Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 10 сарын 01 өдөр

Дугаар 184/ШШ2021/02424

 

 

 

 

 

 

 

 

              

 
 

 

 

     2021              10           01                                               184/ШШ2021/02424

 

 

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Лхагвасүрэн даргалж, шүүгч Э.Амин-Эрдэнэ, А.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Б.Б нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: З. С -д холбогдох

 

нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд гутаагдсаныг сэргээж, мэдээг тараасан хэлбэр, хэрэгслээр залруулга хийхийг даалгах, гэм хорын хохирол 15.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М, иргэдийн төлөөлөгч Д.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Золжаргал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Б, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: ... 2017 оны 8 дугаар сарын 4-ний өдөр Баянгол дүүргийн 16-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Гандантэгчилэн хийдийн тамгын газрын байрны нэгдүгээр давхарт З.Стой хэрүүл маргаан үүсгэлээ гэж маргалдан зодолдож З.Сийн эрүүл мэндэд тархи доргилт, зүүн шанаанд зулгаралт, зүүн нүдний дээд зовхинд цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэх үйлдэлд холбогдуулан Баянгол дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтэст өргөдөл гарган мөрдөн байцаалтын ажиллагаа явуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар эрүүгийн хэрэг үүсгэгдэн шалгагдсан. Уг хэргийн мөрдөн шалгах ажиллагаа хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдаж, шаардлагатай гэрчүүдийн мэдүүлэг, камерын бичлэг зэрэг, хэрэгт ач холбогдол бүхий бүх нотлох баримтуудыг цуглуулан хавтаст хэргийн шүүхэд шилжүүлсэн. Шүүх хэргийг хянан шийдвэрлэж 2018 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 655 дугаартай Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолоор Б.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж шийдвэрлэсэн. Гэтэл З.С нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэгдэх ажиллагаа явагдаж, хэргийг эцэслэн шийдвэрлээгүй байхад миний нэр төр, алдар хүндийг гутаасан дараах худал мэдээлэл тарааж олон нийтийг төөрөгдөлд оруулсан. Үүнд:

 

1. 2017 оны 8 дугаар сарын 5-ны өдөр TIME.mn веб хуудсанд “Хамба лам З.С Гандантэгчилэн хийдийн лам зоджээ” гэх гарчиг бүхий нийтлэлд “Өчигдөр буюу 2017.08.04-ний өдөр “Монголын Их хүрээ” хийдийн хамба лам, зурхайч З.Сийг Гандантэгчилэн хийдийн лам зодсон хэрэг гарчээ. Тодруулбал, Гандантэгчилэн хийдийн хамба лам Чын туслах Н.Б З.С ламтай маргалдан, нүүр рүү нь цохиж гэмтээжээ”,

2. 2017 оны 8 дугаар сарын 7-ны өдөр ENE.mn веб хуудсанд “С: Б.Б лам орж ирээд л үгийн зөрүүгүй цохисон” гарчиг бүхий нийтлэлийн 10 дахь мөрнөөс эхлэн Тэгээд би цагдаагийн хөтөлбөрийг цуг уншаад зогсож байтал гаднаас Б.Б лам орж ирээд л үгийн зөрүүгүй цохисон”,

3. 2017 оны 8 дугаар сарын 6-ны өдөр NEWS.mn веб хуудсанд “Хамба З.С зодуулжээ” гэх гарчиг бүхий нийтлэлийн 3 дахь догол мөрөнд Д.Чын туслах  Б.Б ламд их гомдолтой байна. Намайг олон удаагийн үйлдлээр зодож байгаа. Жанрайсэгийн урд, сүсэгтэн олны өмнө нам цохиод, хэдэн жилийн өмнө ухаан алдуулаад унагаж л байсан. Тэрний өмнө арваад жилийн өмнө болж байна. Далай ламыг ирэх үеэр бас зодуулж тархиндаа гэмтэл аваад гурван жил эмчлүүлсэн”,

