Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 01 сарын 21 өдөр

Дугаар 210/МА2022/00145

 

 

2022 оны 01 сарын 21 өдөр

Дугаар 210/МА2022/00145

 

 

ХК- ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 104/ШШ2021/00329 дугаар шийдвэртэй,

нэхэмжлэгч ХК- ХХК

хариуцагч Ө.Г-ад холбогдох

зээлийн гэрээний үүрэг 10,741,357.34 төгөрг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Н.Батзориг илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Насанбаяр, хариуцагч Ө.Г-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэл түүний үндэслэл, агуулга:

Ө.Г- нь ХК- ХХК-д борлуулалтын менежерээр ажиллаж байсан. Ө.Г- 2021 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр ХК- ХХК-д ... Ковид-19 цар тахалтай холбоотой цалингийн зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү зэргийг төлж чадахгүй тул уг зээлийг хаагаад дараа нь өөрийн цалингаас төлье... гэх хүсэлт гаргасан. ХК- ХХК 8,515,190 төгрөгийг Төрийн банк ХХК дахь Ө.Г-ын зээлийн дансанд, үлдэгдэл 2,226,167.34 төлбөрийг түүнд бэлнээр төлсөн. Ө.Г-ын зээлийн төлбөрт 10,741,357.34 төгрөг төлсөн болох нь дансны хуулга, Ө.Г-ын 2021 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн өргөдөлөөр тогтоогдоно. Иймд Ө.Г-аас 10,741,357.34 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

ХК- ХХК 2021 оны 01 дүгээр сард сайн ажилласан ажилчиддаа нэмэлт урамшуулал гэж зээлийн эргэн төлөлтийн төлсөн. Ковид-19 цар тахалын үед буюу 2020 оны 10 дугаар сараас 2021 оны 05 дугаар сар хүртэл хугацаанд Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу амралтгүй, илүү цагийн хөлсгүй, өөрийн үндсэн ажлаас гадна угсралт, засвар үйлчилгээний ажлыг давхар хийсэн. Гэтэл захирлын эхнэр Т.Оюун нь ажлаас халсан. 10,741,357.34 төгрөгийг зээлж аваагүй. ХК- ХХК нь банкны зээлийн төлбөрт 8,515,190 төгрөг төлсөн. Энэ мөнгө нь жилийн эцсийн урамшуулал, бонус гэж олгосон мөнгө юм. Манай байгууллагын бүх ажилчид авсан. Намайг ажилдаа авч үлдэх зорилгоор энэ мөнгийг өгсөн гэж ойлгосон. Харин 2,226,167.34 төгрөгийг бэлнээр болон дансаар аваагүй. 2021 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр 10,741,357.34 төгрөг зээлж авсан гэж бичсэн өргөдлийн хувьд ийм мөнгө шилжүүлсэн гэхээр нь тэгээд бичсэн. 2020 оны 10 дугаар сард борлуулалтаар 1,000,000 төгрөг, засвар үйлчилгээний 1,000,000 төгрөг, нийт 7 сарын цалин 16,000,000 төгрөг, угсралтын 12, 01 дүгээр сарын цалин 4,000,000 төгрөг, нийт 20,000,000 төгрөгийн цалин авахаас 2,950,000 төгрөг авсан гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ө.Г-аас 8,515,190 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ХК- ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2,226,167.34 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 186,812 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 151,193 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

4. Хариуцагч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо:

4.а. Анхан шатны шүүх банкинд мөнгө төлсөн баримтыг үндэслэн талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасан зээлийн гэрээ байгуулагдсан гэж нэхэмжлэлийн шаардлагаас 8,515,190 төгрөгийг хангаж шийдвэрлэснийг зөвшөөрөхгүй. Учир нь тус мөнгийг 2020 онд сайн ажилласан болохоор урамшуулал хэлбэрээр олгосон юм. Мөн ХК- ХХК-д ажиллаж байх хугацаанд тус компани ажиллаж байсан цалин хөлсийг бүтэн өгч байгаагүй тул эдгээр мөнгөө нөхөн өгөх зорилгоор цалингийн зээлийн үлдэгдэл төлбөрийг төлсөн байхад шүүх энэ нөхцөл байдлыг дүгнэлгүйгээр шийдвэр гаргасан нь үндэслэлгүй. ХК- ХХК-ийн цалинг өгөөгүй нөхцөл байдлыг тогтоохын тулд тус байгууллагын санхүүгийн тайлан, татвар, нийгмийн даатгалын тайлангуудыг шалгах шаардлагатай. Гэвч хариуцагч эдгээр баримтуудыг шүүхэд гаргаж өгөх боломжгүй байхад энэ нөхцөл байдлыг шүүх харгалзан үзээгүй.

4.б. Хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаан давхацсан талаар мэдэгдэж шүүх хурал хойшлуулах хүсэлт гаргасныг хангахаас татгалзсан нь хариуцагчийн өмгөөлүүлэх эрхийг зөрчиж мэтгэлцэх боломж олгоогүй.

4.в. Хариуцагчийн зүгээс 2020 оны 10 сард борлуулалтаар 1,000,000 төгрөг, засвар үйлчилгээний 1,000,000 төгрөг зэрэг 7 сарын цалин, нийт 16,000,000 төгрөг, угсралтын ажлын 12, 01 дүгээр сарын цалин 4,000,000 төгрөг, нийт 20,000,000 төгрөгийг ХК- ХХК Ө.Г-ад олгоогүй. Гэтэл анхан шатны шүүх хариуцагч энэ талаарх баримтыг үүнийг нотлох үүрэгтэй гэж шийдвэрлэсэн. Нэхэмжлэгч нь хариуцагчид нийт 20,000,000 төгрөгийг төлөх ёстой эсэхийг тодруулаагүй.

