Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 09 сарын 17 өдөр

Дугаар 101/ШШ2021/02722

 

 

 

 

 

 

 

  2021          09          17                                   101/ШШ2021/02722

 

 

 

                                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ганболд даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Э.Э-ийн  нэхэмжлэлтэй, 

 

Хариуцагч: Л.У-д холбогдох,

 

Үндсэн зээл, түүний хүүд 19,200,000 төгрөг, алданги 9,600,000 төгрөг, нийт 28,800,000 төгрөг тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Я, хариуцагчийн төлөөлөгч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дөлгөөн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Э.Э нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2020 оны 10-р сарын 30-ны өдөр Л.У гэх хүн над дээр ирээд дэлгүүртээ бараа таталт хийсэн юм, мөнгийг нь удаахгүй төлбөл бонус гэж авдаг юм, үүнд мөнгө хэрэг болоод байна, буцаад удахгүй мөнгөтэй болох учир нийлүүлээд буцаагаад төлчихье, 20,000,000 төгрөг зээлээч гэсний дагуу түүнтэй харилцан ярьж тохиролцон 20,000,000 (хорин сая) төгрөгийг, 45 хоногийн хугацаатай, 8 хувийн хүүтэй, өдөр бүр 480,000 төгрөгийн эргэн төлөлт хийх нөхцөлтэйгөөр зээлж 4773 тоот зээлийн гэрээ байгуулж, нотариатчаар гэрчлүүлсэн юм. Гэрээ байгуулсан даруй нотариатын байранд мөнгөө нэг бүрчлэн тоолж нотариатчийн нүдэн дээр түүнд хүлээлгэн өгч акт үйлдэж авсан юм. Гэрээ байгуулснаас хойш төлбөрөө төлөхгүй байсан учир түүний дэлгүүрт үеэл дүүгийн хамт очсон боловч өөрөө байгаагүй, ээж нь гэх нэг хүн байсан. Тэр хүнээс түүний талаар асууж, зээлийн төлбөр мөнгөө төлөх ёстой, нэлээн олон хоног хэтрүүллээ гэж хэлэхэд ээж нь дэлгүүрээ хаяад арын хашааг даваад зугтаасан. Үүний учрыг тодруулах зорилгоор утсаар холбогдох гэж олон удаа оролдсон боловч утсаа огт аваагүй юм. Маргааш өдрөөс нь надтай холбоо барьж, “төлнө барина” гэж холбогдсон боловч төлөлт огт хийхгүй байсан. Ийнхүү төлөлт хийлгүй явсаар гэрээний хугацаа нэгэнтээ дуусаад байна. Иймд, 2020 оны 10-р сарын 30-ны өдрийн 4773 тоот зээлийн гэрээний төлбөрт үндсэн зээл 20,000,000 төгрөг, хүү 1,600,000 төгрөг, нийт 21,600,000 төгрөгийг Л.У-аас гаргуулж, нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

 

     Нэхэмжлэгч Э.Э нь шүүхэд гаргасан өөрчилж, нэмэгдүүлсэн шаардлагадаа: Э.Э миний нэхэмжлэлтэй, Л.У-д холбогдох зээлийн гэрээний төлбөр гаргуулах шаардлага бүхий иргэний хэрэгт нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар өөрчилж байна. Үүнд:

