Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 09 сарын 03 өдөр

Дугаар 104/ШШ2021/00257

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Бадрах  даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: ............................ тоотод оршин суух, ******* овогт Д.Н /РД:................./-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: ............................ тоотод оршин суух, ******* овогт З.А /РД:................./,

Хариуцагч: ............................ багт оршин суух, ******* овогт Ц.Ц /РД:................./ нарт холбогдох

5 500 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Д.Н, өмгөөлөгч *******,

Хариуцагч З.Агийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, өмгөөлөгч *******/цахимаар/,

Хариуцагч Ц.Ц,

Гэрч Ц.М, З.Т,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Уранзаяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: З.А 2021 оны 03 дугаар сарын 17-ны өдөр над руу утсаар ярьж трактор худалдаж авах гэсэн юм. Миний интернэт банк болохгүй байна. Чи түр мөнгө зээлээч ээ, хэд хоногоос интернэт банк хэвийн болохоор буцаагаад явуулъя гэсэн. Тэгээд би чам руу мэссежээр дансны дугаар явуулъя гэсний дагуу 5 500 000 төгрөгийг Ц гэх хүний данс руу шилжүүлсэн. Би 5 500 000 төгрөгийг З.Ад зээлсэн. Би хүнд буцалтгүй тусламж болгож ийм их хэмжээний мөнгө өгөхөөр мөнгөтэй хүн биш. Ц гэх хүнийг огт танихгүй, Аг хэлсэн болохоор түүний дансанд 5 500 000 төгрөг орсон. Иймд хариуцагч нараас 5 500 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

           

          Хариуцагч З.А, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид нар ах, дүү хүмүүс юм. Анхнаасаа Д.Нтэй гэрээ хэлцэл байгуулаагүй. Д.Н нь З.Аг дэмжиж, туслах зорилгоор 5 500 000 төгрөг өгсөн. Тэгэхээс буцааж өгнө гэх зүйл огт яригдаагүй. Мөнгө өгсөн асуудал нь ах, дүү нарын хооронд үүссэн харилцаа гэж үзэж байна. Агийн дүү З.Т нь Д.Нтэй хамт амьдарч байсан бөгөөд уг мөнгийг тусламжийн зорилгоор өгсөн. З.А нь 5 500 000 төгрөгийг авъя гэж хэлээгүй. Энэ мөнгийг хүлээж авсан зүйл ч байхгүй. Д.Н нь ах, дүү нарын харилцаатай учир бие биедээ туслах зорилгоор трактор авахад нь 5 500 000 төгрөгийг буцалтгүй тусламжаар өгсөн, өмнө нь ч Ад туслана гэж хэлж байсан байдаг. З.А нь 5 500 000 төгрөгийг буцааж өгөх үүрэг хүлээгээгүй бөгөөд уг мөнгийг буцааж өгөх ямар ч үндэслэл байхгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Тухайн үед буцалтгүй тусламж гэж өгсөн байж Тг шүүхэд гэр бүлийн маргаанаа шийдвэрлүүлэхээр хандсаны дараа З.Ад мөнгө зээлсэн гэж байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна гэв.

 

          Хариуцагч Ц.Ц шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би хавар пад трактор зарах гээд фейсбүүк хаягт зар тавьсан. Зарын дагуу З.А гэх хүн утсаар ярьж пад тракторыг чинь авъя гэж хэлсэн. Тэгээд өөр хүн асуувал хүнд зарсан гэж хэлээрэй гэсэн. Тэгээд би трактороо 5 500 000 төгрөгөөр З.Ад зарсан. Би тухайн үед З.А гэх хүнтэй утсаар ярьж трактороо зарсан. Д.Н гэх хүнтэй огт холбогдоогүй. Тухайн үед миний данс руу 5 500 000 төгрөг явуулсан хүнийг З.А л гэж бодсон. Надаас мөнгө нэхэмжлээд байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

