Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 11 сарын 09 өдөр

Дугаар 208/МА2021/00030

 

 

 

 

 

 

 

 

 

 

П.*******ын нэхэмжлэлтэй

                           иргэний хэргийн тухай

 

 

                                                                           Хэргийн индекс: 148/2021/00299И

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

                  Даргалагч, ерөнхий шүүгч                 Д.Буянжаргал

                  Шүүгчид                                             Г.Давааренчин

                                                                              Б.Эрдэнэхишиг 

 

                  Оролцогчид

                   Хариуцагч                                           М.*******

                   Хариуцагчийн өмгөөлөгч                   Г.Амартүвшин

                  ШШүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Энх-Амар нарыг оролцуулав.

            Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 429 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч бичсэн хариуцагч, түүний өмгөөлөгчийн гаргасан давж заалдсан гомдлоор П.*******ын нэхэмжлэлтэй М.*******т холбогдох “6.357.542 төгрөг гаргуулах” тухай 148/2021/00299/И индекстэй,  хавтас иргэний хэргийг 2021 оны 10 дугаар  сарын 28-ны өдөр хүлээн авч танилцаад, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд шүүгч Б.Эрдэнэхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... М.******* нь ******* аймгийн ******* сумын ******* ******* ******* ******* ******* тоот байрыг түрээсийн гэрээгээр эзэмшиж байхдаа 2019 оны 11 дүгээр сарын 24-ний орой 22.30 цагаас эхлэн ус алдуулж шуурхай арга хэмжээ авахгүй байсаар бид өөрсдөө 2 хүн явуулж усыг түр тогтоон ус сувгаас дуудлагын хүн ирж усыг байраар нь хааж, хугарсан турба сольж янзалсан. М.******* нь Иргэний хуульд зааснаар ердийн элэгдэл гэмтлээс муутгахгүй байх үүрэгтэй мөн орон сууц хөлслөх гэрээний “5.8-д ... хөлслөгч нь цахилгааны хэрэгсэл асааж мартах, ус гоожуулж орхих, ус алдуулах гэх мэт хөлслүүлэгчийн болон гуравдагч этгээдэд учруулсан хохирлыг хариуцна” гэж заасан ба хөлслөгч нь өөрсдийн буруутай үйл ажиллагааны улмаас ус алдуулсан.

 ******* аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.09.02-ны өдрийн 960 дугаартай шүүхийн тогтоолоор 1,264,500 төгрөгийг мөн тус шүүхийн 2021.03.24-ний өдрийн 248 дугаартай шийдвэрээр 3,852,711 төгрөг, М.*******ийг 2020.09.03 өдрийн 964 дугаартай шийдвэрээр эрэн сурвалжлуулсан тэмдэгтийн хураамж 70200 төгрөг, шинжээчийн зардалд 8786 төгрөг, дээрх хоёр шийдвэрийн тэмдэгтийн хураамжийн 111491 төгрөг, түрээсийн төлбөрийн үлдэгдэл 1,000 төгрөг, усны тоолуур солиулсны үнэ ,000 төгрөг нийт 6,357,542 төгрөгийг М.*******ээс харилцан тохиролцож шийдвэрлүүлэхээр хандаж байгаа тул шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Хариуцагч анхан шатны шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: “...Тухайн үед би иргэний үүргээ ухамсарлаж хугацаа алдалгүй дуудлага өгсөн. Гэвч 1 дүгээрт засварчид удаан ирсэн. 2 дугаарт түлхүүр байхгүйн улмаас хугацаа алдсан. 3 дугаарт П.*******ын нойлоос ус дусалж байна гэж би утсаар 2 удаа хэлсэн. 4 дүгээрт бид хоёр ус алдсанаас хойш 2 сарын 1 хүртэл тухайн байранд түрээсийн гэрээний хугацаа дуусаагүй тул амьдарч байсан. Энэ үед ямар ч гомдол ирээгүй байж бараг жилийн дараа Цагдаагийн газраас ярьж байна гэж хэлсэн. Дараа нь хөдөө явсан хойно П.*******ын эхнэр нь хүмүүс бид хоёрыг шүүхэд өгсөн байна. Та 2 гэрч бол гэж хэлсэн. Би хөдөө байна ******* орохоороо болсон зүйлийг бичгээр бичиж өгье гэж хэлсэн. П.******* над руу залгаад 3, 4 хүмүүс намайг шүүхэд өгсөн. Гэрчийн мэдүүлэг өгөөч гэсэн. Би Зүүнхараад очиж мэдүүлэг өгсөн. П.******* над руу дахин залгаад 3, 4 айлууд надад холбогдуулан,000,000 төгрөгийн нэхэмжлэл гаргасан чи хувааж төлөх ёстой гэсэн. Би миний буруугаас болоогүй ээ хариуцлага үүрэхгүй гэж хэлсэн. Тэгвэл би шүүхэд гомдол гаргалаа гэж надад хэлсэн. Намайг эрэн сурвалжлаад байх шаардлага байхгүй. Би ямар хэрэг хийсэн биш миний хаяг тодорхой байсан. Ус алддаг өдөр 3 настай хүн намайг загнаж байгаад түрээсийн гэрээгээ өг гэж байгаад авсан. Түрээсийн гэрээ 2 сарын 01-ний өдөр дууссан, 4-ний өдөр хэтэрсэн нэг өдрөө тооцож түрээсээ авна гэсэн. Би П.*******ад 4-ний өдрийн мөнгө өгөөгүй бусад тооцоог бүгдийг хийсэн. Байрны бүх хүмүүс тухайн өдөр бүгдээрээ ус суваг руу өөрсдөө залгасан. Миний хувьд би буруу зүйл хийгээгүй учир хариуцлага хүлээхгүй гэдгээ мэдэгдэж байна. Надад харин гомдолтой байна. Бүх зүйлийг 3 эгч мэдэж байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна” гэжээ.

