Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 09 сарын 28 өдөр

Дугаар 148/ШШ2021/00429

 

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Энхтайван даргалж тус шүүхийн шүүх хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: *******ийн ******* /РД:*******/-ын нэхэмжлэлтэй

Хариуцагч:  *******гийн ******* /РД:*******/-д холбогдох

6,357,542 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Сэрүүнтунгалаг /онлайн/, хариуцагчийн өмгөөлөгч Г.Амартүвшин /онлайн/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Энхцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Сэрүүнтунгалаг нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

 

... М.******* нь Дархан-Уул аймгийн Дархан сумын 11-р баг 6-р хорооллын 4-р байрны 5 давхрын 40 тоот байрыг түрээсийн гэрээгээр эзэмшиж байхдаа 2019 оны 11 дүгээр сарын 24-ний орой 22.30 цагаас эхлэн ус алдуулж шуурхай арга хэмжээ авахгүй байсаар бид өөрсдөө 2 хүн явуулж усыг түр тогтоон ус сувгаас дуудлагын хүн ирж усыг байраар нь хааж, хугарсан турба сольж янзалсан. М.******* нь Иргэний хуульд зааснаар ердийн элэгдэл гэмтлээс муутгахгүй байх үүрэгтэй мөн орон сууц хөлслөх гэрээний 5.8-д ... хөлслөгч нь цахилгааны хэрэгсэл асааж мартах, ус гоожуулж орхих, ус алдуулах гэх мэт хөлслүүлэгчийн болон гуравдагч этгээдэд учруулсан хохирлыг хариуцна гэж заасан тул өөрсдийн буруутай үйл ажиллагааны улмаас ус алдуулсан тул Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.09.02-ны өдрийн 960 дугаартай шүүхийн тогтоолоор 1,264,500 төгрөгийг мөн тус шүүхийн 2021.03.24-ний өдрийн 248 дугаартай шийдвэрээр 3,852,711 төгрөг, М.*******ийг 2020.09.03 өдрийн 964 дугаартай шийдвэрээр эрэн сурвалжлуулсан тэмдэгтийн хураамж 70200 төгрөг, шинжээчийн зардалд 878640 төгрөг, дээрх хоёр шийдвэрийн тэмдэгтийн хураамжийн 111491 төгрөг, түрээсийн төлбөрийн үлдэгдэл 140,000 төгрөг, усны тоолуур солиулсны үнэ 40,000 төгрөг нийт 6,357,542 төгрөгийг М.*******ээс харилцан тохиролцож шийдвэрлүүлэхээр хандаж байгаа тул шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Сэрүүнтунгалаг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Хариуцагч М.*******ийн гаргасан тайлбартай танилцсан. М.******* нь тухайн байранд гэр бүлийн хүмүүсийн хамт амьдардаг байсан. Өөрсдийн хариуцлагагүй байдлаас болж ус алдуулсан гэж үзэж байгаа. Мөн өөрийн хөрөнгө биш түрээсийн байр гэдэг утгаараа түрээсийн төлбөрөө төлөөгүй, төлбөрийн үлдэгдэлтэй болон хугарсан шланкыг нэхэмжлэгчийн ах, эгч хоёр ороод угаалгын машины шланкыг янзлаад усыг нь нойл руу хийж арга хэмжээ авсан. Дуудлага өгчихсөн байгаа гээд усыг нь гоожуулаад байж байсан. Мөн Ус сувгийн газрын гаргасан тодорхойлолтод гадны нөлөөнөөс болж хугарсан байна гэх тодорхойлолт гаргаж өгсөн. Ийм учраас М.******* нь өөрийн эзэмшиж байсан байрныхаа эд хөрөнгөд хайхрамжгүй хандаж хохирол учруулсан. Иймд нэхэмжлэлд дурдсан 6,357,542 төгрөгийг гаргуулж өгнө үү гэж хүсэж байна. Мөн гэрээний 5.8 дугаарт зааснаар хөлслөгчийн үүргийг зөрчсөн гэж үзэж байна. Шүүгчийн туслахын мэйл рүү төлбөр төлсөн баримтаа явуулсан. Хариуцагч М.******* одоогоор 1,349,898 төгрөгийг төлсөн байгаа гэв.

