Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 11 сарын 10 өдөр

Дугаар 210/МА2021/01626

 

 

 

 

 

 

 

 

 

Д.Д-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ц.Ичинхорлоо, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 101/ШШ2021/02734 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Д.Д-гийн хариуцагч Х-д холбогдуулан гаргасан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийж баталгаажуулахыг хариуцагчид даалгах, хүндэтгэн үзэх шалтгаанаар ажилдаа ирээгүй үеийн олговорт 421 350 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Д-, түүний өмгөөлөгч Г.Ц, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Х-д 2015 онд эмнэл зүйн эмгэг судлаач их эмчээр ажилд орсон. Улмаар 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдрөөс 02 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл хугацаанд БНСУ-д нурууны өвчний онош тогтоолгохоор нэг сарын чөлөө авч тус улсад очсон. Гэтэл 2020 оны 02 дугаар сарын 25-ны өдрөөс ковид-19 цар тахал гарч онгоцны нислэг цуцлагдсан. Тусгай үүргийн онгоцоор зөвхөн жирэмсэн, өндөр настан, хүнд өвчтэй, бага насны хүүхэд гэх мэт хүндэтгэн үзэх шалтгаантай иргэдийг авч байсан тул миний бие чөлөөний хугацаанд Монгол Улсад ирж ажилдаа орж чадаагүй. 2020 оны 7 дугаар сарын 16-ны өдрөөс БНСУ дахь элчин сайдын яамнаас цахим хэлбэрээр бүртгэл явуулж эхэлсэн тул цахим бүртгэлд бүртгүүлж, нэрсийн жагсаалтын дарааллаар 2021 оны 3 дугаар сарын 02-ны өдөр тусгай үүргийн онгоцоор ирсэн. Монгол Улсад ирээд Баянзүрх дүүрэгт байрших Амар зочид буудалд 10 хоног, гэртээ 4 хоног тусгаарлагдаж, 2021 оны 3 дугаар сарын 17-ны өдрөөс тусгаарлалт дууссан. Дээрх шалтгааны улмаас үүрэгт ажлаа хийх боломжгүй байгаагаа хэлж, чөлөөний хугацааг сунгах хүсэлтийг гаргаж байсан. 2021 оны 3 дугаар сарын 17-ны өдрөөс тусгаарлалтын хугацаа дууссан тул ажилдаа эргэн орох хүсэлтийг гаргасан боловч чамайг ажлаас халсан гэж хэлээд ажилд оруулаагүй. Ажлаас халсан тушаалыг авахаар очиход холбогдох албан тушаалтнууд байхгүй гээд өгөөгүй, ажлаас халсан тушаалыг эх хувиар нь өгөх хүсэлтийг бичгээр гаргасан боловч одоогоор ямар нэгэн хариу өгөөгүй байна. Цар тахлын үед эх орондоо ирэх боломжгүй байгааг харгалзан үзвэл ажил олгогчийн тушаал нь хууль зүйн үндэслэлгүй. Иймд ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулан, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийж баталгаажуулахыг хариуцагчид даалгаж, хүндэтгэн үзэх шалтгаанаар ажилдаа ирээгүй үеийн олговорт 421 350 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Учир нь нэхэмжлэгч Д.Д- нь 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдрөөс 02 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл 1 сарын чөлөө авч, улмаар чөлөөний хугацааг 6 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл хугацаагаар сунгуулсан билээ. Гэвч 2021 оны 02 дугаар сарыг хүртэл нэхэмжлэгч нь ажилдаа ирээгүй бөгөөд ажил олгогчийн зүгээс 8 cap гаруй хугацаанд хүлээсэн байдаг. Түүнчлэн энэ хугацаанд ХӨСҮТ нь коронавирусын халдвар гарсантай холбоотойгоор маш өндөр ачаалалтай ажиллаж байсан бөгөөд энэхүү хугацаанд эмнэлгийн мэргэжилтний хувьд өргөсөн тангарагтаа үнэнч бус байж, нөхцөл байдлыг далимдуулан ажил тасалсан тул Хөдөлмөрийн тухай хууль, хөдөлмөрийн гэрээ, дотоод журамд үндэслэн ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан болно. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар нэхэмжлэгч Д.Д-г хариуцагч Х-ийн нэгдсэн лабораторийн албаны шимэгч судлалын лабораторийн тасгийн эмнэл зүйн эмгэг судлаач эмчийн ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т зааснаар ажилгүй байсан хугацаанд ногдох урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт хариуцагчаас 7 168 483.58 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг олговрын хэмжээнд хуульд заасан хувь хэмжээгээр нөхөн төлж, холбогдох дэвтэрт бичилт хийлгэхийг хариуцагчид даалгаж, Хөдөлмөрийн тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д зааснаар хариуцагчаас олговорт 421 351 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.4, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн, нэмэгдүүлсэн шаардлагад төлөх улсын тэмдэгтийн хураамж төлөх хугацааг хойшлуулсан болохыг дурдаж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид нийт 206 587 төгрөг гаргуулж, улсын орлого болгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй. Нэхэмжлэгч Д.