Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 11 сарын 15 өдөр

Дугаар 210/МА2021/01645

 

“г б” ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ч.Цэнд, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 101/ШШ2021/02642 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч “г б” ХХК-ийн хариуцагч Т.Ц-эд холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт нийт                                     15 929 278.27 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгч тал шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “г б” ХХК нь Т.Ц-тэй 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдөр ЗГ/КР/379892023649596 дугаартай “Кредит карт эзэмшигчтэй байгуулах гэрээ” байгуулсан. Уг гэрээгээр 7 000 000 төгрөгийн эрхтэй кредит картыг жилийн бэлэн гүйлгээнд 42 хувь, бэлэн бус гүйлгээнд 24 хувь, хугацаа хэтрүүлсний 12 хувь, эрх хэтрүүлсний 24 хувийн хүү тооцох нөхцлөөр 24 сарын хугацаатай олгосон. Гэрээний хугацаа 2018 оны 12 дугаар сарын 22-ны өдөр дууссан боловч төлбөрөө төлөөгүй. Картын төлөлт, үлдэгдэл төлбөрийн хувьд, үндсэн төлбөр 14 250 000 төгрөг, бэлэн бус гүйлгээний хүү 4 502 104.11 төгрөг, хугацаа хэтрүүлсний хүү 2 480 454.87 төгрөг, эрх хэтрүүлсний хүү 1 876 719.29 төгрөг, шимтгэл                        200 000 төгрөг, нийт 23 309 278.27 төгрөгөөс үндсэн төлбөрт 7 280 000 төгрөг, шимтгэлээс 100 000 төгрөг төлөгдсөн тул үлдэгдэл 15 929 278.27 төгрөгийг Т.Ц-ээс гаргуулж, “г б” ХХК-д олгуулж өгнө үү. Хэрэгт авагдсан дансны хуулгаар гүйлгээний дүн тодорхой харагддаг. Зарлага нь авсан зээл, орлого нь буцаан төлсөн дүн юм. Банк нь хуулиар олгосон эрхийн дагуу хариуцагчтай гэрээ байгуулсан. Гэрээний 2-т зээлийн үндсэн нөхцөл, 3-т хүү тооцох аргачлалыг тус тус заасан гэжээ.

 

