Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 09 сарын 17 өдөр

Дугаар 101/ШШ2021/02734

 

 

 

 

 

 

 

 

    2021        09          17                                   101/ШШ2021/02734

 

 

 

                                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ганболд даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Д.Д-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: *******-д холбогдох,

 

*******ийн нэгдсэн лабораторийн албаны шимэгч судлалын лабораторийн тасгийн эмнэл зүйн эмгэг судлаач эмчийн ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлж, холбогдох дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах, хүндэтгэн үзэх шалтгааны улмаас ажилдаа ирээгүй үеийн олговорт 421,350 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Д, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Ц хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Я, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дөлгөөн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Д нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэмэгдүүлсэн шаардлагадаа: Ажилд эгүүлэн тогтоох тухай. Миний бие Д.Д нь *******д 2015 онд эмнэл зүйн эмгэг судлаач их эмчээр ажилд орсон. Улмаар 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдрөөс 02 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл хугацаанд БНСУ-д улсад нурууны өвчний онош тогтоолгохоор нэг сарын чөлөө авч тус улсад очсон. Гэтэл 2020 оны 02 дугаар сарын 25-аас Ковид-19 халдварт цар тахал өвчин гарч БНСУ-аас болон олон улсын онгоцны нислэг цуцлагдаж, 14 хоног, сараар хойшилж байсан. Монгол Улс руу нисэж байсан тусгай үүргийн онгоцоор зөвхөн жирэмсэн, өндөр настан, хүнд өвчтэй, бага насны хүүхэд гэх мэт хүндэтгэн үзэх шалтгаантай иргэдийг авч байсан тул миний бие ажлаас авсан чөлөөний хугацаанд Монгол Улсад ирж ажилдаа орж чадаагүй болно. 2020 оны 03 дугаар сараас нутаг буцах хүсэлтэй иргэдийн судалгааг авч эхэлсэн бөгөөд 07 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн БНСУ дахь Монголын элчин сайдын яамнаас албан ёсоор цахим хэлбэрээр бүртгэл явуулж эхэлсэн тул 2020 оны 07 дугаар сарын 26-ны өдөр цахим бүртгэлд бүртгүүлж, нэрсийн жагсаалтын дарааллаар 2021 оны 03 дугаар сарын 02-ны өдөр тусгай үүргийн онгоцоор ирсэн. Монгол улсад ирээд Баянзүрх дүүрэгт байрших “*******” зочид буудалд 10 хоног, гэртээ 4 хоног тусгаарлагдаж 2021 оны 03 дугаар сарын 17-ны өдрөөс тусгаарлалт дууссан юм. Дээрх шалтгааны улмаас үүрэгт ажлаа хийх боломжгүй байгаагаа *******д хандан чөлөөний хугацааг сунгах хүсэлтийг гаргахад чөлөөний хугацааг 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдөр хүртэл сунгаж өгсөн. Үүнээс хойш Монголд Улсад ирэх боломжгүй байгаагаа *******ийн хүний нөөцийн албаны дарга, тус төвийн захиргаанд чөлөөний хугацаа сунгах хүсэлтийг удаа дараа гаргасан. 2021 оны 03 дугаар сарын 17-ны өдрөөс тусгаарлалтын хугацаа дууссан тул ажилдаа эргэн орох хүсэлтийг гаргасан боловч чамайг ажлаас халсан гэж хэлээд ажилд оруулаагүй. Ажлаас халсан тушаалыг авах гээд очиход холбогдох албан тушаалтнууд байхгүй байна гээд өгөөгүй, ажлаас халсан тушаалыг эх хувиар нь өгөх хүсэлтийг бичгээр *******д гаргасан боловч одоогоор ямар нэгэн хариу өгөөгүй байна. *******д 2015 анх ажилд ороход ажилд томилсон тушаал, хөдөлмөрийн гэрээний эх хувийг өгөөгүй. 2018 онд хөдөлмөрийн гэрээг байгуулсан, үүнээс хойш хугацаанд хөдөлмөрийн гэрээг байгуулаагүй болно. Иймд шүүхэд гаргасан хүсэлтийг хүлээн авч хэргийг хянан шийдвэрлэж өгнө үү.