4. 2017 оны 8 дугаар сарын 8-ны өдөр SONIN.mn веб хуудсанд “С: Гандантэгчилэн хийдийн лам нар ёс зүйгүй байна” гэх гарчиг бүхий нийтлэлийн  1 дэх догол мөрөнд: Цагдаагийн хөтөлбөр рүү тонгойгоод хараад зогсож байтал гаднаас Б.Б лам орж ирээд үгийн солиогүй нударгалсан. Гарахад араас өшиглөсөн, хөөрөг, орхимж, малгай нарны шүхэр гээд авч явсан зүйлүүдийг маань гаргаж шидсэн”,

5. NTN” HD channel телевизед З.Сийн өгсөн 2 минут 14 секундын ярилцлагын 01 минут 05 секундээс 01 минут 45 секундэд “Олон удаагийн үйлдлээр зодож байгаа, энэ Жанрайсагын өмнө олон түмэн сүсэгтний өмнө намайг нам цохиод ухаан алдуулаад хэдхэн жилийн өмнө унагаж л байсан. Хамба ламтай нийлээд Далай ламыг ирэх үеэр хэдэн ч жил юм 10-аад жилийн өмнө болж байна. Тэрнээс болж тархи гэмтэж, гурван жил эмчлүүлж байсан. Тэгээд эд нар гандангийн нэр бариад л хэргээ хаачихдаг, бүр сурчихсан улсууд, бичлэгийн 02 минут 01 секундээс 02 минут 14 секундэд “Хамбын нарийн бичиг Б бол ерөөсөө тийм ойлголттой. Манай хамба бол ерөнхийлөгчийг ч танина, ерөнхий сайдыг ч танина, цагдаагийн бүх даргыг танина, Баянголыг бүгдийг танина, та нар яасан ч хамаагүй ердөө ийм ойлголттой олон жил бид нарыг дээрэлхэж дарамталж байна”,

6. “HTV” телевизэд З.С өгсөн 3 минут 19 секундын ярилцлагы 02 минут 10 секундээс 02 минут 24 секундэд “Энэ нэг удаагийнх нь биш би зүгээр ил хэлж байгаа нь энэ болохоос биш олон удаагийн үйлдлээр зодож байгаа. Энэ Жанрайсагын өмнө олон түмэн сүсэгтний өмнө намайг нам цохиод, ухаан алдуулаад хэдхэн жилийн өмнө унагаж л байсан”,

 

Миний алдар хүндийг гутаасан, шашны нэр хүндэд сөрөг нөлөө үзүүлэхээр дараах үйлдэл гаргасан. Үүнд:

 

1. 2017 оны 8 дугаар сарын 7-ны өдөр ENE.mn веб хуудсанд “С: Б.Б лам орж ирээд л үгийн зөрүүгүй цохисон” гэх гарчиг бүхий нийтлэлийн 13 дахь мөрөнд: “Төв гандангийн лам нар өөрсдөө ёс зүйгүй үйлдэл гаргалаа” гэх хуварга хүний алдар хүндэд зүй бусаар халдаж, лам гэдэг алдар хүндэд халдсан.

2. 2017 оны 8 дугаар сарын 6-ны өдөр NEWS.mn вэб хуудсанд “Хамба З.С зодуулжээ” гэх гарчиг бүхий нийтлэлийн 3 дахь догол мөрөнд “хамба Д.Чын туслах Б.Б ламд их гомдолтой байна. Гадныханд хөл алддаг мөртлөө өөрсдийн лам нараа алчих гээл байдаг”,

 

Ажил хэргийн нэр хүндэд халдаж, миний ажилладаг Монголын бурхан шашинтны төв Гандантэгчилэн хийдийн нэр хүндийг гутаасан дараах үйлдэл гаргасан. Үүнд:

 

1. 2017 оны 8 дугаар сарын 6-ны өдөр NEWS.mn веб хуудсанд “Хамба З.С зодуулжээ” гэх гарчиг бүхий нийтлэлийн 5 дахь догол мөрөндЦагдаад гомдол гаргахаар хэрэг үүсгэсэн болоод, эд нар удахгүй хаалгачихдаг. Бүр сурчихсан улс. Би эрүүгийн цагдаа дуудъя гэсэн. Эд нар дээрээ ерөнхийлөгч гээд хамаг том хүмүүсээр хамгаалуудаг. Ерөөсөө даварчихсан. Бид зодож болно, бидний муу үйлдлийг хамба бүгдийг хаадаг, хамгаалдаг. Бид яасан ч хамаагүй гээд ойлгочихсон. Хамбын нарийн бичиг Б бол ерөөсөө тэгээд ойлгочихсон. Манай хамба ерөнхийлөгч, ерөнхий сайдыг танина, та нарыг яасан ч хамаагүй гэсэн бодолтой биднийг олон жил дээрэлхэж, дарамталж байна”

