Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 10 сарын 29 өдөр

Дугаар 210/МА2021/01577

 

Д.Н-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг  Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, шүүгч Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Налайх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн 104/ШШ2021/00257 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Д.Н-гийн нэхэмжлэлтэй, хариуцагч З.А-, Ц.Цэдэнсодном нарт холбогдох 5 500 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч З.А-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдолд үндэслэн шүүгч Д.Цогтсайхан илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Н-, нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Сарантуул, хариуцагч З.А-гийн өмгөөлөгч Г.Наранцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болдсайхан нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлага, тайлбартаа: З.А- 2021 оны 3 дугаар сарын 17-ны өдөр над руу утсаар ярьж “трактор худалдаж авах гэсэн юм. Миний интернэт банк болохгүй байна. Чи түр мөнгө зээлээч ээ, хэд хоногоос интернэт банк хэвийн болохоор буцаагаад явуулъя” гэсэн. Ингээд түүний зурвасаар явуулсан Ц.Цэдэнсодном гэх хүний данс руу 5 500 000 төгрөгийг шилжүүлсэн. Уг мөнгийг З.А-д зээлсэн. Ц.Цэдэнсодномыг танихгүй, З.А-г хэлсэн болохоор түүний дансанд 5 500 000 төгрөг шилжүүлсэн. Иймд хариуцагч нараас 5 500 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч З.А- хариу тайлбартаа: Бид ах, дүү хүмүүс юм. Д.Н-тэй гэрээ хэлцэл байгуулаагүй. Нэхэмжлэгч нь З.А-г дэмжиж, туслах зорилгоор 5 500 000 төгрөг өгсөн. Тэгэхээс буцааж өгнө гэх зүйл огт яригдаагүй. Мөнгө өгсөн асуудал нь ах, дүү нарын хооронд үүссэн харилцаа гэж үзэж байна. З.А-гийн дүү З.Түвшинзаяа нь Д.Н-тэй хамт амьдарч байсан бөгөөд уг мөнгийг тусламжийн зорилгоор өгсөн. Д.Н- нь 5 500 000 төгрөгийг буцаан авна гэж хэлээгүй бөгөөд уг мөнгийг буцааж өгөх ямар ч үндэслэл байхгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Тухайн үед буцалтгүй тусламж гэж өгсөн байж З.Түвшинзаяаг шүүхэд гэр бүлийн маргаанаа шийдвэрлүүлэхээр хандсаны дараа З.А-д мөнгө зээлсэн гэж байгаа нь үндэслэлгүй гэжээ.

Хариуцагч Ц.Цэдэнсодном шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би хавар пад трактор зарах гээд фейсбүүк хаягт зар тавьсан. Зарын дагуу З.А- гэх хүн утсаар ярьж “пад тракторыг чинь авъя, өөр хүн асуувал хүнд зарсан гэж хэлээрэй” гэсэн. 5 500 000 төгрөгөөр З.А-д трактораа зарсан. Д.Н- гэх хүнтэй огт холбогдоогүй. 5 500 000 төгрөг явуулсан хүнийг З.А- л гэж бодсон. Надаас мөнгө нэхэмжлээд байгааг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч З.А-гаас 5 500 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Н-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагч Ц.Цэдэнсодномд холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 102 950 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч З.А-гаас 102 950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэжээ.

 

Хариуцагч З.А-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтуудыг буруу үнэлсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаж чадаагүй. Гэрч З.Түвшинзаяа нь Д.Н- бид хоёр хамтран амьдарч байсан бөгөөд манай ах З.А-д Д.Н- нь 5 500 000 төгрөгийг буцалтгүй тусламж болгон өглөө гэж надад хэлж байсан гэх мэдүүлгийг шүүх хуралдааны явцад өгсөн боловч түүний мэдүүлэг өөр баримттай уялдаа бүхий байдлаар нотлогдоогүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. ...Хариуцагч З.А-гийн зүгээс төрсөн дүү З.Түвшинзаяа нь Д.Н-тэй 2014 оноос эхлэн хамтран амьдарч байсан талаар хэргийн оролцогч нар маргаагүй бөгөөд гэр бүлийн хувьд хамтын амьдралтай байсныг тогтоолгох, хамтын амьдралтай байсан үед бий болсон эд хөрөнгийг хуваалгах нэхэмжлэлтэй иргэний хэргийн хянан шийдвэрлэх ажиллагаа Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд явагдаж байгаа, иргэний хэрэг үүсгэсэн шүүгчийн захирамж хэрэгт авагдсан зэрэг нотлох баримтуудыг хуульд заасны дагуу үнэлээгүйгээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвзрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.3 дахь хэсэгт заасныг зөрчсөн. Мөн анхан шатны шүүх талуудын хооронд ямар эрх зүйн харилцаа үүссэнийг зөв тодорхойлоогүй, тэдгээрийн хооронд үүргийн харилцаа үүсээгүй гэж буруу дүгнэж хариуцагч З.А-г үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэж түүнээс 5 500 000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.