Миний бие Д.Д нь 2021 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр тус шүүхэд *******д холбогдуулан “Ажилд эгүүлэн тогтоох тухай” нэхэмжлэл гаргасан. *******ийн Ерөнхий захирлын 2021 оны 02 р сарын 22-ны өдрийн “Хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай” ...... тоот “Монгол улсаас БНСУ-д суугаа элчин сайдын яаманд эх орондоо буцах тухай хүсэлтээ өгөөгүй, өндөржүүлсэн бэлэн байдал зарласан ачаалал өндөртэй ажиллаж байгаа үед хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр удаан хугацаагаар ажил тасалсан тул 2021 оны дугаар сарын 22-ны өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас нь чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг цусалсугай” гэсэн тушаал гаргаж Нэгдсэн лабораторийн тасгийн эмнэл зүйн эмгэг судлаач эмч Д.Д намайг ажлаас халсан. Миний бие БНСУ-д улсад өвчний онош тогтоолгохоор *******өөс 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдрөөс 02 дугаар н 24-ний өдрийг хүртэл хугацаатай нэг сарын чөлөө авч БНСУ руу явсан. Тус улсад очсоноос хойш Ковид-19 халдварт цар тахал өвчин гарч БНСУ-аас болон олон улсын онгоцны нислэг цуцлагдаж, УОК-оос 2020 оны хоёрдугаар сарын 15-аас эхэлж Монгол Улс-БНСУ хоорондын нислэг зогсоож cap, сараар хойшлох байдлаар тухайн үеийн нөхцөл байдал тодорхойгүй байдалтай байсан. Тухайн үед Монгол Улс уруу нисэж байсан тусгай үүргийн онгоцоор зөвхөн жирэмсэн, өндөр настан, хүнд өвчтэй, бага насны хүүхэд гэх мэт хүндэтгэн үзэх шалтгаантай иргэдийг авч байсан ба нутаг буцах хүсэлттэй иргэдийн хамт жагсаал, суулт хийсэн боловч амжилт олоогүй болно. БНСУ дахь Монгол Улсын элчин сайдын яамнаас албан ёсоор /seoul.embassy.mn/ цахим сайтаар бүртгэл явуулж эхэлсэн тул 2020 оны 07 дугаар 26-ны өдөр цахим бүртгэлд бүртгүүлэх хүсэлт гаргаж бүртгүүлсэн. Улмаар нэрсийн жагсаалтын дарааллаар 2021 оны 03 дугаар сарын 02-ны өдөр тусгай үүргийн онгоцоор ирээд Баянзүрх дүүрэгт байрших “*******” зочид буудалд 10 хоног, гэртээ 4 хоног тусгаарлагдаж 2021 оны 03 дугаар сарын 17-ны өдрөөс тусгаарлалтын хугацаа дууссан болно. *******ийн Ерөнхий захирлын 2021 оны 02 сарын 22-ны өдрийн “Хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай” ..... тушаалын эх хэсэгт Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-д заасан ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан” мөн Төвийн хөдөлмөрийн дотоод журмын 8.3.4, ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 8.2.2, сахилга хариуцлагын гэрээний 1,3 дахь заалтыг тус тус үндэслэл болгосон байгаа нь Ковид-19 халдварт цар тахал өвчний үед эх орондоо өөрийн хүссэн үед ирэх боломжгүй байгааг харгалзан үзвэл дээрх тушаал нь хууль зүйн үндэслэлгүй, тодорхой бус тушаалаар ажилтныг үүрэгт ажлаас чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг цуцалсан үйлдэл болсон бөгөөд дараах хуулийн заалтуудыг зөрчсөн гэж үзэж байна. Үүнд:

  1. 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн Коронавируст халдвар /ковид- 19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.5-д заасан “хорио цээр, хөдөлгөөний хязгаарлалт, тусгаарлалтын дэглэмд байгаа ажилтны ажлын байрыг хадгалах”;
  2. 1999 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д заасан “Ажил олгогч буюу түүний эрх олгосон албан тушаалтан иргэнтэй хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулж, гэрээний нэг хувийг ажилтанд өгөх үүрэгтэй. Байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээнээс бусад төрлийн гэрээ байгуулахыг хориглоно”.
  3. Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1-д заасан “эмнэлгийн шинжилгээ хийлгэх, донорын үүрэг гүйцэтгэх, эмчийн магадлагаагаар болон захиргааны чөлөөтэй байгаа",
  4. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3-д заасан “Ажил, албан тушаал нь хэвээр хадгалагдаж байгаа ажилтны хөдөлмөрийн гэрээг аж ахуйн нэгж, байгууллага татан буугдсанаас бусад тохиолдолд ажил олгогчийн санаачилгаар цуцлахыг хориглоно”.
  5. Хөдөлмөрийн тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д заасан “Гамшиг болон аюул үүссэн, хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар ажилдаа ирж чадаагүй ажилтанд үндсэн цалингийн 50 хувьтай тэнцэх хэмжээний олговор олгоно”. гэж тус заасан байна.