4773 тоот зээлийн гэрээний үүрэгт 20 сая төгрөгийн үндсэн зээл, 1,600,000 төгрөгийн нийт 21,600,000 төгрөгийг нэхэмжилсэн. Хэрэг маргаан удаан хугацаанд үргэлжилсэн, нэхэмжлэгч надад эрүүл мэндийн хүнд асуудал гарсан. Эрүүл мэндээ сайжрах хүртэл аливаа хүмүүстэй ямарваа нэгэн байдлаар цагаан хар хэл ам, маргаан хийхгүй байх талаар удаа дараа зөвлөж, өвчин ороож байгаа шалтгааныг үүнтэй холбоотой гэж хэлсэн учир болж өнгөрсөн бодит үнэн байдал өөр байсан ч хариуцагчийг үүргээс чөлөөлөх байдлаар шийдвэрийг гаргахаас өөр аргагүй байдалд хүрлээ. Мөн шүүхийн маргаан үүсгээд 10 гаруй cap өнгөрсөн ч 1 төгрөгийг олж авч чадаагүй байна. Иймээс аль болох асуудлыг хурдан дуусгахыг хүсэж байна. Хариуцагчийн тайлбарын хүрээнд төлөхөөр зөвшөөрч байгаа үндсэн зээл, хүүгийн төлбөрт 19,200,000 төгрөг болгож анх гаргасан нэхэмжлэлээ дээр дурдсан шалтгаанаар 2,400,000 төгрөгөөр багасгаж байна. Мөн хариуцагчийн төлөхөөр зөвшөөрсөн хэмжээ болох үндсэн зээл, хүүгийн төлбөр болох 19,200,000 төгрөгөөс талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний 3.7-т “Гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дунгийн 0,5 хувиар алданги төлнө.” гэж заасны дагуу хугацаа хэтэрсний хариуцлага болох 100 хоногийн алдангид 9,600,000 төгрөгийг тооцож нэхэмжлэлийн шаардлагаа 9,600,000 төгрөгөөр ихэсгэж байна. Нийтдээ үндсэн зээл, хүүгийн төлбөрт 19,200,000 төгрөг, алдангид 9,600,000 төгрөг, нийт 28,800,000 төгрөгийг хариуцагч Л.У-аас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Я нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Үндсэн зээл, хүү 19 200 000, алданги 9 600 000 нийт 28 800 000 төгрөг гаргуулна. 2020.10.30-ны өдөр зээлийн гэрээ байгуулагдсан. Үүгээр 20 саяыг олгохоор тохиролцсон. 8 хувийн хүүтэй 45 хоногоор олгосон. Улмаар бэлнээр 20 саяыг олгосон. Гэрээний 3.7-д алдангийг тохирсон. Бид үндсэн зээл хүүг багасгасан байгаа юм. Шалтгаан нь хэргийг хурдан шийдвэрлүүлэх болон нэхэмжлэгчийн биеийн байдлаас шалтгаалсан. Хариуцагч нь 19 200 000 төгрөг төлнө гэсэн боловч төлөөгүй. Төлөөгүй тул алданги чөлөөлөгдөхгүй. Бид дахин анхан шатанд дахин ирэхэд үндсэн зээл хүүг багасгасан боловч алданги ихэсгэсэн. 230 хоног хэтэрсэн байсан. Өдрийн 96 000 алданги тооцогдсон боловч хуульд нийцүүлж 50 хувиар тооцож нэхсэн. Иймд нэхэмжлэлийг хангаж өгнө үү. 2021 оны 3 сараас лангууны асуудал үүссэнийг мэдэхгүй. Энэ талаар баримт гаргаж өгөөгүй. Нэхэмжлэл гаргаснаас хойш хөл хориогүй 150 хоног байгаа тул алданги хасах үндэслэлгүй. Алданги үүссэн нь нэхэмжлэгчээс хамаарсан зүйлгүй. 2020 оны 12 сараас хойш төлбөрөө төлөөд явах боломжтой байсан. Алдангийн талаар хүсэлт болон баримт гаргаагүй. Тухайн үед 19,200,000 төгрөгөөр эвлэрэх байсан гэх боловч үүнээс хойш 9 сар өнгөрсөн. Гэтэл энэ хугацаанд төлбөр төлөөгүй гэв.

 

Хариуцагч Л.У нь шүүхэд гаргасан тайлбартаа: Л.У миний бие нь 8 нэрийн дэлгүүр ажиллуулж байхдаа Э.Э-с өдрийн зээлийг 2019 оны 12 сарын 12-оос 2020 оны 10 сарын 30-ны хооронд дараах графикаар авч төлж байсан.

