэнд компанийн шилжүүлсэн мөнгө нь 8 515 190 төгрөг болсон. Гэхдээ энэ мөнгийг хүсэлт гаргаж аваагүй, жилийн эцсийн урамшуулал, бонус хэлбэрээр авсан. Манай бүх ажилчид ингэж авсан. Намайг ажилдаа авч үлдэх зорилгоор энэ мөнгийг өгсөн гэж ойлгож байгаа. Харин 2 226 167.34 төгрөгийг бэлнээр болон дансаар аваагүй. Миний дансыг шүүж үзсэн ч ийм мөнгөн  дүн гарч ирэхгүй. 2021 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр 10 741 357.34 төгрөг зээлж авсан гэж бичсэн өргөдлийн хувьд ийм мөнгө шилжүүлсэн гэхээр нь тэгээд бичсэн. 2020 оны 10 дугаар сард борлуулалтаар 1 000 000 төгрөг, засвар үйлчилгээний 1 000 000 төгрөг зэргээр 7 сарын хугацааны 16 000 000 төгрөг, угсралтаар 12, 01 дүгээр сарын 4 000 000 төгрөг өгөөгүй, нийт 20 000 000 төгрөгийг цалин авахаас 2 950 000 төгрөгийн цалин авсан гэв.

           

Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад:

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ....................................... ХХК нь хариуцагч Ө.Гад холбогдуулан 10 741 357.34 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч зөвшөөрөхгүй гэж маргасан.

Шүүхийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

 

2021 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр ..................................... ХХК-ийн зүгээс Ө.Гын хүсэлтийн дагуу түүний Төрийн банк дахь зээлийг төлөх үүднээс 8 515 190 төгрөгийг шилжүүлсэн үйл баримт зохигчийн маргаагүй байдлаар нотлогдсон, энэхүү харилцаа нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээх зээлийн гэрээний харилцаанд хамаарч байна.

Хариуцагч нь хөдөлмөрийн харилцааны явцад дээрх мөнгийг урамшуулал болгож авсан, мөн ажиллах хугацаанд цалин хөлсийг олгоогүй учир төлөхгүй гэж маргасан боловч энэ байр сууриа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6, 25, 38 дугаар зүйлд заасан нотлох баримт бүрдүүлж өгөх замаар нотолж чадаагүй, одоо шүүхээр шийдвэрлэж байгаа маргааны хүрээнд аливаа хөдөлмөрийн харилцааны явцад үүссэн асуудлыг шийдвэрлээгүй, сөрөг нэхэмжлэл гараагүй болно.

Иймд зээлийн гэрээний үүрэг 8 515 190 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

Хэрэгт хариуцагчийн 2021 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр 10 741 357.34 төгрөг зээлж авсан гэж бичсэн өргөдөл авагдсан боловч хариуцагчийн 2 226 167.34 төгрөгийг бэлнээр болон дансаар шилжүүлж аваагүй гэж маргасан байр суурийг нэхэмжлэгч тал хуульд заасан нотолгооны хэрэгслээр няцаагаагүй, нотлох баримтын хуваарилалтын хувьд энэ тохиолдолд нэхэмжлэлийн шаардлагаа шүүхийн өмнө нотлох үүрэг нэхэмжлэгчид ногдож байна.

Нэхэмжлэгч 2 226 167.34 төгрөгийг хариуцагчид хүлээлгэн өгсөн болохоо нотлоогүйгээс шалтгаалан Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт заасан мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно гэх хуулийн хэм хэмжээ хангагдахгүй байгаа учир нэхэмжлэлийн шаардлагаас 2 226 167.34 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгов.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтын хуваарилалтыг хийхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2, 40.3-т зааснаар нотлох баримтыг үнэлэх ажиллагааг хийхдээ хуулийн шаардлага хангаагүй Төрийн банкны зээлийн дансны тодорхойлолт /ХХ-н 5-р талын ард/ гэх баримтыг үнэлээгүй болохыг дурдвал зохино.

Хариуцагч нь өмгөөлөгч шүүх хуралдаан давхцсан үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлт гаргасныг хариуцагчийн өмгөөлөгч гэх Б.Зулбаярын зүгээс шүүх хуралдаан хойшлуулах хүсэлтийг ирүүлсэн боловч өмгөөллийн эрх бүхий этгээд болохыг нотолсон болон шүүх хуралдаан давхцсан талаарх баримтыг ирүүлээгүй, хариуцагч болон өмгөөлөгчийн хооронд байгуулсан хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ авагдаагүй, 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдөр болсон шүүх хуралдааныг хариуцагчийн өмгөөлүүлэх эрхийг хангаж хойшлуулсан, энэ шүүх хуралдааныг товлох хугацаа дээр зохигчоос санал авсан зэрэг нөхцөл байдлыг харгалзан хангахаас татгалзсан болно.

            Нэхэмжлэгчийн тэмдэгийн хураамжид төлсөн 186 812 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагыг хангасан хэмжээнд 151 193 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож байна.

 

             Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

         

            1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ө.Гаас 8 515 190 төгрөгийг  гаргуулан нэхэмжлэгч ....................................... ХХК-д олгож,

          нэхэмжлэлийн шаардлагаас 2 226 167.34 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 186 812 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 151 193 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг заасугай.

                    

 

 

ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                       Т.БАДРАХ