Хариуцагч нь шүүхэд бичгээр өгсөн тайлбартаа:

******* овогтой ******* миний бие П.*******ын Дархан-Уул аймгийн Дархан сумын 11 дүгээр баг 6 дугаар хорооллын 4 дүгээр байрны 5 давхрын 40 тоот байрыг түрээсийн гэрээгээр эзэмшиж байхдаа 2019 оны 11 дүгээр сарын 24-ний оройн тухайн айлын байрын нойлын жижиг труба гэнэт хагаран хүйтэн ус алдсан. Алдсан даруйд нь би 3 давхрын тухайн байранд үйлчлэгч хийж байсан эгчээс ус сувгийн лавлах дугаарыг аваад дуудлага өгсөн. Тухайн үед лавлах утас авсан хүн ачаалал ихтэй байна удахгүй засварчин явуулна гэсэн. Засварчин ирэх гэсээр байтал 30-40 минут болсон. Манай нөхөр бид 2 өөрсдөө алчуур барьж хүйтэн усанд 30-40 минут болсон. Засварчин ирээд эхлээд нэг хүн ирсэн дараа нь удалгүй дахиад нэг хүн ирсэн. Яаралтай янзлах ёстой байтал 1 дүгээрт доор подвалын түлхүүр байхгүй онгойлгож чадалгүй бараг 1 цагаас 2 цаг хэртэй ус алдсан. Би Сөх-ийн дугаарын утсаар ярьж түлхүүр асуусан боловч тухайн үед утас аа авахгүй байсан ба мессеж бичсэн, бас сүүлдээ хүмүүс орилолдож бүгд засварчдад уурлан эвдээд ороод янзал гэж байгаад эвдүүлсэн. Тухайн хоёр засварчин ирсний дараа би байрны эзний эхнэр лүү удаа дараа танай байр ус алдлаа гэж хэлсэн. Байрны эзний эхнэр таньдаг засварчнаа явууллаа гээд дахиад нэг засварчин ирсэн. Тухайн үед би иргэний үүргээ ухамсарлаж хугацаа алдалгүй дуудлага өгсөн. Гэвч 1 дүгээрт засварчид удаан ирсэн. 2 дугаарт түлхүүр байхгүйн улмаас хугацаа алдсан. 3 дугаарт П.*******ын нойлоос ус дусалж байна гэж би утсаар 2 удаа хэлсэн. 4 дүгээрт бид хоёр ус алдсанаас хойш 2 сарын 1 хүртэл тухайн байранд түрээсийн гэрээний хугацаа дуусаагүй тул амьдарч байсан. Энэ үед ямар ч гомдол ирээгүй байж бараг жилийн дараа цагдаагийн газраас ярьж байна гэж хэлсэн. Дараа нь хөдөө явсан хойно П.*******ын эхнэр нь байрны хүмүүс бид хоёрыг шүүхэд өгсөн байна. Та 2 гэрч бол гэж хэлсэн. Би хөдөө байна Дархан орохоороо болсон зүйлийг бичгээр бичиж өгье гэж хэлсэн. П.******* над руу залгаад 3, 4 давхрын хүмүүс намайг шүүхэд өгсөн. Гэрчийн мэдүүлэг өгөөч гэсэн. Би Зүүнхараад очиж мэдүүлэг өгсөн. П.******* над руу дахин залгаад 3, 4 давхрын айлууд надад холбогдуулан 5,000,000 төгрөгийн нэхэмжлэл гаргасан чи хувааж төлөх ёстой гэсэн. Би миний буруугаас болоогүй ээ хариуцлага үүрэхгүй гэж хэлсэн. Тэгвэл би шүүхэд гомдол гаргалаа гэж надад хэлсэн. Намайг эрэн сурвалжлаад байх шаардлага байхгүй. Би ямар хэрэг хийсэн биш миний хаяг тодорхой байсан. Ус алддаг өдөр 3 давхрын настай хүн намайг загнаж байгаад байрны түрээсийн гэрээгээ өг гэж байгаад авсан. Түрээсийн гэрээ 2 сарын 01-ний өдөр дууссан, 4-ний өдөр хэтэрсэн нэг өдрөө тооцож түрээсээ авна гэсэн. Би П.*******ад 4-ний өдрийн мөнгө өгөөгүй бусад тооцоог бүгдийг хийсэн. Байрны бүх хүмүүс тухайн өдөр бүгдээрээ ус суваг руу өөрсдөө залгасан. Миний хувьд би буруу зүйл хийгээгүй учир хариуцлага хүлээхгүй гэдгээ мэдэгдэж байна. Надад харин гомдолтой байна. Бүх зүйлийг 3 давхрын эгч мэдэж байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа:

