Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 08 сарын 24 өдөр

Дугаар 128/ШШ2022/0617

 

 

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Дамдинсүрэн би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: У********* хүрээлэн,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Э.М*********,

Хариуцагч: Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч Л.Э*********,

У********* хүрээлэнгийн Үйлдвэрлэлийн ослыг судлан бүртгэх комисс,

Хариуцагч У********* хүрээлэнгийн Үйлдвэрлэлийн ослыг судлан бүртгэх комиссын итгэмжлэгдсэн төлөөлөгч: С.А*********,

Гуравдагч этгээд: Б*********-ийн О*********, Д*********-ын М*********, У*********-н А*********,

Гуравдагч этгээд Б.О*********-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Х*********,

Маргааны төрөл: Б.О*********, Д.М*********, У.А********* нарын үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэсэн актыг хуульд нийцсэн эсэх маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.М*********, хариуцагч Л.Э*********, хариуцагч У********* хүрээлэнгийн Үйлдвэрлэлийн ослыг судлан бүртгэх комиссын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.А*********, гуравдагч этгээд Б.О*********-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Х*********, гуравдагч этгээд Б.О*********-ын өмгөөлөгч О.Б*********, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.У********* нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч У********* хүрээлэнгээс Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч Л.Э*********, У********* хүрээлэнгийн Үйлдвэрлэлийн ослыг судлан бүртгэх комисст тус тус холбогдуулан “2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн Б.О*********, Д.М*********, У.А********* нарын Үйлдэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэсэн актыг илт хууль бус болохыг тогтоолгох” тухай нэхэмжлэл гаргажээ.

2. Төв аймгийн Борнуур суманд байрлах байгууллагын судалгаа шинжилгээний газарт томилолтоор ажиллах У********* хүрээлэнгийн ажилтнуудад 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр хөдөлмөр хамгааллын хувцас тарааж, 09 дүгээр сарын 17-ны өдөр хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны зааварчилгааг Ургац хураалтын комиссын дарга өгчээ.

Томилолтоор ажилласан тус хүрээлэнгийн эрдэм шинжилгээний туслах ажилтан Б.О*********, Д.М*********, эрдэм шинжилгээний дэд ажилтан У.А********* нар нь 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт Ар гүнтийн замд авто осолд орсныг У********* хүрээлэнгийн захирлын 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн А/15 дугаар тушаалаар байгуулагдсан Үйлдвэрлэлийн ослыг судлан бүртгэх комисс нь үйлдвэрлэлийн ослын хүнд зэрэгт хамааруулж, 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэж ажилтан тус бүрт акт үйлджээ.

Уг актыг 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 230 дугаар албан бичгээр Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар хүргүүлснийг Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч Л.Э********* хүлээн авч, 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдөр баталсан байна.

3. Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 419 дүгээр шийтгэх тогтоолоор түүнийг У********* хүрээлэнгийн эрдэм шинжилгээний туслах ажилтан Д.М*********-ыг 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 20 цаг 45 минутад Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт Ар гүнтийн замд У********* хүрээлэнгийн эзэмшлийн тээврийн хэрэгслийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7, 12.3 дахь хэсэгт заасныг тус тус зөрчсөний улмаас зорчигч Б.О*********, У.А********* нарын эрүүл мэндэд хохирол учруулсан гэж үзэн авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,  тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссэн байна.

4. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ:

Үйлдвэрлэлийн ослыг судлан бүртгэх байгууллагын комисс нь 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн Үйлдэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэсэн актыг гаргахдаа холбогдох журмын тодорхой заалтуудыг зөрчсөн, тодруулбал осолдогч нар согтууруулах ундаа хэрэглэсний улмаас осолд өртсөн үйлдлээс шалтгаалж осол гарсан нь үйлдвэрлэлийн осолд тооцохгүй байхад дүрмийн 2.2-т зааснаар тусгайлан тэмдэглээгүй, осолдогч нарын буруутай үйлдлээс шалтгаалж осол гарсан нь үйлдвэрлэлийн осолд тооцохгүй байх үндэслэлтэй байхад дүрмийн 2.1.2-т зааснаар осолд тооцох шийдвэр гаргасан, үүнийг мэргэжлийн хяналтын байцаагч бүрэн хянаж үзэлгүй баталгаажуулсан зэрэг нь бодит нөхцөл байдалд тохирохгүй, ажил олгогчоос хууль бус үйлдэл гүйцэтгэхийг шаардсан, байгууллагын хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэлэлгүй буюу Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсгийн 47.1.5-д заасан "хууль бус үйлдэл, эс үйлдэхүйг гүйцэтгэхийг шаардсан", 47.1.6-д заасан "иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй” гэж үзэж байна.