 

          Гэрч Ц.М шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Д.Нг Солонгос улсаас ирээд тусгаарлалтад байх хугацаанд нь З.А яаралтай мөнгө шилжүүлээч гэж хэлээд мөнгө авсан. Би дүү Д.Нгээс энэ талаар сонссон. Би З.Тгийн ахтай зээлсэн мөнгийг нь нэхэж удаа дараа утсаар ярихад би мөнгө аваагүй гэх зэргээр уурлаж байсан. Д.Н нь надад З.Тгийн ахад 5 500 000 төгрөгийг 2-3 хоногийн хугацаатай зээлсэн гэж хэлсэн. Надад энэ талаар 4 дүгээр сард хэлсэн. Би мөнгө зээлж авсныг нь мөнгө өгснийг нь харсан зүйл байхгүй гэв.

 

          Гэрч З.Т шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Тухайн үед Д.Н нь миний төрсөн ах З.Ад 5 500 000 төгрөгийг буцалтгүй тусламжийн зорилгоор ах, дүү нарын харилцаан дээр үндэслэн өгсөн. Энэ нь бидний дундын хөрөнгө юм. Бид хамтран амьдарч байх хугацаанд миний оролцуулсан мөнгө байгаа учир дундын хөрөнгө гэж үзэж байна. Манай ах З.А нь тракторыг 5 500 000 төгрөгийг авсан. Гэхдээ энэ мөнгийг Д.Н нь буцалтгүй тусламжийн зорилгоор өгсөн. Тухайн үед Д.Н нь туслах зорилгоор З.Атай утсаар ярьж байсан. Би тухайн үед З.Агийн хажууд байсан. Д.Н тухайн үед манай аавыг нас барсны дараа Монгол улсад очихоороо манай ахад тусална гэж хэлсэн. Энэ мөнгийг шилжүүлсний дараа Д.Н нь надад  буцалтгүй тусламж болгож өгсөн гэдгээ надад хэлж байсан гэв.

           

Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад:

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Н нь хариуцагч З.А, Ц.Ц нарт холбогдуулан 5 500 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

2021 оны 03 дугаар сарын 17-ны өдөр З.А, Ц.Ц нар нь трактор худалдах, худалдан авахаар харилцан тохиролцсон, энэ гэрээний хүрээнд Д.Н нь З.Агийн утсаар тракторын төлбөр шилжүүлэх талаар хэлсний дагуу Ц.Цд тракторын төлбөр 5 500 000 төгрөгийг шилжүүлсэн, уг төлбөр төлөгдсөний дараа З.А нь Ц.Цоос 5 500 000 төгрөгөөр үнэлэгдсэн тракторыг өөрийн өмчлөлд хүлээн авсан гэх үйл баримт зохигчийн маргаагүй байдлаар тогтоогдсон байна.

Нэхэмжлэгч нь тракторын үнэд төлсөн 5 500 000 төгрөгийг З.Ад зээлсэн, хариуцагч З.А нь миний өмнөөс төлсөн 5 500 000 төгрөгийг Д.Н нь буцалтгүй тусламж болгож өгсөн, мөн дээрх мөнгийг хүлээн аваагүй, хариуцагч Ц.Ц нь З.Ад трактороо зарж, мөнгийг нь авсан учир Д.Нгийн нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж тус тус харилцан эсрэг мэтгэлцээний байр суурийг илэрхийлжээ.

Шүүхийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

 

Д.Н нь З.Агийн төлөх ёстой төлбөр 5 500 000 төгрөгийг Ц.Цд шилжүүлсэн үйлдэл нь зээлийн гэрээний, түүнчлэн буцалтгүй тусламж буюу бэлэглэлийн гэрээний хүрээнд хийгдсэн болохыг зохигчид Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6, 25, 38 дугаар зүйлд заасан үүргийнхээ хүрээнд нотолж чадаагүй.