Энэ асуудал нь өмнө нь Дархан-уул аймагт хоёр шүүхээр шийдвэрлэгдсэн асуудал байгаа. Нэгдүгээрт: Эвлэрлийн гэрээгээр хэрэг хэрэгсэхгүй болсон. Хоёрдугаарт: Шүүхийн шийдвэр гарсан. Шийдвэр болон эвлэрлийн гэрээг харахад М.******* гэх хүнийг төлнө гэх маргаан огт гарч ирээгүй. Нэхэмжлэгч П.******* гэх хүн өөрөө төлнө гэх үндэслэлээр эвлэрлийн гэрээ байгуулан зөвшөөрсөн асуудал юм. Эвлэрлийн гэрээнд зөвшөөрсөн асуудлаар дахин мөнгөтэй холбоотой асуудлаар маргаан гарахгүй гэж зөвшөөрч гэрээ байгуулсан байх гэж бодож байна. Хэрвээ 6,357,542 төгрөгийг нэхэх байсан бол тухайн үед хариуцагчаар татуулан асуудалд хандах боломжтой байсан. Одоо эдгээр асуудлуудыг дахин шийдэгдэх боломжгүй. Мөн шүүхийн шийдвэр нь гэм буруугийн асуудлаар шийдсэн. Тухайн гарсан хохирлыг П.******* нь төлөх нь зүйтэй байна гэх шүүхийн шийдвэр гарсан. Гуравдугаарт гэрээний 5.8 дугаарт зааснаар буруу эзэмшиж, ашигласнаас болж ус алдах, ус гоожуулсан бол түүнийг хөлслөгч этгээд хариуцна гэж заасан байдаг. Тэгэхээр М.******* гэх хүн ямар асуудлаас болж буруу эзэмшиж, ашигласан бэ гэдэг нь тогтоогдоогүй. Дархан-уул аймгийн Ус сувгийн тодорхойлолтод ариун цэврийн өрөөний цэвэр усны хаалтны шугам голоороо гадны нөлөөтэй хугарсан гэх тодорхойлолт гарсан байсан. Ус алдсан шалтгаан нь цэвэр усны шугам хуучирч муудсан байсан учраас шугам гадны нөлөөнөөс болж голоороо хугарсан гэх тодорхойлолтод бичсэн байсан. Гадны нөлөөгөөр тухайн хөлслөгч айлыг буруутгах үндэслэл байхгүй. Өөрөөр болоод дээд болон доод айл нүдсэнээс болж хугарсан зэрэг янз бүрийн шалтгаанаас болж шугам хугарсан байх магадгүй байна. Ус сувгийн тодорхойлолтоос нэг зүйлийг харахад цэвэр усны шугам хуучирч муудсан байсан гэсэн байна. Үүнээс үзэхэд хуучирч муудсан шалтгаанаас болж хохирол үүссэн байна гэж үзэж байна. Хөлслөөд 3 сар болоогүй байгаа айл айлын турба хуучирч муудсан асуудалд анхааралд тавьж явахгүй. Хэрвээ шугамыг солих болбол нэг айл дангаараа солихгүй, дээд, доод айл, сөх нийлж нийтээрээ солих ёстой асуудал юм. Дархан-уул аймгийн Ус сувгийн тодорхойлолт нь ойлгомжгүй байна. Учир нь М.******* гэх хүний буруутай үйлдэл гэдэг нь харагдахгүй байгаа юм. Дараагийн асуудал нь хариуцагч нь М.******* гэхээсээ илүү Сөх-ийн буруутай үйлдлээс болж үүссэн гэж харагдаж байна. Учир нь М.******* гэх хүн тухайн үед шууд дуудлага өгсөн. Дуудлага өгөөд дээд, доод айлууд гарч ирээд хаалтын хаах гэхэд сууц өмчлөгчдийн холбоо түлхүүрээ нойлын өрөөнд түгжчихсэн байсан. Энэ байдлаас болж тодорхой хэмжээний ус алдчихсан. Эдгээр байдлуудыг шалгаж засвар үйлчилгээ хийх болон Сөх хариуцах ёстой үйлдлүүдээ хийгээгүй гэж үзэж байна. Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 15 дугаар зүйлд зааснаар цэвэр усны шугам, хүйтний шугам, шугам сүлжээний холбогдолтой хөрөнгүүд нь Сөх-ийн дундын өмчлөлд хамааралтай зүйлүүд байдаг. Эдгээр байгууллагууд нь өөрсдөө засвар үйлчилгээгээ хийх үүрэгтэй. Өөрсдөө засвар үйлчилгээгээ хийгээгүй, шугам сүлжээгээ муутгаснаас болж үүссэн хохирлыг хөлсөлж байгаа хүнээс нэхэх нь үндэслэлгүй байна гэж үзэж байна. Ийм учраас М.******* гэх хүний буруутай үйлдлээс болж учирсан гэж тодорхойлсон зүйл байхгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж хүсэж байна гэжээ.