2. 2017 оны 8 дугаар сарын 8-ны өдөр SONIN.mn веб хуудсанд С “Гандантэгчилэн хийдийн лам нар ёс зүйгүй байна” гэх гарчиг бүхий нийтлэлийн  1 дэх догол мөрөнд бусдад үлгэр дууриалал болж байх ёстой Бурхан шашны төв Гандантэгчилэн хийдийн лам нар өөрсдөө ийм ёс зүйгүй байна. Олон жилийн өмнө ч иймэрхүү зүйл гарч байсан”

3. “NTN” HD channel телевизед З.Сийн өгсөн 2 минут 14 секундын ярилцлагын 01 минут 46 секундээс 02 минут 01 секундэд “дээрээ ерөнхийлөгч хамаг том хүмүүсээр хамгаалуулдаг, ерөөсөө арга нь тэр, бүр даварчихсан, бид нар яасан ч болно бид нарын Хамба бүгдийг хаадаг бүгдийг хамгаалдаг гээд лам нар нь ойлгочихсон” гэх ярилцлага,

4. “HTV” телевизед З.С өгсөн 3 минут 19 секундын ярилцлагын 02 минут 24 секундээс 02 минут 45 секундэд “тэрний өмнө хамба ламтай нийлээд далай ламыг ирэх үеэр хэдэн ч жил юм 10-аад жилийн өмнө болж байна гурван жил эмчлүүлсэн тархийг минь гэмтээсэн. Тэгээд би нуугаад л яваад байдаг байсан. Арай хэрээс хэтэрч байна.”

 

Ийнхүү олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдээр дамжуулан Б.Б миний хийгээгүй үйлдлийг хийсэн болгож, нэр хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан худал мэдээлэл тараасанд гомдолтой байна. З.С нь нэр төр, алдар хүндийг гутаасан дээрх мэдээллийнхээ үнэн зөвийг нотолж чадаагүй. Миний нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндэд хууль бусаар санаатайгаар гэм хор учруулж Монголын ард түмэн сүсэгтэн олны өмнө тодорхой хэмжээний үүрэг хариуцлага хүлээсэн лам хуврага хүний ёс зүйг байж болох хамгийн дээд хэмжээгээр зөрчсөн тул нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд гутаагдсаныг сэргээж, мэдээг тараасан хэлбэр, хэрэгслээр няцаалт хийж залруулга хийхийг З.Сид даалгах шаардлага гаргаж байна ... сэтгэл санааны гэм хорын хохиролд 10.000.000 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 5.000.000 төгрөг нийт 15.000.000 төгрөгийг З.Соос нэхэмжилсэн боловч нэхэмжлэлийн энэ шаардлагаасаа татгалзаж байна ... гэжээ.

 