Мөн комисс нь мэргэжлийн хяналтын байгууллагад осол гарснаас хойш 6 хоногийн дараа мэдэгдсэн, мэдээг хүргүүлээгүй нь дүрмийн 6.2, 6.6-г зөрчсөн, актыг осол гарснаас хойш 29 хоногийн дараа үйлдсэн нь дүрмийн 3.8, 3.9-д заасан хугацааг хэтрүүлэн зөрчсөн, мэргэжлийн хяналтын байцаагч акт үйлдсэнээс хойш 40 хоногийн дараа хянан баталгаажуулсан нь дүрмийн 3.10-д заасан хугацаанд хийгээгүй, ажилтнуудад өгсөн зааварчлагааны 8 дахь хэсэгт заасан ажил үүргээ гүйцэтгэж байх үедээ архи согтууруулах ундаа хэрэглэхгүй байх заалттай, архи согтууруулах ундаа хэрэглэн согтуурснаас осол гарсан болох нь ажилтнууд болох бусад хүмүүсийн тайлбараар нотлогдсоор байхад комисс хууль бусаар акт тогтоож хөдөлмөр хамгааллын дүрэм зөрчсөн хууль бус үйлдлыг осол хэмээн худал тогтоож эцэст нь байгууллагаас хууль бусаар нөхөн төлбөр гаргуулахыг шаардаж нэхэмжлэгч байгууллагын хууль ёсны ашиг сонирхолд халдаж байна гэж үзэхээр байна.

Иймд шүүхээр 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн Б.О*********, Д.М*********, У.А********* нарын Үйлдэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэсэн акт илт хууль бус болохыг тогтоолгох шаардлага гаргаж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “Үйлдвэрлэлийн ослыг судлан бүртгэх дүрмийн 1.9-д осолдогч ажил үүргээ гүйцэтгэж байх үедээ зам тээврийн осолд орсон тохиолдолд ослыг Замын цагдаагийн байгууллагын дүгнэлтийн дагуу Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч судалж баталгаажуулна гэж заасныг зөрчсөн гэж үзэж байна.

Б.О********* гэдэг хүн өнөөдрийг хүртэл 22 сарын турш тасралтгүй цалин авч байгаа. Осол гарснаас хойш нэг ч хоногийн ажил хийгээгүй. Эрүүл мэндийн байдал муу байгаа учраас ажил хийхгүй байгаа тул ажил олгогчийн зүгээс ажлаас халах, цалинг таслах ямар ч сөрөг ажиллагаа хийгээгүй. Ажил олгогчийн бүртгэлд явж байна. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн маргааны баримтаас үзвэл ажил олгогч хувийн зүгээс 12.500.000 төгрөг, хамт олны зүгээс 2.500.000 төгрөг, 22 сарын цалинг тасралтгүй өгч байна гээд байгууллага удирдлагын зүгээс нийт 30.000.000 гаруй төгрөгийг өгсөн байна. Энэ нь шүүхийн шийдвэрт тусгаад гараад ирэх байх. Ажил олгогчийн зүгээс Б.О*********-ыг хохироосон, гомдоосон үйлдэл байхгүй. 

Энэ 3 хүн хөдөлмөрлөх явцдаа үйлдвэрлэлийн осолд ороогүй. Сайн дураараа архидан согтууран өөрсдөдөө чөлөөт цаг өгч байх хугацаандаа осолд орсон. Томилолтоор яваад буцаж ирэх цаг хугацаанд давхцаж байгаа учраас далимдуулаад осолдсон мэтээр тайлбарлаж байна. Архидан согтуурсан, миний буруу гэх мэтээр эхнээсээ мэдүүлэг өгсөн баримтууд байгааг шүүхээс анхаарч өгнө үү гэж хүсэж байна. Бидний маргааны гол үйл баримт нь ажиллаж хөдөлмөрлөх явцдаа согтуурсан юм уу, согтуурсан бол яах байсан юм, согтуураагүй бол яах байсан юм гэдэг асуудал юм. Энэ хүмүүс хөдөлмөрийн аюулгүй байдлын дүрэм журмыг мөрдөж байх хугацаанд буюу хөдөлмөрлөх явцдаа осолд ороогүй гэдгийг судалж үзэхийг хүсэж байна. Мөн хуулийн 3.1.6-д "үйлдвэрлэлийн аюултай хүчин зүйл" гэж ажлын ээлжийн хугацаанд хурц хордлого, үйлдвэрлэлийн осолд хүргэх, хүний эрүүл мэнд, амь насанд аюул учруулах хүчин зүйлийг хэлнэ гэж байна. Гэтэл ажлын ээлжийн хугацаа биш юм. Энэ гурван хүн ажил олгогчийн төлөө гэмтэж, бэртээгүй. Өөрсдийн аюулгүй байдлыг хангах ёстой цаг хугацаандаа архидан согтуурч осолд орсон гэдэг нь цагдаагийн байгууллагын бүх баримтаар тогтоогдоно. 

