Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 09 сарын 10 өдөр

Дугаар 101/ШШ2021/02642

 

 

 

 

 

 

 

    2021          09          10                                   101/ШШ2021/02642

 

 

 

                                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ганболд даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: “Г банк” ХХК-ийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: Т.Ц-д холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт нийт 15,929,278.27 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.М, хариуцагч Т.Ц, хариуцагчийн өмгөөлөгч Ч.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нандинцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Г банк” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Г банк нь Т овогтой Ц-тай 2016.12.22-ны өдөр ЗГ/КР/379892023649596 тоот гэрээгээр 7,000,000.00 төгрөгийн эрхтэй кредит картыг жилд бэлэн гүйлгээнд 42.0 %, бэлэн бус 24.0 %, хугацаа хэтрүүлсний 12.0 %, эрх хэтрүүлсний 24.0 % -ийн тус тус хүүтэйгээр, 24 сарын хугацаатай олгосон. Гэрээний хугацаа 2018.12.22-ны өдөр дууссан боловч төлбөрөө төлөлгүй, картын төлөлт, үлдэгдэл дараах байдалтай байна. Үүнд:

 

 

Олгосон/Бодогдсон

Төлсөн

Үлдэгдэл

Үндсэн төлбөр

14,250,000

7,280,000

6,970,000

Бэлэн гүйлгээний хүү

0.00

0

 

4,502,104.11

Бэлэн бус гүйлгээний хүү

4,502,104.11

Хугацаа хэтрүүлсний хүү

2,480,454.87

0

2,480,454.87

Эрх хэтрүүлсний хүү

1,876,719.29

0

1,876,719.29

Шимтгэл

200,000.00

100,000

100,000

Нийт

23,309,278.27

7,380,000

15,929,278.27

            Т.Цээс ЗГ/КР/379892023649596 тоот гэрээний үүрэгт 15,929,278.27 төгрөгийг гаргуулж, Г банканд олгуулж өгнө үү гэжээ.

 

            Нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.М нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Үндсэн зээлд 6 970 000 төгрөг, үндсэн хүүд 4 502 104.11 төгрөг, хугацаа хэтэрсэн хүүд 2 480 454.87 төгрөг, эрх хэтрүүлсэн хүүд 1 876 719.29 төгрөг, шимтгэл 100 000 төгрөг, нийт 15 929 278.27 төгрөг гаргуулна. Нэхэмжлэгч нь хариуцагчтай 2016.12.22-нд кредит картын гэрээг 7 саяын эрх нээж байгуулсан. Энд 24 сараар олгосон. 2018.12.22-нд гэрээний хугацаа дууссан тул зээлийн үлдэгдэл төлөгдөөгүй байна. Иймд уг төлбөрийг хариуцагчаас гаргуулж өгнө үү. Хэрэгт байгаа баримт дотор дансны хуулга байгаа. Энд авсан мөнгөн дээр гүйлгээний дүн тодорхой харагддаг. Зарлага нь авсан зээл, орлого нь буцаан төлсөн дүн юм. Банк нь хуулиар олгосон эрхийн дагуу хариуцагчтай гэрээ байгуулсан. Гэрээний 2-т зээлийн үндсэн нөхцөлийг заасан. 3-т хүү тооцох аргачлалыг заасан гэв.

 

            Хариуцагчийн өмгөөлөгч Ч.Б нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г банктай кредит картын гэрээ байгуулсан. Нэхэмжлэгч нь 14 250 000 төгрөгийн зээл олгосон гэж байна. Дансны хуулгаар 2016.12.20-нд үлдэгдэл 0 гээд хураамж 100 000 гээд 23-нд бэлэн бусаар 6 сая, мөн 500 000, 24-нд 100 000, 2017.1.16-нд 1 800 000 аваад 2017.1.16-нд үлдэгдэлгүй болсон байна. Төлөлт нь 5 сая, 1 700 000, 680 000 хийгдсэн байна. Үүний дараа 2017.1.16-нд 5 сая, 2017.2.21-нд 850 000, нийт 5 850 000 бэлэн бусаар гүйлгээ хийж зээлсэн байна. 2017.2.21-с хойш дан банкны хүү, нэмэгдүүлсэн хүү, эрх хэтрүүлсэн хүү гээд бодогдож ирсэн байна. Нэхэмжлэлд дурдаад байгаа 14 250 000 гэдэг нь үндэслэлгүй байна. 5 850 000 төгрөг авсан байна. Мөн гэрээнд хугацаа хэтрүүлсэн нэмэгдүүлсэн хүү, эрх хэтрүүлсэн нэмэгдүүлсэн хүү гэж нэхсэн байдгийг зөвшөөрөхгүй. Хариуцагч нь 5 850 000 төгрөгийг зөвшөөрнө.  Хүү бодоод байгаа үйлдэл нь Иргэний хуулийн 452-д заасан үндсэн хүүгийн 20 хувиас хэтрүүлэхгүйгээр нэмэгдүүлсэн хүү нэхэж болно, мөн 453-д энэ талаар хуульчилсан. Нэхэмжлэгч нь банк, зээлийн хуульд мөн энэ талаар заасан. Гэтэл эдгээр хуулийн заалтыг зөрчөөд гэрээн дотор хугацаа хэтрүүлсэн хүү, эрх хэтрүүлсэн хүү гэж хуульд заагаагүй үндэслэлээр хүү шаардсаныг зөвшөөрөхгүй. Иймд үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Сүүлд 5 850 000 төгрөг авахад өмнөх зээл бүрэн төлөгдсөн байна. Иймд үүнээс бодогдох ёстой. Хууль зөрчиж хийсэн хэлцэл нь хүчин төгөлдөр бус байна. 56-д зааснаар уг гэрээ хүчин төгөлдөр бус юм. Иймд 10 079 278 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

            Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч “Г банк” ХХК нь зээлийн картаар олгосон үндсэн зээлд 6,970,000 төгрөг, хүүд 4,502,104.11 төгрөг, хугацаа хэтрүүлсэн хүүд 2,480,454.87 төгрөг, эрх хэтрүүлсэн хүүд 1,876,719.29 төгрөг, шимтгэлд 100,000 төгрөг, нийт 15,929,278.27 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

            Хариуцагч Т.Ц нь зээлийн картын гэрээ байгуулсан талаар маргаагүй боловч 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр зээл бүрэн төлөгдсөн, улмаар үүнээс хойш 5,850,000 төгрөгийн зээл авсан бөгөөд гэрээ хүчин төгөлдөр бус тул сүүлд авсан зээлийг төлөхийг зөвшөөрнө, бусад хэсгийг зөвшөөрөхгүй гэж маргасан.

 

            Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

            Зохигчид 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдөр кредит карт эзэмшигчтэй байгуулах гэрээг 2 жилийн хугацаатай, 7,000,000 төгрөгийн эрхтэйгээр байгуулжээ. /хэргийн 7-8 дугаар тал/

 

            Нэхэмжлэгч нь уг гэрээний дагуу нийт 14,250,000 төгрөгийн зээл олгосон, энэ нь эрх хэтрүүлсэн үндэслэл болно гэж тайлбарласан бол хариуцагч нь зээл авсан боловч буцаан төлөлт хийгдэж, 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр зээл бүрэн төлөгдсөн, харин үүнээс хойш 5,850,000 төгрөгийн зээл авсан бөгөөд гэрээ нь хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус гэрээ тул хүү тооцох үндэслэлгүй гэж маргаж байна.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар зохигч өөрийн тайлбарыг өөрөө нотлох, холбогдох баримтыг шүүхэд гаргаж өгөх үүрэг хүлээж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцоно. Улмаар шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэж хэргийг хянан шийдвэрлэдэг.

 

            Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан зээлийн дансны хуулга нь ойлгомжгүй, тооцооны хувьд зөрүүтэй байна. Тодруулбал, 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс 23-ны өдөр, мөн 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн гүйлгээнүүд тооцооллын хувьд зөрүүтэй байна. Өөрөөр хэлбэл тодорхой нэг гүйлгээний эцсийн үлдэгдэл нь дараагийн гүйлгээний эхний үлдэгдэлтэй тохирохгүй байна.

            Нэхэмжлэгчийн төлөөлөгч нь энэхүү зөрүүтэй байгаа мөнгөн дүнг тайлбарлаж чадаагүй бөгөөд ийнхүү 2 гүйлгээний хооронд зээл олголт, эргэн төлөлтгүй байхад эхний үлдэгдлийг өмнөх гүйлгээний эцсийн үлдэгдлээс зөрүүтэйгээ тооцож байгаа үндэслэл тогтоогдохгүй байна.

            Иймд нэхэмжлэгчийн гаргасан дансны хуулганы баримтаар гүйлгээний тооцоог хийх боломжгүй бөгөөд харин зээл олгосон болон эргэн төлсөн тооцоог бүхэлд нь нэгтгэн тооцох шаардлагатай юм.

 

            Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д зааснаар гэрээний талууд гэрээг чөлөөтэй байгуулж, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлно.

 

            Гэрээний 2.1-д зааснаар карт эзэмшигч нь жилд 100,000 төгрөгийн шимтгэл төлөх бөгөөд гэрээний хугацаа 2 жил тул нийт 200,000 төгрөгийн шимтгэл тооцогджээ.

            Энд гэрээг 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдөр байгуулсан байх боловч гэрээ байгуулагдахаас өмнө буюу 20-ны өдөр 100,000 төгрөгийн шимтгэл тооцсон гүйлгээ бүртгэгдсэн байгаа нь үндэслэлгүй боловч нэгэнт гэрээний хугацаа дууссан байх тул шимтгэлийг 2 жилээр тооцох нь буруутгах зүйлгүй юм.