Гэрч З.Т нь ... Д.Н бид хоёр хамтран амьдарч байсан бөгөөд манай ах З.Ад туслах зорилгоор Д.Н 5 500 000 төгрөгийг буцалтгүй тусламж болгон өглөө гэж надад хэлж байсан ... гэх мэдүүлгийг шүүх хуралдааны явцад өгсөн боловч түүний мэдүүлэг өөр баримттай уялдаа бүхий байдлаар нотлогдоогүй. Гэрч Ц.М нь ... Д.Н нь З.Ад мөнгө зээлсэн, үүнийгээ нэхэж байсан ... гэж мэдүүлсэн ч мөнгө зээлсэн гэх цаг хугацаанд тухайн харилцааг бодитоор үзэж хараагүй тул гэрчүүдийн мэдүүлгийг үнэн зөв гэж авч үзэх үндэслэлгүй гэж үзэв.

Иргэний хуулийн 39, 186, 189 дүгээр зүйлд зааснаар хүсэл зоригоо харилцан чөлөөтэй байдлаар урьдчилж илэрхийлэн эрх, үүрэг үүсгэсэн ямар хэлцэл, гэрээг Д.Н, З.А нар байгуулсан болох нь тогтоогдохгүй, энэ талаар харилцан эсрэг байр суурийг илэрхийлсэн нь нотлогдоогүй тул тэдгээрийн хооронд гэрээний чөлөөт байдлын хүрээнд харилцан тэгш хүсэл зоригоо хүлээн авч тохиролцсон үүргийн харилцаа үүсээгүй гэж дүгнэж байна.

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт зааснаар талуудын хооронд үүрэг үүсээгүй байхад Д.Н нь З.Агийн төлөх ёстой төлбөрт 5 500 000 төгрөгийг Ц.Цд төлсний дагуу З.А нь трактортой болж дээрх төлбөр 5 500 000 төгрөгөөр үндэслэлгүй хөрөнгөжсөн байна. Иймд хариуцагч З.Агаас 5 500 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Нд олгох нь зүйтэй.

Харин хариуцагч Ц.Ц нь Д.Нгээс З.Агийн төлөх ёстой төлбөрийг хүлээн авсан ба Д.Нгийн мөнгө шилжүүлсэн үйлдэлтэй шалтгаант холбоотой үйлдэл хийгээгүй учир түүнд холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгов.

Хариуцагч З.А нь нэхэмжлэгчээс 5 500 000 төгрөгийг өөртөө хүлээн аваагүй гэж мэтгэлцэж байгаа боловч Д.Нд хандаж гаргасан тракторын төлбөр шилжүүлэх талаарх үйлдэлтэй нь шалтгаант холбоотойгоор нэхэмжлэгч нь түүний өмнөөс мөнгөн төлбөрийн үүргийг төлж барагдуулсан байна. Гэрч З.Т нь манай ахад өгсөн 5 500 000 төгрөг нь Д.Н бид хоёрын дундын эд хөрөнгө гэж мэдүүлсэн нь энэ хэргийг шийдвэрлэхэд хамааралгүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Нийт өгсөн дүгнэлтийн хүрээнд үүргийн харилцаа үүсээгүй байхад бусдад төлөх төлбөрөө нэхэмжлэгчээр төлүүлж, дээрх төлбөрөө эргүүлж нэхэмжлэгчид төлөлгүй үндэслэлгүй хөрөнгөжсөн байх тул хариуцагч З.Агаас 5 500 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, хариуцах үндэслэлгүй байх тул хариуцагч Ц.Цд холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгов.

 

            Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 102 950 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч З.Агаас 102 950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2,  116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

         

            1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч З.Агаас 5 500 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Нд олгож,

            нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагч Ц.Цд холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 102 950 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч З.Агаас 102 950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг заасугай.

 

 

 

                       

ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                       Т.БАДРАХ