Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 10 сарын 01 өдөр

Дугаар 101/ШШ2021/02955

 

 

 

 

 

 

 

 

 

  2021          10          01                                   101/ШШ2021/02955

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ганболд даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: С.Д-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ш.Ө-д холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт нийт 80,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.Д , нэхэмжлэгчийн өмгөөлөгч К.М , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.О , хариуцагчийн өмгөөлөгч Г.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дөлгөөн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч С.Д  нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Шоотонгийн ******* нь 2019 оны 04 сарын 08-ний өдөр 35 сая төгрөг, 2019 оны 6 сарын 8-ний өдөр 15 сая төгрөгийг нийт 50 сая төгрөгийг нэг жилийн хугацаатай 5 хувийн хүүтэй зээлж авсан бөгөөд 2020 оны 6 сард зээлийн гэрээний хугацаа дуусаж өөрийн мөнгийг шаардахад өгөхгүй, холбоо барихгүй байгаа тул шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Иймд Ш.Ө ын зээлсэн 50 сая төгрөгийг, 1 жилийн хүү болох 30 сая төгрөгийг, нийт 80 сая төгрөгийг Ш.Ө аас гаргуулан өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч К.М  нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 80 сая төгрөг гаргуулна. Нэхэмжлэгч нь хариуцагчид 2019.4.8-нд  35 сая төгрөг, 6 сард 15 саяыг зээлсэн. Хугацаа дууссан боловч үүргээ биелүүлээгүй тул хүү 30 саяыг нэмж нэхнэ. Хариуцагчийн хэлснээр он сар дээр андуурсан байна. Нэхэмжлэгч нь хамтран ажиллах гэрээ байгуулаагүй. Зээлийн гэрээний харилцаа явагдсан байна. Иймд нэхэмжлэлээ дэмжинэ гэв.

 

Хариуцагчийн төлөөлөгч Л.О  нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус шүүхэд нэхэмжлэгч С.Д ын хариуцагч Ш.Ө ад холбогдуулан гаргасан 80,000,000 (наян сая) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай танилцаад хариуцагчийн итгэмжлэгдсэн Л.О  би дараах хариу тайлбарыг гаргаж байна. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ зээлийн гэрээний дагуу 50,000,000 төгрөгийг 1 жилийн хүү болох 30,000,000 төгрөгийн хамт, нийт 80,000,000 төгрөгийг гаргуулахаар шаардаж байх боловч С.Д  болон Ш.Ө  нарын хооронд байгуулагдсан зээлийн гэрээг хавсаргаагүй байна. Үүнээс үзэхэд нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ өөрөө нотлох үүргээ биелүүлээгүй буюу ямар гэрээг үндэслэн хариуцагчаас дээрх мөнгийг нэхэмжилж байгаа нь тодорхойгүй байна. Иймд нэхэмжлэгч нь хариуцагчаас зээлийн гэрээний үүрэг шаардах эрхгүй гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна.

50 саяыг зөвшөөрнө. Үлдэх хэсгийг зөвшөөрөхгүй. Учир нь нэхэмжлэгч нь мөнгө өгсөн огноог буруу хэлж байна. 8 сард 3 удаагийн гүйлгээгээр 50 саяыг авсан. Барилга барих зориулалтаар мөнгийг авсан. 50 саяыг барилгадаа оруулсан. Гэтэл хамтран ажиллаж байгаа хүн нь хөрөнгөө оруулаагүй тул ажил хойшилсон. Тендерийг өөрийн нэр дээр авсан. Барилгаа барьчихвал мөнгийг өгнө. Цар тахлаас болж ажил зогссон. Орлогогүй байгаа юм. Одоогийн нөхцөл байдлаас мөнгөө төлж чадахгүй байгаа юм. Иймд 30 саяыг зөвшөөрөхгүй гэв.

 

Хариуцагчийн өмгөөлөгч Г.Э нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т хүүтэй гэрээг бичгээр байгуулна гэдэг. Зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй тул хүү шаардах эрхгүй гэв.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч С.Д  нь зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 50,000,000 төгрөг, хүү 30,000,000 төгрөг, нийт 80,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Хариуцагч Ш.Ө  нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч маргасан боловч түүний төлөөлөгч Л.О  нь шүүх хуралдаанд үндсэн зээл 50,000,000 төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн боловч бичгээр гэрээ байгуулаагүй тул хүү төлөх үндэслэлгүй гэж маргаж байна.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч нь 2019 оны 08 дугаар сарын 04-ний өдөр 20,000,000 болон 15,000,000 төгрөг, 6-ны өдөр 15,000,000 төгрөг, нийт 50,000,000 төгрөгийг хариуцагч Ш.Ө ад олгосон болох нь Д.Я-ын Хаан банк дахь дансны хуулга, “Хаан банк” ХХК-ний 2021 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 50/8658 дугаар албан тоот, 27-ны өдрийн 5022/2212 дугаар тодорхойлолт, гэрч Д.Янжинлхамыг 2021 оны 08 дугаар сарын 25-ны өдөр асуусан тэмдэглэл зэргээр тогтоогдож байна. /хэргийн 3, 107, 109, 50-51 дүгээр тал/

Тодруулбал, 50,000,000 төгрөгийг Д.Я-ын данснаас шилжүүлсэн байх боловч уг дансыг нэхэмжлэгч С.Д  хамтран эзэмшдэг бөгөөд гэрч Д.Янжинлхам нь уг мөнгө нь нэхэмжлэгчийн мөнгө юм гэж тайлбарласан.

 

Ийнхүү олгосон мөнгөн хөрөнгө нь зээлийн зориулалтаар олгогдсон болох нь Д.Я-ын дээрх дансны хуулганы гүйлгээний утга хэсэгт “зээлүүлэв” гэсэн бичилт, гэрч Д.*******ыг 2021 оны 08 дугаар сарын 25-ны өдөр асуусан тэмдэглэлээр тогтоогдсон. /хэргийн 52-53 дугаар тал/

 

Эдгээрээс үзэхэд зохигчдын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн байна.

Иймд дээрх хуульд зааснаар хариуцагч нь зээлийн мөнгөн хөрөнгийг буцаан төлөх үүрэгтэй.

 

Харин Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т зааснаар хүү төлөхөөр тохиролцсон зээлийн гэрээг бичгээр байгуулах зохицуулалттай. Энэхүү шаардлагыг хангаагүй бол хүү шаардах эрхээ алдана.

Гэвч зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй болох нь нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдсон бөгөөд шүүхэд бичгээр байгуулсан гэрээ ирүүлээгүй.

Иймд нэхэмжлэгчид хүү шаардах эрх үүсээгүй байна.

 

Дээрх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаас 50,000,000 төгрөгт холбогдох хэсгийг хангаж, үлдэх 30,000,000 төгрөгт холбогдох хэгсийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй юм.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

  1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3-т зааснаар хариуцагч Ш.Ө аас зээлийн гэрээний үүрэгт нийт 50,000,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч С.Д т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 30,000,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 557,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 407,950 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
  3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчин төгөлдөр болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоног өнгөрөөгөөд түүнээс хойш 14 хоногийн дотор  шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Д.ГАНБОЛД