Иймээс 2021 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр тус шүүхэд *******д холбогдуулан “Ажилд эгүүлэн тогтоох тухай” нэхэмжлэл гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг дараах байдлаар ихэсгэж байна. Үүнд:

  1. Хүндэтгэн үзэх шалтгааны улмаас ажилдаа ирж чадахгүй байсан тул Хөдөлмөрийн тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д “Гамшиг болон аюул үүссэн, хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар ажилдаа ирж чадаагүй ажилтанд үндсэн цалингийн 50 хувьтай тэнцэх хэмжээний олговор олгоно” гэж заасныг үндэслэн *******ийн Нэгдсэн лабораторийн тасгийн эмнэл зүйн эмгэг судлаач эмчийн үндсэн цалинг 842,702 төгрөгөөр тогтоосон байх тул үндсэн цалингийн 50 хувь болох 421,351 төгрөгийг,
  2. *******ийн 2021 оны 02 дугаар сарын 22-ны ийн “Хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай” ..... тоот тушаал гарсан өдрөөс хойш ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлсийг сүүлийн 3 сараар тооцож үзэхэд;
  • 2019 оны 11 сард 963,691 төгрөг,
  • 2019 оны 12 сард 1,357,776 төгрөг,
  • 2020 оны 1 сард 800,292 төгрөгийн цалин хөлс авч нийт 3,121,759 төгрөг болсон. Дээрх хугацаанд ажлын 63 өдөр болж нэг өдрийн дундаж цалин 49,550 болсон. /Нийтээр тэмдэглэх баярын өдрүүдийг хассан/

*******ийн Ерөнхий захирлын 2021 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн “Хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай” ..... тоот тушаал гарснаас хойш нэхэмжлэлийн шаардлагыг ихэсгэж гаргасан өдрийн буюу 2021 оны 06 сарын 14-ний өдрийн байдлаар ажилгүй байсан өдрийн ажлын хоног 76 хоног 3,765,800 төгрөгийг,

  1. Мөн ажилгүй байсан хугацааны эрүүл мэнд, нийгмийн даатгалыг нөхөн төлж, холбогдох бичилт хийлгэхийг даалгах нэхэмжлэлийн шаардлагыг тус тус ихэсгэж байна.

Иймд *******өөс хүндэтгэн үзэх шалтгааны улмаас ажилдаа ирж чадаагүйн 421,350 төгрөг, ажилгүй байсан хугацааны 3,765,800 төгрөг нийт 4,187,150 төгрөгийг гаргуулах, ажилд эгүүлэн тогтоох, эрүүл мэнд, нийгмийн даатгалыг нөхөн төлж, холбогдох бичилт хийлгэхийг даалгах нэхэмжлэлийн шаардлагыг ихэсгэж гаргасныг хүлээн авч хэргийг хянан хэлэлцэж шийдвэрлэж өгнө үү.

Миний бие Д.Д нь 2021 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр *******д холбогдуулан “Ажилд эгүүлэн тогтоох тухай" нэхэмжлэл гаргасан. Мөн 2021 оны 06 дугаар сарын 14-ний өдөр “Нэхэмжлэлийн шаардлага ихэсгэх тухай” нэхэмжлэлийг тус тус гаргасан болно.