Д- нь ХӨСҮТ-ийн Ерөнхий захирлын 2021 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн Б/42 тоот Хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаалыг эс зөвшөөрч Х-ийн нэгдсэн лабораторийн албаны шимэгч судлалын лабораторийн тасгийн эмнэл зүйн эмгэг судлаач эмчийн ажил албан тушаалд эгүүлэн тогтоох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгальг нөхөн төлж, холбогдох дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах, хүндэтгэн үзэх шалтгааны улмаас ажилдаа ирээгүй үеийн олговорт 421 350 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасны дагуу шүүхэд гаргасан. Анхан шатны шүүхээс шийдвэрийнхээ үндэслэлийг тайлбарлахдаа нэхэмжлэгчийг хөдөлмөрийн дотоод журмын 8.3.4-т заасан хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр нэг сарын дотор 3 ба түүнээс дээш хоног ажил тасалсан гэх зөрчлийг гаргасан гэжээ. Гэхдээ хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох зөрчлийг хөдөлмөрийн гэрээнд заавал тусгасан, өөрөөр хэлбэл ажил олгогч ажилтан нар тухайн зөрчлийн талаар харилцан тохиролцсон байх ёстой. Иймд Х-ийн Ерөнхий захирлын Б/42 дугаар тушаалаар хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан хэмээн ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй. Мөн хариуцагчийг Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт заасан үүргээ биелүүлээгүй гэж үзсэн. Дээрх анхан шатны шүүхийн шийдвэрийг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байна. ХӨСҮТ нь Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт заасан үүргээ биелүүлсэн бөгөөд энэ нь хавтаст хэргийн 7-10 хуудаст авагдсан ХӨСҮТ болон Д.Д- нарын хороонд 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр байгуулсан хөдөлмөрийн гэрээ байна. Тус гэрээнд нэхэмжлэгчийн албан тушаал нь Эмнэлзүйн эмгэг судлаач эмч гэж бичигдсэн байна. Харин нэхэмжлэгчийн эгүүлэн томилогдсон албан тушаал мөн адил эмнэл зүйн эмгэг судлаач эмч гэжээ. Нэхэмжлэгчийн тухайд бол албан тушаал эмнэл зүйн эмгэг судлаач эмч гэж урьдын адил хэвээр, зөвхөн лобартори өөрчлөгдсөн нь хэлбэрийн төдий өөрчлөлт бөгөөд чиг үүрэг урьдын адил учраас хөдөлмөрийн гэрээг шинэчлэн байгуулах шаардлагагүй гэж үзэж байна. Хөдөлмөрийн гэрээний драфт нь нэгэн адил бөгөөд, зөвхөн тус гэрээнд ажилтны нэр, албан тушаал, алба, тасаг нөхөн бичигддэг. Шинэчлэн байгуулагдах хөдөлмөрийн гэрээнд өөрчлөгдөх зүйл нь нэхэмжлэгчийн харьяалагдах тасгийн нэр өөрчлөгдөхөөр байна. Нэхэмжлэгчийн тухайд харьяалагдах тасаг л өөрчлөгдсөн болохоос түүний албан тушаал нь эмнэл зүйн эмгэг судлаач эмч хэвээр учраас, түүний хэрэгжүүлэх чиг үүрэг нь урьдын адил хэвээр байгаа тул хөдөлмөрийн гэрээг шинэчлэх шаардлагагүй гэж үзэж байна. Мөн тус хөдөлмөрийн гэрээний 3.2-т ажилтан хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажлын 3 өдөр ажил тасалсан тохиолдолд сахилгын ноцтой зөрчилд тооцож, хөдөлмөрийг гэрээг цуцалж, ажлаас чөлөөлнө" гэж заажээ. Шүүхээс нэхэмжлэгчийг Хөдөлмөрийн дотоод журмьн 8.3.4-т заасан хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр нэг сарын дотор 3 ба түүнээс дээш хоног ажил тасалсан гэх зөрчлийг гаргасан байна гэж дүгнэсэн. Иймд ХӨСҮТ-ийн Ерөнхий захирлын Б/42 тоот тушаал нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Иймд Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 101/ШШ2021/02734 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Нэхэмжлэгч Д.Д- нь хариуцагч Х-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийж баталгаажуулахыг хариуцагчид даалгах, хүндэтгэн үзэх шалтгаанаар ажилдаа ирээгүй үеийн олговорт 421 350 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Анхан шатны шүүх нэхэмжлэгч Д.Д-г хариуцагч Х-ийн нэгдсэн лабораторийн албаны шимэгч судлалын лабораторийн тасгийн эмнэл зүйн эмгэг судлаач эмчийн ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт хариуцагчаас 7 168 483.58 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож, ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр нөхөн төлж, холбогдох дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгаж, хүндэтгэн үзэх шалтгаанаар ажилдаа ирээгүй үеийн олговорт хариуцагчаас 421 351 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгуулахаар шийдвэрлэсэн байна.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргасан боловч зохигчид маргааны талаар харилцан тохиролцож, 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр давж заалдах шатны шүүх хуралдаанд эвлэрлийн гэрээг өгчээ.