Нотлох баримтыг судлахад осол 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн оройн 20 цаг 45 минутад болсон. Тодорхой хугацаануудыг тодорхойлсон байдаг. Комисс осол гарснаас хойш 48 цагийн дотор акт үйлдсэн комиссын дарга гарын үсэг зурж, тамга тэмдэг дарсан байх ёстой байна. Гэтэл энэ хэрэг дотор 10 дугаар сарын 15-ны өдрийн 20 цаг 45 минутаас өмнөх хугацааны ямар ч баримт байхгүй. Комисс анхнаасаа хугацааны зөрчил гаргаж эхэлсэн гэсэн үг. Амралтын өдөр, “Ковид-19” цар тахлын үе таарсан гэж байна. Ямар нэгэн байдлаар албан байгууллага хооронд харилцаа үүсгэх “М*********” ХК-ийн харилцаа байсан. Гэрээс гарч болохгүй хөл хорионд байх үед цахим хаяг болон монгол шуудангийн хайрцгаар харилцаа явагдаж байсан. Аль ч заалтаар тэмдэглэл үйлдэх тухай дурдаагүй. Ажил олгогч уг маягтын дагуу мэргэжлийн хяналтын байгууллагад 3 хоногийн дотор хүргүүлнэ гэсэн байна. Бүртгэсэн актаа баримтын хамт 3 хоногийн дотор мэргэжлийн хяналтын байгууллагад хүргүүлсэн байх ёстой. Тэмдэглэл үйлдсэн байгааг хуульд заасан хуацаа хэтрээгүй гэж үзэж байгаа гэж бодохгүй байна. Анхны бүртгэх хугацааг хэтрүүлээд 29 хоногийн дараа гараад ахиад осол болсноос хойш 40 хоногийн дотор баталгаажуулсан байна. Үүнтэй холбоотой өөр баримт шаардлагатай бол Зөрчлийн тухай хууль болон Мэргэжлийн хяналтын чиг үүргийн тухай хуулиар холбогдох баримтуудыг дахин авч дүгнэхгүй байх боломжтой байхад хууль зөрчин чиг үүргээ хэрэгжүүлээгүй байж комисс надад баримт өгөөгүй гэж байгаа нь хуульд нийцэхгүй гэж үзэж байна.” гэв.

6. Хариуцагч Л.Э********* татгалзал болон түүний үндэслэлээ тайлбарлахдаа:

“Ажил олгогч буюу У********* хүрээлэнгийн комисс нь үйлдвэрлэлийн осол, хурц хордлогын шалтгаан, хүчин зүйлийг үнэн зөв судлан бүртгэх үүрэгтэй. Гэтэл тус хүрээлэнгийн захирлын тушаалаар томилогдсон комисс нь дүрмийн 2.2-т заасан орон тооны бус байнгын комисс нь судлан бүртгэсэн актад тусгайлан тэмдэглэл үйлдээгүй бөгөөд тухайн үед осолдогчийг архи уусан талаар мэдэгдээгүй, уг асуудлыг нуун дарагдуулсан байсан нь эрүүгийн хэргийн журмаар шүүхээр хянан хэлэлцэгдэх үед архи уусан байсан нь илэрч тогтоогдсон байна.

Засгийн газрын 2015 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 269 дүгээр тогтоолоор баталсан “Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрэм”-ийн 2.2-т заасныг зөрчсөн байна.

Дүрмийн 3.9-д заасны дагуу ажлын 3 өдөрт багтаан холбогдох актыг хөдөлмөрийн хяналтын улсын байцаагчид хүргүүлнэ гэх заалтыг ажил олгогч нь зөрчин 2020 оны 11 дүгээр сарын 11-нд үйлдсэн актыг 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 230 дугаартай “Акт хүргүүлэх тухай” албан бичгээр мэдэгджээ.

Тус үйлдвэрлэлийн ослыг судлан бүртгэсэн орон тооны бус комисс нь дүрмийн 5.1-д заасан бичиг баримтыг бүрдүүлж, дүрмийн 2.1.2-д ажил олгогч болон эрх бүхий бусад байгууллагаас гаргасан шийдвэрийн дагуу албан томилолтоор … ажил, үүргээ гүйцэтгэж байх үедээ осолдсон гэж үйлдвэрлэлийн осолд тооцохоор үйлдвэрлэлийн ослын актад бичиж, бусад холбогдох баримт бичгийн хамт ирүүлсэн болно.

Харин дүрмийн 10-д заасны дагуу улсын /ахлах/ байцаагч нь ажил олгогч болон түүний тушаалаар томилсон үйлдвэрлэлийн ослыг судлан бүртгэх комиссын гишүүдийн бүрдүүлсэн баримт материал, актыг тус байгууллагын эрх бүхий албан тушаалтнууд нь гарын үсэг зурж, тамга тэмдэг дарж баталгаажуулсан баримт дээр үндэслэн шийдвэрээ гаргасан бөгөөд ирүүлсэн үйлдвэрлэлийн ослын баримтуудын үнэн худал, хуурамч эсэхийг улсын байцаагч хянан үзэх боломжгүй, комиссоос ирүүлсэн үйлдвэрлэлийн ослыг шалгах эрхгүй бөгөөд зөвхөн акт, бусад бичиг баримтыг хянан баталгаажуулах үүрэгтэй болно.