Тус шүүхэд “*******-ийн Ерөнхий захирлын 2021 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн “Хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай” …. тоот тушаал гарснаас хойш нэхэмжлэлийн шаардлагыг ихэсгэж гаргасан өдрийн буюу 2021 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн байдлаар ажилгүй байсан өдрийн ажлын хоног 76 хоног болж нийт 3,765,800 төгрөгийг," гэсэн утга бүхий бие даасан шаардлагыг шүүхэд гаргасан. Энэ үйл явдлаас хойш иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь урьдчилан тооцох боломжгүй нөхцөл байдлын улмаас шүүх хуралдааны тов удаа дараа хойшилж нэхэмжлэгч Д.Дгийн хууль ёсны эрх, ашиг сонирхол хохирч байх тул *******ийн Ерөнхий захирлын 2021 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн “Хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай”…... тоот тушаал гарсан өдрөөс хойш анхан шатны шүүхийн шийдвэр гарах өдөр хүртэлх хугацаагаар тооцож “Ажилгүй байсан хугацааны цалин хөлс” ба Эрүүл мэнд болон нийгмийн даатгалыг *******өөс гаргуулах гэжээ.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Ц нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэгдсэн лабораторийн албаны шимэгч судлалын лабораторийн тасагт эмнэл зүйн эмгэг судлаач эмч албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан нийт хугацааны олговор гаргуулна, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн нөхөн төлж, холбогдох дэвтэрт бичилт хийлгэнэ, хүндэтгэн үзэх шалтгааны улмаас ажилдаа ирээгүй 2020 оны 6 сараас хойших 1 сарын дундаж цалин 50 хувиар 421 351 төгрөг гаргуулна. Нэхэмжлэгч нь хүндэтгэн үзэх шалтгааны улмаас ажилдаа ирээгүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 66, дотоод журмын 10-т энэ талаар заасан. 1 сарын цалингийн 50 хувиар тооцсон. Хариуцагч нь хуулийн 40.1.4 заасныг үндэслэсэн байдаг. Энд ажилтан хөдөлмөрийн сахилгыг давтан гаргасан гэдэг. Энд зөрчлийг 2-с дээш гаргах бөгөөд энэ нь тогтоогдсон байх ёстой. Ноцтой зөрчил гэдэг нь ажил олгогчийн эрх ашигт сөргөөр нөлөөлсөн байхыг ойлгоно. Ноцтой зөрчлийг харилцан тохирч хөдөлмөрийн гэрээнд заасан байхыг шаардана. Хуулийн 35.1.3-д ажил албан тушаалыг хэвээр хадгалахаар заасан. Ковидын хуулийн 13.2.5-т хорио цээр тусгаарлалтад байгаа ажилтны ажлын байрыг хэвээр хадгална гэсэн. Тушаалд дотоод журмыг баримталсан бөгөөд аль заалтыг баримталсан нь тодорхой бус байна. УОК-н албан тоотод Сарантуяа ирсэн гэж байна. Д 7 сард хүсэлт гаргасан гэдэг.  Гэтэл нэхэмжлэгчийг хөдөлмөрийн гэрээ дотоод журам зөрчсөн гэдэг боловч УОК-н тоотыг баримталсан байдаг. 2019 онд уг албан тушаалд томилсон боловч хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй хууль зөрчсөн байна. Тушаалд хөдөлмөрийн гэрээний 8.2.2 гэсэн боловч хэрэгт хөдөлмөрийн гэрээ байхгүй. Хариуцагч нь ажилдаа ирээгүй бөгөөд 8 сар хүлээсэн гэдэг. Хариуцагч нь ковидын хуулийг зөрчсөн. Хариуцагч нь хамтран ажиллаж мэдээлэл солилцох үүргээ биелүүлээгүй. Хэрэв ГХЯ-с мэдээлэл авсан бол ирэх боломжгүй гэдгийг мэдэх байсан. Иймд халсан тушаал нь хууль бус байна. Иймд өмнө эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн тогтоолгоно. Улмаар 69-д зааснаар олговор гаргуулна. Мөн 46-д зааснаар нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн нөхөн төлж, бичилт хийлгэнэ. Мөн нийгмийн даатгалын тухай хуулийн 6-г үндэслэсэн. Дээд шүүхийн 2006.7.3-ны тогтоолд хөдөлмөрийн тухай хуулийн зарим заалтыг тайлбарлаж гомдол гаргах хүндэтгэн үзэх шалтгааныг заасан. Нэхэмжлэгч нь өөрийн хүсэлтээр ирэх боломжгүй байсан. УОК нь 11 сард ирэх боломжтой гэсэн боловч лавлагаа авсан бол боломжгүй болсон нь тодорхой болох байсан. УОК-н тоотыг үндэслэсэн боловч лавлагаа аваагүй. Тушаалыг харахад 6 сараас хойших асуудлыг ярьдаг. Нэхэмжлэгч нь хүндэтгэн үзэх шалтгаантай байсан байна гэв.