Нэхэмжлэгч Д.Н- нь Д.Ц-ын дансаар дамжуулж З.А-д тракторын мөнгийг шилжүүлэхдээ З.А-гийн төрсөн дүү З.Түвшинзаяатай гэр бүлийн хувьд хамт амьдарч байсан, хадам ахдаа тухайн гэр бүл туслах зорилгоор трактор авахад зориулж мөнгө шилжүүлсэн үйл байдал тодорхой ба хэрэгт авагдсан Хаан банк” ХХК-ийн 2021 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн дансны хуулга, гүйлгээний утгад “Nyamsuren” гэж бичигдсэн байгааг шүүх анхаарч үзэлгүй хэргийг шийдвэрлэсэн гэж үзэж байгаа тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч Д.Н- нь хариуцагч З.А-д холбогдуулан 5 500 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “уг мөнгөн хөрөнгийг дансаар хүлээн авсан” гэх үндэслэлээр Ц.Цэдэнсодномыг хамтран хариуцагчаар татан оролцуулсан байна. /хх1, 19/

 

Хариуцагч нарын хэн аль нь дээрх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч маргасан бөгөөд хариуцагч З.А-гийн хувьд “нэхэмжлэгчээс мөнгө хүлээн аваагүй, зээлээгүй, тэрээр надад туслах зорилгоор Ц.Цэдэнсодномоос худалдан авсан тракторын үнэ 5 500 000 төгрөгийг түүнд шилжүүлсэн, бидний хооронд иргэний эрх зүйн харилцаа үүсээгүй” гэх /хх 12, 49-50/, хариуцагч Ц.Цэдэнсодномын хувьд “З.А-д худалдсан тракторын үнэ 5 500 000 төгрөгийг өөрийн дансаар хүлээн авсан, өөр хүн шилжүүлснийг мэдээгүй” гэж тус тус тайлбарлажээ. /хх 31/

 

Хэргийн 4 дэх талд авагдсан Д.Н-гийн эзэмшлийн Хаан банкны 5690012310 тоот дансны хуулга, талуудын дээрх тайлбарыг харьцуулан үнэлбэл, хариуцагч Ц.Цэдэнсодном болон хариуцагч З.А-гийн хооронд трактор худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаж, уг үнийг нэхэмжлэгч Д.Н- хариуцагч Ц.Цэдэнсодномын дансанд шилжүүлсэн үйл баримт тогтоогдсон, талууд энэ талаар маргаагүй.

 

Иймд анхан шатны шүүх нэхэмжлэгч Д.Н-гээр гэрээний үнэ болох 5 500 000 төгрөг төлүүлсэн хариуцагч З.А-гаас 5 500 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх боловч уг үүргийн төрөлд хамаарах хуулийн зохицуулалтыг тайлбарлан зөв хэрэглээгүй байна. Энэ талаар зохигчид давж заалдах гомдол гаргаагүй боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар хэргийг хянан шийдвэрлэж буй шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүй хэргийг бүхэлд нь хянах эрхийн хүрээнд анхан шатны шүүхийн шийдвэрт дараах өөрчлөлтийг оруулав.

 

Тодруулбал, хариуцагч Ц.Цэдэнсодном нь хариуцагч З.А-д худалдсан өөрийн эзэмшлийн тракторын үнийг нэхэмжлэгч Д.Н-гээс хүлээн авсан байх тул түүнийг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т зааснаар энэ үндэслэл байхгүй учир үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэхгүй. Иймд түүнд холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

Хариуцагч З.А-гийн хариуцагч Ц.Цэдэнсодномд төлбөл зохих тракторын үнийг нэхэмжлэгч Д.Н- төлсөн байна. Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1 дэх хэсэгт “Хэн нэг этгээд өөр этгээдийн өр төлбөрийг сайн дураар өөрөө мэдэж буюу андуурч төлсөн бөгөөд ийнхүү өрийг төлснөөр үүрэг бүхий этгээд үүргээсэээ чөлөөлөгдсөн бол өрийг нь төлсөн этгээд тэр этгээдээр зардлаа нөхөн төлүүлэхээр шаардаж болно” гэж заасан.

Хуулийн дээрх зохицуулалтын дагуу нэхэмжлэгч Д.Н- нь З.А-гийн үүргийг биелүүлэхэд гарсан зардал буюу 5 500 000 төгрөгийг нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй. Нэхэмжлэгч болон хариуцагч З.А-гийн хооронд өр шилжүүлсэн буюу үүрэг шилжсэн гэж үзэх, хэлцэл хийсэн тухай баримт хэрэгт байхгүй байна. Иймд “хадам ахдаа туслах зорилгоор шилжүүлсэн мөнгийг буцаан төлөхгүй” гэх агуулгаар гаргасан хариуцагч З.А-гийн давж заалдах гомдол хууль зүйн үндэслэлгүй байна.

 

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад өөрчлөлт оруулж, хариуцагч З.А-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхихоор давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Налайх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн 104/ШШ2021/00257 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч З.А-гаас 5 500 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Н-д олгож, мөн хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасан үндэслэлгүй тул хариуцагч Ц.Цэдэнсодномд холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээн, хариуцагч З.А-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч З.А-гаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа урьдчилан төлсөн 102 950 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

                           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Ж.ОЮУНТУНГАЛАГ

                          

                           ШҮҮГЧИД                                                       Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

                                                                                                   Д.ЦОГТСАЙХАН