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 429 дугаартай шийдвэрээр:

“1.Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1-д зааснаар ...М.*******ээс 6,104,042 төгрөг гаргуулж П.*******ад олгож, нэхэмжлэлээс үлдэх 253,500 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн7 дугаар зүйлийн7.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 116,671 төгрөгийг төрийн сангийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 6,104,042 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж тооцож, 112,615 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай...” гэж,  тус тус зааж зохигчид түүний өмгөөлөгч хуульд заасан үндэслэлээр давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэсэн байна.

 

Хариуцагч түүний өмгөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:  “...П.*******ын нэхэмжлэлтэй М.*******т холбогдох 6.357.542 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг шийдвэрлэсэн 2021 оны 09-р сарын 28-ны өдрийн 429 дугаартай шүүхийн шийдвэрийг хариуцагч болон түүний өмгөөлөгчийн зүгээс эс зөвшөөрч дараахи үндэслэлээр гомдол гаргаж байна.

1рт: Б .******* М.******* нарын хооронд 2019 оны 10-р сарын 25-ны өдрөөс 3 сарын хугацаатай орон сууц хөлслөх гэрээ байгуулагдсан ба хөлсөлснөөс хойш 1 сарын дараагаар тус ариун цэврийн өрөөний труба төмөр хагарч ус алдсан ба хохирлыг Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх хариуцагчаас гаргуулж шийдвэрлэсэн байна.

Талуудын хооронд байгуулагдсан 2019 оны 10-р сарын 25-ны өдрийн орон сууц хөлсөх гэрээний.8 дах хэсэгт ...хөлслөгч хөлслөн авсан авсан орон сууцыг гэрээнд заасан нөхцөл зориулалтаар нь ашиглаж, түүний бүрэн бүтэн байдлыг хангаж, сантехник болон цахилгаан хэрэгслийн аюулгүй ажиллагааг байнга шалгаж болзошгүй гэмтлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах үүрэгтэй бөгөөд буруу эзэмшиж ашигласнаас буюу цахилгаан хэрэгсэл асаах, мартах, ус гоожуулах, орхих, ус алдуулах гэх мэтээр хөлслөгч болон гуравдагч этгээдийн учруулсан хохирлыг хариуцна...гэж заасан.

Өөрөөр хэлбэл гэрээний хохиролтой холбоотой гол нөхцөл бол хөлслөгч буруу эзэмшиж ашигласнаас үүдэлтэй хохирлыг хариуцах ёстой.

Гэтэл нэхэмжлэгчийн шүүхэд өгсөн нэхэмжлэл болон хавсаргасан материалд хариуцагч М.*******ийн буруутай үйл ажиллагаанаас болж тус байранд хохирол учирсан нь тогтоогдоогүй. Энэ талаар шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт хариуцагчийн буруутай үйл ажиллагаанаас болж хохирол учирсан талаархи дүгнэлтийг тодорхой тусгаагүй байна.