 

Хариуцагчийн төлөөлөгч И.Э нь шүүхэд гаргасан тайлбартаа: Тус шүүхэд хянан шийдвэрлэгдэж байгаа Д.Д-гийн нэхэмжлэлтэй *******-д холбогдох иргэний хэрэгт хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байгаа И.Э миний бие дараах хариу тайлбарыг гаргаж байна. Тэрээр нэхэмжлэгч нь “ажилд эгүүлэн тогтоолгох” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. Хариуцагчийн зүгээс тус нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Учир нь нэхэмжлэгч Д.Д нь 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдрөөс 02 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл 1 сарын чөлөө авч, улмаар энэхүү чөлөөний хугацааг 06 дугаар сарын 30-ний өдрийг хүртэл хугацаагаар сунгуулсан билээ. Гэвч 2021 оны 02 дугаар сарыг хүртэл нэхэмжлэгч нь ажилдаа ирээгүй бөгөөд ажил олгогчийн зүгээс 8 cap гаруйн хугацаанд хүлээсэн байдаг. Түүнчлэн энэ хугацаанд ******* нь Коронавирусын халдвар (Ковид-19)-т цар тахлаас болон маш өндөр ачаалалтай ажиллаж байсан бөгөөд энэхүү хугацаанд эмнэлгийн мэргэжилтний хувьд өргөсөн тангарагтаа үнэнч бус байж, нөхцөл байдлыг далимдуулан ажил тасалсан тул хөдөлмөрийн тухай хууль, Хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журамд үндэслэн ажлаас халах сахилгын шийтгэл оногдуулсан болно. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч Б.Я нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2021.8.23-ны хурлын тайлбараа дэмжинэ. Нэхэмжлэгч нь 2020 оны 1-2 сард чөлөө авч Солонгос явсан. 24-н хүртэл чөлөө олгосон. Нэхэмжлэгч нь чөлөөний хугацаа дуусахад ажилдаа ороогүй. 24-нд хил хаасан. Онош тодруулна гэсэн. Хавтаст хэргийн 187-д энэ талаар байдаг. Онош нь өөр зүйл байдаг. Иймд өөр зорилгоор явсан гэдэг. Нутаг буцахаар ЭСЯ-тай холбогдсон гэдэг боловч энэ талаар баримт байхгүй. Тусгай үүргийн нислэгт хамрагдах хүсэлтийг авч байсан байх боловч хүсэлт өгөөгүй  байдаг. Өмнөх хуралд нэхэмжлэгч нь ажил хийгээд шинжилгээ хийлгэнэ гэж бодож байсан, мөн ажил хийж байсан гэж хариулсан байна. Төрийн албан хаагчид ажил хийх гэж Солонгос явдаг. Хариуцагч нь ирсэн хүсэлтийн дагуу чөлөө сунгасан. Ингэхдээ ирэх боломжийг олгосон. Гэтэл чөлөө дууссанаас 26 хоногийн дараа хүсэлтээ ЭСЯ-нд өгсөн байдаг. Мөн Сарантуяа гэж хүн ирсэн байдаг. Иймд нэхэмжлэгч нь нутаг буцах хүсэлтээ гаргах боломжтой байсан. Иймд нэхэмжлэгч өөрөө хариуцлагагүй байснаас өнөөдрийн нөхцөл үүссэн тул хариуцлагаа хүлээх ёстой. Ковидын хуулиар ажлын байрыг хадгалах ёстой гэдэг боловч манайх жил гаруй ажлын байрыг хадгалсан. Бусад иргэдийн өргөдлийг авч байсан нь хэргийн 170-д байгаа юм. Нэхэмжлэгч нь өргөдлөө өгөөгүй тул хойш дараалалд орсон. Боломжоо ашиглаагүй. Визийн хугацаа дуусах гээд чөлөө авсан гэж байна иймд нурууны онош гэдгээр чөлөө авсан боловч ийм баримт хэрэгт байхгүй гэв.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Д нь *******ийн нэгдсэн лабораторийн албаны шимэгч судлалын лабораторийн тасгийн эмнэл зүйн эмгэг судлаач эмчийн ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлж, холбогдох дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах, хүндэтгэн үзэх шалтгааны улмаас ажилдаа ирээгүй үеийн олговорт 421,350 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Хариуцагч ******* нь хуульд зааснаар ажлын байрыг хангалттай хугацаанд хадгалсан, БНСУ-с ирэх боломжтой байсан боловч ирээгүй, ажил тасалсан гэж маргаж байна.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