Монгол улсын Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.4.1-д заасны дагуу ослын актыг зөвшөөрч баталгаажуулсан болно.

Иймд нэхэмжлэлгчийн талаас гаргасан шаардлагыг хууль зүйн талаас хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.” гэжээ.

7. Хариуцагч Л.Э********* шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: ”Байгууллагын комисс хуралдаад үйлдвэрлэлийн осол дээрээ дээрх дүрмийн 2 дугаар зүйлийн 2.2 дахь заалтыг тэмдэглэх үүрэгтэй байсан. Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ ч юм уу, санаатай зөрчсөн үйлдлээр үйлдвэрлэлийн ослын актыг баталгаажуулахгүй гэсэн хуулийн заалт байхгүй. Тусгай тэмдэглэл л хөтөлнө. Нэхэмжлэгч талаас байгууллагаас шаардсан гэдэг зүйл ярьж байна. Үйлдвэрлэлийн ослын актыг баталгаажуулсан гэдэгтэй холбоотой манай дээр хяналтын картыг хавсралтаар өгсөн. Уг картаар ирснээс хойш 5 хоногийн дотор үйлдвэрлэлийн ослын актыг баталгаажуулж явуулсан. 2015 оны 269 дүгээр тогтоолын 2.1-2.6 дахь заалт орсон байх юм бол үйлдвэрлэлийн осол мөн гэж үздэг. Архи, согтууруулах ундаа хэрэглэсэн гэдэг нь үйлдвэрлэлийн ослын актыг баталгаажуулахгүй гэсэн ойлголтыг өгөхгүй. Тусгай тэмдэглэл хөтөлнө гэдгээр явж байгаа. Тэгэхээр томилолтоор явж байсан гэдгийг нотлох томилолт байсан, ажил үүргээ гүйцэтгэх явцдаа осол гарсан тул үйлдвэрлэлийн ослын актыг баталгаажуулсан.

Хөдөлмөрийн чадвар алдалтыг 79 хувиар тогтоосон байхад ажил олгогч байгууллага Хөдөлмөрийн тухай хуульд заасан заалтыг барьж нэг удаа 18 сартай тэнцэх хэмжээний нөхөн төлбөрийг олгоод, ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргээ гүйцэтгэх боломжгүй байх юм бол ажлаас чөлөөлөх боломжтой байсан. Ийм байхад өөрсдөө сунжруулан ажил хөдөлмөр эрхлээгүй ажилтны цалинг 22 сар төлөөд явсан байна. Мөн 12,500,000 төгрөг болон 2,500,000 төгрөгийг сайн дураар олгосон байна. Ингэх шаардлагагүй хуулийн хүрээнд болон комиссын шийдвэрээр гарсан хөдөлмөрийн чадвар алдсан хувиар нь нөхөн төлбөрийг нэг удаа олгоод ажлаас чөлөөлөөд явах үндэслэлтэй байсан. 

Үйлдвэрлэлийн ослын тухай акт тусгай тэмдэглэгээ хэрэглэсэн байсан уу гэдгээс үл хамаараад томилолтоор явж байсан хугацаа таарч байх тул тэр хугацаанд актыг баталгаажуулж гаргасан.” гэв.

8. Хариуцагч У********* хүрээлэнгийн Үйлдвэрлэлийн ослыг судлан бүртгэх комисс татгалзал болон түүний үндэслэлээ тайлбарлахдаа:

Үйлдвэрлэлийн ослыг судлан бүртгэх комисс нь У********* хүрээлэнгийн захирлын 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн А/15 дугаар тушаалаар батлагдсан бүрэлдэхүүнтэй ажилласан болно.

Тус комисс хуралдаад замын цагдаа, эмнэлгийн байгууллагаас холбогдох нотлох баримт, материалыг олж баталгаажуулахыг оролдсон боловч боломжгүй, хуулийн байгууллага хоорондоо мэдээллээ солилцдог гэсэн хариу сонссон. Иймд комиссын гишүүдийн саналаар согтууг гэрчлэх албан баримтгүй, ажилтнаа хохироочихгүйн үүднээс үйлдвэрлэлийн осолд бүртгүүлэх санал хүргүүлсэн.

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт, явган зорчигчийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл зэрэгтэй танилцлаа. Дээрх баримтад согтууруулах ундаа хэрэглэсэн болохыг тэмдэглэсэн байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч байна.” гэжээ.