Хариуцагч З.С, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... миний бие 2017 оны 8 дугаар сарын 4-ний өдөр Баянгол дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтэст хандаж “Б.Бд зодуул”-сан тухай гомдлыг гаргасан. Уг гомдол нь тухайн үед үүссэн нөхцөл байдалд нийцсэн бодит мэдээлэл байсан тул хууль хяналтын байгууллага нь хүлээн авч эрүүгийн хэрэг үүсгэн, Б.Бг яллагдагчаар татан нэг жил гаруй хугацаанд шалгасан. Миний гаргасан дээрхи гомдлыг цагдаагийн байгууллага тухайн үедээ гэмт хэргийн шинжийг агуулсан гэж үзэж хүлээн авсан тул би болсон эх сурвалжид үндэслэн Б.Бгийн талаарх мэдээллийг зөвхөн “Зууны мэдээ” сонины Үндэсний мэдээллийн төвд зохих төлбөрөө төлж ярилцлага өгсөн. Түүнээс биш Б.Бд огт хамааралгүй асуудлаар түүний нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ мэдээллийг хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр тараагаагүй. Ийм ч учраас хийсэн мэдээлэлдээ няцаалт өгөх үндэслэлгүй гэж үзэж байна. Мөн нэхэмжлэлд дурдсан нэр бүхий сайтуудад хандаж мэдээлэл хийгээгүй болно. Хэвлэлийн хурлаар Б.Бд огт хамааралгүй асуудлаар ярьсан ба ярилцлагын үеэр Б.Бгийн нэрийг огт дурдаагүй. Ганцхан Б.Бд хамааруулаагүй, түүний зургийг ашиглаагүй, гандангийн лам нар болон хамба ламд хандсан агуулгатай мэдээллийг хийсэн. NTV телевизэд өгсөн ярилцлагад Б.Бгийн нэрийг огт дурдагдаагүй. Зууны мэдээ сонины газарт болон 2 телевизэд өгсөн ярилцлагын улмаас Б.Бгийн нийгэмд эзлэх байр суурь, нэр төрийн үнэлэмж алдагдсан, эрхэлж байсан ажлаасаа халагдсан, амьдралын эх үүсвэргүй болсон, сэтгэл санааны дарамтад орж, эрүүл мэнд болон сэтгэл зүйн байдлаар хохирсон, хор уршиг, үр дагаварт хүргэсэн ямар нэгэн үйл баримт өнөөдрийг хүртэл тогтоогдоогүй учир нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна.

Учир нь Б.Б 2000 оноос хойш одоог хүртэл тасралтгүй Д.Ч хамба ламын нарийн бичгээр ажиллаж байгаа болох нь хэргийн 75 дугаар талд авагдсан тодорхойлолтоор нотлогдоно. Шүүхийн шийдвэр гарсны дараа ч гэсэн төрийн ордонд ерөнхийлөгчийн ёслол, хүндлэлийн албан ёсны ажиллагаанд хамба ламыг төлөөлөөд оролцож байгаа нь нийгэмд эзлэх байр суурь нь алдагдаагүй болохыг нотолж байна. Цахим орчин нь одоо цагт чөлөөтэй болсон бөгөөд энэ асуудал хөндөгдсөнөөс хойш 4 жилийн хугацаа өнгөрсөн тул бараг мартагдсан. Ийм ч учраас хийсэн мэдээлэлдээ няцаалт өгөх үндэслэлгүй гэж үзэж байна. Мөн нэхэмжлэлд дурдсан нэр бүхий сайтуудад хандаж мэдээлэл хийгээгүй болно. Б.Б нь нэхэмжлэлд дурьдсан Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгагдах явцдаа лам хуваргынхаа ажлыг хэвийн хийгээд л явж байсан ... Иймд Б.Бгээс тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Иргэдийн төлөөлөгч Д.Г хэргийн үйл баримтад үнэлэлт өгч, бичгээр гаргасан дүгнэлтэд: Нэхэмжлэгч Б.Б 2017 оны 8 дугаар сарын 5-ны өдөр Стой ажил хэргийн талаар маргалдаад С телевизээр Бгийн талаар нэр хүнд, алдар хүндэд нь халдаж, худал мэдээлэл тараасан байна. Иймд хариуцагч З.С хэвлэл мэдээлэлд худал мэдээлэл тараасан учир гэм буруутай гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийн шаардлага хангагдана гэжээ.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын гаргасан тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч  Б.Б нь хариуцагч З.Сид холбогдуулан нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд гутаагдсаныг сэргээж, мэдээг тараасан хэлбэр, хэрэгслээр няцаалт, залруулга хийхийг даалгах, сэтгэл санаанд учирсан хохирол 10.000.000 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 5.000.000 төгрөг нийт 15.000.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэм хорын хохирол болох 15,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлээсээ татгалзжээ.

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргасан бол хэргийг хянан шийдвэрлэхэд оролцсон иргэдийн төлөөлөгч хариуцагч З.Сийг хэвлэл мэдээлэлд худал мэдээлэл тараасан гэм буруутай гэж үзэж, нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж дүгнэсэн байна.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг үгүйсгэж шийдвэрлэв.

  

Хариуцагч З.С 2017 оны 8 дугаар сарын 7-ны өдөр “ТВ9” телевизийн байр Үндэсний мэдээллийн төвд хэвлэлийн бага хурал хийлгэж, олон нийтийн NTN HD chanel, HTV телевизүүдэд ярилцлага өгчээ.