2рт:Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг ******* аймаг дахь сум дундын Иргэний хэргийг шийдвэрлэсэн шийдвэрүүд болон “*******-Ус” суваг ХК-ний тодорхойлолыг үндэслэн хангаж шийдвэрлэсэн ба энэ нь дараахи байдлаар үгүгйсгэгдэж байна.

“*******-Ус” суваг ХК-ний 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн : тодорхойлолтонд ус алдсан шалтгааныг ...цэвэр усны диаметр 15-ны шугам нь хуучирч муудсан байсан ба тус шугаманд гадны нөлөө үзүүлснээр тус шугам голоороо хугарах шалтгаан болсон... гэсэн байна.

Энэ тодорхойлолтоос харахад шугам хугарах 2 үндсэн нөхцөл байдал бий болсон байна.

-цэвэр усны шугам хуучирч муудсан...

-хуучирсан шугам дээр гадны нөлөө үзүүлсэн...гэсэн байна.

Хариуцагч М.*******ийн хувьд тус байранд амьдраад 1 сарын хугацаа ч болоогүй байхад цэвэр усны шугамыг хуучруулж муутгах боломжгүй. Мөн гадны нөлөө үзүүлсэн гэдгийг шууд утгаар хөлслөгчид хамааруулж ойлгох нь үндэслэлгүй. “*******-Ус” суваг ХК-ний 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн тодорхойлолтоос харахад нэхэмжлэгч нь өөрөө энэ хохирлыг үүсгэх нөхцөл бололцоог бий болгосон байна.

Учир нь өмчлөгч нь цэвэр усны шугамд засвар үйлчилгээг холбогдох байгууллага / СӨХ, ******* ус суваг/-аар хийлгээгүй нь өөрөө гадны нөлөө болж байна. Өөрөөр хэлбэл тодорхойлтонд дурьдсан гадны нөлөөний эс үйлдэхгүйг өмчлөгч өөрөө үүсгэсэн байхад шүүх анхаарч үзээгүй байна.

3рт: ******* аймгийн 2020 оны 09-р сарын 02-ны өдрийн 960 дугаартай тогтоол, 2021 оны 03-р сарын 24-ний өдрийн 248 дугаартай шийдвэр нь байрын өмчлөгч П.*******ыг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1,10 дугаар зүйлийн10.1-т зааснаар бусдад гэм хор учруулсан гэж үзэж хохирлыг гаргуулсан байна.

 

Мөн дээрхи ******* аймаг дахь анхан шатны шүүхийн шийдвэрүүдийн хугацаа болон үндэслэх хэсгээс үзэхэд *******-Ус суваг ХК-ний 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн тодорхойлолт нь өмнөх шийдвэрлэгдсэн хэрэгт хамааралтай нотлох баримтаар авагдаж нэхэмжлэгчийн буруутай ажиллагаагаар труба хугарсан  гэж шийдвэрлэгдэж дууссан байна. Энэ тодорхойлолтын талаар нэхэмжлэгч нь өмнөх хурлууд дээр маргаагүй байна.

4рт: Нэхэмжлэлд шинжээчийн зардал 878.6 төгрөгийг нэхэмжилсэн ба хэргийг шийдвэрлэсэн шүүгч санаачлагаараа нэг талд оролцож нэхэмжлэлийн шаардлагыг тодруулалгүйгээр хэргийг шийдвэрлэсэн байна.

-Нэхэмжлэгч нь нэхэмжлэл дээрээ аль компаний гаргасан дүгнэлтийн дагуу хэдэн төгрөгийг нэхэмжилж байгаа талаараа тодорхой баримттайгаар тусгаагүй, шүүх хуралдаан дээр тодруулаагүй, яриагүй байхад шүүх өөрийн санаачлагаар 2021 оны 09-р сарын 24-ний өдрийн 248 дугаартай шийдвэрээр төлсөн 805.1 төгрөгийг гаргуулж байгаа нь шударга зарчимд нийцэхгүй юм.

2021 оны 09-р сарын 24-ний өдрийн 248 дугаартай шийдвэрээс харахад энэ хэрэгт “Ашид билгүүн ХХК”, “Арлын ам” ХХК, “Тольдох оюун өгөөж” ХХК гэх зэргээр 3 компаний гаргасан дүгнэлтийн асуудал яригдсан ба аль компаний дүгнэлтийн зардлыг гаргуулах эсэх нь тодорхойгүй болно.