 

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэл, зохигчийн тайлбар, шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагчийн өмгөөлөгч нараас өгсөн тайлбар, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судалж ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч П.******* нь хариуцагч М.*******ээс Дархан-Уул аймгийн Дархан сумын 11 дүгээр баг 6 дугаар хорооллын 4 дүгээр байрны 5 давхар 40 тоот байрыг түрээсийн гэрээгээр эзэмшиж, ашиглаж байхдаа 2019 оны 11 сарын 24-ний орой 22:30 цагаас эхлэн ус алдуулж шуурхай арга хэмжээ аваагүй буруутай үйл ажиллагааны улмаас тэдний хооронд 2019 оны 10 сарын 25-ны өдөр байгуулагдсан орон сууц хөлслөх гэрээний хөлслөгчийн эрх, үүрэг хэсгийн 5.8-д заасан ...хөлслөгч нь хөлсөлж байгаа орон сууцыг гэрээнд заасан нөхцөл, зориулалтаар нь ашиглаж, түүний бүрэн бүтэн байдлыг хангаж, сантехник болон цахилгаан хэрэгслийн аюулгүй ажиллагааг байнга шалгаж, болзошгүй гэмтлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах үүрэгтэй бөгөөд буруу эзэмшиж, ашигласнаас ...ус алдуулах гэх мэт хөлслүүлэгч болон гуравдагч этгээдэд учруулсан хохирлыг хариуцахаар заасныг эс биелүүлж, зөрчсөний улмаас орон сууц хөлслүүлэгч П.******* нь гэм хорын хохиролд 1,264,500 төгрөгийг нэхэмжлэгч Г.Сандагт төлөхөөр Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 960 дугаартай тогтоолоор шийдсэн, мөн шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 248 дугаартай шийдвэрээр нэхэмжлэгч Б.Алтанцэцэгт учирсан гэм хорын хохиролд 3,852,711 төгрөг төлөхөөр, мөн шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 964 дугаартай шийдвэрээр дээрх хохирол төлбөртэй холбогдуулан М.*******ийг эрэн сурвалжилсны зардалд улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөг, дээрх 2 удаагийн шийдвэрийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 111,491 төгрөг, шинжээчийн зардалд 878,640 төгрөг, түрээсийн төлбөрийн үлдэгдэл 140,000 төгрөг, усны тоолуур солиулсны үнэ 40,000 төгрөг, нийт 6,357,542 төгрөгийг М.*******ээс гаргуулахаар нэхэмжилснийг шүүх зохигчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, тайлбар, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн болон хариуцагчийн өмгөөлөгчийн шүүх хуралдаанд өгсөн тайлбар, хавтаст хэрэгт авагдсан, нэхэмжлэгчээс шүүхэд гаргаж өгсөн бичгийн чанартай нотлох баримт болох хэргийн 4-20, 34-37, 39-41, 88 дугаар талд авагдсан баримтуудыг шинжлэн судалж үзээд; нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын заримыг буюу дээрх шүүхийн 960 дугаартай тогтоолоор П.*******аас Г.Сандагт байрны засварын мөнгө 1,264,500 төгрөг төлөхөөр, мөн шүүхийн 248 дугаартай шийдвэрээр П.*******аас гэм хорын хохиролд Б.Алтанцэцэгт төлөх 3,852,711 төгрөг, дээрх хоёр шийдвэрийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт /76,593+34,898/ 111,491 төгрөг, М.*******ийг эрэн сурвалжлахад төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг, П.*******аас шинжээчийн ажлын хөлс /зардал/-д 248 дугаартай шийдвэрээр төлсөн 805,140 төгрөг зэрэг бүгд 6,104,042 төгрөгийн шаардлагыг хангаж, үлдэх 253,500 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