 

Үндэсний мэдээллийн төвд хийсэн хэвлэлийн бага хурлаар хариуцагчийн өгсөн мэдээлэл нь олон нийтийн мэдээллийн хэрэгслүүд болох телевиз, мэдээллийн цахим сайтуудаар өөр өөр гарчиг, тайлбартайгаар цацагдсан байна.

 

Тухайлбал мэдээ, мэдээллийн www.Newscafe.mn сайтад “З.С: Б лам намайг цохиж буй камерын бичлэг байгаа”, www.24tsag.mn сайтад “Их хүрээ хийдийн хамба лам З.С цагдаагийн байгууллагад хандана”, chuham.mn сайтад “З.С: Б лам орж ирээд л үгийн зөрүүгүй цохисон”, ikon.mn сайтад “З.С: Төв Гандангийн лам нар маш ёс зүйгүй үйлдэл гаргалаа”, www.dnn.mn сайтад “Их хүрээ хийдийн хамба лам З.С бусдад зодуулжээ”, www.iToim.mn сайтад “З.С: Ёс зүйг эрхэмлэдэг лам хүн зохисгүй үйлдэл гаргалаа”, www.news.mn сайтад “Хамба З.С зодуулжээ”, www.sonin.mn сайтад “З.С: Гандантэгчинлэн хийдийн лам нар ёс зүйгүй байна”, www.time.mn сайтад “Хамба лам З.Сийг Гандантэгчинлэн хийдийн лам зоджээ”, www.ene.mn сайтад “З.С: Б лам орж ирээд л үгийн зөрүүгүй цохисон” гэсэн гарчигтайгаар тус тус олон нийтэд мэдээлэгджээ.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дээрх мэдээ, мэдээлэлд үндэслэж хариуцагчийг нэхэмжлэгчийн нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан худал мэдээлэл тараасан буюу мэдээллийн хэрэгслээр дамжуулж “ ... би цагдаагийн хөтөлбөрийг цуг уншаад зогсож байтал гаднаас Б.Б лам орж ирээд л үгийн зөрүүгүй цохисон ...”, “ ... Д.Чын туслах  Б.Б ламд их гомдолтой байна. Намайг олон удаагийн үйлдлээр зодож байгаа. Жанрайсэгийн урд, сүсэгтэн олны өмнө нам цохиод, хэдэн жилийн өмнө ухаан алдуулаад унагаж л байсан. Тэрний өмнө арваад жилийн өмнө болж байна. Далай ламыг ирэх үеэр бас зодуулж тархиндаа гэмтэл аваад гурван жил эмчлүүлсэн ... “, “ ... гарахад араас өшиглөсөн, хөөрөг, орхимж, малгай нарны шүхэр гээд авч явсан зүйлүүдийг маань гаргаж шидсэн ... “, “ ... тэгээд эд нар Гандангийн нэр бариад л хэргээ хаачихдаг, бүр сурчихсан улсууд ... хамбын нарийн бичиг Б бол ерөөсөө тийм ойлголттой ... манай Хамба бол ерөнхийлөгчийг ч танина, ерөнхий сайдыг ч танина, цагдаагийн бүх даргыг танина, Баянголыг бүгдийг танина, та нар яасан ч хамаагүй ердөө ийм ойлголттой олон жил бид нарыг дээрэлхэж дарамталж байна ... “ зэргээр хэлж, нийтлүүлсэн нь нэхэмжлэгчийн нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутааж,  санаатайгаар гэм хор учруулсан гэж үзсэн байна.

Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байгаа татгалзал, тайлбартаа “ ... миний гаргасан гомдлыг цагдаагийн байгууллага тухайн үедээ гэмт хэргийн шинжийг агуулсан гэж үзэж хүлээн авсан тул би болсон эх сурвалжид үндэслэн Б.Бгийн талаарх мэдээлэлийг зөвхөн хэвлэлийн хуралд зохих төлбөрөө төлж ярилцлага өгсөн ... хэвлэлийн хурлаар нэхэмжлэгчид огт хамааралгүй асуудлаар ярьсан ба ярилцлагын үеэр Б.Бгийн нэрийг огт дурдаагүй ... түүний зургийг ашиглаагүй, гандангийн лам нар болон хамба ламд хандсан агуулгатай мэдээллийг хийсэн ... “ гэжээ.