5рт: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.2, 6.3-т заасан “Талуудын мэтгэлцэх”-ыг зарчмыг шүүх хангаагүй.

Анхан шатны шүүх хурлын дараалалд тусгасан нэхэмжлэлийн үндэслэл, түүний шаардлагатай холбоотой асуултыг нэхэмжлэгчээс тодруулах боломжоор хангаагүйгээр эрх зүйн дүгнэлтийг урьдчилан хийж шүүх хуралдааныг мэтгэлцэх зарчимгүйгээр явуулсан нь дээр дурьдсан эргэлзээтэй асуудлуудыг тодруулах боломжийг хязгаарлаж хэт нэг талыг барьж хэргийг шийдвэрлэсэн гэж үзэж байна.

Иймд Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09-р сарын 28-ны өдрийн 429 дугаартай шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа: “...Талуудын хооронд орон сууц хөлслөх гэрээ байгуулагдсан тул тухайн үед гэрээгээр тус байрыг эзэмшиж байсан М.*******ээс өөрийн хохирлыг нэхэмжлэх эрхтэй. Иймд давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй боловч зохигчдын хооронд үүссэн маргаанд эрх зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй байх тул давж заалдах шатны шүүхээс зохих дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

Нэхэмжлэгч П.******* хариуцагч М.*******т холбогдуулан гэрээнээс учирсан гэм хорын хохирол 6.357.542 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан байх ба анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын дийлэнх хэсгийг хангаж шийдвэрлэснийг хариуцагч тал эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан байна.

Хариуцагч давж заалдах гомдлын үндэслэлээ “...Цэвэр усны шугам хугарсан нь бидний буруугаас болоогүй, харин элэгдэж муудсан байсан турба хугарсан нь нэхэмжлэгчийн өөрийнх нь буруу эд зүйлээ засаж сайжруулах байсан, би уг байранд ороод дөнгөж 1 сар орчим хугацаа өнгөрч байсан, мөн эзэн П.*******аас доод айлын оршин суугч нар гэм хорын хохирол нэхэмжилж шүүх шийдвэрлэснийг би төлөх үндэслэлгүй...”  гэж тайлбарлажээ.

Хэргийг судлан үзвэл:  Зохигчид 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдөр орон сууц хөлслөх гэрээг 3 сарын хугацаатай, сарын 470.000 төгрөгийн хөлс төлөхөөр тохиролцон байгуулж, гэрээгээ нотариатаар батлуулан, гэрээний дагуу ******* аймаг ******* сумын 11 дүгээр ******* 6 дугаар ******* 4 дүгээр тоотын ,5 мкв 3 өрөө орон сууцыг хүлээлгэн өгчээ.   

Энэхүү гэрээ үйлчлэх хугацаанд буюу 2019 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр уг ариун цэврийн өрөөний цэвэр усны аваарын хаалтны өмнө ган сгон шугам хугарч ус алдалт болсон ба уг гэмтлийг тухайн цаг үед зохих газруудад дуудлага өгч засварлуулсан боловч тодорхой хэмжээний ус доод айлуудад нэвчсний улмаас уг доод өмчлөгчид учирсан гэм хорын хохирол төлбөрийг өмчлөгч П.*******аас нэхэмжилж, ******* аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 960 тоот тогтоолоор 1.246.500 төгрөгийг, 2021 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 248 дугаартай шийдвэрээр  3.852.711 төгрөгийг гаргуулж төлүүлэхээр тус тус шийдвэрлэсэн байна.

Зохигчдын хооронд байгуулсан орон сууц хөлслөх гэрээний хүчин төгөлдөр болох болон ус алдалт болсон шалтгаан нөхцөл, гэрээний биелэлтийн талаар талууд маргаангүй, харин  гэрээний үүргээ зөрчснөөс  үүссэн хохирол буюу гэм хорын талаар маргасан байх ба уг гэрээ нь 3 сарын хугацаанд үргэлжилсэн байна.