9. Хариуцагч У********* хүрээлэнгийн Үйлдвэрлэлийн ослыг судлан бүртгэх комиссын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “6 хоногийн дотор мэдэгдээгүй гэдэг дээр ажлын 3 хоногийн дотор мэдэгдэх ёстой байсныг мэдэж байсан. Нийт хугацаанд 5 дахь өдөр нөхөн сонгууль, дараагийн хоёр өдөр нь амралтын өдөр, ингээд 1 дэх өдөр утсаар мэдэгдсэн. Ингэхдээ 8 хүнээр дамжиж н.Б********* гэдэг хүнд мэдэгдэж байсан. Үүнийг бичиж, бүртгэж хавсаргасан. Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрэмд 21 хоногт багтаан мэргэжлийн хяналтын байгууллагад хүргүүлнэ гэсэн байдаг. Энэ хугацаанд комисс 3 удаа хуралдсан. Ингэхдээ  согтуу байсан гэдгийг судлан бүртгэх боломж байгаагүй. Хоёр хүн маань эмнэлэгт ухаангүй байсан. Хөдөө явсан замдаа осолдсон учраас хамгийн сүүлд уулзсан хүн нь сахиул байсан. н.У********* гэх сахиултай комиссын дарга ярилцлага хийсэн. Д.М*********-ыг машин барина гээд архи уугаагүй, Б.О********* У.А********* нарыг архи уусан гэж тэмдэглэсэн. Үйлдвэрчний эвлэлийн хуульч н.С*********-д “зарим нь согтуу юм шиг, зарим нь согтуу биш юм шиг ярилцлага бидэнд байна яах вэ” гэж хандахад Замын цагдаагийн газрын тодорхойлолтыг хавсаргах боломжтой гэсэн. Түүний дагуу комиссын гишүүн н.О*********-д тодорхойлолт олж ирүүлэхээр хуралдаж хоёр удаа очиж уулзсан байдаг. Та нарт өгөх боломжгүй гээд өгөөгүй. Мөн У.А*********, Б.О*********-ын хувьд гэмтлийн эмнэлгээс ямар нэгэн цусны дээж юм уу, согтуу гэсэн баримт байна уу гэдгийг мэдэж ир гэж явуулсан. Гэмтлийн эмнэлгээс Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн дүгнэлт гарах тул танайд тийм баримт өгөх боломжгүй гэж байсан. Ингээд комисс хуралдаад үүнийг тогтоох боломжгүй байдаг юм байна гэхдээ манайд үйлдвэрлэлийн осол болсон гэдгийг бүртгэх үүрэгтэй гэж хэлэлцээд үйлдвэрийн ослоор бүртгэх саналыг явуулсан. 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Мэргэжлийн хяналтын байгууллагад өгсөн. “Ковид-19” цар тахал гарсан байсан учраас бүх байцаагч нар хяналтад гарсан учраас 14 хоногийн дараа утасдаад дахин албан бичгээ ирүүлнэ үү гэсний дагуу албан бичгээ сольж явуулсан. Комиссоос нэгэнт баримт байхгүй байна, хүнээ бодоод саналыг хүргүүлэх нь зүйтэй гэж шийдсэн.” гэв.

10. Гуравдагч этгээд Д.М********* татгалзал болон түүний үндэслэлээ тайлбарлахдаа:

“Миний бие 2020 оны 10 дугаар сарын 12, 13-ны өдрүүдэд Төв аймгийн Борнуур суманд байх У********* хүрээлэнгийн судалгаа шинжилгээний газар ажиллахаар албан томилолтоор яваад буцах замдаа 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдөр автомашинтай осолдсон учир байгууллагаас үйлдвэрлэлийн ослын акт тогтоолгосон. Миний бие үүнийг үйлдвэрлэлийн осол гэж үзэж байна.

Одоогоор биеийн байдал бүрэн сайжраагүй, эрүүл мэндийн шалтгааны улмаас шүүх хуралдаанд оролцох боломжгүй байна.” гэжээ.

11. Гуравдагч этгээд У.А********* шүүхэд ирүүлсэн тайлбартаа: 

“Миний бие У********* хүрээлэнгийн Борнуур сум дахь туршлага үйлдвэрлэлийн талбайд төмс хураахаар 2020 оны 10 дугаар сарын 12, 13-ны өдрүүдэд ажлаар яваад буцах замдаа авто осолд орсон билээ. У********* хүрээлэнгийн гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байна.

Цаашид шүүх хуралдаанд оролцохгүй” гэжээ.

12. Гуравдагч этгээд Б.О*********-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч татгалзал болон түүний үндэслэлээ тайлбарлахдаа:

“Б.О********* нь 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдөр осолд орсон өдрөөс хойш олон удаагийн мэс засалд орж ухаан санаа нь орон гаран зарим зүйлийг мартаж, санадаг байдалтай удаан хугацаанд эмчлүүлсэн. Энэ үед хэргийн талаар юу болж байгаа эсэхийг мэдэхгүй тун хүнд байдалд байсан.