4.г. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасан зээлийн гэрээний харилцаа нэхэмжлэгч болон хариуцагч нарын хооронд үүсээгүй байхад шүүх хуулийг буруу тайлбарлаж зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн.

4.д. Хариуцагч сөрөг нэхэмжлэл гаргахаар удаа дараа мэдэгдэж байсан боловч буруу ойлголт төрүүлж сөрөг нэхэмжлэл гаргах эрх олгоогүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолд гаргасан тайлбарын агуулга:

Ө.Г- нь 8,515,000 төгрөгийг авснаа зөвшөөрсөн. Энэ мөнгийг өгөөгүй гэж маргадаг боловч нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй. Ө.Г- өмгөөлөгч авах хүсэлт гаргаж, шүүх хуралдааныг нэг удаа хойшлуулж байсан ба өмгөөлөгч нь ирээгүй. Хариуцагч тодорхой үнийн дүн бичсэн боловч нотлох баримтгүй, энэ нь үндэслэлгүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд хариуцагч өөрийн тайлбар, татгалзлаа өөрөө нотолно гэж заасан. Хариуцагч нотлох баримт гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд мэтгэлцэх эрхээ өөрөө хэрэгжүүлээгүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу сөрөг нэхэмжлэлийн бүрдүүлбэрийг хангасан байдлаар гаргаж өгөөгүй тохиолдолд шүүх сөрөг нэхэмжлэл гаргасан гэж үзэх үндэслэлгүй. Иймд хариуцагчийн гомдол үндэслэлгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл тодорхой бус байхад хэргийг хянан шийдвэрлэсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй байна.

1. Хэргийн үйл баримт, шүүхийн шийдвэрийн үндэслэлийн талаар

Нэхэмжлэгч ХК- ХХК нь хариуцагч Ө.Г-ад холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 10,741,357.34 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч ... ажил олгогч 8,515,190 төгрөгийг урамшуулал цалин хэлбэрээр олгож банкны зээлийг төлсөн, зээлийн гэрээ байгуулаагүй... гэж маргасан.

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан. Иймд зээлдүүлэгч Ханбаян констрашн ХХК нь зээлдэгч Ө.Г-ад зээлийн гэрээний дагуу мөнгөн хөрөнгийг шилжүүлэн өгснөөр гэрээ байгуулагдсан гэж үзнэ. Учир нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт мөнгөн хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээ байгуулсанд тооцно гэж заасан болно.

Гэтэл нэхэмжлэгч нь ... хариуцагчийн Төрийн банк ХХК-аас авсан зээлийг түүний өмнөөс төлсөн... гэж тайлбарласан атлаа зээлийн гэрээний үүрэг шаардсан, хариуцагч ... уг мөнгөн хөрөнгийг тус компаниас өөрт нь өгөх ёстой цалинд тооцсон тул буцаан төлөхгүй... гэсэн өөр өөр үндэслэлээр маргасан.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотлохоор ХК- ХХК харилцах дансны хуулга, Ө.Г-ын хүсэлт, Төрийн банк ХХК-ийн зээлийн дансны тодорхойлолтыг гаргажээ. Эдгээр баримт нь Ө.Г-ын хүсэлтээр түүний зээлийг төлсөн үйл баримтад хамааралтай болохоос түүнд зээл олгосон болон мөнгөн хөрөнгө шилжүүлсэн харилцааг нотлохгүй. Гэтэл анхан шатны шүүх Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь үндэслэлгүй болжээ. Өөрөөр хэлбэл, зээлийн гэрээ байгуулах хүсэл зориг байсан эсэх нь эргэлзээгүй тогтоогдоогүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт тус тус зааснаар талууд өөрийн шаардлага ба татгалзлын үндэслэлийн талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй боловч шүүх дээрх тодорхой бус нэхэмжлэлийн үндэслэлийг талуудаас тодруулах замаар хэргийн үйл баримтыг тогтоогоогүй байна. Энэ тохиолдолд давж заалдах шатны шүүхээс эрх зүйн дүгнэлт хийх боломжгүй.

Өөрөөр хэлбэл, талуудын хооронд үүссэн маргаан нь гэрээний болон гэрээний бус үүргийн алинд хамаарахыг тодруулсны үндсэн дээр уг харилцаанд хамаарах хуулийг зөв хэрэглэх нөхцөл бүрдэх юм.

2. Хариуцагч Ө.Г- нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүх хуралдаанд өмгөөлөгчийн хамт оролцох хүсэлт гаргасныг үндэслэн тус шүүхийн шүүгчийн 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 104/ШЗ2021/01169 дугаар захирамжаар шүүх хуралдааныг 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 13 цаг 30 минутад хийхээр товлосон байна.

Гэтэл хариуцагчийн өмгөөлөгч Б.Зулбаяр 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт дахин гаргасныг шүүх хангахаас татгалзаж шийдвэрлэснийг буруутгахгүй. Учир нь хариуцагчийн өмгөөлөгч дээрх хугацаанд хэргийн материалтай танилцаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох боломжтой байсан тул шүүх өмгөөлүүлэх эрхээр хангаагүй гэх хариуцагчийн гомдол үндэслэлгүй.

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл тодорхой бус байгаагаас анхан шатны шүүх хууль буруу хэрэглэсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д зааснаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 104/ШШ2021/00329 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 153,620 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

ШҮҮГЧИД Д.ЦОГТСАЙХАН

Н.БАТЗОРИГ