 

Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын[1] 17 дугаар зүйлийн 1-д “Хэний ч хувийн болон гэр бүлийн амьдралд хөндлөнгөөс дур мэдэн буюу хууль бусаар оролцох ... нэр төр, алдар хүндэд нь хууль бусаар халдахыг хориглоно”, 2-т “Хүн бүр тийм оролцоо, халдлагаас хуулиар хамгаалуулах эрхтэй” хэмээн тунхагласан бөгөөд  Монгол Улсын Үндсэн хуульд хүний нэр төрийг аливаа хэлбэрээр доромжлохыг хориглож, нэр төр, алдар хүндийг хамгаалах үүргийг төр иргэнийхээ өмнө хүлээх, иргэн бүр хүний нэр төр, алдар хүнд, эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх үүргийг ёсчлон биелүүлэхийг заасан байдаг.

 

Тиймээс хүний үндсэн эрх, эрх чөлөө, халдашгүй, чөлөөтэй байх эрхийн нэг хэсэг нэр төр, алдар хүндийг хуулиар хамгаалах, зөрчигдсөн тохиолдолд сэргээн эдлүүлдэг байх нь олон улсын нийтлэг зарчим, Үндсэн хуулийн үзэл санаанд нийцэх юм.

 

Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.1 “Бусдын нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан этгээд түүнийгээ бодит байдалд нийцэж байгааг нотолж чадахгүй бол эд хөрөнгийн хохирол арилгасныг үл харгалзан, эдийн бус гэм хорыг мөнгөн болон бусад хэлбэрээр арилгах үүрэг хүлээнэ”, мөн хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2  “Иргэний нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан этгээд түүнийхээ үнэн зөвийг нотолж чадахгүй бол эрх нь зөрчигдсөн этгээдийн шаардлагаар уг мэдээг тараасан хэлбэр, хэрэгсэл, эсхүл өөр хэлбэр, хэрэгслээр няцаах үүрэг хүлээнэ гэж заасан.

 

            Хуульд заасан гутаасан мэдээсэн тараасан гэдэгт бодит байдалд нийцээгүй, хүнийг ёс суртахууны хэм хэмжээг зөрчсөн буюу буруу, шударга бус үйлдэл хийсэн гэх агуулгатай мэдээг тарааснаар иргэний нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндэд нөлөөлсөн, үнэлэмжийг доройтуулсан байхыг ойлгоно.

 

Хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн №655 дугаар цагаатгах тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 9-ний өдрийн №927 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2019 оны 01 дүгээр сарын 9-ний өдрийн №06 дугаар тогтоолоор нэхэмжлэгч Б.Б нь 2017 оны 8 дугаар сарын 4-ний өдөр Баянгол дүүргийн 16-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Гандантэгчэнлин хийдийн тамгын газрын байрны нэгдүгээр давхарт иргэн З.Стой хэрүүл маргаан үүсгэлээ гэж маргалдан зодолдож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэх эрүүгийн хэргийг шүүх хянан хэлэлцээд хэрэгт авагдсан нотлох баримтаар Б.Б нь хохирогч З.Сийг зодож тархи доргилт бүхий хөнгөн хохирол учруулсан нь нотлогдоогүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж шийдвэрлэжээ.

 

Тодруулбал тухайн үед нэхэмжлэгч Б.Б Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн тэргүүн, хамба лам, гавж Д.Чын нарийн бичгийн дарга, хариуцагч З.С нь Их хүрээ хийдийн хамба лам ажилтай байсан ба тэдний хооронд 2017 оны 8 дугаар сарын 4-ний өдөр Гандантэгчэнлин хийдийн тамгын газрын байрны нэгдүгээр давхарт маргаан үүсч, маргааны явцад зохигчид харилцан сөргөлдөх байдлаар бие биеэ түлхэх, зууралдах, эд зүйлийг шидлэх зэрэг зүй бус үйлдэл хийсэн нь Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт, 2018 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн №518 дугаартай прокурорын яллах дүгнэлт, гэрч Б.Ж мэдүүлэг, си ди-нд хийсэн үзлэгийн тэмдэглэл, хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр, хэргийн оролцогчдын гаргасан тайлбар зэргээр тогтоогдож байна.