Гэтэл ийм байдалд байхад У********* хүрээлэнгийн үйлдвэрийн ослыг судлан бүртгэх комисст хууль бусаар нөлөөлж Үйлдвэрийн осол, хурц хордлогыг судлан бүртгэсэн актыг гаргуулсан гэж үзэх нь үндэслэлгүй байна. Тухайн үед Б.О********* нь үйлдлийн учир холбогдлоо бүрэн хянах чадамжгүй, эмч эмнэлгийн асаргаанд байсан нь Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 11879 дүгээр дүгнэлтээр биеийн байдал хүнд гэдэг нь тогтоогдож байгаа юм. Мөн осол болсон /2020.10.13/ өдрөөс хойш 2022 оны 02 дугаар сар хүртэлх хугацаанд байнгын эмнэлэгт эмчлүүлж байсан.

Үйлдвэрийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрмийн 2.1.2-т заасны дагуу байгууллагын удирдлагын шийдвэрийн дагуу ажлын томилолт аваад 2020 оны 10 дугаар сарын 12-13-ны өдрүүдэд Төв аймгийн Борнуур сумын Баянгол багт байрлах манай байгууллагын судалгаа шинжилгээний газарт албан томилолтоор очоод томилолтын хугацаандаа буюу 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдөртөө буцаж яваад осолд орсон. Ослын улмаас хөдөлмөрийн чадвараа 50 хувь алдсан байсан боловч 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэрийн дагуу хөдөлмөрийн чадвар алдалт 79 хувь болж тогтоогдсон.

Үйлдвэрийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрмийн 2.2-т “тэмдэглэл үйлдсэн байна” гэж зааснаас биш үйлдвэрийн осолд тооцохгүй байх зохицуулалт агуулагдаагүй байгаа юм.

Иймд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

            13. Гуравдагч этгээд Б.О*********-ын өмгөөлөгч О.Б********* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрэмд зааснаар хугацааны зөрчил, тэмдэглэгээний асуудлаас хамаарч үйлдвэрлэлийн ослыг судлан бүртгэх акт гаргахгүй гэх үндэслэл байхгүй. Өөрөөр хэлбэл хугацааны асуудал хариуцагч нарын тайлбар, асуултанд хариулсан байдал болон хэрэгт авагдсан баримтаас хугацаа зөрчигдөөгүй гэдэг нь тогтоогдож байна.

Байгууллагын удирдлагын шийдвэрээр томилолтоор явж, тухайн хугацаанд осолдсон асуудал байдаг. Хэдэн хүн явсан, хэд нь түрүүлж буцсан гэдгийг өнөөдөр бид яриад шийдэх боломжгүй. Хэргийн материалд цугларсан баримт ч байхгүй. Өөрөө өөртөө чөлөө өгсөн гэдэг зүйл ч байхгүй. Гэрчийн мэдүүлгээс харахад алга болсон хүнийг авч ирэх үүргийг дарга нь өгсөн, бусад архи уусан асуудал ч байдаг.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.5, 47.1.6-д заасан үндэслэл бий болсон гэж байна. Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн баталгаажуулсан акт гарснаар хариуцагчаас хууль бус үйлдэл, эс үйлдэхүйг гүйцэтгэхийг шаардсан байх ёстой. Гэтэл актаар тийм үйлдэл гүйцэтгэхийг шаардсан зүйл байхгүй. Мөн иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль болон Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрэмд зааснаар энэ актыг гаргах хууль зүйн үндэслэлүүд нь олгогдсон учраас нэхэмжлэлийн үндэслэлд дурдсан үндэслэл байхгүй. Илт хууль бус актад хамаарах агуулгад тус акт хамаарахгүй гэж үзэж байна. Илт хууль бус биш бол эргээд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйл рүү очих асуудал яригдана. Тус зүйл заалтад заасны дагуу тухайн актыг мэдсэнээс хойш баталгаажуулсан улсын байцаагчийн дээд шатны байгууллагад гомдол гаргах 30 хоног, тухайн гомдлыг шийдвэрлэсэн хариуг хүлээн зөвшөөрөхгүй бол шүүхэд нэхэмжлэл гаргах хууль зүйн боломжтой. Нэхэмжлэлд дурдагдсан илт хууль бус болох үндэслэл байхгүй учраас Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 зүйлд заасны дагуу хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлсэн нэхэмжлэл байна. Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэлийн хүрээнд хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудад үндэслэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. 