  1. 2019.12.12—2020.01.26 40 сая төгрөгийг 10% хүүтэй 45 хоногоор .
  2. 2020.01.26—2020.03.11 40 сая төгрөгийг 10% хүүтэй 45 хоногоор .
  3. 2020.03.31—2020.04.14 40 сая төгрөгийг 10% хүүтэй 45 хоногоор
  4. 2020.04.01—2020.04.15 14 сая төгрөгийг 10% хүүтэй 45 хоногоор
  5. 2020.04.25—2020.06.09 40 сая төгрөгийг 10% хүүтэй 45 хоногоор
  6. 2020.05.01—2020.06.15 7 сая төгрөгийг 8% хүүтэй 45 хоногоор
  7. 2020.06.30—2020.08.14 40 сая төгрөгийг 8% хүүтэй 45 хоногоор
  8. 2020.07.31—2020.09.14 40 сая төгрөгийг 8% хүүтэй 45 хоногоор
  9. 2020.08.30—2020.10.14 40 сая төгрөгийг 8% хүүтэй 45 хоногоор
  10. 2020.11.14    40 сая төгрөгийг 8% хүүтэй 45 хоногоор
  11. 2020.12.15    40 сая төгрөгийг 8% хүүтэй 45 хоногоор тус тус зээлж өдөр бүр 960.000-1.920.000 төгрөгийг тасралтгүй төлж байсан. Энэ хугацаанд нийт 419.430.000 төгрөгийг төлсөн. 10 сарын 30-ны өдөр зээлсэн 20.000.000 төгрөгөөс 2020 оны 10 сарын 30-аас 2020 оны 11 сарын 05 өдөр хүртэл 4.800.000 төгрөг төлсөн. 2020 оны 10-р сарын 30-ны өдөр Э-ээс 20 сая төгрөг зээлж, 10-р сарын 1-нд 480,000, 11-р сарын 1-нд 480,000, 11-р сарын 2-нд 480,000, 11-р сарын 3-нд 480,000, 11-р сарын 4-нд 480,000 төгрөгийг тус бэлнээр тоолон өгч төлдөг байсан. Үндсэн зээл 20,000,000 төгрөгөөс төлсөн 2,400,000 хасаж тооцож өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч Б.Б нь өөрчилж, нэмэгдүүлсэн шаардлагын талаар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Э.Э-ний нэхэмжлэлтэй Л.У холбогдох иргэний хэрэгт 2021 оны 08 дугаар сарын 02-ний өдрийн нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлснийг хүлээн авч танилцаад дараах хариу тайлбарыг гаргаж байна. Хариуцагч Л.Ун хувьд анх маргаан үүсэн даруй нэхэмжлэгчид бэлнээр 2,400,000 төгрөгийг өгсөн ба уг мөнгийг хүү, болон үндсэн зээлээс хасаж үлдэгдэл 19.200.000 төгрөгийг төлөхөөр хүлээн зөвшөөрсөн байдаг. Нэхэмжлэгчийн зүгээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад үнэнээ хүлээн бэлнээр авсан 2.400.000 төгрөгийг хасаж тооцсонд хариуцагч талаас ихээхэн баяртай байна. Гэвч нэхэмжлэгч нь хариуцагчийг Цар тахлаас үүдэн өөрийн эрхэлж байсан худалдааг зогсоон, лангуугаа хураалган орлого олох боломжгүй хүнд нөхцөлд байдалд орсныг харгалзан үзэж маргаанд уяан хатан хандаж алданги төлөх боломжгүй нөхцөл байдлыг харгалзан үзэхийг хүсэж байна. Хэрэв нэхэмжлэгч алдангиас татгалзсан нөхцөлд үндсэн төлбөр 19.200.000 төгрөгийг хариуцагч хүлээн зөвшөөрч талууд эвлэрэн хэлэлцэх бүрэн боломжтой болно. Анх жилийн өмнө 19 200 000 төгрөг авснаа зөвшөөрдөг. Бид 2 400 000 төгрөгийг буцаан төлсөн. Үүнийг хасаад 19 200 000 төгрөгийг зөвшөөрсөн. Бид энэ талаар гомдол гаргасан боловч өөр шалтгаанаар анхан шатанд буцаж ирсэн. Авсан мөнгөө хассанд баярлаж байгаа. Энэ зээл нь анх удаа биш, зохигч өмнө нь олон удаа зээлийн харилцаанд орж байсан. Нэхэмжлэгч нь хариуцагчийг ямар үйл ажиллагаа явуулдгийг мэднэ. Ковидоос болж хөл хорио тогтоосноос бараагаа борлуулах боломжгүй болсон. Улмаар 2021 оны 3 сард барааг нь хурааж аваад түрээсэлж байсан лангуунаас хөөсөн. Нэхэмжлэгч нь хариуцагчийг сайн мэднэ. Сүүлийн 2 зээлийг л төлөх боломжгүй нөхцөл үүссэн. Нэхэмжлэгч нь мөнгө өгөөгүй гэж байсан тул маргаан өнөөдрийг хүрсэн. Анх авсан 2,400,000 төгрөгийг зөвшөөрсөн бол эвлэрлээр тухайн үед нь шийдэх боломжтой байсан. Зээлийн үүргээ биелүүлээгүй нь хариуцагчаас шалтгаалаагүй байсан болно. Иймд алданги төлөх үлдэгдэлгүй. Иймд 19 200 000 төгрөгийг зөвшөөрч, алданги 9 600 000 төгрөгийг зөвшөөрөхгүй. 2020.12.15-нд төлөх байсан боловч 2020 оны 10 сараас хөл хорио тогтоож эхэлсэн. Энэ үед согтууруулах ундаа борлуулахыг хориглосон. Баримтын хувьд бидэнд алга. Учир нь тусгай зөвшөөрөл нь өөр хүний нэр дээр байдаг байсан юм гэв.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Э.Э нь зээлийн гэрээний дагуу үндсэн зээл 20,000,000 төгрөг, хүү 1,600,000 төгрөг, нийт 21,600,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөн нэмэгдүүлж, үндсэн зээл, түүний хүүд 19,200,000 төгрөг, алданги 9,600,000 төгрөг, нийт 28,800,000 төгрөг гаргуулахаар шаардсан.