Хариуцагч тал хариу тайлбартаа: г б” ХХК-тай кредит картын гэрээ байгуулсан. Нэхэмжлэгч нь 14 250 000 төгрөгийн зээл олгосон гэж байна. Дансны хуулгаар 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдөр үлдэгдэл 0 төгрөг, хураамж 100 000 төгрөг гээд мөн сарын 23-ны өдөр бэлэн бусаар 6 000 000 төгрөг, 500 000 төгрөг, 24-ний өдөр 100 000 төгрөг, 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр 1 800 000 төгрөг тус тус авсан. 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр үлдэгдэлгүй болсон байна. Төлөлт нь 5 000 000 төгрөг, 1 700 000 төгрөг, 680 000 төгрөг хийгдсэн байна. Үүний дараа 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр                                5 000 000 төгрөг, 2017 оны 02 дугаар сарын 21-ний өдөр 850 000 төгрөг, нийт 5 850 000 төгрөгийг бэлэн бусаар гүйлгээ хийж зээлсэн байна. 2017 оны 02 дугаар сарын 21-ний өдрөөс хойш зөвхөн банкны хүү, нэмэгдүүлсэн хүү, эрх хэтрүүлсэн хүү бодогдсон байна. Нэхэмжлэлд дурдсан 14 250 000 төгрөг гэдэг нь үндэслэлгүй, 5 850 000 төгрөг авсан байна. Мөн гэрээнд хугацаа хэтрүүлсэн нэмэгдүүлсэн хүү, эрх хэтрүүлсэн нэмэгдүүлсэн хүү гэж нэхсэн байдгийг зөвшөөрөхгүй. Хариуцагч нь 5 850 000 төгрөгийг зөвшөөрнө. Гэтэл гэрээнд хугацаа хэтрүүлсэн хүү, эрх хэтрүүлсэн хүү гэж хуульд заагаагүй үндэслэлээр хүү шаардсаныг зөвшөөрөхгүй. Иймд үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Сүүлд 5 850 000 төгрөг авахад өмнөх зээл бүрэн төлөгдсөн байна. Хууль зөрчиж хийсэн хэлцэл нь хүчин төгөлдөр бус байна. Иргэний хуулийн 56 дугаар зүйлд зааснаар уг гэрээ хүчин төгөлдөр бус юм. Иймд 10 079 278 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2-т зааснаар хариуцагч Т.Ц-ээс зээлийн гэрээний үүрэгт нийт 7,412,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “г б” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 8,517,278.27 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 237,598 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 130,342 төгрөг, Баянзүрх дүүргийн татварын хэлтсээс 2 төгрөг гаргуулж, тус тус нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн байна.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт гэрээний талууд гэрээг чөлөөтэй байгуулж, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлно гэж заасан. Гэрээний 3.5-д зээлийн эрх хэмжээг хэтрүүлсэн тохиолдолд хэтрүүлэн хэрэглэсэн дүнд зээлийн эрх хэтрүүлсэн хүүг сарын 2 хувиар тооцно гэж заасан. Энэ нь эрх хэтрүүлсэн хүүг тооцох үндэслэл болно. Анхан шатны шүүх 2 жилийн хугацаанд 2 хувийн хүүтэй мөнгө зээлдүүлсэн гэдэг дүгнэлт гаргасан байна. Нэхэмжлэгч нь гэрээний хүүг сараар тооцож авдаг ба гэрээний 3.1, 3.5-д зааснаар сар сардаа хүүг нь тооцож авдаг санааг илэрхийлсэн. Кредит карт эзэмшигчтэй байгуулах гэрээгээр жилийн бэлэн гүйлгээнд 42 хувь, бэлэн бус гүйлгээнд 24 хувь, зээлийн эрх хэтрүүлсэн нэмэгдүүлсэн хүү 24 хувь, хугацаа хэтрүүлсний 12 хувийн хүүтэй байдаг. Иймд шүүх гэрээний хүүг тооцохдоо буруу тооцсон байна. Мөн зээлийн дансны хуулга нь тооцооллын хувьд алдаагүй байна. Кредит картын хуулгаас үзэхэд 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн эцсийн үлдэгдэл нь 1 700 000 төгрөг харин доод талын хүснэгтийн эцсийн үлдэгдлийн хүснэгт дэх мөнгө нь доод хүснэгтийн эхний үлдэгдэлд орох байсан боловч 5 000 000 төгрөг гэж орж ирсэн. Энэ үед зээлдэгч 1 700 000 төгрөгийн орлого хийсэн ингэснээр данс дахь зээлийн төлөлт хийгдэж дүн нь 0 төгрөг болсон банкны системийн алдаанаас болж 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн орлого, зарлага нь дээр доор орж холилдсон учир ийм шийдвэр гарсан байна. Хуулганы орлого, зарлагаас үзэхэд энэ өдрийн 5 000 000 төгрөгийн орлого хийгдсэн. Үүний дараа 1 700 000 төгрөгийн орлого хийсэн ингээд дансны төлөлт 0 төгрөг, үүний дараа 5 000 000 төгрөгийн зарлага гарсан. Мөн 1 800 000 төгрөгийн зарлага тухайн өдөр гаргасны дараа 680 000 төгрөгийн орлого хийж 2017 оны 02 дугаар сарын 21-ний өдөр 850 000 төгрөгийн зарлага гаргасан байна. Иймд нийт зарлага нь 2017 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн эхний үлдэгдлээс харагдаж байна. Хариуцагч нийт 6 970 000 төгрөгийн үлдэгдэлтэй, шалгах явцад тооцооллын хувьд дээр доор орсон байна. Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагч Т.Ц-ээс зээлийн гэрээний үүрэгт нийт 15 929 278.27 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч “г б” ХХК нь хариуцагч Т.Ц-эд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн төлбөрийн үлдэгдэл 6 970 000 төгрөг, бэлэн бус гүйлгээний хүү 4 502 104.11 төгрөг, хугацаа хэтрүүлсний хүү 2 480 454.87 төгрөг, эрх хэтрүүлсний хүү  1 876 719.29 төгрөг, шимтгэл 100 000 төгрөг, нийт 15 929 278.27 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч зарим хэсгийг нь буюу 10 079 278 төгрөгт холбогдох хэсгийг эс зөвшөөрч маргажээ. /хх 1, 57/

 

Талууд 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдөр “Кредит карт эзэмшигчтэй байгуулах гэрээ” байгуулж, банкны зүгээс Т.Ц-эд 3798 920236 49596 тоот кредит картыг 2 жилийн хугацаагаар эзэмшүүлэх, зээлийн эрхийн хэмжээ 7 000 000 төгрөг байх, нэг жилийн хураамж 100 000 төгрөг байх, бэлэн бус гүйлгээний хүү 2 хувь, зээлийн эрх хэтрүүлсэн тохиолдолд 2 хувийн, хугацаа хэтрүүлсэн тохиолдолд 1 хувийн нэмэгдүүлсэн хүү тооцох нөхцөлийг харилцан тохиролцсон байна. /хх 7-8/

 

Анхан шатны шүүх талуудын хооронд байгуулсан дээрх гэрээний нөхцөлийг тайлбарлаж, хариуцагчийн гүйцэтгэвэл зохих үүргийг тодорхойлохдоо бэлэн бус гүйлгээний 2 хувийн хүүг “нэг удаа тооцохоор заасан” гэж дүгнэсэн нь буруу байна. Учир нь, гэрээний 3.1-д зээлийн хүү, шимтгэлийг сар бүрийн эхний долоо хоногт тооцохоор заасан байх тул гэрээний 2.1-д заасан 2 хувийн хүүг сар бүр тооцно гэж ойлгоно.