  1. Хариуцагч У********* хүрээлэнгийн Үйлдвэрлэлийн ослыг судлан бүртгэх комиссийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлсэн боловч хариуцагчийн зөвшөөрлийг батлах нь тус хэргийг гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөж байх тул хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн болно.
  2. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2.”Ажил олгогч нь үйлдвэрлэлийн осол, хурц хордлого гарах бүрд Засгийн газраас тогтоосон журмын дагуу осол, хурц хордлогыг тогтоох, судлан бүртгэх үүрэгтэй бөгөөд осол, хурц хордлогын шалтгааныг тогтоох акт, дүгнэлт гаргах үүрэг бүхий орон тооны бус байнгын комиссыг байгуулж ажиллуулна.”, 29.3.”Энэ хуулийн 29.2-т заасны дагуу гаргасан үйлдвэрлэлийн ослын актыг хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч, хурц хордлогын дүгнэлтийг хөдөлмөрийн эрүүл ахуйн хяналтын улсын байцаагч тус тус хянана.”, 29.4.”Энэ хуулийн 29.3-т заасан ослын акт, хурц хордлогын дүгнэлтийг хянасан улсын байцаагч дараахь шийдвэрийн аль нэгийг гаргана:”, 29.4.1.”ослын акт, хурц хордлогын дүгнэлтийг зөвшөөрч баталгаажуулах;” гэж заажээ.

Хуулийн дээрх зохицуулалтын дагуу У********* хүрээлэнгийн захирлын 2020 оны 10 дугаар сарын 20-ны өприйн А/15 дугаар тушаалаар байгуулагдсан орон тооны бус комисс 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Б.О*********, Д.М*********, У.А********* тус бүрт акт үйлдэж, үйлдвэрлэлийн осолд орсон болохыг тогтоосныг Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч Л.Э********* зөвшөөрч баталгаажуулжээ.

3. Нэхэмжлэгч тус актуудыг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.5.”хууль бус үйлдэл, эс үйлдэхүйг гүйцэтгэхийг шаардсан;”, 47.1.6.”иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй;” гэж зааснаар илт хууль бус болохыг тогтоолгохоор нэхэмжлэл  гаргажээ. 

3.1 Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.5-д зааснаар захиргааны актыг илт хууль бусад тооцох нөхцөл нь тухайн захиргааны акт гарснаар бусдыг хууль бус үйлдэл гүйцэтгэхийг шаардсан болох нь илэрхий байх, хууль бус болох хэн ч харсан ойлгомжтой байх учиртай.

Гэвч хариуцагч У********* хүрээлэнгийн Үйлдвэрлэлийн ослыг судлан бүртгэх комисс  2020 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Б.О*********, Д.М*********, У.А********* нар томилолтоос буцаж явахдаа Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт Ар гүнтийн замд авто осолд орсныг үйлдвэрлэлийн ослын хүнд зэрэгт хамааруулж, үйлдсэн актыг хуульд заасан эрхийнхээ дагуу гаргасан, тус актыг ямарваа хэлбэрээр бусдыг бус үйлдэл, эс үйлдэхүй гүйцэтгэхийг шаардсан гэх үндэслэл тогтоогдохгүй байна. 

3.2 Дээр дурдсан хууль, тогтоомжоор хариуцагч Үйлдвэрлэлийн ослыг судлан бүртгэх комисст акт дүгнэлт гаргах, хариуцагч улсын байцаагчид тухайн актыг баталгаажуулах эрхийг олгосон тул хариуцагч нарыг бусдын ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй гэж үзэхгүй.

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.”Засгийн газар нь дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:”, 21.1.8.”үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрмийг батлах;”, Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрмийн 2.1.”Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 4.1-д заасан хөдөлмөр эрхлэгч иргэн үйлдвэрлэлийн осол, хурц хордлогод дараах тохиолдолд өртсөний улмаас гэмтсэн, өвчилсөн, эсхүл амь насаа алдсан бол акт тогтооно:”, 2.1.2.“ажил олгогч болон эрх бүхий бусад байгууллагаас гаргасан шийдвэрийн дагуу албан томилолтоор буюу дайчилгаагаар ажил, үүргээ гүйцэтгэж байх үед;”, 2.2.”Хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны горимыг санаатай зөрчсөн болон согтууруулах ундаа мансууруулах бодис хэрэглэсний улмаас осолд өртсөн, гэмт хэрэг үйлдэх үед өөрийн биед гэмтэл учруулсан нь нотлогдсон тохиолдолд орон тооны бус байнгын комисс нь үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэсэн актад энэ тухай тусгайлан тэмдэглэнэ.” гэж заажээ. 

У********* хүрээлэнгийн ажилтнууд Төв аймгийн Борнуур суманд байрлах байгууллагын судалгаа шинжилгээний газарт томилолтоор ажилласан бөгөөд ажилтнууд буцахад Б.О*********, Д.М*********, У.А********* нар үлдэн согтууруулах ундааны зүйл хэрэглэж, улмаар буцах замдаа авто осолд орсон болох нь тогтоогджээ. 