 

Мөн нэхэмжлэгч Б.Б, хариуцагч З.С нар нь урьд өмнө нь мөн зодолдсон, бие махбодь эрүүл мэндэд гэмт учруулсан гэх гомдлыг цагдаагийн байгууллагад гаргаж, эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байсан талаар Баянгол дүүрэг дэх цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн албан бичиг, лавлагаа хэрэгт нотлох баримтаар авагджээ.

 

Хариуцагч З.Сийн 2018 оны 8 дугаар сарын 4-ний өдөр хэвлэлийн хурал зарлан хуралдуулсан, мөн телевизэд ярилцлага өгсөн нь дээрх үйл баримттай холбоотой байх бөгөөд хэвлэл мэдээллийн хэрэгсэлд ийнхүү олон хүмүүсийн дэргэд болсон үйлдэл, үйл хөдлөлийг өөрийн зүгээс дүрслэн ярьсан байдлаас үзэхэд түүнийг бодит байдалд нийцээгүй, худал мэдээлэл тараасан гэж үзэх боломжгүй юм.

 

Хүний эрх, эрхтэй холбогдох олон улсын суурь баримт бичиг болох Хүний эрхийн түгээмэл тунхаглалд “хүн бүр өөрийн үзэл бодолтой байх, түүнийгээ чөлөөтэй илэрхийлэх эрхтэй”, “хүн бүр эрх, эрх чөлөөгөө эдлэхдээ гагцхүү бусдын эрх, эрх чөлөөг зохих ёсоор хүлээн зөвшөөрч хүндлэх ... хуульчлан тогтоосноос өөр хязгаарлалтанд өртөгдөх ёсгүй” гэж, Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд иргэн хүн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх эрх чөлөөтэй болохыг заасан.    

 

Хариуцагчийн хэвлэлийн хурал, олон нийтийн NTN HD chanel, HTV телевизэд өгсөн ярилцлагын үеэр хэлсэн зүйл нь нэхэмжлэгчийг нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан шинжийг агуулаагүй, харин бодит байдалд үндэслэсэн, тодорхой шашны байгууллага, түүний удирдлага, нийгмийн хэсгийн талаар өөрийн байр суурь, үзэл бодлыг илэрхийлсэн үйлдэл гэж үзэхээр байна.

 

Тухайлбал хавтаст хэрэгт авагдсан үзлэгийн тэмдэглэлээр хариуцагч нь HTV телевизэд өгсөн ярилцлагадаа “ ... шууд зоддог, энэ нэг удаагийнх биш, би зүгээр ил хэлж байгаа нь энэ болохоос биш олон удаагийн үйлдлээр зодож байна ... “ гэж энэ ярилцлагынхаа үеэр нэхэмжлэгчийн нэрийг дурдаагүй, харин NTN HD chanel телевизэд өгсөн ярилцлагад “ ... бид хүн зодож болно, бид нарын хамба бүгдийг хаадаг, бүгдийг хамгаалдаг ... ингээд лам нар нь ойлгоцон ... хамбын нарийн бичиг Б бол хэзээд ийм ойлголттой ... “ гэсэн боловч яриандаа “бид”, “лам нар” гэсэн биеийн төлөөний үгийг ашиглаж, зөвхөн хувь этгээдийн талаар бус харин Гандантэгчэнлин хийдийн лам, удирдлагуудын үйлдэл, үйл ажиллагааг шүүмжилсэн агуулгаар ярилцлага өгчээ.