 

Харин зээлийн эрх болон хугацаа хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүүгийн тохиролцоог Иргэний хуулийн 201 дүгээр зүйлийн 201.1 дэх хэсэгт “Стандарт нөхцөлийг илэрхийлсэн үг хэллэгийн утга санаа ойлгомжгүй бол түүнийг санал хүлээн авагч талд ашигтайгаар тайлбарлана гэж заасны дагуу зээлдэгч талд ашигтайгаар тайлбарлаж тооцох үндэслэлгүй байна. Энэ талаар гаргасан нэхэмжлэгч талын давж заалдах гомдол хууль зүйн үндэслэлгүй.

 

Иргэний хуулийн 445 дугаар зүйлийн 445.7 дахь хэсэгт зааснаар төлбөр тооцооны гэрээгээр талууд төлбөр тооцоо гүйцэтгэх үйлчилгээний хөлс төлөхөөр тохиролцож болох талаар зохицуулсан тул жилийн хураамж гэх 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 100 000 төгрөгийг хариуцагч төлөх үүрэгтэй байна.

 

Хариуцагч нь дээрх гэрээний дагуу эзэмшиж буй кредит картын зээлийн эрхийн хэмжээнд 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдөр 6 000 000 төгрөг, мөн сарын 24-ний өдөр 500 000 төгрөг, 100 000 төгрөг, нийт 6 600 000 төгрөгийн бэлэн бус зарлага хийж, 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр 5 000 000 төгрөгөөр, 1 700 000 төгрөгөөр, нийт 6 700 000 төгрөгийн эргэн төлөлт хийжээ. /хх 46/ Үүнийг талууд гэрээгээр тохиролцсон нөхцөлийн дагуу зээл авснаас хойш 15 хоногийн дараа буюу 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрөөс эргэн төлөлт хийсэн, мөн сарын 16-ны өдөр хүртэлх 7 хоногийн 2 хувийн хүүг тооцоход 30 800 төгрөгийн хүү болон эрхийн хэмжээнд зээлж авсан 6 600 000 төгрөг, нийт 6 630 800 төгрөг төлөх үүрэгтэй байна. Иймд эргэн төлөлт 6 700 000 төгрөгөөс 6 630 800 төгрөгийг хасч тооцвол 69 200 төгрөгийг илүү төлсөн гэж үзнэ. 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр зээлдэгч нь 6 800 000 төгрөгийн бэлэн бус зарлагын гүйлгээ дахин хийснээс өмнөх илүү төлөлт 69 200 төгрөгийг хасахад 6 730 800 төгрөгийн үлдэгдэл төлбөртэй байна. 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс мөн сарын 16-ны өдөр хүртэл үндсэн зээлийн үлдэгдэл                 6 730 800 төгрөгийн хүү 71 786 төгрөг байна. Хариуцагчаас 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдөр 680 000 төгрөг төлж, мөн сарын 21-ний өдөр 850 000 төгрөгийн бэлэн бус зарлагын гүйлгээ нэмж хийсэн тул үндсэн зээлийн үлдэгдэл нийт 6 900 800 төгрөг байна. 2017 оны 03 дугаар сарын 08-ны өдрөөс 15 хоногийн 2 хувийн хүү 60 507 төгрөг, мөн сарын 08-ны өдрөөс 04 дүгээр сарын 08-ны өдөр хүртэлх 30 хоногийн 2 хувийн хүү 138 016 төгрөгийн хүү тус тус тооцогдож байна. Эдгээрийг нэгтгэн дүгнэвэл, хариуцагч Т.Ц- нь үндсэн зээлийн үлдэгдэл 6 900 800 төгрөг, зээлийн хүү 270 309 төгрөг, жилийн хураамж 100 000 төгрөг, нийт 7 271 109 төгрөгийг нэхэмжлэгч “г б” ХХК-д төлөх үүрэгтэй байна. /хх 47-48/ Хариуцагч нь 2017 оны 02 дугаар сарын 21-ний өдрөөс хойш бэлэн болон бэлэн бус зарлагын гүйлгээ хийгээгүй, гэрээний 2.1-д “Зээлийн эрхийн зарцуулалтыг хугацаандаа төлөөгүй тохиолдолд карт системд автоматаар хаагдах хугацаа 1 сар” гэж заасан байх тул нэхэмжлэгч нь 2017 оны 04 дүгээр сарын 08-ны өдрөөс хойш хүү шаардах эрхгүй байна.

 

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн гүйцэтгэвэл зохих үүрэг анхан шатны шүүхийн шийдвэрийн дүнгээс бага гарч байх боловч энэ талаар хариуцагч давж заалдах гомдол гаргаагүй учир талуудын диспозитив зарчимд нийцүүлэн шүүхийн шийдвэрийг үнийн дүнгийн хувьд хэвээр үлдээж, хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн                 167.1.2-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 101/ШШ2021/02642 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 445 дугаар зүйлийн 445.7, 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт тус тус зааснаар хариуцагч Т.Ц-ээс зээлийн гэрээний үүрэгт нийт 7 412 000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “г б” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 8 517 278.27 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж өөрчлөн бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч талаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 237 596.39 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.  

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

                      ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Ж.ОЮУНТУНГАЛАГ                                                                   

                                       ШҮҮГЧИД                                 Ч.ЦЭНД

 

                                                                                         Д.ЦОГТСАЙХАН