 

*******-ийн ерөнхий захирлын 2021 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн ..... дугаар тушаалаар нэхэмжлэгч Д.Д-г тус төвийн нэгдсэн лабораторийн албаны шимэгч судлалын лабораторийн тасгийн эмнэл зүйн эмгэг судлаач эмчийн ажил, албан тушаалаас чөлөөлсөн байна. /1-р хавтаст хэргийн 121 дүгээр тал/

 

Нэхэмжлэгч нь 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр нурууны өвчний онош тодруулах үндэслэлээр 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдрөөс 02 дугаар сарын 24-ний өдрийг хүртэлх хугацаанд цалингүй чөлөө олгох тухай хүсэлт гаргасан байна. /1-р хавтаст хэргийн 187 дугаар тал/

Улмаар хариуцагчийн ерөнхий захирлын 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн …. дүгээр тушаалаар хүсэлтэд дурдсан хугацаагаар чөлөө олгогджээ. /1-р хавтаст хэргийн 175 дугаар тал/

Гэвч нэхэмжлэгч нь 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Монгол улсын хилээр гадагш нэвтэрсэн нь түүний гадаад паспортын хуулбар, түүнд байгаа дардсаар тогтоогдож байна. /1-р хавтаст хэргийн 3-4 дүгээр тал/

Үүнээс үзэхэд нэхэмжлэгч нь 1 өдрийн ажил тасалжээ. Энд нэхэмжлэгч нь өөрийн ажиллаж байсан албаны удирдлагаас чөлөө авсан гэж тайлбарласан боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар өөрийн тайлбарыг нотлоогүй.

 

Улмаар нэхэмжлэгч нь БНСУ-с ирэх боломжгүй болсны улмаас хариуцагчид чөлөөний хугацааг сунгах хүсэлтийг удаа дараа гаргаж байсан гэж тайлбарласан. Хавтаст хэргийн 157-160 дугаар талд байгаа баримт нь нотлох баримтын шаардлага хангахгүй боловч зохигч уг баримтуудад дурдсан хүсэлтийг гаргасан үйл баримтын талаар маргаагүй. Мөн нэхэмжлэгч нь удаа дараа чөлөөний хугацааг сунгах талаар хүсэлт гаргасан болох нь 2021 оны 05 дугаар сарын 24-ний өдөр, 09 дүгээр сарын 06-ны өдөр тус тус үзлэг хийсэн тэмдэглэлээр тогтоогдсон. /1-р хавтаст хэргийн 52-53, 229-230 дугаар тал/

Нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэж хариуцагчийн ерөнхий захирлын 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн Б/103 дугаар, 04 дүгээр сарын 22-ны өдрийн Б/131 дугаар, 06 дугаар сарын 22-ны өдрийн Б/185 дугаар тушаалуудаар чөлөөний хугацааг сунгаж, 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдөр хүртэл чөлөө олгогдсон байна. /1-р хавтаст хэргийн 177-185 дугаар тал/

 

Нэхэмжлэгч үүний дараа 2020 оны 08 дугаар сард чөлөөний хугацааг сунгах тухай дахин хүсэлт гаргасан гэж тайлбарласан бол хариуцагч нь энэхүү хугацаанд дахин хүсэлт гаргаагүй гэж маргасан.

2021 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр хийсэн үзлэгийн тэмдэглэл, үзлэгээр бэхжүүлсэн баримтаас үзэхэд 2020 оны 08 гэсэн хүсэлт нэхэмжлэгчээс Э.Цэцэгмаа гэх хаягт илгээгдсэн байна.