 

Хариуцагчийн төлөөлөгч Б.Б нь үндсэн зээл, түүний хүүд нийт 19,200,000 төгрөг төлөхийг зөвшөөрсөн бөгөөд хариуцагчаас шалтгаалахгүйгээр хугацаа хэтэрсэн тул алданги төлөхгүй гэж маргаж байна.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

 

Зохигчид 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 20,000,000 төгрөгийн үнийн дүн бүхий зээлийн гэрээг 8 хувийн хүүтэй, 45 хоногийн хугацаатайгаар байгуулсан байна. /хэргийн 5 дугаар тал/

Улмаар гэрээний дагуу 20,000,000 төрөг олгосон эсэх талаар хэн аль нь маргаагүй.

Үүнээс үзэхэд зохигчийн хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн байна.

 

Нэхэмжлэгч нь үндсэн зээлийн үлдэгдэл болон түүний хүүд нийт 19,200,000 төгрөг нэхэмжилсэн. Хариуцагчийн төлөөлөгч нь энэхүү мөнгөн дүнг зөвшөөрсөн.

 

Хариуцагчаас 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдөр төлөөлөгчид олгосон итгэмжлэлээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд бүх эрх буюу эвлэрэх, зөвшөөрөх эрхийг олгосон байна. /хэргийн 47 дугаар тал/

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д зааснаар мэтгэлцэх зарчмаар явагдах тул зохигчийн маргаагүй үйл баримтыг шүүх нотлох шаардлагагүй.

Иймд нэхэмжлэлийн шаардлагын үндсэн зээл, хүүд 19,200,000 төгрөг гаргуулах хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй.

 

Гэрээний 3.7-д зээлийн гэрээний хугацаа хэтрүүлсэн тохиолдолд хоног тутам 0.5 хувийн алданги төлөхөөр талууд тохиролцсон байна.

Хариуцагч нь 20,000,000 төгрөгийн зээл авсан бөгөөд зарим төлбөрийг төлсөн гэж тайлбарласан бол нэхэмжлэгч үүнийг үгүйсгэж маргаагүй. Өөрөөр хэлбэл нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилж, нэмэгдүүлэхдээ үндсэн зээл, хүүд нийт 19,200,000 төгрөг шаардсан тул хариуцагчийн тайлбарыг зөвшөөрсөн гэж үзнэ. Үүнээс үзэхэд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн нь 19,200,000 төгрөг байна.

Нэхэмжлэгч нь 2021 оны 08 дугаар сарын 05-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөн нэмэгдүүлсэн. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д хоног тутам алданги тооцохоор зохицуулсан.

Үүнээс тооцвол гэрээний хугацаа дууссанаас нэхэмжлэлийн шаардлыг өөрчилж, нэмэгдүүлэх хүртэл 233 хоног хэтэрсэн байх тул 1 хоногт 96,000 төгрөг, 233 хоногт 22,368,000 төгрөгийг алданги тооцогдоно.

Гэвч нэхэмжлэгч нь алдангид нийт 9,600,000 төгрөг нэхэмжилсэн нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т заасныг зөрчөөгүй байна.

 

Хариуцагч нь зээлийг бараа бөөний үнээр худалдан авч, жижиглэнгээр худалдах зориулалтаар авсан бөгөөд цар тахлын улмаас үйл ажиллагаа зогссон тул алданги төлөх үндэслэлгүй гэж маргасан.

Гэвч гэрээнд зээлийн гэрээний зориулалт болоод үүргээс чөлөөлөх хүндэтгэн үзэх шалтгааны талаар зохицуулаагүй. Иймд алдангиас чөлөөлөх үндэслэлгүй.

 

Дээрх үндэслэлийг бүхэлд нь дүгнээд хариуцагчаас үндсэн зээл, хүүд 19,200,000 төгрөг, алдангид 9,600,000 төгрөг, нийт 28,800,000 төгрөг гаргуулж шийдвэрлэв.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

  1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч Л.У-аас зээлийн гэрээний үүрэгт нийт 28,800,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Э.Э-д олгосугай.
  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 59 дүгээр зүйлийн 59.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 434,500 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 301,950 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
  3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчин төгөлдөр болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоног өнгөрөөгөөд түүнээс хойш 14 хоногийн дотор  шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         Д.ГАНБОЛД