Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 11 сарын 24 өдөр

Дугаар 210/МА2021/01708

 

 

 

 

 

2021 оны 11 сарын 24 өдөр

Дугаар 210/МА2021/01708

 

 

С.Д-н нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Г.Даваадорж даргалж, шүүгч Э.Золзаяа, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 101/ШШ2021/02955 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч С.Д-н хариуцагч Ш.Ө-д холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт 80 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч талаас давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч К.Манлай, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.

Нэхэмжлэгч С.Д шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би Ш.Ө-д 2019 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр 35 000 000 төгрөг, мөн оны 6 дугаар сарын 08-ны өдөр 15 000 000 төгрөг, нийт 50 000 000 төгрөгийг нэг жилийн хугацаатай 5 хувийн хүүтэй зээлсэн. Гэрээний хугацаа 2020 оны 6 дугаар сард дууссан. Хариуцагч Ш.Ө гэрээгээр хүлээсан үүргээ биелүүлээгүй тул үндсэн зээл 50 000 000 төгрөг, хүү 30 000 000 төгрөг, нийт 80 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Оюун-Эрдэнэ шүүхэд гаргасан хариу тайлбартаа: С.Д-аас Ш.Ө нь 2019 оны 8 дугаар сард 3 удаагийн гүйлгээгээр 50 000 000 төгрөгийг барилга барих зориулалтаар зээлсэн. Ковид 19 цар тахлаас болж ажил зогсож орлогогүй болсон. Нэхэмжлэгч нь хариуцагчаас зээлийн гэрээний үүрэгт 80 000 000 төгрөгийг гаргуулахаар шаардахдаа хэрэгт зээлийн гэрээг хавсаргаагүй байна. Үүнээс үзэхэд нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ өөрөө нотлох үүргээ биелүүлээгүй. Нэхэмжлэгч ямар гэрээг үндэслэн хариуцагчаас дээрх мөнгийг нэхэмжилж байгаа нь тодорхойгүй байх тул гэрээний үүрэг шаардах эрхгүй гэж үзэж байна. Мөн талууд зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй. Иймд үндсэн зээл 50 000 000 төгрөг төлнө, хүү төлөхгүй гэжээ.

 

Шүүх:  Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3 дах хэсэгт зааснаар хариуцагч Ш.Ө зээлийн гэрээний үүрэгт нийт 50 000 000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч С.Дт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 30 000 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 557 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 407 950 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч тал давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болгож буй Д.Я эзэмшлийн ХААН банк ХХК-ийн**********тоот данснаас Ш.Ө ХААН банк ХХК-ийн ********** тоот данс руу 2019 оны 8 дугаар сарын 04-ний өдрөөс мөн сарын 06-ны өдрүүдэд 3 удаагийн гүйлгээ хийж нийт 50 000 000 төгрөгийг шилжүүлсэн байдаг. Гэтэл шүүх зөвхөн гэрчийн мэдүүлгийг үндэслэн Д.Я эзэмшлийн ХААН банк ХХК-ийн ********* тоот данснаас шилжүүлсэн мөнгийг нэхэмжлэгч С.Д-н мөнгө гэж дүгнэж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

Учир нь ХААН банк ХХК-аас шүүхэд ирүүлсэн тодорхойлолтоор ******** тоот данс нь хамтран эзэмшигч нь С.Д байх бөгөөд уг данснаас шилжүүлсэн мөнгийг С.Д нь дангаар шаардах эрхтэй гэдгийг хангалттай нотолж чадахгүй гэж үзэж байна. Мөн шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт дээрх мөнгийг Д.Я нь Ш.Ө шаардах эрхгүй гэдгийг дурдахгүй орхигдуулсан. Үүний улмаас данс эзэмшигч Д.Я нь шилжүүлсэн 50 000 000 төгрөгөө Ш.Ө-с дахин шаардах эрхтэй мэт ойлгомжгүй байдлыг бий болгож байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ

 

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

Хариуцагч Ш.Ө нь нэхэмжлэгч С.Д-н зээлийн гэрээний үүрэгт 80 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох үндсэн зээл 50 000 000 төгрөг төлөхийг зөвшөөрч, үлдэх хэсгийг ...зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй тул хүү төлөхгүй гэх үндэслэл заан, маргажээ.  

Талууд аман хэлбэрээр харилцан тохиролцож, С.Д нь 2018 оны 8 дугаар сарын 04-ний өдөр 35 000 000 төгрөг, мөн сарын 06-ны өдөр 15 000 000 төгрөгийг тус тус Ш.Ө-ын данс руу шилжүүлж, нийт 50 000 000 төгрөгийг зээлдүүлсэн үйл баримтыг тэдгээрийн тайлбар, ХААН банк ХХК дах депозит дансны хуулга, гэрч Д.Я мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг үндэслэн анхан шатны шүүх зөв тогтоож, талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсгийн заасантай нийцэж байна. /хх-3, 50-53

Учир нь С.Д, гэрч Д.Я нар ХААН банк ХХК дах ********** дугаартай төгрөгийн дансыг хамтран эзэмшдэг, тэрээр Ш.Өын ************** данс руу шилжүүлсэн мөнгөн хөрөнгө нь С.Д-н хөрөнгө болох нь ХААН банк ХХК-ийн 2021 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн тодорхойлолт, гэрч Д.Я мэдүүлэг зэрэг баримтаар нотлогдож байхаас гадна хариуцагчийн данс руу мөнгө шилжүүлсэн гүйлгээний утгад Дашжаваас зээлүүлэв гэж тэмдэглэгджээ. Иймээс нэхэмжлэгч С.Д, гэрч Д.Я нарын хамтран эзэмшдэг ХААН банк дах*********дугаартай данснаас хариуцагчид шилжүүлсэн 50 000 000 төгрөгийг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасны дагуу буцаан төлөхийг нэхэмжлэгч шаардах эрхтэй.

Хариуцагч Ш.Ө зээлээр шилжүүлэн авсан 50 000 000 төгрөгийг буцаан төлөх үүргээ биелүүлээгүй гэдгээ зөвшөөрсөн агуулга бүхий тайлбар гаргаж, харин зээлийн хүү төлөх хууль зүйн үндэслэл бүрдсэн эсэх нь тэдгээрийн маргааны зүйл болжээ.

Хүү тогтоосон зээлийн гэрээг бичгээр хийх, энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдах журмыг Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3 дах хэсгээр зохицуулсан байна. Зохигчид зээлийн гэрээг аман хэлбэрээр байгуулсан болох нь тэдгээрийн тайлбараар тогтоогдсон учир нэхэмжлэгч тал хариуцагч талаас зээлийн хүү шаардах эрхгүй.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үнэлж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг буюу 50 000 000 төгрөгийг хангаж, зээлийн хүүд 30 000 000 төгрөг гаргуулах шаардлагад холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсгийн заасныг зөв хэрэглэсэн байна.

Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын дагуу анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах хууль зүйн үндэслэлгүй тул түүний гомдлыг хангахгүй орхиж, шийдвэрийг хэвээр үлдээхээр шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 101/ШШ2021/02955 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 407 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ  Г.ДАВААДОРЖ

 

ШҮҮГЧИД Э.ЗОЛЗАЯА

 

Ч.ЦЭНД

 

.....................................................................................................................

2.......................................................................................................................................................................................................................................................................................................................................................................