Гэвч гэрч Э.Ц нь нэхэмжлэгчийн 08 дугаар сард дахин хүсэлт хүргүүлсэн гэх тайлбарыг үгүйсгэсэн. Өөрөөр хэлбэл гэрч нь нэхэмжлэгч Д.Д-гээс нийт 2 удаа хүсэлт ирүүлсэн бөгөөд энэ нь 2020 оны 05, 06 дугаар сарын орчимд гэж тайлбарласан. /1-р хавтаст хэргийн 248-249 дүгээр тал/

Үүнээс үзэхэд нэхэмжлэгч нь 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдөр чөлөөний хугацаа дууссанаас хойш дахин чөлөөний хугацааг сунгах талаар хүсэлт гаргаж байгаагүй байх тул хүндэтгэн үзэх шалтгаангүй ажил тасалсан гэж үзнэ. Мөн 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдөр чөлөөний хугацаа дууссан байхад 07 дугаар сард ямар нэг хүсэлт гаргаж байгаагүй нь мөн ажил тасалсан гэж үзэх үндэслэл болж байна.

Түүнчлэн гэрч Г.Н, М.Э, О.О нарын тайлбараар нэхэмжлэгч нь чөлөөний хугацаа дууссан 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөс хойш дахин хүсэлт гаргаагүй болох нь тогтоогдож байна. /1-р хавтаст хэргийн 241-242, 243-244, 2-р хавтаст  хэргийн 1-2 дугаар тал/

Мөн нэхэмжлэгч нь 2020 оны 02 дугаар сарын 24-ний өдөр чөлөөний хугацаа дууссан байхад 25-ны өдөр чөлөөний хугацаа сунгах тухай хүсэлт гаргасан нь ажил тасалсан гэж үзэх үндэслэл болно. /1-р хавтаст хэргийн 59 дүгээр тал/

Эдгээр үндэслэлийг нэгтгэн дүгнэвэл нэхэмжлэгч нь хөдөлмөрийн дотоод журмын 8.3.4-д заасан хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр нэг сарын дотор 3 ба түүнээс дээш хоног ажил тасалсан гэх зөрчлийг гаргасан байна. /1-р хавтаст хэргийн 103 дугаар тал/

 

Хариуцагч нь 2020 оны 06 дугаар сарын 18-ны өдөр ирүүлсэн чөлөөний хугацаа сунгах тухай хүсэлтийг шийдвэрлэхдээ 09 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн үүрэгт ажлыг гүйцэтгүүлэхээр шийдвэр гаргасан болох нь 2021 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн үзлэг хийсэн тэмдэглэлээр тогтоогдож байна. /2-р хавтаст хэргийн 30-31 дүгээр тал/

Улмаар 2021 оны 02 дугаар сарын 22-ны өдөр ажлаас чөлөөлөх тухай .... дугаар тушаал гарсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2-т заасныг зөрчөөгүй бөгөөд хариуцагч нь Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.5-д заасан үүргийг биелүүлсэн гэж үзэхээр байна.

 

Нэхэмжлэгч нь чөлөөтэй байх хугацаандаа тусгай үүргийн онгоцонд бүртгүүлэх хүсэлт гаргаж, улмаар ажилдаа хүрэлцэн ирэх ёстой байсан 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнө Монгол улсанд хүрэлцэн ирэх боломжтой байсан болох нь Гадаад харилцааны яамны 2021 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 10/3130 дугаар, Улсын онцгой комиссын 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 3114 дүгээр албан тоотоор тус тус тогтоогдсон. /хэргийн 170, 132 дугаар тал/ Тодруулбал, нэхэмжлэгч нь 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдөр чөлөөний хугацаа дуусахаас өмнө тусгай үүргийн онгоцонд бүртгүүлэх хүсэлт гаргасан бол Монгол улсад хүрэлцэн ирэх боломжтой байсан болох нь дээрх 3114 дүгээр албан тоотод нэг байгууллагад ажилладаг гэх Д.С хүрэлцэн ирсэн гэх мэдээллээр нотлогдсон.

 

Иймд нэхэмжлэгч Д.Д хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр, өөрийн буруутай эс үйлдэхүйн улмаас Монгол улсад 2021 оны 03 дугаар сарын 02-ны өдөр хүрэлцэн ирсэн байна.

 

Гэвч хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох зөрчлийг хөдөлмөрийн гэрээнд заавал тусгасан, өөрөөр хэлбэл ажил олгогч, ажилтан нар тухайн зөрчлийн талаар харилцан тохиролцсон байх ёстой.

Хэрэгт 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн хөдөлмөрийн гэрээ байх боловч нэхэмжлэгчийн ажиллаж байсан тасаг өөр байх тул уг гэрээг сунгагдсан гэж үзэх боломжгүй.