Нэхэмжлэгч П.*******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Сэрүүнтунгалаг гаргасан  нэхэмжлэлийн шаардлагаа зохигчдын хооронд байгуулсан орон сууц хөлслөх гэрээний.8 дах хэсэгт “...хөлслөгч хөлслөн авсан авсан орон сууцыг гэрээнд заасан нөхцөл зориулалтаар нь ашиглаж, түүний бүрэн бүтэн байдлыг хангаж, сантехник болон цахилгаан хэрэгслийн аюулгүй ажиллагааг байнга шалгаж болзошгүй гэмтлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах үүрэгтэй бөгөөд буруу эзэмшиж ашигласнаас буюу цахилгаан хэрэгсэл асаах, мартах, ус гоожуулах, орхих, ус алдуулах гэх мэтээр хөлслөгч болон гуравдагч этгээдийн учруулсан хохирлыг хариуцна...” гэж заасны дагуу М.******* ариун цэврийн өрөөний цэвэр усны шугам хугарч ус алдуулсны гэм хорын хохирлыг хариуцах ёстой. Өөрөөр хэлбэл орон сууц хөлслөх гэрээгээр байрыг ашиглах явцад хариуцагчийн буруутай үйл ажиллагаатай холбоотой буюу хөлслөгч буруу эзэмшиж ашигласнаас үүдэлтэй хохирлыг хариуцах ёстой гэж үзэж, гэрээний үүргээ зөрчсний улмаас доод айлуудын эд хөрөнгөнд хохирол учирсан гэж тайлбарладаг.

Гэвч байрыг хөлслөгч М.******* нь гэрээний үүргээ хэрхэн яаж зөрчсөн, уг цэвэр усны хаалтны өмнө ган сгон шугамыг хэрхэн хугалж, буруутай үйлдэл гаргасныг нэхэмжлэгч тал нотлоогүй, хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдоогүй  байхад нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэлээ  хавтаст хэргийн 4 дүгээр талд авагдсан *******-Ус суваг ХК-ий хэрэглэгчийн албаны дарга Г.Алтаншагай, сантехникийн засварчин М.Батсүх нарын тодорхойлолт, ******* аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн тогтоол, шийдвэр гэж заасан нь учир дутагдалтай, дээрх 2 шийдвэр нь байрнаас ус алдсаны улмаас доод өмчлөгчдийн эд хөрөнгөнд хохирол учирсан гэдгийг тогтоож шийдвэрлэсэн шийдвэр болохоос биш хариуцагч М.*******ийн гэм бурууг тогтоосон шийдвэр биш юм.

Хавтаст хэргийн 4 дүгээр талд авагдсан *******-Ус суваг ХК-ий хэрэглэгчийн албаны дарга Г.Алтаншагай, сантехникийн засварчин М.Батсүх нарын “...ариун цэврийн өрөөний цэвэр усны аваарын хаалтны өмнө ган сгон шугам голоороо гадны нөлөөгөөр хугарсан байдалтай байсан тул.... тус цэвэр усны хэрэглээг хязгаарлаж арга хэмжээг шуурхай авч гэмтлийг засварласан. Ус алдсан шалтгаан: цэвэр усны диаметр 15-ийн сгон шугам хуучирч муудсан байсан ба шугамд гадны нөлөө үзүүлснээр тус шугам голоороо хугарах шалтгаан болсон...” гэх 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн тодорхойлолт нь уг цэвэр усны шугам хуучирч муудсан, уг шугамд гадны нөлөө үзүүлснээр голоороо хугарах шалтгаан болсон гэсэн нь хариуцагч М.*******ийн буруутай үйлдэл үйл ажиллагаанаас болж шугам хугарсан байдлыг бүрэн дүүрэн нотлохгүй байна гэж дүгнэв.

Өөрөөр хэлбэл М.*******ийн гэм буруутай үйлдлийн улмаас гэм хор учирсан байх, уг үйлдэл хохирол хоёрын хооронд шалтгаант холбоотой байхыг шаарддаг бөгөөд хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл уг цэвэр усны хаалтны өмнө ган сгон шугам хугарсан нь М.*******ийн гэрээний үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдлээс бус харин эдэлгээний явцад үүссэн эвдрэлээс болж бусдад хохирол учирсан байх тул үүнийг хариуцагчийн гэм буруутай үйлдэл гэж үзэх боломжгүй юм.

Иймд Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй, хавтаст хэрэгт авагдсан баримтуудыг буруу үнэлж дүгнэсэн гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзэж шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 429 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, хариуцагчийн давж заалдах гомдлыг ханган нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2 Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 1582 дугаартай захирамжаар хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурьдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

 

                            ДАРГАЛАГЧ                                  Д.БУЯНЖАРГАЛ 

                                ШҮҮГЧИД                                  Г.ДАВААРЕНЧИН

    Б.ЭРДЭНЭХИШИГ Top of Form