 

            Хариуцагчийн зээлийн дансны хуулганаас үзэхэд гэрээний хугацаанд нийт 14,250,000 төгрөгийн зээлийг бэлэн бус гүйлгээгээр авчээ. Гэрээний 2.1-д зааснаар 2 хувийн хүүг ямар нэг хугацаа заалгүй тооцохоор тохиролцсон байна. Тодруулбал, энэхүү хүүг сар, жилээр хэрхэн тооцох талаар тохиролцоогүй байх тул нэг удаа төлөх хүү гэж ойлгогдож айна.

            Үүнээс үндсэн хүүг тооцвол 285,000 /14,250,000*2%/ төгрөг юм.

            Түүнчлэн талууд гэрээгээр хүүг нэг удаа тооцохоор заасан, өөрөөр хэлбэл тодорхой хугацаагаар хүү тооцохоор тохиролцоогүй байх тул гэрээний хугацаа дууссанаас хойш хүү тооцох үндэслэлгүй.

 

            Нэхэмжлэлд дурдсанаар хугацаа хэтрүүлсэн хүү гэдэг нь агуулгын хувьд Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2-т заасан зохицуулалттай нийцэж байх тул хуулийн энэхүү заалтыг үндэслэн үндсэн хүүгийн 20 хувиар нэмэгдүүлсэн буюу хугацаа хэтрүүлсэн хүүг тооцох нь зүйтэй. Ийнхүү тооцвол 57,000 /285,000*20%/ төгрөг юм.

 

            Нэхэмжлэлд дурдсан эрх хэтрүүлсэн хүүгийн хувьд: Нэхэмжлэгч нь хариуцагчийг гэрээний хугацаанд гэрээнд заасан 7,000,000 төгрөгийн эрхийг хэтрүүлж, 14,250,000 төгрөгийн зээл авсан гэж тайлбарласан.

            Зээлийн карт нь нэг цаг хугацаанд 7,000,000 төгрөгийн зээл олгогдохоор нөхцөлтэй байх бөгөөд үүнийг нэхэмжлэгч буюу зээлдүүлэгч өөрөө зохицуулж, хязгаарлах ёстой.

            Мөн зээлийн дансны хуулганаас үзэхэд хариуцагч нь нэг цаг хугацаанд 7,000,000 төгрөгөөс илүү зээлийн төлбөртэй байсан гэж үзэх үндэслэлгүй байна.

            Түүнчлэн гэрээний нийт хугацаанд зээл авч, буцаан төлөлт хийх замаар авсан зээлийн нийт мөнгөн дүн нь зээлийн эрх хэтрүүлсэн гэж үзэх үндэслэл биш юм.

            Мөн зээлийн эрх хэтрүүлсэн хүү гэдэг нь Иргэний хуулийн 452, 453 дугаар зүйл, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлд тус тус нийцэхгүй. Иймд зээлийн эрх хэтрүүлсэн гэж хүү тооцох үндэслэлгүй.

 

            Хариуцагч, түүний өмгөөлөгч нь эрх хэтрүүлсэн хүү гэж гэрээнд зааснаар уг гэрээ хүчин төгөлдөр бус тул бүхэлдээ хүү тооцох үндэслэлгүй гэж тайлбарласан.

            Гэвч хэдийгээр дээрх эрх хэтрүүлсэн хүү гэдэг нь хууль зөрчсөн тохиролцоо гэж үзэхээр байх боловч Иргэний хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар зохигчийн хооронд байгуулагдсан гэрээг бүхэлдээ хүчин төгөлдөр бус гэж үзэхгүй.

           

            Дээрх үндэслэлээр хариуцагч нь гэрээний хугацаанд нийт 14,250,000 төгрөгийн зээл авч, уг зээлд 285,000 төгрөгийн хүү, 57,000 төгрөгийн нэмэгдүүлсэн хүү тооцогдсон байна.

 

            Нэхэмжлэл болон зээлийн дансны хуулганд зааснаар хариуцагч нь нийт 7,380,000 төгрөгийг зээлийн эргэн төлөлтөд төлсөн байх бөгөөд хариуцагч эргэн төлсөн төлбөрийн үнийн дүнгийн талаар маргаагүй.

 

            Эдгээрээс хариуцагчид зээлийн гэрээний дагуу үүссэн үүрэг болох 14,792,000 /14,250,000+285,000+57,000+200,000/ төгрөгөөс төлсөн төлбөр болох 7,380,000 төгрөгийг хасаж тооцвол 7,412,000 төгрөг юм.

 

            Иймд хариуцагчаас 7,412,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсэг болох 8,517,278.27 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

            Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

  1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2-т зааснаар хариуцагч Т.Цээс зээлийн гэрээний үүрэгт нийт 7,412,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “Г банк” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 8,517,278.27 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 237,598 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 130,342 төгрөг, Баянзүрх дүүргийн татварын хэлтсээс 2 төгрөг гаргуулж, тус тус нэхэмжлэгчид олгосугай.
  3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчин төгөлдөр болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш 14 хоног өнгөрөөгөөд түүнээс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                              Д.ГАНБОЛД