 

Мэдээллийн сайтуудад нийтлэгдсэн нийтлэл, мэдээлэл нь эх сурвалжийн хувьд бүгд нэг боловч мэдээлэл олон нийтэд өөр өөр тайлбар, гарчигтайгаар хүрсэн бөгөөд нэхэмжлэлд дурдсан ENE.mn сайтын “ ... Б.Б лам орж ирээд л үгийн зөрүүгүй цохисон. Энэ хэргийг би хуулийн байгууллагад бүгдийг өгсөн ... “, news.mn сайт “ ... хамбын нарийн бичиг Б ерөөсөө тэгээд ойлгочихсон ... “, sonin.mn сайтын “ ... Б.Б лам орж ирээд үгийн солиогүй нударгалсан ... “ гэсэн мэдээлэл, ярилцлагыг илт худал, хуурмаг мэдээлэл тараасан гэж үзэх үндэслэлгүй, нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд 2018 оны 8 дугаар сарын       4-ний өдөр үүссэн маргаанд үндэслэгдсэн ба үүгээр хариуцагчийг бодит байдалд нийцээгүй мэдээлэл тараасан гэж үзэх үндэслэлгүй.  

 

Мөн зарим мэдээллийн сайт тухайлбал time.mn сайт “... Б.Б З.С ламтай маргалдан нүүр рүү нь цохиж гэмтээжээ”, news.mn сайт “хамба З.С зодуулжээ” гэх зэргээр мэдээ, мэдээллийн гарчигаа нэрлэснийг хариуцагчийн бодит хүсэл зориг, үйлдэл гэж үзэх боломжгүй бөгөөд Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д зааснаар мэдээллийг нягталж шалгах, бодит байдлыг гуйвуулахгүй байх нь хэвлэл мэдээллийн хэрэгслийн хүлээх үүрэгт хамаарах юм.

 

Нөгөө талаар хариуцагчийн дээрх мэдээлэлтэй холбоотой нэхэмжлэгч Б.Бгийн нийгэмд эзлэх байр суурь, үнэлэмж буурсан, алдагдсан, санаа, сэтгэлийн дарамтанд орсон, эдийн болон эдийн бус аливаа хэлбэрийн хохирол амссан зэрэг нөхцөл байдал тогтоогдохгүй байх ба тэрээр Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн тэргүүн, хамба ламын нарийн бичгийн даргын ажил үүргийг өнөөг хүртэл гүйцэтгэж байгаа болох нь хавтаст хэрэгт авагдсан баримт, зохигчийн тайлбараар тогтоогдсон.  

 

Нэхэмжлэгч Б.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ “ажил хэргийн нэр хүндэд халдаж, миний ажилладаг МБШТ Гандантэгчилэн хийдийн нэр хүндийг гутааж байна” гэсэн боловч нэхэмжлэгчийг тухайн байгууллагыг төлөөлж нэхэмжлэл гаргасан гэж үзэхгүй ба хариуцагчийн үйлдэлтэй холбоотой  Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн ажил хэргийн нэр хүнд гутаасан гэх нэхэмжлэлийг тухайн байгууллага өөрөө, эсвэл эрх бүхий этгээдээр дамжуулан гаргах боломжтой.   

 

Хэргийг хянан шийдвэрлэхэд оролцсон иргэдийн төлөөлөгч дүгнэлтдээ хариуцагчийг худал мэдээлэл тараасан гэж дүгнэсэн боловч хариуцагчийн үйлдэлд нэхэмжлэгчийн нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаахад чиглэсэн шууд үг хэллэг, мэдээ, мэдээлэл агуулагдаагүй байхаас гадна бодит байдалд үндэслэж,  өөрийн үзэл бодлыг илэрхийлснийг хууль зөрчсөн гэж үзэхгүй. 

 

Нэхэмжлэгч нь хариуцагчид холбогдуулан сэтгэл санааны хохирол 10,000,000 төгрөг, өмгөөллийн хөлс 5,000,000 төгрөг нийт 15,000,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн энэ шаардлагаасаа татгалзсан байна.

 

            Иймд шүүх хариуцагч З.Сид холбогдох нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд гутаагдсаныг сэргээж, мэдээг тараасан хэлбэр, хэрэгслээр залруулга хийхийг даалгах, хохирол 15,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Б.Бгийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнтэй холбогдуулж улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 443,550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.    

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч З.Сид холбогдох нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд гутаагдсаныг сэргээж, мэдээг тараасан хэлбэр, хэрэгслээр залруулга хийхийг даалгах, хохирол 15,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Б.Бгийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 443,550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                          Ж.ЛХАГВАСҮРЭН

 

 

                                           ШҮҮГЧ                                              Э.АМИН-ЭРДЭНЭ

 

 

                                                                                                      А.ЭНХТӨР