Учир нь; П.*******, М.******* нарын хооронд 2019 оны 10 сарын 25-ны өдөр Орон сууц хөлслөх бүртгэлийн 1211 дугаартай хүчин төгөлдөр гэрээ байгуулагдаж, хөлслөгч М.******* нь уг 40 тоот орон сууцыг 2019 оны 10 сарын 25-наас 2020 оны 01 сарын 25-ны өдрийг хүртэл 3 сарын хугацаатайгаар хөлсөлж, эзэмшиж, ашиглаж байх хугацаандаа буюу 2019 оны 11 сарын 24-ний шөнийн 11.00 цагт ариун цэврийн өрөөний 15-ын шугаманд гадны нөлөө үзүүлснээр голоороо хугарсны улмаас ус алдаж дээрх шүүхийн шийдвэрүүдээр нийт /1,264,500+3,852,711+805,140+111,491+70,200/ 6,104,042 төгрөгийн шууд ба шууд бусаар бусдад учруулсан хохирол төлбөрийг орон сууц хөлслөгч М.******* хариуцан төлөх хууль зүйн болон бодит үндэслэлтэй болох нь тэдний хооронд байгуулагдсан орон сууц хөлслөх гэрээний 5.8-д заасан ... сантехникийн аюулгүй ажиллагааг байнга шалгаж, болзошгүй гэмтлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах үүрэгтэй бөгөөд буруу эзэмшиж ашигласнаас / ус алдуулах гэх мэт / хөлслүүлэгч болон гуравдагч этгээдэд учруулсан хохирлыг хөлслөгч тал бүрэн хариуцахаар хэлэлцэн тохиролцсоныг зөрчсөнөөс гадна хавтаст хэргийн 4 дэх талд авагдсан Орон сууц хэрэглэгчийн албаны дарга Г.Алтаншагай, сантехникийн засварчин М.Батсүх нарын тодорхойлолт, шүүхийн 960, 248, 964 дугаартай тогтоол, шийдвэрүүдээр нотлогдож байна.

Харин хариуцагч хариу тайлбартаа / хх 35-37 тал / ... өөрийгөө буруугүй, ... нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй хэмээн маргаж байгаа боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, 107 дугаар зүйлийн 107.3-д тус тус зааснаар ...хариуцагч тал, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нар нь нэхэмжлэлийн шаардлага, маргааны үйл баримтыг татгалзаж буй үндэслэлээ нотолж, нотлох баримтаа гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд тэрээр энэхүү үүргээ биелүүлж дээрх нэхэмжлэлийн үндэслэл шаардлагыг няцаасан нотлох баримт шүүхэд гаргаагүй, хэрэгт энэ тухай баримт авагдаагүй бөгөөд дан ганц тайлбараар нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага, нотлох баримтыг няцаасан гэж үзэхгүй юм.