Гэвч дээр дурдсан дүрмийн заалт нь согтууруулах ундаа хэрэглэсний улмаас осолд өртсөнийг үйлдвэрлэлийн осолд тооцохгүй байх агуулгагүй харин согтууруулах ундаа хэрэглэсний улмаас осолд өртсөн нь нотлогдсон тохиолдолд актад энэ тухай тусгайлан тэмдэглэх зохицуулалт юм.

Мөн дээрх дүрмийн 2.1.2-т албан томилолтоор ажил, үүргээ гүйцэтгэх явцад үйлдвэрлэлийн осолд өртсөн бол акт тогтоохоор заасан бөгөөд гуравдагч этгээдүүд байгууллагаас гаргасан шийдвэрийн дагуу томилолтоор ажиллаад буцах замдаа осолд орсныг үйлдвэрлэлийн осолд тооцсон актыг буруутгах үндэслэлгүй тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...томилолтоор ажилтнууд буцсанаар томилолт дууссан, эдгээр ажилтнууд сайн дураараа үлдэж, согтууруулах согтууруулах ундаа хэрэглэсний улмаас осол гарсан нь үйлдвэрлэлийн осолд тооцохгүй байхад дүрмийн 2.2-т зааснаар тусгайлан тэмдэглээгүй, осолдогч нарын буруутай үйлдлээс шалтгаалж осол гарсан нь үйлдвэрлэлийн осолд тооцохгүй байх үндэслэлтэй …” гэх үндэслэлийг хүлээн авах боломжгүй гэж үзлээ.

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч Л.Э********* үйлдвэрлэлийн осолд тооцсон актуудыг хүлээн авч 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдөр баталсан нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.4.1-д заасанд нийцсэн байна. 

4.Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрмийн 3.8.”Комисс нь үйлдвэрлэлийн осол, хурц хордлого гарснаас хойш 48 цагийн дотор судлан бүртгэх бөгөөд акт үйлдэн комиссын дарга, гишүүд гарын үсэг зурж, байгууллагын тамга, тэмдэг дарсан байна.”, 3.9.”Ажил олгогч үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан  бүртгэж дууссанаас хойш ажлын 3 өдөрт багтаан холбогдох актыг хөдөлмөрийн болон хөдөлмөрийн эрүүл ахуйн хяналтын улсын байцаагчид хүргүүлнэ.”, 3.10.”Үйлдвэрлэлийн ослыг судлан бүртгэсэн актыг хөдөлмөрийн хяналтын, хурц хордлогыг судлан бүртгэсэн актыг хөдөлмөрийн эрүүл ахуйн хяналтын улсын байцаагч ажлын 5 хоногт багтаан тус тус хянан баталгаажуулна.”, 3.16.”Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогын улмаас ажилтны эрүүл мэндэд хүнд гэмтэл, бэртэл учирсан, нас барсны улмаас мэргэжлийн байгууллагын шинжилгээ, магадлагаа шаардлагатай бол ажлын 21 хоногийн дотор судлан бүртгэнэ.” гэж үйлдвэрлэлийн ослыг бүртгэх, баталгаажуулах хугацааг заасан нэхэмжлэгч нь дээрх хугацаа зөрчигдсөн гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарлаж байгааг хүлээн авах үндэслэлгүй байна. 

Учир нь нэхэмжлэгч өөрийн хүсэл, зоригийн үндсэн дээр захиргааны актыг илт хууль бусад тооцуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан учир хөөн хэлэлцэх хугацааны асуудлыг дүгнэх шаардлагагүй бөгөөд үйлдвэрлэлийн осолд тооцсон захиргааны актыг дүрэмд заасан хугацаанд гаргаж, батлуулсан эсэх нь тус актыг илт хууль бусад тооцох үндэслэлд хамаарахгүй.

Хэдийгээр хугацааг зөрчсөн нь захиргааны актыг илт хууль бусад тооцох үндэслэл болохгүй ч үйлдвэрлэлийн осолд тооцсон зам тээврийн осол нь 10 дугаар сарын 13-ны өдөр гарсан бөгөөд Үйлдвэрлэлийн ослыг судлан бүртгэх комиссыг мөн сарын 20-ны өдөр байгуулж, тус комисс 11 дүгээр сарын 11-ний өдөр гарсан нь дээр дурдсан дүрмийн 3.16-г зөрчсөн гэж үзэхээргүй байна.

Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3 дахь хэсгийн 106.3.14 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.5, 47.1.6, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.8, 29 дүгээр зүйлийн 29.2, 29.3, 29.4.1-д заасныг тус тус баримтлан У********* хүрээлэнгээс Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч Л.Э*********, У********* хүрээлэнгийн Үйлдвэрлэлийн ослыг судлан бүртгэх комисст тус тус холбогдуулан “2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн Б.О*********, Д.М*********, У.А********* нарын Үйлдэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэсэн актыг илт хууль бус болохыг тогтоолгох” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай. 
  2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй. 

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                           Н.ДАМДИНСҮРЭН