Мөн нэхэмжлэгч нь хариуцагчийн ерөнхий захирлын 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн тушаалаар тус төвийн нэгдсэн лабораторийн албаны шимэгч судлалын лабораторийн тасгийн эмнэл зүйн эмгэг судлаач эмчийн ажил, албан тушаалд томилогдсон боловч хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй гэж тайлбарласан бөгөөд хариуцагч үүнийг үгүйсгэж маргаагүй.

Иймд хариуцагч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д заасан үүргээ биелүүлээгүй байна.

Мөн ажил олгогч нь ажилтанд хөдөлмөрийн дотоод журам танилцуулсан эсэх талаар баримтгүй.

 

Үүнээс үзэхэд зохигчийн маргаж буй дээрх .... дугаар тушаалаар хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр удаан хугацаагаар ажил тасалсан хэмээн ажлаас чөлөөлсөн нь  үндэслэлгүй болжээ. Учир нь ажил тасалсан гэх үндэслэлээр ажлаас чөлөөлөх зөрчлийн талаар талууд урьдчилан тохиролцоогүй байна.

Дээрх ..... тушаал нь үндэслэлгүй байх тул нэхэмжлэгчийг өмнө эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох нь зүйтэй.

 

Нэгэнт өмнөх эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоосон тул Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар ажилгүй байсан нийт хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор олгох үндэслэлтэй.

Улмаар олговор олгох тул нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлж, холбогдох дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах тухай шаардлагыг хангаж шийдвэрлэв.

 

Энд олговрын хэмжээг тооцвол: Нэхэмжлэгч нь чөлөө авснаасаа хойш сайн дурын даатгалд хамрагдаж байсан байх тул Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 55 дугаар тушаалаар баталсан дундаж цалин хөлс тодорхойлох журамд зааснаар ажиллаж байх хугацааны сүүлийн 3 сарын дундаж цалин хөлс нь 1,040,586.33 /(800,292+1,357,776+963,691)/3/ төгрөг байна. /хэргийн 13-14 дүгээр тал/

 

Нэхэмжлэгчийг 2021 оны 02 дугаар сарын 22-ны өдөр ажлаас чөлөөлсөн тул анхан шатны шүүхийн шийдвэр гарах хүртэл 6 сар, ажлын 20 хоног өнгөрсөн байна. Үүнээс олговрыг тооцвол 6 сард 6,243,517.98 төгрөг, 20 хоногт 924,965.60 /1,040,586,33/22.5*20/ төгрөг, нийт 7,168,483.58 төгрөг тооцогдоно.

 

Нэхэмжлэгч нь ажилдаа хүрэлцэн ирэх ёстой байсан 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш тусгай үүргийн онгоцны дарааллын дагуу ажил үүргээ гүйцэтгэх боломжгүй байсан нь Гадаад харилцааны яамны дээрх 10/3130 дугаар албан тоотоор тогтоогдсон.

Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д зааснаар олгох олговрыг үндсэн цалингийн дунджаар тооцвол 520,293.16 төгрөг боловч нэхэмжлэгч 421,351 төгрөг шаардсан тул нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хангаж шийдвэрлэх нь зүйтэй.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

  1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар нэхэмжлэгч Д.Д-г хариуцагч *******-ийн нэгдсэн лабораторийн албаны шимэгч судлалын лабораторийн тасгийн эмнэл зүйн эмгэг судлаач эмчийн ажил, албан тушаалд эгүүлэн тогтоосугай.
  2. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т зааснаар ажилгүй байсан хугацаанд ногдох урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт хариуцагчаас 7,168,483.58 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг олговрын хэмжээнд хуульд заасан хувь хэмжээгээр нөхөн төлж, холбогдох дэвтэрт бичилт хийлгэхийг хариуцагчид даалгасугай.
  3. Хөдөлмөрийн тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д зааснаар хариуцагчаас олговорт 421,351 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
  4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.4, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн, нэмэгдүүлсэн шаардлагад төлөх улсын тэмдэгтийн хураамж төлөх хугацааг хойшлуулсан болохыг дурдаж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид нийт 206,587 төгрөг гаргуулж, улсын орлого болгосугай.
  5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчин төгөлдөр болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоног өнгөрөөгөөд түүнээс хойш 14 хоногийн дотор  шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         Д.ГАНБОЛД