Зохигчдын байгуулсан эвлэрлийн гэрээнд Хариуцагч Х-ийн ерөнхий захирлын тушаалаар нэхэмжлэгч Д.Д-г өмнө ажиллаж байсан тус төвийн нэгдсэн лабораторийн албаны шимэгч судлалын лабораторийн тасгийн эмнэлзүйн эмгэг судлаач эмчийн ажилд 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн томилох, цалин, олговорт нэхэмжилсэн нийт 7 589 834.58 төгрөгөөс эмнэлгийн төсвийн өнөөгийн байдалтай холбоотойгоор 2 589 833.58 төгрөгийг хасаж, 5 000 000 /таван сая/ төгрөг олгох хариуцагчийн саналыг нэхэмжлэгч зөвшөөрсөн тул ажилд нь эгүүлэн томилсон өдрөөс хойж ажлын 10 хоногт багтаан ажилгүй байсан хугацааны цалин хөлс, олговор болох нийт 5 000 000 /таван сая/ төгрөгийг нэхэмжлэгчийн Хаан банкны 5750118183 тоот дансанд шилжүүлэх, нэхэмжлэгч Д.Д-гийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг түүний хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаал гарсан өдрөөс буюу 2021 оны 02 дугаар сарын 22-ны өдрөөс хойш ажилтныг өмнө нь ажиллаж байсан ажилд эгүүлэн томилохоор талуудын тохиролцсон 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл хугацаанд хариуцагч төлж, Д.Д-гийн дэвтэрт нөхөн бичилт хийх-ээр эвлэрсэн байна.

Талууд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.3 дах хэсэгт зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч шатанд эвлэрэх эрхтэй бөгөөд талуудын тохиролцсон эвлэрлийн гэрээний дээрх нөхцөл нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул нэхэмжлэгч Д.Д-, хариуцагч Х-ийн эвлэрлийг баталж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасны дараа талууд эвлэрсэн тохиолдолд төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу буцаахгүй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 168 дугаар зүйлийн 168.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 101/ШШ2021/02734 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Х-ийн ерөнхий захирлын тушаалаар нэхэмжлэгч Д.Д-г өмнө ажиллаж байсан тус төвийн нэгдсэн лабораторийн албаны шимэгч судлалын лабораторийн тасгийн эмнэлзүйн эмгэг судлаач эмчийн ажилд 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн томилох, цалин, олговорт 5 000 000 төгрөгийг ажилд нь эгүүлэн томилсон өдрөөс хойш ажлын 10 хоногт багтаан нэхэмжлэгчийн Хаан банкны 5750118183 тоот дансанд шилжүүлэх, нэхэмжлэгч Д.Д-гийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг түүний хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаал гарсан өдрөөс буюу 2021 оны 02 дугаар сарын 22-ны өдрөөс хойш ажилтныг өмнө нь ажиллаж байсан ажилд эгүүлэн томилохоор талуудын тохиролцсон 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл хугацаанд хариуцагч төлж, Д.Д-гийн дэвтэрт нөхөн бичилт хийхээр эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.2 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 206 588 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дах хэсэгт зааснаар энэ магадлалд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, мөн тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Ц.ИЧИНХОРЛОО

 

Г.ДАВААДОРЖ