Харин нэхэмжлэгч нь ...түрээсийн төлбөрийн үлдэгдэл 140,000 төгрөг, тоолуур солиулсны үнэ 40,000 төгрөг, шинжээчийн зардлын зөрүү 73,500 төгрөг зэрэг бүгд 253,500 төгрөгийн шаардлагаа шүүхэд нотлоогүй, энэ тухай баримт хавтаст хэрэгт авагдаагүй байх тул хэрэгсэхгүй болговол зохино.

Хэдийгээр талууд орон сууц хөлслөх гэрээний 3.2-т ...түрээсийн төлбөрийг сарын 470,000 төгрөг гэж тохиролцсон боловч нэхэмжлэгчээс түрээсийн төлбөрийн үлдэгдэл 140,000 төгрөгийн төлбөр нь чухам хэдий хугацааны төлбөр болох, хэрхэн тооцож гаргасан болох зэрэг тооцооны баримт гаргаагүй, хэрэгт авагдаагүй байна.

Хууль зүйн үндэслэл нь; талуудын хооронд Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1-д заасан орон сууц хөлсөх гэрээний харилцаа үүссэн ба /хх-ийн 7-9 тал/ талуудын хооронд байгуулагдсан дээрх орон сууц хөлслөх гэрээ байгуулагдсан эсэх, хүчин төгөлдөр эсэх дээр талууд маргаангүй байна. Харин хариуцагч буюу орон сууц хөлслөгч тал нь гэрээний 5.8-дахь заалтыг зөрчсөний улмаас бусдад учруулсан хохирол, гэм буруугийн тал дээр маргаж байгаа боловч Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1-д ... хөлслүүлэгч нь сууцны зориулалттай орон сууцыг хөлслөгчийн эзэмшилд шилжүүлэх, хөлслөгч нь хэлэлцэн тохирсон үнийг төлөх үүрэгтэй бөгөөд мөн хуулийн 288 дугаар зүйлийн 288.2.3-д зааснаар ...хөлслөгч нь хөлслөн авсан эд хөрөнгийг муутгасан, гэмтээсэн буюу муутгах, гэмтээх бодит нөхцөл бий болгосон бол ...гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй бөгөөд мөн хуулийн 289 дүгээр зүйлийн 289.1.1-д зааснаар ... хөлслөгч нь хөлслөн авсан эд хөрөнгийг гэрээнд заасан нөхцөл зориулалтын дагуу ашиглах үүрэгтэй байна. Үүний сацуу мөн хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 227 дугаар зүйлийн 227.1 д тус тус зааснаар ... гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол үүрэг гүйцэтгүүлэгч нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлоо шаардах эрхтэйгээс гадна мөн хуулийн 228 дугаар зүйлийн 228.1-д зааснаар ... гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээд нөгөө талын зөрчигдсөн эрхийг сэргээх боломжгүй, эсхүл харьцангуй их зардал гарахаар бол гэм хорыг мөнгөөр нөхөн төлөхөөр зохицуулжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 116,671 төгрөгийг төрийн сангийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас нэхэмжлэлийн хангагдсан хэсэг болох 6,104,042 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамжид 112,615 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олговол зохино.

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1-д зааснаар ... М.*******ээс 6,104,042 төгрөг гаргуулж П.*******ад олгож, нэхэмжлэлээс үлдэх 253,500 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 116,671 төгрөгийг төрийн сангийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 6,104,042 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж тооцож, 112,615 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

 

4. Хариуцагч нь энэхүү шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан биелүүлсүгэй.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3, 119.4-т зааснаар шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг энэ хуулийн 118 дугаар зүйлд заасны дагуу бүрэн эхээр нь бичгээр үйлдэж, шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.

 

6. Хэргийн зохигчийн оролцоогүйгээр хэргийг шийдвэрлэсэн бол шүүх шийдвэрийг энэ хуулийн 119.4-т заасан хугацаанд зохигчид гардуулна. Ийнхүү гардуулах боломжгүй бол шүүх уг хугацаа өнгөрснөөс хойш 7 хоногийн дотор зохигчийн оршин суугаа /оршин байгаа/ газар болон ажилладаг байгууллагын нь аль нэг хаягаар баталгаат шуудангаар, эсхүл шүүхийн ажилтнаар хүргүүлсүгэй.

 

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар 119.4-т заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.ЭНХТАЙВАН